Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1040

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Отгончимэг, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1166 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э овгийн Д-ийн Б , **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу Зайсан дээр шорлог хийж зардаг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн Эрэлийн ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, урьд:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1005 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, 52 дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Н.Э-ы эзэмшлийн ** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, урд крило зүүн урд, хойд хаалганы шил, баруун урд, хойд хаалганы шил зэргийг чулуугаар цохиж хагалж, бусдад 1,234,800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Э овгийн Д-ийн Б  нь 2022 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ** дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Н.Эы эзэмшлийн **УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, урд крило зүүн урд, хойд хаалганы шил, баруун урд, хойд хаалганы шил зэргийг чулуугаар цохиж хагалж, бусдад 1,234,800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Хохирогч Н.Э-ы ”... тухайн өдөр 14 цагийн үед гэртээ, эхнэр хүүхдүүдийн хамт байж байхад хамаатны дүү Б  “ахаа гэрийн чинь үүдэнд ирчихсэн байна та гараад ирээч” гэж утсаар дуудсан. Гараад очтол Б  жаахан халамцуу машиндаа ганцаараа 0.75 архи ууж байсан. Бид 2 тэр архийг хувааж уугаад дуусаж байтал эхнэр М ардаас гарч ирээд намайг “гэртээ ор” гэж хэлэхэд Б  манай эхнэртэй маргалдсан. Эхнэр гэр лүүгээ орсны дараа Б  бид 2 үл ялих зүйлээс болж маргалдаж, би Б ий нүүр лүү 2, 3 удаа цохисон. Б  эргүүлээд миний зүүн талын шанаа руу цохисон. Гэхдээ миний биед учирсан гэмтэл бэртэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тэгж байтал эхнэр гарч ирээд бид 2-ыг салгасан. Миний төрсөн эгч Э бас ирээд намайг салгаад гэр лүү авч орсон. Гэр лүү орсны дараа Б  уурласандаа миний машины урд, хойд, жолооч талын салхины шилийг чулуугаар цохиж хагалсан байсан. Эхнэр М харсан байсан. Тэр араас гэрт орж ирэхдээ “Б  машины чинь салхины шилнүүдийг хагалчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал)

-Гэрч М.Мын ”... нөхөр хүүхдүүдтэйгээ гадагшаа гарах гээд хувцсаа бэлдэж байтал манай нөхрийн утас нь дуугараад түрүүлээд гараад явсан. Би араас нь 30 орчим минутын дараа гарахад байрны гадна, нөхрийн хамаатан гэх Б  “чи төрчхөөд намайг дуудаагүй, гэртээ оруулаагүй” гээд агсраад хараагаад байсан. Манай нөхөр намайг “гэртээ орж бай” гэж хэлэхээр нь гэртээ ороод цонхоор харахад Б  манай нөхөртэй зууралдаад хоорондоо ноцолдоод байгаа харагдахаар нь би дахиад гарсан. Манай нөхөртэй зодолдохгүй гээд зугтаагаад холдоод явсан, харин Б  нөхрийн нэрийг дуудаад орилоод байсан. Би Б д хандаад “миний дүү яваа цагдаа дуудмааргүй байна” гэж хэлээд гэртээ ороод цонхоор харахад гадаа зогсоол дээр байсан манай нөхрийн **УНТ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн хар өнгийн машины урд болон 4 хаалганы салхины шил, арын шилийг бүгдийн чулуугаар цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)

-Гэрч Н.Э-ийн ”... төрсөн дүү Э-ыд байж байхад Э-ы утас дуугараад утсаар яриад гараад явсан. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь гарахад олдохгүй байсан болохоор ажил руугаа орчихсон юм. Удалгүй дүүгийн эхнэр болох Туул над руу залгаад “Э-ыг олчихлоо, Б тэй хамт машинд нь архи ууж байна, энэ 2 зодолдоод байна” гэхээр нь би ажлаасаа шууд гараад очиход Э, үеэл дүү Б  нар хорондоо зодолдож байсан. Туул бид 2 тэднийг салгаад би Э-ыг гэр лүү аваад орж байтал Туул араас ирээд “Б  манай машины цонхыг чулуугаар хагалчихлаа” гэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг (хавтаст хэргийн 4-8 дахь тал), “Мастер Үнэлгээ” ХХК-ний үнэлгээ (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.Б нь яллагдагчаар: ”...Би тухайн үед уурласандаа Э-ы хар өнгөтэй тоёота Приус 30 маркийн автомашины салхины шилнүүдийг бүгдийг чулуугаар цохисон. Урд талын хойд талын жолооч талын салхины шил хагарсан бусад шил нь хагараагүй, цохиж байхыг эхнэр нь харсан байх...” (хавтаст хэргийн 106 дахь тал) мэдүүлсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтээр батлагдаж байх тул түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас хохирогч Н.Э-ы тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг засварлах, солих зардлыг нийт 1,234,800 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас 1,234,800 төгрөгийн буюу хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б ий үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.Э-ы тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Б ийг “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Н.Эд шүүх хуралдааны тов мэдэгдэх үед “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч Д.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч: “...саналгүй..” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 98 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), шүүгдэгчийн орлогыг тодорхойлсон Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 46-79 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 80-97 дахь тал), 500,000 төгрөгөөр торгох ял биелэгдсэн талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг (хавтаст хэргийн 100 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон болно.

Шүүх хавтаст хэргийн 80-97 дахь талд авагдсан цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар тогтоогдсон хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээг нэмэгдүүлэн шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангаж чадна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б оногдуулсан нэг сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Э овгийн Д-ийн Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан нэг сая зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА