Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0213

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

   “МҮИС” НҮТББ-ын

   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т

 

Нэхэмжлэгч: “МҮИС”НҮТББ /РД:/

Хариуцагч: БШУС

Нэхэмжлэлийн шаардлага: БШУСын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0859 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, О.О

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2022/0997/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “МҮИС”НҮТББ нь БШУСад холбогдуулан “... БШУСын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0859 дүгээр шийдвэрээр: Дээд боловсролын тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан “МҮИС”НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, БШУСын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, тушаалын 2 дахь хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана[1]. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон хуулийг бодит байдлаас зөрүүтэй тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т “... сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Монголын үндэсний их сургуулийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн их сургуулийн ангилалд хамруулсан байна” гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ.

3.1.1. 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар бүх төрөл, хэлбэрийн боловсролын үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг яам улсын бүртгэлд бүртгэснээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Энэ шаардлагын дагуу сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар тухайн үед бүртгэлтэй байсан “М ү д с” нэртэй хуулийн этгээдийн ангиллыг “их сургуулийн ангилал”-д шилжүүлсэн болох нь тус тушаалын 1 дэх заалтад маш тодорхой тусгасан байхад шүүх “... нэхэмжлэгч Монголын үндэсний их сургуулийг их сургуулийн ангилалд шилжүүлсэн” гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад нийцээгүй.

3.1.2. Шүүхээс хийсэн удаа дараагийн ажиллагаагаар цуглуулсан болон нэхэмжлэгч, хариуцагч талуудаас гарган нотлох баримтуудаар нэхэмжлэгч М ү и с нь хуулийн этгээдийн хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар ангилал нь өөрчлөгдсөн “Монголын үндэсний дээд сургууль” нэртэй хуулийн этгээдтэй хамааралгүй, тэдгээр нь хуулийн этгээдийн хувьд өөр, өөр хуулийн этгээд болох нь тогтоогдсон байхад тус тушаалаар “нэхэмжлэгч М ү и с НҮТББ”-ын ангиллыг өөрчилсөн мэтээр дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4, 5-д заасан дүгнэлт нь дараах үндэслэлээр холбогдох хуульд нийцээгүй байна. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34.2-т “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг Засгийн газар батална” гэж, Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 3.2.2-т зааснаар “Захирамжлалын баримт бичгийн бичвэр нь үндэслэл ба захирамжлах хэсэг гэсэн 2 хэсгээс бүрдэнэ”, 3.2.3-т “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол үндэслэх хэсэгт уг баримт бичгийг зохион бүрдүүлэх хууль зүйн үндэслэл, шалтгаан зориулалт, зорилгыг тодорхой бичнэ” гэж тус тус заасан байдаг.

БШУСын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/421 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн. Харин захирамжлалын хэсгийн нэг дэх заалтад БШУСын 2022 оны А/421 дүгээр тушаалыг Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалд нийцүүлэхээр захирамжлалын бичвэрт тусган тэмдэглэсэн.

Гэтэл шүүхээс маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон хууль зүйн үндэслэлүүдийг бүрэн тогтоолгүйгээр зөвхөн захирамжлалын бичвэрт тэмдэглэгдсэн хэсгийг үндэслэн “... хүчингүй болсон тушаалыг үндэслэсэн нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр өөрөө ойлгомжгүй, Захиргааны ерөнхий хууль болон Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Архив албан хэрэг хөтлөлтийн журмын зохицуулалтыг нэг мөр зөв хэрэглээгүй нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж байна.

3.3.  Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаал хүчингүй болсон байсан ч энэхүү захиргааны актын үндэслэл болох Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Монгол улсад эрдмийн зэрэг, цол олгох тогтолцоог өөрчлөх тухай” 72 дугаар тогтоол ба уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Их сургуулийн статусыг баталсан байдаг. Энэхүү тогтоол хүчингүй болоогүй байгаа бөгөөд уг баримт нь хэргийн материалд авагдсан ба уг нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байна. Тус тогтоолын хоёрдугаар хавсралтын 4 дэх хэсэгт “Их сургууль нь “М ү и с”, “их сургууль” /төрөлжсөн/ гэсэн зэрэглэлтэй байна” хэмээн тусгасан. Мөн М У И С-д “Үндэсний” гэх нэршлийг олгосон төдийгүй төрийн өмчийн их сургуулиудад “үндэсний” гэх тодотголыг өгч байсан түүхэн замналтай болохыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тодотгосон боловч шүүх тухайн үеийн төр, засгийн дээд эрэмбийн эрх бүхий байгууллагаас гаргасан хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн байна.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсгийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болсон. “М У И С” нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох, Үндэсний их сургууль гэсэн статус, түүнийг илэрхийлсэн нэрийг төрийн өмчийн бус этгээдэд хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж өгөхийг даалгах, тухайн тушаалыг үндэслэн бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/1951 дүгээр шүүгчийн захирамжаар “Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр л нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 221/ШШ2017/0311 дүгээр тогтоолоор хэвээр үлдсэн байдаг.

Үүнээс үзвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны шийдвэрийн агуулгад хамаарч байгаа маргааны үйл баримт, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй зөвхөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх энэ захирамж, магадлалыг маргааны үйл баримтыг шийдсэн гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7, 9, 10 дахь хэсэгт маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, шийдвэрлэсэн асуудалд огт хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

3.5. Шүүгч шийдвэрийнхээ 8-д “тусгай зөвшөөрөл”, “Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал” хоёр нь хууль зүйн хувьд 2 өөр ойлголт бөгөөд өөр өөр хуулиар зохицуулагддаг. Тусгай зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хуулиар, /өмнө нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар/, ангилал нь Дээд боловсролын тухай хуулиар зохицуулагддаг, гэтэл сайдын тушаалд энэхүү ойлголтуудыг хольж хутган тусгай зөвшөөрлийг дахин олгох асуудлыг тусгасан байдаг гэж тодорхойлжээ.

Дээд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоход дээрх 2 хуулийн холбогдох зохицуулалтын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал болох их сургууль, дээд сургууль, коллежид тавих шаардлагыг харгалзан энэхүү зөвшөөрлийг олгодог байсан бөгөөд харилцан уялдаа бүхий хамтад нь хэрэглэж, тухайн үед мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийг үндэслэж сургалтын ажил эрхлэх үүсгэн байгуулагчийг тодорхойлдог ойлголт юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ өмнөх зохицуулалтаар боловсролын байгууллагын тухайд тусгай зөвшөөрөл олгодог байсан байгууллага (яам) нь үүсгэн байгуулах баримт бичгийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэж ирсэн зохицуулалт 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар өөрчлөгдсөн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2018 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг үндэслэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хуулийн этгээдийг бүртгэж, гэрчилгээ олгосны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг эрх зүйн орчин үйлчилж байгаа.

3.6. Маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон бодит үндэслэлийн талаар тушаалын 2 дахь заалтад “...“М ү д с” нь 9133615 тоот регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг “МҮИС” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах замаар “МҮИС”НҮТББ нэртэйгээр улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчилж олгосныг залруулж, зохих хууль тогтоомжид нийцүүлж, улсын бүртгэлд бүртгэх арга хэмжээ авахыг...” гэж заасан нь тухайн шийдвэрийг гаргах болсон бодит үндэслэлийг тодорхой харуулж байгаа. Тодруулбал, тушаалыг гаргах болсон үндэслэл нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн эсэхээр биш харин тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий хуулийн этгээдийн бүртгэлээс үүдэлтэй болох нь тогтоогдож байхад шүүх маргааны үйл баримтад хамааралгүй, “...тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн эсэхийг тогтоогдоогүй байхад тушаал гаргасан” гэж буруутгаж байгаа нь бодит байдалд нийцээгүй.

3.7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “МҮИС” НҮТББ нь хуулийн этгээдийн хувьд маргаан бүхий захиргааны актын үйлчлэлд хамаарах эсэхийг зөв тодорхойлж чадаагүй. “МҮИС” НҮТББ нь хуулийн этгээдийн хувьд маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгосон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалд нэр заасан “Монголын үндэсний дээд сургууль” нэртэй хуулийн этгээдийн эрх залгамжлагч мөн эсэх асуудлын талаар дүгнэлт хийгээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “МҮИС” ХХК болон “МҮИС” НҮТББ-ын аль аль нь 1998 онд анх “Чандмань Эрдэнэ коллеж”, 2012 онд ангилал нь өөрчлөгдсөн "Монголын үндэсний дээд сургууль”-ийн хууль ёсны эрх залгамжлагч биш болох нь тогтоогдсон.

Түүнчлэн нэхэмжлэгчийг анх “МҮИС” ХХК-ийн хэлбэрээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн, тус хуулийн этгээдийг “НҮТББ” болгон өөрчлөн бүртгэсэн 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр боловсролын байгууллагын бүртгэлийг манай яам хийдэг байсан ба “Монголын үндэсний дээд сургууль”-ийг хуулийн этгээдийн “МҮИС” ХХК болгон өөрчлөн байгуулах асуудлаар огт хандаагүй болох нь тогтоогдож байгаа.

3.8. Иймээс боловсролын байгууллагын хувьд “Монголын үндэсний дээд сургууль”-ийн эрхийг ямар хуулийн этгээд хэрэгжүүлэх ёстойг тогтоосны дараа тусгай зөвшөөрлийг зохих хууль тогтоомжид нийцүүлэн олгохоор гарсан сайдын тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан.

Дээр дурдсан үндэслэл, тайлбарыг хянан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0859 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “МҮИС” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх “МҮИС”НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, БШУСын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, тушаалын 2 дахь заалтад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул шийдвэрт БШУСын маргаан бүхий тушаалын 3, 4 дэх заалтад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

3. БШУСын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.7, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг тус тус үндэслэн

- 1 дэх заалтаар, Боловсролын сайдын 1992 оны “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалд нийцүүлж Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “Сургуулийн ангилал өөрчлөх тухай” А/454 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож,

- 2 дахь заалтаар, “МҮИС”нь 9133615 тоот регистрын дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг “МҮИС”ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах замаар “МҮИС”НҮТББ нэртэйгээр улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчилж олгосныг залруулж зохих хууль тогтоомжид нийцүүлж, улсын бүртгэлд бүртгэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад уламжилж,

- 3 дахь заалтаар, Энэ тушаал гарсантай холбогдуулан “Монголын үндэсний их сургууль”-ийн тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн олгох асуудлыг тус сургуулийн үүсгэн байгуулагчид мэдэгдэж, улсын бүртгэлийн баримт бичгийг тус яаманд ирүүлэх ажлыг зохион байгуулахыг Дээд болон мэргэжлийн боловсролын бодлого удирдлага, зохицуулалтын газар, Хууль, эрх зүйн хэлтэст тус тус даалгаж,

- 4 дэх заалтаар, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын улсын бүртгэлд холбогдох асуудалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод, аудитын газарт даалгажээ.

4. Маргаан бүхий уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс ... Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан, Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.6-д заасны дагуу ангилал бууруулахтай холбоотой магадлан итгэмжлэх байгууллагын санал дүгнэлт гараагүй, ийм үйл ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24, 25, 26, 27, 29-д заасан ажиллагааг хийгээгүй ... гэх зэргээр шаардлагын үндэслэлийг тодорхойлох бол,

хариуцагчаас “... сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалаар Монголын үндэсний дээд сургуулийн ангиллыг “Их сургууль” болгон өөрчлөхдөө тусгай зөвшөөрөл болон гэрчилгээнд “МҮИС”гэж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар оноосон нэрийг өөрчлөн бичсэн нь хууль зөрчсөн гэж үзэж тушаалыг хүчингүй болгосон, Монгол улсын их сургууль болон Монголын үндэсний их сургуулийн нэрний асуудалтай холбогдуулан сайдын 2012 оны А/454 дүгээр тушаал нь бодит байдалд төөрөгдөл үүсгэж, хууль зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн шийдвэр байсан тул хүчингүй болгосон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 6572 дугаар дүгнэлт гарсан тул нэхэмжлэгч нь хуулийн этгээдийн эрх зүйн чадамжгүй болсон, “МҮИС”нэртэй ХХК, НҮТББ-ын аль аль нь анх “Ч-Э” коллеж нэртэй байгуулагдаж, ангилал өөрчлөгдсөн Монголын үндэсний дээд сургуулийн эрх залгамжлагч биш болох нь тогтоогддог” гэж маргасан.

5. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан үзэхэд,

5.1. Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Монгол улсад эрдмийн зэрэг, цол олгох тогтолцоог өөрчлөх тухай” 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Их сургуулийн статус”-ыг батлахдаа Их сургууль “М у ү и с”, “их сургууль” /төрөлжсөн/ гэсэн зэрэглэлтэй байхаар тогтоосон бол БНМАУ-ын Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар тушаалаар Монгол Улсын их сургуульд “Үндэсний их сургууль”-ийн статус олгож, “Му ү и с” /МУҮИС/ гэж нэрлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1996 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн “Сургуулийн нэр өөрчлөх тухай” 82 дугаар тушаалаар үйл ажиллагааны үндсэн чиглэлийг нь өөрчлөхгүйгээр М у ү и сургуулийн нэрийг “М у и с” гэж өөрчилж, Боловсролын сайдын 1992 оны 476 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцжээ.

5.2. Гэгээрлийн сайдын 1998 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 154 дүгээр тушаалаар “Ч-Э” коллежийг сургалтын байгууллагаар бүртгэн, 980118 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хамт 1998 оны 8 дугаар сарын 01-ний өдөр олгосон.

Үүний дараа “Ч-Э” коллеж нь “М ү коллеж” болж нэрээ өөрчилсөнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас 2002 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр тушаалыг гаргаж, улсын бүртгэлийн материалыг шинэчилж бүртгүүлэхийг уг сургалтын байгууллагын үүсгэн байгуулагч нарт даалгасан.  

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг үндэслэн төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг тогтоосны дотор, Монголын үндэсний коллежийг “Дээд сургууль”-ийн ангилалд хамааруулж, зохих ангилалд нийцсэн нэр авч, тогтоосон хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэхийг дээд боловсролын сургалтын байгууллагын захиралд мөн даалгасан.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар Монголын үндэсний дээд сургуулийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Их сургууль”-ийн ангилалд хамруулж, үүнтэй холбогдуулан сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэхийг тус сургуулийн захиралд даалгасан.

5.3. Ийнхүү “Ч-Э” коллежоос “МҮИС”нэртэй болж, дээд боловсролтын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн хугацааны туршид дээр дурдсан сайдын тушаалуудад заасанчлан сургалтын байгууллагын нэр, улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг хийлгэж бүртгүүлээгүй боловч 1998-2002 онд  “Ч-Э” коллеж, 2002-2004 онд Монголын үндэсний коллеж, 2004-2012 онд М ү д с, 2012 оноос хойш М ү и с нэрээр сургалтын байгууллагын үйл ажиллагааг, анх “Ч-Э” коллежид олгосон 980118 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу явуулж иржээ.

5.4. 000000 регистрын дугаартай, “М ү д с” нэртэй сургалтын байгууллага нь 2004 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бол “МҮИС”ХХК /РД:5784344/ нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “шинээр үүсгэн байгуулагдсан” төлөвтэй бүртгэгдэж, хуулийн этгээдийн хэлбэрийг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” болгон өөрчилж, улмаар регистрын дугаарыг 0000000 болгон сольж бүртгүүлжээ.     

6. Анхан шатны шүүхээс маргаан бүхий А/421 дүгээр тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ, хэргийн үйл баримтын хүрээнд “Боловсролын сайдын хүчингүй болсон 1992 оны 476 дугаар тушаалыг үндэслэсэн тул маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус шинжийг агуулна, тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д захиргааны актыг гаргасан өдрөөс нь хойш 5 жилийн дотор хүчингүй болгохоор заасныг харгалзаагүй, шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд санал, тайлбар гаргах боломж олгож, бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагыг биелүүлээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

6.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг заасан ба шийдвэр гаргахдаа түүнийг мөрдөх учиртай.

Хариуцагч нь дээрх шийдвэрийг гаргасан зорилго, үндэслэлийг “... сайдын 2022 оны А/421 дүгээр тушаалаар сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлээгүй, зөвхөн дээд боловсролын сургалтын байгууллагын “Их сургууль” ангилал олгосон шийдвэртэй холбоотойгоор тусгай зөвшөөрөл эзэмших хуулийн этгээдийн нэрийн хувьд үүссэн ойлгомжгүй нөхцөл байдлыг залруулах, шийдвэрлэх зорилготой байсан” гэж тайлбарлах боловч энэ хүрээнд нэхэмжлэгч хуулийн этгээдэд эерэг үйлчлэл бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалыг хүчингүй болгосныг зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон гэж үзэхгүй.

Тодруулбал, энэ хэсгийн 5.3-д заасанчлан “Ч э” нэртэй коллежоос “М  ү  д  с ”, дараа нь “МҮИС”нэртэйгээр Их сургуулийн ангилалд шилжин, дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа явуулсан хугацааны туршид 980118 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгах, түүнчлэн шинэ мэргэжил /хөтөлбөр/-ээр сургалт эрхлэх зөвшөөрөл нэмж олгох зэргээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс нэхэмжлэгчид үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг хангаж байжээ.

Өмнө дурдсанчлан, их сургуулийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг нэхэмжлэгчийн хувьд зөрчсөн эсэх асуудлыг уг тушаалд хөндөөгүй гэж хариуцагчаас тайлбарласан атлаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 он/-д заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны дараах эрх зүйн үр дагаврыг тодорхойлсон зохицуулалтыг үндэслэл болгож Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, энэ нь уг тушаалын дагуу Их сургуулийн ангиллаар дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэв. 

Энэ тохиолдолд дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал өөрчилсөн өмнөх шийдвэрээ хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага засахтай холбоотой зохицуулалтад хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.  

6.2. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;”, 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж тус тус заасныг хэргийн үйл баримтад холбогдуулан авч үзэхэд, эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломж түүнийг гаргасан өдрөөс нь хойш 5 жилийн хугацаагаар хязгаарлагдахаар хуульчилсан ба энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

6.3. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өөр хуулийн этгээдээс гаргасан өргөдөл гомдлын дагуу эхлүүлсэн боловч тухайн тохиолдолд шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “МҮИС”НҮТББ-д сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалттай нийцэхгүй бөгөөд “МҮИС”НҮТББ нь өргөдөл гомдол гаргагч биш, харин шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох энэ тохиолдолд тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд /сонсох ажиллагаа хийхгүй байж болно/” гэх зохицуулалт хамаарахгүй учир энэ талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Маргаан бүхий А/421 дүгээр тушаалын 2, 3 дахь заалтын тухайд,

7.1. Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ”, Дээд болосвролын тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Дээд боловсролын сургалтын байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ”, 15.7-д “Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр:” гээд 15.7.1-д “их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2002 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага бүртгэнэ:” гээд 7.1.4-д “соёл, боловсрол, сургалтын байгууллагыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь;”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ:” гээд 8.1.11-д “соёл, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн байгууллага” гэж тус тус заасан.  

   Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулбал зохих дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа эрхлэгч нь хуулийн этгээд хэлбэртэй байхаар; сургалтын байгууллагын ангилал, тусгай зөвшөөрөл зэрэг хуулийн этгээдийн мэдээлэлд орсон холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад тухай бүр бүртгүүлэхээр журамласан.

   8.2. Гэтэл энэ хэсгийн 5.2, 5.4-т дурдсанчлан “Ч -Э ” коллежийн сургалтын байгууллагын ангиллыг М  ү  коллеж, Монголын үндэсний дээд сургууль, дараа нь Их сургууль болгож өөрчилсөн тохиолдол бүрд, зохих ангилалд нийцсэн нэр авч, тогтоосон хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэхийг дээд боловсролын сургалтын байгууллагын захиралд даалгасан сайдын тушаалыг биелүүлээгүйн улмаас энэ тохиолдолд 2004 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн М  ү  д  с, эсхүл Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалаар Их сургуулийн ангилалд шилжсэн “М ү д с”, эсхүл 2013 онд “хязгаарлагдмал хариуцлагатай компани” хэлбэрээр шинээр үүсгэн байгуулагдаж, 2015 онд “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” болж өөрчлөгдсөн “МҮИС”нэртэй хуулийн этгээдүүдийн аль нь 000000 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэгч болох нь ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байх ба энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэл бүхий байна.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 13/-д зааснаар БШУС нь салбарын мэргэжлийн хяналтын удирдлага, зохион байгуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэх тул тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дээд боловсролын сургалтын байгууллагын хуулийн этгээдийн нэр, хэлбэрийн зохих өөрчлөлтийг хуульд заасан журмын дагуу бүртгүүлэхийг тухайн этгээдээс шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

9. БШУСын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 4 дэх заалтын хувьд, энэ нь бүхэлдээ нэхэмжлэгчид чиглэсэн үйлчлэлгүй, бусад заалтаас үл хамааран дангаараа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ба хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлсон эрхэд нөлөөлөхгүй тул  тухайлан дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

10. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг нэмж оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0859 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.7.1, Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, Дээд болосвролын тухай хууль /2002 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.11-д заасныг тус тус баримтлан “МҮИС”НҮТББ-аас БШУСад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, БШУСын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгож, тушаалын 2, 3, 4 дэх заалтад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

              ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

 

 

              ШҮҮГЧ                                                                     Г.МӨНХТУЛГА

 

 

              ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ

 

 

[1] Бичгээр гаргасан гомдлын зарим хэсэгт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалын огноо, дугаарыг “2021 оны 8 дугаар сарын 26”, “А/421” гэх зэргээр ташаа бичигдсэн болохыг тэмдэглэв.