| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2017/0187/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/173 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөөр хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: П.Эрдэнэцогт нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овгийн Пийн Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн 171200000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, Гялаан гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Пийн Эрдэнэцогт /РД:А0000000/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч П.Эрдэнэцогт нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, Цагаан хамар гэх газарт иргэн Б.Лхагвадоржтой “Бензин хулгай хийлээ” гэх хувийн асуудлаас болж маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.Лхагвадоржийн өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн үед би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Цагаан хамар гэх газар хадлангаа хадчихаад харих гээд явж байсан чинь манай нутгийн Эрдэнэцогт гэдэг хүн миний араас машинтай хүрч ирээд намайг хадлангийн талбай дээр байсан 3 литр бензинийг чи авсан уу гэж надаас асуусан. Тэгэхлээр нь би урдаас нь аваагүй гэж хэлтэл намайг заамдаж барьж аваад миний нүүр лүү толгойгоороо 3,4 удаа мөргөсөн. Би мотоцикльтой явж байсан. Намайг мотоцикль дээрээс буухын завдалгүй барьж аваад мөргөсөн. Манай ах миний ард сундалсан ард сундалсан явж байгаад Эрдэнэцогтыг намайг мөргөх үед мотоциклиос буугаад Эрдэнэцогтыг барьж аваад надаас холдуулсан. Тэгээд би мотоциклиосоо буугаад яаж байгаа юм бэ, гэсэн чинь Эрдэнэцогт надруу дайраад байсан. Тэгтэл манай ах Лүндэнжамц намайг өмөөрөөд Эрдэнэцогтой барьцалдаж аваад Эрдэнцогтыг гараараа нэг удаа цохьсон. Тэгээд бид хоёр хөдлөөд явсан. Ах бид хоёр гэртээ хариад болсон зүйлийн талаар аав Баатархүүд хэлсэн чинь намайг өмөөрөөд Эрдэнэцогтыг барьж аваад багалзуурдаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохьсон. Би тэр бензиний талаар мэдэхгүй. Эрдэнэцогт миний ам, хамар, баруун талын зовхи хэсэгт 3 удаа толгойгоороо мөргөсөн. Баруун гараараа зүүн талын шанаа руу нэг удаа цохьсон. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ..”гэх мэдүүлэг /хх-ийн 5 хуу/
Гэрч Д.Баатарболдын өгсөн: ... 2017 оны 09 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Цагаан хамар гэх газар би гэртэй байж байсан чинь манай хадланд явсан 2 хүүхэд ирсэн. Тэгтэл манай 2 хүүхдийн нэг буюу Б.Лхагвадоржийг манай сумын Эрдэнэцогт гэх залуу хулгайд гүтгэж зодсон байсан. Тэгэхлээр нь миний уур хүрээд Эрдэнэцогтыг өвөлжөөн дээрээ өвсөө буулгаж байхаар нь очиж уулзаад “чи яагаад манай хүүхдийг худлаа гүтгэж зодож байгаа юм бэ” гэсэн чинь Эрдэнэцогт миний урдаас танай хүүхэд миний бензинийг хулгай хийсэн. Өөр хэн авдаг юм бэ, гэхээр нь би уурлаад Эрдэнэцогтыг барьж аваад баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Би Эрдэнэцогтыг цагдаад өгнө гэж хэлээд буцаад гэрлүүгээ явсан. Би хүүхдээ өмөөрөөд очоод уулзсан чинь миний урдаас хэрүүл хийгээд байхаар нь нэг удаа цохисон. Эрдэнэцогт намайг цохиогүй. Эрдэнэцогт урьд өмнө манай хүүхдүүдтэй таарамжгүй харьцаатай байгаагүй 2 жилийн өмнө Эрдэнэцогт манайхтай айл байхдаа малын ээлжнээс болоод надтай маргалдаад намайг мотоциклоор дайрах гэж оролдож байсан. Эрдэнэцогт ер нь таарамжгүй харьцсан хүнтэйгээ хэрүүл хийгээд барьж аваад зодчихдог хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуу/
Гэрч Б.Лхүндэвжамцын өгсөн: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Цагаан хамар гэх газар хадлангаа хадчихаад дүү Б.Лхагвадоржийн хамт харих гээд явж байсан чинь Эрдэнэцогт гэдэг хүн бид хоёрын араас машинтай хүрч ирээд манай дүү Б.Лхагвадоржийг хадлангийн талбай дээр байсан 3 литр бензинийг хулгайллаа, ажил алдууллаа гээд заамдаж барьж аваад нүүр лүү нь толгойгоороо 3-4 удаа мөргөсөн. Тэгэхлээр нь би мотоциклиос буусан чинь Эрдэнэцогт дүү рүү дахиад дайраад байхаар нь би Эрдэнэцогттой барьцалдаж аваад Эрдэнэцогтыг гараараа нэг удаа цохьсон чинь манай дүү рүү дайрахаа больсон. Тэгээд дүү бид хоёр хөдлөөд явсан. Дүү бид хоёр гэртээ хариад болсон зүйлийн талаар аав Баатарболдод хэлсэн чинь аав уурлаад Эрдэнэцогтыг өвөлжөөн дээрээ өвс буулгаж байхад нь очоод багалзуурдаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэр бензиний талаар дүү, бид хоёр мэдэхгүй. Эрдэнэцогт Б.Лхагвадоржийн ам, хамар, баруун талын зовхи хэсэгт 3 удаа толгойгоороо мөргөсөн. Баруун гараараа зүүн талын шанаа руу нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/
П.Эрдэнэцогтын яллагдагчаар мэдүүлсэн: ... 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сум Цэнхэр баг Цагаан хамар гэх газар хүмүүс хадланд гарсан байсан юм. Тэр үед хадлан дээр тавиад орхисон байсан хадуурын 3 литр бензин алга болчихсон байхаар би тэр үед Лхагвадорж гэдэг хүүхдийг чи миний бензинийг авсан гэхэд Лхагвадорж би бензинийг чинь аваагүй гээд бид 2 маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад би Лхагвадоржийг толгойгоороо нэг удаа нүүрэн тус газар нь мөргөж, гараараа нүүр лүү нь 2-3 удаа цохиж зодсон юм. Тэр үед тэнд байсан хүмүүс бид 2-ыг салгасан. Ийм л асуудал болсон. Сүүлд нь Лхагвадоржийг аав нь ирээд намайг багалзуурдаж аваад миний нүүр лүү цохисон. Тухайн үед би Б.Лхагвадоржийг миний хадууранд хийх гэж байсан бензинийг авсан гэж хэлсэн Б.Лхагвадорж би аваагүй гээд тэгээд л хэрүүл маргаан үүсэж улмаар зодоон болсон юм. Би Б.Лхагвадоржийг толгойгоороо нэг удаа нүүр лүү нь мөргөж, гараараа 2-3 удаа нүүр лүү нь цохиж зодсон. Тухайн үед би ч Б.Лхагвадорж архи уугаагүй эрүүл байсан юм. Б.Лхагвадорж бид 2-ын хооронд өр авлага өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Б.Лхагвадоржийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Уг гэмтэл миний буруутай үйлдэл буюу мөргөх цохих үед үүссэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Хохирогч Б.Лхагвадоржийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 389 дүгээр дүгнэлт:
1. Б.Лхагвадоржийн биед, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, дээд уруулын зүүн тал, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдэд няцралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, дээд уруулын зүүн талд зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр
3. үүснэ.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй....гэх дүгнэлт /хх-ийн 11 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 27 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28-29 хуу/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Эрдэнэцогт нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, Цагаан хамар гэх газарт иргэн Б.Лхагвадоржтой маргалдан толгой, нүүр зэрэг газруудад цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч П.Эрдэнэцогт нь хохирогчийг цохьсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Лхагвадорж, гэрч Б.Лхүндэвжамц нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 389 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч П.Эрдэнэцогт нь хохирогч Б.Лхагвадоржийн толгой, нүүр хэсэгт нь цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн прокурорын газраас П.Эрдэнэцогтын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Эрдэнэцогтыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Лхагвадорж нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч П.Эрдэнэцогт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.Эрдэнэцогт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Пийн Эрдэнэцогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнэцогтыг таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан П.Эрдэнэцогт нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш таван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. П.Эрдэнэцогт нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Эрдэнэцогтод Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч П.Эрдэнэцогт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эрдэнэцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ