Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 394

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***************** оршин суух, ************-н итгэмжлэгдсэн төлөөлөгч *************-н нэхэмжлэлтэй,

хариуцагч: *******-д холбогдох,

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******** нь ***********-д байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 28 дугаартай магадлалаар ажилдаа эгүүлэн тогтоогдож 2018 оны 03 дугаарсарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00466 Улсын дээд шүүхийн тогоолоор эцэслэн шийдвэрлэгдэж 2018 оны 05 сарын 14-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажилдаа томилогдон ажиллаж байна. Иймээс ********д 2017 оны 10 сарын 11-ний өдрөөс 2018 оны 05 сарын 14-ний өдрийн хооронд буюу ажилгүй байсан хугацаанд урьд эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг *************-аас олгуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь хариуцагч ********-д холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******** нь ********-д байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад ********-ны даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг нэхэмжлэгч ******** нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 285 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай магадлал гарч, нэхэмжлэгч ********-г ********-ны байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, ********-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2.145.885 төгрөгийг олгож шийдвэрлэжээ.

Улмаар ********-ны даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар ********-г байгаль хамгаалагчийн ажилд томилсон байна.

******** нь Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээр нэхэмжлэгч ********-ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

Иймд ******** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу ********-ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 6 сар 24 хоногийн олговор 3.229.578 /гурван сая хоёр зуун хорин есөн мянга таван зуун далан найман/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч ********-ийн ********дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 03, 04, 05 дугаар сарын цалингаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход:

431.190+431.190+499.114=1.361.494 төгрөг байна. 1.361.494:3=453.831 төгрөг /1 сарын цалингийн дундаж/. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 453.831:21.5=21.801 төгрөг байх тул 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 6 сар 24 хоногоор тооцож 3.229.578 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******-ийн 1001352 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин 1.085.940 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ********-нд даалгах нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллагын дарга ***********-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.229.578 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 66.623 төгрөгийг хариуцагч ********-аас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ********-йн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 3.229.578 /гурван сая хоёр зуун хорин есөн мянга таван зуун далан найман/ төгрөгийг ********-аас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч ********-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ********-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ********-нд үүрэг болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.229.578 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 66.623 төгрөгийг хариуцагч ********-аас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ