Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2018/00317

 

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Т.Балжинням, шүүгч Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ц.М-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, 0 тоотод оршин суух, Б.Э-т холбогдох,

6 хоног ажил тасалдуулсны хөлс, шүүх эмнэлгийн шинжилгээний хураамжийн төлбөр 176.000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 5.930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Б.Э, иргэдийн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Ц.А 2 дугаар сургуулийн 10а ангид сурдаг. Шалгалт өгч байхад нь эдний хүүхэд Ц.Ц хариултыг нь хэлж өг гэхэд нь эхний хэдэн хариултыг хэлж өгөөд дахиад хэлж өгөх гэхээр нь багш нь дахиж хэлж өгөх юм бол хөөж гаргана гэхээр нь хэлж өгөөгүй байгаа юм. Тэгээд шалгалт дууссаны гарсны дараа Ц.А гэж дуудаад нүүрэн дээр нь цохисноос болж маш их цус гарч нүүр нь хавдсан. Тэр үедээ маш хүнд шокийн байдалтай ирсэн. Би ажил хөдөлмөр эрхэлдэггүй Алтай хотын хог цэвэрлэгээний хөдөлмөр эрхлэх газар 7 хоногийн ажилд бүртгүүлсэн байсан. Тэр өдөр 5 дахь өдөр байсан бөгөөд хүүгээ ирэхээр нь эмчид үзүүлэхээр яваад цус тогтоох тариа дусал хийгээд яаралтай тусламжийн 103 дээр үзүүлсэн. Хамрын яс бас засуулсан, тэгтэл нь аймаар зодсон байсан. Хүүхдийн гоо сайхан, эрүүл мэнд зөндөө байдлаар хохирч байна. Эм тан их авч өгсөн тэрийг тооцоогүй. Аль аль нь хариуцлага хүлээж шударга байх хэрэгтэй. Хүүхдийн эрүүл мэнд хохироогоод зогсоогүй, миний ажлыг бас алдагдуулсан. Аав, дүү хоёртойгоо очиж уулзсан. Очоод уулзахаар та нар ямар сүртэй юм, хүн алсан хүн зүгээр явж байхад гэж хэлсэн. Хүүхдийг хичээлийн байранд нь цохиж зодчихоод тэгж хэлж болохгүй. Миний хүү хүсэл тэмүүлэлтэй 2006 онд тархины хагалгаанд орсон ороод 2 сар болоод хичээлдээ явна гээд явсан. Одоо ч онц сураад явж байна. Энэ эгч нэг л удаа эмчид үзүүлсэн дахиад үзүүлэх шаардлагагүй гэж хэлсэн. Хамрын ханиад хүрсэн хүн хүртэл дахиад үзүүлдэг. Хот руу явж үзүүлнэ гэж бодож байна. Хамар нь мурий байна гэсэн, эмийг нь авч өгнө цай хоолыг нь хийж өгнө тэгэхэд ойр зуурын юмыг ойлгохгүй байна. Хэлж ярьж байгаа үг нь хүн доромжилсон шинжтэй байдаг. Энэ хүүхдээс эмний мөнгө нэхэмжлээгүй, аль аль талдаа хариуцлагатай баймаар байна. Иймд 6 хоног ажил тасалдуулсны хөлс, шүүхийн шинжилгээний хураамжийн төлбөр нийт 176.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 5.930 төгрөгийн хамт нэхэмжилж байна  гэв.

Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний хүү Ц.Ц нь Ц.А-г хамар дээр нь санамсаргүй нэг удаа цохиж, зөөлөн эдийн гэмтэл учруулж, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ц.А-н ээжтэй нь хамт чих, хамар хоолойн эмч н.О-д үзүүлэн хамрын зураг авхуулж, төв шугам, тархи толгой болон өмнөх гэмтэлд өөрчлөлт байхгүй, зөөлөн эдийн гэмтлийг тухайн үед 30.000 төгрөгөөр эмчилж, дахин үзүүлэх шаардлагагүй, хичээлдээ акт авч, маск зүүхгүйгээр хэвийн явж, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж зөвлөгөө өгсөн. Ц.А нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрүүдэд хичээл сонгондоо хэвийн явсан нь үнэн болно. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ц.А-н гэр бүл цагдаад мэдэгдэж, хуулийн дагуу миний бие Ц.Ц хүүтэйгээ хамт шалгагдаж, гэмтлийн зэрэг хөнгөн хэмээн хаасан. Гэтэл шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулаад насанд хүрээгүй, хөнгөн зэргийн гэмтэл гэдгээр хэрэгсэхгүй болгосон чинь эд нар бөөнөөрөө ирээд чи н.О эмчийг аргалсан байна. Шүүх шинжилгээний эмч, цагдаа, шүүх, прокурорын хүмүүсийг аргалсан байна гэсэн. Надад танил тал байхгүй би анхнаасаа үнэнч шударгаар та нарын явсан журмаар явсан. Надад тийм боломж нөхцөл байхгүй гэж хэлсэн. Энэ хүн хоёр нялх хүүхэдтэй гээд цагдаа дээр дуудахад нь зөндөө удаж ирсэн. Би өдөр хичээл дээр очдог тэгэхэд энэ хүн суугаагүй. Хүүхэд нь хичээлдээ хэвийн явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хоёр нялх хүүхдээ хараад байж байсан хүн хог цэвэрлэнэ гэсэн баахан тамгатай бичиг авчирдаг юм үндэслэлгүй гэж үзэж байна. Ц.М нь 6 хоногийн ажлын хөлс 176.000 төгрөгийг хүүхдээ харж, эмнэлэгт хэвтээгүй байж, хүүхдээ дагаж нэг өдөр ч хичээл дээр нь суугаагүй байж, хүүхдээ 6 хоног асарсан гэж үндэслэлгүйгээр насанд хүрээгүй хүүхдийн минь өмнөөс 176.000 төгрөг нэхсэн нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Б.Э-т холбогдуулан хүү Ц.А-г Ц.Ц зодож гэмтэл учруулсны улмаас хүү Ц.А-г асарч 6 хоног ажил тасалдуулсны хөлс 168.000 төгрөг, шүүх эмнэлгийн шинжилгээний хураамж 8.000 төгрөг, нийт 176.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч З.М нь “хүү Ц.А эмчилгээ хийлгэсний улмаас 6 хоног ажил тасалдуулсны хөлс, шүүхийн шинжилгээний хураамжийн төлбөр нийт 176.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 5.930 төгрөгийн хамт нэхэмжилж байна” гэж, хариуцагч Б.Энь “Ц.М нь 6 хоногийн ажлын хөлс 176.000 төгрөгийг хүүхдээ харж, эмнэлэгт хэвтээгүй байж, хүүхдээ дагаж нэг өдөр ч хичээл дээр нь суугаагүй байж, хүүхдээ 6 хоног асарсан гэж үндэслэлгүйгээр насанд хүрээгүй хүүхдийн минь өмнөөс 176.000 төгрөг нэхсэн нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагчаас эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д зааснаар хариуцагч нь гэм буруугүй болохоо нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчид энэ үндэслэл тогтоогдохгүй байна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** боловсролын *** дугаар сургуулийн * **дугаар ангийн сурагч Ц.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сургууль дээрээ ангийн сурагч Ц.А-н нүүрэн тус газарт нь цохиж, Ц.А-н эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудас, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсанд “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***боловсролын *** дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ц.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сургууль дээрээ ангийн сурагч Ц.А нүүрэн тус газарт нь цохиж, Ц.А эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Ц.А Ц.Ц нарын мэдүүлэг, тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт зэрэг материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх ба Ц.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 15 нас 8 сар 22 хоногтой байсан болох нь түүний төрсний гэрчилгээ, нас тоолсон тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул тэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн субъект болж чадахгүй байна. Иймд Ц.Ц-д холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд та бүхэн Ц.А-н эмчилгээний зардлыг Иргэний хуульд заасны дагуу Ц.Ц-ийн эцэг эхээс гаргуулан авах боломжтой болохыг мэдэгдье” гэжээ.

Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Ц.А, Ц.Ц нар нь иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэр өөрийн бүрэн эрхийг нотлох баримтыг шүүхэд үзүүлэхээр заасны дагуу Ц.А-н хууль ёсны төлөөлөгч нь Ц.М, Ц.Ц-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нар болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Б.Э-аас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...бусдын эрүүл мэнд...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Ц.М нь 2017 оны 12 дугаар сард Алтай хотын төвийн 8 багийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, иргэдийн 8 хоногийн ажилд бүртгүүлэн ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд 6 хоног хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд оролцоогүй, тухайн ажил нь өдрийн 28.000 /хорин найман мянган/ төгрөгийн цалинтай байсан болох нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 151 дугаартай тодорхойлолт, байгаль хамгаалагч Э.Няндагсүрэнгийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хүү Ц.А-д гэм хор учирсны улмаас 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрүүдэд ажилд яваагүй, хүүхдээ асарсан гэж тайлбарласан бөгөөд Ц.М нь 2017 оны 12 дугаар сарын 23, 12 дугаар сарын 26, 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд Ц.А-г эмнэлэгт үзүүлсэн болох нь яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэргээр тогтоогдож байх тул 3 өдрийн цалинд 28.000 * 3 = 84.000 /наян дөрвөн мянган/ төгрөг, нэмэлт зардал буюу шүүхийн шинжилгээний зардал 8.000 /найман мянган/ төгрөг, нийт 92.000 /ерөн хоёр мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 84.000 /наян дөрвөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч талаас татгалзлаа нотлох зорилгоор гаргаж өгсөн цахим бүртгэлийн сувилагч ***ын тодорхойлолт гэх зүйл нь нотлох шаардлага хангахгүй байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.930 /таван мянга есөн зуун гучин/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Э-аас 4.550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Э-аас Ц.А-н эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол буюу хүүхдээ асарсан хугацаанд авах байсан цалинд 84.000 төгрөг, шүүхийн шинжилгээний төлбөр 8000 төгрөг, нийт 92.000 /ерөн хоёр мянган/ төгрөгийг гаргуулж, Ц.М-д олгож, нэхэмжлэлээс 84.000 /наян дөрвөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.930 /таван мянга есөн зуун гучин/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Э-аас 4.550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН

                                                             ШҮҮГЧ                              Т.БАЛЖИННЯМ

                                                              ШҮҮГЧ                             Б.ӨЛЗИЙХИШИГ