| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0207/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/219 |
| Огноо | 2022-08-16 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Ч.Чулуунбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Эн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Угаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Чын Чулуунбатад холбогдох 221000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын 3 дугаар багийн Ухаа чулуутын ам гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Чын Чулуунбат /РД:А00000000/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ч.Чулуунбат нь 2021 оны 08 дугаар сар, 2021 оны 11 дүгээр сар, 2022 оны 02 дугаар сар, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.Алтантариаг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 221200 дугаартай эрүүгийн хэргээс:
*Хохирогч У.Алтантариагийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай Борт багт Урт булгийн овоог тахисан. Тэгсэн манай тэнд байдаг нэг хүн танай хүүхдээр морио унуулах гэсэн юм хүүхдээ аваад ирээч гэсэн. Манай нөхөр хүүхдээ аваад овооны наадамд явсан. Тэгсэн манай хүүхдээр морь унуулсан хүн нь манай хүүд 10.000 төгрөг өгсөн байна лээ. Тэгсэн манай нөхөр хүүхдээсээ 10.000 төгрөгийг нь аавдаа өгчих аав нь 1 шил архи авч уучихаад гэртээ хариад зүгээр унтаад өгнө гэсэн байна лээ. Тэгээд гэртээ нэлээн согтуу ирсэн. Тэгснээ надад агсан тавиад намайг хүнтэй хардаад чи янхан өөр хүнтэй унтаж хэвтсэн, муу дүрвэд шээс гээд хэл амаар доромжлоод над руу сандал авч шидэхээр нь би бултсан чинь миний хажуугаар гараад явсан. Манай том хүү аавдаа та надад амласан биз дээ та унтчихаач гэсэн чинь унтахгүй над руу дайраад байсан. Миний 2 хөлийн өвдөг хэсэг рүү ээлжилж 3-4 удаа өшиглөсөн. Би арай гэж аргадаад унтуулсан чинь маргааш өглөө нь босож ирээд урд өдөр нь авч ирсэн 1 том пиво, хагас шил архиа уугаад согтоод надад дахиж агсан тавиад, би машинтайгаа Донгой явж архи авч ууна машинтайгаа Донгой яваад ирэхдээ Батбэх, Энхцэцэг гэдэг 2 хүнтэй хамт Донгой явсан байсан. Тэгээд гэртээ ирээд байж байсан чинь Бат-Өлзий гэдэг хүн манайд ирсэн. Манай нөхөр авч ирсэн архиа ууж дууссан чинь надад агсан тавиад намайг гичий янхан манайхаас зайл гээд хэл амаар доромжилсон чинь Бат-Өлзий өө чамайг чинь найз гэж бодсон чинь ийм хүн байсан юм уу эхнэртээ агсан тавиад гэхээр нь би танай найз чинь ийм л болчхоод байгаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд жаахан байж байтал Бат-Өлзий хониндоо яваад би Батбэх, Энхцэцэг хоёрыг гэрт нь хүргэж өгсөн. Би гэртээ хариагүй Чулуунбат одоо согтуу байгаа юм чинь намайг зодно надад агсан тавьж намайг хэл амаар доромжилно тэгэхээр нь явсан нь дээр юм байна гэж бодоод машинаараа аймгийн төв рүү аавындаа ирсэн. 2011 онд нэг гэрт орсон. Хамт амьдраад 11 жил болж байна. Би 1 дагавар хүүхэдтэй Чулуунбаттай суусан Чулуунбаттай суугаад 3 хүүхэдтэй болсон. Ер нь архи уугаад согтохоороо намайг зодоод надад агсан тавиад хэл амаар доромжлоод байдаг юм. Тэр өдөр овооны наадамд явж ирээд надад агсан тавиад намайг цохиж зодсон. Миний 2 хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Өшиглөсөн газар нь хөхөрчихсөн байсан. Одоогоос бараг 7 хоногийн өмнө намайг бас зодоод зүүн талын мөр хөхөрсөн байгаа одоо ч гэсэн толгой өвдөөд байгаа юм. 2022 оны 05 дугаар сарын 27-ны орой унтах гээд орондоо орсон байсан чинь манай нөхөр чи 7 хоног юу хийж байгаад ирсэн бэ гээд намайг чи янхан, аймагт хэнтэй унтсан хэл чи гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний хань битгий уурла, уурлаж болохгүй гэсэн чинь эхлээд хамар руу тохойлдсон миний хамраас цус гарахаар нь би босоод цусаа угаагаад тогтоосон. Тэгээд би буцаад орон дээр сууж байсан чинь зүүн талын мөр рүү юугаар цохисныг нь мэдэхгүй цохисон. Тэгсэн дахиад зүүн талын шанаа руу гараараа цохисон чинь цохисон хүчинд нь би цаашаа буйдангийн ар талын түшлэгийг нь баруун шанаагаараа мөргөсөн. Буйдан тулах гэж байгаад би өөрийнхөө баруун гарынхаа эрхий хурууг тулгалсан. Манай 3 хүүхэд аймгийн төвд хадам ээжийнд байдаг юм. 2022 оны 05 дугаар сарын 20-ны үеэр манай хадам ээж хот руу биеэ үзүүлэх гэж явсан. Би аймгийн төвд хүүхдүүдээ харж байгаад хадам ээжийг ирэхээр нь гэртээ ирсэн чинь манай нөхөр хардаад намайг зодсон. Цагаан сарын үеэр бас намайг зодсон. Өмнө нь бас нэлээн хэдэн удаа зодож байсан тэр болгонд нь хадам ээж болон бусад хүмүүст хэлээд байдаггүй юм. Манай хамаатны айлууд болох Уртнасан, Бат-Уяа гэдэг айлууд нөгөө талын аманд байдаг. Манай нөхөр намайг зодохоор нь би утсаар яриад Уртнасан, Бат-Уяа нар манайд ирээд намайг аваад гэр рүүгээ явж л байсан. Тэгээд манай нөхөр ирээд уучлалт гуйгаад дахиад ингэхгүй тэгэхгүй гээд байхаар нь би буцаад очдог дахиад л архи уухаараа юм уу эрүүл байсан ч гэсэн хардаж сэрдээд намайг цохиж зодоод байдаг юм. Би гомдолтой байна олон удаа зодуулсан би зодуулчихаад аймгийн төвд аавындаа ирэхээр араас ирээд уучлалт гуйгаад худлаа үнэн ярьж байгаад намайг аваад явдаг. Яг хэвээрээ хардаж уурлаад хэл амаар доромжлоод цохиж зодоод байдаг юм. Харж үзээгүй байж хий хоосон хардаад байхаар надад үнэхээр хэцүү байдаг юм. Би нөхөртөө чи ядаж намайг баримттай хард би зүгээр байж байгаад хардуулахаар надад хэцүү байна гэхээр чи угаасаа янхан ш дээ гичий минь гээд байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/,
*Хохирогч У.Алтантариагийн дахин өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Манай нөхөр Ч.Чулуунбат ер нь архи уухаараа жаахан догшин ширүүн ааш зантай, надтай болон бусад хүмүүстэй хэрэлдэж маргалдах гээд байдаг. 2021 оны 08 дугаар сарын хэдэнд гэдгийг нь санахгүй байна архи уусан согтуу байхдаа намайг үсдэж аваад үснээс чирээд зодож байсан. 2021 оны 11 дүгээр сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна манай нөхөр бас архи уучихаад миний үснээс зулгаагаад зодож байхад хажуу айлын Бямбаа гэдэг хүн орж ирж арай гэж салгасан. Миний уур хүрээд дандаа үснээс зулгаагаад зодоод байхдаа яадаг юм бэ гээд аавын эгчийнх нь хүүхэд болох Уртнасан ахыг дуудаад намайг ирээд аваадах Чулуунбат намайг зодоод байна гэж хэлсэн Уртнасан ахыг ирэх хооронд Чулуунбат унтаад өгсөн. Би Уртнасан ахынд хоноод маргааш өглөө нь архи нь гараад эрүүл болсон байх гээд гэртээ харьсан. 2022 оны 02 дугаар сарын хэдэнд гэдгийг нь санахгүй байна цагаан сараар шинийн 1-нд архи уучихаад согтуу байхдаа намайг зодсон. Намайг тэр үед миний хөл рүү 2-3 удаа өшиглөсөн, зүүн нүд рүү цохиод зүүн нүдний доод зовхи болон хацрын овгор яс хавдаж хөхөрсөн байсан. Манай хадам ээж 2022 оны 05 дугаар сарын 20-ны үеэр санагдаж байна Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтэхээр явсан. Тэр үед нь би хүүхдүүдээ хараад аймгийн төвд хадам ээжийнд байсан. Тэгээд хадам ээж хотоос ирээд би хөдөө гэртээ ирсэн чинь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр орой унтах гэж байсан чинь манай нөхөр Чулуунбат архи уугаагүй цоо эрүүл байхдаа намайг аймгийн төвд 7 хоног юу хийсэн бэ хэнтэй унтаж, янхандаж байгаад ирсэн бэ гээд байхаар нь чи юу яриад байгаа юм бэ ханиа унтчих гэсэн чинь хэвтэж байхдаа тохойгоороо миний хамар руу цохиод хамраас цус гаргасан. 2019 онд шиг санаж байна бас намайг зодоод агсан тавиад байхаар нь Уртнасангийн ээж цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд аваад явах гэхээр нь би цагдаа нартай хамт сумын төвд ирээд надад гомдол санал байхгүй гээд буцаагаад нөхөр Чулуунбатыг аваад гэр рүүгээ явж байсан. Сая 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр архи уугаад согтуу намайг зодохоор нь би өөрөө аймаг ороод аймгийн цагдаад өргөдөл өгч шалгуулсан юм. Архи ууж согтохоороо намайг зодоод байдагт нь би гомдолтой байна. Ер нь манай ойролцоо байдаг хамаатан садан болон нутгийн хүмүүс мэддэг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/,
*Хохирогч У.Алтантариагийн дахин өгсөн: “... Чулуунбат миний нөхөр байгаа юм. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Манай нөхөр надаас уучлалт гуйсан. Архинаас гарна гэдгээ амласан. Надад ямар нэг санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 хуу/,
*Гэрч Л.Энхцэцэгийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай багийн Урт булгийн овоог тахисан. Тэр наадамд манай нөхөр Батбэх морь уяад Чулуунбатын хүүхдээр унуулаад 10.000 төгрөг өгөөд ундаа чихэр жимс авч өгсөн. Тэгсэн Чулуунбат тэр өдөр жаахан архи уучихсан халамцуу байсан. Чулуунбат хүүхдээ аваад гэр лүүгээ харьсан манай гэр Чулуунбатынхтай саахалт байдаг. Маргааш 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нөхөр бид 2 гэртээ байж байсан чинь Чулуунбат эхнэртэйгээ манайд ирээд хамт Донгой яваад ирье гэхээр нь нөхөр бид 2 хамт Донгой явсан. Тэгээд эргээд Чулуунбатын гэрт ирээд архи пиво ууж байсан чинь Бат-Өлзий гэдэг хүн ирээд тэрнээс нь хамт уусан. Тэгээд архи пиво дуусаад бид 2 харих болсон чинь Чулуунбатын эхнэр Алтантариа нөхөр бид 2-ыг өөрийнхөө машинаар манайд хүргэж өгсөн. Өөр ямар нэг зүйл болоогүй. Алтантариа манай нөхөр бид 2-ыг гэрт хүргэж өгөх гээд явахад Чулуунбат унтлаа гээд үлдсэн. Тэгсэн нэлээн орой Чулуунбат манайх руу залгаад Алтантариа танайд байна уу гэхээр нь манайд байхгүй гэсэн тэгсэн аймаг явчихсан байсан юм байна лээ. Жаахан хэрэлдэж маргалдаад байсан гэхдээ тийм сүртэй зүйл болоогүй. Эрүүл юм шиг байсан. Би сайн ажиглаагүй жаахан халамцуу байсан байж магадгүй. Хэрэлдэж маргалдаж байсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Надад эхнэр нь тэр талаар ярьж байгаагүй. Зодож цохиж байсан талаар нь мэдэхгүй. Чулуунбат эхнэрээ зодсон гэнэ гэж яригдаж байгаагүй. Чулуунбат ер нь гайгүй хүн хааяа нэг халамцуу явж л байдаг гэр орондоо ямар хуу ааш зантайг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,
*Гэрч Г.Уртнасангийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сард санагдаж байна шөнө унтаж байсан чинь Алтантариа манайх руу утсаар яриад Чулуунбат архи уучихсан агсан тавиад намайг зодоод байна та ирээд намайг аваад амь авраадхаач гэхээр нь би Чулуунбатын гэрт очсон чинь Чулуунбат архи уучихсан согтуу унтаж байсан. Тэгсэн цуг өвөлжиж байсан Бямбаа гэдэг залуу арай гэж унтууллаа гэж ярьж байсан. Би Алтантариаг аваад гэртээ ирсэн. Маргааш өглөө нь нөхөр Чулуунбат нь ирээд эхнэр Алтантариагаа аваад гэр лүүгээ явсан. Сүүлд нь 2022 оны 05 дугаар сард байх шөнө унтаж байсан чинь манай ээж Оюунцэцэг манайд ирээд Алтантариа манайх руу утсаар яриад ирээд аваадах гээд байна гэхээр нь би яасан юм бол гэсэн чинь манай ээж Чулуунбатын эмэгтэй дүү нь нөхөртэйгөө ирээд пиво уусан юм шиг байна. Чулуунбат нь агсан тавиад зодоод байна гэсэн гэнэ гэхээр нь би ээжтэй хамт Чулуунбатынд очсон чинь Чулуунбат гар нь цус болчихсон байхаар нь яасан юу болсон гэсэн чинь Чулуунбат жаахан маргалдсан тэрнээс зодож цохисон юм байхгүй шүү гэж байсан Алтантариа ширээн дээр байсан шилэн аягыг цохиж хагалаад гараа зүсчихсэн гэж ярьсан. Тэгэхээр нь ээж бид 2 Алтантариаг машиндаа суулгаад ээж аваад гэр лүүгээ явсан аавынд хоноод маргааш өглөө нь ээж Алтантариаг зам руу хүргэж өгөөд замын машинд суулгаад аймаг руу явуулсан гэсэн. 2021 оны 11 дүгээр сард намайг Чулуунбатынд очиход хажуу айлын залуу нь арай гэж унтууллаа гэж байсан Алтантариа явна гээд хувцсаа цүнхэнд хийсэн байсан. Хавар очиход дүү нар нь ирсэн гээд Чулуунбатын гараас цус гарчихсан би зодож цохисон юм байхгүй шүү гээд байж байсан. Өвөл очиход Алтантариа Чулуунбат архи уучхаад агсан тавиад намайг зодоод байна гэж ярьж байсан. Хавар очиход мөн л адилхан архи уучхаад агсан тавиад намайг зодож цохисон гэж ярьж байсан. Архи уусан үедээ хүмүүстэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Гэрт нь очихоороо гэр орондоо агсан тавиад байдаг гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/,
*Гэрч Л.Бат-Уяагийн өгсөн: “...Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна шөнө унтаж байхад манайх руу Алтантариа утсаар яриад та манайд хүрээд ирээч манай нөхөр Чулуунбат архи уучихсан надад агсан тавиад, намайг зодоод байна гэхээр нь шөнө болсон байна ахад нь унаа машин байхгүй байна гээд би Алтантариагаас одоо тэгээд зодоод байгаа юм уу гэсэн чинь түрүүн зодоод байсан одоо гайгүй байна гэхээр нь тэгвэл гайгүй байлгүй дээ гээд би утсаа салгаад унтаад өгсөн. Тэгсэн сая 2022 оны 05 дугаар сарын хэдэн гэдгийг нь санахгүй манайд хүмүүс ирчихсэн унтаж байсан чинь манай утас руу Алтантариа залгаад байхаар нь би утсаа аваагүй хүмүүсийн дэргэд ямар хэрүүл уруул яриад байлтай нь биш гэж бодсон юм. Тэгсэн урд орой нь Алтантариагийн нөхөр Чулуунбатын эмэгтэй дүү нь нөхөртэйгөө ирсэн гэнэ гэж яригдаж байсан. Тэгэхээр нь би бас ууж идээд нөхөр нь агсан тавиад зодож цохисон юм байлгүй гэж бодоод өнгөрсөн. Тэгсэн маргааш нь манай эхнэр Сувданчимэг Баяраа гэдэг айлд ямаа самнаж байсан чинь манай аавын эгчийн хүүхэд болох Уртнасангийн ээж Оюунцэцэг ямаа самнаж байхдаа би Алтантариаг төв зам руу хүргэж өгөөд машинд суулгаж өглөө гэж ярьсан. Тэгэхээр нь би шөнө Уртнасан Чулуунбатын гэр лүү явж Алтантариаг гэртээ авч ирсэн юм байна гэж ойлгосон. Тэгээд 2 хоногийн дараа шиг санагдаж байна би Чулуунбатынд очсон чинь Алтантариа байхгүй Чулуунбат 1 хүүхэдтэйгээ гэртээ байж байсан. Чулуунбатаас яагаад юу болсон талаар нь асуусан чинь манай охин дүү нөхөртэйгөө цуг манайд ирсэн уг нь бүгдээрээ л хамт архи пиво уусан тэгсэн чинь л яваад өгсөн гэж ярьсан. Ер нь бол архи олдвол уучихдаг л юм шиг байна лээ. Архи уусан үедээ уг нь янз бүрийн ааш байхгүй юм байна лээ. Надтай архи уучихсан согтуу таарч л байсан надад янз бүрийн юм ярьж байгаагүй. Намайг гэрт нь очиход янз бүрийн юм мэдэгддэггүй. Ямар ч байсан хэзээ гэдгийг нь санахгүй байна нэг шөнө манайх руу Алтантариа утсаар яриад Чулуунбат архи уучихсан согтуу намайг зодоод байна гэж ярьж байсан, дараагийнх нь удаа шөнө манайх руу залгахаар нь манайд зөндөө хүмүүс унтаж байсан болохоор би утсаа аваагүй. Тэгсэн маргааш нь Алтантариаг Уртнасангийн ээж төв зам дээр хүргэж өгөөд машинд суулгаад явуулсан гэж байсан тэгэхээр нь би шөнө Уртнасанг гэрт нь очиж Алтантариаг авч дээ гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/,
Ч.Чулуунбатын яллагдагчаар өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 хуу/,
Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61 хуу/,
Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 66-67 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Чулуунбатад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Чулуунбат нь 2021 оны 08 дугаар сар, 2021 оны 11 дүгээр сар, 2022 оны 02 дугаар сар, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.Алтантариаг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 221200000 дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Чулуунбат нь 2021 оны 08 дугаар сар, 2021 оны 11 дүгээр сар, 2022 оны 02 дугаар сар, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.Алтантариаг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч У.Алтантариагийн: “....2022 оны 02 дугаар сарын хэдэнд гэдгийг нь санахгүй байна цагаан сараар шинийн 1-нд архи уучихаад согтуу байхдаа намайг зодсон. Намайг тэр үед миний хөл рүү 2-3 удаа өшиглөсөн, зүүн нүд рүү цохиод зүүн нүдний доод зовхи болон хацрын овгор яс хавдаж хөхөрсөн байсан...Тэгээд хадам ээж хотоос ирээд би хөдөө гэртээ ирсэн чинь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр орой унтах гэж байсан чинь манай нөхөр Чулуунбат архи уугаагүй цоо эрүүл байхдаа намайг аймгийн төвд 7 хоног юу хийсэн бэ хэнтэй унтаж, янхандаж байгаад ирсэн бэ гээд байхаар нь чи юу яриад байгаа юм бэ ханиа унтчих гэсэн чинь хэвтэж байхдаа тохойгоороо миний хамар руу цохиод хамраас цус гаргасан. Сая 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр архи уугаад согтуу намайг зодохоор нь би өөрөө аймаг ороод аймгийн цагдаад өргөдөл өгч шалгуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09, 33-34 хуу/, гэрч Г.Уртнасангийн: “...Хавар очиход дүү нар нь ирсэн гээд Чулуунбатын гараас цус гарчихсан би зодож цохисон юм байхгүй шүү гээд байж байсан. Өвөл очиход Алтантариа Чулуунбат архи уучхаад агсан тавиад намайг зодоод байна гэж ярьж байсан. Хавар очиход мөн л адилхан архи уучхаад агсан тавиад намайг зодож цохисон гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/, гэрч Бат-Уяагийн: “...Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна шөнө унтаж байхад манайх руу Алтантариа утсаар яриад та манайд хүрээд ирээч манай нөхөр Чулуунбат архи уучихсан надад агсан тавиад, намайг зодоод байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Чулуунбат нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагаас шүүгдэгч Ч.Чулуунбатын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч У.Алтантариагийн өгсөн мэдүүлэг, гэрч Л.Энхцэцэг, Г.Уртнасан, Л.Бат-Уяа нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Ч.Чулуунбат нь 2021 оны 08 дугаар сар, 2021 оны 11 дүгээр сар, 2022 оны 02 дугаар сар, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч Ч.Чулуунбат нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр У.Алтантариаг байнга зодсон байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ч.Чулуунбатын үйлдлийн улмаас хохирогч У.Алтантариад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/ хохирогч У.Алтантариагийн дахин өгсөн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 хуу/, гэсэн байх тул шүүгдэгч Ч.Чулуунбат нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Чулуунбат нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Чулуунбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч болон хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чулуунбатад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар оршин суух газраа өөрчилж, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 74 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чулуунбатад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Чулуунбат нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Ч.Чулуунбатын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чулуунбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Чын Чулуунбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чулуунбатыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Ч.Чулуунбатыг 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар
зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чулуунбат нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Ч.Чулуунбатын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чулуунбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чулуунбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ