Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар  2022/ШЦТ/223

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Б.Загдсүрэн   
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Эн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Агаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бгийн Загдсүрэнд холбогдох 22120000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, Монголын Үндэсний их сургуульд 3 дугаар курст суралцдаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Хангай сум Чандмань баг Их мухар гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Бгийн Загдсүрэн /РД:А0000000/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Загдсүрэн нь Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн нутагт 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Ариунтуултай маргалдаж улмаар зодож биед нь тархи доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 22100000000 дугаартай эрүүгийн хэргээс:  

*Хохирогч Э.Ариунтуулын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр найз хүүхэн Улаанбаатар хотоос Хангай суманд ирсэн гэхээр нь уулзах гэж би Цахир сумаас Хангай суманд дүү Г.Нямбатын хамт очиж, намайг найз хүүхэнтэйгээ голын эрэг дээр уулзаад сууж байхад Г.Нямбат найзтайгаа айлд очоод ирнэ гээд яваад өгсөн. Бид хоёрыг голын эрэг дээр сууж байхад Саарал өнгийн суудлын авто машинтай 3 эмэгтэй хүүхэд ирээд машинаасаа буугаад ир гээд байхаар нь бид хоёр машинтайгаа зугтаагаад гүүрээр гарах гээд явсан чинь араас хөөгөөд гүүрэн дээгүүр сигнаалдаад шахаад яваад байхаар нь айгаад зугтаагаад явсан чинь араас хөөгөөд колонкийн хажууд хоёр машинаар урдуур ороод шахаад зогсоосон. Загдсүрэн гэдэг хүүхэн зураг аваад гичийнүүд минь янхнууд минь та нарын зургийг авч фейсбүүк дээр тавина гээд орилоод байсан. Хамт явсан хоёр хүүхэн нь хаанаас яваа янхан гичийнүүд бэ? Манай сумаар эр эргүүлээд нөхрүүдээсээ уйдаа юу гээд хэл амаар доромжлоод байсан . Мөн Загдсүрэн надтай хамт явсан Батцэцэгтэй зодоон хийж, үсдэж дараад зодоод байхаар нь би салгах гээд очсон чинь Загдсүрэн миний дух руу гараараа цохиод авсан намайг эргэх үед миний дагз руу гараараа хүчтэй цохиод би хэсэг шоконд ороод өндийж босож чадахгүй хэсэг сууж байхад Нямбат найзтайгаа хамт ирээд бид нарыг салгаад би Батцэцэгээр Цахир сум руу хүргүүлж харьсан. Би Загдсүрэн болон хамт явсан хоёр хүүхнийг нь танина, аав ээжийг нь сайн танина ямар нэгэн харилцаа байхгүй.Загдсүрэн хоёр хүүхний хамт бид хоёр дээр ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байсан. Батцэцэг бид хоёр уулзаад удаагүй байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Одоо миний толгой маш их өвдөж байна, ар дагз хэсгээр тэр чигээрээ хөндүүр, нугас дагаж өвдөж, хоёр нүдний уг ухархай руугаа их хүчтэй өвдөж нүдээрээ удаан харж болохгүй байгаа тул нүдээ байнга аньсан байдалтай байна. Нүүрэн хэсэг баруун тал руугаа мухийж татаж, нүд байнгын чичирхийлсэн. Эрүү үе үе зуурсан, баруун гар өөрийн мэдэлгүй савсан байдалтай байна. Би шүүх эмнэлгийн эмчид үзүүлж шинжээч эмчийн дүгнэлт гаргуулна. Би гомдолтой байна. Эмчид үзүүлж эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Улаанбаатар хот явахдаа эмч авч эмчийн хяналтад явмаар байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 хуу/, 

*Хохирогч Э.Ариунтуулын дахин өгсөн “...Би эмчилгээ хийлгэсэн болон эм тариа хэрэглэсэн нийт 2.805.235 төгрөгийн нэхэмжилж байна. Би Загдсүрэнгээс эмчилгээний зардалд нэг ч төгрөг аваагүй байна. Цаашдаа дахин эмчилгээ хийлгэнэ. Миний зүгээс гомдол санал их байна. Толгой өвдөх, хүзүү хөших, мэдрэл дагаж ууц нуруугаар өвдөх зэрэг олон зовуурь байна. Цаашдаа хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 хуу/, 

*Гэрч Д.Батцэцэгийн өгсөн: “...Би Улаанбаатар хотоос 2022 оны 06 дугаар сарын 17-нд Хангай суманд аав ээж хоёр дээрээ ирж амарч байхад миний найз Э.Ариунтуул Улаанбаатар хотоос Цахир суманд ирсэн амарч байгаа гэхээр нь Э.Ариунтуул бид хоёр Хангай суманд уулзахаар тохиролцож 06 дугаар сарын 21-ний орой 21:00 цаг өнгөрч байхад Хангай сумын наадмын талбайн ард Э.Ариунтуул хоёр дүү нь гээд хамт хоёр залуутай ирсэн. Бид дөрөв уулзаад хоёр дүү нь Хангай сумын төв рүү хүнтэй уулзана гээд явсан. Бид хоёр Хангай сумын төвийн ард байдаг гүүрээр гараад голын эрэг дээр зогсоод машин дотроо уулзаад сууж байхад Э.Ариунтуултай хамт явсан хоёр залуу ирээд Нямбат нь бид хоёр аптекийн урд зогсож байгаа найзуудтайгаа таарчихлаа, манай найзууд ууж байгаа юм шиг байна, би очоод ирье гээд буцаад явсан. Ганжуур гэдэг залуу бид гурав хууч хөөрч байгаад явах болоод Г.Нямбат руу залгасан чинь одоо очиж байна хүлээж байгаарай гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа голын урд саарал өнгийн приүс маркийн машин ирээд зогссон гэтэл Г.Нямбат гарч ирээд зогсож байхад цаанаас нь Акуа маркийн саарал өнгийн авто машин бид нар луу ирж явсан чинь Г.Нямбат Э.Ариунтуул руу утасдаад эгчээ намайг ямар хүүхнүүдтэй явааг очиж харна гээд машинтай хүүхнүүд явчихлаа шүү наанаасаа хөдлөөд яваарай гэж хэлсэн гэтэл тэр машинтай хүмүүс миний машины урдуур хөндөлсөөд ороод ирэхлээр нь би хажуугаар нь гараад явсан. Гүүрээр гараад явсан чинь араас хөөгөөд хажуугаар шахаад мөргөчих гээд байхаар нь зогсоод за дүү нар яагаад хөөгөөд мөргөх гээд байгаа юм бэ? гэж асуусан чинь хэн гээчийн ямар авгай нар манай суманд ирчхээд бид нарыг дагаад байгаа гэхээр нь би урдаас нь хэн бид над руу гэж асуусан чинь түрүүн та нар баярын талбайн урд гудамжинд бид нарыг ууж байхад хараад байсан биз дээ гээд орилоод байсан. Мөн бид хоёрыг уйдаад хэнийгээ хайж ирсэн юм бэ? Залуучууд хайгаад явж байна уу? дүү нар ч гэх шиг эмээ нар байж хэний хүүхдүүд бэ? цэвэршчихсэн эмээ нараа гэж хэл амаар доромжилсон. Мөн гар утсаа гаргаж ирээд энэ хоёр эмээ нарыг хараа манай суманд залуучууд хайгаад яваад байна гэж хэл амаар доромжлоод гичий янхнаар дуудаад доромжлоод бичлэг хийгээд байсан. Тэр үед Э.Ариунтуул машинаас буугаад гар утсыг нь будаагаад авсан чинь нэг эмэгтэй нь эгчээ утсаа өгчих наад утас чинь үнэтэй утас шүү гэж хэлсэн. Тэр үед утасны эзэн хүүхэн миний нүүр лүү тас хийтэл алгадаад авчихаар нь би түлхээд өөрөөсөө холдуулсан. Тэр хүүхний биеийн зарим газарт хумсаар урагдсан хоёр шарх үүссэн байсан. Тэгээд бид хоёр машинтайгаа зугтаагаад Хөх давааны гүүрний тэнд очоод зогсож байхад араас дахиад хоёр машинтайгаа давхиж ирээд намайг алгадсан хүүхэн машинаасаа бууж ирээд миний биед хумсны сорив гарсан байна авгай минь төлж өг гээд хэл амаар доромжлоод зодож цохиод, доромжлоод алгадаад авахаар чинь би чамайг салгах гэж түлхэх үед хумсны сорив гарсан байна. Би одоо яах вэ дээ наадах чинь эдгэнэ шүү дээ гэж хэлсэн гэтэл чамайг адилхан болгоно гээд намайг машиндаа сууж байхад цонхоор гараа оруулаад хаалга онгойлгоод намайг үсдэж, заамдаад машинаас чирч буулгаад үсдээд доош нь дарсан. Тэр үед Э.Ариунтуул бид хоёрыг салгах гэж бид хоёрын дундуур орж ирэх үед тэр хүүхэн Э.Ариунтуулын толгойн ар хэсэгт дагзны орчим атгасан гараараа хүчтэй цохисон.  Э.Ариунтуул  сөхрөөд газарт суух үед Ганжуур, Г.Нямбат хоёр ирж салгаж авч явсан. Бид хоёр машиндаа суугаад зугтаагаад Цахир сум орохоор явсан. Мөн миний чихэнд байсан ээмэгний өрөөсөн хаягдсан байсан.Би Загдсүрэн гэх хүүхнийг танихгүй аав ээжийг нь зүс танина ямар нэгэн харилцаа байхгүй. Одоо миний биед зүүн талын чих хөндүүр байна, цээжиндээ хумсны сорвитой байна. Би Загдсүрэн гэдэг хүүхэнтэй маргалдаж зодолдох асуудал байгаагүй, урьдын өс хонзонгийн асуудал байхгүй, өөрсдөө ирчихээд хэл амаар доромжлоод зодож нүдсэн асуудал гаргасан. Би Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчид үзүүлэхгүй, шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахгүй. Ариунтуулын толгойн тус газарт Загдсүрэн гэдэг хүүхэн гараараа цохиж гэмтэл учруулсан би харж байсан. Загдсүрэн өөрийгөө боксоор хичээллэдэг эмээ нар ир ясаа тараалгах уу? гээд орилоод миний нутгаас, миний сумаас зайл гээд орилоод байсан. Э.Ариунтуул бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Загдсүрэн хамт явсан хоёр хүүхнийхээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-14-16хуу/,

*Гэрч Ч.Болорчимэгийн мэдүүлсэн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 21-ний орой 18 цаг 40 минутын үед нөхөр Ч.Бат- Эрдэнийн хамт үнээгээ сааж дуусаад сүүгээ сүүний үйлдвэрт өгчхөөд буцаад явж байсан чинь Загдсүрэнгийн хашааны гадна Загдсүрэн Түвшинжаргал хоёртой тааралдаад Загдсүрэнгийн машинд суугаад хууч хөөрч байхад Наадмын талбайн хажуугийн оо-ийн хажууд нэг улаан хүрэн өнгийн приус -20 маркийн авто машин байсан. Сүүлд нь бид нарыг шинэ хорооллоос хойшоо явж байхад нөгөө улаан хүрэн өнгийн приүс 20 маркийн авто машин гүүрний ард голын захад зогсож байсан чинь Загдсүрэн энэ улаан машин танихгүй машин байна, гадны машин юм шиг байна хэн юм болоо. Намайг дагаад байгаа юм байхдаа очиж харъя гэхээр нь Түвшинжаргал бид хоёр яахын бэ? очиж хэрэггүй гэж хэлсэн. Загдсүрэн шууд машинтайгаа давхиад тэр машины хажууд очсон чинь тэр машин зугтаагаад гүүрээр гарах гээд явсан чинь Загдсүрэн араас нь машинтайгаа хөөгөөд сигнаалдаад яваад байсан. Гэтэл улаан хүрэн машины жолооч зогсоод цонхоо онгойлгоод яасан бэ? яагаад араас дагаад байгаа юм бэ? гэж хэлсэн чинь Загдсүрэн цонхоо нээгээд та нар яагаад зугтаагаад байгаа юм бэ гэж хэлээд жолооч эгчтэй маргалдсанаа улаан хүрэн машины жолооч эгч хөдлөөд явсан чинь Загдсүрэн араас нь машинтайгаа яваад нөгөө машины урдуур нь ороод хөндөлсөж зогсоод дахин жолооч эгчтэй маргалдсан. Машинаасаа бууж очоод нөгөө машины жолооч эгчийн хаалгыг онгойлгоод барьцалдаж аваад маргалдаад байсан чинь миний нөхөр Ч.Бат-Эрдэнэ Загдсүрэнг салгаад улаан хүрэн машины жолооч эгч машинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Гэтэл Загдсүрэн машиндаа орж ирснээ би маажуулсан байна би маажуулчхаад зүгээр байж чадахгүй уучлалт гуйлгана гэж хэлээд араас нь машинтайгаа давхиад очсон. Би Түвшинжаргалын хамт машинд нь сууж явсан. Загдсүрэнг одоо больё хүмүүс хараад байна гэж хэлээд гуйсан боловч бид хоёр үгийг тоогоогүй араас нь очсон. Нөгөө хоёр эгч хүүшээ чи яагаад араас дагаад яваад байгаа юм бэ? гэсэн чинь Загдсүрэн чи намайг маажсан байна надаас уучлалт гуй гэж хэлсэн чинь хүрэн машины жолооч эгч би чамаас яахаараа уучлалт гуйх ёстой юм бэ? чадахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдсанаа Загдсүрэн жолооч эгчийг машинаас нь чирч буулгаад барьцалдаж авах үед улаан хүрэн машинд хамт явсан Э.Ариунтуул гэдэг эгч машинаас бууж ирээд чи одоо болиоч яваач гэж хэлсэн чинь Загдсүрэн Э.Ариунтуул гэдэг эгчийг гараараа нэг цохиж авсан. Тухайн үед яг хаана нь цохисныг хараагүй, нэг харсан чинь Э.Ариунтуул гэдэг эгч ёолоод газар толгойгоо бариад сууж байснаа босож ирээд чи яасан өвчтэй хог вэ гэж хэлээд машиндаа суугаад салаад явсан. Би Загдсүрэн гэх хүүхнийг танина ямар нэгэн харилцаа байхгүй. Миний биед гэмтэл бэртэл байхгүй. Э.Ариунтуул Д.Батцэцэг хоёр бид нартай хэрэлдэж маргалдаагүй. Загдсүрэн араас нь дагаж очиж уулзаж маргалдсан учраас анх хэрүүл маргааныг Загдсүрэн эхлүүлсэн гэж бодож байна. Тухайн үед Нямбат Ганжуур нар хамт байсан. Э.Ариунтуулын толгойн тус газарт Загдсүрэн гараараа цохиж гэмтэл учруулсан өөр цохих хүн байгаагүй. Гэхдээ Загдсүрэн гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан тул гараараа цохисон гэж бодож байна. Э.Ариунтуул, Д.Батцэцэг нар мөн Загдсүрэн, Түвшинжаргал бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би Загдсүрэнг салгаж авч явах гэхээр үгэнд орохгүй байсан. Загдсүрэн өмнө нь боксоор хичээллэдэг байсан гэж манай сумын үеийн залуус ярьдаг байсан. Өмнө нь боксоор хичээллэдэг байсан одоо больсон...” гэх мэдүүлэг /хх-19-21 хуу/, 

*Б.Загдсүрэнгийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой ямар нэг тайлбар байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Би хуульд заасан өөр, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би одоогоор хохирол төлбөр барагдуулаагүй, надаас эмчилгээний зардал нэхэмжлээгүй байна. Хохирол төлбөр барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71х/, 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 9161 дугаартай 
1.    Э.Ариунтуулын биед тархи доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл 
тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.
3.    Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар 
сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Нэмэлт: 2022.06.30-ны өдөр авчирсан 2022.06.24-ны өдрийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн толгойн КТГ шинжилгээнд зүүн талын нүдний  ухархайн доод хана цөмөрсөн хугаралтай /0,2см орчим/. Дүгнэлт бичсэн эмч: З.Гантулга гэсэн хариунд эмчийн гарын үсэг, тамга байхгүй мөн уг хариутай ижил хугарлын өөрчлөлтгүй эмчийн тамга тэмдэгтэй хариуг 2022.06.27-ны өдөр үзлэг хийх үед үзүүлэгчийн өгсөн хариутай харьцуулахад зөрөөтэй байгаа тул тамга, гарын үсэг үгүй хариуг дүгнэлтэд тусгаагүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-51 хуу/,

    Б.Загдсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92 хуу/,
    Оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 58 хуу/, 
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 95 хуу/,
    Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 118 хуу/ 
    Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 122-123 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Загдсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Б.Загдсүрэн нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Ариунтуултай маргалдаж улмаар зодож, түүний биед тархи доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Эрүүгийн 221200000 дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

      Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Загдсүрэн нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Ариунтуултай маргалдаж улмаар зодож, түүний биед тархи доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Э.Ариунтуулын: “...Загдсүрэн гэдэг хүүхэн зураг аваад гичийнүүд минь янхнууд минь та нарын зургийг авч фейсбүүк дээр тавина гээд орилоод байсан. Хамт явсан хоёр хүүхэн нь хаанаас яваа янхан гичийнүүд бэ? Манай сумаар эр эргүүлээд нөхрүүдээсээ уйдаа юу гээд хэл амаар доромжлоод байсан . Мөн Загдсүрэн надтай хамт явсан Батцэцэгтэй зодоо хийж, үсдэж дараад зодоод байхаар нь би салгах гээд очсон чинь Загдсүрэн миний дух руу гараараа цохиод авсан намайг эргэх үед миний дагз руу гараараа хүчтэй цохиод би хэсэг шоконд орсон. Нүүрэн хэсэг баруун тал руугаа мурийж татаж, нүд байнгын чичирхийлсэн. Эрүү үе үе зуурсан, баруун гар өөрийн мэдэлгүй савсан байдалтай байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 хуу/, гэрч Д.Батцэцэгийн: “...Э.Ариунтуул бид хоёрыг салгах гэж бид хоёрын дундуур орж ирэх үед тэр хүүхэн Э.Ариунтуулын толгойн ар хэсэгт дагзны орчим атгасан гараараа хүчтэй цохисон.  Ариунтуулын толгойн тус газарт Загдсүрэн гэдэг хүүхэн гараараа цохиж гэмтэл учруулсан би харж байсан....” гэх мэдүүлэг /хх-14-16хуу/, гэрч Ч.Болорчимэгийн: “...Загдсүрэн жолооч эгчийг машинаас нь чирч буулгаад барьцалдаж авах үед улаан хүрэн машинд хамт явсан Э.Ариунтуул гэдэг эгч машинаас бууж ирээд чи одоо болиоч яваа ч гэж хэлсэн чинь Загдсүрэн Э.Ариунтуул гэдэг эгчийг гараараа нэг цохиж авсан...Э.Ариунтуулын толгойн тус газарт Загдсүрэн гараараа цохиж гэмтэл учруулсан өөр цохих хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-19-21 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 9161 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-51 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Загдсүрэн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас шүүгдэгч Б.Загдсүрэнгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Э.Ариунтуул, гэрч Д.Батцэцэг, Ч.Болорчимэг нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Загдсүрэн нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Ариунтуулыг зодож, түүний биед тархи доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.   

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Б.Загдсүрэн нь иргэн Э.Ариунтуулын биед тархи доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны  өдрийн 9161 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Иймд шүүгдэгч Б.Загдсүрэн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Загдсүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч Э.Ариунтуулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 9161 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-51 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Э.Ариунтуул нь 2805.235 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд баримт ирүүлсэн хохирол нь 8000 төгрөг /хх-ийн 103хуу/, 48700 төгрөг /хх-ийн 104хуу/, 103.600 төгрөг /хх-ийн 105хуу/, 48700 төгрөг /хх-ийн 106хуу/, 1000.000 төгрөг /хх-ийн 107хуу/, 97.760 төгрөг /хх-ийн 107 хуу ар тал/, 187.415 төгрөг /хх-ийн 108хуу/, 252060 төгрөг /хх-ийн 109хуу/, 292.070 төгрөг /хх-ийн 109 хуу ар тал/, 203.100 төгрөг /хх-ийн 110хуу/, 48.500 төгрөг, /хх-ийн 112хуу/, 47.000 төгрөг /хх-ийн 113хуу/, 122.000 төгрөг /хх-ийн114хуу/, 122.000 төгрөг /хх-ийн 115хуу/, 23700 төгрөг /хх-ийн 116хуу/, нийтдээ 2.604.605 төгрөгийн баримт хэрэгт хавсаргасан бөгөөд шүүгдэгч Б.Загдсүрэн нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр түүний 5057631604 дугаартай ХААН банкны данс руу 2.805.000 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 120 хуу/ байх тул шүүгдэгч Б.Загдсүрэн нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин түүний дахин баримт ирүүлээгүй нэхэмжилсэн 2500.000 төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв.  

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Загдсүрэн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Б.Загдсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Загдсүрэнд 450/ дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 126-127 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Б.Загдсүрэн нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Загдсүрэнг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна  гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Б.Загдсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Загдсүрэнгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Загдсүрэн нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                                    ТОГТООХ нь:

1.      Шүүгдэгч Б овогт Бгийн Загдсүрэнг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Загдсүрэнг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Загдсүрэн нь торгох ялын 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Загдсүрэн нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Загдсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Загдсүрэн нь 2.805.000/ хоёр сая найман зуун таван мянга/ төгрөгийн хохирол нөхөн төлсөнг дурдаж, хохирогчийн нэхэмжилсэн 2.500.000/ хоёр сая таван зуу/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Загдсүрэн нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                        


                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ