Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2594

 

 

 

 

 

 

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02574 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХХК-д холбогдох  

 

345 000 ам.доллар буюу 629 880 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дашдондогийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: С.Дашдондог

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Цолмонбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дашдондог шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгийн болон газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн академийн 48/3 дугаарт байрлах, газар эзэмших 0006336 тоот гэрчилгээ, 18650311059041 тоот нэгж кадастрын талбарт байрлах баруун гарын суман шилжүүлэг, 365 метр урт салаа төмөр замтай, хүлэмж бүхий урд ба баруун талаараа модоор барьсан, хойд талаараа блокон хашаатай үл хөдлөх эд хөрөнгийг А ХХК-д 1 800 000 ам.доллараар худалдсан билээ.

Гэрээний дагуу шилжүүлсэн 18650311059041 тоот нэгж кадастрын зураг бүхий газрын талбайн хэмжээ нь нийтдээ 25 953 м.кв хэдий ч гэрээ байгуулах үед хашаалсан нийт талбайн хэмжээ нь 22 811 м.кв буюу Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон нийт газраас 3 142 м.кв-аар бага байсан нь зөвшөөрөлтэй талбайд хашаагаа барихад зэргэлдээх айлуудын хашааны үүдийг бөглөж байсантай холбоотой бөгөөд айлуудын эрх ашгийг хүндэтгэх үүднээс одоо байгаа хашааг сунгаж бариагүй. Айлуудын газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Агь/Энэм 02/11 тоот нэмэлт гэрээ байгуулан үндсэн гэрээний үнийн дүнг тодорхой нөхцөлтэйгээр 300 000 ам.доллараар бууруулсан.

Уг нөхцөлөөр Агь/Энэм 02/11 тоот гэрээний 1.5-д заасны дагуу хашааны дотор талбайг өргөтгөсөн тохиолдолд өргөтгөсөн нэг метр квадрат талбай тутамд 95.48 ам.доллараар бодож зөрүү болох 3 142 хавтгай дөрвөлжин метр талбайн үнэ буюу 300 000 ам.долларыг Э ХХК-д нөхөн төлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд хашааг өргөтгөсөн өдөр гэж нэмэлт гэрээний 10.5-д заасны дагуу хашааг өргөтгөх зай талбай, боломж бий болсон буюу газрыг чөлөөлөх талаар холбогдох байгууллагаас шийдвэр гарсан өдрийг тооцохоор харилцан тохиролцсон.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Э ХХК-ийг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25953 м.кв газрыг А ХХК-д шилжүүлсэн бөгөөд газар эзэмшигч нь 18650311059041 тоот нэгж кадастрын зургын дагуу эзэмшлийн газартаа хашаагаа барихад саад болох зүйлгүй талаар зохих албан тоотыг манай компанид ирүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл талбайн гадуур буусан айлууд нь нүүж, талуудын хооронд байгуулсан 02/11 тоот гэрээний 10.5-д заасны дагуу хашааг өргөтгөх зай талбай бий болсон бөгөөд үүнийг ч Нийслэлийн өмчийн харилцааны газраас баталгаажуулсан тул гэрээнд тохиролцсоны дагуу 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр хашааг өргөтгөсөн гэж үзэх нөхцөл байдал бий болсон байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн худалдагчийн зүгээс гэрээгээр тохиролцсон нөхцөл биелсэн талаар 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А ХХК-д мэдэгдэл хүргүүлж, үлдэгдэл төлбөр болох 300 000 ам.долларыг төлөхийг мэдэгдсэн боловч 05 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн мэдэгдэлдээ бидний нэхэмжилж буй 300 000 ам.долларыг шилжүүлэх боломжгүй талаар хариу ирүүлсэн.

Э ХХК нь Агь/Энэм 01/11 тоот гэрээний дагуу эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд хашааг өргөтгөх зай талбай бий болсноор тухайн хашааг өргөтгөсөн буюу бүхэлд нь хүлээн авсан гэж үзэж 300 000 ам.долларыг А ХХК-иас Э ХХК-д төлж, Агь/Энэм 02/11 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай байна.

Иймд Э ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Агь/Энэм 01/11, нэмэлт бүхий Агь/Энэм 02/11 тоот гэрээ, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хашааны талбайгаа өргөтгөсөн 3 142 м.кв талбайн үнэ болох 300 000 ам.доллар Агь/Энэм 02/11 тоот гэрээний 7.1-д заасны дагуу алданги 45 000 ам.доллар, нийт 345 000 ам.доллар буюу 629 880 000 төгрөгийг А ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, П.Цолмонбаатар нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр талууд харилцан тохиролцож газар эзэмших 0006336 тоот гэрчилгээ, 18650311059041 тоот нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн академийн 48/3 тоот хаяг бүхий газарт байрлах баруун гарын суман шилжүүлэг, 365 метр урт салаа төмөр замтай, хүлэмж бүхий урд ба баруун талаараа модоор барьсан, хойд талаараа блокон хашаа бүхий үндсэн хөрөнгийг худалдсан. Гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгө байрлаж байсан 18650311059041 тоот нэгж талбарын дугаартай газрын талбайн хэмжээ нь бичиг баримтаараа 25953 м.кв байсан ч бодит байдал дээр эзэмшиж, ашиглаж болох хашаалсан талбай нь 22 811 м.кв байсан. Худалдагч тал газар эзэмших гэрээ, гэрчилгээнд бичигдсэн 25 953 м.кв талбай бүхий газар нь манай компанийн хууль ёсны эзэмшлийн газар, 3 142 м.кв талбай бүхий газар нь зэргэлдээ айлуудын хашааны үүдийг бөглөж байсантай холбоотой бөгөөд энэ айлуудын эрх ашгийг хүндэтгэх үүднээс хашаагаа сунгаагүй гэж тайлбарласан учраас 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3142 м.кв газрыг 300 000 ам.доллараар худалдан авахаар Агь/Энэм 02/11 тоот нэмэлт байгуулсан.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцлийг гэрээгээр тодорхойлно” гэж заасан. Талууд үүнийг үндэслэн гэрээний 10.5-д “Хашааг өргөтгөх зам талбай, боломж бий болсон буюу газрыг чөлөөлөх талаар холбогдох байгууллагаас шийдвэр гарсан өдөр нь хашааг өргөтгөсөн өдөр гэж тооцогдоно” гэж заасан. Гэвч гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д "...хэрэв хүчин төгөлдөр байгаа хууль эрх зүйн бичиг баримтаа үндэслэн одоо байгаа хашааны дотор байгаа талбайг өргөтгөсөн тохиолдолд өргөтгөсөн нэг шоо дөрвөлжин метр талбай тутамд 95.48 ам.доллараар Э ХХК-ийн хүчин төгөлдөр байгаа кадастрын зургийн давуу байдлыг ашигласны нөхөн төлбөрийг худалдагчид төлөхөөр тохиров” гэж заасан.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т худалдан авагч нь ...зарагдсан объектийн хашааг өргөтгөсөн тухай бүр гэрээний 1.5-д заасны дагуу өргөтгөсөн шоо дөрвөлжин метр тутамд 95.48 ам.доллараар тооцож худалдагчид төлнө, 3.5-д “...хашаа өргөтгөл хийсэн тухай бүр өргөтгөл хийснээс хойш ажлын 3 хоногт төлбөрийг шилжүүлнэ” гэж тус тус заасан гэрээний заалтуудыг харвал, худалдан авагч А ХХК хашааг бодитоор өргөтгөсөн тохиолдолд худалдагч Э ХХК-д төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна.

Иймд 3 142 м.кв газрыг бодитойгоор эзэмшихээр худалдан авагч хүлээн аваагүй, гэрээгээр тохирсон мөнгө төлөх нөхцөл байдал үүсээгүй учраас А ХХК төлбөр төлөх үүрэггүй юм.

Нэмэлт гэрээ байгуулсны дараа 3 142 м.кв газрын зэргэлдээ айлуудад газар эзэмших эрхийн бичиг баримтаа үзүүлэн энэ газрыг худалдан авсан, манай компанийн газар гэж хашаагаа өргөтгөх гэсэн боловч тэдгээр айлууд нь энэ газар бол айлуудын орц гарц байрладаг гудамж буюу нийтийн эзэмшлийн газар гэж эсэргүүцсэн бөгөөд газрын албанаас тодруулан асуухад нийтийн эзэмшлийн газар болох нь тодорхой болсон.

Нэмэлт гэрээ байгуулснаас хойш бичиг баримтын дагуу хашааг өргөтгөж, эзэмших боломжгүй, худалдагч тал ч чимээгүй болсон учраас манай компани бодит 22 811 м.кв газраа эзэмшсээр ирсэн. Амгалан цахилгаан станцийг барих шийдвэр гарсантай холбоотойгоор 2013 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд цахилгаан станц баригдахад шаардлагатай газруудын эзэмшигч, өмчлөгч нарт мэдэгдэл өгч, Нийслэлийн өмчийн харилцааны газраас нөхөн төлбөр өгч газрыг чөлөөлж эхэлсэн.

2013 оны 05 дугаар сар гэхэд ихэнх айл нөхөн төлбөр авч газраа чөлөөлж дууссан. Манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад бичиг баримтаар газрын талбайн хэмжээ 25 953 м.кв байсан боловч бодит байдалд маргаан бүхий 3 142 м.кв газрыг манай компани бодитоор эзэмшдэггүй, нийтийн эзэмшлийн төрийн өмчийн газар учраас төрөөс манай компанид ямар нэг нөхөн төлбөр өгөлгүйгээр Амгалан дулааны цахилгаан станцын газарт шууд хамаарагдаж байгаа юм.

Айлууд нүүж, газар өргөтгөх боломж гарсан юм шиг боловч бодит байдалд энэхүү газар нь төрийн мэдэлд буюу Амгалан цахилгаан станцын аюулгүйн бүсэд хамаарагдсан учир мөн л хэн ч эзэмшиж, ашиглах боломжгүй юм. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурьдсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/7091 тоот албан бичиг манай компанид огт ирээгүй, тэр бичиг анх 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Э ХХК-ийн ирүүлсэн мэдэгдэлтэй хамт ирэхэд нь л бид үзсэн. Энэхүү бичигт А ХХК кадастрын зургийн дагуу эзэмшлийн газартаа хашаагаа барихад саад болох зүйлгүй гэсэн нь эзэмшиж буй газрын яг аль хэсэгт хамаатай болох нь утга, агуулгын хувьд тодорхой биш бөгөөд бодит байдалтай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч тал нэмэлт гэрээний төлбөр болох 300 000 ам.долларыг нэхэмжлэл гаргасан огноогоор тооцож 629 880 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан. Зохигчид 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3 142 м.кв газрыг 300 000 ам.доллараар худалдан авахаар Агь/Энэм 02/11 тоот нэмэлт гэрээ байгуулсан. Тухайн үеийн ханшаар тооцвол 375 810 000 төгрөг болж байна. 2011 оны 09 дүгээр сард гэрээ байгуулагдсанаас хойш 2 жил гаруй хугацаа өнгөрөхөд худалдагчийн хууль ёсны эзэмшил газар гэх 3 142 м.кв газрыг худалдан авагч А ХХК-ийн хууль ёсны эзэмшилд бодитойгоор шилжүүлэх, хашаагаа өргөтгөх боломжоор хангах талаар Энэм ХХК нь ямарч бодитой үйлдэл хийгээгүй. Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2013 оны 05 дугаар сард нөхөн төлбөр өгч зэргэлдээ айлуудыг нүүлгэснээс хойш Э ХХК 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэнэт газрыг чөлөөлсөн тул төлбөр төл гэсэн албан бичиг ирүүлсэн нь газар чөлөөлөх ажлыг өөрсдөө хийж, гэрээний үүргээ биелүүлсэн мэт харагдуулах гэсэн үйлдэл байна. Нэхэмжлэгч нь 45 000 ам.долларын алданги тооцож нэхэмжилж байгаа нь бас хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 345 000 ам.доллар буюу 629 880 000 төгрөг гаргуулах Э ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 3 318 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41969 дугаартай захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дашдондог давж заалдах гомдолдоо: “...А ХХК хашаагаа 25 953 м.кв талбайдаа тааруулан тэлэх боломж бүрэн бүрдсэн тухай хангалттай нотлох баримт байсаар байтал шүүх илт нэг талыг барьж шийдвэр гаргалаа.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан гол үндэслэл нь "Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрээр 2 2811 м.кв газрыг 5 жилийн хугацаатай “Агьтрейд” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээ олгосон байх ба дээрх захирамж хүчинтэй байна" гэж заасан нь зөрчилтэй бөгөөд ойлгомжгүй байна. Тухайлбал:

            ...Э ХХК-аас 345 000 ам.долларын нэхэмжлэл шүүхэд гаргасны дараа буюу шүүхэд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд А ХХК нь өөрийн санаачлага, хүсэлтийн дагуу 25 953 м.кв талбай эзэмших захирамжаа хүчингүй болгуулж, 22 811 м.кв талбай эзэмших захирамж гарч тэр нь хүчин төгөлдөр болсон ч энэхүү захирамж гарахаас өмнө “Агьтрейд” ХХК-ийн бусад хуулийн этгээдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг хэвээр үлдэх ёстой.

            ...А ХХК эзэмших ёстой талбайгаа шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар өөрийн хүсэлтээр багасгуулах нь бидний хооронд хийсэн гэрээнд огтхон ч нөлөөлөхгүй, манай компаний буруугаас шалтгаалан аргагүйн эрхэнд тэднийх эзэмших газрын хэмжээгээ багасгуулаагүй, ийм ойлгомжтой байхад манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...А ХХК-ийн компани эзэмшиж байгаа газрын хэмжээгээ хасуулах нь тэдний өөрийнх нь эрхийн асуудал болохоос урьд өмнө хийсэн гэрээг нь өөрчлөх, гэрээгээр хүлээсэн үүргээс нь чөлөөлөх үндэслэл болохгүй. ...Хавтаст хэрэгт манай нэхэмжлэлийн шаардлага үндэстэй болохыг нотлох баримт, нөхцөл байдал хангалттай бүрдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

       Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулж, худалдах, худалдан авах гэрээний зүйлээс 3 142 м.кв талбайн үнэ 300 000 ам.доллар, алданги 45 000 ам.доллар, нийт 345 000 ам.доллар буюу 629 880 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээний зүйл 3 142 м.кв талбайг бодитойгоор хүлээж аваагүй тул гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн академийн 48/3 дугаар хаягт байрлах, 25 953 м.кв  газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмших эрхтэй байсан ба уг газарт байрлах, баруун гарын суман шилжүүлэг, 365 м урт салаа төмөр зам, хүлэмж, блокон хашаа бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, газар эзэмших эрхийн хамт хариуцагч А ХХК-д худалдах, хариуцагч А ХХК нь гэрээний зүйлийн үнэ 1 500 000 ам.доллар төлж худалдан авахаар тохиролцож 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/11 тоот гэрээ байгуулснаас гадна гэрээний зүйл болох газар эзэмших эрх нь 25 953 м.кв  талбай боловч хашааны доторх талбай нь 22 811 м.кв байгаа тул зөрүү 3 142 м.кв  талбайн үнэд 300 000 ам.долларыг хашааны доторх талбайг кадастрын зургийн дагуу 25 953 м.кв  хүртэл өргөтгөсөн тохиолдолд төлөхөөр тохиролцож Агь/Энэм 02/11 тоот нэмэлт гэрээг 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх нэмэлт гэрээнд зааснаар хашааны доторх талбайг 25 953 м.кв  хүртэл өргөтгөх боломж бүрдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн бол хариуцагч нь зөрүү 3 142 м.кв  талбай нь нийтийн эзэмшлийн газарт, Амгалан дулааны цахилгаан станцын аюулгүйн бүсэд тус тус хамаарагдсан тул өртгөтгөх боломжгүй учраас 22 811 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/917 дугаар захирамжаар авсан гэж татгалзжээ.

 

2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Агь/Энэм 02/11 тоот нэмэлт гэрээний 10.5-д “Хашааг өргөтгөх зай талбай, боломж бий болсон буюу газрыг чөлөөлөх талаар холбогдох байгууллагаас шийдвэр гарсан өдөр нь ахшааг өргөтгөсөн өдөр гэж тооцогдоно” гэж заасан нь тухайн талбайг ашиглах, өргөтгөх боломжтой нөхцөл байдал болсон гэдэг болзлыг талууд тохиролцсон байна.

 

Талууд гэрээ байгуулах үед нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлэн өгсөн газар нь кадастрын зураг дээр заасан хэмжээнээс бага талбай бодит эзэмшилд байгааг зөвшөөрсөн. Уг газрыг өргөтгөх боломжтой талбай бусад өөр этгээдүүдийн эзэмшилд байгаа гэдгийг хэн аль нь мэдэж байсан. Харин тэр эзэмшил хэзээ байхгүй болох гэдэг энэ нөхцөл байдлын талаар Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэл байгуулагдсан гэж үзэх тул уг хэлцлийн болзол биелэгдсэн тохиолдолд тэр үүрэг үүсэх учраас талуудын хооронд хийгдсэн гэрээний 300 000 ам.долларыг төлөх гэрээний үүрэг үүсэх тухай тохиролцоо нь төлбөр төлөх үүргийг хойшлуулсан болзол бий болсон гэж үзэхээр байна.

 

Хэрэгт 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайханы нэхэмжлэгч Э ХХК-д өгсөн албан бичигт кадастрын зургийн дагуу эзэмшлийн газартаа хашаа барихад саад болох зүйл байхгүй болохыг мэдэгдсэн байна. Түүнчлэн Нийслэлийн төсвөөс газар чөлөөлөхтэй холбоотойгоор нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай захирамжууд авагдсан байгаа нь уг газар иргэдийн эзэмшлээс чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон. /II-хх 131-144/

 

Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар болзол тавьж хэлцэл хийсэн талуудын болзол бий болсон нь өөрт нь ашиггүй байгаа тал болзол бий болоход шударга бусаар саад болсон бол болзлыг бий болсонд тооцохоор заажээ.

 

Өөрөөр хэлбэл хашааг өргөтгөсөн тохиолдолд тухайн хашааны төлбөр 300 000 өм.долларыг төлөх үүрэг үүсэх байсан. Гэтэл 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч А ХХК-иас Өмчийн харилцааны газарт гаргасан хүсэлтэд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус газрын орлогч дарга М.Батсайхан хариу өгсөн байна. Өмнө нь газрыг чөлөөтэйгээр ашиглаж, өргөсгөж болох талаарх мэдэгдлийг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн, түүнчлэн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Э ХХК-иас хариуцагч А ХХК-д хандан гэрээний үүргийг шаардсан албан бичгийг явуулсаар байтал хариуцагч нь 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий байгууллагад хандсан, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөн эрх бүхий байгууллагад хандаж газрын хэмжээг кадастрын зурагт зааснаас бага хэмжээтэй болгуулах тухай хүсэлтүүдийг гаргаж байсан нөхцөл байдлууд нь болзол бий болоход саад учруулсан гэж үзнэ.

 

Талуудын хоорондын 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Агь/Энэм 02/11 тоот нэмэлт гэрээгээр тохиролцсон 300 000 ам.долларыг нэхэмжлэгчээс хариуцагчид хандан төлбөр төлөхийг шаардсан 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаан дахь төлбөл зохих алдангийг 0.1 хувиар тооцож 1 өдрийн алданги 300 ам.доллар болж байна. Иймээс 60 хоногийн алдангид нийт 18 000 ам.доллар, гэрээгээр тохирсон 300 000 ам.доллар, нийт 318 000 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн 1 ам.долларын ханш 1 825.74 төгрөгөөр тооцож, нийт 580 585 320 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02574 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас гэрээний төлбөрт 318 000 ам.доллар буюу 580 585 320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 000 ам.доллар буюу 49 294 980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч А ХХК-иас 3 060 877 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Э ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 307 350 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН