Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Ж.Очирбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Шүүгдэгч Б.Хэнч-Яахав нарыг оролцуулан, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овгийн Батсүхийн Хэнч-Яахавт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус шүүхийн 139201600033/Э/ индекстэй, эрүүгийн 201612000047 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэрэн суманд 1986 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж 2  дүүгийн хамт Дундговь аймаг Дэрэн сумын 2 дугаар баг “Булан” бууц гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Боржигон овгийн Батсүхийн Хэнч-Яахав /регистрийн дугаар ЗЖ86051819/  

            Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

             Шүүгдэгч Б.Хэнч-Яахав нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг “Урсах” гэх газар иргэн Д.Лханаасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                                                          

                                               

                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Үүнд:

Шүүгдэгч Б.Хэнч-Яахав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал манай нэг найз суманд тоглолт болж байгаа юм байна, хоёулаа тоглолт үзэх үү гэхээр нь явсан. Сумын хойно С.Бүүвэйбаатар гэдэг найзтайгаа таараад 1 пиво хувааж ууж байтал Д.Лханаасүрэн 2 машинтай хэдэн найзтайгаа ирээд намайг хэл амаар доромжилсон. Бид 2 хоорондоо муудалцаж дээр дороо ороод босоод иртэл шүд гэсэн. Дараа нь хоорондоо яриад учраа олсон. Тэгээд би хөдөө яваад өгсөн. Маргааш нь манай сумын цагдаагаас залгаад ирж уулз, хүний эрүү                    хугалсан байна гэж хэлсэн гэв.

            Хохирогч Д.Лханаасүрэнгийн “...2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр...Б.Хэнч-Яахавт хандан чи муу өвөл дүүгээ дуудаж арчаагүй зан гаргасан гэхэд Б.Хэнч-Яахав яагаад чи ингээд байгаа юм өвөл болсон асуудлаас болж ингэхгүй шүү гэхэд Б.Хэнч-Яахав босоод ирсэн бид нэг нэгэнтэйгээ заамдалцаж, би түүнийг хавираад унагасан тэгэхэд Б.Хэнч-Яахав босож ирээд намайг 2 удаа цохисон, бид зууралдаад хамт газар унаад босоод ирэхэд миний баруун талын шанаа эвгүй болчихсон, хамгийн ард талын шүд дээшээ гараад ирчихсэн байсан...эмчид үзүүлэхэд яаралтай аймаг яв, эрүү чинь хугарсан байна гэж хэлсэн...намайг 2 удаа цохисон тэгэхэд л миний эрүү хугарсан байх...би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

            Гэрч Б.Сүхболдын “...2016.03.24-ний өдөр...сумын зүүн хойдруу гараад очтол...Д.Лханаасүрэн бууж ирээд Б.Хэнч-Яахавтай маргалдаад чи дүүгээ дууддаг арчаагүй гэхэд Б.Хэнч-яахав чи дуугүй л бай л даа гээд хэлэхэд Б.Хэнч-Яахавыг Д.Лханаасүрэн хажуунаас нь татаж, дээл хувцаснаас нь зуурч байснаа чи босоод ир гэж хэлэхэд Б.Хэнч-Яахав босож ирээд нэг нэгнийгээ зуурч аваад хамт унасан, тэд нэг нэгнийгээ цохиод босоод ирэхэд Д.Лханаасүрэн шүд эвгүй болчихлоо гээд газар суугаад байсан. Тэр хоёрын зодоон хэсэгхэн зуур л болоод өнгөрсөн...зодооны дараа Б.Хэнч-яахавын биед ямар нэгэн гэмтэл учраагүй зүгээр харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

 

            Гэрч С.Бүүвэйбаатарын “...2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр...Д.Лханаасүрэн Б.Хэнч-Яахавт хандаж чи гуйлгачин, архичин биздээ үнэн биздээ гэж хэлээд тэд маргалдсан. Д.Лханаасүрэн, Б.Хэнч-Яахавыг татаж босоод унагасан тэгээд тэр хоёр дээр дороо ороод цохилцсон. Тэдний зодоон нэг их удалгүй хэсэг зуурийн л юм болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

            Гэрч М.Дагвабаярын “...2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр...Д.Лханаасүрэн сууж байсан. Б.Хэнч-Яахав руу чи гээд л томороод эхэлсэн тэгэхэд Б.Хэнч-Яахав бас өөдөөс нь үг хэлээд байсан. Тэгтэл Б.Хэнч-Яахавыг Д.Лханаасүрэн татаж босгосон тэгээд л тэр хоёр хоорондоо хэсэг зуур зодолдож цохилцсон ба дээр дороо ороод байсан...Д.Лханаасүрэн шүд гээд зогсож байсан. тэрнээс хойш юу болсоныг санахгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

 

            Гэрч Ц.Болор-Эрдэнийн “...Д.Лханаасүрэн Б.Хэнч-Яахавыг чи муу дүүгээ дууддаг арчаагүй банди гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдсан, Д.Лханаасүрэн Б.Хэнч-Яахавыг мөрөн дээрээс нь татаж босгоод хавирч унагасан тэгээд л тэр 2 хоорондоо маргалдаад зодолдоод явчихсан нэг нэгнээ цохиж байгаа харагдсан...тэр өдөр Д.Лханаасүрэн шүд өвдлөө гэж ярьж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

 

Дундговь аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №146 тоот дүгнэлтэд:

1,3:. Д.Лханаасүрэнгийн биед баруун эрүү яс хугарал, хугарлын түвшиндэх 7-р шүд унасан гэмтэл тогтоогдлоо.

2: Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4: Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5: Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,

 

Дундговь аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016.04.20-ны өдрийн №182 тоот нэмэлт шинжилгээний дүгнэлтэд:

Д.Лханаасүрэнгийн биед үүссэн хүндэвтэр гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүд унасан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд 5 хувиар нөлөөлнө гэжээ. /хх-ийн 40–р хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол /хх-ийн 15-18-р хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/

            Хохиролын баримтууд /хх-ийн 78-132-р хуудас/ зэрэг болно.

 

             Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн    дүгнэлтийн талаар:

      Шүүгдэгч Б.Хэнч-Яахав нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг “Урсах” гэх газар иргэн Д.Лханаасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийг гэм буруутай байна гэж дүгнэлээ.

        Иймд шүүгдэгч Б.Хэнч-Яахавын гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, тус аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

    Шүүхээс шүүгдэгч Б.Хэнч-Яахавт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч нь хохирогчид 1300000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт авагдсан /хх-ийн 133, 137-р хуудас/ байх ба гэж хохирогч Д.Лханаасүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг /хх-ийн 138-р хуудас/ үндэслэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэв.

         Мөн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

    Энэ хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Боржигон овгийн Батсүхийн Хэнч-Яахавыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хэнч-Яахавт 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 

 

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хэнч-Яахавт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

           4. Шүүгдэгч  Б.Хэнч-Яахав нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

           6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хэнч-Яахавт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

           7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

           8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэх хүртэл шүүгдэгч Б.Хэнч-Яахавт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                      Л.ОДОНЧИМЭГ