Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00862

 

                          

                                                Б.Н-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02721 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 457 дугаар магадлалтай,

Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Н-ийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.10-ны өдрийн 183/ШШ2018/02768 дугаар шийдвэрээр М.Саруул, Б.Н нараас 203,024,420 төгрөгийг Монгорүматрикс гинко ББСБ ХХК-д гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байрны зоорийн давхрын 7 тоот, талбайн хэмжээ 17 м.кв бүхий зогсоолыг 22,800,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байрны 87 тоот хаягт байрлах 83.43 м.кв талбай бүхий орон сууцыг 155,100,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/, Махатма гандигийн гудамж, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах, 39.90 м.кв талбай бүхий орон сууцыг 78,200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК гаргасан. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, зохих үндэслэл бүхий тодорхой байх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д заасныг зөрчсөн учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ эргэлзээтэй, зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн тул хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байрны зоорийн давхрын 7 тоот, талбайн хэмжээ 17 м.кв бүхий зогсоолыг 22,800,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байрны 87 тоот хаягт байрлах 83.43 м.кв талбай бүхий орон сууцыг 155,100,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/, Махатма гандигийн гудамж, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах, 39.90 м.кв талбай бүхий орон сууцыг 78,200,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.10-ны өдрийн 183/ШШ2018/02768 дугаар шийдвэрээр М.Саруул, Б.Н нараас 203,024,420 төгрөгийг гаргуулж, Монгорүматрикс гинко ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025290 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 87 тоот орон сууцыг 2019.06.12-ны өдрийн 19290301/04 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019.08.14-ний өдрийн 19290301/06 дугаар тогтоолоор хураасан, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны зоорийн 07 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026947 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг 2019.08.14-ний өдрийн 19290301/07 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019.08.19-ний өдрийн 19290301/08 дугаар тогтоолоор хураасан, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 114 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023101 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2019.05.14-ний өдрийн 19290301/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019.08.14-ний өдрийн 19290301/04 дугаар тогтоолоор тус тус хураасан. Төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 4/17683 дугаар албан бичгээр мэдэгдэхэд саналаа ирүүлсэн ба төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул 2019 оны 234 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 87 тоот орон сууцыг 155,100,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны зоорийн 07 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026947 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг 22,800,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 114 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023101 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 78,200,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч Б.Н, М.Саруул, өмчлөгч Д.Ичинноров, төлбөр авагч Баян-алдар ББСБ ХХК /хуучнаар Монгорүматрикс гинко ББСБ ХХК/-д тус тус 2019 оны 4/19262 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 4/20082, 4/20083, 4/20084 дугаар мэдэгдэл, 2019 оны 10/11, 10/12, 10/13 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Б.Н, М.Саруул, өмчлөгч Д.Ичинноров, төлбөр авагч Баян алдар ББСБ ХХК /хуучнаар Монгорүматрикс гинко ББСБ ХХК/ нарт баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан ба анхны албадан дуудлага худалдаанд ороход үнийн санал ирээгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2019 оны 4/22572, 4/22571, 4/22573 дугаар мэдэгдэл, хоёрдахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах 11/08, 11/07, 11/09 дүгээр тогтоолыг баталгаат шуудангаар мөн хүргүүлсэн. Төлбөр төлөгч Б.Н эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2019.10.18-ны өдрийн 183/ШЗ2019/12097 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ нь хууль зөрчөөгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянлдар ББСБ ХК-ийн төлөөлөгч Б.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч нараас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээг буруу гаргасан зүйл байхгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02721 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 87 тоот хаягт байрлалтай 83.4 м.кв талбай бүхий орон сууцыг 155,100,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны зоорийн 07 тоот хаягт байрлалтай, 17 м.кв талбай бүхий автозогсоолыг 22,800,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг 78,200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 457 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02721 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйлийн эд хөрөнгийг үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь барьцааны зүйл болох орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур, илт бууруулан үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн эргэлзээтэй, Хөрөнгийн үнэлгээний тухай 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Б.Н миний барьцаа хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байх хуулийн шаардлагыг хангаж хийгээгүй үйл баримт тогтоогддог. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан өртөгийн арга, зах зээлийн харьцуулан жиших аргыг тус тус хэрэглэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэлд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргалгүй шийдвэр гаргасан.

Үнэлгээний тайлангийн үндэслэлд дүгнэлт гаргах биш харин хөрөнгийн үнэлгээний тайланг хуулийн шаардлага хангаж гаргасан эсэх үйлдэл, үйл ажиллагаанд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх хуулийн шаардлагыг хангалгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж дүгнэлгүй хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэл дүгнэлт гаргалгүй шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Н Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Б.Н-йн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.10-ны өдрийн 183/ШШ2018/02768 дугаар шийдвэрээр М.Саруул, Б.Н нараас 203,024,420 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан Монгорүматрикс гинко ББСБ ХХК-д олгож, барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 87 тоот хаягт байрлалтай 83.4 м.кв талбайтай орон сууц, мөн байрны зоорийн 07 тоот хаягт байрлалтай автозогсоол, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 87 тоот хаягт байрлалтай 83.4 м.кв талбайтай орон сууц, мөн байрны зоорийн 07 тоот хаягт байрлалтай автозогсоол, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн  55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Хариуцагч 2019.08.15ы өдрийн 4/17683 дугаартай албан бичгээр М.Саруул, Б.Н нарт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн саналаа ирүүлэх хугацааг тогтоосон бөгөөд төлбөр авагч Монгорүматрикс гинко ББСБ ХХК-тай тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.08.20-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2019.09.02-ны өдрийн 376 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 87 тоот хаягт байрлалтай 83.4 м.кв талбайтай орон сууцыг 155,100,000 төгрөг, мөн байранд 07 тоот хаягт байрлалтай автозогсоолыг 22,800,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг 78,200,000 төгрөгөөр тус тус тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага 2019.09.02-ны өдөр шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцнуудыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо, одоогоор үнэгүй.мн зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хэт доогуур тогтоосон, эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан болохоо нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.09.04-ний өдрийн 4/19262 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний талаарх мэдэгдлийг Б.Н, М.Саруул нар 2019.09.05-ны өдөр хүлээн авсан бөгөөд энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгаж, тэд гарын үсэг зурсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ” гэж заасантай нийцжээ.  

Нэхэмжлэгч 2019.09.26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргасан гэж үзэхгүй.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02721 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 457 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД 

                              ШҮҮГЧИД                              П.ЗОЛЗАЯА               

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                             Г.ЦАГААНЦООЖ

                                                                               Д.ЦОЛМОН