Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0248

 

 

 

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга                                                                 

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: Туул голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Н

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр  сарын 30-ны өдрийн 101 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0772/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                        

1. Нэхэмжлэгч Б.О-оос Туул голын сав газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Н-д холбогдуулан “Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус тушаалын улмаас олгогдоогүй үр дүнгийн 2, 3, 4 дүгээр улирлын урамшууллыг нөхөн олгуулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр  сарын 30-ны өдрийн 101 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оод маргаан бүхий тушаалын улмаас олгогдоогүй урамшууллаас 2023 оны 2, 3 дугаар улирлын урамшууллыг нөхөн олгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 4 дүгээр улирлын урамшууллыг үндсэн цалингийн 40 хувиар тооцож нэхэмжлэгч Б.О-од олгохыг хариуцагч Туул голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. Энэхүү шийдвэр нь бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож, үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв зүйтэй үнэлж шийдвэрээ гаргаагүй, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн буюу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шүүхийн шийдвэрийн үндсэн шаардлагад нийцээгүй ...хэргийн нөхцөл байдалд бүрэн дүгнэлт өгөөгүй, хууль тогтоомж буруу тайлбарлан хэрэглэсэн тухай.

3.2. ...2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сав газрын захиргааны даргаас "Хяналт шалгалттай холбоотой гомдол тулгамдаж буй асуудлыг жагсаалтаар гаргаад албан бичгээр өгөөд, шийдэгдээгүй байгаа зөрчил гаргаж өгөх шаардлагатай байна Б.О" гэсэн үүрэг буюу 1-рт Хяналт шалгалттай холбоотой гомдол тулгамдаж буй асуудлыг жагсаалтаар гаргаад албан бичгээр өгөх, 2-рт шийдээгүй байгаа зөрчлийн мэдээг гаргаж өгөх гэсэн 2 өөр чиглэлийн үүрэг өгсөн.

3.3. Б.О нь үндсэн үүрэг болох салбарын яаманд танилцуулах хяналт шалгалттай холбоотой тулгамдсан асуудлын талаарх мэдээллийг бичгээр бэлтгэж өгөх үүргийг хэрэгжүүлээгүйн улмаас хяналт шалгалттай холбоотой төлөвлөсөн ажил, арга хэмжээнүүд хойшлогдож, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан сөрөг нөхцөл байдал үүссэн болохыг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд "Сахилгын шийтгэл ноогдуулах тухай" тушаалаар "Хяналт шалгалттай холбоотой гомдол тулгамдаж буй асуудлыг жагсаалтаар гаргаад албан бичгээр өгөх" үүргийг хэрэгжүүлээгүйд нь хариуцлага тооцсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй, Албан тушаалтын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 4.3-д заасан "Удирдлагын хуульд нийцсэн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх, эргэн мэдээлэх" зэрэг чиг үүргийг зөрчсөн сахилгын зөрчил болно.

3.4. Б. О-д холбогдох сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах шалгалт явуулсан шалгалтын материалын "Сахилгын шийтгэл ноогдуулах тухай дүгнэлт"-ийн хавсралт нотлох баримт болох захиргааны даргаас Б.Оод өгсөн үүрэг бүхий "Зураг 3" гэсэн баримт /хх 88 хуудас/-аар нотлогдож байна"

3.5. …Б.О тухайн өдөр Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруултад оролцсон асуудлыг шүүгчийн шийдвэрээс анх удаа мэдээлэл авч байна. Энэ талаар Б.Ооос өөрөө ямар нэгэн байдлаар мэдээлэл өгч байгаагүй. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.7-д албан хаагч нь гадуур ажлаар явах тохиолдолд хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэж, бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийх болон чөлөө олгох тохиолдолд хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.14-д заасны дагуу албаны дарга нь захиргааны даргаас чөлөө авсан байх зохицуулалттай.

3.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэл 1.7-д дурдсан зөрчлийн хувьд, ... 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр захиргааны даргаас Б.Оод байгууллагын дотоод цахим шуудангаар "Гол дээр 4 дугуйтай мотоцикл яваад байна". Энийг холбогдоод болиулах арга хэмжээг маргааш өглөө аваарай, сайдаас холбогдоод дугуй хаясан байна сэтгэл гаргаад ажиллах үүрэг чиглэл өглөө" гэсэн үүргийг өгчээ. Энэ үүргээр маргааш өдөр нь буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны Даваа гаригт, ажлын цагаар хяналт тавьж ажиллах байсныг тухайн өдөр хийж гүйцэтгэх ажил мэтээр ойлгож буруу дүгнэж, шүүгчээс буруугаар тайлбарлажээ. Б.Оод холбогдох сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах шалгалт явуулсан шалгалтын материалын "Сахилгын шийтгэл ноогдуулах тухай дүгнэлт"-ийн хавсралт нотлох баримт болох захиргааны даргаас Б.Оод өгсөн үүрэг бүхий "Зураг 4" гэсэн баримт /хх 88 хуудас/-аар нотлогдож байна"

3.7. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр захиргааны даргаас Б.Оод байгууллагын дотоод цахим шуудангаар "Б.О энийг очоод үзэх боломж байна уу" гээд цахим сүлжээнд иргэнээс оруулсан зөрчлийн шинжтэй мэдээллийн линк хаяг бүхий мэдээллийг иш татаж оруулсан нь тухайн иргэний цахим шуудан, зөрчлийн мэдээлэл нь фото зургаар ил харагдаж байгаа тул тухайн зөрчлийн мэдээллийг шалгах үндэслэл болно. Мөн өгсөн үүрэгтээ "Сонсголонгийн гүүрнээс доошоо юм байна, гүүр харагдаад байна. Бургас дараад хайрга буулгаад түрээд байна гэнэ, яаман дээр байвал гараад очоодхоорой, тэгэхгүй бол Тэрэлжээс одоо гараад очих гэсээр байтал амжихгүй байх" гэж маш тодорхой үүрэг өгсөн боловч Б.О нь ямар нэгэн байдлаар хариу тайлбаргүйгээр захиргааны даргаас өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй буюу иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг хуулинд заасан хугацааны дотор явж шалгаад шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй, байгаль орчинд хохирол учруулж буй зөрчлийг шалгаж шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 4.3-д заасан "Удирдлагын хуульд нийцсэн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх, эргэн мэдээлэх" зэрэг чиг үүргийг зөрчсөн сахилгын зөрчил болно.

3.8. 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэдээс цахим сүлжээнд "Зайсангийн гүүрний баруун хэсгээр их хэмжээний бохирдолтой шар өнгийн ус Туул гол руу нийлж байсан зөрчлийн талаар фото зураг, видео бичлэг бүхий мэдээлэл оруулсантай холбогдуулан захиргааны албан хаагчид тухайн уснаас дээж авч хяналт тавин ажилласан. Үүнтэй холбоотойгоор захиргааны даргаас байгууллагын дотоод цахим шуудангаар Б.Оод үүрэг өгөхдөө "Телевиз саяны асуудлаар мэдээлэл авч магадгүй юм байна мэдээллээ бэлдээрэй, шинжилгээгээ урьдчилсан байдлаар аваарай" гэж Б.Оод өөрөө мэдээлэл өгөх талаар тусгайлан сануулж үүрэг өгсөн байхад Б.О 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл хийхээс шууд татгалзсан тул өөр албаны дарга болох П.Э мэдээлэл өгсөн. Гэтэл тухай зөрчлийн талаарх урьд онуудын мэдээлэл болон тухайн албаны үйл ажиллагааг мэдэхгүй өөр чиг үүрэгтэй албан хаагч болох П.Э, бусад албан хаагчдаар телевизээр олон нийтэд мэдээлэл өгүүлсэн нь сэтгүүлчийн асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадалгүй байгууллагын нэр хүнд унаж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл хүргэгдэх шалтгаан болсон. Б.О нь Мэдээлэл, хяналт шалгалтыг зохицуулах албаны даргыг олон жил хариуцан ажиллаж байгаа, хяналт шалгалт, зөрчил гомдлын талаарх хамгийн сайн мэдэх албан хаагч тул 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр түүнд дахин өөрөө мэдээлэл өгч, үр дүнг хариуцаарай гэхэд "..Би телевизэд яриа өгөхгүй ээ" гэж шууд татгалзаж, албан тушаалын тодорхойлолтод заагдсан "нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг байгууллагын даргын өмнө хариуцна", албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 4.3- д заасан "Удирдлагын хуульд нийцсэн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх, эргэн мэдээлэх" гэсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллахаас татгалзсан сахилгын зөрчил гаргасан. Энэ үндэслэлээр "Сахилгын шийтгэл ноогдуулах тухай дүгнэлт"-д тодорхойлогдсон байдаг.

3.9. Харин шүүгчийн үндэслэл болгоод байгаа Албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилт /Сав газрын усны мэдээллийн дэд сан, орон зайн мэдээллийн санг эрхэлж, олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах/-ын 3 дахь заалтаар "Байгууллагын цахим хуудсыг тогтмол ажиллуулж, олон нийтийг мэдээллээр хангах" гэдэг нь усны мэдээллийн дэд санг эрхэлж, энэ талаар олон нийтийг мэдээллээр хангахтай холбоотой чиг үүрэг болно. Хяналт шалгалттай холбоотой харилцааг албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтоор "Байгаль орчны нөлөөлөл, усны нөөцийн хомсдол, чанар, бохирдолд хяналт тавих, экологийн хохирол тооцох, дүгнэлт гаргах, зөрчил маргааныг зохицуулах, ус бохирдуулсны төлбөрийг ногдуулах ажлыг зохион байгуулах" гэж зааж өгсөн байдаг тул энэ чиг үүргийн хүрээнд олон нийтийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйгээр хангаж, олон нийтийг мэдээллээр хангах чиг үүргүүдийг албаны дарга хариуцан ажиллана. Өөрөөр хэлбэл албаны дарга өөрийн албаны хийх ажил үүргийг удирдлагынхаа өмнө бүрэн хариуцан ажиллах үүргийг албан тушаалын тодорхойлолтод шууд заасан байтал шүүгчээс ганцаараа ба дангаар гүйцэтгэхгүй гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.

3.10. Хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгжүүлэх хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн алба бүр 7 хоногийн тайлан гаргаж, захиргааны даргад танилцуулж эхэлсэн бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр "Долоо хоног, сарын ажлын мэдээний загвар", аргачлалыг сав газрын захиргааны дарга албан ёсоор баталсны дагуу алба бүр нэг загвартайгаар, чиг үүргийн давхардалгүйгээр тайлан мэдээг өгч эхэлсэн. Гэтэл тус загварын 3 дугаар зүйлийн 3.2-д заасан "Хяналт шалгалт"-ын тайлан, мэдээг Мэдээлэл, хяналт шалгалтыг зохицуулах алба Б.О хариуцан нэгтгэж, тайлагнах үүрэгтэй байдаг боловч 7 хоногийн тайланг ирүүлэхдээ тухайн батлагдсан загварын дагуу "Хяналт шалгалт"-ын тайлан, мэдээг огт тайлагнаагүй зөрчил гаргасан. Энэ талаар 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Менежер Д.Ж-аас байгууллагын дотоод цахим шуудангаар "Б.О дарга 7 хоногийн ажлын мэдээнүүдээ хянаж байгаа юу. Уг нь нэгдсэн ажлын мэдээний загвар гаргаад даргаар хянуулаад тухайн загварын дагуу ажлын мэдээнүүдийг гаргаж байхаар болсон. Гэтэл танай албаны ажлын мэдээнд "Хяналт шалгалт"-ын ажлыг байгууллагын хэмжээнд нэгтгэж өгөх чиг үүрэгтэй боловч энэ талаар мэдээ өгөхгүй буюу тайлангийнхаа танилцуулгаас хасчихсан яваад байгааг анхаараарай" гэсэн пост мэдээлэл оруулснаар болон тухайн албанаас ирүүлсэн 7 хоногийн тайлангуудаар тогтоогдож байгаа.

3.11. Иймд тухайн чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь албан тушаалтын тодорхойлолтын зорилгын "Нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг байгууллагын даргын өмнө хариуцна" гэсэн заалтыг зөрчсөн сахилгын зөрчил болно. Б.Оод холбогдох сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах шалгалт явуулсан шалгалтын материалын "Сахилгын шийтгэл ноогдуулах тухай дүгнэлт"-ийн хавсралт нотлох баримт болох менежер Д.Ж-аас Б.Оод хандаж 7 хоногийн тайлан өгөөгүй тухай мэдээлэл бүхий "Зураг 10" гэсэн баримт тухайн шалгалтын материалын хуудас 17 дугаарт авагдсан захиргааны даргын баталсан "Долоо хоног, сарын ажлын мэдээний загвар" гэсэн баримт /хх 88, 93 хуудас/-аар нотлогдож байна" Шүүхийн шийдвэрийн үндэслэл 1.10-д "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан "Эрүүл аюулгүй-Цэвэр орчин" бүрдүүлэх арга хэмжээний тухай 2023 оны 04 дугаартай Албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул голын сав газрын захиргааны даргын баталсан 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн төлөвлөгөөний дагуу холбогдох ажил арга хэмжээг зохион байгуулаагүй буюу сарын ажлын мэдээ тайланг ирүүлээгүй зөрчлийн хувьд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан "Эрүүл аюулгүй-Цэвэр орчин" бүрдүүлэх арга хэмжээний тухай 04 дугаартай албан даалгавраар хог хаягдал, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, ил задгай хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр арга хэмжээ авч, тухайн сард авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг сар бүрийн 25-ны дотор, нэгдсэн тайлан мэдээг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны дотор ирүүлэхийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаадын дарга нарт үүрэг болгожээ",

3.12. 1.12-д "Эдгээр үүрэг даалгавруудыг албан даалгаврын хугацаанд буюу 9 дүгээр сарын 25-ны дотор, 03-05 сард хийж гүйцэтгэх ажлууд байхаар хугацаа заасан атлаа дан ганц нэхэмжлэгчийг 2023 оны 3 сард хэрэгжүүлсэн ажлын үр дүн гараагүй, тайлан мэдээг өгөөгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна" гэжээ. Гэтэл шүүгчээс албан даалгаврын эхлэх болон үргэлжлэх хугацаа, албан даалгаварт заагдсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах чиг үүрэг, тайлан мэдээ өгөх чиг үүрэгтэй холбоотой заалтуудыг сайтар судалж шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй нь тухайн албан даалгаврыг ойлгоогүй гэх үндэслэлтэй байна. Албан даалгаварт нийт 5 төрлийн чиг үүрэг өгсөн. ...тухайн төлөвлөгөөнд хэн хэн ямар ямар ажил хариуцахыг тодорхой зааж өгсөн  бөгөөд албан даалгаврын 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Мэдээлэл, хяналт шалгалтыг зохицуулах албаны дарга Б.Оод хамаарах 2 арга хэмжээ төлөвлөгдсөн боловч, ...Б.О нь төлөвлөгөөний 2.3-д заасан 2 төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулаагүй зөрчил гаргасан.

3.13. Албан даалгаврын хүрээнд нийт албан хаагчдад хамаарах 10 төрлийн ажил, үүрэг гүйцэтгэн ажилласан боловч Б.О тухайн ажил, арга хэмжээнүүдэд ямар оролцоотой ажилласан талаараа буюу хариуцсан албаны ажлын тайланг нэгтгэж өгөөгүй зөрчил гаргасан. Энэ нь нэг талаасаа албан тушаалын тодорхойлолт, албан даалгаварт заагдсан хийх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй зөрчил боловч нөгөө талдаа тайлан мэдээний үр дүнгийн үзүүлэлт дутуу илэрхийлэгдэж байгаагаараа захиргааны болон албан хаагчдын ажлын үзүүлэлтэд нөлөөлсөн. Энэ нь албан тушаалтын тодорхойлолтын зорилгын "Нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг байгууллагын даргын өмнө хариуцна", 4.3-д заасан "Удирдлагын хуульд нийцсэн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх, эргэн мэдээлэх" зэрэг чиг үүргийг зөрчсөн сахилгын зөрчил болно.

3.14. Төлөвлөгөөний 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан "Албан даалгаврын үр дүнг тооцож албан хаагчдыг шагнаж, урамшуулах болон хариуцлага тооцох" гэдэг нь Албан даалгаварт заагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдсон ажлын үр дүнд хамаарах заалт бөгөөд тайлан, мэдээг гаргаж өгөх чиг үүрэгт хамааралгүй заалт болно. Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт MNS 5140-1:2021 стандартын 2 дугаар зүйлийн 2.3-д "Захирамжлалын баримт бичиг гэж Байгууллагын удирдах албан тушаалтан хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд баталгаажуулсан, заавал дагаж мөрдөх шинжийг агуулсан баримт бичиг" гэж тодорхойлоод 3 дугаар зүйлийн 3.1.1-д "Албан даалгавар" захирамжлалын баримт бичигт хамраана гэжээ. Иймд албан даалгаварт заагдсан ажил арга хэмжээ зохион байгуулах болон тайлан мэдээг гаргаж хүргүүлэх чиг үүргүүд нь заавал дагаж мөрдөх шинжийг агуулж, хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцох үндэслэл болдог.

3.15. Сав газрын захиргааны даргаас сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг гаргахдаа "Б.Оод холбогдох сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах шалгалт явуулсан шалгалтын материал"-ыг үндэслэн шийдвэрлэсэн байтал анхан шатны шүүхээс тухайн шалгалтын материалд үнэлэлт өгөөгүй, тухайн шалгалтын материалд авагдсан нотлох баримтуудыг судалж, үнэлээгүй, шалгалт явуулсан албан тушаалтнаас шаардлагатай тайлбар, тодруулга авалгүй нь дээр дурдсан зөрүүтэй баримтууд болон хууль тогтоомжийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь, эргэлзээгүй үнэлж, дүгнэж чадаагүй илт үндэслэл муутай гарсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №128/ШШ2024/0101 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Б.Ооос Туул голын сав газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Н-д холбогдуулан “Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус тушаалын улмаас олгогдоогүй үр дүнгийн 2, 3, 4 дүгээр улирлын урамшууллыг нөхөн олгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2. Маргаан бүхий Туул голын сав газрын захиргааны даргын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13, 37.1.16, 48.1.2 дахь заалтыг үндэслэснээ тусгаж, нэхэмжлэгч Б.Оыг “...хяналт, шалгалттай холбоотой гомдол, тулгамдаж буй асуудлыг жагсаалтаар гаргаад, албан бичгээр өгөх үүргийг хэрэгжүүлээгүй, ...газрын даргаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцолгүй ажил тасалсан, ...гомдол мэдээлэлтэй холбоотойгоор хяналт тавьж ажиллах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, ...захиргааны даргаас өгсөн үүрэг болон нийтийг мэдээллээр хангах чиг үүргээ хэрэгжүүлэхээс шууд татгалзсан, ...чиг үүргийн дагуу хяналт шалгалтын ажлын тайлан мэдээг 2023 оны 02 дугаар сарын 10-наас хойш гаргаж өгөөгүй, ...төлөвлөгөөний дагуу холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулаагүй буюу сарын ажлын мэдээ, тайланг ирүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэн нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

2.3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.2-т “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх; 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах; “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэж тус тус заасан.  

2.4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд маргаан бүхий актын үндэслэл болсон нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүд нь бодит байдалд бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэхээргүй байх тул маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.

2.5. Анхан шатны шүүхээс “...шийдвэрлээгүй асуудлын жагсаалтыг и-мэйл хаягаар хүргүүлсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн баримтаар нотлогдож байна, ...газрын даргаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцоогүй ажил тасалсан зөрчлийн тухайд: ...хариуцагч нь ажил тасалсан гэж үзэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулах ажиллагаа хийгээгүй, ...иргэдээс цахим сүлжээнд байршуулсан гомдол мэдээлэлтэй холбоотойгоор хяналт тавьж ажиллах чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх зөрчлийн тухайд: ...амралтын өдөр байх тул тухайн өдөр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзсэн нь ...хуульд нийцэхгүй, тухайн өдөр хэнээс, ямар гомдол гаргасан нь тодорхой бус”, ...олон нийтийг мэдээллээр хангах чиг үүргээ хэрэгжүүлэхээс шууд татгалзсан гэх зөрчлийн тухайд: ...зөвхөн мэдээлэл, хяналт шалгалтыг зохицуулах албаны дарга мэдээлэл өгөх ёстой гэж үзэх нь учир дутагдалтай”, ...тайлан мэдээг 2023 оны 02 дугаар сарын 10-наас хойш гаргаж өгөөгүй гэх зөрчлийн тухайд: ...тайлан мэдээ өгөх талаар удирдлагаас хэзээ, ямар үүрэг даалгавар өгсөн нь тодорхойгүй байхад албан хаагчийг тайлан мэдээг өгөөгүй гэж шууд үзэх боломжгүй” ...төлөвлөгөөний дагуу холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулаагүй буюу сарын мэдээ тайланг ирүүлээгүй гэх зөрчлийн тухайд: ...албан даалгаврын хугацаанд буюу 9 дүгээр сарын 25-ны дотор, 03-05 сард хийж гүйцэтгэх ажлууд байхаар хугацаа заасан атлаа дан ганц нэхэмжлэгчийг 2023 оны 03 сард хэрэгжүүлсэн ажлын үр дүн гараагүй, тайлан мэдээг өгөөгүй гэж үзсэн нь ойлгомжгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг шүүх хүлээн авч, маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй, бодит байдалд тохирсон гэж үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

2.5. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бусаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгох бөгөөд тухайн актын улмаас учирсан хохирол болох “...2023 оны 4 дүгээр улирлын урамшууллыг үндсэн цалингийн 40 хувиар тооцож олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Ийнхүү анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж,  тухайн тохиолдолд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий  байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн  120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

           ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА

           ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

           ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН