Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 08 өдөр                   Дугаар 183/ШШ2018/00065                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц

Хариуцагч: Д

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие миний бие нь 2013 онд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн харьяат хариуцагч болох Б.Дтай танилцаж Хан-Уул дүүрэг, 6 хороо, Нүхтийн 16 гудамж, 278 тоотод хамтран амьдарч байх хугацаанд би жирэмсэн болж 3 сартай байх үед Б.Д салж явсан бөгөөд утсаар холбоо барихаар гадагшаа ажилд явсан, өөрөө ажилтай гэх зэргээр шалтгаалаад байдаг байсан. Энэ хугацаанд түүний гэр оронд очихоор төрсөн эгч нь тохиролцоод гэрээ хийж, сард 60,000 өгч байя, уулзаад яах вэ гэсэн. Б.Д Налайх дүүрэгт Зэвсэгт хүчний 350 дугаар ангид галт зэвсгийн нярав гэсэн ажлыг ахлагч цолтой хашиж байгаа бөгөөд очиж уулзахад ганц 1 удаа 100.000, 200.000 төгрөг өгсөн. Тэр 2 удаа гадагш цэргийн ажиллагаанд явж, энэ хугацаанд уулзаж чадаагүй. Б.Д нь өөрийн хүү болох Цгийн Шыг төрснөөс нь хойш буюу 2014 оны 09 сарын 15-аас хойш Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа учраас 38 дугаар зүйлд заасны дагуу тэтгэлгийг шүүхээр тогтоолгох шаардлагыг ИХШХШтХ-ийн 16.4-т заасан онцгой харьяаллаар тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө нь эргэлзээд шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Дүгнэлтээр миний хүүхэд гэж гарсан тул тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Би хүүтэйгээ уулзсан гэв.

 

Шүүх нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 Б.Ц нь Б.Дд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч эцэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргаснаар шинжээч Ц.Шын эцэг мөн болохыг тогтоож, шүүх хуралдаанд хариуцагч нь хүүгийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 26 дугаар зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлт бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан байна.

 

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлнө гэж тайлбарласан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Ц.Шыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Даар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Б.Ц нь Д.Дыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгалаа.

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 50.300 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,  нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 72.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс илүү төлсөн 1.800 төгрөгийг орлогоос гаргуулж буцаан олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хариуцагчаас гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                  

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Ц.Шыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Даар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 50.300 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 72.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс илүү төлсөн 1.800 төгрөгийг орлогоос гаргуулж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ