| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2013/02479/и |
| Дугаар | 2538 |
| Огноо | 2017-12-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2538
Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02698 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШГА-д холбогдох
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацаа сэргээж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот 2 өрөө орон сууцнаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба иргэн Б.Б, Ж.Д, Г.Т, Г.Д нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Иргэний хуулийн шийдвэр гүйцэтгэлтэй холбогдох хэсгүүдийг зөрчиж хууль бус ажиллагаа явуулсан байна. Үүнд:
1. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлэлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3/3314 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг Б.Б-т 2005 оны 5 дугаар сарын 31-нд буюу 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн албадан дуудлага худалдааны хурлаар үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн хурлын дараа нөхөж гардуулахыг оролдсон.
2. Төлбөр төлөгч Б.Б 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 4 800 000 төгрөгийг төлбөр авагч “Боловсрол сан орлёнок” ХЗХ-д хуульд заасан хугацааны дотор хүлээлгэн өгөх буюу төлбөр авагчийн дансанд байршуулалгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 74 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчиж, 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд хууль бусаар өөрийн мэдэлд байлгасан.
3. Б.Б-ийн төлбөрт төлсөн 4 800 000 төгрөгийг Б.Б-ийн гэр бүлийн хүн О.З бусдад өр төлбөртэй гэсэн шалтгаанаар Б.Б-т олголгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт заасныг зөрчиж “Боловсрол сан орлёнок” ХЗХ-ны төлбөрт бус О.З-ын төлбөрт шууд шилжүүлэн өгөхийг шаардсан байна.
4. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны комиссын санал болгох 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралд оролцсон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны комиссын дарга, гишүүд, ахлах шийдвэр гүйцэтгэгчид хуралд Б.Б биечлэн оролцож “...дуудлага худалдааны мэдэгдэл анхныхыг нь авсан, хоёр дахь албадан дуудлага худалдааг би аваагүй...” гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа илт хууль бус явагдсан талаар мэдүүлсээр байхад төлбөр авагч талд үйлчлэн орон сууцыг шилжүүлж өгье гэж шийдвэрлэсэн.
5. Дээрх төлбөрийн 4 800 000 төгрөгийг О.З бусдад өр төлбөртэй тул Б.Б-т зөрүү мөнгийг олгох боломжгүй гэж тайлбар гарган нөхөр О.З-ын төлбөрт суутгагдсан гэж ойлгуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгон шийдвэрлэгдээгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон.
6. Төлбөр төлөгч Б.Б-ийн төлсөн 4 800 000 төгрөгөөс 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 485 тоот төлбөрийн баримтаар 960 000 төгрөгийг О.З-ын төлбөрт хууль бусаар шилжүүлэн авсан боловч үлдэгдэл 3 840 000 төгрөгийг төлбөр төлөгчид эргүүлэн олгоогүй, энэ мөнгө хаана хадгалагдаж, хэн ашигласан эсэх тодорхойгүй байдал үүссэн байдлуудаар тус алба иргэн Б.Б болон ээж, зээ дүү нарын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчөөд зогсохгүй хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль бусаар явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэлээр дуусгавар болоогүй гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон гэж үзэж байна.
О.З-ын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргээс төлбөрийн баримтуудад тулгалт хийхэд 65 899 800 төгрөгөөс 807 200 төгрөгийг төлж, өөр төлбөр хийгээгүйг мэдсэн. Анх Б.Б-ийн төлбөрт 4 800 000 төгрөг шилжүүлсэн боловч орон сууцыг “Боловсрол сан орлёнок” ХЗХ-ны өрөнд тооцож, тус хоршоонд шилжүүлсэн ба төлсөн 4 800 000 төгрөгөө буцааж авна гэхэд нөхөр О.З-ын өрөнд суутгасан гэж гомдлыг барагдуулаагүй орхисон. Энэ талаар бичгээр гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй.
Иймд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 22 дугаар байрны 59 тоот үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хууль бус болохыг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны 1246 дугаар шийдвэрээр Б.Б-ээс 14 801 990 төгрөг гаргуулж, “Боловсрол сан орлёнок” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд төлбөр төлөгч Б.Б нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр үнэлгээ хийлгүүлэн албадан дуудлага худалдаа явуулсан боловч үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагчид шилжүүлсэн. Төлбөр төлөгч Б.Б-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тус бүрийн явцыг мэдэгдэж байсан ба ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүгчийн захирамжаар Б.Б, О.З нарын хувийн хэрэгт үзлэг, нэгжлэг хийхэд би байсан. 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх баримтаар 4 800 000 төгрөг бэлнээр гарсан нь дээрх баримтаар харагдаж байгаа боловч уг мөнгийг буцааж хэнд олгосон баримтгүй, 960 000 төгрөгийг төлбөрт авч үлдсэн эсэх тодорхойгүй байгаа гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б-ээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацаа сэргээж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005543 дугаарт Ж.Д, Б.Б, Г.Т, Г.Д нарын өмчлөлд бүртгэлтэй байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот, 2 өрөө орон сууцнаас Б.Б-ийн төлбөрийг гаргуулахаар явуулсан бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг байсныг дурдаж, нэмэгдүүлсэн шаардлагадаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, энэ шаардлага хангагдсан тул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Б 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэртэй 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолтой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар 12 жилийн дараа шүүхэд гомдол гаргаж шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ шийдвэрийг гүйцэтгэх явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх, төлбөр төлөгчийг дуудан ирүүлэх, мэдэгдэл өгөх, хугацаа олгох, шүүхийн шийдвэрт заасан орон сууцыг битүүмжлэх, хураах, үнэлгээ хийлгэх, дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэх, дуудлага худалдаа явуулах зэрэг ажиллагааг нягтлан үзэж аль ажиллагаа хууль зөрчсөн гэдгийн тогтоох байтал бүх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн актыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүхэд гомдол гарах ёстой бөгөөд нэхэмжлэгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргаагүй, хувийн хэрэгт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн акт байхгүй болно. Шүүх зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг авч үзэх байтал шүүхийн шийдвэрт авагдсан орон сууцыг битүүмжлэн хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, дуудлага худалдаанд оруулан уг орон сууц зарагдаагүй учир зөрүү мөнгийг төлбөр авагчаас гаргуулан, төлбөр авагчид орон сууцыг шилжүүлсэн ажиллагаа хууль зөрчөөгүй.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01548 дугаар шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 813 дугаар магадлалаар хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүхэд буцаахдаа анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа журмыг зөрчсөн гэж үзсэн. Тухайлбал: Хэрэгт 2015 оын 4 дүгээр сарын 28-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Магадлалд заасан арга хэмжээ аваагүй бөгөөд үзлэгийг хийхгүйгээр дахин ижил шийдвэр гаргасан. Энэ нь нотлох баримт бүрдүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Ирэгний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь харицагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацаа сэргээж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот 2 өрөө орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.
Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1246 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Б-ээс 14 622 080 төгрөгийг гаргуулж, ”Боловсрол сан орлёнок” Хадгаламж зээлийн хоршоонд олгож, Чингэлтэй дүүргийн 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот орон сууцны үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэлийн журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна. /1 хав 56/
Хариуцагч НШГА нь шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/621 дүгээр гүйцэтгэх хуудас, дээрхи шүүхийн шийдвэрийн дагуу 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр авагч “Боловсрол сан орлёнок” ХЗХ-оос үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь дуудлага худалдааны үнэ болох 15 660 000 төгрөгөөр тооцон орон сууцны гэрчилгээг байгууллагын нэр дээр шилжүүлж, зөрүү 796 810 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлснээр 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /1 хав 62, 65, 67, 69/
Нэхэмжлэгч Б.Б нь орон сууцыг төлбөр авагчид шилжүүлэх замаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгосонтой холбоотойгоор төлөгдсөн 4 800 000 төгрөгийг буцаан өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохын зэрэгцээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацааг сэргээх, дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой явагдсан шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг хүчингүй болгуулах, орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. /1 хав 1-4, 129-130/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар татан авах хүсэлт гаргасныг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзнэ. /2 хав 206/
Иймд нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгох агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч Б.Б нь шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагынхаа үндэслэлээ хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг танилцуулаагүй, төлбөрт шилжүүлсэн 4 800 000 төгрөгийг суутгаагүй, зохих этгээдэд мэдэгдээгүй гэх үндэслэлээр маргаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, түүний гаргасан шийдвэр болон эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо хуульд заасан журмын дагуу гомдол гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргад хандан төлбөрт төлөгдсөн 4 800 000 төгрөгийг буцаан олгоогүй гэх агуулга бүхий гомдол гаргасны дагуу хариуцагч байгууллагын 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн. /1 хав 6-13/. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б-ийн төлсөн 4 800 000 төгрөгийг түүний нөхөр О.З-ын өр төлбөрт суутган тооцоогүй гэх энэ нөхцөл байдал өмнө нь хуульд заасан журмын дагуу төлбөр авагчийн зөвшөөрснөөр, өр төлбөрт тооцож дуусгасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох тэр ажиллагаануудын талаар гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэл болохгүй юм.
Харин анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн зохицуулалтыг баримтлаагүйг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч Б.Б нь төлбөрт шилжүүлсэн 4 800 000 төгрөгийг зохих этгээдээс гаргуулах, бусдаас авах ёстой хууль болон гэрээнд зааснаар үүрэг үүссэн болон үүсээгүй эсэх асуудалд энэ шүүхийн шийдвэрээр дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02698 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3 гэсний дараа 37 дугаар зүйлийн 37.3, 143 дугаар зүйлийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт заасныг баримтлан НШГА-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацаа сэргээж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 22 дугаар байрны 59 тоот 2 өрөө орон сууцнаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Д.БАЙГАЛМАА