Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2595

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Чгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02386 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Чгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б ажлын албанд холбогдох  

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Бадрал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн102/ШШ2015/7381 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 278 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/00641 дүгээр тогтоолтой иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Анх энэхүү ажиллагаа үүссэн эсэхийг миний бие мэдээгүй бөгөөд тус албанаас 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зарлан дуудах хуудсыг манайд ирүүлсэн байсан тул 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.Сод-Эрдэнэд итгэмжлэл олгож гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөн оролцуулснаар хэргийн материалтай танилцаж, ямар ажиллагаа хийгдэж байгааг мэдсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд дараах илт зөрчилтэй үйл ажиллагааг явуулсан байна. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тухайд: Дээр дурдсан гурван шатны шүүхийн шийдвэрт эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006800 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпын гудамж, Оддын хотхоны 376 байрны 16 тоот, 122 мкв талбайтай 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-220607984 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпийн гудамж 47 дугаар байрны Б-16 тоот 18.85 мкв талбайтай авто зогсоол, 73-33 УНР дугаартай, Ниссан кашка маркийн автомашиныг тус тус Ш.Чимидцэеэгийн өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн байтал дээрх хуулийн хүчин шийдвэрээс илт зөрүүтэй буруу бичигдсэн, Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 109 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн. Хариуцагч байгууллага алдаатай бичигдсэн гүйцэтгэх хуудсыг засуулж ирүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн гэдэг боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн материалтай танилцахад өөрөөр бичигдсэн гүйцэтгэх хуудас байсан ч одоо байхгүй болсон байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар гүйцэтгэх хуудас алдаатай, хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гарган шийдвэр гаргасан шүүхэд буцаахаар зохицуулсан байдаг. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчээс тогтоол гараагүй байна. Энэ нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хувийг түүнийг гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шүүх болон гүйцэтгэх баримт бичиг олгосон бусад байгууллагад явуулна гэсэн журмыг зөрчсөн. 

Улмаар энэхүү хууль зүйн үндэслэлгүйгээр үүсгэсэн тогтоолынхоо дагуу 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 албан тоотоор миний өмчлөлийн орон сууц, авто зогсоол, тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг хязгаарлахаар түдгэлзүүлсэн албан бичиг явуулж, улмаар 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 208/04, 208/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахад мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн байх ёстой байсан. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.3-д төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах дарааллыг заасан байдаг. Үүнд эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс хэрэв тийм хөрөнгө байхгүй бол дараа дараагийн ажиллагаа хийгдэхээр заасан. Гэтэл хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг зөрчиж эд хөрөнгийн талаар мэдүүлгийг аваагүй, мөн банк болон бусад газраас бэлэн мөнгө бий эсэхийг лавлаагүй хэрнээ шууд бусдын өмчлөлд халдаж шууд битүүмжлэх ажиллагаа хийсэн. Дээрх ажиллагааг эс зөвшөөрч тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шийдвэрийг биелүүлэхээр ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн тул миний өмчлөлийн орон сууц, авто зогсоол, тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 албан тоот, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 208/04, 208/01 дугаар тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/7381 дүгээр шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006800, Ү-220607984 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Олимпийн гудамж, Оддын хотхон 37б байрны 16 тоот, 4 өрөө орон сууц, мөн хотхоны  47 дугаар байрны Б-16 тоот автозогсоол болон 73-33 УНР дугаартай, Ниссан кашка маркийн автомашиныг тус тус Ш.Чимидцэеэгийн өмчлөлд үлдээж, Ш.Чимидцэеэгээс 166 624 550 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу бичигдсэн 109 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасны дагуу төлбөр төлөгч Ш.Чимидцэеэгээс төлбөрийг гаргуулахаар 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 208/01 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлэхэд мэдэгдлийн хугацаанд ирээгүй тул 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 208/02 дугаартай зарлан дуудах мэдэгдэл, 208/03 дугаартай шүүхийн тогтоол, шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг өгч мөн 208/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор дээрх шүүхийн шийдвэрт заагдсан орон сууцыг, 208/04 дугаартай тогтоолоор 73-33 тээврийн хэрэгсэл болон 6-16 тоотод байрлах авто зогсоолыг тус тус битүүмжилсэн. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.2 хуульд заасны дагуу явагдсан. Хан-уул дүүргийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 109 дугаартай гүйцэтгэх хуудас шүүхээс ирэхдээ анх техникийн алдаатай бичигдэж ирсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу буцаасан. Улмаар гүйцэтгэх хуудас засварлагдаж ирснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Хэдийгээр алдаатай бичигдснийг засуулахаар буцаахад ахлах шийдвэр гүйцэтгэгчээс тогтоол гаргаагүй ч илт алдаатай, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх ёсгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой газар. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3-т заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/7381 дүгээр шийдвэрийг биелүүлэхээр явуулсан, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 208/01, 208/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 дүгээр албан тоотыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 181/ШЗ2016/07276 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас нь хариуцагчийн үзэж байгаагаар техникийн төдий ялимгүй алдаа байж болох хэдий ч түүний хууль зүйн үр дагавар нь эрх нь зөрчигдсөн этгээдийн хувьд ялимгүй үр дагавар авчирахгүй юм. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөлд нь үлдээсэн хөрөнгийг ялимгүй алдаатай гэх гүйцэтгэх хуудсаар өөр этгээдийн өмчлөлд шилжүүлэхээр заасан нь илтэд хууль бус бөгөөд хамгийн ноцтой нь зөвхөн цаасан дээр бичигдсэн ажиллагааг бодит үйл баримт дээр хэрэгжүүлсэнээрээ хариуцагч байгууллага шууд буруутай юм. Улмаар үүний улмаас нэхэмжлэгчийн өмчөө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж буй нь нэхэмжлэгчийн эрх, хуулъ ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй гэх анхан шатны шүүхийн үндэслэлийг бүрэн няцаана.

...Гэтэл Б ажлын алба нь нэхэмжлэгчийн хөрөнгийн захиран зарцуулах эрхийг ямар үндэслэлээр хязгаарласан нь тодорхойгүй бөгөөд тийм үндэслэлгүйгээр, түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002/ хуульд заасан төлбөр барагдуулах дараалал, журмыг үл баримталж энэ ажиллагааг хийснийг зөвтгөх, улмаар хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

       Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

       Нэхэмжлэгч Ш.Ч нь хариуцагч Б ажлын албанд холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 албан тоотоор орон сууц, автомашины зогсоолыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгуулах, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн 208/01, 208/04 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/7381 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/00641 дүгээр тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006800 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпийн гудамж, Оддын хотхоны 37Б байрны 16 тоот 122 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007684 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпийн гудамж 47 дугаар байрны Б-16 тоот, 18.35 м.кв талбайтай автомашины зогсоол, 73-33 УНР дугаартай Ниссан Кашка маркийн автомашиныг тус тус Ш.Чимидцэеэгийн өмчлөлд үлдээж, Ш.Чимидцэеэгээс 166 624 550 төгрөгийг гаргуулж, Д.Түвшинжаргалд, Д.Түвшинжаргалаас 10 300 000 төгрөг гаргуулж Ш.Чд олгохоор тус тус шийдвэрлэсэн байна. /хх 10-17, 55-58/

 

Хариуцагч Б ажлын алба нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2016/01279 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 00109 тоот гүйцэтгэх хуудаст үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлбөр төлөх тухай мэдэгдлийг Ш.Чимидцэеэд хүргүүлж, түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006800, Ү-220607984 дугаарт бүртгэгдсэн дээрх үл хөдлөх хөрөнгө, автомашины зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлүүлэхээр 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 албан бичгийг бүртгэлийн байгууллагад хүргүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 208/04, 208/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн байна. /7, 23-27/

 

Хэргийн 23 дугаар талд авагдсан 00109 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч зохигчдын хэн алин нь гүйцэтгэх хуудас анх алдаатай бичигдсэн байсан гэх үйл баримтын талаар маргаагүй, анхан шатны шүүх уг алдаатай бичигдсэн гүйцэтгэх хуудаст үндэслэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагад зааснаас өөр асуудал буюу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 дугаартай албан тоотыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээ “Б ажлын албаны 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 алба тоотоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж, Оддын хотхоны 37б байрны 16 тоотод байрлах 4 өрөө орон сууц, тус хаягт байрлах 47 дугаар байрны Б-16 тоотод байрлах автомашины зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгуулах, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 208/01 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж, Оддын хотхоны 37б байрны 16 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 208/04 дугаар тогтоолоор 77-33 УНР улсын дугаартай, Ниссан Кашка маркийн автомашин, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж, Оддын хотхоны 47 дугаар байрны Б-16 тоотод байрлах автомашины зогсоолыг тус тус битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай” гэж өөрчилснийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх эд хөрөнгө битүүмжилсэн, үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02386 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/7381 дүгээр шийдвэрийг биелүүлэхээр явуулсан, Б ажлын албаны 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 алба тоотоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж, Оддын хотхоны 37б байрны 16 тоотод байрлах 4 өрөө орон сууц, тус хаягт байрлах 47 дугаар байрны Б-16 тоотод байрлах автомашины зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 208/01 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж, Оддын хотхоны 37б байрны 16 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн тогтоол, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 208/04 дугаар тогтоолоор 77-33 УНР улсын дугаартай, Ниссан Кашка маркийн автомашин, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж, Оддын хотхоны 47 дугаар байрны Б-16 тоотод байрлах автомашины зогсоолыг тус тус битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН