Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2018/00221

 

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2018/00221

                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20-р хороо, өөрийн байранд байрлах У ХХК /РД:2662736/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3-р хороо, Эв нэгдлийн гудамж, 19-1 тоот Хөнгөн Бетон ХК-ийн байр 1 давхарт 100-101 тоотод байрлах Т ХХК /РД: 5348587/-д холбогдох 92 286 757.5  төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Т ХХК-тай 2014 оны 9 сарын 24-ний өдөр №52/УБМ дугаартай Зээлээр бараа материал худалдах худалдан авах гэрээ байгуулан нийт 61 524 505 төгрөгийн баримлыг арматур, катанка төмрийг №14/11 Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний Дорноговь аймгийн Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлгийн барилга угсралтын ажилд нь зориулан 58 хоногийн хугацаатайгаар буюу 2014 оны 11 сарын 20-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлээр нийлүүлсэн. Гэрээний үүргийн дагуу зээлээр нийлүүлсэн бараа материалын нийт төлбөрийг эргэн төлөх хугацаа дууссан боловч зээлээр худалдан авагч Т ХХК нь зээлийн төлбөрөө барагдуулаагүй. Манай компанийн зүгээс маш тэвчээртэй хүлээн, цаг хугацааны хувьд боломж олгосон боловч тухайн компани шийдвэртэй хариу өгч төлбөр тооцоогоо дуусгахгүй өнөөдрийг хүрч байна. Иймд хариуцагч Т ХХК-аас гэрээгээр авсан бараа  материалын үндсэн төлбөр 61 524 505 төгрөг гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцох алданги 30 762 252.5 төгрөг, нийт 92 286 757.5 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн хүсэлтээр 2014 оны 10 сарын 24-нд дахин бараа материалыг хүлээлгэсэн өгсөн, мөн тэдний зүгээс гэрээний хугацаа сунгах хүсэлтийг ирүүлж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У ХХК нь Т ХХК-д холбогдуулан бараа материал худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт үндсэн төлбөр 61 524 505 төгрөг, алданги 30 762 252.5 төгрөг, нийт 92 286 757.5 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талуудын хооронд 2014 оны 9 сарын 24-ний өдөр 52 094 425 төгрөгийн үнэ бүхий бараа материал болох арматур, катанка-г худалдан авагч Т ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч төлбөрийг 2014 оны 11 сарын 20-ны өдөр төлөх үүргийг хүлээсэн харилцааг зохицуулсан гэрээ байгуулагдсан /хавтаст хэргийн 4-5-р хуудас/ байх бөгөөд энэхүү гэрээ нь хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байна гэж дүгнэлээ.

Дээрх гэрээ байгуулснаас хойш худалдан авагч Т ХХК-аас хүсэлт гарган дахин нэмж бараа материал авсан болох нь 2014 оны 10 сарын 24-ний өдрийн 14/24 өдрийнх албан бичиг, зарлагын баримтаар тогтоогдож байх гэрээний хугацаа сунгах тухай албан бичгүүдийг үндэслэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан 3 жилийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан байна.

Мөн хариуцагч Т ХХК гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй байгаа нь дээрх баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэгч төлбөрийг шаардах эрхтэй төдийгүй гэрээний гурав дахь хэсгийн 4 дэх хэсэгт заасан алдангийг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар худалдан авагч болох Т ХХК нь төлөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч Т ХХК-аас үндсэн төлбөр 61 524 505 төгрөг, алданги 30 762 252.5 төгрөг, нийт 92 286 757.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид нь олгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Т ХХК-аас 92 286 757.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч У ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 619 390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.УРАНГУА