| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2018/00335/И/ |
| Дугаар | 392 |
| Огноо | 2018-08-03 |
| Маргааны төрөл | Хязгаарлагдмал хариуцлага, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 392
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Ц.Үйтүмэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *********** аймгийн *************-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************** оршин суух *********** холбогдох,
Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 22.749.672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *************, хариуцагч *************, иргэдийн төлөөлөгч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** аймгийн ************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ************* нь **********-н даргаар ажиллаж байх хугацаандаа 1. ************-н жолооч *************, Байгаль орчны байцаагч ************* нарыг ажлаас нь чөлөөлсөн. Улмаар энэ үйлдэл нь шүүхээр хууль бус болох нь тогтоогдож ажилдаа эргэн томилогдсон. Уг хоёр иргэний ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 14.399.672 төгрөгийг ************* төлж барагдуулсан. Буруутай этгээдийн хууль бус шийдвэрээс болж ************* газарт учирсан 14.399.672 төгрөгийн хохирол учирсан. 2. Жолооч *************-ыг ажилдаа эргэн томилогдсон байхад *************-н ************* УАЗ-469 машиныг хүлээлгэж өгөлгүй өөр хүмүүсийн гар дамжуулан ашигласны улмаас тус машины эд анги солигдож төрийн үйлчилгээнд ашиглах боломжгүй болсон. Машины бүрэн бүтэн байдлыг хангахад 8.350.000 төгрөг шаардлагатай. Иймд *************аас 22.749.672 төгрөгийг гаргуулж *************т учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ************* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *************, ************* хоёрыг буруу шийдвэрээр халж байгууллагад 14.399.672 төгрөгийн хохирол учруулсан. *************, ************* 2 шат шатныхаа шүүхэд хандан шүүх хуралдаанаар буруу шийдвэр гаргасан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. ************* -н УАЗ 469 машиныг жолооч *************-т орсон цагаас нь хойш хүлээлгэж өгөөгүй. Хувь хүнээр унуулсан. Шинээр томилогдсон засаг дарга ажил хүлээлцэх комиссыг томилоод хүлээж авах гэтэл эд анги солигдсон, ажиллах боломжгүй тул хүлээж аваагүй. Тийм учраас нь энэ машиныг бүрэн бүтэн үйлчилгээнд оруулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Харицагч ************* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчээс гаргаж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. *************, ************* хоёрыг ажлаас чөлөөлсөн боловч тухайн хүмүүсийн орон тоон дээр хүн авч ажиллуулаагүй учраас төрд учирсан хохирол байхгүй. Тухайн хүний цалингийн сан нь ************* -н цалингийн санд хэвээр үлдэж явж байгаад жилийн эцсээр төсвийн тодотгол хийгдэж шүүхийн шийдвэрийн дагуу буцааж олгосон байгаа учраас хүн давхар цалинжуулж ************* -т хохирол учраагүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. ************* -н авто машины тухайд жолооч ************* нь хувийн хэрэгцээнд ашиглаж байгаад шүүхээр буруутай, хувийн хэрэглээнд ашигласан нь үнэн болох нь шийдэгдсэн. 610.000 төгрөгийн нөхөн төлбөр тавигдаж үүнийг өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн. Тийм учраас энэ машиныг өгөх боломжгүй байсан. ************* -н машины эд анги солигдсон гэдгийг ямар үндэслэлээр нотолж байгаа юм. Сольж авсан хүн нь хэн юм. Хэн гэдэг хүнд ямар ямар сэлбэг сольж авч байсан юм. Нэхэмжлэгчээс тодруулах саналтай байна. ************* -н машиныг бүрэн бүтнээр хүлээлгэж өгөөд цагдаагийн гараашид ашиглаж байх үед нь тухайн үеийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан ******** машиныг унаж яваад эвдээд гараашинд хийсэн байсан. ************* -н машин нь нэгэнт эдэлгээний хугацаа нь дууссан учраас актлаад одоо шинэ машин авсан. Иймээс надаар төлүүлэхээр нэхэмжилж байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч ************* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төсвийн байгууллагад цалингийн хохиролгүй гэж бодож байна. Машиныг сольсон гэрч баримтгүй байна. Төсөвт хохирол учраагүй юм байна гэж ойлголоо гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч ********* аймгийн ************* нь *************-т холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохирол 22.749.672 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ************* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа *************, ************* нарын ажилгүй байсан хугацааны олговорт олгосон 14.399.672 төгрөг, ************* -н ************* улсын дугаартай УАЗ-469 машины бүрэн бүтэн байдлыг хангахад шаардагдах 8.350.000 төгрөг, нийт 22.749.672 төгрөгийг тухайн үед ************* -н даргаар ажиллаж байсан ************-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан хэмээн мэтгэлцэж байна.
Хариуцагч ************* нь ...*************, ************* хоёрыг ажлаас чөлөөлсөн боловч тухайн хүмүүсийн орон тоон дээр хүн авч ажиллуулаагүй учраас төрд учирсан хохирол байхгүй. Тухайн хүний цалингийн сан нь ************* -н цалингийн санд хэвээр үлдэж явж байгаад жилийн эцсээр төсвийн тодотгол хийгдэж шүүхийн шийдвэрийн дагуу буцааж олгосон байгаа учраас хүн давхар цалинжуулж ************* -т хохирол учраагүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. ************* -н машиныг бүрэн бүтнээр хүлээлгэж өгөөд цагдаагийн гараашид ашиглаж байх үед нь тухайн үеийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан ********* машиныг унаж яваад эвдээд гараашинд хийсэн байсан. ************* -н машин нь нэгэнт эдэлгээний хугацаа нь дууссан учраас актлаад одоо шинэ машин авсан. Иймээс надаар төлүүлэхээр нэхэмжилж байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна... хэмээн маргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад-хариуцагч ************* нь ********* аймгийн *************-н даргаар ажиллаж байхдаа:
-байгаль орчны байцаагч *************-ийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны 22А дугаар шийдвэр, Говь-Алтай аймаг дахь Захиргаан хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 422 дугаар шийдвэр, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаар шийдвэр, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 272 дугаар шийдвэрээр,
-*********** аймгийн *************-н жолооч *************-ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 147 дугаар шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 505 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу *************-ын ажилгүй байсан хугацааны олговорт 3.980.728 төгрөг шилжүүлэн өгсөн болох нь 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №10, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №6, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №107 дугаартай төлбөрийн хүсэлтүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, шүүхийн шийдвэрийн дагуу *************-ийн ажилгүй байсан хугацааны олговорт 7.732.326 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №2, №3, №04, №05, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №113, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №39, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №68, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №84 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №1, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №12 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар 3.164.000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр гэж шилжүүлсэн боловч хэнд холбогдох баримт болох нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар Иргэний хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна. Харин энэ зүйлийн 498.1, 498.2-т зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж хуульд заажээ.
Хариуцагч ************* нь ********** аймгийн *************-н даргаар ажиллаж байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, зохигчид энэ асуудлаар маргаагүй байна.
Хариуцагч ************* нь ********** аймгийн *************-н даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т ...Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын -н дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын -н орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө... гэж зааснаар ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан байна. Ийнхүү гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэн нь *************-ыг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс ялгаж ойлгох нь зүйтэй.
Ажил олгогчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд ажлаас халах тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалсны эрх зүйн үр дагаврыг шүүхээс тодорхойлох зэрэг ажиллагааны эрх зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг. Ажилд эгүүлэн тогтоогдсон *************, *************, тэднийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан ************* ч *********** аймгийн *************-тай хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай учир шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицууулалтыг үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.
Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиодолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заажээ.
Хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой байна. Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн зүйлийн 135.4-т заасан байна.
Хуульд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхийн тулд ажилтан байгууллагад хохирол учруулсан байх, мөн ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх шаардлагатай. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч ************* нь байгууллагад хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй, мөн шүүх хуралдаанд талууд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна. Иймд хариуцагч *************-аас Хөдөлмөрийн тухай 135 дугаар 135.1-д заасан үндэслэлээр хохирол гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Хэрэв ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэж болох боловч хариуцагч *************-ын шүүх хуралдаанд *************, ************* хоёрыг ажлаас чөлөөлсөн боловч тухайн хүмүүсийн орон тоон дээр хүн авч ажиллуулаагүй учраас төрд учирсан хохирол байхгүй. Тухайн хүний цалингийн сан нь ************* -н цалингийн санд хэвээр үлдэж явж байгаад жилийн эцсээр төсвийн тодотгол хийгдэж шүүхийн шийдвэрийн дагуу буцааж олгосон байгаа учраас хүн давхар цалинжуулж ************* -т хохирол учраагүй... хэмээн тайлбарлаж байгаатай нэхэмжлэгч маргахгүй байх тул ************* -т хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Түүнчлэн хариуцагч ************* нь ********** аймгийн *************-н даргаар хэзээ, ямар шийдвэрээр томилогдсон, тэрээр хөдөлмөрийн, эсхүл контрактын гэрээгээр ажиллаж байсан, ямар цалин хөлстэй байсан, хэзээ ямар шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн ************* -н ************* улсын дугаартай УАЗ-469 машины бүрэн бүтэн байдлыг хангахад шаардагдах 8.350.000 төгрөг гаргуулна хэмээн шаардаж байх боловч уг машины бүрэн бүтэн байдал ямар байдлаар алдагдсан, машиныг засварлахад хэчнээн төгрөгний сэлбэг хэрэгсэл шаардагдах талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд *********** аймгийн *************-н нэхэмжлэлтэй, *************-т холбогдох байгууллагад учруулсан гэм хорын хохирол 22.749.672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *************-н нэхэмжлэлтэй, *************-т холбогдох байгууллагад учруулсан гэм хорын хохирол 22.749.672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН