Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/996

 

                          

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Э.Чанцалням (томилолтоор), шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00583 0362 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, М  овгийн Ц-ын Б, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, хамтран амьдрагч, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83 дугаар гудамжны **** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 79 дүгээр гудамжны **** тоотод амьдардаг гэх, регистрийн дугаар: ****, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Бнь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бийн эзэмшлийн Самсунг А-9 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, М  овгийн Ц-ын Б нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бийн эзэмшлийн Самсунг А-9 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Д.Бийн: ”...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан худалдааны төвөөс гараад Баянхошууны тойрог руу явж байсан чинь нэг үл таних эмэгтэй ирээд “мөнгө байна уу, мөнгө байвал цуг ганц шил архи авч ууя” гэхээр нь би “үгүй, надад мөнгө байхгүй” гэж хэлсэн....Тухайн эмэгтэйг явсны дараа 170-175см орчим өндөртэй, хар куртиктэй эрэгтэй ирээд “гар утсаараа нэг дугаар руу залгуулаад өгөөч” гэхээр нь би гар утсаа гаргаж ирээд нүүр кодыг тайлаад “дугаараа хэл” гэсэн чинь миний гараас гар утсыг шүүрч аваад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), гэрч Э.Сын: ”...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн үед би найз Э, Б нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Том жүрж” худалдааны төвөөс “Тэргэл” төв орох явган хүний замд явж байхад 50 орчим насны эрэгтэй хүн явж байсан. Тэгэхээр нь би очоод “мөнгөө нийлүүлээд уух уу, гуя байна уу” гэхэд “боломжгүй байна, би архи уудаггүй” гэсэн. Би найз Э, Б нар дээр буцаж очтол Б тухайн хүний араас очоод “утсаар чинь нэг яриад өгье” гэж хэлээд зогсож байсан. Энэ үед Э бид 2 цааш, Баянхошуу тойрог тал руу явсан. Удалгүй Б араас ирж “Аав хайрхан ороод 1 шил архи аваад ирье” гэж хэлээд явснаас хойш би ахиж Бтай таараагүй. ...Би гар утсыг нь авч байхыг хараагүй. Зөвхөн “утсаараа нэг яриулаач” гэж хэлж байхыг нь сонссон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), гэрч Э.Эий “...С, Б нарын хамт явж байсан чинь 45-50 орчим насны үл таних эрэгтэй хүн урдаас ирж байсан. Б бид 2 “мөнгө нийлүүлээд архи авч уух уу гээд асуучих” гэж хэлээд Сыг явуулсан. Удалгүй С ирээд “мөнгө байхгүй гэж байна” гэсэн. Тэгсэн чинь Б “Би очоод уулзаадахъя” гээд тэр үл таних эрэгтэйн хойноос очоод юм яриад зогсож байсан. Тэр үед С бид 2 тэр хоёрын хажуугаар явж байсан чинь Б нөгөө ахаас “гар утсаараа нэг яриулчих” гэж байсныг нь би сонссон. С бид 2 тойрог руу явж байхад Б хойноос гүйж ирээд “нэг шил архины мөнгө олчихлоо, би дэлгүүр орж архи аваад ирье. С та 2 намайг хүлээж бай” гэж хэлээд явсан. ...Би Бг тухайн залуугаас гар утсыг нь авч байхыг хараагүй, бид хоёрын хажууд гар утас гаргаж ирээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан “...3 дугаартай Ц- овогтой Бг 170-175см орчим өндөртэй, туранхай, улаан куртик, өтгөн хөмсөгтэй, давхраатай нүд, бор царайгаар нь би тухайн хүнийг сайн таньж байна ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-9 дэх тал), “Мастер үнэлгээ” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22/001 дугаартай Хөрөнгийн үнийн “...Самсунг фирмийн А-9 загварын гар утас 500,000 төгрөг...” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 29-30 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн бөгөөд тэрээр яллагдагчаар: “...найз С, Э нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо, Тойргийн “Том жүрж” дэлгүүрийн орчимд явж байсан чинь 45-50 орчим насны эрэгтэй хүн тааралдахаар нь С “очиж 2000-3000 төгрөг асууя” гээд явсан. Удалгүй “мөнгө байхгүй гэж байна” гээд ирэхээр нь би “би очиж уулзъя” гээд очсон. С, Э нар надаас салаад зөрөөд алхаад явсан. Би тухайн эрэгтэй хүн дээр очоод “гар утсаар чинь ярих гэсэн юм” гэсэн чинь надад цэнхэр өнгийн гар утсаа гаргаж өгөхөөр нь би утсыг нь аваад цаашаагаа 200 гаруй метр яваад “Ав хайрхан” дэлгүүр рүү ороод өөрт байсан 10,000 төгрөгөөр 1 шил архи аваад зогсож байсан чинь тэр эрэгтэй араас дэлгүүрт орж ирээд надаас гар утсаа нэхэхээр нь би “надад утас чинь байхгүй, хоёулаа гаръя зуу татъя” гэж хэлээд дэлгүүрээс хамт гарсан. Дэлгүүрийн гадаа тэр ахад авсан 1 шил архиа өгчхөөд зам гараад салаад гүйгээд явсан. Гар утсыг нь Хархорин зах дээр очоод зам дагуу байдаг ТҮЦ-д 70,000 төгрөгөөр өгсөн. Худалдагч нь эрэгтэй 40-50 орчим насны, өндөр биетэй, бор царайтай, махлаг хүн байсан. Би мөнгөөрөө архи уугаад дуусгасан. ...С, Э нар тэр өдөр намайг орхиод салаад явсан, би хайгаад олоогүй. Маргааш нь би гар утсыг нь авсан гэдгээ хэлсэн. ...Би хохирогчийг цохиж зодоогүй, надад ч rap хүрээгүй...” (хавтаст хэргийн 74 дэх тал) хэмээн мэдүүлж байсан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар батлагдаж байх тул түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгийг яллах үндэслэл болгон үнэлэх боломжтой.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    1. Эрх зүйн дүгнэлт

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрмийн эд зүйл болох “Samsung А-9” загварын гар утсыг 500,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул учирсан хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэдэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлсэн идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Ц.Бн үйлдэл нь бусдын өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Ц.Бн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Бнь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Ц.Бн бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, авахаар довтолсон үйлдэл болон хохирогч Д.Бийн 500,000 төгрөгийн үнэ бүхий гар утсаа алдсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд орчны сөрөг нөлөө болон бусдын буруу үйлдэл гэхээс илүүтэй, шүүгдэгч Ц.Бн шунахайн сэдэл нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж шүүх үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Бг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ц.Бгаас 500,000.0 төгрөг гаргуулан хохирогч Д.Бэд олгохоор тогтоолд тусгах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.Б нь урьд шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэхээс зайлсхийсэн, оршин суух газар нь тодорхой бус, яллах дүгнэлт үйлдсэнээс хойш болон шүүхийн шатнаас оргон зайлсан, хохирол төлөгдөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,400,000 төгрөгийн торгуулийн ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах, хохирлыг төлүүлэхээр тогтоолд тусгуулах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар: “...хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх албан тоот (хавтаст хэргийн 55 дахь тал), нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй талаарх албан тоот (хавтаст хэргийн 56 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 64-68 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 41-43 дахь тал), цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэм хор арилаагүй нөхцөл байдал, шүүгдэгчийн урьд шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэхээс зайлсхийсэн, шүүхийн шатнаас оргон зайлсан хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ц.Бд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,400,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Бнь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нийт 57 (тавин долоо) хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

    1. Бусад асуудлын талаар

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Бн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.М  овгийн Ц-ын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,400,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ц.Бн цагдан хоригдсон 57 (тавин долоо) хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Бгаас 500,000.0 төгрөг гаргуулан хохирогч Д.Бэд олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Бн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.БАТАА