Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00736

 

 

                                                            О.О-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02186 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2009 дүгээр магадлалтай,

О.О-ийн нэхэмжлэлтэй,

Ачтан элит ХХК-д холбогдох

ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,965,852 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч О.О нь Ачтан элит ХХК-ийн Ачтан эмнэлэгт 2008 онд эмэгтэйчүүдийн эмч, эмэгтэйчүүдийн хэт авиа оношилгооны эмчээр ажилд орсон бөгөөд 2020.02.11-ний өдөр ажлаасаа халагдсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч дүүргийн шүүхэд гомдлоо гаргаж шүүхээс 2020.04.15-ны өдөр 102/ШШ2020/01190 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн. Шийдвэр гарснаас хойш намайг ажилд авахгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаар хөнгөвчлөх, мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний жижүүр эмчээр ажилд авсан тухай надад мэдэгдэж биечлэн уулзаад тулгасан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь  мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний жижүүр эмчээр нарийн мэргэшээгүй учир алдаа гаргаж хүний амь эрсдэхэд хариуцлага хүлээх байсан. 2020.06.15-ны өдөр 72/20 тоот тушаалаар намайг эмэгтэйчүүдийн эмчээр эгүүлэн ажилд авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд орсон 2020.06.15-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө яах вэ гэхэд ажил олгогч шүүхэд хандаад ав гэсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Нийт ажлын 42 хоног байгаа ба үүнийг анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 46,806 төгрөгөөр бодоход 1,965,852 төгрөг болно. Иймд Ачтан элит” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 1,965,852 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмч О.О-ийг 2020.05.07-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу жижүүр эмчээр ажиллуулах тухай мэдэгдлийг гардуулан, ажилд авах тушаал гарсан. Мөн энэ хугацаанаас хойш ажилдаа ирэх, хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулах мэдэгдлийг танилцуулсан боловч 2020.06.15-ны өдрийг хүртэл ажилдаа ирэхгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн. 2020.06.15-ны өдрөөс эхлэн эмэгтэйчүүдийн эмчээр дахин тушаал гаргаж ажилд авч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1190 дугаартай шийдвэрийг бүрэн биелүүлсэн учраас О.О-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02186 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 заасныг баримтлан Ачтан элит” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 1,216,956 төгрөгийг гаргуулан О.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 748,896 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 зааснаар О.О-ийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг Ачтан элит ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,405 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33,757 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2009 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,757 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх хөдөлмөрийн эрх зүйн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Хуулиар ногдуулсан энэ үүргээ ажил олгогч хуулийн 40.1.1 дэх үндэслэлээс /эмэгтэйчүүдийн тасаг татан буугдсан/ болж биелүүлж чадахгүйд хүрсэн тохиолдлыг мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т зохицуулсан байна. Үүний дагуу О.О-ийг ажилд нь эгүүлэн авах шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөр “жижүүр эмч”-ээр ажиллуулах тушаалыг ажил олгогч гарсан. Өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, тушаалд нь эгүүлэн тогтоож түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч нь олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Түүнчлэн талуудын өмнөх хөдөлмөрийн гэрээний харилцааг шүүх дуусгавар болсон гэж дүгнэж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч дахин 2020.04.15-ны өдрөөс 2020.06.15-ны өдөр хүртэл 42 хоног ажилгүй байсан хугацааныхаа цалинг дахин нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ажил олгогч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөр нэхэмжлэгчийг жижүүр эмчийн ажилд эгүүлэн томилсон бөгөөд ажил олгогчийн удаа дараагийн хөдөлмөрийн гэрээ байгуулах мэдэгдэлд татгалзаж явсаар дээрх 42 хоногийг өнгөрүүлсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээг харилцан чөлөөтэй байгуулах нь талуудын эрхэд хамаарах бөгөөд ажил олгогчийн шийдвэрт ажилтаны татгалзал нь хууль зүйн үр дагаврыг өөртөө зориудаар бий болгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан “адил чанарын өөр ажил, албан тушаал” гэдэгт цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг гэж ойлгож байгаа. Мөн нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэрийг ажил олгогч нь гаргаж хөдөлмөрийн харилцаа шинээр үүссэн тул “Ачтан Элит” ХХК-ийн 2020.05.07-ны өдрийн тушаалаар дахин эгүүлэн ажилд оруулж шийдвэрлэж байгаа нь хууль зөрчөөгүй түүнд нийцсэн үйлдэл юм. Нэхэмжлэгч нь урьд ажиллаж байсан ажил, албан тушаалтай адил, ижил цалин бүхий ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэснийг тохирохгүй гэсэн татгалзлаа нотлоогүй. Иймд дээр дурдсан үндэслэлийг хянан үзэж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

О.О нь Ачтан элит ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,965,852 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргахдаа шүүхийн шийдвэрт заасан урьд ажиллаж байсан ажлын байрыг татан буулгасан, ижил цалин бүхий ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх үндэслэлийг заажээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн 01190 дугаар шийдвэрээр О.О-ийг Ачтан элит ХХК-ийн Ачтан клиникийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,387,106 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар нэгэнт тогтоогдсон буюу ажилтан ажлаас буруу халагдсан үйл баримтыг болон урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тогтоогдсон гэж үзэн дахин нотлохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүнд урьд авч байсан дундаж цалин хөлсийг ажилгүй байсан бүх хугацаагаар тооцон олгох үүрэгтэй.

Шүүх О.О-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийн дагуу нэг өдрийн цалинг 46,806 төгрөгөөр тооцсон нь зөв болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “...ажилгүй байсан бүх хугацаа...” гэдгийг ажилтныг ажлаас чөлөөлснөөс хойш урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох хүртэл хугацааг ойлгоно.

 Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн хүсэлтээр 2020.05.19-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 07805 дугаар захирамж гарч, 599 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн, 2020.06.15-ны өдрийн 72/20 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар О.О-ийг урьд эрхэлж байсан эмэгтэйчүүдийн эмчийн ажилд эгүүлэн томилсон байна.

Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаал байхгүй болсноос түүнийг эмэгтэйчүүдийн эмчээр томилох боломжгүй байсан учир жижүүр эмчээр томилж, тушаал гаргасан гэх боловч эмэгтэйчүүдийн эмчийн ажлын байр, албан тушаал цомхотголд орсон болохыг нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажлаа эрхлээгүй хугацаанд олгосон олговроос зохих суутгал хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул зөвтгөх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын холбогдох заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2009 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02186 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 заасныг баримтлан...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Наранцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ЗОЛЗАЯА    

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                             Х.СОНИНБАЯР 

                                                                              Б.УНДРАХ