Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг

Шүүгчийн  туслах Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогч Б.Мөнхтулга

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгч Ч.Ишгэнхүү нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Ч.Ишгэнхүүд холбогдох эрүүгийн 201612000115  тоот  хэргийг  2016 оны  9 сарын 7-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р баг “Хаяагийн говь” гэх газар нутаглах, аймгийн  сайн малчин цол тэмдгээр шагнагдсан, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан Бавдорж овгийн Чанцалын Ишгэнхүү /РД:ЗП76110715/

            Шүүгдэгч Ч.Ишгэнхүү нь 2016 оны 6 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн  Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Далайн 1-2 тоот хашаанд Б.Мөнхтулгын өмчлөлийн 40-00УНЛ улсын дугаартай “Toyata kluger” маркийн тээврийн хэрэгслийн шил, толь, дугуй, копуд зэргийг чулуу болон хутга ашиглан гэмтэл учруулж 1375000 төгрөгийн, мөн хашаанд байх С.Баасанжавын байшингийн  цонхыг хагалж 180000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Ч.Ишгэнхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Би Мөнхтулгатай 2015 оны 5 сард иргэний шүүхээр орж хоёр тийшээ болсон. Өмч хөрөнгөө хуваагаад өгөх зүйлээ өгсөн. Хүүхдийн тэтгэмж, хэдэн тооны үхэр үлдсэн байсан. Шүүхийн шийдвэрийнхэнтэй ярьж тохироод 5 сарын 20-нд бүх зүйлийг өгнө гэсэн. 2016 оны 1 сарын 20-нд намайг Эрдэнэдалай дээр ирэхэд миний дансыг хаасан байсан. Шүүхийн  шийдвэрээс  асуухад  Мөнхтулга  өргөдөл  гаргасан  гэж байсан. Тэгэхээр  нь  6 сарын 16-17-нд шилжих шөнө уулзахаар очоод энэ асуудал гарсан. Цонхыг  нь тогшиж байтал  хагарсан. Мөнхтулга  гараад  зугатахаар  нь уур  хөдлөөд  хутга  аваад дугуйг нь хагалсан. Машиных нь  цонхыг  нь  хагалсан. Энэ машин нь бид  хоёрын  дундын  өмч  ба шүүхээс  гэрлэлт  цуцлахдаа   харилцан  тохиролцож Мөнхтулгад үлдээсэн.  Мөнхтулгын  өмчлөлд шилжүүлсэн  шийдвэр  гараагүй...” гэв.

2.Хохирогч Б.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Машиныг шүүх хурал дээр харилцан тохирч надад өгсөн гэж би ойлгож байгаа. Өгсөн шиг өгч чадахгүй, өгсөн зүйлийнхээ хойноос яагаад улайраад, өс санаад байдаг юм. Би дагавар хүүхэдтэй ирээд хамаг зүйлийг чинь хамаад яваагүй. Энэ хоёр хүүхэд чиний л хүүхэд. Хэдхэн сарын өмнө өгсөн малаасаа болоод ирж агсам тавьж, манай ээжийн гарыг хугалж гэмтээсэн. Энэ хүний эвдэлсэн машиныг янзлах гэж малчны зээл хийж засуулсан. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Миний хувьд Шүүхийн шийдвэрт өргөдөл бичсэн зүйл байхгүй. Үхэр малаа ав гэж хэлсэн гэж байна. Өнгөрсөн намар нь мөнгөний зайлшгүй шаардлага гараад зүслэж өгсөн үхрээс нь 3 үхэр авсан. Гэтэл зүсэлж өгсөн хэрнээ авчихлаа гэж өргөдөл бичиж өгөөд надад ажил удаж, намайг дуудуулж байцаалгаж байсан. Тэгэхээр нь шүүхийн шийдвэрийнхэнд “Би та нартай хамт очиж авна. Та нарыг байхгүй бол би очиж авахгүй” гэсэн хүсэлтийг гаргасан. Намайг зугтааж гараагүй байсан бол намайг тэр машин шиг болгох байсан. Намайг зугтаасан гээд машинд уураа гаргаж эвдэлж, сүйтгэсэн биз дээ. Одоо машин   засварласан зардал, шүүх  хуралд  ирсэн  зардал  нийт 1.850.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

3. Иргэний нэхэмжлэгч С.Баасанжавын “2016.06.17-ны өдөр би 15 цагийн үед Улаанбаатар хотоос Эрдэнэдалай суманд ирсэн. Тэгээд гэртээ иртэл манай охин Б.Мөнхтулга хэлэхдээ таны байшингийн цонхыг миний хуучин  нөхөр Ишгэнхүү шөнө ирээд хагалсан гэж байсан. Тухайн хагарсан цонхны хэмжээ 50см*1.10м харьцаатай байсан юм. Би тухайн хагарсан цонхоо нэхэмжилж байна. Би цонхоо 180000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/  

4. Гэрч М.Цэндмаагийн “ 2016.06.17-ны шөнийн 03 цагийн үед манай баруун хашаанд түс тас гэсэн чимээ гараад мөн эмэгтэй хүн хашхирах чимээ гарсан. Тэгэхээр нь сумын цагдаа Шинэбаярт болсон асуудлын талаар дуудлага өгсөн. Би гэрээсээ гараагүй хэн гэх ямар хүмүүс байгааг мэдээгүй.  ” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

5. Гэрч Г.Батхуягийн “ 2016.06.16-наас 2016.06.17-нд шилжих шөнийн 01-02 цагийн үед манай айл Мөнхтулгын хаалгыг нэг хүн цохих чимээ гарсан. Тэгсэн манайд Ишгэнхүү орж ирээд хуучин эхнэр Мөнхтулгыг сурахаар нь би энд байхгүй байгаа бол хойд гэртээ байгаа байхаа гэж хэлсэн.Тэгсэн Ишгэнхүү гараад явсан дахиж ирээгүй. Ишгэнхүү ганцаараа, унаагүй явган явсан. Халамцуухан л байх шиг  байсан. Ямар ажлаар хаанаас яваа талаар бид 2 ярилцаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

6. Гэрч Б.Шинэбаярын “ 2016.06.16-наас 2016.06.17-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед Мөнхтулга гэх хүүхэн Цагдаагийн хэсэгт ирж хуучин нөхөр Ишгэнхүү нь согтуу ирээд байшингийн цонх хагалчихлаа гэж дуудлага өгсөн юм. Тэгээд би Мөнхтулгын хамт хэргийн газар очих үед Ишгэнхүү нь хутга барьчихсан хар өнгийн “Toyata kluger” маркийн машины дугуйг хутгалж хагалсан  байдалтай мөн машины урд болон хажуу талын цонхуудыг чулуугаар хагалсан байдалтай байхаар нь цагдаагийн хэсэгт авчирч хутгыг нь хураан авсан. Ишгэнхүү нилээн согтуу байх шиг  байсан. Драгер багаж байгаагүй учир согтолтыг нь хэмжиж чадаагүй.  Мөн байшингийн цонхыг хагалсан байсан. Ишгэнхүүгийн үйлдлийг таслан зогсоох үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Ишгэнхүү нь Мөнхтулга болон хүүхдүүдийнхээ биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

7.  2016.06.17-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/

8. 2016.06.17-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, байшингийн цонх болон машины эвдрэл гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11/

9. 2016.06.17-ны өдрийн “Ч.Ишгэнхүүгээс” хутга хураан авсан, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/

10. 2016.07.25-ны өдрийн чулуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14/

11. 2016.06.22-ны өдрийн “Ч.Ишгэнхүүгийн малаас 10 тооны эр хонь битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-17/

12. 2016.07.25-ны өдрийн “Хутга болон 2 ширхэг чулууг эд мөрийн баримтаар тооцож” хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 24/

13. Хэрэгт  цугларсан  бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ч.Ишгэнхүү нь 2016 оны 6 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн  Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Далайн 1-2 тоот хашаанд Б.Мөнхтулгын өмчлөлийн 40-00УНЛ улсын дугаартай “Toyata kluger” маркийн тээврийн хэрэгслийн шил, толь, дугуй, копуд зэргийг чулуу болон хутга ашиглан гэмтээсэн, мөн хашаанд байх С.Баасанжавын байшингийн  цонхыг хагалж 180000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Ишгэнхүүг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд  Эрүүгийн  хуулийн  153 дугаар  зүйлийн  153.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Ишгэнхүү   нь Дундговь  аймаг  дахь  Сум  дундын  эрүүгийн  хэргийн  анхан  шатны  шүүхийн  2015 оны  12  сарын 22-ны  өдрийн  01 дүгээр  шийтгэх тогтоолоор  Эрүүгийн  хуулийн  98 дугаар  зүйлийн  98.1 дэх  хэсэгт   зааснаар  2 жил  6 сарын  хугацаагаар  хорих  ялаар шийтгүүлж,  уг  ялыг  тэнсэж 2 жилийн   хугацаагаар  хянан  харгалзсан  хугацаанд дахин  гэмт  хэрэг   үйлджээ.

 Эрүүгийн  хуулийн  58 дугаар  зүйлийн  58.1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч  Ч.Ишгэнхүүд  энэхүү  шийтгэх  тогтоолоор оногдуулсан  хорих  ял   дээр   Дундговь аймаг  дахь  Сум  дундын  эрүүгийн  хэргийн  анхан  шатны  шүүхийн  2015 оны 12 сарын  22-ны  өдрийн  01 дугаар  шийтгэх  тогтоолоор   оногдуулсан  2 жил 6 сарын  хугацаагаар  хорих  ялаас  зарим   хэсгийг  нь  буюу  1 жилийн  хорих   ялыг  нэмж  нэгтгэн   шүүгдэгчийн  биечлэн  эдлэх  ялыг тогтоох нь  зүйтэй гэж  шүүх  үзлээ.

Шүүгдэгч нь түүнд  оногдуулсан  хорих  ялыг  тэнсэж  хянан  харгалзсан  хугацаанд гэмт хэрэг үйлдсэн  нь  ял хүндрүүлэх  нөхцөл  байдал  болж байх ба ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч  нь  хүндэвтэр  гэмт  хэрэг  үйлдсэн  байх  тул  түүнд оногдуулсан   хорих  ялыг  Эрүүгийн  хуулийн  52 дугаар  зүйлийн  52.5 дахь хэсэгт зааснаар жирийн  дэглэмтэй  хорих  ангид  эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба  иргэний нэхэмжлэгч С.Баасанжавд учирсан хохирлын 180.000 төгрөгийг шүүхэд хүлээлгэн өгсөнийг тус тус дурдлаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн  зүгээс “гэр  бүл цуцлах шийдвэрийн  5 дугаар  заалтанд   “Toyata kluger” маркийн  машиныг Б.Мөнхтулгад  үлдээхээр  тохиролцсоныг дурьдсан болохоос Б.Мөнхтулгын  өмчлөлд  шилжүүлсэн  талаар  дурдаагүй. Шүүгдэгч  уг  машиныг Мөнхтулгад түр үлдээсэн  болхоос өмчлөлд нь шилжүүлж  өгөөгүй юм байна гэж бодож байсан.  Иймд шүүгдэгч Ч.Ишгэнхүүг  бусдын  эд  хөрөнгийг   устгасан, гэмтээсэн  гэж  үзэх  боломжгүй  тул  түүнд  холбогдох  хэргийг  хэрэгсэхгүй  болгож  өгнө  үү”  гэж  мэтгэлцэж  байна.

Сум  дундын  11 дүгээр  шүүхийн  2015 оны 5 сарын  27-ны  өдрийн  159 дүгээр  шийдвэрээр Ч.Ишгэнхүү, Б.Мөнхтулга  нарын гэрлэлтийг цуцалж, 40-00 УНЛ улсын дугаартай  “Toyata kluger” маркийн  суудлын  автомашиныг нэхэмжлэгч Б.Мөнхтулга, хүү  И.Чинболор, охин  И.Энхжин  нарт  үлдээхээр шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн тодорхойлох нь хэсгийн буюу хариуцагч Ч.Ишгэнхүүгийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “40-00 УНЛ улсын  дугаартай “Toyata kluger” маркийн  автомашиныг  бид харилцан  тохиролцож Б.Мөнхтулгад  өгөхийг  зөвшөөрч  байна” гэжээ.

Уг шийдвэрт зохигчид  давж заалдах  гомдол  гаргаагүй, хүчин  төгөлдөр  болсон  ба  энэ нь  Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  95 дугаар  зүйлийн  95.4 дэх  хэсэгт  заасан дахин  нотлох  шаардлагагүй  үйл  баримт юм. 

Гэмт хэрэг гарах үед “Toyata kluger” маркийн 40-00 УНЛ улсын дугаартай тээврийн  хэрэгсэл нь Цэрэндашийн Ганболд гэх хүний  нэр дээр байсан /хх-ийн  47-р хуудас/  ба  Ц.Ганболд нь  уг  тээврийн хэрэгслийг зарсан, одоо өр, авлагын маргаангүй гэсэн тайлбарыг гаргасан болох нь  мөрдөн  байцаагчийн  тэмдэглэлээр /хх-ийн 90 / тогтоогдож  байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “2016 оны 6 сарын 17-ны  өдрийн  17 цаг  10 минутанд гомдол  мэдээллийг  хүлээн  авч тэд  өдрөө  20 цаг  59 минут хүртэл үзлэг  хийсэн  байдаг.  Тэгсэн хэрнээ мөрдөн  байцаагч 17-ны  өдрөө  буюу эрүүгийн  хэрэг үүсгэхээсээ  өмнө шинжээч  томилох  тогтоол үйлдэж,  шинжээч  нь  мөн  17-ны  өдрөө  дүгнэлт  гаргаж  хууль зөрчсөн байна” гэсэн  тайлбарыг  гарган  мэтгэлцэж  байна.

Мөрдөн  байцаалтын  шатанд  өмгөөлөгчийн  дурдсан  дээрхи  ажиллагаанууд 2016 оны  6 сарын 17-ны өдөр хийгдсэн  болох  нь  хэрэгт  авагдсан баримтуудаар  тогтоогдож байна. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 172 дугаар  зүйлд мөрдөн  байгаагч  нь  гомдол  мэдээллийг  шалгах  явцдаа “...шаардлагатай тохиолдолд шинжээч томилж дүгнэлт гаргуулах...” хойшлуулшгүй  ажиллагааг явуулж болно гэж заасан байна. Мөн мөрдөн байцаагч нь шинжээч  томилох  тогтоолоо 2016 оны  6 сарын  17-ны  өдөр  гаргаж,  1 хоногийн  дотор  буюу 2016 оны 6 сарын  18-ны  өдрийн  дотор дүгнэлт  гаргахыг шинжээчид даалгасан  ба шинжээч  нь дүгнэлтээ  2016 оны 6 сарын  17-ны  өдөр гаргасныг буруутгах боломжгүй юм.

Харин мөрдөн байцаагч шинжээч томилох тогтоолдоо гомдлын дугаарыг 2 удаа  засварласан  атлаа  энэ  талаар  тэмдэглэл  үйлдээгүй  байна.  Ийм алдааг  дахин  гаргахгүй  байхыг  мөрдөн  байцаагчид  анхааруулах  нь  зүйтэй  гэж  үзлээ.  

Хохирогч Б.Мөнхтулга нь өөрийн машиныг засварлахад болон шатахууны зардалд 1.740.000 төгрөг, байцаан  шийтгэх  ажиллагаанд оролцоход 110.000 төгрөг  буюу  нийт  1.850.000 төгрөгийн хохирол учирсан тул хохирлоо нэхэмжилнэ  гэсэн  тайлбарыг  шүүх хуралдаанд гаргаж  байна.

Хохирогч Б.Мөнхтулгын хохирлын  талаархи  баримтыг  судалж  үзээд  тээврийн  хэрэгслийг  засварлахад гарсан  740.000 төгрөг /хх-ийн 91, 99, 103/,  байцаан  шийтгэх  ажиллагааны  явцад  гарсан  110.000 төгрөг  буюу  нийт  850.000 төгрөгийн  баримт  нь  нотлох баримтын  шаардлага  хангаж  байх  тул  шүүгдэгчээс  гаргуулж  хохирогчид олгох  үндэстэй байна.

Хэргийн 93-96, 98, 101, 102-р хуудсанд авагдсан  нийт  200.000 төгрөгийн  шатахууны  баримтууд нь он саргүй,  хэн   авсан нь  тодорхойгүй, хэргийн 91-р хуудсанд авагдсан  800.000 төгрөгийн засварын  баримт  нь ямар  үйлчилгээ  хийгдсэн  нь тодорхойгүй  байна. Өөрөөр  хэлбэл  уг  засвар  нь   шүүгдэгчийн  үйлдлийн улмаас  учирсан  гэмтлийг  засварлахад гарсан  эсэх нь  тодорхойгүй  байна. 

Иймд хохирогч Б.Мөнхтулгын хохирлын нэхэмжлэлээс 1.000.000 /нэг сая/ төгрөгт  холбогдох  хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон хохирлын талаархи нотлох  баримтаа  бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэхэрхтэйг  дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хурааж ирүүлсэн мөнгөлөг өнгийн “JINLI” гэсэн бичигтэй хутга 1 ширхэг, нэг талын ирмэг хэмхэрсэн, нэг талдаа хээтэй, хөх өнгийн хавтан чулуу 1 ширхэг, нэг тал нь цагаан алаг, дөрвөлжин хэлбэртэй хөх өнгөтэй байгалийн чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөрдөн байцаагчийн 2016.06.22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  

Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  291 дүгээр зүйлийн 291.1, 297, 298, 299, 301, 304 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бавдорж овгийн Чанцалын Ишгэнхүүг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх  гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ишгэнхүүд 1 жил 1 сарын хугацаагаар хорих  ял оногдуулж  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ч.Ишгэнхүүд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын заримыг нь буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.Ишгэнхүүгийн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн 52 дугаар зүйлийн  52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ишгэнхүүд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Ч.Ишгэнхүү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч С.Баасанжавд 180000 /нэг зуун наян мянган/ төгрөг төлсөн болохыг  дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ишгэнхүүгээс 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөг  гаргуулан хохирогч Б.Мөнхтулгад олгож, хохирогч Б.Мөнхтулгын нэхэмжлэлээс 1.000.000/нэг сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Мөнхтулга нь хэлэлцээгүй орхисон хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Ишгэнхүүгээс нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, чулуу 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Мөрдөн байцаагч Б.Мягмарсүрэнгийн 2016.06.22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ишгэнхүүд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан  сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч төлөөлөгч нар тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт, тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол  гаргах, улсын яллагч, дээд  шатны  прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.МӨНХБАТ