Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ201/00317

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Т.Балжинням, шүүгч Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Алтай хотын ТҮГ-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Г.Г-т холбогдох,

байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 16.539.847 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай хотын ТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагын даргаар 2014 оны 08 сард томилогдон ирж байсан Г.Г нь өөрийн гаргасан буруу шийдвэрээс шалтгаалан манай байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан юм. Үүнээс нягтлан бодогч Х.О-д манай байгууллага 4 удаагийн шүүгчийн захирамж, шийдвэрээр 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны цалинд 15.359.766 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 713.549 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтэст төлж, үүнээс 484.312 төгрөгийг суутган авч 15.589.003 төгрөгийг төлөөгүй байгаа тул дээрх мөнгийг гаргуулан манай байгууллагад төлүүлж хохиролгүй болгож өгнө үү. Мөн сахиул Л.Н манай байгууллага шүүхийн шийдвэрээр 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 950.844 төгрөгийг төлөөгүй байгаа тул дээрх мөнгийг гаргуулан манай байгууллагад төлүүлж хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагад ажиллаж байгаад Х.О, Л.Н нар ажлаас халагдаад ажилдаа эгүүлэн томилогдож манай байгууллагаас цалин нь төлөгдсөн. Шүүхийн шийдвэрийн журмаар нийт 16.539.847 төгрөгийг байгууллагаас төлсөн. Хариуцагчаар эргээд хохиролгүй болгуулах хүсэлтэй байна гэв. 

Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Алтай хотын тохижилт үйлчилгээний газар 2 жил ажилласан юм. Тэр хугацаандаа аймаг, сумын удирдлагуудын өгсөн үүрэг чиглэлээр ажлыг эрчимжүүлж хийж байсан. Тэр үед нягтлан бодогчийг ажлаас чөлөөлсөн тэгээд шүүхдэж давж заалдаад эргэж ажилдаа орсон. Л.Н-д сахилгын сануулах арга хэмжээ аваад байгууллагын хурлаар оруулж цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авсан. Дахиж давтан архи уугаад замын цагдаагийн хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс бас арга хэмжээ авахуулсан. Өөрөө дахиж архи уухгүй, архи уусан тохиолдолд ажлаас чөлөөлөгдөхөд гомдолгүй гэсэн өргөдлөө гараар бичиж өгч байсан. Тэгээд анхан шатны шүүх дээр би шүүх хуралдаанд оролцоод Л.Н-ын архи уусан нь нотлогдохгүй байна гэсэн шийдвэр гарсан. Л.Н-ын шүүх хуралдаан болсны дараа би сонгуулийн үр дүнгээс болоод ажлаас чөлөөлөгдсөн тэгээд Л.Н дээр давж заалдаагүй орхигдсон. Надад ажил төрөл, санхүү бизнес байхгүй, мөнгөний эх үүсвэр байхгүй амьдрал хүнд байна. Тус нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2-д зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах учир миний бие хариуцах боломжгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газар нь тус байгууллагын сахиул Л.Н-ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт төлсөн 950.844 төгрөг, нягтлан бодогч Х.О-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт төлсөн 15.589.003 төгрөг, нийт 16.539.847 төгрөгийг гаргуулахаар тус газрын даргаар ажиллаж байсан Г.Г-т холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.Г нь “...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гарсан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчмын дагуу төр хариуцах учир төлөх боломжгүй...” гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад-хариуцагч Г.Г нь Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа:

-нягтлан бодогч Х.О-ийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 381 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр магадлал, Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дугаар шүүгчийн захирамж, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 761 дугаар тогтоол, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 388 дугаар шийдвэрээр,

-Хүүхэд залуучуудын паркийн сахиул Л.Н-ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 275 дугаартай шийдвэрээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинд 15.589.003 төгрөгийг Х.О-д шилжүүлэн өгсөн болох нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №27, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №77, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №80, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №5, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №16, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №41, №42 дугаартай, төлбөрийн хүсэлтүүдийн эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинд 950.844 төгрөгийг Л.Н-д шилжүүлэн өгсөн болох нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, мөн зүйлийн 498.5-д “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжилжээ.

Хариуцагч Г.Г нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээ, үр дүнгийн гэрээний илтгэх хуудас зэргээр тус тус тогтоогдож, зохигчид энэ асуудлаар маргаагүй байна.

Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйл буюу гэм хорын хохирол нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учруулсан байх нөхцлийг хуульчилсан байна. Хариуцагч Г.Г-ын хувьд ажилтныг ажилд авах, чөлөөлөх ажил олгогчийн эрхийнхээ хүрээнд дээрх тушаалуудыг гаргасан байх тул хууль бус тушаал шийдвэр гаргасан гэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь хариуцагчаас хохирол гаргуулахыг хүссэн бөгөөд Г.Г нь хохирлыг хариуцан арилгах өөр бусад эрх зүйн үндэслэл байгаа эсэх талаар судлахад Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн хариуцлагын зохицуулалтад хамаарах эрх зүйн боломж байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн  135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх нөхцөлд хамаарах нотлох баримт буюу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгасан талаарх баримт байхгүй байна.

Хэдийгээр хууль бус тушаал шийдвэр гэж үзэхээргүй ч уг тушаал шийдвэр үндэслэлтэй байх, Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж гаргах зэрэгт буруутай байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заасны дагуу нягтлан бодогч Х.О, сахиул Л.Н нарыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн 2 үйлдэлд түүний 1 сарын цалинг нэмж 693.884 + 693.884 = 1.387.768 төгрөгийг хариуцагч Г.Г-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Учир нь Г.Г нь ТҮ-10-3 шатлалаар цалинжиж байсан болох нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаартай “төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд зааснаар ТҮ-10-3 шатлал 693.884 /зургаан зуун ерөн гурван мянга найман зуун наян дөрвөн/ төгрөгөөр цалинждаг байна.

Иймд хариуцагч Г.Г-аас 1.387.768 /нэг сая гурван зуун наян долоон мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт олгож, нэхэмжлэлээс 15.152.079 /арван таван сая нэг зуун тавин хоёр мянга далан есөн / төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 1.387.768 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37.154 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон А.Д-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, зохигчид иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Г-аас Х.О, Л.Н нарын ажилгүй байсан хугацааны цалинд байгууллагаас олгосон 1.387.768 /нэг сая гурван зуун наян долоон мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГАА ТҮГ-т олгож, нэхэмжлэлээс 15.152.079 /арван таван сая нэг зуун тавин хоёр мянга далан есөн / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас 37.154 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ҮЙТҮМЭН

                                      ШҮҮГЧИД                                     Т.БАЛЖИННЯМ

                                                                                       Б.ӨЛЗИЙХИШИГ