Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/242

 

 

 

 

        

   2022        08           29                                      2022/ШЦТ/242

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,   

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Хохирогч Д.Э-,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2238000000244 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б-,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг ...тоотын гадна иргэн Д.Э-ы эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл дотроос бэлэн мөнгө хулгайлан бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000244 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Д.Б- нь шунахайн сэдэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ...тоотын гадна иргэн Д.Э-ы эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл дотроос бэлэн мөнгө хулгайлан бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулж, ...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт Д.Б-ы өгсөн: “ Мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би Мөрөн сумын 6 дугаар багийн ...тоотод эхнэрийн эгч С-гийнд өөрийнхөө ... цагаан өнгийн Пробокс маркийн машинтай очоод машинаа хашааны хаалганы гадаа тавиад гэрт нь орж 2 цаг орчим болоод С-гийн гэрээс гарч ирээд машиндаа суугаад явах гэтэл миний мөнгө хийдэг машины урд талын хайрцаг онгорхой байхаар нь гайхаад үзтэл хайрцаг дотор байсан бэлэн 500.000 төгрөг алга болсон байсан. Би Мөрөн сумын зах дээр хүмүүсээс хоёр дахь түүхий эд буюу хайлш, хөнгөн цагаан зүйлүүд авдаг юм. Тэр хүмүүстэй бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй бол болдоггүй учир бэлэн мөнгөн байнга машиндаа авч явдаг. Тэгээд би өөрөө тэр хавь ойроор хайхад ямар нэг зүйл мэдэгдээгүй. Тэгэхээр нь би Эрхэс нэртэй газрын камерыг шүүж үзэхэд дээгүүрээ хар куртиктэй, дотроо цоохор цамцтай, бэлтгэлийн хар өмд, цагаан пүүзтэй 25-аас 30 орчим насны намхан нуруутай хар бор царайтай эрэгтэй хүн миний машиныг онгойлгож ороод юм авч байгаа нь харагдаж байсан. Би тухайн хүнийг танихгүй юм байна лээ. Эрхэсийн камер 3 өдөр л бичлэгээ хадгалдаг гэсэн тул би өөрийн гар утсан дээрээ бичлэг хийж авсан. Миний машины хаалга цоожлогддог. Тэр үед бас би цоожлоод бууснаа санаж байна. Би хэрэг болсон цаг хугацаанд эмнэлэгт хэвтэж байсан болохоор тариа хийлгэх гээд тухайн үед орхисон. Эмнэлгээс гарч ирээд тухайн асуудлын талаар хөөцөлдөнө гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

Гэрч У.О-ын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “Миний бие Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ажилтай. Би зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл эдэлж байгаа цахим бугуйвчтай хүмүүсийг хариуцан ажилладаг. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цаг 25 минутаас 00 секундээс 20 цаг 27 минут 00 секунд хүртэлх хугацаанд Д.Б- гэх ялтан нь Мөрөн сумын 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талын хашааны хаалга нь дээр байсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10 тал/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 45 тал/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/480 дугаартай албан бичиг /хх-ийн 48 тал/,

Шүүгдэгч Д.Б-ы зорчих бүсийг тодорхойлсон ялын хэрэгжилтэнд хяналт тавих системын зураглал /хх-ийн 49-50 тал/,

Шүүгдэгч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолын зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Э-ы өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/, гэрч У.О-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10 тал/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 45 тал/, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/480 дугаартай албан бичиг /хх-ийн 48 тал/, шүүгдэгч Д.Б-ы зорчих бүсийг тодорхойлсон ялын хэрэгжилтэнд хяналт тавих системын зураглал /хх-ийн 49-50 тал/, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Д.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг ...тоотын гадна иргэн Д.Э-ы эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл дотроос бэлэн мөнгө хулгайлан бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зорчих бүсийг тодорхойлсон ялын хэрэгжилтэнд хяналт тавих системын зураглал зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ. 

Шүүгдэгч Д.Б- нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно. “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Д.Б-ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзэх бөгөөд “үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, /тээшний хэсэг/, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгохоор байна. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Д.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын хулгайлах гэмт хэргийг “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг ...тоотын гадна иргэн Д.Э-ы эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл дотроос бэлэн мөнгө хулгайлан бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Э-д 500.000 төгрөгийн шууд хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-аас 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-д олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б-ыг “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б-ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 32-35, 37-44 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 774 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ЦЕГ-ын захиргааны зөрчил шийдвэрлэлтийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б- нь ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 774 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сар 1 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж ял эдэлж байгаа зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээ 2 жилийн хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б- нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 774 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дахин санаатай “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” мөн хэсгийн 2.3 “зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 774 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 2 сар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялаар сольж нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ы цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сиди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-ыг “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 774 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 2 (хоёр) сар 1 (нэг) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 6 (зургаа) сар 17 (арван долоо) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 (гурав) жил 6 (зургаа) сар 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сар 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-аас 500.000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-д олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ы цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сиди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР