Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/150

 

 

                                    2021/ШЦТ/150

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: С.Батсүх

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Насанжаргалд

Шүүгдэгч: Ч.Ц, Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чийн Ц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Г нарт холбогдох 2112000190055 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Бараан өвөр гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн Б овогт Чийн Ц /РД:../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Зуун мод гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дын Г /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ч.Ц, Д.Г нар нь бүлэглэж 2020 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Ишгэнтийн амны Ар цохио гэх газар хохирогч Ө.Ныг зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000190055 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Нын мэдүүлсэн: ...Би 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн орчим гэрээсээ өөрийн эзэмшлийн Портер 2 маркийн 04-66 АРХ улсын дугаартай машинаа унаад Ихтамир сумын Бугат багийн нутаг Шивэрт гэх газар байх Г гэх айлд тэднийд байга Тгөөр мал харуулахаар очиж авахаар явсан юм. Т аймгийн төв рүү явчихсан байж таарсан. Би буцахдаа Ө.Аын гэрээр ороход Ш буюу Ж байсан. Тэднийд нэг шил архи Хж уугаад Ө.Ааар машинаа бариулж яваад замаараа Бын гэрээр орж үхэр сурах санаатай гэрт нь ороход Тэднийд Г, Ц, Т, Х, Б, Т нар эхнэр, хүүхдүүдтэйгээ нийлээд архи ууж байсан. Г надтай өмнөх болсон явдлын талаар ярьж маргалдсан. Олон хүмүүс байсан болохоор өөр янз бүрийн асуудал болоогүй гэрээс нь гараад явсан. Тэднийхээс гараад Аа, Ж, бид гурав Агийнд орж юм ярьж байгаад харих гэтэл Ж Бынд очиж үлдэнэ гэхээр нь Аг аваад дөрвүүлээ Бын гэрийн гадна очиход Т гэрийнхээ гадаа байсан. Ттай А, Ж хоёр уулзаад байсан. Аа бид хоёр машиндаа сууж байсан. Нэг харахад Т, А хоёр барилцаж аваад маргалдаад байсан. Би юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Ж хажууд нь байж байгаад хаашаа явсан юм, байхгүй болчихсон байсан. Би Аг машиндаа суулгаад явах гэтэл Г.Т гэх залуу хаанаас ч юм мэдэхгүй гарч ирээд гартаа хутга барьчихсан Н хаана байна, ална гээд хүрээд ирэхээр нь машинаа дотроос нь түгжчихсэн юм. Тэгсэн чинь гартаа барьсан хутгаараа цонх цохиод Ныг ална, хүн яаж алдаг гэдгийг харуулна гэж орилоод байсан юм. Тэгж байгаад баруун талын урд дугуйг хутгаараа хатгасан. Би машинаа асааж яваад холдоогүй зогссон. Араас Т машинтай ирээд урдуур орж зогсоод хутгаа барьж бууж ирээд ална гэж орилж байгаад нөгөө талын дугуйг хагалсан юм. Тэгээд машиндаа суугаад явсан. Удаагүй би машинаасаа буухад Г алхаж ирснээ шууд гараараа нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд би Гыг бариад авахад хажуу талаас Ц ирээд гараараа нүүр рүү цохисон. Тэгсэн чинь Т бас ирээд нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэрнээс хойш би ухаан балартаад дээшээ хараад хэвтэж байсан. Тэр үед бол хэн нь хаашаа, хэдэн удаа цохисныг бол би мэдэхгүй байна. Босоод иртэл Б, Т, Д нар байж байсан. Бас Аа, А хоёр байж байсан. Миний машины дугуйг сольж тавих болчихсон юм байж байсан. Т хоёр дугуй авчирсныг Аа сольж тавьсан. Тэр үед Т дугуйн дорцоов барьчихсан байхдаа надтай дахиж маргаад дорцоовоор зүүн талын мөрөн дээр нэг удаа цохиж авсан. Тэгээд машинаа асааж гэртээ ирсэн юм. Өглөө хамар, нүд, дух зэрэг хөхөрч хавдсан. Толгой өвдөөд бие даагдахгүй, хамраас цус гараад байхаар нь эмнэлэг дуудаж үзүүлсэн юм. Хамрын таславч муруйсан, баруун нүд хөхөрч хавдсан, тархи доргисон байна. Нүдний уг руу хатгаж өвдөөд шилэн хүзүү, нугас руу хөшиж, даралт ихэссэн байсан. Одоо ч хэвээрээ байна. Г, Ц хоёр цохисон. Т бас цохисон. Би хэн нь цохиод аль гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Г, Ц, Т гурав гурвуулаа нүүр рүү цохисон. Хэнийх нь цохилтоос болж гэмтэл үүссэн гэдгийг мэдэхгүй байна. Г эхлээд гараараа нүүр рүү цохисон. Хоорондоо барилцаад авсан байхад Ц хажуу талаас нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд Цтэй барилцаад авсан байхад хажуунаас Г толгойгоороо нүүр рүү нэг удаа мөргөсөн. Би дугуйгаа аймгийн захаас шинээр нь аваад удаагүй байсан юм. Өвлийн 15 хэмжээтэй, хээ сайтай дугуйг нэгийг нь 100.000 төгрөгөөр бодож 200.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би энэ үнээр нь үнэлнэ. Би маш их гомдолтой байна. Дугуйны үнэ болон эмнэлэгт хэвтэхэд гарсан зардлыг төлүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 61-65 хуу/

 

  Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Нын дахин мэдүүлсэн: ...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ Г.Т гэх хүнийг “намайг нүүр рүү гараараа нэг удаа цохисон, бас дугуйн дорцоов барьчихсан байхдаа надтай дахиж маргаад дорцоовоор зүүн талын мөрөн дээр нэг удаа цохиж авсан” гэж ярьсан. Энэ талаар тухайн үед байсан хүмүүсээс сайн асууж лавлаад, өөрөө болсон явдлын талаар сайн бодож санахад Г.Т намайг цохиж аваагүй юм билээ. Би тухайн үед архи уучихсан байсан бөгөөд нүүр, толгой руугаа Д.Г, Ч.Ц нараар цохиулаад ухаан балартаж зарим зүйлийг сайн санахгүй байсан юм. Тэр үед Г.Т миний машины дугуйг хагалж, ална гэж орилоод байсан болохоор нь би намайг цохисон гэж санаад өмнө нь тэгж мэдүүлэг өгсөн байна. Тэрнээс намайг Г.Т цохиж, зодоогүй. Г.Т нь миний машины дугуйг төлөөд өгчихвөл надад Г.Тгээс өөр нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол, санал байхгүй байна. Миний биед учирсан баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлийг бол Д.Г гараараа цохиж учруулсан. Одоо санахад уг гэмтлийг бол Ч.Ц гараараа цохиж учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 хуу/

 

  Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Агийн мэдүүлсэн: ...Миний нөхрийг Цийн Б гэдэг юм. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орой 20 цагийн үед манай гэрт гэр бүлийн найзууд болох Д.Г, С.Т, Ч.Ц, Х, Б, Т нар болон эхнэрүүдийнх нь хамт нийлж шинэ жилийн баяр тэмдэглэсэн юм. Гэр бүл тус бүрээс 35.000 төгрөг цуглуулж нийлсэн юм. Бид нарыг идэж уугаад сууж байтал гаднаас Ө.Н, Ө.Аа, Н.Ж нар цагаан өнгийн “Портер-2” маркийн машинтай согтуу орж ирсэн юм. Энэ гурав хамт хэсэг суусан. Ө.Н Тгийн эхнэр Батчимэгийг алцгар гичий минь, дэвсгэр минь гэж хэл амаар доромжилж, Тг Дорнодын гуйлгачин, чи муу хүний шавхруу авч сууснаа мэдэж байна уу, та нар яаж ийм гуйлгачинтай нийлж байна гэж элдвээр хэлж доромжлоод хоорондоо маргалдсан юм. Тэгээд би Ө.Ныг аргадаж байгаад тэр гурвыг явуулсан юм. Бид нар ч ууж идээд дуусах тийшээ хандаж байсан юм. Тасарч унтах нь унтаад байж байтал Хгийн эхнэр Тэгшээ жирэмсэн болохоор гэртээ харьж унтана гээд алхаад явчихсан юм. Араас нь Ц, Б, Ш, Х бид нар машинтай яваад Тэгшээг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад харьсан юм. Бид нарыг ирэхэд Д.Г машинтайгаа ирээд зогсож байсан. Гэрийн урд хонины хашааны хажууд С.Т сөхрөөд суучихсан, хамар, амнаас нь цус гараад дээл хувцас нь цус болчихсон байсан. Бид нар хэн зодчихов гэтэл Д.Г хэлэхдээ Ө.Н, Ө.Аа, Н.Ж нар ирээд зодчихсон юм шиг байна гэж хэлсэн. Гэрээс урагшаа 100 гаруй метрийн зайнд хоёр машин зогсож байсан. Тийшээ би Ч.Ц, Д.Г, Ш, бид дөрөв очсон бөгөөд очиход Т, Ө.Н, Ө.Аа, А нар машиныхаа гадна зогсож байсан. Д.Г миний найзыг яагаад зодож байгаа юм гэж хэлээд Ө.Ныг нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн Ш Д.Гыг барьж аваад салгасан. Би Ө.Ныг машинд нь суулгах гэсэн боловч миний машины дугуйг хараач гээд суухгүй байсан. Тэгсэн чинь Ч.Ц Ө.Нт хоёулаа эр хүн шиг нэг, нэг цохилцъё гэж хэлсэн. Тэгээд Ч.Ц түрүүлээд Ө.Нын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Зөрүүлээд Ө.Н Ч.Цийн чих рүү нэг удаа цохиж авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо барилцаад авахаар нь дундуур нь орж салгасан. Хэсэг маргалдаж байгаад хоорондоо учраа олж эвлэрцгээгээд Ө.Нын дугуйг сольж өгөөд явуулсан юм. Т Ө.Нын машины урд хоёр дугуйг нь хагалсан гэсэн. Би тэрийг бол хараагүй. Тухайн үед Ө.Аа, А нар нь машинаас зайтай юу болсныг хараад байж байсан. Н.Ж нь цаашаа гүйж яваа харагдсан. С.Тыг зодуулж байхыг манай охин Б.Ариунзаяа харсан байсан. Би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Б.Ариунзаяа хэлэхдээ Н.Ж ах нь газарт унагаачихаад дээрээс нь дэвсээд байсан гэсэн. Хажууд нь хоёр хүн хараад зогсож байсан гэж хэлсэн. Намайг харж байхад бол цохиж авсан удаа байхгүй. Харин машиных нь урд хоёр дугуйг юугаар ч юм мэдэхгүй хатгаад хагалчихсан байсан. Ө.Нын баруун талын нүд нь хавдчихсан байсан. С.Тын урд 3 шүд нь хөдөлчихсөн, уруул нь язарч хавдсан, гар нь даагдахгүй байна гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/

 

  Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Оын мэдүүлсэн: ...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг өнгөрч байх үед манай нөхөр Н машинаа унаад Ихтамир сумын Бугат багийн нутаг Шивэрт гэх газарт байх Г гэх айлаас Т гэх залуугаар мал харуулахаар очиж авахаар явсан юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үүрээр 05 цагийн үед гэртээ ирсэн юм. Ирэхэд Нын хамар, 2 нүд нь хөхөрч хавдсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуухад замдаа айлаар орж архи уугаад Ихтамир сумын Бугат багийн нутаг Шивэртийн амны Ар цохио гэх газар хүмүүс нийлж архидаж байхад нь орж таараад зодуулсан гэж байсан. Г, Ц, Т нар нь нийлж зодсон гэж байсан. Машинаа унаад зугтаах гэхэд нь араас нь хөөж урдуур нь орж зогсоогоод Т гэх залуу хутгаар машиных нь урд 2 дугуйг хагалсан байсан. Хүний машины дугуй авч тавиад гэртээ ирсэн байсан. Толгой руу цохиж, зодсон болохоор толгой өвдөөд байна гээд болохгүй болохоор нь сумын эмнэлэг дуудаж үзүүлсэн. Сумын эмнэлэг аймаг руу авч явсан. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 8 хоног хэвтээд гарсан. Хот руу явж үзүүлэх шаардлагатай гэж эмч нь хэлсэн. Хамар нь хугарсан, хоёр нүд нь хөхөрсөн, хавдсан байсан. Толгой, цээж өвдөөд байна гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 66-69 хуу/

 

  Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Жын мэдүүлсэн: ...Би 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орой 23 цагийн орчим аймгийн төвөөс хөдөө гэр рүүгээ харих гэж явж байгаад замаараа Ө.Аа ахын гэрт орсон юм. Тэднийд сууж байтал гаднаас Ө.Н ах орж ирсэн юм. Тэгээд Ө.Аа ах баярын юм гээд нэг шил “Алтантүрүү” нэртэй 0.5 литрийн архи гаргаж бид гурав Хж уусан юм. Бид гурав юм ярьж байгаад би Ө.Н ахад танай найзууд чинь нийлж шинэ жил тэмдэглэж байна лээ гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Ө.Н ах Бугат багийн нутаг Ар цохио орчихоод ирье гээд бид гурав Ө.Н ахын машинтай хамт явсан юм. Тэгээд Бугат багийн нутаг Ар цохио гэх газар байх Бынд очсон юм. Тэдний гэрт нутгийн залуучууд гэр бүлээрээ нийлж шинэ жил тэмдэглэж байсан юм. Найзууд нь Ө.Н ахыг чамд хэлэх гээд утас чинь холбогдохгүй байсан гэж байсан. Ө.Н ах тэнд байсан Д.Гтай маргалдсан. Тэгэхдээ сүртэй асуудал болоогүй. Би юунаас болж маргалдсаныг нь бол мэдэхгүй. Тэгээд байж байтал тэнд байсан Г.Т гэх залуу надад хандаж бид нарыг нийлж байхад ирчихээд та нар юу вэ, зүгээр явж чадахгүй байна уу, ална шүү, зайл гэж хэлсэн. Ө.Н ах Г.Тг чи миний дүүтэй юм ярих гээд байна уу гэхэд гараад үзчихье, чиний мал ихтэй чинь хамаагүй шүү гээд хоорондоо маргалдсан юм. Би Ө.Н ах, Ө.Аа ах хоёрыг явъя гэж хэлээд бид гурав тэндээс явсан юм. Замаараа Улаанаа гэх айлаар орж нэг сав пиво Хж уучихаад А ахыг босгоод машиндаа суулгачихсан юм. Тэгээд явж байтал замд Ч.Ц машинтай Хгийн эхнэр Тэгшээг харав уу, явган гараад явчихлаа, замд чинь таараагүй биз гэж асуусан. Тэгэхээр нь бид нар юу болсон юм бол гээд Бын гэрийн гадна очоод би гэрт нь орчихоод гараад иртэл С.Т намайг үгийн зөрөөгүй, ална шүү гэж хэлээд нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би хойшоо ухартал А ах юу болоод байгаа юм гээд машинаас буугаад иртэл С.Т А ахыг мөргөх шиг болсон юм. Тэгсэн чинь А ах С.Тыг барьж аваад доошоо дараад хашааны хажууд газарт унагаасан юм. С.Т ална гээд орилоод байсан. Би чи намайг яасан гэж цохиж байгаа юм гэж уурандаа С.Тын нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд машиндаа суугаад явах гэтэл Т машинтайгаа ирээд бууж ирснээ Ө.Н ахын машины цонхонд дээр очоод буугаад ир гэж орилоод байсан. Би тэр үед Ө.Н ахын машины ачаа нь дээр гараад хэвтчихсэн байсан юм. Тэгээд машин хөдлөөд явтал араас Т машинтайгаа гүйцэж ирээд машинаасаа буугаад Ө.Н ахын машины баруун урд талын дугуйг хутгаар хатгаж хагалсан. Тойрч гүйснээ нөгөө талын дугуйг нь хагалсан. Ө.Н ахын машиных нь хаалга, цонхийг нь цохиж аваад буугаад ир, ална гэж орилоод байхаар нь би битгий буугаарай, хутгатай байна гэж хэлчихээд намайг бас ална гээд байхаар би буугаад буцаад гэр рүү гүйгээд орох гэж явтал С.Т мод барьчихсан тааралдаад барьсан модоороо нэг удаа миний толгой руу цохисон. Намайг ална гээд араас хөөгөөд байхаар нь би тэр чигтээ явган яваад Ө.Аа ахын гэрт очоод унтаад өгсөн юм. Тухайн үед толгой өвдөж байсан. Одоо зүгээр болсон байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй. А ах Тыг цохиж, зодоогүй. С.Т өөрөө согтуу ална гээд дайраад байхаар нь А ах согтуу хүнийг цохиод яах вэ гээд барьж аваад газар унагаасан. Харин би нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн минь үнэн. Харахад хутга байсан. Гартаа атгачихсан байсан болохоор бариул хэсэг нь ямар юм байсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Аын мэдүүлсэн: ...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орой намайг гэртээ байхад Н.Ж халамцуу орж ирсэн бөгөөд араас нь удаагүй Ө.Н эрүүл орж ирсэн юм. Тэгэхээр нь би авдарт байсан 0.5 литрийн “Алтантүрүү” нэртэй архийг гаргаж би өөрөө 2 хундага архи уусан бөгөөд үлдсэнийг нь Ө.Н, Н.Ж хоёр Хж уусан юм. Архиа ууж дуусчихаад Ө.Н нь өөрийнхөө үхрийг сурна гэж Ихтамир сумын Бугат багийн нутаг Ишгэнтийн амны Ар цохио гэх газар байх Бынд очихоор Ө.Нын Портер маркийн машинаар бид гурав хамт явсан юм. Бын гэрт очиход тэднийд олон хүмүүс нийлээд шинэ жилийн баяр тэмдэглэж байсан. Бүгд архи уугаад согтчихсон байсан. Ө.Н Д.Гтай юм яриад маргалдсан. Тэгэхдээ ямар нэгэн асуудал бол үүсээгүй юм. Удаагүй тэр хоёр маргалдахаа больсон. Н.Ж тэнд байсан Г.Т гэх залуутай бас маргалдаад байсан. Тэгэхэд Ө.Н өмөөрч Т гэх залуутай бас маргалдсан. Тухайн үед бол олон хүмүүс байсан болохоор тэд нарыг хоорондоо маргалдахаа боль гээд салгаад бид гурав Бын гэрээс гараад явсан. Хойшлоод эхлээд Улаанаа гэх айлаар орж 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 1 савыг уугаад Агийнд малын тэжээл асуух гэж очсон юм. Бид нарыг очиход А унтаж байсан. Босоод бид гуравтай хамт манайд очихоор болж Н.Ж болохоор замдаа Бынд үлдэхээр болоод явсан юм. Бын гэрийн гадна очоод зогсоход А, Н.Ж хоёр буугаад гэр рүү нь орох гээд алхаж явтал урдаас нь С.Т гарч ирээд шууд Н.Жыг цохиод авсан. Н.Ж хойшоо болтол С.Т Аг бариад авсан. Тэр хоёр хоорондоо барилцаж аваад А С.Тыг хонины хашааны хажууд татаад газарт унагаасан чинь Н.Ж ирээд С.Тын нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Би явъя гэж орилоод тэр хоёрыг дуудахад машины хажууд ирээд байж байтал Т гэх залуу машинтай ирсэн. Машинаасаа бууж ирээд С.Тыг газар байхыг хараад та нар зодсон байна, би та нарыг ална гээд Бын гэр рүү орж хутга барьж гарч ирснээ машины цонх руу цохиод буугаад ир, та нарыг ална гэж орилоод байхаар нь би Ө.Нын машиныг барьж явсан болохоор асаагаад хөдлөх гэтэл Т гэх залуу хутгаар машины зүүн урд талын дугуйг хагалсан. Тэгэхээр нь би яаж ч магадгүй юм байна гэж бодоод машин хөдөлгөөд явтал араас машинтайгаа давхиж ирээд урдуур орж зогсохоор нь би ухартал машинаасаа бууж ирээд баруун талын урд дугуйг хутгаараа дахиад хагалчихсан юм. Тэгээд бид нарыг машинаасаа буугаад ир, ална гээд орилоод байхаар нь буухгүй суугаад байсан чинь яваад өгсөн юм. Тэр үед Ө.Н, А, бид гурав машинд суучихсан явж байсан. Н.Ж хаашаа явсан юм мэдэхгүй алга болчихсон байсан. Машинаасаа буугаад дугуйгаа харчихаад буцаж суугаад явах гэж байтал Д.Г, Ч.Ц, Д, Б, С.Т, Ш нар ирсэн. Д.Г машинаас Ө.Ныг татаж буулгасан. Намайг машины нөгөө талаас С.Т буулгаад та нар намайг ийм болтол зодоод байхдаа яадаг юм гэж над руу дайраад миний толгой руу гараараа хоёр удаа цохиж авсан. Тэгсэн чинь Ч.Ц миний араас толгой руу гараараа нэг удаа цохиж газарт унагаасан. Тэгээд цээж рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Ш тэд нарыг салгасан юм. Машины нөгөө талд Ө.Нтай Д.Г, Ч.Ц хоёр зодоон хийгээд байгаа бололтой хоорондоо барилцаад авсан байсан. Би юу болсныг нь бол хараагүй болохоор мэдэхгүй байна. Д, Ш хоёр тэд нарыг салгаад байсан. Удаагүй маргалдаж, зодолдох нь зүгээр болоод Бын машины хоёр дугуйг авч Ө.Нын машинд тавиад явцгаасан юм. Машины хоёр талд байсан болохоор хэн нь хэнийгээ цохиж, зодож байгааг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Би Г.Т Ө.Ныг цохиж байхыг бол хараагүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Тухайн үед цээж бага зэрэг хөндүүрлэж байсан. Одоо бол зүгээр болсон байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй. Хоорондоо барилцаад авчихсан байсан. Татаж газарт унагаасан. Харин Н.Ж уначихсан байхад нь нүүр рүү нь өшиглөсөн юм. С.Т, Г.Т, Д.Г, Ч.Ц нар нь их согтсон байсан. Ө.Н бид хоёр архи уусан ч ухаантай байсан. А бол архи уугаагүй эрүүл саруул байсан юм. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би С.Т, Ч.Ц хоёртой уулзаж учир зүйгээ ололцсон...гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Нн мэдүүлсэн: ...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орой Ихтамир сумын Бугат багийн нутаг Ар цохио гэх газар байх Бын гэрт найзууд болох 7 гэр бүлээрээ нийлж шинэ жил тэмдэглэсэн юм. Тэгэхэд Ө.Н, Н.Ж, Ө.Аа гурав орж ирээд хамт хэсэг байж байгаад явцгаасан юм. Бид нар ч ууж идээд согтох нь согтоод, гэртээ харих нь явчихсан байж байсан. Тэгсэн чинь Тэгшээ гэх жирэмсэн эмэгтэй явган гэр рүүгээ алхаад явчихсан байхаар нь Ч.Ц, Д, бид гурав араас нь машинтай явж Тэгшээг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад иртэл С.Т зодуулчихсан гээд дээд уруул нь хавдаад цус гарчихсан, шүд нь хөдөлчихсөн гээд байж байсан. Д.Г харих гээд явчихсан байснаа бид нарыг ирэхэд бас ирчихсэн байсан. Ө.Н ирээд зодчихлоо гээд гэрийн урд машины гэрэл гарч байсан газар руу Д.Г, Ч.Ц хоёр явсан. Би Дтай хамт араас нь явсан юм. Тэнд Ө.Н машиныхаа хажууд зогсож байсан чинь Д.Г түрүүлж очоод Ө.Нын нүүр рүү нь гараараа цохиж аваад тэр хоёр барилцаад авсан юм. Би Д.Гыг салгахад зөрөөд Ч.Ц барилцаад авсан. Би шууд Д.Гыг чирээд Бын гэр рүү явж байтал хашааны хажууд А ахтай тааралдсан. А ахаас С.Тыг хэн зодсон талаар асуухад Н.Ж нүүр рүү нь өшиглөсөн гэж байсан. Өөрөө Н.Жыг хайчихсан явж байсан юм. Бын гэрт ороод байж байтал машины дугуй сольж тавих юм болоод Бын машины урд хоёр дугуйг тайлж аваад Ө.Нын машинд тавьж өгөөд явууллаа гэж байсан. Д тэнд үлдсэн болохоор юу болсныг мэдэж байгаа байх. Би Д.Гыг салгаж аваад явсан болохоор мэдэхгүй байна. Би хараагүй болохоор мэдэхгүй байна. Г.Т миний мэдэхийн Ө.Нын машины 2 дугуйг хагалсан юм. Бид нар бол бүгдээрээ согтуу байсан. Ө.Н, Н.Ж нар согтуу байсан. Харин А, Ө.Аа хоёр бол эрүүл байсан. Машины нөгөө талд нь ганцаараа зогсож байсан. Ойр хавьд нь ямар нэгэн хүн байгаагүй. Би С.Тыг бол хараагүй. Намайг байхад бол тийм зүйл болоогүй. Намайг явснаас хойш юу болсныг бол би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Агийн мэдүүлсэн: ...2020 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Ихтамир сумын Бугат багийн нутаг Ишгэнтийн амны Навчит гэх газар байх гэртээ унтаж байхад манайд Ө.Н, Ө.Аа, Н.Ж гурав орж ирсэн. Ө.Аа эрүүл шахуу байсан. Ө.Н, Н.Ж хоёр халамцуу байсан. Ө.Н намайг явж Хайрхан сумаас малын тэжээл ачиж ирье гэхээр нь босч хувцсаа өмсөөд Ө.Нын машинд суусан. Тэгсэн чинь Н.Ж Бын гэрт очиж тэнд үлдэнэ гэхээр нь Ихтамир сумын Бугат багийн нутаг Ар цохио гэх газар байх Бын гэрийн гадна очиж Н.Ж бид хоёр буугаад гэр рүү нь орох гээд явж байтал С.Т нилээд согтуу гарч ирээд Н.Жыг цохиод авсан. Над руу ирснээ намайг барьж авснаа чи муу дүүгээ алсан алуурчин гэж орилж дайраад байхаар нь би миний дүү тийм зүйл ярьж болдоггүй юм гэж хэлсэн. Тэгсэн чинь цохих гэж дайраад байхаар нь би барьж аваад татаад газарт өвдгөөр нь сөхрүүлээд суулгахад Н.Ж ирээд нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Би Н.Жыг чи хүн өшиглөж яаж байгаа юм гэж хэлсэн. С.Тын уруул хавдаад цус гарчихсан байсан. Тэгээд байж байтал Г.Т гэх залуу ирээд та нар С.Тыг зодсон байна, та нарыг ална гэж орилоод байсан. Нэг мэдэхэд Г.Т гартаа хутга барьчихсан, та нарыг ална гэж дайраад байсан. Тэр үед би Ө.Нын машинд суучихсан байсан. Машины хаалга цонх цохиод буугаад ир ална гэж байснаа баруун урд талын дугуйг хутгаар хагалсан. Ө.Аа машин барьж явсан болохоор согтуу хүн яаж ч магадгүй гээд хөдлөөд явтал араас машинтай гүйцэж ирж урдуур орж зогсоод машинаасаа бууж ирээд зүүн урд талын дугуйг хутгаар хагалсан юм. Н.Ж машины ачаан дээр суучихсан байснаа тэр үед буугаад явчихсан байсан. Машин явахгүй болохоор нь бид гурав буугаад машины дугуйгаа харчихаад би Бын гэр рүү алхаж очоод хүн байхгүй болохоор нь тэнд хэсэг байж байгаад буцаад машин дээр очтол Б, С.Т, Г.Т, Ш нар Ө.Нын машины дугуйг сольж тавьж өгнө гээд байж байсан. Тэгээд Бын машины хоёр дугуйг авч Ө.Нын машинд сольж тавьчихаад бид нар явцгаасан юм. Машины дугуй сольж байхад Нын нүд нь хөхөрч хавдсан,  толгой өвдөөд байна гээд газар хэвтчихээд цасаар толгойдоо жин тавиад байсан. Намайг зодчихлоо л гэж байсан. Тэрнээс хэн зодсон талаараа юм яриагүй. Би ч тэр талаар нь асуугаагүй. Би тэр зодоон болсныг бол хараагүй. Намайг машинаас буугаад Бын гэр рүү явчихаад ирэх хооронд зодоон болсон юм шиг байсан. Тэрнээс намайг байхад бол зодоон болоогүй. Ө.Нын нүд нь хөхөрч хавдсан нь үнэн. Тэрийг хэн цохиж гэмтээснийг би мэдэхгүй. Ө.Нын нүүр царай манайд орж ирээд явахад бол зүгээр байсан. Би хараагүй болохоор мэдэхгүй байна. Г.Т миний мэдэхийн Ө.Нын машины 2 дугуйг хагалсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Тын мэдүүлсэн: ...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орой Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Ишгэнтийн Ар цохио гэх газарт байх Бын гэрт нутгийн найзууд гэр бүлээрээ нийлж шинэ жилийн баяр тэмдэглэсэн юм. Тухайн үед архи зарахгүй, пиво зарж байсан болохоор пиво авсан байсан. Баяраа тэмдэглээд байж байтал гаднаас Ө.Н, Ө.Аа, Н.Ж гурав орж ирсэн. Хэсэг хамт сууж байгаад явцгаасан юм. Тэгээд би согтсон байсан. Хүмүүс явах нь яваад өгсөн байсан. Бын гэрээс гараад бие засах гээд явж байтал нутгийн Атай тааралдсан. Би согтуудаа Ад янз бүрийн зүйл яриад хоорондоо барилцаад авчихсан байхад Н.Ж хажуу талаас миний нүүр рүү хөлөөрөө өшиглөөд яваад өгсөн юм. Би нүүр рүүгээ өшиглүүлээд, бас дээр нь согтуу байсандаа ухаан балартсан байсан. Нэг мэдэхэд Бын гэрт сэрсэн юм. Сүүлд нь сонсоход намайг зодуулчихсан байхаар нь Г.Т Ө.Нын машиныхан дугуйг хагалж, Д.Г, Ч.Ц хоёр очиж нэг, нэг цохиж авсан гэж байсан. Би энэ талаар санахгүй байгаа юм. Би Ө.Аатай ойртоогүй. Түүнийг цохиж, зодсон зүйл байхгүй. Би хүн цохих тийм чадалгүй байсан. Согтоод хөл дээрээ ч сайн явж чадахгүй байсан. Би Н.Жыг цохиж, зодсон зүйл байхгүй. Дүгнэлттэй уншиж танилцлаа. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй байна. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Тгийн мэдүүлсэн: ...Тухайн шөнө 02 цагийн үед Н, Ж нар орж ирсэн. Тэгээд Н намайг чи Баярхүүгийн шавхрууг авч суусан Дорнодын гуйлгачин гэж хэл амаар доромжилчихоод гараад явсан. Тэгээд би машинаа унаад Түвшээ гэх эмэгтэй найзыгаа хайх гээд гарч яваад буцаад ирэхэд манай найз Тыг Н зодчихоод зугтаах гэж байхад нь би та нар учраа олцгоо гээд багажны хутгаа гаргаж ирээд Нын машины урд хоёр дугуйг нь хагалсан. Өөр зүйл болоогүй. Би Ныг зодоогүй. Ц, Т хоёр нэг нэг л цохисон. Өөр зодоон, цохион болоогүй. Тыг зодчихоод машинаа асаагаад зугтах гэж байхад нь би учраа олчихоод яв гээд дугуйг нь хагалсан. Н зодсон гэж Баяраагийн охин хэлсэн. Би бол өөрийн нүдээр хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Цийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Ишгэнтийн амны Ар цохио гэх газар байх найз Бын гэрт гэр бүлээрээ нийлж шинэ жилийн баяр тэмдэглэсэн юм. Цугласан хүмүүс ууж идэцгээж байхад гаднаас Ө.Н нь Ө.Аа, Н.Ж нар орж ирсэн юм. Ө.Н, Н.Ж хоёр халамцуу байсан. Бид нартай нийлж хэсэг сууж байгаад Тгийн эхнэртэй маргалдаад байсан. Тэнд байсан хүмүүс Ө.Ныг явуулсан. Цаг орой болж цугласан хүмүүс тарцгааж, би Тэгшээ гэх жирэмсэн эмэгтэйг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад Бын гэрийн гадна иртэл Д.Г буцаад ирчихсэн Ө.Тыг Ө.Н болон хамт явсан хүмүүс нь зодчихлоо гэж хэлсэн. Тэгсэн чинь Ө.Н гэрээс ойрхон машин нь харагдахаар нь Д.Г бид хоёр тэр зүгт нь алхаад очсон. Д.Г надаас түрүүлээд очиж Ө.Нтай барилцаад авчихсан байсан. Тэр хоёрыг салгасны дараа би Ө.Нтай барилцаж аваад чи яахаараа зүгээр байсан хүнийг зоддог юм гэж хэлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон юм. Би Ө.Ныг өөр цохиж, зодсон зүйл байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Ө.Нын машины урд хоёр дугуй хагарчихсан байсан. Тэгэхдээ би хэн хагалсныг бол хараагүй. Т өөрөө хэлэхдээ Ө.Тыг зодчихоод зугтаахаар нь би араас нь очоод дугуйг нь хагалчихсан гэж хэлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Гы дахин мэдүүлсэн: ...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орой Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Ишгэнтийн амны Ар цохио гэх газар байх найз Бын гэрт нутгийн найзууд болох хүмүүс гэр бүлээрээ цугларч шинэ жилийн баяр тэмдэглэсэн юм. Цаг орой болсон байхад Ө.Н, Ө.Аа, А, Н.Ж нар халамцуу орж ирсэн юм. Бид нартай нийлж хэсэг сууж байгаад маргаан болоод Ө.Н тэд нар яваад өгсөн байсан. Ө.Н манай найзын эхнэрийг хэл амаар доромжлоод хоорондоо маргалдсан гэж байсан. Цугласан хүмүүс тарцгааж, би ч гэсэн гэр рүүгээ явж байгаад буцаад Бын гэрийн гадна очиход Ө.Тыг хүн зодсон байсан. Ө.Т нь өөрөө хэлэхдээ Ө.Н намайг зодчихлоо гэж хэлсэн юм. Удаагүй Ч.Ц машинтай ирсэн. Би Ч.Цд Ө.Тыг Ө.Н ирээд зодчихсон байна гэж хэлээд бид хоёр Ө.Нын байгаа газар руу алхаад явсан юм. Очиход Ө.Н машинаасаа буугаад өөдөөс ирж явсан. Би Ө.Нт чи яагаад манай найзыг зодсон юм бэ гэж хэлээд би Ө.Нын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед намайг Х.Н салгаад аваад явсан. Миний хувьд өөр нэмж цохиж зодсон зүйл байхгүй. Би дүгнэлттэй танилцсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 28 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ө.Нын биед тархи доргилт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 16 хуу/ 

 

  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 05 хуу/

  Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-12 хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 145-146 хуу/

  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 149-150 хуу/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Ишгэнтийн амны Ар цохио гэх газар хохирогч Ө.Н нь бусдад зодуулж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Ц, Д.Г нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ч.Ц, Д.Г нар нь бүлэглэж 2020 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Ишгэнтийн амны Ар цохио гэх газар хохирогч Ө.Ныг зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Нын мэдүүлсэн “Удаагүй би машинаасаа буухад Г алхаж ирснээ шууд гараараа нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд би Гыг бариад авахад хажуу талаас Ц ирээд гараараа нүүр рүү цохисон. Өглөө хамар, нүд, дух зэрэг хөхөрч хавдсан. Толгой өвдөөд бие даагдахгүй, хамраас цус гараад байхаар нь эмнэлэг дуудаж үзүүлсэн юм. Хамрын таславч муруйсан, баруун нүд хөхөрч хавдсан, тархи доргисон байна. Нүдний уг руу хатгаж өвдөөд шилэн хүзүү, нугас руу хөшиж, даралт ихэссэн байсан. Г, Ц хоёр цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 61-65, 105-106/,

 

  мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Агийн мэдүүлсэн “Д.Г миний найзыг яагаад зодож байгаа юм гэж хэлээд Ө.Ныг нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн Ш Д.Гыг барьж аваад салгасан. Би Ө.Ныг машинд нь суулгах гэсэн боловч миний машины дугуйг хараач гээд суухгүй байсан. Тэгсэн чинь Ч.Ц Ө.Нт хоёулаа эр хүн шиг нэг, нэг цохилцъё гэж хэлсэн. Тэгээд Ч.Ц түрүүлээд Ө.Нын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Зөрүүлээд Ө.Н Ч.Цийн чих рүү нэг удаа цохиж авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо барилцаад авахаар нь дундуур нь орж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/,

 

 мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Оын мэдүүлсэн “2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үүрээр 05 цагийн үед гэртээ ирсэн юм. Ирэхэд Нын хамар, 2 нүд нь хөхөрч хавдсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуухад замдаа айлаар орж архи уугаад Ихтамир сумын Бугат багийн нутаг Шивэртийн амны Ар цохио гэх газар хүмүүс нийлж архидаж байхад нь орж таараад зодуулсан гэж байсан. Г, Ц, Т нар нь нийлж зодсон гэж байсан. Толгой руу цохиж, зодсон болохоор толгой өвдөөд байна гээд болохгүй болохоор нь сумын эмнэлэг дуудаж үзүүлсэн. Хамар нь хугарсан, хоёр нүд нь хөхөрсөн, хавдсан байсан. Толгой, цээж өвдөөд байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-69/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Аын мэдүүлсэн “Машинаасаа буугаад дугуйгаа харчихаад буцаж суугаад явах гэж байтал Д.Г, Ч.Ц, Д, Б, С.Т, Ш нар ирсэн. Д.Г машинаас Ө.Ныг татаж буулгасан. Намайг машины нөгөө талаас С.Т буулгаад та нар намайг ийм болтол зодоод байхдаа яадаг юм гэж над руу дайраад миний толгой руу гараараа хоёр удаа цохиж авсан. Тэгсэн чинь Ч.Ц миний араас толгой руу гараараа нэг удаа цохиж газарт унагаасан. Тэгээд цээж рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Ш тэд нарыг салгасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Нн мэдүүлсэн “Тэнд Ө.Н машиныхаа хажууд зогсож байсан чинь Д.Г түрүүлж очоод Ө.Нын нүүр рүү нь гараараа цохиж аваад тэр хоёр барилцаад авсан юм. Би Д.Гыг салгахад зөрөөд Ч.Ц барилцаад авсан. Би шууд Д.Гыг чирээд Бын гэр рүү явж байтал хашааны хажууд А ахтай тааралдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Агийн мэдүүлсэн: Машины дугуй сольж байхад Нын нүд нь хөхөрч хавдсан,  толгой өвдөөд байна гээд газар хэвтчихээд цасаар толгойдоо жин тавиад байсан. Намайг зодчихлоо л гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Тын мэдүүлсэн “Нэг мэдэхэд Бын гэрт сэрсэн юм. Сүүлд нь сонсоход намайг зодуулчихсан байхаар нь Г.Т Ө.Нын машиныхан дугуйг хагалж, Д.Г, Ч.Ц хоёр очиж нэг, нэг цохиж авсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

 

            мөрдөн байцаалтын шатанд Ч.Цийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Д.Г надаас түрүүлээд очиж Ө.Нтай барилцаад авчихсан байсан. Тэр хоёрыг салгасны дараа би Ө.Нтай барилцаж аваад чи яахаараа зүгээр байсан хүнийг зоддог юм гэж хэлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134/,

 

мөрдөн байцаалтын шатанд Д.Гы яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би Ч.Цд Ө.Тыг Ө.Н ирээд зодчихсон байна гэж хэлээд бид хоёр Ө.Нын байгаа газар руу алхаад явсан юм. Очиход Ө.Н машинаасаа буугаад өөдөөс ирж явсан. Би Ө.Нт чи яагаад манай найзыг зодсон юм бэ гэж хэлээд би Ө.Нын нүүр рүү гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/,

 

хохирогч Ө.Нын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 28 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Чийн Ц, Б овогт Дын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ч.Ц, Д.Г нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Ц, Д.Гы нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Хохирогч Ө.Н нь хохирол, төлбөртэй холбоотой баримтыг ирүүлээгүй тул түүнд энэ шийтгэх тогтоолоор гаргаж олгох хохиролгүй бөгөөд хохирогч Ө.Н нь бусад учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

 

Шүүгдэгч Ч.Ц, Д.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зүйл заалтад хамаарч байх тул Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Ц, Д.Г нарт холбогдох хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосон байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц, Д.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ч.Ц, Д.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Чийн Ц, Б овогт Дын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Ц, Д.Г нарт холбогдох хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Ч.Ц, Д.Г нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Ц, Д.Г нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ө.Н нь учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц, Д.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ