| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2017/0137/Э/001/2018/0273 |
| Дугаар | 2017/ШЦТ/167 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 268.1., |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч Ш.Бгийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч Ш.Бадамцэцэгийн өмгөөлөгч: Б.Н
Шүүгдэгч: Х.Цын өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Х.Цын өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Ш.Бадамцэцэг,
Шүүгдэгч: Х.Цэрэндулам нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бадамцэцэг, Х.Цэрэндулам нарт холбогдох 20 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, ам бүл 5, Өгийнуур сумын Зэгстэй багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Н овогт Шгийн Бадамцэцэг /РД:А00000000/,
Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, ам бүл 5, Өгийнуур сумын Тоглох багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Хгын Цэрэндулам /РД:А0000000/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ш.Бадамцэцэг нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд түр багшаар ажиллаж байсан Х.Цэрэндуламд 2.000.000 төгрөг өгвөл би үндсэн багшаар томилсон тушаал гаргана гэж урьдчилан амлаж 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэртээ түүнээс 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,
Яллагдагч Х.Цэрэндулам нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуульд түр багшаар ажиллаж байхдаа үндсэн багшаар томилогдох өөрийн ашиг сонирхлын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд сургуулийн захирал Ш.Бадамцэцэгт 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэрт нь 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч Ш.Бадамцэцэгийн өгсөн: Ш овогтой Бадамцэцэг миний бие тус сургуульд 2003 оны 09 сараас эхэлж өнөөдрийг хүртэл нийт 14 жил ажиллаж байна. Х.Цэрэндулам багшийг 2011 онд жирэмсний амралттай багшийн оронд, түр орон тоон дээр авч ажиллуулсан. Тухайн жирэмсний амралттай байсан багш маань 2 ихэр хүүхэд гаргасан учраас дахин нэг жилийн чөлөө авахаар нь Х.Цэрэндулам багшийг 2 жил ажиллуулах эрх зүйн акт үүссэн учраас Х.Цэрэндулам багшийг 2 жил ажиллуулсан. Ингээд 2013 онд жирэмсний амралттай байсан багш маань ажилдаа орох хүсэлт гаргасан учраас Х.Цэрэндулам багшийн тус сургуульд ажиллах эрх дууссан. Сургуулийн хөтөлбөр төлөвлөгөөгөөр тухайн жил ажиллаж байсан бүлгийн тоог цагийн тоонд нийцүүлэн шийдвэр гаргахад хоёр багш маань 5-6 цаг заахаар нормтой байсан. Хоёр багшдаа хоёуланд нь илүү цаг өгч ачаалал үүсгэж ажиллуулж байхаар тухайн үед хэрэгтэй байсан, ажилдаа сайн, хамт олондоо дасчихсан байсан багш болох Х.Цэрэндулам багшийн сэтгэлзүйг нь бодож, нөгөө хоёр багшийгаа илүү цагаар ажиллуулахгүйгээр Х.Цэрэндулам багшид илүү гарсан 7, 7 цагийг нь өгөөд цагийн багшаар томилсон шийдвэр гаргасан. Х.Цэрэндулам багш 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс цагийн багшаар томилогдож 2015 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Төрийн албан хаагч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тушаал шийдвэрийн дагуу ажил үүргээ хэрэгжүүлдэг бөгөөд 2015 оны 06 сард гарсан А/202 дугаартай сайдын тушаалаар Үндэсний хэл бичгийн цаг гэж нэмэгдсэн. Энэ хичээлээр 6 дугаар ангид 70 цагийн Монгол хэл орох ёстой цаг гарч ирсэн. Тухайн эрх зүйн актыг 2015 оны 09 сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжүүлэх талаар албан бичиг ирсэн байдаг. Энэ албан бичиг нь нотлох баримт болоод хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүний дагуу манай сургуульд ажил үүргийн дагуу ажилласан, ажилдаа сайн байсан багш Х.Цэрэндулам багшийн нийгмийн асуудал, ажлын туршлага, манай суманд бэр болж ирсэн, өрхийн амьжиргаа зэргийг нь харгалзан үзээд 19 цаг заах багшийн ажилд томилсон. Томилохдоо би Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.1, 20.1.2 дахь хэсэгт заасан эрх 20.2.3 дахь хэсэг заасан сургуулийн захирал хүнд олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд Х.Цэрэндулам багшийг ажилд томилж ажиллуулсан, түүнээс биш мэргэжлийн бус хүнийг монгол, уран зохиолын багшаар томилоогүй, хэн нэгэн хүнийг хохироож энэ хүнд зориуд ажлын байр бэлдээгүй, тэгээд ч урьд нь багшаар ажиллаж байгаад манай сургуульд ирээд 4 жил болчихсон байсан учир туршлага тогтвор суурьшил, ажлын байранд тавигдах шаардлага хангасан байдал зэргийг нь харгалзан томилсон. Цагийн багшийн нэг цаг нь 4800 төгрөгөөр тооцогддог, цалин авдаг системтэй. Тийм учраас цагийн багшаас үндсэн багш руу шилжиж байгаа учраас санхүүгийн баримт шаарддаг. Өөрөөр хэлбэл үндсэн багшаар ажиллаж байсан бол шийдвэрээ өг гэдэг. Нэг цагийг 4800 төгрөгөөр тооцож, сард 15 хоногоор 4 долоо хоног 60 цагаар цалин авч байсан бол нэг өдрөөр тооцож цалин авах эрх зүйн боломж үүссэн тул үүнд нь хориг саад тавихгүйгээр энэ хүнд хүндрэл чирэгдэл үүсгэхгүйгээр, ажлын байранд заагдсан эрх үүргийнхээ хүрээнд шийдвэр гаргаж томилсон. Цагийн багш нарт анги даалгадаггүй, үндсэн багшид анги даалгадаг. Эх хэлээ сайжруулахын тулд Х.Цэрэндулам багшид итгэл үзүүлээд 6 дугаар ангийн хүүхдүүдэд багшлах эрхийг нь олгож, шийдвэр гаргасан. Сайдын тушаалаар 19 цаг заах эрх зүйн акт үүсээгүй бол Х.Цэрэндулам багш дээр шийдвэр гаргахгүй байсан, 4 цаг заах эрхийг нь өгөөд энэ асуудал дуусах байсан бол үүнд би эрхээ эдлээгүй, үүргээ биелүүлээгүй асуудал гаргаагүй, эрх зүйн актын хүрээнд энэ асуудлыг шийдэж өгсөн. Хоёрдугаарт би нутаг орныхоо уугуул хүн, аав ээж минь амьд сэрүүн байна ээж маань багш мэргэжилтэй, би өөрөө энэ сургуулийн бүтээгдэхүүн, энэ сургуулиас 1998 онд элсэлтийн ерөнхий шалгалт өгч хоёрт жагсаад нийгэм, эрх зүйн багшийн мэргэжлийг сонгож 2003 онд хуучин захирал тэтгэвэрт гарахад нь захирлын ажлыг хүлээж авч, аль ч намын үед ажил үүргээрээ гологдохгүй, энэ тушаал дээрээ ажилласан. Ингэж олон жил ажиллахдаа олон хүмүүсийг ажлын байртай болгож, олон шавь нарыг төгсгөж, эрдэм мэдлэгтэй хүн болгож хүмүүжүүлэхийг төлөө ажиллаж ирсэн. 2003 оноос хойш миний тушаал шийдвэрээр ажилд орсон хүмүүсээс би та энэ тушаалд дэвшиж ажилд орохдоо ямар үндэслэлээр ажилд орсон юм бэ, Ш.Бадамцэцэг гэх хүнд хээл хахууль өгч орсон уу гэдэг байдлаар баримт бичүүлж авдаг байсан. Энэ нь би өөрөө өөрийгөө ямар нэгэн эрсдэлд орох бий, урьдчилан сэргийлэх үүднээс, явган яриа хэл ам үүсгэхгүй нь тулд бичүүлж авдаг байсан. Ганцхан Х.Цэрэндулам надад тэгж бичиж өгөөгүй, бүх багш нар надад бичиж өгсөн асуудал байдаг юм. Миний зүгээс Х.Цэрэндулам багшийг ажлын байран дээр бие эрх чөлөөнд нь халдаж, хэрүүл тэмцэл хийж, дарамталж, айлгаж сүрдүүлж байсан удаа байхгүй. Миний өөрийн ажлын байранд тавигддаг, шаардлагын дагуу урьдчилсан сэргийлэх үүднээс тухайн баримтыг бичүүлж авсан байдаг юм. Гуравдугаарт Х.Цэрэндулам багш мэдүүлэг өгөхдөө тэтгэмжийн мөнгөнөөс 1.000.000 төгрөг авна, өгнө гэж тохирсон гэж хэлсэн байсан. Хөдөө орон нутгийн хүмүүс учраас юмыг ялгаж салгахгүй ярьсан байх, би аль болох урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаг. Тийм учраас тухайн жилийн төсвийг оны эхэнд танилцуулж, оны эцэст тайлагнадаг. Тийм ч учраас манай байгууллага сүүлийн 3 жил сумандаа тэргүүний байгууллага болж ажилласан. 2016 оны төсвийг 01 сард байгууллагын ажиллах шаардлагатай боллоо, 5 жилийн тэтгэмж маань 7 сард тавигдсан байна, энэ тэтгэмжийг ийм шаардлага хангасан багш нар авна гэдгийг хэлсэн. Х.Цэрэндулам багштай тэтгэвэрт гарч байгаа Ундрах, Батчимэг багш нарын тэтгэмж хамт суутгагдаж ирсэн байдаг. Тухайн тэтгэмжийг 07 сард өгөхөөр шийдвэрлэсэн албан бичиг ирсэн учраас би 08 сарын 02-ны өдөр шийдвэр гаргаж тэтгэмжийг нь өгсөн. Түүнээс хааж боогоод энэ хүнээс 1.000.000 төгрөг авах гээд энэ хүнийг дарамтлаж байгаад шийдвэр гаргасан асуудал байхгүй. Энэ талаарх баримтыг нотлох баримт шинжлэн судлах явцдаа танилцуулна. Бичиг хэргийн ажилтнаа мөн л нутаг орныхоо, тогтвор суурьшилтай хүнийг авч ажиллуулсан. Энэ хүн маань 07 сарын 01-ний өдрөөс амралтаа авч, 08 сарын 01-ний өдөр амралт нь дууссан байдаг. 07 сарын тэтгэмжийн асуудал төсөвт ороод ирсэн байна, тэтгэмж авах хүмүүсийн тэтгэмжийг гаргаж өгөх хэрэгтэй гэдгийг бичиг хэргийн ажилтан, нягтландаа хэлэхэд 08 сарын 01-ний өдөр амралт дуусч ажилдаа орно гэж хэлсэн. Миний зүгээс 07 сарын 01-ний өдрөөс амраад 08 сарын 18-ны үеэр ажилдаа орох байсан. Тэтгэмж авах хүмүүсийг хохироохгүй нь тулд өөрийнхөө амралтын хажуугаар 08 сарын 01-ний өдөр бичиг хэргийн ажилтнаа дуудаж, 08 сарын 02-ны өдөр сургууль дээрээ ирээд тушаалаа гаргаж, тушаал гаргасан өдөр тэтгэмж нь дансандаа орсон байдаг. Тэтгэмж авсан багш нар амралтын дундуураа ирж бид нарын асуудлыг шийдэж өгсөн танд баярлалаа гэж хэлээд явцгаасан. Түүнээс би 01 сар, 02 сард тэтгэмж авах ёстой байсан багш нарын мөнгийг 8 сард шийдвэр гаргаад өгсөн зүйл байхгүй. Яг л оруулах ёстой цаг хугацаанд нь баталгуужуулаад, хүн хүний данс руу нь тэтгэмжийн мөнгийг нь 08 сард хийсэн байдаг. Хугацаанд нь авсан талаараа тэтгэмж авсан багш нар энэ хэрэгт мэдүүлэг өгсөн байгаа учраас анхнаасаа яригдаад байгаа 2.000.000 төгрөгийг асуудал үүгээр үгүйсгэгдэж байгаа юм гэдгийг хэлмээр байна. Х.Цэрэндулам багш миний нэрийн бариад 2.000.000 төгрөгийг асуудал гаргаад гэрээсээ мөнгө аваад гарсныг үгүйсгэхгүй. Тухайн үед хүмүүс юу ярисныг би мэдэхгүй байна. Гэхдээ манай гэрт орж ирээд надад мөнгө өгсөн, би мөнгө авсан гэх асуудал байхгүй, тийм зүйл болоогүй гэдгийг надтай хамт байсан гэр бүлийнхэн минь өөрөөр хэлбэл гэр бүлийн хүн маань гэрчийн мэдүүлэг өгөхдөө нотлох байх. Гэр бүлээрээ гадаа ширээ тойроод хоол идэж сууж байхад Х.Цэрэндулам багш сүү тараг авчирч өгөхөөр нь савыг нь султгаж өгөөд, хоол аягалж өгөөд идсэний дараа явуулсан байгаа. Дөрөвдүгээрт Д.Нямдулам багш яагаад миний эсрэг мэдүүлэг өгч, үүндээ Х.Цэрэндулам багшийг татан оролцуулсан юм бэ гэхээр 2016 оны 11 сард орон нутгийн сонгууль болсон. Тухайн үед Д.Нямдулам багш хурлын төлөөлөгчөөр сонгогдож, энэхүү ажилд төрийн албан хаагч оролцсон байдаг. Төрийн албан хаагч нар оролцсон учраас нэг нэг хүний саналаар Д.Нямдулам багш Засаг дарга, хурлын даргад нөлөөлж Засаг дарга хурлын дарга болсон байдаг. Нямдулам багшид миний ажлын амалсан байдаг. Амлаад Ш.Бадамцэцэг гэх хүнээс алдаа оноо хайж, намайг ажилгүй болгох талаар хурлын дарга, Засаг дарга, Д.Нямдулам нар нэгдэж хийж байгаа. Д.Нямдулам багш хүртэл надад хэлэхдээ “миний аав сумын Засаг дарга, та мэднэ шүү дээ” гэж хэлж байсан. Энэ нь бол миний ажил албан тушаалд санаархаж байгаа, миний ажлыг авах гэж оролдож байгаа үйлдэл гаргаж Х.Цэрэндулам багш бид хоёрыг яллагдагчийн ширээний ард суулгаж байна гэж хэлмээр байна. Х.Цэрэндулам багшийн хувьд асуудлыг дуусгах гэсэн бодолтой байгаа байх, гэхдээ хүнийг гүтгэсэн хэрэгт орох учраас энэ асуудлыг эцсийг нь хүртэл явна гэж бодож байгаа байх. Гэхдээ Х.Цэрэндулам багшид хандаж хэлэхэд хүнийхээ хувьд муу хүн биш, залуу боловсон хүмүүсийг дэмжиж ажиллаж байсан учраас цагийг хувааж ажиллуулж байсан. Түүнээс шан харамж нэхээд ажлын байран дээр томилоод байгаа асуудал байхгүй. Нэг цустай, нэг сэтгэлтэй, нэг биетэй болчихсон эхнэр нөхөр хоёрын гэх хүн, дээрээс нь эгч нарын үгээ нийлүүлж гүтгэж байгаа гүжигдэж байгаа асуудалд би өнөөдөр ял сонсоод шүүгдэгчийн ширээний ард зогсож баймааргүй байна. Д.Нямдулам гэх хүн Х.Цэрэндуламтай төрөл садангийн холбоотой. Намайг энэ албан тушаалаас буулгах гэсэн зорилго эцэстээ нэгдэж байгаа юм. Х.Цэрэндулам багшийн хувьд буруугаа хүлээсэн хэд хэдэн асуудал гарч ирсэн байдаг. Т.Оюунзул, Д.Нямдулам хоёр Х.Цэрэндулам багшийн энэ асуудалд түлхэн оруулж, ийм асуудал үүсгэж шүүхийн хэмжээнд хэлэлцэгдэх хүртэл хүргэсэн байдаг юм. Д.Нямдуламын багшийн хэлсэн үг болон бусад байдлыг би нотолж чадна гэв.
Шүүгдэгч Х.Цэрэндуламын өгсөн: 2006 онд Батцэнгэл сумын арван жилийн сургуулийг төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтанд орж аймгийн хэмжээнд гуравт орж Монгол Улсын Боловсролын их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид элсэн суралцсан. 2010 онд их сургуулиа төгсөөд Батцэнгэл сумандаа 1 жил ажиллаад багшлах эрхийн үнэмлэхээ авсан. 2011 онд би гэр бүлээ дагаад Архангай аймгийн Батцэнгэл сумаас Өгийнуур суманд шилжин ирж Өгийнуур сумынхаа сургуульд 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс жирэмсний амралттай Насанжаргал багшийн орон тоо дээр монгол хэл, уран зохиолын багшаар түр болон цагийн багшаар ажиллах болсон. Насанжаргал багшийг ажилдаа орсны дараа сургуульдаа үргэлжлүүлж цагийн багшаар ажилласан. 2015 онд суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж 6 дугаар ангид Үндэсний хэл бичиг заах цаг гарсны дагуу 2015 оны 09 сарын 01-ний өдрөөс үндсэн багш болох нөхцөл бүрдсэн. 2015 оны 07 сарын эхээр захирал багш Ш.Бадамцэцэг багш над руу утсаар залгаад манай гэрт хотоос хүн ирчихсэн байна, багшдаа сүү цагаан идээ, тарваганы тулам, айраг авчирч ирээд өг гэсэн учраас би сүү, цагаан идээ, айраг, тарвагны тулам зэргийг бэлдээд гэрт нь аваачиж өгөөд хоол идээд явсан. Түүнээс хэд хоногийн дараа намайг дахин дуудаад ажлын талаар буюу манай сургуульд монгол хэл, уран зохиолын үндсэн багшийн орон тоо гарч байгаа, чиний хувьд олон жил ажилсан байна, чи аймгийн Боловсролын газарт шалгалт өгч үндсэн багш болох уу гэж асуухаар нь би дотроо сонгон шалгаруулалтанд явах юм байна гэж бодож байсан. Тэгсэн захирал Ш.Бадамцэцэг “аймгийн Боловсролын газарт шалгалт өгөх чинь худлаа зүйл байдаг юм, Боловсролын газрын даргаар 2015 оноос хойш Амгаланбаатар гэх хүн ажиллаж байгаа. Би энэ хүнтэй харилцааны хувьд муу, намаас болоод бие биедээ муу байдаг учраас чамайг шалгалтанд тэнцүүлэхгүй, харин чамайг шалгалтанд тэнцүүлээ гэхэд 5.000.000 төгрөг өг гэж хэлнэ, чи Амгаланбаатар гэх хүнд 5.000.000 төгрөг өгөөд үндсэн багш болох уу , эсхүл надад 2.000.000 төгрөг өгөөд үндсэн багшаар ажиллах уу” гэдэг санал тавьсан. Захирал хэлэхдээ 08 сарын 17-ны өдөр суурь боловсролын сургалт явагдана, түүнээс өмнө надад мөнгөө олж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед бодож үзээд хариу хэлнэ гээд гэрээс нь гараад явж байсан. Миний хувьд нөхөртэйгээ шинэ гэр бүл болоод удаагүй байсан учраас ганцаараа 2.000.000 төгрөг олох боломж байгаагүй, тэгээд учраа олохгүй байсан учраас захирлын тавьсан саналыг нөхөртөө хэлсэн. Нөхөртөө хэлэхэд мөнгө өгөхгүйгээр үндсэн багш болох боломж байдаггүй юм уу гэж уурлаж, их дургүй хүлээж авч байсан. Тэгээд нөхөр бид хоёр ярилцаад сумынхаа “Өгий мандал” хадгаламж зээлийн хоршооноос 5.250.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 1.000.000 төгрөгийг нь захирал Ш.Бадамцэцэгт өгөх гээд утас руу нь залгаад дансаа өгчих 1.000.000 төгрөг хийх гэсэн юм гэж хэлсэн чинь дансаа өгөх боломжгүй, гэрт аваад ир гэхээр нь гэрт нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө аваачиж өгсөн юм. Тухайн үед намайг нөхөр Бөхбат мотоциклиор захирал Ш.Бадамцэцэгийн гэрийн хашааны арын хаалга нь дээр хүргэж өгөөд буцсан, намайг мөнгө өгөх гэж 1.000.000 төгрөгөө бэлдээд аваад орсныг мэдэж байгаа. Намайг захирлын хашааны хаалгаар ороход гэр бүлээрээ гадаа ширээгээ тойроод суусан хоол идэж байснаа Ш.Бадамцэцэг захирал өвлийнхөө байшин руу намайг дагуулж орсон. Тухайн үед Ш.Бадамцэцэг захирал надад хэлэхдээ “чи энэ асуудлаа өөрөө л шийдээрэй 4 сарын л цалин ш дээ, амьдралын чинь хоолтой чинь залгуулах гэж байна, нөхөртөө ч хэлж болохгүй шүү” гэж захиж байсан. Би 2.000.000 төгрөг олж чадсангүй талыг нь оллоо гэхэд Ш.Бадамцэцэг чи үлдсэн мөнгийг нь энэ жил 5 жил ажилласныхаа тэтгэмжийг авах юм чинь тэрнээсээ өгчихгүй юу даа гэж хэлэхээр нь би хүлээн зөвшөөрөөд гэрээс гараад явсан. Энэ асуудлыг тухайн үед би Оюунзул эгчид хэлсэн, мөн Д.Нямдулам багш мэдсэн, мөнгө олдохгүй байсан учраас нөхөртөө хэлсэн. Оюунзул эгч нөхрийн маань төрсөн эгч учраас бид бүгдэд тусалж дэмждэг учраас энэ асуудлыг хэлэхэд мөнгө өгч орно гэж юу байсан юм бэ, багшлах эрхтэй, дээрээс нь 4-5 жил ажилласан байж мөнгө өгөхгүй гэж хэлсэн, дараа нь нэлээн ярилцаж суусны дараа 1.000.000 төгрөгийг нь өгөөд үзвэл яасан юм бэ гэж хэлсэн. 2016 онд 5 жилийн тэтгэмжийг Бямбасүрэн, Батчимэг, Ундрах, Хандмаа багш нартай хамт авах болсон. Гэтэл Бямбасүрэн багшийн тэтгэмжийн мөнгө 2 сард орсон мөртлөө бид нарын мөнгө ороогүй. Дараа нь энэ талаар сонсоход Бямбасүрэн багш захирал багштай уулзаж, ярилцаж байгаад цагаан сарын үеэр авахаар тохиролцож төсөвт суулгуулсан байсан. Үлдсэн багш нар болох Батчимэг, Ундрах, Хандмаа, бид нарын мөнгө сүүлд 7 сард төсөвт суугдсан байсан. Тэтгэмжийн мөнгөтэй холбоотой Ундрах багш захирал багш руу залгаад тэтгэмжийн мөнгөний талаар асуусан чинь өөрсдөө нэг нэгээрээ ирж уулзана биз, би амралттай байна гэж хэлсэн байсан. Би захирал багштай уулзах гээд ганц хоёр юм бөөгнүүлээд явж байгаад Оюунзул эгчтэй таараад өөрөө биш Оюунзул эгчийг захирал багш руу яриулсан. Тэгэхэд мөн л би амралттай байна гээд, Оюунзул эгч захирал багш хоёрын дунд үл ойлголцох маргаан үүссэн. Захирал багш 07 сард галч манаач нарынхаа цалинг бодож олгосон гүйлгээ хийсэн байсан. 7 сард суугдсан мөнгийг 7 сард өгөөгүй, 8 сард өгсөн учраас үүнээс болж Оюунзул эгч захирал багш хоёрын дунд маргаан үүсч маргалдсан учраас тэтгэмжийн мөнгөө авч чадахгүй, Засаг даргатай холбогдож энэ асуудлыг хэлсэний дараа тэтгэмжийнхээ мөнгийг 8 сарын эхний 7 хоногт гаргаж авахуулсан. Ш.Бадамцэцэг захирал намайг хүн гүтгэж байна гэж хэлээд байна. Би хэлсэн ярьсандаа эзэн байж хариуцлага хүлээсэн Монгол улсын иргэн хүн, хэзээ ч хүнийг хуулийн өмнө гүтгэхгүй. Тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлсэн. Түүнээс надад Д.Нямдулам гэх хүнтэй нийлж энэ хүнийг албан тушаалаас нь буулгаж, янз бүрийн санаа өвөртөлсөн зүйл байхгүй. Би хүнд хахууль өгсөн гэмт хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Би тухайн мөнгийг өгье гэж өгөөгүй, ар гэр 3 хүүхдээ тэжээж, Өгийнуур суманд ажиллаж амьдрах гэж энэ мөнгийг өсгөн. Би аргагүй байдалд орсон учраас өгсөн. Би үндсэн багшаар томилогдож ажиллахын тулд захиралд сайн хандсан багш л анги даадаг, анги даасан багш үндсэн цалингийн 10 хувийн авдаг байгаа. Болсон процессийн талаар хуулийн байгууллагад хандсаны дараа шахалт дарамтад их өртөж, одоо ч хүртэл ажиллаж амьдрахад хэцүү байна. Ш.Бадамцэцэг захирлын нөхөр над руу утсаар залгаад “бацаан минь чи амжихгүй шүү, манай эхнэрийг чи барахгүй шүү” гэж хэлж байсан. Мөн Баярцэцэг гэх хүн багш нарын өрөөнд орж ирээд “ өгсөн юм бол дуугай байхад яадаг юм бэ, хохь чинь чи” гэж хэлсэн, мөн Ш.Бадамцэцэг захирлын эцэг нь намайг хоёроос гурван удаа “чи миний охиныг ажлаас нь гаргалаа ч гэсэн чам шиг ингэж амьдрахгүй, чацага минь чи гэж удаа дараа дайрсан, саяхан хүртэл машиныхаа цонхоор толгойгоо гаргаж ирээд улаан нүүр рүү минь нулимж байсан. Намайг Ш.Бадамцэцэг захирал гэр бүлээрээ шахаж дарамталж байна. Би энэ бүхнийг тэвчиж байна. Монгол Улсын шүүх өмнө зөв шүүнэ гэдэгт итгэлтэй байна, надад хууль сануулсаар байхад худлаа ярьж хүнийг гүтгэсэн зүйл байхгүй. Би энэ мөнгийг ажиллаж амьдрахын тулд өгсөн гэв.
Гэрч Д.Нямдуламын өгсөн: Би өөрийгөө захирал Ш.Бадамцэцэг болон багш Х.Цэрэндулам нарт холбогдсон эрүүгийн хэргийн талаар сайн мэдэх гэрч гэж үзэж байна. Би 07 сард зун хөдөө байдаг ээжийгээ асрах гээд унаа хайгаад явж байтал Х.Цэрэндулам нөхөр болох Т.Бөтбаттайгаа хамт сумын төв орж ирээд буцах гээд явж байна гээд машинтайгаа явж байхаар нь би тэр хоёрт дайгдаж хамт хөдөө явсан. Хөдөө явж байхад Т.Бөхбат надаас “Д.Нямдулам багшаа үндсэн багшаар ороход захиралдаа хээл хахууль мөнгө төгрөг өгөхгүйгээр орох ямар гарц, ямар арга байдаг юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь өөрөө сонгон шалгаруулалтанд ороод тэнцэх юм бол хэнд ч мөнгө өгөх шаардлагагүй шууд л үндсэн ажилчин болно шүү дээ гэж хэлсэн чинь Т.Бөхбат надад “үгүй ээ сонгон шалгаруулалт гэдэг чинь худлаа зүйл байдаг юм байна, Амгаланбаатар гэх хүн чинь 5.000.000 төгрөг авдаг гэж байна, гэтэл танай сургуулийн захирал Ш.Бадамцэцэг манай эхнэрийг 2.000.000 төгрөг өгчих гэж шаардсан байна, одоо чинь ямар хэцүү цаг болсон юм бэ, удирдлагуудтайгаа нийлээд ярьж хөөрөөд шууд үндсэн орон тоон дээр жинхэнэ багшаар авчихвал хэн хэндээ зүгээр байх, ингэж мөнгө авч болдог юм уу гэж хэлэхээр нь би Т.Бөхбатад “сонгон шалгаруулалтад орсон нь дээр байхдаа” гэж хэлээд тухайн үед өнгөрсөн. 09 сард ажил эхэлж, орон тоо, ажлын төлөвлөгөөгөө батлуулаад, ажлаа хийгээд сууж байхад Х.Цэрэндулам манай өрөөнд ажлын шугамаар орж ирсэн. Тэгэхээр нь ажилдаа орсон уу, гэж асуусан чинь тэгсэн эгч жинхэлээд авсан, үндсэн ажилтан болсон, гэхдээ манай захирал мөнгө төгрөг авч байж л жинхэллээ, мөнгө төгрөг авахгүй байж болдоггүй юм байхдаа гэж хэлэхээр нь яасан 2.000.000 төгрөг өгчихсөн юм уу гэсэн чинь “2.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг өгсөн, үлдсэн 1.000.000 төгрөгийг 5 жилийн тэтгэмжийн цалин дээрээсээ өгөхөөр тохиролцсон гэж хэлэхээр нь өгөхгүй гэж хэл, заавал өгөх ямар албатай юм, өгөхгүй байж болно шүү дээ гэдгийг хэлсэн. Манай сумынхан захирлыг мөнгө төгрөг авч байж ажилд оруулдаг гэж ярьдаг. Энэ ярианаас хойш би захирлыг хүнээс юм авч байж ажилд оруулдаг юм байна, ямар муухай хүн бэ гэж бодож суусан. Х.Цэрэндуламын амаар сонссон, бусдын яриаг сонсоход нэлээн уурласан, дургүйцсэн өнгө аястай манай захирлыг ярьж байсан. Тэр бүхнийг нь сонссон хүний нэг бол би өөрөө мөн. Хууль шүүхийн өмнө худлаа ярих эрх байхгүй, би өөрөө хариуцлагатай ажил үүрэг хүлээдэг, сэхээтэн багш хүн учраас хэн нэгнийг гүтгэх, худал мэдүүлэг өгөх, худлаа ярьсан зүйл надад байхгүй гэв.
Гэрч Т.Оюунзулын өгсөн: 2005 онд Т.Бөхбат, Х.Цэрэндулам нар манай гэрт орж ирсэн. Энэ хоёр зун хөдөө явдаг учраас төвд ороод ирсэн явахаар нь ямар ажлаар төв орж ирсэн юм бэ, гэж асуусан чинь энэ хэргийн талаар хэлсэн. Миний хувьд энэ хэргийн талаар эхнээс нь юу болсныг мэдэж байгаа учраас итгэлтэйгээрээ энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр Х.Цэрэндулам манайд орж ирээд “захирал намайг дуудаад яамнаас хүмүүс ирсэн учраас хонины мах, тарваганы боодог, айраг, цагаан идээ авчирч өгөх шаардлагатай байна гэж хэлсэн учраас иймэрхүү зүйл бөөгнүүлээд авчирсан, намайг гэрт нь очиход чи түр багшийн орон тоон дээр ажиллаж байгаа, чамайг үндсэн багшийн орон тоон дээр авах боломж нээгдэж байгаа, яагаад гэвэл цаг нэмэгдэж байгаа учраас нэг багшийн орон тоо гарсан, чи сонгон шалгаруулалт нь орох уу, үндсэн багшийн орон тоон дээр тушаалыг чинь гаргаж өгье, хэрэв сонгон шалгаруулалтанд орно гэвэл Нямдорж багшийн хамтаар аймгийн боловсролын газар руу явж сонгон шалгаруулалтанд ор, хэрвээ сонгон шалгаруулалтанд орно гээд аймгийн боловсролын газар руу явах юм бол чамайг унагана, яагаад гэвэл нам, ажиллаж байгаа газар, орон нутгийг чинь харна, Амгаланбаатар захирал бид хоёрын дунд таарамжгүй харилцаа байдаг, тэр хүн чамд надаас илүү шаардлага тавьж 5.000.000 төгрөг нэхнэ, тийм учраас чи сонгон шалгаруулалтанд явах уу эсхүл надтай энэ хавиараа тохироод, 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор хариугаа хэлээд надад 2.000.000 төгрөгийг энэ хугацаанд авчирч өгөх үү, хэрвээ энэ мөнгийг надад авчирч өгөх юм бол чамайг сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр би аргалж үндсэн багшийн орон тоон дээр авна” гэж хэлсэн би яах вэ гэж Х.Цэрэндулам надад хэлсэн. Тэгэхээр нь би “сонгон шалгаруулалтанд чи өөрөө ор, 2.000.000 төгрөг хаанаас олох юм, энэ чинь их мөнгө байна, хэдэн сарын цалин байна, ийм зүйл байхгүй, Амгаланбаатар багш тэгж их мөнгө төгрөг нэхдэггүй байх” гэж хэлээд өнгөрсөн. Ах дүү учраас энэ талаар нэлээн сайн ярилцаж суусан. Түүний дараа би амралттай байсан учраас хот хөдөө яваад Х.Цэрэндуламтай таараагүй. Тэгээд 9 сард Х.Цэрэндуламтай тааралдаад ажил төрөл сайн уу, нөгөө ажилдаа орох тушаал шийдвэр чинь юу болсон вэ гэж хэлсэн чинь зээл аваад миний боломж ийм байна гээд 1.000.000 төгрөг өгчихсөн. Харин үлдсэн 1.000.000 төгрөгийг нь 5 жилийн тэтгэмж орохоор түүнээс өгнө гээд хэлсэн. Захирал өөрөө чи сургуульд олон жил ажилласан байна, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан багш нарт 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгогддог, түүнээс хоёулаа зохицуулж болох юм байна гэж хэлсэн гэхээр нь яасан муухай хүн вэ 5 жилийн тэтгэмжийг ч гүйцэд авч чадахгүй болох юм байна даа гэж би тухайн үед Х.Цэрэндуламд хэлж байсан. Тэгээд 2016 оны 07 сард Х.Цэрэндулам надруу хөдөөнөөс залгаж байна гээд “Тэтгэмжийнхээ мөнгийг хөөцөлдөж явж чадахгүй байна, Ундрах багштай ярьсан чинь тэтгэмжийнхээ мөнгийг авах гэж байгаа, захирал нэг нэгээрээ ирж уулзаад ав гэж хэлсэн байна, би хөдөө байгаа учраас захиралтай уулзаж чадахгүй юм шиг байна, та энэ мөнгийг хэзээ орох талаар нь асуугаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед Ш.Бадамцэцэг рүү залгаад хэлсэн чинь “би ээлжийн амралттай байна, би Х.Цэрэндулам гэх хүнтэй гэрээ хийсэн болохоос өөртэй чинь гэрээ хийгээгүй, өөрөө энэ хэрэгт оролцоод байх илүү юм биш үү, өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээр тавиад байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь би Ш.Бадамцэцэгт “7 сар дуусч байна, одоо галч манаачийнхаа цалинг оруулах гүйлгээ хийдэг биздээ тэр үедээ тэтгэмж авах багш нарынхаа мөнгийг хийчихж болдоггүй юм уу гэсэн чинь би “гүйлгээгээ 6 сард хийсэн, 7 сард ямар ч гүйлгээ хийхгүй, тэгсэн ч надад тушаалын бланк байхгүй байна” гэж хэлэхээр нь “чиний энэ гүйлгээг хийхгүй байгаа үйлдлийн чинь цаана ямар ашиг сонирхол байгааг мэдэж байгаа шүү гэж хэлсэн чинь утсаа салгаад надтай яриагүй. Удаагүй надад мессеж ирэхэд та ямар ашиг сонирхол яриад байгаа юм бэ, өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээр тавиад байгаа юм биш үү, би ажилтай байна гэр орондоо байна, төрийн сангийн эрхлэгч байхгүй байгаа гэсэн мессеж явуулсан байсан. Би тухайн үед гүйлгээ хийхэд ямар нэгэн саад болох зүйл байхгүй байсан гэдгийг мэдэж байсан учраас эргээд би Ш.Бадамцэцэг рүү “жилийн өмнө чи Х.Цэрэндуламаас 1.000.000 төгрөгийн хахууль авч үндсэн багшаар ажилд томилсноо мартаагүй биздээ, тэгээд үлдсэн 1.000.000 төгрөгийг нь тэтгэмж нь дээрээс нь авна гэж тохирсон байсан биздээ, түүнийгээ гүйцэлдүүлэх гээд удаагаад заавал Х.Цэрэндуламтай уулзах гээд байгаа юм биш үү гэдэг байдлаар” бичсэн. Тэгээд сумын Засаг дарга дээр ороод ажилчдынхаа нийгмийн асуудлыг зохицуулаад өгөхгүй, зээлтэй хүмүүс нь зээлээ ч дарж чадахгүй хүнд байдалтай байхад би ээлжийн амарч байна гээд гүйлгээ хийхгүй захирал байдаг юм уу гэсэн чинь сумын дарга намайг байхад Ш.Бадамцэцэг рүү утсаар залгахад хэн ч над дээр тэгж хэлж орж ирээгүй, Т.Оюунзул авгай л тэгж хэлсэн юм уу, өчигдөр над руу утсаар залгаад яриад байсан гэж хэлэхэд нь Засаг дарга “амралтын үеэрээ багш нар рашаан сувилалд явах гэж байгаа, энэ асуудлаа даруй шийдэж өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд Х.Цэрэндулам 5 жилийн тэтгэмжээ авах гээд сургууль дээрээ очсон чинь чи амжихгүй шүү, намайг дийлэхгүй шүү Т.Оюунзул авгайд хэлээрэй намайг амжихгүй шүү гэдгийг хэлээрэй гэж хэлсэн байсан. Ш.Бадамцэцэг нүүрэн дээрээ тийм зүйл хэлэхээр харагддаггүй ч гэсэн муухай хүн байна, бүүр улайрсан хүн байна гэж мэдсэн. Тэгээд Х.Цэрэндуламын 5 жилийн тэтгэмж нь ямар хэлбэрээр яаж бууж олгогдох байдлыг нь харсан. Тэгээд энэ асуудлыг хурлын даргад хэлсэн, манай сумынхан бүгд мэдсэн байсан. Сумынхан Ш.Бадамцэцэгийг жилээс жилд ханш нь нэмэгддэг, нэмэгдүүлдэг юм байна билээ гэж ярьдаг гэв.
Гэрч Т.Бөхбатын өгсөн: Манай эхнэр Батцэнгэл сумын сургуульд ажиллаж байгаад 2011 онд Өгийнуур сумын сургуульд ажиллаж эхэлсэн. 4 жил ажиллаад 2015 оны зун хөдөө амарч байхад захирал Ш.Бадамцэцэг эхнэрийг маань дуудаж Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн байна цагаан идээ, хонь, тарваганы мах олоод ир гэсний дагуу эхнэр бид хоёр хөдөө гэрээсээ бэлдэж өгч байсан. Үүний дараагаар удаагүй Ш.Бадамцэцэг захирал нь гэртээ дуудаж эхнэр Х.Цэрэндуламтай уулзаж “үндсэн багшийн орон тоо гарч байна, чи аймгийн боловсролын газар руу явж сонгон шалгаруулалтанд орох юм бол тэнцэхгүй ямар байдлаар шалгалт авдаг талаар мэдэж байгаа биз дээ, надад 2.000.000 төгрөг өгчих тэгээд чамайг би шууд үндсэн багшийн орон тоон дээр тушаал гаргаж ажилд авна” гэж хэлсэн гэсэн. Энэ байдлыг эхнэр надад хэлэхээр нь би мөнгө төгрөг байхгүй шүү дээ гэж нэлээн уурлаад мэргэжлийг нь эзэмшлээд олон жил ажилласан байхад заавал мөнгө төгрөг өгч үндсэн багш болох юм уу гэдэг байдлаар эхнэртэйгээ ярилцсан. Тухайн үед захирал Ш.Бадамцэцэг чиний 4 сар ажиллаад олох мөнгө, цаашдаа чи энэ байгууллагад ажиллана, эндээ амьдарна шүү гэж хэлсэн байсан. Эхнэр маань ганцаараа ажил хийдэг, би өөрөө бие муу, 3 хүүхэдтэй учраас ажилдаа үлдэх л боломж байсан. Тэгээд энэ талаар өөрийн төрсөн эгч Т.Оюунзулд хэлсэн чинь нэлээн уурлаж, их мөнгө байна, ядаж талыг нь өгье гэж хэлээд үзвэл яасан юм бэ гэж хэлсэн. Тэгээд ажилдаа үлдэхийн тулд эхнэр бид хоёр Өгийнуур сумынхаа Өгиймандал нэртэй хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 1.000.000 төгрөгийг нь үлдээж, үлдсэн мөнгийг нь малчны зээл, бусад байдалд зарцуулсан. Тэгээд 1.000.000 төгрөгийг бэлнээр Ш.Бадамцэцэгийн гэрт нь очиж эхнэр бэлнээр өгсөн. Зээл авсны дараа 8 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө санагдаж байна, би эхнэрээ өдөр 13 цагийн орчим байх Ш.Бадамцэцэг захирлын гэрийнх нь гадаа өөрөө мотоциклиороо хүргэж өгч байсан. Удаагүй эхнэр маань 1 сая төгрөгөө өгчихлөө, байшиндаа оруулаад мөнгөө авсан, намайг битгий хүнд хэлээрэй гэсэн гээд гэртээ ирж байсныг сайн санаж байна. Үлдсэн мөнгөө юу гэж байна гэсэн чинь 5 жилийн тэтгэмж буухаар түүнээс тооцоод өгчих гэж хэлсэн, түүнээс л болохгүй бол өгье гэж эхнэр надад хэлсэн. Түүнээс хойш 2016 онд тэтгэмж нь буухгүй, эхнэр бид хоёр зээлээ дарах гээд тэр мөнгийг хүлээгээд ороогүй, орохгүй болохоор нь эгч Т.Оюунзулд хэлээд мөнгө санхүү нь орсон бол орчихгүй юм байхдаа, яасан сонин юм бэ гэдгийг хэлсэн чинь Т.Оюунзул эгч Ш.Бадамцэцэг захирал руу утсаар залгаж хэлсэн байсан. Тэгээд энэ асуудал сумын засаг дарга хүртэл яваад нэг шийдэгдэж 08 сард тэр мөнгө нь орж байсан. Өөр ярих зүйл байхгүй гэв.
Гэрч Гэрэлт-Одын өгсөн: 2015 оны 2 сард сургууль дээр Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг ажиллаж байсан. Тэр үед би багш нарын конторт сууж байхад багш Х.Цэрэндулам над дээр ирээд багшаа “Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөх чинь ямар аймаар зүйл байдаг юм бэ би хадам эгч Т.Оюунзул эгч, багш Д.Нямдулам нарыг үгээр ороод өргөдөл өгсөн чинь балай юм боллоо, гаргасан өргөдлөө буцааж авч болдог юм болов уу гэж хэлэхээр нь “худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлага, хууль тогтоомж нь чанга хатуу байдаг юм байна билээ шүү дээ, энэ талаар бодолтой л хандаарай” гэж хэлээд зөвлөсөн. Дараа нь зун 6 сард амралт эхлээд хэсэг багш нар сумын төвд байх кароаке бааранд сууж, хөгжилдсөн. Тэр үед Х.Цэрэндулам багш уулзая гэхээр нь хоёулханаа уулзсан чинь Х.Цэрэндулам багш надаас “би захиралтай учраа олчихмоор байна, хадам эгч Т.Оюунзул эгч, багш Д.Нямдулам нар нэг мөсөн гүйцээгээд, дуусга, нэг мөсөн албан тушаалаас нь буулгана гэж байна гэж хэлэхээр нь би тухайн үед 2 сард хэлсэн зүйлээ дахин хэлж байсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Гэрч П.Мөнхнасангийн өгсөн: Миний бие шударга шүүхийн өмнө нотлох баримтын хэмжээнд мэдүүлэг өгөхөд Х.Цэрэндулам гэх хүн манай эхнэр Ш.Бадамцэцэгт авилга өгч байгаагүй. Х.Цэрэндулам багш манай гэрт 08 сард нэг удаа ирсэн. Бид гэр бүлээрээ зуныхаа байшингийн урд байх дугуй ширээний урд сууж байхад Х.Цэрэндулам багш сүү тараг авчирч өгөхөөр нь би савыг нь султгаж өгөөд явуулсан. Түүнээс хэрэгт авагдсан байгаа мэдүүлэгт манай эхнэртэй өвлийн байшинд ороод 30-40 минут уулзсан гэж хэлсэн байсан. Тийм асуудал огт болоогүй. Миний хувьд шударга ёсны төлөө гэмт хэрэгтэй тэмцэх тасагт 15 жил ажиллаж байна. Хэлж ярьж байгаа үгнийхээ хариуцлагыг сайн мэдэж байна. 2017 оны 02 сарын үед би хүүхдээ хараад гэртээ байж байхад Гэрэлт-Од багш над руу утсаар ярьсан. Ярихдаа “Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг ирээд 10 минут ч болоогүй Х.Цэрэндулам багш надтай уулзаад хадам эгч Т.Оюунзул эгч, багш Д.Нямдулам нарыг үгээр ороод захирлыг гүтгэсэн, гаргасан өргөдлөө буцааж авч болдог юм болов уу та надад зөвлөөч” гэж хэлсэн байсан. Маргааш нь би Х.Цэрэндулам руу утсаар залгаад миний дүү чи чинь юу болоод байгаа юм бэ, манай эхнэрийг нэр төр, гэр бүлийн байдал, бидний улсад ажилласан байдал, сум орон нутагт биеэ авч яваа байдаг, нийгэмд эзлэх байр сууринд нөлөөлж байна гэж хэлсэн чинь юу ч дуугараагүй утсаа салгасан. Тэгээд удалгүй 10 миунтын дараа Т.Оюунзул гэх хүн над руу залгаад “чи цагаачаа энэ нутгаас зайлаарай, чи энд байх эрхгүй, чиний энэ нутагт байх хоногийн тоо гүйцсэн” гэж хэлэхээр нь би та нар нотлох баримттай зүйл яриарай, би яагаад цагаач байдаг юм цагаач гэдэг чинь аль ч улсын иргэн биш хүнийг хэлдэг юм төрд ажиллаж байгаа дээд боловсрол эзэмшсэн намайг яагаад цагаач гэдэг юм бэ, та нар манай эхнэрийг буруу зөрүү ярьж болно гэхдээ энэ хүнээс авах юм байгаа чи шилдэг захирал, шилдэг эрхлэгч болчихоод ийм зүйл яриарай гэж хэлсэн. Дараа нь би Х.Цэрэндулам багштай сургууль дээр таараад хэлсэн. Надад нэг ч үг хэлээгүй. Түүнээс манай гэрт ирээд манай эхнэртэй тусдаа уулзсан, мөнгө өгсөн асуудал байхгүй. Ах дүү нараараа нийлж гүтгэж байна. Эдгээр хүмүүсийн хувийн байдлыг би сайн мэднэ. Би хэсгийн төлөөлөгч байхдаа Т.Бөхбат мотоциклтой явж байгаад хээр ухаангүй хэвтэж байгаад хүнд зодуулсан гэх хэргийг нь хүртэл би өөрөө шалгаж байсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Мөрдөн байцаалтын үед:
Гэрч Д.Нямдуламын өгсөн: ...Миний бие 1991 оноос хойш Арханай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуульд багшаас нь эхлүүлээд нийгмийн ажилтан, сургалтын менежерийн ажил албан тушаалд 26 жил тасралтгүй ажиллаж амьдарч байна. Манай сургуулийн захирал Ш.Бадамцэцэг 2003 оноос хойш Архангай аймгийн Өгийнуур сумын Бүрэн дунд сургуулийн захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ хүний хууль бус албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад дарамт үзүүлж, хувийн ашиг сонирхлын зөрчлийг байнга гаргадаг нь хэрээс хэтэрч байгаа учраас аргаа бараад танай байгууллагад хандсан юм. Танай байгууллагын хяналт шалгалтын газарт нийт 21 төрлийн ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй асуудал шалгуулахаар хүргүүлсэн. Үүнээс хамгийн гол нь гэмт хэргийн шинжтэй багш Цэрэндуламаас 1 сая төгрөгийн хахууль авч түүнийг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулсан асуудлыг танай байгууллагын мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгааг ойлгож мэдлээ. Зөвхөн энэ асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгөх болно. Бусад зөрчил маргааны шинжтэй асуудлыг зохих шатны мэргэжлийн хяналт, аймгийн боловсролын газар зэрэг бусад байгууллагад хүсэлтээ гаргаж шалгуулах болно. Ш.Бадамцэцэг бид хоёр орон нутгийн сонгуулийн дараагаас хоорондоо таарч ажиллахад хэцүү болж хүн болгоныг дарамталдаг болж нийт хамт олны уур амьсгалыг өөрийнхөө талд оруулахын тулд хурал цуглааныг албан ажлаас хальсан байдлаар хувийн дарамтын шинжтэйгээр явуулдаг болсон. Урьд нь Батцэнгэл суманд сургуульд ажиллаж байсан Цэрэндуламыг хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээгээр түр багшаар ажиллуулж байгаад 2015 оны 08 дугаар сарын орчим байх жинхэнэ багшийн орон тоон дээр ажиллуулахаар тохирч 2 сая төгрөгийн хээл хахууль нэхэж байгаад 1 сая төгрөгийн хахуулийг бэлнээр авч багш Цэрэндуламыг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулсан. Үлдэгдэл нэг сая төгрөгийг нь 5 жилийн тэтгэмжээс нь авахаар тохирсон байсан боловч тэтгэмжээ авсан Цэрэндулам багш мөнгийг нь өгч чадаагүйн учраас тэр хоёрын хооронд үл ойлголцол үүсч Цэрэндуламыг энэ асуудлаас нь бол дарамталж эхэлсэн. Тийм учраас багш Цэрэндулам танай байгууллагад гаргасан гомдолд өөрийн энэ байдлаар илэрхийлж хүсэлт хүртэл бичиж өгсөн байгаа. Багш Цэрэндулам нь болсон асуудлын талаар өөрөө надад нэг бүрчлэн ярьж хэлсэн. Тэрнээс биш хэдэн төгрөг хаана ямар байдлаар хахууль болгон өгч байсныг хараагүй зөвхөн өөрийнх нь хэлснийг сонссон юм. Энэ талаар түүний нөхөр Бөхбат, хадам эгч Оюунзул нар сайн мэдэж байгаа, хоорондоо энэ талаар ярьцгаадаг хүмүүс, аргаа бараад надад хүртэл хандаж учрыг нь олоод хуулийн байгууллагаар шалгуулаад өгч гэж хүртэл хэлж байсан удаатай, одоо сургуулийн захирал Бадамцэцэг хуулийн байгууллага шалгаж эхэлснийг мэдээд улам дарамталж цалин хөлс хасах үндэслэлгүйгээр арга хэмжээ авах, нутгийн иргэдийн дунд нэр хүнд унагаасан худал яриа өгүүлэл явуулах, хамаатан садангаар дамжуулж нөлөөлөхийг оролдох зэрэг үйлдлүүдийг байнга үзүүлж байгаа учраас энэ асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Сургуулийн жинхэнэ багшийн орон дээр багш авч ажиллуулахдаа заавал аймгийн боловсролын газраар дамжиж сонгон шалгаруулалтанд орж тэнцэх юм бол багшийн орон тоон дээр ажиллах ёстой байдаг. Гэтэл Өгийнуур сумын сургуулийн захирал Ш.Бадамцэцэг нь сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр өөрөө албан тушаалын байдлаа хэтрүүлэн дур мэдэн Цэрэндуламыг жинхэнэ багшийн орон тоон дээр багшаар томилж ажиллуулсан. Анх сургуулийн захирал Ш.Бадамцэцэг өөрөө гэрээгээр ажиллаж байсан Цэрэндулам багшийг дуудаж чи сонгон шалгаруулалтанд орох юм бол шалгалтандаа унана, тийм болохоор хоёулаа учраа ольё надад 2 сая төгрөг өгөх юм бол чамайг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулъя гэж хэлсний дагуу бага залуу учраа мэдэхгүй Цэрэндулам багш тухайн үед сумын хадгаламж зээлийн хоршооноос өндөр хүүтэй мөнгө зээлж байгаад 1 сая төгрөгийн хахууль өгч сонгон шалгаруулалтанд оролгүйгээр шууд жинхэнэ багшийн орон тоон дээр томилуулсан. Харин үлдэгдэл 1 сая төгрөгийг нь 5 жилийн тэтгэмжийн мөнгөө авсныхаа дараа өгнө гэж тохирсон байсан боловч өгч чадаагүйд нь дургүйцэж захирал ш.Бадамцэцэг, багш Цэрэндулам хоёрын хооронд харьцааны асуудал үүсч эхэлсэн. Тэр ч утгаараа Цэрэндулам хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргасан байгаа. Аймгийн боловсролын даргаар ажиллаж байсан Амгаланбаатартай ерөөсөө таардаггүй байсан өөрөө дур мэдэн хэд хэдэн удаа шууд багш томилох гэж байгаад Амгаланбаатар даргад баригдаж байсан удаатай. Амгаланбаатар даргын үед заавал сонгон шалгаруулалтаар орсон хүнийг багшаар томилдог байсан. Ямар учраас Цэрэндуламыг Амгаланбаатар даргад мэдэгдэлгүйгээр шууд жинхэнэ багшийн орон тоон дээр ажиллуулах болсон талаар мэдэхгүй өөрөө л дур мэдэн албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж, хахууль авсныхаа төлөө Цэрэндуламыг томилсон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 197-198 хуу/
Гэрч Т.Бөхбатын өгсөн: ... Эхнэр бид хоёр 2011 онд Архангай аймгийн Өгийнуур сумандаа ирж ажиллаж амьдарч байна. Би хөдөө мал дээрээ, харин эхнэр маань сумынхаа бүрэн дунд сургуульд жирэмсний амралттай багшийн орон тоон дээр ажилд анх орсон, үүний дараагаа хэсэг хугацаанд цагийн багшаар ажиллаж байгаад 2015 оны хичээл жил эхлэхээс өмнө үндсэн багшийн орон тоо гарч эхнэр Х.Цэрэндулам маань үндсэн багшаар ажиллах боломж гарч ирсэн юм. Ингээд 2015 оны 07 дугаар сарын дундуур байх манай эхнэр Х.Цэрэндуламын сургуулийн захирал Ш.Бадамцэцэг эхнэрийг маань дуудаж Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн байна цагаан идээ, хонь, тарваганы мах олоод ир гэсний дагуу эхнэр бид хоёр хөдөө гэрээсээ бэлдэж өгч байсан. Түүнээс хойш эхнэрт маань сургуулийн захирал нь гайгүй ханддаг болсон гэсэн. Үүний дараагаар удаагүй Ш.Бадамцэцэг захирал нь гэртээ дуудаж эхнэр Х.Цэрэндуламтай уулзаж “үндсэн багшийн орон тоо гарч байна чи аймгийн боловсролын газар луу явж сонгон шалгаруулалтанд орох юм бол тэнцэхгүй ямар байдлаар шалгалт авдаг талаар мэдэж байгаа биз дээ, надад 2 сая төгрөг өгчих тэгээд чамайг би шууд үндсэн багшийн орон тоон дээр тушаал гаргаж ажилд авна” гэж хэлсэн гэсэн. Тухайн үед эхнэр Х.Цэрэндулам маань захиралтайгаа очиж уулзсан өдрөө надад ирж хэлсэн юм. Ингээд эхнэр бид хоёр мөнгө олчих санаатай байсан боловч хэлснээр нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор мөнгийг нь олж өгч чадахгүй байсан учраас энэ байдлаа өөрийн төрсөн эгч Оюунзулд хэлэхэд их уурлаж шууд 2 сая төгрөг өгнө гэж юу байдаг юм. Эхний ээлжинд 1 сая төгрөгийг өгчихгүй юу, мөнгө олдохгүй байна гэж хэлэхгүй юу гэж байсан. Энэ байдлаа эхнэр маань Оюунзул эгчид бүгдийг нь нэг нэгэнгүй хэлсэн. Ингээд мөнгө олдохгүй болохоор нь эхнэр бид хоёр Өгийнуур сумынхаа Өгиймандал нэртэй хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 1 сая төгрөгийг нь бэлнээр Ш.Бадамцэцэгийн гэрт нь очиж эхнэр маань бэлнээр өгсөн. Тухайн өдрийг нь сайн санахгүй байна. Зээл авсны дараа 8 дугаар сарын эхний долоо хоногт байх би эхнэрээ өдөр 13 цагийн орчим байх Ш.Бадамцэцэг захирлын гэрийнх нь гадаа өөрөө мотоциклиороо хүргэж өгч байсан. Удаагүй эхнэр маань 1 сая төгрөгөө өгчихлөө гээд гэртээ ирж байсныг сайн санаж байна. Анх ярихдаа 2 сая төгрөг гэж тохирсон гэсэн үлдсэн мөнгийг нь 5 жилийн тэтгэмжээ авах үеэрээ өгөхөөр хоорондоо тохирсон гэж эхнэр маань хэлж байсан. Үүнээс хойш эхнэр Х.Цэрэндуламд захирал нь сайнаар хандаж анги даасан багш хүртэл болгосон. Ингээд эхнэр маань 5 жил суманд ажилласны тэтгэмжийн мөнгөө авах хугацаа болоход Ш.Бадамцэцэг нь үлдэгдэл 1 сая төгрөгөө авах санаатай аргаа олохгүй янз бүрийн байдлаар хойшлуулаад байсан. Аргаа бараад цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Оюунзул эгчид хэлэхэд эгч маань ямар учраас хүүхдийн тэтгэмжийн мөнгө өгдөггүй юм ганцхан чиний гарын үсэг дутуу байна ямар санаатай өгөхгүй удаагаад байгаа санааг чинь мэдэж байгаа шүү утгатай зүйл хэлчихсэн чинь бөөн асуудал болж үүнээс хойш эхнэрт маань сайн ханддаг байсан хүн чинь эсрэгээрээ муу хандаж янз бүрийн байдлаар ажлын шахалт дарамт үзүүлдэг болсон гэсэн. Ингээд эхнэр бид хоёр аргаа бараад танил талаараа дамжуулж сумын Засаг даргаар хэлүүлж байгаад арай хийж тэтгэмжийн мөнгөө гаргуулан авсан, энэ байдлаас болж одоо болтол эхнэрийг маань янз бүрийн байдлаар дарамталдаг гэсэн, эхнэр маань өөрөө надад хэлдэг тэрнээс биш тэр болгон сумын төв дээр байгаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна, хөдөө мал дээрээ байдаг хүн, эхнэр маань хүүхдүүдийнхээ хамтаар сумын төв дээр байдаг юм. Ингээд аргаа бараад өөртөө нь адилхан дарамтанд орсон бага ангийн сургалтын менежер Нямдулам багштай хамт Ш.Бадамцэцэгийн хууль бус асуудлыг нь шалгуулахаар танай байгууллагад гомдол гаргасан юм. Энэ байдлыг миний төрсөн эгч Т.Оюунзул, сургалтын менежер Нямдулам нар сайн мэдэж байгаа өөр бусад хүмүүс тэр болгон мэдэхгүй байгаа байх гэж бодож байна. Өөрийн мэдэх зүйл нэг бүрчлэн мэдүүлсэн, ямар ч байсан сургуулийн захирал Ш.Бадамцэцэг миний эхнэрийг сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр үндсэн багшийн орон тоон дээр ажилд авсныхаа төлөө 1 сая төгрөг авсан, үлдэгдэл 1 сая төгрөгөө авахын тулд эхнэрийг маань дарамтанд оруулж, одоо хуулийн байгууллагад шалгагдаж эхлэхэд хамаатан садангаараа дамжуулж нөлөөлөх гэж оролдож байна иймд хуулийн дагуу үнэн зөвөөр нь шалгаж Ш.Бадамцэцэг хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна. Тухайн үед ХЗХ-оос зээл авч байсан гэрээгээ хавсаргуулах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 199 хуу/
Гэрч Т.Оюунзулын өгсөн: ... 2015 оны 07 дугаар сарын дундуур байх наадмын дараахан манай дүү Т.Бөхбат, эхнэр Х.Цэрэндулам нар манай гэрт хүрч ирээд сая сургуулийн захирал Х.Бадамцэцэгтэй уулзаад ирлээ гээд бэр Х.Цэрэндулам “манай захирал Ш.Бадамцэцэг намайг дуудаж уулзаад үндсэн нэг багшийн орон тоо гарсан, чи сонгон шалгаруулалт нь орох уу, эсхүл надад 2 сая төгрөг өгөх юм бол үндсэн багшийн орон тоон дээр тушаалыг чинь гаргаж өгье, хэрэв сонгон шалгаруулалтанд орно гэвэл Нямдорж багшийн хамтаар аймгийн боловсролын газар луу явж сонгон шалгаруулалтанд ор аймгийн боловсролын газраас чамайг унагана тийм учраас чи сонголтоо хэл 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор хариугаа хэл энэ хугацаанд мөнгөө авчирч өгөх юм бол чамайг сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр би аргалж үндсэн багшийн орон тоон дээр авна “ гэж хэлсэн гэсэн. Одоо яахав гэж надаас зөвлөгөө авахаар ирэхээр нь би сонгон шалгаруулалтанд ороод үзвэл яадгийн шалгалтыг өг гэсэн чинь сонгон шалгаруулалтанд орох юм бол тэртээ тэргүй захирал өөрөө цааш нь хэлээд шалгалтанд унагаачихна сүүлд нь дарамтлаад байж магадгүй, тийм болохоор нэхсэн мөнгийг нь өгөөд ажилдаа орчих юм бол дараа нь надад амар, ямар нэгэн байдлаар тал засаагүй хүмүүсийг янз бүрийн байдлаар дарамтлаад байдаг гэсэн гэж ярьж байсан. Тухайн үед бүх мөнгийг нь өгнө гэж юу байдлыг тал хагасыг нь олж өгч болох юм гэж хэлээд явуулсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болж хичээлийн шинэ жил эхэлж бэр Х.Цэрэндулам ажилдаа орсон, би уулзаад нөгөө Ш.Бадамцэцэг захирлын чинь асуудал юу болсон бэ гэхэд нөхөр Т.Бөхбат бид хоёр сумынхаа Өгий мандал хадгаламж зээлийн хоршооноос 5 сая төгрөгийн зээл авч, үүнээс 1 сая төгрөгийг нь Ш.Бадамцэцэг захирал бэлнээр гэрт нь аваачиж өгсөн, үлдсэн мөнгийг нь өөрснөө унах мотоцикл, сургуулийн хүүхдийн хувцас зэрэг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж ярьж байсан. Би тухайн үед мөнгөө дансаар нь өгсөн үү сүүлд нь баримттай гэхэд үгүй захирал Ш.Бадамцэцэг дансны дугаараа өгөхгүй байсан, бэлнээр аваад ир гэсний дагуу нь гэрт нь 1 сая төгрөгийг аваачиж өгсөн гэж байсан. Үлдэгдэл нэг сая төгрөгийг суманд 5 жил ажилласан багш нарын тэтгэмжийн мөнгөнөөс өгөхөөр боллоо гэж ярьж байсан. Тухайн үедээ болдог асуудал болоод өнгөрсөн байсан. Ингээд 2016 оны зун суманд 5 жил ажилласан тэтгэмжийн мөнгөө авахаар бэр Х.Цэрэндулам хөөцөлдөж эхлэхэд сургуулийн захирал Ш.Бадамцэцэг нь мөнгийг нь олгохгүй гарын үсэг зурахаас зайлсхийгээд тушаалаа гаргаж өгөхгүй янз бүрийн байдлаар худлаа хэлж үлдсэн 1 сая төгрөгөө авах аргаа олохгүй чирэгдэл учруулаад байгаа талаар бэр Х.Цэрэндулам ирж надад хэлэхээр нь би Ш.Бадамцэцэгийн утасруу нь залгаж манай дүүгийн тэтгэмжийн асуудлыг шийдээд өгөөч гэж гуйсан чинь сумын төрийн сангийн ажилтан байхгүй байгаа учраас удаашраад байгаа гэхээр нь миний дургүй хүрч угаасаа төрийн сангийн ажилтан байгаа гэдгийг би өөрөө мэдэж байсан учраас чамайг ямар санаа зорилготой Х.Цэрэндуламын тэтгэмжийн мөнгийг өгөхгүй байгааг мэдэж байгаа шүү гэж хэлсэн чинь та ямар ашиг сонирхол яриад байгаа юм би амралттай байна тэгээд ч тушаалын бланк байхгүй гээд утсаа тасалсан, үүнээс хойш миний бэр дүү Х.Цэрэндуламыг үзэхээ больж байнга янз бүрийн байдлаар шахаж дарамталж эхэлсэн гэсэн. Үүнээс өмнө манай дүү шиг сайн багш байхгүй анги даасан багш хүртэл болгож байсан удаатай. Ингээд аргаа бараад сумын Засаг даргад хэлж байгаад арай хийж дүүгийнхээ тэтгэмжийн мөнгийг олгуулсан юм. Тухайн асуудлаас хойш Х.Цэрэндуламыг янз бүрийн байдлаар дарамталж ажиллах нөхцөлгүй болгож эхэлсэн гэсэн, энэ байдлаа миний дүү Х.Цэрэндулам хэд хэдэн удаа ярьж байсан удаатай, надаас л ирж зөвлөгөө авдаг юм. Үүнээс гадна 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа Ш.Бадамцэцэг захирал өөрийнхөө сургуулийн бага ангийн эрхлэгч Нямдуламтай маргалдаж бөөн асуудал үүсгэж Нямдулам багш чамайг авилгатай тэмцэх газар шалгуулна гэж хэлсэн чинь түүний дараахан удаагүй бэр Х.Цэрэндуламыг дуудаж өрөөндөө оруулж хаалга цоожилж байгаад албан ёсоор баталгаа бичиж өг, чи ямар нэгэн байдлаар мөнгө өгсөн талаараа мэдэгдэж би шалгуулж ажилгүй болох дээрээ тулах юм бол чамайг эхлээд ажилгүй болгож байгаад дараа нь асуудлаа шийдвэрлүүлнэ чи надад ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй гэдгээ илэрхийлж баталгаа бичиж өг гээд бичүүлж авсан. Үүнээс гадна одоо санаж байна анх Х.Цэрэндуламыг гэрт нь 1 сая төгрөг аваачиж өгөхөд нь Ш.Бадамцэцэг чи энэ талаараа хэнд ярьж болохгүй тэр битгий хэл нөхөртөө ч хэлж болохгүй шүү өөрөө наад асуудлаа зохицуул, мөн бэр эгч Т.Оюунзулдаа хэлж болохгүй бид нар байгууллага авч яваа удирдах албан тушаалтнууд нэгнийхээ ажлын талаар мэдээд байх шаардлага байгүй гэсэн утгатай зүйл ярьж байсан гэж Х.Цэрэндулам хэлж байсныг санаж байна. Ингээд сүүлдээ Ш.Бадамцэцэг захирал янз бүрийн байдлаар шахалт дарамт үзүүлж ажиллах нөхцөлгүй болгосон тул аргаа барьж Нямдуам багштай нийлж байгаад танай байгууллагад бид нар албан ёсоор гомдол хүсэлт гаргаж Ш.Бадамцэцэгийн хууль бус ашиг сонирхлын үүднээс алба хаагч нартайгаа харьцдаг талаар мэдээлэл хүргүүлж шалгуулах болсон юм. Би өөрөө хүртэл гар бичмэлээрээ энэ талаар дурьдаж гомдол бичиж өгсөн, бэр дүү Х.Цэрэндулам ч гэсэн өөрийн гараар болсон асуудлын талаар гомдол хүргүүлсэн байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй 2005 онд Ш.Бадамцэцэгийн ар гэрийн амьдрал хэцүү байсан тэгтэл одоо суманд түүн баян чинээлэг амьдралтай хүн байхгүй сумын иргэдээс асуухад захын хүн энэ хүн ямар хүн бэ гэдгийг бүгд хэлнэ...гэх мэдүүлэг /хх-1-ийн 202-203 хуу/
Гэрч Ш.Соёлцэцэгийн өгсөн: ... Сүүлийн үед багш нараас авилга авч ажилд оруулдаг гэж сонсогдох нь элбэг болсон үнэн худлыг нь мэдэхгүй. Д.Нямдулам, Х.Цэрэндулам нартай Ш.Бадамцэцэг хэрүүл маргаантай байгаа гэж сонссон, орон нутгийн сонгуулиас болж манай нөхрийг иргэдийн хурлын дарга болоход нь Д.Нямдулам багш дэмжээгүй учраас энэ хоёрын хооронд маргаан үүсч, сүүлдээ Х.Цэрэндулам захирал Ш.Бадамцэцэгт мөнгө өгч жинхэнэ багшийн орон тоон дээр томилогдсон асуудал яригдаж сүүлдээ нэгийгээ хуулийн байгууллагад шалгуулах дээрээ тулсан гэж энд ярьдаг юм. Ер нь бол дам дамаа хүмүүс Х.Цэрэндуламыг Ш.Бадамцэцэг захиралд мөнгө өгч ажилд орсон гэдгийг бүгд ярьдаг юм. Уул нь бол Х.Цэрэндулам багш заах арга зүй сайтай туршлагатай чадварлаг боловсон хүчний нэг байгаа юм. Д.Нямдулам багшийн хувьд сум орон нутагтаа нэр хүндтэй сургуульд олон жил ажилласан чадварлаг боловсон хүчний нэг....гэх мэдүүлэг /хх-1-ийн 204 хуу/
Гэрч С.Нямдоржийн өгсөн: ...Нэг жилийн хугацаатай ажлаасаа чөлөөлөгдсөн байж байгаад 2014 оны 10 дугаар сард дахин ажилдаа орохын тулд аймгийн боловсролын газарт дахин ажил орохын тулд сонгон шалгаруулалтанд орсон хэдий ч багшлах эрхгүй гэж сонгон шалгаруулалтанд оруулаагүй хэдий ч сургалт тасалдаж хүүхэд хохирч болохгүй гэсэн утгатай зөвлөмж сумын сургуулийн захиргаанд ирүүлсэн байсан тул намайг өмнө ажиллаж байсан болохоор Ш.Бадамцэцэг захирал түр хугацаагаар багшаар ажилд эргүүлэн авсан. Ингээд үүний дараагаар түр ажиллах хугацаа дууссан тул 2015 оны хичээлийн жил эхлэхийн өмнө дахин сонгон шалгаруулалтанд орж миний ажиллах орон тоон дээр 5 багш өрсөлдөж сонгон шалгаруулалтанд орж би нэгээр шалгаран гарч үндсэн багшаар ажиллах болсон юм. Үүний дараагаар 2016 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод шилжин ажиллах хүсэлтээ гаргаж ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Эхнэр Соёлцэцэг Өгийнуур сумын сургуульд нийгмийн ажилтнаар ажилладаг байж байгаад 2015 онд Улаанбаатар хотруу шилжсэн тул би гэр бүлээ дагаж Улаанбаатар хотод шилжин ажиллах болсон юм. Х.Цэрэндулам өмнө нь түр цагийн багшаар ажиллаж байсан багш, ямар учраас сонгон шалгаруулалтанд оролгүйгээр шууд жинхэнэ багшийн орон тоон томилогдсон талаар мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-1-ийн 205 хуу/
Гэрч О.Болормаагийн өгсөн...Би анх багшаар томилогдохдоо сонгон шалгаруулалтанд орж тэнцсэний үндсэн томилогдсон. Тухайн үед физикийн багшийн нэг орон тоон дээр 3 багш ажилд орох хүсэлтээ өгсөн байсан учраас аймгийн Боловсролын газраас сонгон шалгаруулалт зохион байгуулж шалгалт авсан юм. Тэрнээс биш заавал сонгон шалгаруулалтаар ажилд авдаг талаар мэдэхгүй юм байна тухайн мэргэжлийн орон тоон дээр ямар нэгэн маргаангүй өрсөлдөх хүнгүй нэг хүн байвал шууд л тухайн сургуульдаа багшаар томилогдон ажилд орж болдог нь тухайн хүн өрсөлдөх хүнгүй бол шууд сургуулийн захирлын тушаалаар албан тушаалд томилогддог юм... гэх мэдүүлэг /1 хх-ийн 223 хуу/
Гэрч Г.Гэрэлт-Одын өгсөн: ...Манай эхнэр Ж.Мөнхжаргал 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл бага ангийн багшаар, би өөрөө 2003 оноос хойш биеийн тамирын багшаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сургуулийн нийт ажилчид болон сумын иргэдийн ихэнхийг нь хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Өгийнуур суманд 1990 оноос ажиллаж амьдарч байна...Манай сургуулийн захирал өөрөө шулуун шударга зантай дайчин шаардлага өндөр тавьж, хариуцлага тооцохдоо тооцдог, шагнал урамшуулал олгохдоо олгодог хүний нэг, 2015 онд байх Архангай аймгийн шилдэг сургууль болж байсан удаатай, үүнээс гадна 2016 онд шилдэг менежерээр шагнагдаж байсан удаатай. Хүн удирдаж ажиллуулж чаддаг хүний нэг гэж ойлгож явдаг юм. Бүх зүйлийг сургуулийн дотоод журмаар нийт ажилчдын дунд нээлттэйгээр хуралдаж шийдвэрлэдэг шударга зантай хүн. Сүүлийн 14 жил Ш.Бадамцэцэг захирлын удирдлагад ажилласан. Захирал Ш.Бадамцэцэг, бага ангийн эрхлэгч Нямдулам нарын хоорондын хувийн харьцааны улмаас л маргалдаж нэгийгээ хууль хяналтын байгууллагаар шалгуулах дээрээ тулсан гэж ойлгож байна, үүнээс гадна монгол хэл уран зохиолын багш Цэрэндулам нь Нямдуламын хамтаар танай байгууллагад өргөдөл гаргасан талаар нь би сонсоод чи залуу хүүхэд байж хэл аманд орооцолдож яахнав дээ наад хоёр чинь тэгж байгаад учраа олно биз гэхэд харин тиймээ одоо буцаагаад өргөдлөө авч болдог болов уу гэж өөрөө ярьж байсан удаатай тэрнээс биш яг ямар асуудлаар шалгагдаад байгаа талаар сайн мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-1-ийн 226-227 хуу/
Гэрч Б.Баасандуламын өгсөн: ...Манай сургуулийн багш нар бүгд захирал Ш.Бадамцэцэгтэй, бага ангийн менежер Д.Нямдулам, багш Х.Цэрэндулам нарын хооронд маргаантай асуудал байгаа талаар мэддэг. Тухайн өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр захирал Ш.Бадамцэцэг өрөөндөө дуудаж уулзаад цаагуур чинь миний талаар янз бүрийн юм ярьж байгаа хүн байна уу гэж асуухаар нь би Монгол, хэл уран зохиолын багш Х.Цэрэндулам 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр намайг ажлаа тараад явж байхад замдаа таарчихаад хамт явж байхдаа захирлыг буруутгах нэг хүн олох хэрэгтэй байна гэхээр нь би юун хүн олох вэ сүлжээний байгууллага биш, наад асуудлаа зогсоо гэсэн утгатай зүйл хэлж ярьж хэлж байсан. Энэ байдлыг захирал Ш.Бадамцэцэгт хэлэхэд үнэхээр л тэгж хэлж байсан юм бол чи наад асуудлаа баримтжуулж албан ёсоор тодорхойлолтоор өөрийнхөө гараар цаасан дээр бичээд өгчих гэхээр нь би өөрийнхөө сайн дураар хэлснээр бичиж өгсөн юм. Өөр надтай ямар нэгэн зүйлийн талаар Х.Цэрэндулам ярьж байгаагүй. Нийт багш ажилчид өрөнхийдөө Х.Цэрэндулам, Д.Нямдулам нарын гомдлын дагуу хуулийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдэж байгаа хэдий ч яг ямар асуудлаар шалгагдаад байгаа талаар мэдэхгүй байгаа, аль аль нь ажил мэргэжилдээ сайн туршлагатай мэдлэг боловсролтой хүмүүс байгаа юм, миний хувьд намайг 2005 онд тус сургуулийг төгсөхөд Ш.Бадамцэцэг захирал манай ангид хичээл ордог байсан. Өөрөөр хэлбэл шавь нь учраас Х.Цэрэндуламыг хэлж ярьж байсан зүйлийг дамжуулж хэлсэн юм. Би Ш.Бадамцэцэг захирлыг сайн удирдагч гэж бодож явдаг. Тэр ч утгаараа манай сургууль аймгийн тэргүүний сургуулийн нэг болж байсан удаатай...гэх мэдүүлэг /хх-1-ийн 228-229 хуу/
Гэрч Д.Алтангэрэлийн өгсөн: ...Би 2003 оноос 2014 он хүртэл Архангай аймгийн Боловсролын газарт ахлах мэргэжилтэн, даргаар нь ажиллаж байсан. Албан ёсоор ирж байгаагүй ч гэсэн ганц нэг багш нараас ажил үүргээс хамааралтай, хоорондын зан харилцааны талаархи гомдол мэдүүлдэг байсан, хэрүүл маргааны шинжтэй зүйлүүд ирдэг байсан. Тухай бүрт нь би утсаар өөрт нь мэдэгдэж ажилчдаас маргаан үүсгээд байна шүү хувийн зан харилцаан дээрээ анхаарах хэрэгтэй байна шүү гэж анхааруулж хэлдэг байсан. Боловсролын тухай хуулинд зааснаар сургуулийн захирал өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд багш ажилчдыг тушаалаар ажилд авна гэж заасан байдаг юм. Харин аймгийн боловсролын газраас захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг, үүнээс гадна тухайн сургуулиас нэг орон тоон дээр хэд хэдэн хүмүүс багшлах хүсэлт гаргасан бол сургуулийн саналын дагуу сонгон шалгаруулалтыг зарлан зохион байгуулж өгдөг юм. Тэрнээс биш боловсон хүчний асуудалд нь оролцоод байдаггүй. 2003 оноос хойш Ш.Бадамцэцэг Өгийнуур сумын сургуулийн захирлаар ажиллаж байгаа хүн, энэ хугацаанд хэцүү байсан сургуулийн өөд нь татаж аймгийнхаа тэргүүний сургууль хүртэл болгож чадсан чадварлаг хүчний нэг боддог юм, өөрөө хувь хүнийхээ хувьд шулуун шударга зантай зарчимч ажлын төлөө явдаг хүн...гэх мэдүүлэг /хх-1-ийн 231 хуу/
Гэрч А.Амгаланбаатарын өгсөн: ...Би 2013 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс Архангай аймгийн Боловсрол соёлын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж одоо мэргэжилтнээр ажиллаж байна. Аль ч аймгийн сумдуудын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар Боловсролын тухай хуульд зааснаар өөрснөө боловсон хүчнийхээ асуудлыг шийдвэрлэх эрхтэй эрх бүхий албан тушаалтнууд байдаг юм. Харин тухайн орон тоон дээр багшлах багш олдохгүй, эсхүл нэг мэргэжлийн орон тоон дээр хэд хэдэн хүн өрсөлдөх юм бол тухайн сумын сургуулийн захирлын санал захиалга ирүүлсний дагуу аймгийн боловсролын газраас хамтран зохион байгуулж, тухайн орон тоон дээр багшлах боловсон хүчнийг судалж, шалгаруулан авдаг юм. Тэрнээс биш ганцхан монгол хэл, уран зохиол, эсхүл математикийн багшийн орон тоон дээр нэг л багш байх юм бол заавал сонгон шалгаруулалт явуулаад байх шаардлага байхгүй, шууд тухайн сургуулийн захирал эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж жинхэнэ багшийн орон тоон дээр авч болно. Намайг тус газрын даргаар ажиллаж байх хугацаанд 2 удаа л сонгон шалгаруулалт явуулж өгнө үү гэж хүсэлт захиалга өгч байсан. Тухайн үед ямар хүмүүс сонгон шалгаруулалтанд орж байсныг сайн санахгүй байна, харин нэг орон тоо нь технологийн багшийн орон тоо байсан түүнд өрсөлдсөн хоёр багш хоёулаа багшлах эрхгүй байсан санагдаж байна, нөгөө нэгийг нь сайн санахгүй байна. Ер нь бол Архангай аймгийн 19 сумын 33 сургуульд боловсон хүчин их дутагдалтай байдаг учраас голдуу сургуулийн багш нар багш олдсон дээр нь өөрсдийнхөө эрх хэмжээний хүрээнд шууд тушаал гаргаж боловсон хүчнийхээ асуудлыг шийдвэрлэдэг. Харин эсрэгээрээ дутуу байгаа орон тоон дээрээ багш авч ажиллуулах гэж тухайн орон тоон дээр ажиллах хүсэлтэй байгаа багш нарыг авах гэж аймгийнхаа боловсролын газарт захиалга өгч сонгон шалгаруулалт зарлуулдаг. Зарим тохиолдолд сонгон шалгаруулалт зарлаад байхад багш нар ирэхгүй тохиолдол байдаг байсан. Хөдөөний сумдуудад тэр болгон багшлах багш нар олдоод байдаггүй юм. Миний санаж байгаагаар 2015 онд багш нарын цалин хөлсийн тэгш бус олгодог, урамшууллын цалинг олгох ёстой байхад олгодоггүй, зан харилцааны хувьд ёс зүйгүй, багш нарыг дарамталдаг гэсэн утгатай гомдол нэг удаа ирж байсныг санаж байна. Өөр ирж байсныг мэдэхгүй юм байна. Тухайн үед би боловсролын газрын даргаар ажиллаж байсан эхний ээлжинд би Ш.Бадамцэцэгт утасдаж анхааруулан таньтай холбоотой гомдол ирж байна шүү та хувийн харьцаан дээрээ анхаарах хэрэгтэй шүү гэж сануулга өгч ярьж байсан. Дахин хэлэхэд аймгийн боловсролын газраас тухайн сумын орон тооны боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх эрх байхгүй тухайн сургуулийн захирал өөрснөө эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй, харин мэргэжил арга зүйн хувьд дэмжлэг үзүүлж захиалгын дагуу сонгон шалгаруулалт зарлан хамтран ажилладаг юм, сумдуудын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгоог аймгийн Засаг дарга шууд томилж, чөлөөлөх эрхтэй байдаг ...гэх мэдүүлэг /хх-1-ийн 232 хуу/
Гэрч Н.Батсайханы өгсөн: ...Тухайн ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх мэдлийн асуудал, энэ нь зөвхөн боловсролын тухай хуулиар зохицуулагддаг юм. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар аймгийн засаг даргын зүгээс гаргасан тушаал шийдвэр журам байдаггүй. Мөн салбар яам болон аймгийн боловсролын газраас холбогдуулан гарсан дүрэм журам байхгүй. Тухайн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал. Аймгийн боловсролын газраас сумдын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын ажилд оролцоод байдаггүй, зөвхөн мэргэжлийн арга зүйгээр хангадаг юм. Тухайн албан тушаалтнуудыг аймгийн засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд томилж чөлөөлдөг юм. Үүнээс гадна хэрэв аль сумын цэцэрлэг, сургуулийн багш нарын орон тоон дээр олон багш нар ажиллах хүсэлттэй, эсхүл багшлах мэргэжлийн багш олдохгүй байгаа тохиолдолд тухайн сургууль цэцэрлэгийн эрхлэгч захирлын саналын дагуу сонгон шалгаруулалт явуулж зохион байгуулан аль нэг багшийг нь сонгож зөвлөмж өгдөг, бид нарын гаргаж өгсөн зөвлөмжийн дагүү тухайн багшийг авч ажиллуулах эсэх нь сургуулийн захирал Цэцэрлэгийн эрхлэгч нарын өөрсдийнх нь эрх хэмжээний асуудал. Өөрөөр хэлбэл захирал, эрхлэгч нарын саналаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж байгаа нэг хэлбэр юм...гэх мэдүүлэг /хх-2-ийн 156 хуу/
Гэрч П.Мөнхнасангийн өгсөн: ...Миний эхнэр Ш.Бадамцэцэг шударга, зарчимч, шулуун зантай, сургуулийн захирлаар 14 жил ажиллаж Өгийнуур сумын Ерөнхий боловсролын дунд сургуулиа тэргүүний сургууль, тэргүүний хамт олон, 2016 онд тэргүүний захирал болж аймгийн удирдах албан тушаалтнуудаас шагнал авч байсан. Эхнэр маань нутаг орон болон хамт олон, хамаатан садангууддаа нэр хүндтэй бусдыг удирдах чадвартай айл гэрийн сайн хань, эх юм. Миний эхнэрийг Х.Цэрэндулам нь гэмт хэрэгт гүтгэж өөрөөс нь мөнгө авсан мэт мэдүүлж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь 2015 оны 08 дугаар сарын дунд үеэр Х.Цэрэндулам нь манайх гэр бүлээрээ гадаа ширээ тойроод хоол идэж байхад хөдөөнөөс ирлээ гээд 3 литрийн савтай сүү, тараг өгөөд явж байсан. Энэ үед эхнэр маань тараг сүүнийх нь савыг султгаад өг гэхээр нь султгаад өгсөн. Тэр үед яараагүй бол хоол идээд яваач гэхэд Х.Цэрэндулам нь хүлээж байгаад хоол идээд явсан. Ингэхдээ манай эхнэртэй ямар нэгэн байдлаар тусдаа уулзаж гэрт орж мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Үүнээс гадна Гэрэлт-Одод хандаж Х.Цэрэндулам нь манай сургууль дээр ирсэн АТГын байцаагчид тайлбар мэдүүлэг өгчихөд гарч ирлээ. Хадам эгчийнхээ үгэнд ороод захирлыг гүтгэсэн чинь ямар аймаар юм бэ, гомдол мэдүүлгээ буцааж авч болдог болов уу гэж ярьж хэлсэн байна. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Х.Цэрэндулам нь хамт олноороо салхинд гарч байхдаа хэсэг багш нарт Гэрэлт-Од багшид манай захирал чадалтай чадвартай захирал шүү, захирлаа харахаар өрөвдөөд байх юм. Хадам эгч Т.Оюунзул багш Д.Нямдулам нар намайг хүчилсээр байгаад хуулийн байгууллагад захирлын эсрэг мэдүүлэг өгүүлсэн. Би одоо бол энэ хоёрын үгэнд орохгүйгээр өөрийн толгойгоор асуудлаа шийдвэрлэж чадна. Учраа олчмоор байна гэж ярьсан байсныг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Гэрэлт-Од багш надад хэлсэн. Х.Цэрэндуламын нөхөр Бөхбат өмнө нь намайг хэсгийн төлөөлөгч байхад согтуугаар мотоцикль жолоодож байгаад өөрийгөө гэмтээчихээд, Д.Батдэлгэр хүнийг гүтгэж намайг зодож хүнд гэмтэл учруулсан гэж гүтгэж байсныг би мэднэ. Энэ байдлаас дүгнээд үзэхээр эдгээр хүмүүс хэнийг ч гүтгэж, худал мэдүүлэг өгөх хүмүүс гэж ойлгогдож байна...гэх мэдүүлэг /хх-2-ийн 157-159 хуу/
Х.Цэрэндуламын яллагдагчаар өгсөн: ... 2011 онд би гэр бүлээ дагаад Архангай аймгийн Батцэнгэл сумаас Өгийнуур суманд шилжин ирж Өгийнуур сумынхаа сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар түр болон цагийн багшаар ажиллах болсон. Ингээд 2015 оны зун Ш.Бадамцэцэг захирал намайг гэртээ дуудаж уулзаад одоо манай сургуульд монгол хэл, уран зохиолын үндсэн багшийн орон тоо гарч байгаа, чи сонгон шалгаруулалтанд орох юм бол шалгалтандаа унана сонгон шалгаруулалтанд оруулахгүйгээр шууд үндсэн багшийн орон тоон дээр багшаар авъя, харин чи надад 2 сая төгрөг өгчих гэсэн санал тавьсан. Би тухайн үед бодож үзье гэж хэлээд тоймтой хариу өгөөгүй уулзаад өнгөрсөн юм. Тухайн үед Ш.Бадамцэцэг надад хэлэхдээ чи энэ асуудлаа өөрөө л шийдээрэй 4 сарын л цалин ш дээ, нөхөртөө ч хэлж болохгүй шүү гэж захиж байсан. Тухайн үед би өөрөө бие даан шийдвэрлэх боломжгүй мөнгөгүй байсан учраас нөхөртэйгөө ярилцах болсон юм. Энэ байдлаа нөхөр Бөхбаттай ярилцаад хэлснээр өгөхгүй бол намайг аягүй бол сонгон шалгаруулалтанд явуулаад унагаачихаж магадгүй, өөр бусад багш нь миний орон дээр багш болох хүмүүс байгаа байлгүй гэж ярилцаад сумынхаа “Өгий мандал” хадгаламж зээлийн хоршооноос 5.250.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 1 сая төгрөгийг нь захирал Ш.Бадамцэцэгийн гэрт нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны орчим аваачиж өгсөн юм. Энэ үед намайг Ш.Бадамцэцэг захирал гэртээ ганцааранг маань дагуулж орсон хоёулханаа байхдаа 1 сая төгрөгийн хахуулиа өгсөн. Би тухайн үед бүгдийг нь олж чадсангүй талыг нь оллоо гэхэд Ш.Бадамцэцэг чи үлдсэн мөнгийг нь энэ жил 5 жил ажилласныхаа тэтгэмжийг авах юм чинь тэрнээсээ өгчихгүй юу даа гэж хэлээд өнгөрсөн юм. Тухайн үед намайг нөхөр Бөхбат мотоциклоор Ш.Бадамцэцэгийн гадаа хүргэж өгөөд буцсан, намайг мөнгө өгөх гэж 1 сая төгрөгөө бэлдээд аваад орсныг мэдэж байгаа. 1 сая төгрөг өгөх болсон шалтгаан нь энэ талаараа би нөхөр Бөхбатын төрсөн эгч Оюунзулд ярьсан чинь юу боллоо гэж 2 сая төгрөг өгдөг юм, талыг нь өгөхгүй юу олдохгүй байна гэж хэл гэснийх нь дагуу тэгж тал мөнгийг нь өгсөн юм. Энэ талаар Оюунзул эгч сайн мэдэж байгаа. Үүнээс гадна бас Ш.Бадамцэцэг захирал чи мөнгө өгсөн талаараа нөхрийнхөө эгч Оюунзулд хэзээ ч хэлж болохгүй шүү бид нар адилхан байгууллагын удирдах албан тушаалтнууд гэж захиж байсныг одоо санаж байна. Хадам эгч Оюунзул нь Өгийнуур сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажил хийдэг юм. Энэ талаар нөхөр Бөхбат, эгч Оюунзул нар л мэдэж байгаа өөр хүн мэдэхгүй байгаа гэж бодож байна. Ингээд намайг 1 сая төгрөг өгсөний дараа шинэ хичээлийн жил эхлэхэд өөрөө өөрийхөө гаргасан тушаалаа надад өрөөндөө дуудаж оруулж ирээд гардуулан өгч өөрийнхөө хавтасандаа хийгээрэй гэж байсан. Удаагүй намайг анги даасан багш болгож цалин дээр маань анги даасны нэмэгдэл цалин олгуулах болсон. Тухайн үед над шиг сайн хүн байхгүй, өмнө харьцаж байснаасаа илүү найрсаг ханддаг болсон. Ингээд 2016 онд суманд 5 жил ажилласныхаа тэтгэмжийг авах болоход захирал Ш.Бадамцэцэг үлдсэн 1 сая төгрөгөө авах санаагаа илэрхийлж чадахгүй надаар өөрөөр маань хэлүүлэх гээд төсөвт суугдчихсан байхад өгөхгүй удаагаад байсан юм. Би ч тухайн үед үлдсэн мөнгөө өгөхгүй гэж бодож байсан санааг нь ойлгосон юм. Захирал Ш.Бадамцэцэг рүү утсаар ярихаар би амралттай байна заавал биеэр ирж уулз гэсэн шаардлага тавьдаг байсан, би ч санааг нь ойлгосон болохоор очоогүй, энэ байдлаа хадам эгч Оюунзулд хэлчихсэн чинь эгч Оюунзул уурлаж юун даварчихсан юм бэ гээд өөрөө утсаар миний хажууд ярьсан чинь Ш.Бадамцэцэг төрийн сангийн ажилтан байхгүй байгаа гэж худлаа хэлснийг нь эгч Оюунзул мэдээд бүр уур нь хүрч чи яагаад хүүхдийн тэтгэмжийн мөнгө удаагаад байгаа юм бэ төрийн сангийн мэргэжилтэн байж л байна дээ чамайг ямар учраас удаагаад байгаа санаа зорилгыг чинь мэдэж байна шүү гээд хэрэлдчихсэн юм. Ингээд хадам эгч Оюунзул шууд сумын засаг дарга Алтангэрэл дээр орж тэтгэмжийн мөнгийг нь өгөхгүй удаагаад байна гэж хэлээд, засаг даргаар хэлүүлж байгаад надтай хамт тэтгэмжийн мөнгөө авах ёстой байсан 4 багш нар тэтгэмжийн мөнгөө авч байсан удаатай. Үүнээс хойш намайг үзэхээ больж янз бүрийн байдлаар шахалт дарамт үзүүлж эхэлсэн. Би ч яахаа мэдэхгүй бага ангийн менежер Нямдулам багшид энэ байдлаа хэлж байсан юм. Ингээд 2016 онд болсон орон нутгийн сонгуулийн дараа захирал Ш.Бадамцэцэг, менежер Д.Нямдулам нар хоорондоо таарахгүй хэрүүл маргаан дэгдэж эхэлсэн, Захирал Ш.Бадамцэцэгийн нөхөр Мөнхнасанг иргэдийн хурлын дарга болох гэж байхад нь Д.Нямдулам багш саналаа өгөөгүйгээс болж энэ маргаан үүссэн гэсэн. Ингээд энэ хоёрын хэрүүл маргаан тэмцэл даамжирч нэгийгээ хуулийн байгууллагаар шалгуулах дээрээ тулсан юм. Бага ангийн менежер Д.Нямдулам багш Ш.Бадамцэцэг захирлын хууль бус үйлдлүүдийг шалгуулахдаа өмнө нь би ярьж байсан болохоор миний хахууль өгсөн асуудлыг өөрийнхөө өргөдөлдөө оруулан бичиж өгсөн юм. Би яах аргагүй нэгэнт намайг үзэхээ больж шахалт дарамт үзүүлээд байсан болохоор Д.Нямдулам багштай хамт өргөдөл гарган танай байгууллагад хандсан юм. Тухайн үед Аймгийн боловсролын газрын дарга Амгаланбаатар дарга байсан, Ш.Бадамцэцэг захиралтай ер нь бол таарамж муутай гэдгийг нь мэддэг байсан. Сонгон шалгаруулалтанд оруулах эсэх нь захирал Ш.Бадамцэцэгийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал, хэрэв намайг сонгон шалгаруулалтанд оруулах юм бол өөр олон багш нар оролцож тэнцэх эсэх нь тодорхой бус хэн нэг нь танил талаараа шалгалтандаа тэнцчих юм бол надад боломж олдохгүй шууд ажилгүй болох байсан. Тэрийгээ захирал Ш.Бадамцэцэг өөрөө сайн мэдэж байгаа учраас надад яах аргагүй татгалзахын аргагүй санал тавьж зөвшөөрүүлсэн юм. Тэгээд хэлснээр биш 2 сая төгрөг гэж тохирсноос 1 сая төгрөгийг нь өгч жинхэнэ багшийн орон тоон дээр томилогдсон юм. Тэгээгүй бол яах ч байсан юм билээ мэдэхгүй, би бодохдоо 1 сая төгрөгийн хахууль өгч байж жинхэнэ багшийн орон дээр томилогдсон гэж бодож байна. Үүний дараагаар тэтгэмжийн мөнгөнөөсөө 1 сая төгрөгөө өгөөгүй учраас дургүй нь хүрч надад шахалт дарамт үзүүлдэг болсон юм. Миний бие анх танай байгууллагад Д.Нямдуламын хамт өргөдөл өгөхдөө өөрөө ч гэсэн хэрэгт холбогдож шалгагдана гэдгээ сайн мэдэж байсан, тэртээ тэргүй намайг хэлсэн хэлээгүй шахалт дарамт үзүүлж байгаад ажлаас халах нь тодорхой учраас би Ш.Бадамцэцэгийн хууль бус үйлдлийг илчилж өгсөн юм. Үүнээс гадна Ш.Бадамцэцэгтэй өөрийнх нь хэлснээр байхгүй бол ямар ч багш байсан шахалт дарамт үзүүлдэг юм. хувь хүнийхээ хувьд чадварлаг боловсон хүчин мөртлөө албан тушаалын байдлаараа түрэмгийлж бусдыг дарамталж хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, бусдаас ашиг хонжоо шан шарамж хараад байдаг юм. Энэ байдлыг нь бүх багш нар мэддэг боловч хэн нь хэлж чадахгүй, учир нь бүгдийнх нь амьдрал сумандаа, үр хүүхэд нь сургуульд нь сурдаг болохоор хэлж зүрхэлдэггүй юм. Миний мөнгө өгсөн асуудлыг сургуулийн бүх багш нар мэддэг болсон, сумаар хаа сайгүй ярьдаг болж Ш.Бадамцэцэгийн талаар бүгд ам муутай болсон, надаас гадна өөр багш нараас хэдэн төгрөг авч ажилд авсанг нь мэдэхгүй гадуу янз бүрийн явган яриа яригддаг гэсэн үнэн худлыг нь мэдэхгүй байна эцэст нь хэлэхэд үнэн зөвөөр нь шалгаж Ш.Бадамцэцэгт хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Би ч гэсэн өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 241-242 хуу/
Ш.Бадамцэцэгийн яллагдагчаар өгсөн: ...Миний хувьд сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна, учир нь та бүхэн эхнэр нөхөр хадам эгч гэсэн их ойрын төрөл садангийн хүмүүсийн үгээ нийлүүлж гүжирдэж гүтгэж миний эсрэг өгсөн худал мэдүүлгээр намайг буруутган ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрөхгүй, би Х.Цэрэндуламыг 2011 онд ажилд томилсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд шан харамж мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Х.Цэрэндулам нь миний ажлын өрөөнд орж ирээд захирал багшаа гадуур хүмүүс намайг танд ажилд орохдоо мөнгө өгсөн гэж худал яриад байгаа юм байна би санаа зовчихлоо танд өгсөн зүйл байхгүй, та нэхсэн зүйл байхгүй гэдгээ нотлоод өөрийн гараар бичээд өгье гэж хэлээд бичиж өгч байсан удаатай. Энэ хүнийг дуудаж бие эрх чөлөөнд халдаж, дарамт шахалт үзүүлж хүч хэрэглэн тайлбар тодорхойлолт бичүүлээгүй Х.Цэрэндуламын бичиж өгсөн тодорхойлолтыг хэргийн материалд хавсаргасан байгаа. Багш Х.Цэрэндуламын хувьд гэр орондоо эрх мэдэл бага өөртөө нэг ч төгрөг зарцуулах эрх байхгүй хүний үгээр нөхөр болон хадмуудаасаа хараат байдаг учраас Нямдуламын захирал болох атгаг санаанаас болж намайг буруутгаж миний албан тушаал дээр очиж гэж, үгэнд орж өөрөө яллагдагч болохоо мэдэхгүй явж байгаа гэж бодож байна. Үүнээс гадна би өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.1, 20.1.2 дахь хэсэгт заасан эрх 20.2.3 дахь хэсэг заасан үүргийнхээ хүрээнд Х.Цэрэндуламыг ажилд томилж ажилласан, тэрнээс биш мэргэжлийн бус хүнийг монгол, уран зохиолын багшаар томилоогүй, хэн нэгэн хүнийг хохироож энэ хүнд зориуд ажлын байр бэлдээгүй, тэгээд ч урьд нь багшаар ажиллаж байгаад манай сургуульд ирээд 4 жил болчихсон байсан учир туршлага тогтвор суурьшил, ажлын байран тавигдах шаардлага хангасан байдал зэргийг нь харгалзан томилсон юм. Би хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд шийдвэр гаргасан хуулиар хориглосон зүйл зөрчөөгүй... Миний хувьд сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ дахин хэлье...гэх мэдүүлэг /хх-1-ийн 247-248 хуу/
Авлигатай тэмцэх газарт Д.Нямдуламын гаргасан хүсэлт / 1-хх-ийн 03-05 хуу/
Багш Г.Хандмаа, Б.Батчимэг, Х.Цэрэндулам нарт тэтгэмжийн мөнгө олгох тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн б/18 дугаар тушаалын хуулбар / 1хх-ийн 136 хуу/
Х.Цэрэндуламыг түр багшаар томилж ажилуулах тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тушаалын хуулбар /1 хх-ийн 151 хуу/
Х.Цэрэндуламыг түр ажиллуулах тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн б/30а дугаар тушаалын хуулбар /1 хх-ийн 152 хуу/
Х.Цэрэндуламыг цагийн багшаар түр ажиллуулах тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн б/50а дугаар тушаалын хуулбар /1 хх-ийн 153 хуу/
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/220 дугаартай “Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаал, тушаалын хавсралтын хуулбар / 1 хх-ийн 154 хуу/
Х.Цэрэндуламыг үндсэн багшаар томилох тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/37 дугаар тушаалын хуулбар /1 хх-ийн 155 хуу/
Х.Цэрэндуламын “Өгийн мандал” ХЗХ-оос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар /1 хх-ийн 200 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-2-ийн 03, 10 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2-ийн 02,09 хуу/
Ш.Бадамцэцэгийг Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлаар томилсон Архангай аймгийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 245 дугаар захирамжийн хуулбар / хх-ийн 11 хуу/
Шүүгдэгч Х.Цэрэндуламын хувийн байдалтай холбоотой баримтууд / 2 хх-ийн 4-5, 207 хуу/
Шүүгдэгч Х.Бадамцэцэгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2 хх-ийн 14-36 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Бадамцэцэг, Х.Цэрэндулам нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хэрэгт авагдсан Х.Цэрэндуламын “Өгийн мандал” ХЗХ-оос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар, гэрч Т.Бөхбат, П.Мөнхнасан нарын мэдүүлэг, Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/37 дугаар тушаалын хуулбар зэрэг нотлох баримтууд болон бусад нотлох баримтууд нь шүүгдэгч Х.Цэрэндулам нь Өгийн мандал хадгаламж зээлийн хоршооноос 5.250.000 төгрөгийн зээл авсан, шүүгдэгч Ш.Бадамцэцэгийн гэрт очиж түүнтэй уулзсан, Х.Цэрэндулам нь үндсэн багшийн албан тушаалд томилогдсон гэх нөхцөл байдлуудыг нотлож чадаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Бадамцэцэг нь Х.Цэрэндуламыг үндсэн багшаар томилсон тушаал гаргасныхаа төлөө түүнээс нэг сая төгрөг аваагүй гэж, Х.Цэрэндулам нь Ш.Бадамцэцэгт үндсэн багшаар томилогдохын тулд нэг сая төгрөг өгсөн гэх мэдүүлгүүдийг мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед өгчээ.
Х.Цэрэндулам нь Ш.Бадамцэцэгт нэг сая төгрөг өгсөн гэх нөхцөл байдлыг шууд нотлож байгаа нотлох баримт нь шүүгдэгч Х.Цэрэндуламын хэргээ хүлээсэн мэдүүлэг бөгөөд бусад гэрч Т.Бөхбат, Т.Оюунзул, Д.Нямдулам нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь Х.Цэрэндулам нь Ш.Бадамцэцэгт нэг сая төгрөг өгсөн гэх нөхцөл байдлыг нотлож чадахгүй байна гэж үзлээ.
Гэрч Д.Нямдулам нь...Багш Цэрэндулам нь болсон асуудлын талаар өөрөө надад нэг бүрчлэн ярьж хэлсэн. Тэрнээс биш хэдэн төгрөг хаана ямар байдлаар хахууль болгон өгч байсныг хараагүй зөвхөн өөрийнх нь хэлснийг сонссон юм. Энэ талаар түүний нөхөр Т.Бөхбат, хадам эгч Т.Оюунзул нар сайн мэдэж байгаа... / 1 хх-ийн 197-198 хуу/ гэрч Т.Оюунзул нь... бэр Х.Цэрэндулам ажилдаа орсон, би уулзаад нөгөө Ш.Бадамцэцэг захирлын чинь асуудал юу болсон бэ гэхэд нөхөр Т.Бөхбат бид хоёр сумынхаа Өгий мандал хадгаламж зээлийн хоршооноос 5 сая төгрөгийн зээл авч, үүнээс 1 сая төгрөгийг нь Ш.Бадамцэцэг захирал бэлнээр гэрт нь аваачиж өгсөн, үлдсэн мөнгийг нь өөрснөө унах мотоцикл, сургуулийн хүүхдийн хувцас зэрэг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж ярьж байсан... /1 хх-ийн 202-203 хуу/ гэрч Т.Бөхбатын... Зээл авсны дараа 8 дугаар сарын эхний долоо хоногт байх би эхнэрээ өдөр 13 цагийн орчим байх Ш.Бадамцэцэг захирлын гэрийнх нь гадаа өөрөө мотоциклиороо хүргэж өгч байсан. Удаагүй эхнэр маань 1 сая төгрөгөө өгчихлөө гээд гэртээ ирж байсныг сайн санаж байна... /1 хх-ийн 199 хуу/ гэж тус тус мэдүүлэг өгсөн байх бөгөөд эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь Х.Цэрэндулам нь Ш.Бадамцэцэгт мөнгө өгсөн гэх нөхцөл байдлыг нотлож чадахгүй байна гэж дүгнэв.
Иймд Х.Цэрэндулам нь Ш.Бадамцэцэгт нэг сая төгрөг өгсөн гэх нөхцөл байдал нь шүүгдэгч Х.Цэрэндуламын хэргээ хүлээсэн мэдүүлгээс өөр нотлох баримтаар нотлогдохгүй байна үзлээ. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж, 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус заасан бөгөөд 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж заасан байх тул зөвхөн Х.Цэрэндуламын хэргээ хүлээсэн мэдүүлгийг үндэслэн түүнийг хээл хахууль өгөх гэмт хэрэг, шүүгдэгч Ш.Бадамцэцэгийг хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэрч Д.Нямдулам нь шүүгдэгч Ш.Бадамцэцэг нь багшийн сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Х.Цэрэндуламыг үндсэн багшийн албан тушаалд томилсон гэж мэдүүлэг өгч байгаа боловч гэрч Д.Алтангэрэлийн өгсөн...Боловсролын тухай хуулинд зааснаар сургуулийн захирал өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд багш ажилчдыг тушаалаар ажилд авна гэж заасан байдаг юм. Харин аймгийн боловсролын газраас захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг, үүнээс гадна тухайн сургуулиас нэг орон тоон дээр хэд хэдэн хүмүүс багшлах хүсэлт гаргасан бол сургуулийн саналын дагуу сонгон шалгаруулалтыг зарлан зохион байгуулж өгдөг юм. Тэрнээс биш боловсон хүчний асуудалд нь оролцоод байдаггүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 231 хуу/ гэрч А.Амгаланбаатарын өгсөн ... Аль ч аймгийн сумдуудын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар Боловсролын тухай хуульд зааснаар өөрснөө боловсон хүчнийхээ асуудлыг шийдвэрлэх эрхтэй эрх бүхий албан тушаалтнууд байдаг юм. Харин тухайн орон тоон дээр багшлах багш олдохгүй, эсхүл нэг мэргэжлийн орон тоон дээр хэд хэдэн хүн өрсөлдөх юм бол тухайн сумын сургуулийн захирлын санал захиалга ирүүлсний дагуу аймгийн боловсролын газраас хамтран зохион байгуулж, тухайн орон тоон дээр багшлах боловсон хүчнийг судалж, шалгаруулан авдаг юм. Тэрнээс биш ганцхан монгол хэл, уран зохиол, эсхүл математикийн багшийн орон тоон дээр нэг л багш байх юм бол заавал сонгон шалгаруулалт явуулаад байх шаардлага байхгүй, шууд тухайн сургуулийн захирал эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж жинхэнэ багшийн орон тоон дээр авч болно... Дахин хэлэхэд аймгийн боловсролын газраас тухайн сумын орон тооны боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх эрх байхгүй тухайн сургуулийн захирал өөрснөө эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй... гэх мэдүүлэг /хх-1-ийн 232 хуу/ гэрч Н.Батсайханы өгсөн...Тухайн ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх мэдлийн асуудал, энэ нь зөвхөн боловсролын тухай хуулиар зохицуулагддаг юм. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар аймгийн Засаг даргын зүгээс гаргасан тушаал шийдвэр журам байдаггүй. Мөн салбар яам болон аймгийн боловсролын газраас холбогдуулан гарсан дүрэм журам байхгүй. Тухайн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал. Аймгийн боловсролын газраас сумдын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын ажилд оролцоод байдаггүй, зөвхөн мэргэжлийн арга зүйгээр хангадаг юм...Үүнээс гадна хэрэв аль сумын цэцэрлэг, сургуулийн багш нарын орон тоон дээр олон багш нар ажиллах хүсэлттэй, эсхүл багшлах мэргэжлийн багш олдохгүй байгаа тохиолдолд тухайн сургууль цэцэрлэгийн эрхлэгч захирлын саналын дагуу сонгон шалгаруулалт явуулж зохион байгуулан аль нэг багшийг нь сонгож зөвлөмж өгдөг, бид нарын гаргаж өгсөн зөвлөмжийн дагүү тухайн багшийг авч ажиллуулах эсэх нь сургуулийн захирал Цэцэрлэгийн эрхлэгч нарын өөрсдийнх нь эрх хэмжээний асуудал. Өөрөөр хэлбэл захирал, эрхлэгч нарын саналаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж байгаа нэг хэлбэр юм...гэх /хх-2-ийн 156 хуу/ мэдүүлэг болон Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2 дахь заалтад багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхийг ерөнхий боловсролын сургуулийн захирал эдэлнэ гэж заасан зэргээс үзэхэд шүүгдэгч Ш.Бадамцэцэг нь бага, дунд сургуулийн багшийн орон тоон дээр Х.Цэрэндуламыг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд томилж ажиллуулсныг хууль тогтоомж зөрчсөн, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч Ш.Бадамцэцэг нь шүүгдэгч Х.Цэрэндуламыг зохих шаардлага хангасан гэсэн үндэслэлээр үндсэн багшийн ажилд томилохдоо сонгон шалгаруулалт явуулахгүйгээр томилсон нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан ерөнхий боловсролын сургуулийн захирлын бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, үүнийхээ төлөө хээл хахууль аваагүй гэж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлгийг няцаасан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Улсын яллагч шүүгдэгч Ш.Бадамцэцэг, Х.Цэрэндулам нарыг Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгчийн эрхзүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан боловч шүүгдэгч Ш.Бадамцэцэгийн мөнгө авсан гэх үйлдлийг нь Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх” гэх шинжүүдийн алинд нь хамаарах талаар яллах дүгнэлтэндээ дурдаагүй байна. Түүнчлэн улсын яллагч нь шүүх хуралдааны үед шүүгдэгч Ш.Бадамцэцэгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж нэг сая төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж, үүнийгээ тайлбарлахдаа шүүгдэгч Ш.Бадамцэцэгийн нэг сая төгрөг авсан гэх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэлд хамаарна гэж тайлбарлаж байгааг нь хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Цэрэндулам нь шүүгдэгч Ш.Бадамцэцэгт хээл хахууль өгсөн, шүүгдэгч Ш.Бадамцэцэг нь шүүгдэгч Х.Цэрэндуламаас хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул тус тус цагаатгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Бадамцэцэг, Х.Цэрэндулам нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ш.Бадамцэцэгийн эзэмшлийн 99-88 АРХ улсын дугаартай 30.000.000 /гучин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Hummer H-3 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дэх хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Шгийн Бадамцэцэг нь хээл хахууль авах гэмт хэрэг, шүүгдэгч Б овогт Хгын Ц нь хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул тус тус цагаатгасугай.
2. Шүүгдэгч Ш.Бадамцэцэгт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллагдагчаар татсан мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол, шүүгдэгч Х.Цэрэндуламд Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллагдагчаар татсан мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолуудыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тус тус хүчингүй болгож, 20000 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасугай.
3. Шүүгдэгч Ш.Бадамцэцэг, Х.Цэрэндулам нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ш.Бадамцэцэгийн эзэмшилийн 0000 АРХ улсын дугаартай 30.000.000 /гучин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Hummer H-3 маркийн автомашины битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай хөрөнгө битүүжлэх тогтоолыг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч Ш.Бадамцэцэг, Х.Цэрэндулам нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Ш.Бадамцэцэг, Х.Цэрэндулам нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ