Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 391

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 62 дугаар байрны 8 тоотод оршин суух Бэхтөр овгийн Батнямын Ганчимэгийн /РД: ДЕ87042801/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багт оршин суух Баянбуурал овгийн Дарийн Дандарбаатарт /РД: ДЕ85032818/ холбогдох 
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр болон мал эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Батнямын Ганчимэг нь 1987 оны 04 сарын 28-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хүн эмнэлэгт төрсөн. Тус сум ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, улмаар 2005 онд Их засаг олон улсын их сургуульд нягтлан хянан шалганы ангид суралцаж байх үед танилцан 2006 онд Дарийн Дандарбаатартай гэр бүл болж, хамтын амьдралаа эхэлсэн. Бид хоёрыг нэг гэрт орохоос өмнө гуйгаагүй байхад 2007 оны 08 сарын 01-нд гэр бүл болсныг дур мэдэн батлуулж хүмүүстэй хуйвалдан жилийн өмнө гэрлэлтийн 500.000 төгрөгийг авч өөрсдийн ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн байсан. Гэр бүл болсны дараа энэ мөнгөө хөөцөлдөн аваад гэр орноо нүүлгээд сургуульдаа явах гэсэн боловч малаа малла, амьдралаа бод тэр мөнгийг чинь авсан юу яасан мөнгө, гэр оронд чинь зарцуулсан 10 ишиг авсан гээд өгөөгүй. Ингээд би сургуульдаа явж чадалгүй хаясан. Улмаар 2009 оны 10 сарын 12-нд охин Гоомарал нь энэ гэр бүрд мэндэлсэн. Охиноо гарахаас өмнө хонинд явж байгаад мориноос унаж дотуур цус алдсан. Эмчид үзүүлье гэхэд дандаа та нар өвчин хэлдэг миний ах дүүсийг хамруулан дайрч доромжилж байсан. Эмч нар энд төрж болохгүй, хотод төр гэхэд явуулаагүй худлаа хэлж явах гэж байна гээд аав, ээж хоёртой хэрэлдэж сумын их эмч Болдбаатар өөрийн биеэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт хүлээлгэн өгч, эмч нарын зөвлөгөөний хурлаар ярилцан хот явах шийдвэр гаргаж 36А маягтыг өгч асран хамгаалах хүнтэй яваарай гэж хэлж байсан боловч нөхөр болох Дандарбаатар нь үл тоосон байдлаар хандаж яваагүй болох нь үнэн. Төрчихөөд гэр рүүгээ ирэхэд зардал мөнгө төгрөг байхгүй миний зардлыг ах өгч тендерийн машинаар намайг авчруулсан. 2016 онд амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод ажил хийх зорилгоор охин Гоомарал нь сургуульд суух болж явсан. Нөхөр Дандарбаатарыг цуг явж ажил хийж амьдралаа дээшлүүлэх тал дээр олон удаа гуйсан боловч ирээгүй. Миний бие охиноо бодож 2 удаа Дэлгэрт ирж нөхөртэйгөө учраа олж амьдрах хүсэлтэй байсан. Гэтэл аль хэдийн аймгийн төвийн малын эмч гээд хүүхэнтэй суух гэж байгаа, миний амьдралд битгий гай бол янхан гэх мэтээр доромжилж байсан. Дандарбаатар мессежээр чи битгий миний амьдралд гай болоод бай, миний найз охин чамаас илүү, маш их ухаантай за юу гэж бичсэн. Тийм бол хоёулаа салъя гэхэд тэгье, өөх ч биш булчирхай ч биш ингэж явж байхаар салъя, чи өргөдлөө бичээд өгчих гэсэн учраас энэхүү өргөдлийг бичих шалтгаан гарсан. Охин бид 2 тусалж дэмждэг хүнтэй болсон. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлуулж, охиноо насанд хүртэл хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгож, бидний дундын эд хөрөнгө болох гэр, малыг охины нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ганчимэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие эд хөрөнгө болох мал, гэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би Улаанбаатар хотод ажилд ороод удаагүй, 2 хоногийн чөлөө аваад ирсэн. Мөн охин хоолойны архаг ангинтай яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул 2018 оны 08 сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд ирж оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр миний өмгөөлөгч Ж.Дорждэрэмийг шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Дандарбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Дандарбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн өөрөө эхэлж зан гаргасан. Би охин Гоомаралыг хойд эцгийн гар харуулмааргүй байна. Иймд би гэр бүл цуцлах хүсэлгүй байна. Энэ хүн надаас мал нэхэмжилж байна. 2015 оны 09 сарын 06-нд 35 ямаа, 7 хонь нийт 42 толгой мал тууж хүлээлгэн өгсөн. Б.Ганчимэг нь намайг гүтгэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Дандарбаатар шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Д.Дандарбаатар би 2012 онд өөрийн хөрөнгөөр иргэн Ч.Эрдэнэбулганаас 1.500.000 төгрөгөөр Дэлгэр сумын Үертийн 2-11 тоотод байрлах хашааны газрыг худалдаж авсан. Гэтэл Б.Ганчимэг нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул дээрх хашаагаа хуулийн дагуу авах хүсэлтэй байх тул надад оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Ганчимэг нь хариуцагч Д.Дандарбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр болон мал эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Нэхэмжлэгч Б.Ганчимэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр болон мал эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохоо шүүхэд бичгээр мэдэгдсэн байна. 
Хариуцагч Д.Дандарбаатар нь Дэлгэр сумын Үертийн 2-11 тоотод байрлах хашааны газраас өөрт оногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа нь шүүх хуралдаанд “...Дандарбаатар шүүхэд хашаагаа хэлэлцэхгүй орхиод өөрийн биеэр тусдаа нэхэмжилнэ гэсэн. Нөгөө тал малаа татгалзаж байгаа бол хашаагаа авахаас татгалзъя гэсэн..” гэж тайлбарлаж байна. 
Нэхэмжлэгч Б.Ганчимэг, хариуцагч Д.Дандарбаатар нар нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7 дахь хэсэгт зааснаар шүүх урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авч, эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх 1 сарын хугацаа заасан байх боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 233 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, таарамжгүй байдлын улмаас нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хэдийгээр хариуцагч нь гэр бүл цуцлуулахыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч гэрлэгчид 2016 оноос хойш тусдаа амьдарч, энэ хугацаанд хариуцагч гэрлэлтээ хэвээр үргэлжлүүлэх болон үр хүүхдээ тэжээн тэтгэхэд оролцоогүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэлтээ цуцлуулах зохигчдын хүсэл зориг, гэр бүлийн харилцааны нөхцөл байдал зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Д.Гоомарал нь гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш эхийн асрамжид өсч торниж байгаа нөхцөл байдал, хүүхдийн насны онцлог болон хүүхдийн санал зэргийг үндэслэн охин Д.Гоомаралыг эх Б.Ганчимэгийн асрамжид үлдээх нь үндэслэлтэй байна. 
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Д.Гоомаралд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Д.Дандарбаатараар тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.  
Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч хашаанаас оногдох хувь гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна. 
Нэхэмжлэгч Б.Ганчимэг нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан, хариуцагч Д.Дандарбаатарт 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3, 131.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын байхгүйд, зохигчдын өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.550 төгрөгөөс 247.132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 42.418 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Дандарбаатараас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.068.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 30.182 төгрөг, нийт 170.582 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ганчимэгт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бэхтөр овгийн Батнямын Ганчимэг, Баянбуурал овгийн Дарийн Дандарбаатар нарын /2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд бүртгүүлсэн 0040-рт бүртгэлтэй/ гэрлэлтийг цуцалсугай. 
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Д.Гоомаралыг эх Батнямын Ганчимэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Д.Гоомаралыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нар /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Дандарбаатараар тэжээн тэтгүүлсүгэй. 
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Ганчимэгт даалгасугай.
5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Д.Дандарбаатар нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ганчимэг нь хариуцагч Д.Дандарбаатарыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгасугай.
7. Нэхэмжлэгч Б.Ганчимэг нь гэр бүлийн дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч Д.Дандарбаатар хашаанаас оногдох хувь гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү  шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Энхчимэгт даалгасугай.  
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.550 төгрөгөөс 247.132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 42.418 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Дандарбаатараас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.068.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 30.182 төгрөг, нийт 170.582 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ганчимэгт олгосугай. 
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ