Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 204

 

Ж.Бт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

хохирогч Д.Ганбаатар,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Баттөр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Баттөр нарын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Бт холбогдох эрүүгийн 1806080281756 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн ........................, 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисгэгч мэргэжилтэй, “Боловсролын төв” төрийн бус байгууллагын ахлах зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 30-49 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЧК83113013/;

Ж.Б нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-март” худалдааны төвийн урд байрлах автомашины зогсоол дээр машин шүргэлцсэнээс болж иргэн Д.Ганбаатартай маргалдан, улмаар харилцан заамдалцах үед гарыг нь дарснаас зүүн гарын ядам хурууны угийн шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “............ овгийн .............. хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ганбаатар нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Бээс хохирол нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Баттөр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Баттөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нь хавтас хэрэгт авагдаагүй зүйлийг үндэслэн яллах үндэслэлээ болгосон. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа өмгөөлөгчийн зүгээс замын хөдөлгөөний дүрмийг хэн зөрчсөн талаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хангаагүй атлаа шүүхийн хэлэлцүүлэгт шүүх “Ж.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээ зөв гэж үзсэн үзэл санаа, “И-март” худалдааны төвийн гражаас гарч замын зорчих хэсгийн хөвөөгөөр байрлан замын хөдөлгөөний урсгал сөрөн явж “Скай” худалдааны төвийн хойд талд байрлах зогсоол орох үед...” гэж дүгнэж мөрдөн шалгаагүй үйлдэлд гэм буруутайд тооцсон нь үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, улмаар хүнд ял оногдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй байхыг ойлгоно. Гэтэл шүүхээс өөрийнхөө өгсөн мэдүүлгийг хангалттай шалгагдаагүй зүйлийн талаар ярьсныг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал гэж үзэж дүгнэсэн нь түүний эрхийг зөрчсөн. Хохирогчийн зүгээс үзүүлсэн хүчирхийлэл, хууль бус шаардлагыг зүй ёсны шаардлага хэмээн буруу дүгнэсэн. Шүүхээс ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа тухайн зүйлийн хамгийн хүнд ялыг оногдуулсан илт зөрүүтэй дүгнэлт хийжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлж, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх зөвхөн нэг талыг барьж шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би тухайн үед хохирлыг барагдуулах санал тэр дор нь тавьж байсан.” гэв.

 

Хохирогч Д.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад өөрийнхөө эд хөрөнгө, амь насыг хамгаалах эрх байгаа. Шүүгдэгч зөрж явж байгаа урсгалын дундуур автомашинтайгаа хөндлөн орж ирсэн үйлдэл хийсэн.” гэв.

 

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн байцаалтын явц болон анхан шатны шүүх хуралдааны явцад хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна гэж үзэв.

Ж.Б нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-март” худалдааны төвийн урд байрлах автомашины зогсоол дээр “машин шүргэлцсэнээс” болж иргэн Д.Ганбаатартай маргалдан, улмаар харилцан заамдалцах үед гарыг нь дарснаас эрүүл мэндэд нь зүүн гарын ядам хурууны угийн шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Д.Ганбаатарын “...жолооч залуу бууж ирээд миний цамцны захаар боогоод эхэлсэн. Би зөрүүлээд цамцны захаар нь боотол миний зүүн гарын дөрөвдүгээр хурууг үений эсрэг хүчээр дарсан. Энэ үед өвдөөд нөгөө залууг барьж байсан гараа тавиад нөгөө гараараа барьж байтал хүмүүс ирж салгасан.” гэх /хх-6-7/,

гэрч П.Одонтуяагийн “...манай нөхөр ирэхдээ миний зүүн гарын ядам хуруу хугарчих шиг боллоо гэж хэлж байсан.” гэх /хх-31-32/,

шүүгдэгч Ж.Бийн яллагдагчаар өгсөн “...намайг тавихгүй байхаар нь би зүүн гараараа намайг заамдчихсан байсан тэр хүний баруун гарыг барьсан баруун гараараа зүүн гарыг нь цааш түлхэхэд тэр хүний зүүн гарын ядам хуруу мурийчихсан.” гэх /хх-27-28/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12000 дугаартай “Д.Ганбаатарын биед зүүн гарын ядам хурууны угийн шивнүүрийн далд хугарал, зүүн 4 дүгээр хуруу алганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-14/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Ж.Бийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар зөв дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанарт тохироогүй байна гэж шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүх Ж.Бийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүйг дурдаж байна.

 

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Баттөр нар “шүүхээс ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа тухайн зүйлийн хамгийн хүнд ялыг оногдуулсан илт зөрүүтэй дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлж, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Ж.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харилцаа гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байгаа зэргийг харгалзан түүнд тухайн зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээгээр ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Бт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Баттөр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

  ШҮҮГЧ                                                          Д.МЯГМАРЖАВ