Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/160

 

 

                                 2021/ШЦТ/160

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

           Улсын яллагч: Б.Буяндалай

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг, Б.Ариунбаяр

Шүүгдэгч: Ч.Т, Ж.Г

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Жгийн Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Чын Т нарт холбогдох 2112000000078 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамж мэргэжилтэй, “Хаан” банкинд мэдээллийн технологийн мэргэжилтэн буюу инженер ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 1-48 дугаар байрны 2-17 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, С овогт Жгийн Г /РД:../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт мэргэжилтэн ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 39 дүгээр байрны 604 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Н овогт Чын Т /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ж.Г, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт мэргэжилтэн ажилтай Ч.Т нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны орчимд Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Цагааннүүр гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 2.664 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, ойн санд 292.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Гын мэдүүлсэн: Би 2020 оны 12 дугаар сарын дундуур Т, Ч нартай хамт галын түлээ хийсэн юм. Чийг зөвшөөрлийн бичиг аваад ир гээд явуулсан. Ч араас зөвшөөрлийн бичиг авчихлаа гээд ирсэн. Цаашаа яваад өмхөрчихсөн мод байхаар нь тэр модыг унагаасан. Ямар модыг ойн цэвэрлэгээ гэж үзэх вэ гэдэг фэйсбүүкээс  бичлэг үзэж байсан учраас тэр модыг ойн цэвэрлэгээ гээд  тайрсан. Тэр мод өмхтэй мод байсан учраас тайрсан. Тайраад дууссаны дараа Т ирсэн. Ч бас дараа нь ирсэн. Тэгээд доороос нь машинаа гаргах гээд чадахгүй байсан. Тэгж байтал цагдаа хүрээд ирсэн гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Тгийн мэдүүлсэн: 2020 оны 12 дугаар сарын дундуур амралтын өдөр байсан, Г над руу залгаад урагшаа  ахынд очоод ирье гээд  байсан. Тэгээд ээжийнд галын түлээ хэрэгтэй байна гээд  ахынхаас нь хөрөө аваад явж байтал хөрөөний гинж суларсан учраас чангалах түлхүүр, багаж байхгүй гээд намайг буцаж яваад аваад ир гэсэн бөгөөд буцаад очтол ах нь малдаа өвс өгөөд зогсож байсан учраас хамт өвс өгчихөөд явсан. Хөрөөний дуу гарч байгаа газар  руу яваад очтол Г урдаас модоо тайраад дууссан гээд ирсэн. Тухайн өдөр хүйтэн байсан, нимгэн хувцастай байсан учраас даараад яараад яваад өгсөн. 

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000078 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

           Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн мэдүүлсэн: ...Ч.Т, Ж.Г гэдэг хүмүүс ойн цэвэрлэгээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний босоо мод бэлтгэн шалгагдаж байгааг би мэдсэн. Би танилцсан 292.400 төгрөгийн хохирол учирсан байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дын мэдүүлсэн: ...Би тухайн өдөр малд явж байгаад ууланд хийсэн модтой таараад аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Мод бэлтгэсэн гэх газар нь Архангай аймгийн Булган сумын Баян булаг багийн Хойд могой Өгөөмөр Цагаан нүүр гэх нэртэй газар байсан. Намайг очиход дөрвөн ширхэг босоо мод унагасан байсан. Тухайн моднуудыг бүгдийг нь тайрсан байсан. Би тайрсан моднуудыг тоолсон бөгөөд хорин дөрвөн ширхэг тайрсан мод байсан. Шинэс төрлийн хар мод байсан. Тухайн бэлтгэсэн мод нь нойтон мод байсан. Цагаан нүүр гэх газар талбай тусгаарлалт хийгдээгүй, мод бэлтгэж болохгүй газар байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 12 дугаар сарын арван хэднээр билээ, сайн санахгүй байна, Архангай аймгийн Булган сумын Баян булаг багийн байгаль хамгаалагч Д.А гэдэг хүнээс мод бэлтгэх эрхийн бичгийг очиж авсан. Мод бэлтгэх эрхийн бичгээр би өөрөө мод бэлдээгүй. Ч.Т, Ж.Г нар гуйгаад байхаар нь би авч өгсөн. Хийсэн бэлэн мод байгаа ачаад ирье, чи мод бэлтгэх эрхийн бичиг аваад хойноос хүрээд ирээрэй гээд өөрсдөө түрүүлээд явсан. Би тэгээд хойноос нь мод бэлтгэх эрхийн бичгээ аваад очсон. Яг хэдэнд бэлтгэсэн гэж хэлээгүй бөгөөд дөрөв тав хоногийн өмнө бэлтгэсэн гэж хэлсэн. Тэд нар мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлсэн. Тэгээд модоо бэлдчихсэн, одоо ачаад ирье, чи мод бэлтгэх эрхийн бичгээ авчих гээд мөнгийг нь надад өгөөд би авсан. Мод бэлтгэсэн гэх газар нь Архангай аймгийн Булган сумын Баян булаг багийн Хойд могой Өгөөмөр Олон нүүр гэх нэртэй газар гэж байсан. Тэд нар жижиг тэрэг буюу Приус-20 гэдэг саарал өнгийн машинтай байсан. Би тээвэрлээгүй, машин хий эргээд гараагүй, тэгээд буцаад хоосон ирсэн. Ж.Г Ч.Т нарыг мод бэлтгэж байхыг би хараагүй. Машин очихгүй байсан болохоор буцаад аймаг руу явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...Би хониндоо явж байсан. Тэгэхэд хөрөө үүрсэн хоёр хүн Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Хойд могой Цагаан нүүр гэх газарт мод унагаад байсан. Би уулын руу өнхрүүлж байхыг нь холоос харсан. Яг очиж хараагүй, бүдүүн улаан моднууд байсан. Яг хэдийг унагаасан гэдгийг би мэдэхгүй. Тухайн үед бэлтгэсэн модоо аваагүй бөгөөд модоо бэлдчихээд яваад өгсөн. Цахилгаан хөрөө үүрчихсэн явсан. Тэгээд ууланд цахилгаан хөрөө дуугараад байсан. Би очиж хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Хоёр хүн харагдаж байсан. Өөр хүн харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн дахин мэдүүлсэн: ...2020 оны 12 дугаар сарын 12-14-нд гэж бодож байна, яг нарийн сайн бол мэдэхгүй байна, би тэр үед халтар азарганы адууг урт цагааны хөлөөс туугаад явж байхад нэг намхан залуу мод хөрөөдөж байсан залуу дээр өндөр залуу ирчихсэн модоо уулын уруу өнхрүүлж байгаа харагдсан. Тухайн үед мод бэлтгэсэн газар нь Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Шар булууны урт цагаан хөлд бэлтгэж байгаа харагдсан. Эхлээд нэг хүн байсан бөгөөд дараа нь харахад хоёулаа болчихсон өнхрүүлж байсан. Цахилгаан хөрөө дуугарч байсан. Өөр багаж ашигласан талаар мэдэхгүй байна. Би босоо мод унагасан эсэх талаар бол хараагүй. Харин хэвтүүлсэн мод хөрөөдөж байхыг харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 156-157 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн: ...Ч.Т Ж.Г гэх хүмүүсийг 2020 оны 12 дугаар сард Хойд могой Өгөөмөр Цагаан нүүр гэх газарт мод бэлтгэсэн талаар би тухайн үед мэдээгүй. Сүүлд нь мэдсэн. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, Ч гэдэг залуу авсан. Яг хэзээ авсныг мэдэхгүй байна. Галын түлээ авна гээд мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Талбай тусгаарлалт хийгдээгүй газар байгаа. Талбай тусгаарлалт хийгээгүй газар мод бэлтгэж болохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Пгийн мэдүүлсэн: ...Миний дүү Ж.Г нь 1989 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 8 хүүхэдтэй айлын отгон хүү болон төрсөн. Бага насаа ээж, аавын гар дээр өсөж 4 настайгаасаа Архангай аймгийн цэцэрлэгт сууж 8 настай 3 дугаар сургуульд анх орж 10 ангиа төгсөөд Улаанбаатар хот руу оюутан болж 2012 онд төгсөж ирээд “АВ” телевизэд анх ажилд орж удалгүй Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ажиллаж байгаад 2019 оны хавар “Хаан” банкинд ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Миний дүү Ж.Г нь төлөв даруу зантай, сурлага, урлагтаа сайн хүүхэд байсан. Миний дүү Ж.Г нь 2012 онд Мөнхтуяатай гэр бүл болж одоо 2 хүүхдийн хамтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 1-48 байранд амьдардаг. Ж.Г өмнө нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан зүйл байхгүй. Миний ээж Н Улаанбаатар хотод миний төрсөн. Охин дүү Гүнжлхамынд амьдарч байгаа. Харин миний аав Ж 2020 онд даралт харваж нас барсан. Бид эхээс наймуулаа бөгөөд 2 ах Улаанбаатар хотод, 2 эгч мөн Улаанбаатар хотод 2 ах нь Архангай аймгийн төвд амьдарч байна. Ж.Г архи согтууруулах ундааны зүйл архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Манай удамд архи уудаг хүн байдаггүй. Би ч өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 хуу/

 

             Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Пгийн мэдүүлсэн: ...2020 оны 12 дугаар сарын дундуур би Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Олон нүүр гэх газар оторлож байхад миний төрсөн болох Ж.Г өөрийн суудлын жижиг тэрэгтэй, Т гэх залуугийн хамтаар манайд 09 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгэхээр нь би хаа хүрэх гэж явна гэж асуухад галын түлээний мод хийхээр ирлээ гэж хэлсэн. Удалгүй би тэжээлийн малдаа өвс өгөхөөр гарахад тэр 2 миний араас гараад түлээ хийхээр цахилгаан хөрөө үүрээд урд уулын ар руу явган явсан. Тэгээд яг хэзээ явсан талаар мэдэхгүй байна, мал хураагаад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд тэр 2 явсан гадна нь  машин байхгүй байсан. Ж.Г Ч.Т нар яг хаана мод хийсэн талаар мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар Олон нүүр гэх газар руу мод бэлтгэсэн байх. Би мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж асуухад авсан гэж хэлж байсан. Би нарийн сайн лавлаж асуугаагүй. Манай гэрээс мод бэлтгэхээр хөрөө л авч явсан. Өөр багаж авч яваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 хуу/

           

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Пгийн дахин мэдүүлсэн: ...2020 оны 12 дугаар сарын 10-ны үед манайд мод бэлтгэхээр ирсэн. Тэр үед мод бэлтгээд ачиж явах машин нь хий эргээд явж чадаагүй. Тэрнээс хойш бэлтгэсэн модоо авах гэж ирээгүй. Тухайн үед л манайд ирсэн. Тэрнээс хойш ирээгүй. Т буцаж ирээд надтай үхэрт өвс өгөлцөөд хөрөөний биет түлхүүр аваад 20-30 минутын дараа явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 152-153 хуу/

           

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-03 хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-06 хуу/

            2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46 хуу/

            “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А21-23 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-63 хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69-70 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 99-100 хуу/

            2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 118-119 хуу/

            2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 146 хуу/

            Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаартай албан бичиг /хх-ийн 186 хуу/

            Шүүх хуралдаанд шинээр өгсөн Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 232 тоот багийн засаг даргын тодорхойлолт, Архангай аймгийн Булган сумын даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/179 тоот багийн засаг даргын тодорхойлолт, “Хаан” банкны мөнгө тушаасан баримт зэрэг болно.

 

   Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 12 дугаар сарын 10-ны орчимд Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Цагаан нүүр гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 2.664 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, ойн санд 292.400 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Т, Ж.Г нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, ш үүгдэгч Ж.Г, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт мэргэжилтэн ажилтай Ч.Т нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны орчимд Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Цагаан нүүр гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 2.664 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, ойн санд 292.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:  

                               

           мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн мэдүүлсэн “Ч.Т, Ж.Г гэдэг хүмүүс ойн цэвэрлэгээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний босоо мод бэлтгэн шалгагдаж байгааг би мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дын мэдүүлсэн “Би тухайн өдөр малд явж байгаад ууланд хийсэн модтой таараад аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Мод бэлтгэсэн гэх газар нь Архангай аймгийн Булган сумын Баян булаг багийн Хойд могой Өгөөмөр Цагаан нүүр гэх нэртэй газар байсан. Намайг очиход дөрвөн ширхэг босоо мод унагасан байсан. Тухайн моднуудыг бүгдийг нь тайрсан байсан ба моднуудыг тоолоход хорин дөрвөн ширхэг тайрсан мод байсан. Шинэс төрлийн нойтон хар мод байсан. Цагаан нүүр гэх газар талбай тусгаарлалт хийгдээгүй, мод бэлтгэж болохгүй газар байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чийн мэдүүлсэн “Би 2020 оны 12 дугаар сарын арван хэднээр билээ, сайн санахгүй байна, Архангай аймгийн Булган сумын Баян булаг багийн байгаль хамгаалагч Д.А гэдэг хүнээс мод бэлтгэх эрхийн бичгийг очиж авсан. Мод бэлтгэх эрхийн бичгээр би өөрөө мод бэлдээгүй. Ч.Т, Ж.Г нар гуйгаад байхаар нь би авч өгсөн. Хийсэн бэлэн мод байгаа ачаад ирье, чи мод бэлтгэх эрхийн бичиг аваад хойноос хүрээд ирээрэй гээд өөрсдөө түрүүлээд явсан. Би тэгээд хойноос нь мод бэлтгэх эрхийн бичгээ аваад очсон. Яг хэдэнд бэлтгэсэн гэж хэлээгүй бөгөөд дөрөв тав хоногийн өмнө бэлтгэсэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлсэн. Тэгээд модоо бэлдчихсэн, одоо ачаад ирье, чи мод бэлтгэх эрхийн бичгээ авчих гээд мөнгийг нь надад өгөөд би авсан. Мод бэлтгэсэн гэх газар нь Архангай аймгийн Булган сумын Баян булаг багийн Хойд могой Өгөөмөр Олон нүүр гэх нэртэй газар гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн “Би хониндоо явж байсан. Тэгэхэд хөрөө үүрсэн хоёр хүн Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Хойд могой Цагаан нүүр гэх газарт мод унагаад байсан. Би уулын руу өнхрүүлж байхыг нь холоос харсан. Яг очиж хараагүй, бүдүүн улаан моднууд байсан. Яг хэдийг унагаасан гэдгийг би мэдэхгүй. Тухайн үед бэлтгэсэн модоо аваагүй бөгөөд модоо бэлдчихээд яваад өгсөн. Цахилгаан хөрөө үүрчихсэн явсан. Тэгээд ууланд цахилгаан хөрөө дуугараад байсан”, “2020 оны 12 дугаар сарын 12-14-нд гэж бодож байна, яг нарийн сайн бол мэдэхгүй байна, би тэр үед халтар азарганы адууг урт цагааны хөлөөс туугаад явж байхад нэг намхан залуу мод хөрөөдөж байсан залуу дээр өндөр залуу ирчихсэн модоо уулын уруу өнхрүүлж байгаа харагдсан. Тухайн үед мод бэлтгэсэн газар нь Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Шар булууны урт цагаан хөлд бэлтгэж байгаа харагдсан. Эхлээд нэг хүн байсан бөгөөд дараа нь харахад хоёулаа болчихсон өнхрүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 156-157/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн “Ч.Т Ж.Г гэх хүмүүсийг 2020 оны 12 дугаар сард Хойд могой Өгөөмөр Цагаан нүүр гэх газарт мод бэлтгэсэн талаар би тухайн үед мэдээгүй. Сүүлд нь мэдсэн. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, Ч гэдэг залуу авсан. Галын түлээ авна гээд мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Талбай тусгаарлалт хийгдээгүй газар байгаа. Талбай тусгаарлалт хийгээгүй газар мод бэлтгэж болохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

             мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Пгийн мэдүүлсэн “2020 оны 12 дугаар сарын дундуур би Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Олон нүүр гэх газар оторлож байхад миний төрсөн дүү болох Ж.Г өөрийн суудлын жижиг тэрэгтэй, Т гэх залуугийн хамтаар манайд 09 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгэхээр нь би хаа хүрэх гэж явна гэж асуухад галын түлээний мод хийхээр ирлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137, 152-153/,

           

            Гэмт хэргийн улмаас Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ тогтоосон 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-03 хуу/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож шүүгдэгч нарын мод бэлтгэхэд Ч.Т оролцоогүй гэх мэдүүлэг, өмгөөлөгч М.Алтанчимэгийн “шүүгдэгч Ч.Т нь мод бэлтгэхэд оролцоогүй, Ж.Гын ахынхаас хөрөөний ир аваад буцаад очиход уг модыг бэлтгээд тавьчихсан байсан, иймд шүүгдэгч Ч.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх санал зэрэг нь няцаагдаж байна гэж дүгнэв.

 

            Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.

 

   Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиггарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарын үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэж мөн төрийн албан хаагч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан ба Ч.Т нь Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт мэргэжилтэн ажилтай болох нь  Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 176 тоот албан бичиг, шүүгдэгч Ч.Тгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа болно.  

 

            Иймд Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Гын хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Тгийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэж, шүүгдэгч С овогт Жгийн Гыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, шүүгдэгч Н овогт Чын Тг төрийн албан хаагч бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 292.400 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /292.400*3=877.200 /найман зуун далан долоо мянга хоёр зуу/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгч нараас 877.200 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ж.Г, Ч.Т нар нь шүүх хуралдаанаас завсарлага авч 580.000 төгрөгийн хохирол төлсөн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарын хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж хуульчилсан байгаа тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 118-119/-ыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 185.700 төгрөгийн үнэлгээ бүхий 2.664 метр куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг зэргийг хурааж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлөгдөөгүй 297.200 төгрөгийг хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх 500 /таван зуу/ төгрөгийг улсын орлогод болгох нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч Ж.Г, Ч.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

            Шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тогтоогдоогүй бөгөөд бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн болж зүйлчлэгдсэн болно.  

 

             Шүүгдэгч Ж.Г, Ч.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрийн ар гэрийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ч.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, тэдгээрт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С овогт Жгийн Гыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, шүүгдэгч Н овогт Чын Тг төрийн албан хаагч бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Тг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар  тус тус хориглосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарт мэдэгдсүгэй.

 

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Ч.Тд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд тус тус хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

            6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Ж.Г, Ч.Т нараас 297.200 /хоёр зуун ерэн долоо мянга хоёр зуу/ төгрөгийн хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 118-114/-ыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 185.700 төгрөгийн үнэлгээ бүхий 2.664 метр куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг зэргийг хурааж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 297.200 төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх 500 /таван зуу/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

            8. Шүүгдэгч Ж.Г, Ч.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Р.АЛТАНЦЭЦЭГ