Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 674

 

 

 

 

 

 

 

  

                                                Л.Мд холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Л.М,                                                                                

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Мд холбогдох эрүүгийн 1806 03958 0605 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ах, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академи гудамж, 1-48 дугаар байрны 2-15 тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Нийслэлийн давж заалдах шатын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 341 дугаартай магадлалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Мөнхзулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэн шийдвэрлэсэн, /РД: /;

 

Л.М нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн цайны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.Оюунцэцэгийн самсунг загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Л.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Мын Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэн 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Мд шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг зааж, Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.М миний бие ам бүл 5, 1-13 насны 4 хүүхэдтэй, өрх толгойлон амьдардаг. Хүүхдүүд маань одоо төрсөн ахын маань асрамжинд байгаа. Өөрийн буруу үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсан гэмшиж байна. Иймд миний  ар гэрийн байдал, бага насны хүүхдүүд болон үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, харамсан гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй болохыг маань харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Өмгөөлөгч А.Мөнхсайхан давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгч А.Мөнхсайхан би шүүгдэгч Лувсанжавын Мөнгөнзулын хүсэлтээр ажиллаж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд дараахь гомдлыг гаргаж байна. Л Мөнгөнзулын хувьд үйлдсэн хэргээ бүрэн дүүрэн ухамсарлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Г.Оюунцэцэгийн эд зүйлийг хүлээлгэн өгч, түүнийг хохиролгүй болгосон. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Мын гэм буруу нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Гэвч өмгөөлөгч миний зүгээс Л.Мын хувийн байдлыг тогтоохдоо зөвхөн урьд ял шийтгэл эдэлж байсан гэх ял шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбаруудаар хязгаарласан нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч хувийн байдлын хувьд ам бүл наймуулаа ах, 6 хүүхдийн хамт амьдардаг. Ах нь өөрийн гэсэн тогтсон ажилгүй. Барс зах дээр хааяа хүний бараа зөөж хэдэн төгрөг олдог гэх боловч дүүдээ хувь нэмэр болох нь цөөн байдаг. Шүүгдэгч Л.М нь нөхөргүй, 2006 оны 7 дугаар сарын 1-нд төрсөн хүү М.Энхбаатар, 2010 оны 01 дүгээр сарын 16-нд төрсөн охин М.Энхзул, хүү М.Энхтөр нар /2 ихэр хүүхэд/, 2013 оны 10 дугаар сарын 10-нд төрсөн хүү М.Эрхэмбаяр, 2017 оны 12 дугаар сарын 23-нд төрсөн охин М.Энхжин, охин М.Мөнхжин /2 ихэр охин/ зэрэг 1-13 насны буюу бага насны хүүхдүүдтэй, өрх толгойлсон, ганц бие эмэгтэй билээ. Бага 2 ихэр охин нь ээжийгээ хоригдсоноос хойш байнга ээжээ нэхэж уйлдаг, халамж анхаарал тавих хүнгүй, дундах 2 ихэр хүү, охиныг тэдний төрсөн эцэг нь Л.Мыг хэрэгт холбогдлоо гээд аваад явсан, 13 настай болон 6 настай 2 ах нь л ихэр дүүсээ харж хандаж байна. Мөн бага охидын бие нь өвдөж эмчилгээ хийлгэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Хэд хэдэн ялын сонгох санкцтай. Тиймээс заавал нийгмээс тусгаарлаж хорихгүйгээр бага насны хүүхдүүдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, мөн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан хорих ялаас өөр төрлийн ялыг эдлүүлэх боломж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг өөрчлөн нийтэд тустай ажил хийлгэх ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Бага насны хүүхдүүдийг ээжтэй нь байлгах боломжийг эрхэм шүүгч та олгож өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.М нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн цайны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.Оюунцэцэгийн самсунг загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Л.М нь тэнссэн хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Ийм нөхцөл байдал үүссэний улмаас өмнөх 6 сар тэнссэн ялыг анхан шатны шүүхээс хүчингүй болгож, 6 сарын хорих ял болгож, мөн сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь 1 жилийн хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Л.М нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн цайны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.Оюунцэцэгийн самсунг загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Оюунцэцэгийн “...2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 53 дугаар сургуулийн цайны газарт Самсунг жи 5 маркийн гар утсаа хулгайд алдсан. Сургуулийн камер шүүж үзэхэд 35 орчим насны эмэгтэй хүн цүнхнээс авч байсан. ...Надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд суухгүй. ...” /хх-13, 36/,

 

Л.Мын яллагдачаар өгсөн “...2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургууль дээр эгч Алтанзулын хүүхдийг авах гээд очиход анги нь тараагүй байсан тул цайны газарт ороод хүлээж байя гэж бодсон. Тэгээд сандал дээр эмэгтэй хүний гар цүнхний ам нь онгорхой, дотор талд гар утас нь ил байхаар нь очоод самсунг жи 5 маркийн гар утсыг аваад халаасандаа хийгээд гараад явсан. Тэгээд тэр гар утсаа хаана яаж зарсанаа мэдэхгүй. Тухайн үед зараад мөнгийг нь ахуйн хэрэглээндээ хэрэглэсэн. Ганцаараа үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх-41/ гэх мэдүүлгүүд,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /үнэлгээ 590000 төгрөг” /хх 45/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “хохирогч Г.Оюунцэцэгт самсунг жи-5 гар утас” /хх-29/, Л.М урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

                                       

Анхан шатны шүүх, шүүгдэгч Л.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Мын Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэн 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Мд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нар нь “... бага насны 4 хүүхэдтэй, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн ... гурав хүртэл насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно” гэж заасан боловч шүүгдэгч Л.М нь өмнө удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан тул дээрх заалтад хамаарахгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар” ялыг нэгтэн  оногдуулахаар хуульчилсан тул “хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулахыг” хүссэн шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 1 нас 6 сар 11 хоногтой Мөнгөнзулын Энхжин,

2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 1 нас 6 сар 11 хоногтой Мөнгөнзулын Мөнхжин,

2010 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 9 настай Мөнгөнзулын Энхтөр,

2010 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 9 настай Мөнгөнзулын Энхзул,

2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 5 настай Мөнгөнзулын Эрхэмбаяр,

2006 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, 13 настай Мөнгөнзулын Энхбаатар нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн, Хүүхдийн эрхийн тухай конивенцийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн орчноосоо түр буюу бүрэн хагацсан, эсхүл ийм орчинд байх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхгүй бол хүүхдэд улсаас онцгой хамгаалалт, туслалцаа үзүүлнэ” гэж заасан байх тул Л.Мын хүүхдүүдийн асрамжийн асуудлыг Баянзүрх дүүргийн засаг дарга шийдвэрлэх хүртэл хүүхдүүдийг асран хамгаалах асуудлыг шийдвэрлэхийг прокурор А.Сайнбаярт үүрэг болгож байна.

 

Шүүгдэгч Л.М нь бага насны буюу 1-ээс 13-насны 6 хүүхдээ өөрийн ахын асрамжинд байгаа гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх ба анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тус хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, мөн шүүхийн шийдвэр хүрч, асрамжийн асуудлыг нь засаг дарга шийдвэрлэтэл хүүхдүүдийн асрамжийн асуудал тодорхойгүй үлдэх нөхцөлийг үүсгэж байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн хүүхдүүдийн асрамжийн асуудлыг зохих журмаар шийдвэрлэж байхыг мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорт анхааруулан тэмдэглэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Л.Мын хүүхдүүдийн асрамжийн асуудлыг Баянзүрх дүүргийн засаг дарга шийдвэрлэх хүртэл хүүхдүүдийг асран хамгаалах асуудлыг шийдвэрлэхийг прокурор А.Сайнбаярт үүрэг болгосугай.

 

3. Шүүгдэгч Л.Мын хүүхдүүд болох М.Энхжин, М.Мөнхжин, М.Энхтөр, М.Энхзул, М.Эрхэмбаяр, М.Энхбаатар нарын асрамжийг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн засаг даргад даалгасугай.  

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ