Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0664

 

М.Баянсангийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч М.Баянсан, хариуцагч Б.Оюунчимэг нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, М.Баянсангийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны даргад холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 156 дугаар зүйлийн 156.2.3, 157 дугаар зүйлийн 157.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Борхишиг овогт Маньдаагийн Баянсангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн 2016 оны сонгуулийн Сайнцагаан сумын 9-р тойрогт бие даан нэр дэвшигчээр Маньдаагийн Баянсанг бүртгэх шийдвэр гаргахыг Сайнцагаан сумын сонгуулийн хороонд даалгаж” шийдвэрлэжээ.

Дундговь аймаг Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны дарга О.Оюунчимэг, нарийн бичгийн дарга М.Энхбаяр нар давж заалдах гомдолдоо: “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хороо нь Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судалж, дүгнэлгүй хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуульд заасны дагуу ажиллаж, бие даан нэрээ дэвшигч М.Баянсанг Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.4.“а” заалтуудыг зөрчсөн гэж үзэж, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан болно.

Сонгуулийн хороо хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, гарын үсэг нягтлан шалгасан ажлыг үгүйсгэж, хэрэгт байгаа нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэр гаргасанд дараах асуудлуудаар гомдол гаргаж байна.

  1. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар нэр дэвшүүлэх хугацаа 2016 оны 08 дугаар сарын 31-нд дуусах ёстой байтал 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сонгогчийн гарын үсгийн бүртгэлд 20 иргэнээр гарын үсэг зуруулсан нь 158 дугаар зүйлийн 158.1.1-ийг зөрчсөн болохыг нотолж байна. Үүнийг нэхэмжлэгч М.Баянсан зөвшөөрсөн атал шүүх авч хэлэлцээгүй.
  2. Гарын үсэг зурсан сонгогчдоос Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.“а”-г зөрчсөнийг бид батлан бичлэгийг нотлох баримтаар өгсөн боловч шүүх үнэлээгүй.
  3. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь заалтыг шүүгч хэрэгжүүлээгүй учир ИХТ-ын сонгуульд бие даан нэр дэвшүүлэгч М.Баянсанг дэмжигч сонгогчийн бүртгэл дэх гарын үсгийг нэг бүрчлэн шалгуулах хүсэлтэй байна.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл хангалттай бүрдсэн, энэ зөрчлөө нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн атал шийдвэрийг нэхэмжлэгчийн талд гаргасан учраас хэргийг дахин хянаж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг бүхэлд  нь хүчингүй болгож, М.Баянсангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн 2016 оны сонгуулийн Сайнцагаан сумын 9 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь М.Баянсан нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшиж, Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.3-д заасан тооны шаардлагыг хангасан сонгогчдын гарын үсэг цуглуулж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн байхад тус хороо 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.4.а-д тус тус заасан зөрчлүүдийг гаргасан хэмээн татгалзсан нь буруу байна.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна:”, 156.2.3-д “сумын хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 51-ээс доошгүй;” 127.4-д “Бие даан нэр дэвшигчээс сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн өөрийн нэр, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна”, 129.3-д “Энэ хуулийн 128.3.2-т заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 127.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаас үзвэл бие даан нэр дэвшигч нь дэмжигч сонгогчдын гарын үсгийг батлагдсан маягтын дагуу цуглуулах боловч бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь хуульд заасан тооноос доошгүй бол түүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.

Сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/, Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал /цаашид “орон нутгийн хурал” гэх/-ын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл Сонгуулийн тухай хуулийн 127, 129 дүгээр зүйлүүдэд заасан зохицуулалтыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчийг бүртгэхэд хэрэглэх нь Сонгуулийн тухай хуулийн зорилт, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах үндсэн зарчимд нийцнэ.

М.Баянсан нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хороонд нийт 78 дэмжигч сонгогчийн гарын үсгийг цуглуулан ирүүлснээс 20 хүний гарын үсгийг хуульд заасан хугацааг хэтрүүлж буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зуруулсан, тэрчлэн тус Сонгуулийн хороо сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгахад 5 сонгогч гарын үсэг зураагүй гэж хариулсан /зураагүй гэж хариулсан Б.Адъяасүрэнгийн утасны дугаарыг дэмжигч сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад заасны дагуу бүрэн тэмдэглэж аваагүй/, сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтад 2 сонгогчийн регистрийн дугаар бичигдээгүй зэрэг зөрчил илэрсэн байх боловч энэ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчийн цуглуулбал зохих дэмжигч сонгогчийн тоонд нөлөөлөхөөргүй байгаа төдийгүй, нэхэмжлэгч М.Баянсан бүх төрлийн арга хэрэглэн /өөрөө, эсхүл өөр этгээдээр үйлдүүлэх, техник хэрэгсэл ашиглах гэх мэт/ бусдын гарын үсгийг дуурайлгаж буюу хуулбарлаж, эсхүл зохиож зурах, сонгуулийн эрхгүй хүмүүсээр гарын үсэг зуруулсан гэх баримтгүй, үүнийг шалгаж тогтоосны үндсэн дээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хороо 03 тоот тогтоолыг гаргаагүй байна.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд “...М.Баянсан жагсаалтын 7 /Б.Аюуш/, 8 /Цэвэлсүрэн/, 12 /П.Мөнхбат/-т бичигдсэн хүмүүс энэ багийнх биш гэж хэлсэн учраас дээрх хүмүүсийг дэмжигч сонгогчийн тоонд оруулан тооцоогүй...” гэх тайлбар гаргасан боловч энэ байдлаа хариуцагч нотлоогүйгээс гадна тус Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасны дагуу нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Харин шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтуудыг баримтлаагүй байх тул энэ талаарх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Хэдийгээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх учиртай тул түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчид буцаан олгохоор тогтов.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...157.1-т заасныг баримтлан...” гэснийг “...157 дугаар зүйлийн 157.1, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.4.а, 127 дугаар зүйлийн 127.4, 129 дүгээр зүйлийн 129.3-д заасныг баримтлан...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                            О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                            Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН