Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2593

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.А нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02684 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдох  

 

Ажилгүй байсан хугацааны цалин 1 375 249 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, 2 683 523 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Бадрах

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Батбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шинээр томилогдсон Баянгол дүүргийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мэндбаяр Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуулийг зөрчиж, Ц.Ад ямар нэгэн мэдэгдэл өгөлгүйгээр түүнийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн. Энэ асуудлаар Ц.А Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр №74 тоот шийдвэр гарсан. Уг шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, уг тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилох, энэ хугацааны цалин хөлсийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг үүрэг болгосон. Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй. ...Энэ хугацаанд ажилд эгүүлэн томилохгүй байсан тул нэхэмжлэгч 3 дугаар сард өөр ажилд орсон. Өөр ажилд орсон учир ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шүүхийн шийдвэр гарсан тул 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх цалингаа нэхэмжилж байгаа. Мөн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, тус дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргааныг өмнө нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн тул нэмж ярих тайлбар байхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Ц.А нь хуучнаар Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байсан. Монгол улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 7 дугаар хавсралт дээр төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл гэж тогтоосон.  Энэ тогтоолын дагуу нягтлан бодогч нь үйлчилгээний албан тушаалтан учраас ТҮ-7-оор цалинжих ёстой. Ц.А нь өмнөх даргаараа ТТ-5-аар цалинжиж илүү цалин авч байсныг нь н.Ган-Эрдэнэ дарга хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б-42 тушаалаар Ц.Аг төрийн захиргааны албан тушаалтнаас чөлөөлж, төрийн үйлчилгээний албан тушаалд томилж, ТҮ-7-5 ангилал зэрэглэлээр солих тушаал гаргасан. Гэтэл Ц.А нь өөрөө нягтлан бодогч байсан болохоор албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж, ТҮ-7 ангилал зэрэглэлээр солих тушаал гарсаар байтал 2015 оны 7 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд хууль бусаар өөртөө ТТ-5 ангилал зэрэглэлээр цалин бодож байсан. 2016 оны 1 дүгээр сард хуучин ажиллаж байсан дарга нь буцаж томилогдсон тул дахин ТТ-5 ангилал зэрэглэлээр цалинжиж эхэлсэн. Энэ албан тушаал нь Засгийн газрын тогтоолоор ТҮ зэрэглэлийн албан тушаал байтал Ц.А нь ТТ-5 ангилал зэрэглэлээр цалинжиж байсан нь хууль бус юм. Үүний улмаас улсад 1,800,000 төгрөгийн хохирол учирсан. Нийслэлийн аудитын газрын санхүүгийн албаны 2 дугаар албаны ахлах аудитор н.Алтанцэцэгийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 0219 актаар хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаанд холбогдуулан бусдаас бараа материал авахдаа Татварын ерөнхий хуулийн дагуу татвар суутгаж аваагүй гээд Баянгол дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэст 810 000 төгрөгийн төлбөр тогтоосон байдаг. Ц.А нь мэргэшсэн нягтлан бодогч гээд сар бүр цалин дээрээ 15 хувийн нэмэгдэл авдаг. Дээрээс нь өөрийн хийх ёстой ажлыг хийсний төлөө улсаас хагас жилд нэг удаа 2 сарын урамшуулал авдаг. Ийм байсаар байтал улсаас ахиж мөнгө нэхэмжилж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Иймд манайх сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийг хангаж улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бадрах нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Энэ тухай өмнө нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Төрийн захиргааны албан хаагч гэдгийг Төрийн албаны зөвлөл шийдсэн. Шүүхийн шийдвэр ч байгаа. Ц.А нь төрийн жинхэнэ албан хаагч гэж 2008 онд тангараг өргөсөн. Ц.Аг зөвхөн нягтлан бодогч мэтээр ярьж, өөр тогтоолуудтай хариуцагч сольж байх шиг байна. Хариуцагч захиргааны хэргийн шүүхийн процессын талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Авлигатай тэмцэх газарт хандаж удаа дараа явсан. Ямар нэгэн хэрэг үүсгэх байдал байгаагүй гэдгийг албан ёсоор гаргаж байсныг мэдэж байгаа. Тийм учраас Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. 2015 онд Ц.А тухайн ажиллаж байсан үеийнх нь бүх санхүүгийн тайлан зөрчилгүй гэж гарч байсан нь аудитын байгууллагын шалгалтаар тогтоогдсон. Мөн хариуцагч тал мэргэшлийн нягтлан бодогчийн ёс зүйн талаар дүгнэх эрх бүхий байгууллага биш. Ц.А нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэнэт хууль бусаар халагдах хүртлээ ажлаа ёс журам, хууль дүрмийн дагуу хийж байсан. Энэ хүнээс бараа материал авсан хүн кассаар нь гаргасан. 10 дугаар сарын сарын 01-ний өдрөөс хууль бусаар ажиллаж байсан хүмүүсийн тайлан, аудит хийх хугацаа дараа онд нь байдаг. Эдгээр хүмүүс хариуцаж хийх ёстой. Энэ ч утгаар Нийслэлийн ахлах аудитор холбогдох буруутай хүмүүсээр төлүүлэхийг н.Мэндбаяр н.Ариунжаргал нарт хариуцуулсан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 375 249 төгрөгийг хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Ц.Ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст үүрэг болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч Баянгол дүүрэг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэгч Ц.Ад холбогдуулан гаргасан 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 01/23 дугаар Нийслэлийн Аудитын газрын актаар тогтоосон 810 000 төгрөгийн төлбөр болон илүү цалин өөртөө бодож авсан 1 873 523 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч төсвийн байгууллагын хувьд сөрөг нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг давж заалдах гомдолдоо: “...Байгууллагад учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх тухай харилцаанд маргаж байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 198.2, 198.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухай гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаар байгууллагад учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн харицлага хүлээлгэхээр” заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135.1.4-т заасныг зөрчсөн.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, албан тушаалаа урвуулан ашиглан өөртөө илүү цалин бодсон. Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох тухай шийдвэр гаргахдаа ямар баримтад үндэслэн тооцсон нь тодорхойгүй, бидний тооцооллоор нэхэмжилсэн үнийн дүнгээс бага гарч байгаа. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

       Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 1 375 249 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Нийслэлийн Аудитын газрын актаар тогтоосон 810 000 төгрөгийн төлбөр болон илүү авсан цалин 1 873 523 төгрөг, нийт 2 683 523 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч Ц.А нь Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оны 09 сарын 30-ны өдөр Б/50 дугаар тус хэлтсийн даргын тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тэрээр Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн боловч 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Баянгол дүүргийн 242 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Б/09 дугаар тушаалаар Ц.Аг нягтлан бодогчоор томилсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх 8-16/  

 

Анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ц.Аг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоосон боловч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг буцаан ажилд нь томилох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 1 375 249 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх болон холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчаас шаардах эрхтэй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Захиргааны хэргийн шүүхээр ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой маргаан шийдвэрлэгдэх үед Ц.А урьд авч байсан дундаж цалин хөлсийг тооцсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Иймд анхан шатны шүүх дээрх Захиргааны хэргийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны 74 дүгээр шийдвэрт заагдсан хэмжээгээр ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тодорхойлсныг буруутгах боломжгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /хх 8-15/

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: 

Хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс нь нэхэмжлэгч Ц.Ад холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/23 дугаар Нийслэлийн Аудитын газрын актаар тогтоосон 810 000 төгрөгийн төлбөр болон илүү цалин өөртөө бодож авсан 1 873 523 төгрөг, нийт 2 683 523 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/29 дугаар Нийслэлийн Аудитын газрын төлбөр барагдуулах тухай актаар тус байгууллагын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийн “...эко цагдаа, нийтийг хамарсан цэвэрлэгээ зэрэг хөтөлбөр арга хэмжээнд зориулж, хөдөлмөр хамгаалалын хэрэгсэл, бээлий, маскийг хувь хүнээс худалдан авахдаа 810 000 төгрөгийн татвар суутгаагүй нь Хувь хүний орлогын албан татварын 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг зөрчсөн гэж, ...Хувь хүний орлогын албан татварт дутуу суутгасан 810 000 төгрөгийг төлж барагдуулахыг Баянгол дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, нягтлан бодогч нарт үүрэг болгосон байна. /хх 33/

 

Дээрх аудитын дүгнэлтэд Хувь хүний орлогын албан татварт дутуу суутгасан 810 000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчийн татварт төлөх ёстой төлбөр гэсэн агуулга байхгүй, харин уг татварыг төлөх ёстой хүмүүсээс нь нөхөн гаргуулахаар акт тогтоосон байна. Иймээс татварын суутган тооцох тооцоог хийлгүйгээр суутгаж тооцоогүй байгаа төлбөрийг нэхэмжлэгчийн төлөх ёстой өр, төлбөр гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн А.Ариунцэцэгийн үйлдсэн цалингийн тооцоолол гэх баримтад нэхэмжлэгчийн цалинг ТҮ-7-5 шатлалаар 608 457 төгрөг, ТЗ-5-5 шатлалаар 628 344 төгрөг байх ёстой гэсэн агуулга бүхий баримтууд авагдсан байхаас гадна Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Ц.А сарын үндсэн цалинг ТҮ-7-5 шатлалаар 608 457 төгрөгөөр, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар Ц.А сарын үндсэн цалинг ТЗ-5-5 шатлалаар 628 344 төгрөгөөр тооцож ажиллуулах тухай тушаалууд авагдсан. Иймд нэхэмжлэгч Ц.Аг ТЗ-5-5 шатлалаар тооцон өөртөө цалин илүү тооцож авч байсан гэдгийг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байна. Тухайн байгууллагын даргын албан ёсны тушаал, шийдвэрийн дагуу олгогдож байсан цалинг үндэслэлгүй авсан цалин гэж нэхэмжлэгчээс гаргуулах боломжгүй юм. Иймд анхан шатны шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН