Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2023/0810/З |
Дугаар | 221/МА2024/0224 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0224
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Нэхэмжлэгч: “Т” ХХК /РД:/
Хариуцагч: БОАЖС
Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖСын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/268 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0077 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин
Хэргийн индекс: 128/2023/0810/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас БОАЖСад холбогдуулан “БОАЖС-ын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/268 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0077 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 4, Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖСын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/268 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. БОАЖС-ын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/268 дугаар тушаалаар Богдхан уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд “Т” ХХК-ийн ашиглаж буй газрын 1,3 га хэсэгт Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн байршилд олон нийтэд зориулсан нийгмийн дэд бүтцийн байгууламж байгуулах зайлшгүй шаардлага үүссэн талаар мэдэгдэж, хариу тайлбараа 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор хамгаалалтын захиргаанд ирүүлэх хугацаа тогтоосон.
3.2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичгийн үндсэн дээр замын трасс болон замын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй давхцалтай эсэх талаар нотлох баримтыг гаргуулахаар шаардсан боловч “Т” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг ирүүлсэн. Энэ нь шаардсан маргааны гол үндэслэл болсон баримт биш юм. Учир нь замын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон замын трасстай давхцалтай эсэх талаар нотлох баримтыг цуглуулалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тус газар нь замын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон замын трасстай давхцалтай байх тул маргаан бүхий газар дээр ямар нэгэн барилга барихгүй тул барилгын зөвшөөрөл олгогдохгүй. Мөн тус газар дээр ногоон байгууламж барихаар төслийн шатандаа явагдаж байгаа юм.
3.3. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн сэргээгдэх эрх байхгүй учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0077 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. БОАЖСын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/268 дугаар тушаалаар, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 788 дугаар бичгээр гаргасан санал, Сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөгөөг Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичигт нийцүүлэн хотын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд багтсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглаж буй нийт 9.51 га газраас 1.12 га газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж, талбайн хэмжээг 8.38 га болгож багасган өөрчилжээ.
3. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас “БОАЖСын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/268 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... ашиглах эрхтэй газраас 1.12 га талбайд хамаарах эрхийг цуцлах, хүчингүй болгохтой холбоотой Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд заасан үндэслэл бүрдээгүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах санал гаргах эрхгүй, Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл нэртэй байгууллага байх, ажиллах талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заагаагүй, хариуцагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн” гэж тодорхойлсон бол хариуцагчаас эс зөвшөөрч “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналыг үндэслэн 1.12 га газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан, Хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн, тухайн байршилд нийтэд зориулсан нийгмийн дэд бүтцийн байгууламж байгуулах зайлшгүй шаардлага үүссэн” гэж тайлбарлаж маргасан.
4. Анхан шатны шүүх “... ашиглах эрхийг нь нэхэмжлэгчид олгосон 9.51 га газрыг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй, ашиглах эрхтэй газраас хэсэгчлэн цуцлахдаа нийтийн эдэлбэр болон тусгай хэрэгцээнд авах нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, шийдвэр гаргах үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг заасан ба түүнийг шийдвэр гаргахдаа мөрдөх учиртай.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх шийдвэрийг гаргасан зорилго, үндэслэлийг “... маргаан бүхий газарт олон нийтэд зориулсан нийгмийн дэд бүтцийн байгууламж байгуулна”, “авто замын трасстай давхцалтай тул ямар нэг барилга барихгүй”, “газар дээр ногоон байгууламж барихаар төслийн шатандаа явж байгаа” гэх зэргээр зөрүүтэй тайлбарласныг маргаан бүхий 2023 оны А/268 дугаар тушаалд үндэслэсэн хуулийн зохицуулалттай харьцуулан дүгнэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээдэд эерэг үйлчлэл бүхий БОАЖСын 2015 оны А/237 дугаар тушаалаар олгосон 9.51 га газраас 1.12 га газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсныг хуульд үндэслэсэн буюу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон гэж үзэхгүй.
6. Учир нь хариуцагчийн хувьд Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллгаа, мөн 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсыг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6 дугаар бүлэгт заасан нийслэлийн хөгжлийн бодлогын аль зорилт, үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглаж буй 9.51 га газраас 1.12 га талбайг хэсэгчлэн цуцлах зайлшгүй шаардлага бий болсон үндэслэлийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрүүтэй байдлаар тайлбарлахын зэрэгцээ шийдвэрийн үндэслэлд хамаарах нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна.
7. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;
7.1. БОАЖСын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-237 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд 9.51 га газрыг 5 жилийн хугацаагаар, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг “Т” ХХК-д олгож, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/92 дугаар захирамжаар газар ашиглан эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, гэрээ байгуулсан ба газар ашиглагчийн хувьд хуулиар хүлээсэн газрын төлбөр, гэрээний үүргийн аливаа зөрчилгүй, үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Тодруулбал, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч “Т” ХХК-ийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан газар ашиглах эрх дуусгавар болгох, газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байна.
7.2. Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 788 дугаар албан бичгээр, Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлж, соёл боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах ажлын хүрээнд “Т” ХХК-ийн 9.5 га газрын хэмжээг 8.38 га болгон өөрчилж, хэсэгчлэн цуцлах саналыг харьяа яаманд хүргүүлэхийн өмнө 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 232 дугаар албан бичгээр “Т” ХХК-д сонсох ажиллагааны мэдэгдэл өгөхдөө, Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тухайн байршилд олон нийтэд зориулсан нийгмийн дэд бүтцийн байгууламж байгуулах зайлшгүй шаардлага үүссэн гэх агуулгыг дурджээ.
7.3. БОАЖСын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийг байгуулж, ажиллах журам, шийдвэрийн тэмдэглэлийн загварыг хавсралтаар баталсан боловч тус зөвлөл нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар “Т” ХХК-тай холбоотой ямар асуудал хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, холбогдох бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... зөвлөлийн шийдвэрийн тойм гэж байдаг, өөр баримт байхгүй. Зөвлөлөөр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл байгаа эсэх, газар дээр үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхийг хэлэлцсэн” гэж шүүх хуралдаанд мэдүүлнэ.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй”, 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийн буруутгах үндэслэл болохгүй”, 57 дугаар зүйлийн 57.2-т “Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ” гэж тус тус заасан.
9. Анхан шатны шүүх, хэргийн үйл баримтад холбогдуулан “Т” ХХК-ийн цуцалсан 1.12 га газарт нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ямар байгууламж барих буюу түүний холбогдох зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, төсөв батлагдаж, шийдвэрлэгдсэн эсэх, маргаан бүхий газрыг хэсэгчлэн цуцлах буюу барилга барих зайлшгүй шаардлагыг тодорхойлох баримтыг шаардах зэргээр маргаан бүхий акт, түүнтэй холбогдуулан хариуцагчийн татгалзлын үндэслэлийг тодруулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хот байгуулалт, хөгжлийн газраас удаа дараа нотлох баримт, тайлбар ирүүлэхийг шаардаж 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/8986, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/9303, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/119, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/421 дүгээр албан бичгийг тус тус хүргүүлсэн байхад хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзалд хамаарах нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй нь анхан шатны шүүхийг нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй.
10. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08/68 дугаар албан бичгээр “... 1.12 га газар нь “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгээр авто замын трасст орсон”, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/120 дугаар албан бичигт “... БОАЖСын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/268 дугаар тушаалаар хэсэгчлэн хүчингүй болгосон 1.12 га газарт “Т” ХХК-ийн 15, 9, 6, 10, 24, 11, 3 давхар барилга тус тус төлөвлөгдсөн” гэж дурдсан зэргээс үзэхэд хариуцагчаас захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа болон давж заалдах журмаар гаргасан гомдол тус бүрд дурдсан буюу энэ хэсгийн 2, 3, 5, 7.2-т заасан газар ашигглах эрхийг хэсэгчлэн цуцлах зайлшгүй шаардлага үүссэн гэх үндэслэл тогтоохгүй байна.
11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий газарт “Аялал жуулчлалын цогцолбор” нэртэй барилга байгууламж төлөвлөж, газар ашиглах эрхийг үндэслэн Нийслэл хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2019/05-06 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар авч, загвар зургийг батлуулсан байхад БОАЖС газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлахдаа нөхцөл байдлыг тодруулж, шийдвэр гаргах албан тушаалтнаас сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, хуулиар эрх олгоогүй асуудлаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалттын захиргааны гаргасан саналыг үндэслэсэн, Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл нь холбогдох журмын дагуу ажиллаж, хэлэлцсэн асуудлыг баримтжуулаагүй буюу газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах бодит үндэслэлийг зөрүүтэй тайлбарласан энэ нөхцөлд маргаан бүхий 2023 оны А/268 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй.
12. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ