Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/168

 

 

                                                                                  2021/ШЦТ/168

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Шүүгдэгч: Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Дгийн Од холбогдох 201703000044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 48 настай, Эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 1, Архангай аймгийн Цэнхэр сум, Цэцэрлэг багийн нутаг Бүрд гэх газарт оршин суух хаягтай, урьд            Архангай аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн, 1986 оны Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил, 11 сар, 20 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2- д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Бовогт Дгийн О  /РД:../

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.О нь Б.Нтай бүлэглэж, 2017 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын цонхоор нэвтэрч эд зүйлс хулгайлсан, тэрээр ганцаараа 2018 оны 03 дугаар сарын 08-ны үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Наадмын дэнж хороололд оршин суух иргэн Г.Мын гэрээс хүрлээр цутгаж хийсэн Ногоон дарь эх бурхныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 201703000044 дугаартай эрүүгийн хэргээс:

 

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Б мэдүүлсэн:..би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг аймгийн төвд байрлах Мөнгөт-Оюу нэртэй эмийн сангийн 2 давхарт Баялаг нэртэй барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард ажиллуулдаг юм. Манай ломбард үйл ажиллагаагаа явуулаад нэг жил орчим болж байгаа бөгөөд албан ёсны аж ахуй нэгжийнхээ гэрчилгээг авч чадаагүй бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн байгаа. Би өөрийнхөө хувийн эд зүйлс болон овор ихтэй зурагт, нөэтбүүк зэрэг зүйлсийг ломбардныхаа ар талд байрлах өрөөнд хийгээд үлдээчихсэн байсан. Тэгтэл 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би ломбардан дээрээ ирээд ломбардныхаа ар талд байдаг өрөөнд 17 цагийн үед ортол цонх нь онгойсон байсан. Би гайхаад өрөөний баруун талд байсан мөнгөн аяган дотроос аяга авах гээд үзтэл мөнгөн аяганууд бүгд байхгүй, цонхны тавцан дээр байсан бичиг баримтууд газар уначихсан, хайрцаг дотор байсан нөэтбүүкнүүд алга болчихсон байсан. Мөн өрөөний баруун хойд талын дээд буланд байсан хяналтын камер алга болчихсон байсан. Цагдаад дуудлага өгч шалгуулаад цагдаа нарыг ирэхээс өмнө хяналтын камерынхаа бичлэгийг шүүж үзтэл 2017 оны 01 дүгээр сарын 15-ны 06 цагийн 29 минут 41 секунтэнд манай агуулахын хойд талын вакум цонхоор нэг дээл өмссөн хулгайч орж ирээд 10 орчим мөнгөн аяга, 2 ширхэг нөэтбүүк хулгайлан аваад хяналтын камерыг тасдаж буй бичлэг бичигдсэн байсан. Манай хяналтын камерын цаг 30 минутаар түрүүлж явдаг бөгөөд 06 цагийн орчим л хулгай орсон байсан. Уг бичлэгийг би цагдаа нарт үзүүлсэн бөгөөд цагдаа нар миний үзүүлсэн бичлэгийн дагуу хэргийг илрүүлж манай ломбарднаас хулгайд алдсан бүхий л зүйлийг буцааж өгсөн. Би цагдаагийн газар дээрээс 7 ширхэг нөэтбүүк, 15 ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг шүрэн зүүлт, мөнгөн бугуйвч, жижиг хэмжээтэй хөөрөг 3 ширхэгийг хүлээн авсан. Одоо надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/

 

              Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн:..би Мөнгөт-Оюу нэртэй эмийн сангийн манаачаар ажилд ороод 6 орчим жил болж байна. 2017 оны 01 дүгээр сарын өглөө 10 цагаас 01 дүгээр сарын 15-ны өглөөний 10 цаг хүртэлх хугацаанд би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байрлах Мөнгөт-Оюу нэртэй эмийн сангийн манаачийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Эмийн сангийн ажилчид 2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө тооллого хийсэн бөгөөд шөнийн 03 цаг 30 минутанд тооллого дуусч эмийн санч болон захирал нартай гэртээ харьцгаасан. Би гал түлж эмийн санг эргэж тойрч байгаад өглөөний 05 цагаас 07 цаг хүртэлх хугацаанд унтаад сэрсэн. Тэгээд өглөө ажлаасаа буусан юм. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай эмийн сангийн 2 давхарт байрлах Баялаг нэртэй ломбарданд хулгай орсон байна гэж надад хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. Мөнгөт-Оюу эмийн сангийн хажуу талын байшин дээгүүр дамжаад 2 давхарт байх ломбардны цонхоор хулгай орсон байсан. Би ломбарданд юу байсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ захирал хэлэхдээ 15 мөнгөн аяга, 8 нөэтбүүк, мөнгөн бүс, хөөрөг зэрэг зүйлс байсан хулгайд алдсан зүйлээ бүгдийн буцааж олсон гэж ярьж байсан. Эмийн сан болон ломбардны эздүүд нь хоорондоо төрөл садангийн холбоотой хүмүүс байдаг бөгөөд би Мөнгөт-Оюу эмийн сангийн барилгын бүхий л аюулгүй байдлыг хамгаалдаг болохоор Баялаг нэртэй ломбард ч гэсэн миний харж хамгаалах объектод орно...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн:..2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрийнхээ хажуу талын байшин орж үзтэл нэг ягаан өнгийн даавуун уутан дотор баахан нөэтбүүк, мөнгөн бүс хийчихсэн байхаар  нь цагдаа нарт авч ирж өгсөн. Би ганц ч нөэтбүүк өөртөө ашиглаагүй. Бас миний хүү Нын хадам аав Ш сүүлийн 2 өдөр дан согтуу яваад байгаа бөгөөд нэг жижиг цүнхтэй юм үүрчихсэн яваад байна гээд яриа гараад байсан. Бодвол Н тэр хоёр юм хулгай хийж цүнхэнд хийгээд тэр цүнхээ Ш үүрээд гадуур архи уугаад яваад байгаа байх гэж бодож байна. Би цагдаагийн газар дээр ирээд өөрийн байшингаас авч ирсэн эд зүйлд үзлэг хийхэд 8 ширхэг нөэтбүүк, эмэгтэй мөнгөн бүс 3 ширхэг эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг мөнгөн аяганы цул суурь  нэг ширхэг зэрэг зүйлс байсан. Миний хүү Н өмнө хулгайн хэрэгт холбогдон цагдан хоригдож шалгагдаж байгаад саяхан гарч ирсэн байсан юм. Надад хулгай  хийсэн гэж хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/

 

             Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.М  мэдүүлсэн:...2017 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө Наранбулаг хороололд явж байгаад Нтай тааралдсан. Н надад хэлэхдээ манайх мод авах гэж байна мод буулгаад өг гэхээр нь би гэрт нь яваад очтол Н, О 2 хөх өнгийн портертой машинаар мод буулгаж байсан. Тэгээд Н намайг зах ороод ирье хамт явъя гэхээр нь би хамт явсан. Н хар өнгийн мотоцикль унаж явсан. Тэгээд захын хажууд явж байгаад Тэрх худалдааны төвийн урд талын зам дээр чигээрээ явж байсан машины урдуур Н өөрөө мотоциклтойгоо яваад орчихсон би ар талд нь сууж явсан бөгөөд шууд ухаан алдчихсан байсан. Нэг мэдтэл эмнэлэг дээр ухаан орсон. Надад Н, О нар хулгай хийсэн гэдгээ тухайн үедээ хэлээгүй. Осолд орсны дараа О нь хэлэхдээ хулгай хийсэн цагдаад баригдчихсан байгаа гэж надад хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

 

               Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.С мэдүүлсэн:...2017 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө үүрээр 06 цагийн үед миний нөхөр О нь Нын хамт манай гэрээс намайг унтаж байхад гараад явсан. Явахдаа надад ямар нэгэн юм яриагүй бөгөөд Н нь өөрийнхөө мотоцикльтой явж надад сонсогдсон. Тэгээд өдрийн 11 цагийн үед миний нөхөр О ганцаараа орж ирсэн. Надад ямар нэгэн юм ярихгүй байсан. Удалгүй эмнэлгээс над руу утсаар яриад таны хүргэн Н аваарт орчихлоо гэж хэлэхээр нь нөхөр бид 2 эмнэлэг дээр иртэл Н ухаангүй байсан. Тэгээд би Нын аав, ээж хоёрт нь хэлсэн. Тэгээд өнөөдөр 18 цагийн үед цагдаа манай гэрт орж ирээд Оас мөнгөн аяга хаана байна гэж асуусан О цагдаа нартай хамт гараад явсан. Би өөр зүйл мэдэхгүй О гэртээ ямар ч эд зүйл авч очоогүй. Би Ойг Нтай хамт хулгай хийсэн гэдгийг цагдаа дээр ирээ л мэдэж байна. Намайг сэрүүн байхад Н, О 2 манай гэрт архи дарс уугаагүй. Намайг унтсан хойно монгол архи уусан юм шиг байна лээ. Миний хажууд хулгай хийнэ гэж огт яриагүй. 2015 оноос хойш О бид 2 хамт амьдарч байгаа. Би өөрөө 3 хүүхэдтэй, О зан байдлын хувьд архи уудаггүй, даруухан үг дуу цөөнтэй хүн. О бид 2 албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй хамтран амьдарч байгаа Н, Гоомарал 2 өмнө үерхэж байгаад салсан. Албан ёсоор гуйлга гуйж, гэр бүл болоогүй бөгөөд миний охин Гоомарал Улаанбаатар хотод амьдарч байгаа. 2016 оны 10 дугаар сард Гоомарал Улаанбаатар хот руу явсан. Хүмүүс миний нөхөр Ойг Ш гэж дууддаг. 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр Бгуай манай гэрт ирсэн. Тэр үед манай нөхөр шал согтуу байдалтай байж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бгуай манай гэрт ирсэн. Тэр үед манай нөхөр шал согтуу байдалтай байж байсан. Миний нөхөр О сүүлийн 4 өдөр дараалж архи уусан байсан. Тэрийг Бгуайд хэлсэн байх. Харин хар цүнхтэй юм үүрээд гадуур яваад байгаа гэж хэлээгүй. Бгуай худал ярьж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/

 

                Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Өмэдүүлсэн:...2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр буюу бүтэн сайн өдрийн өглөөний 09 цагийн үед би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар Наранбулаг хороололд байдаг хүүхдүүдийнхээ гэрт унтаж байтал гаднаас Ш ах Н гэдэг залуутай хамт орж ирээд чи мод зарах гэж байгаа юм уу гэж асуухаар нь зарах мод байгаа гэж хэлтэл Н гэдэг залуу би худалдаж авъя гэж хэлсэн. Би нэг портер модыг 150.000 төгрөгөөр зарна гэж хэлтэл Н би мөнгийг нь өгөөд авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нар зам заалгуулаад өөрөө машинаа унаад Бортолгой хороололд очиж хашаанд нь оруулан модоо буулгасан. Тэгээд мөнгөө авъя гэж хэлтэл Н надад мөнгө байхгүй та энэ 3 аягыг авчих гээд 3 ширхэг мөнгөн аяга надад өгсөн. Би гайхаад юун аяга юм ямар нэгэн буруу гарын аяга юм биш үү гэж асуухад та санаа зоволтгүй, хулгайн аяга биш гээд байхаар нь би аягыг  аваад гэртээ харьсан. Тэгтэл 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ш ах манай гэрт ирээд чиний авсан аяга чинь хулгай аяга байсан юм цагдаа дээр аваачиж өг гэж хэлэхээр нь би тэр 3 аягыг цагдаа дээр авч ирсэн. Би хулгайн аяга гэдгийг мэдээгүй авчихсан юм. Томоос жижиг рүү болсон 3 ширхэг аяга, том аяган дээр нь Хайртай хүүдээ аз жаргал хүсье аав, ээжээс нь 2015,08,26 гэсэн бичигтэй байсан. Дунд гарын цулгуй мөнгөн аяга нэг ширхэг, жижиг мөнгөн аяга нэг ширхэг хажуу талдаа Ц.М танд 1984 оны төгсөгчдөөс гэсэн бичигтэй байсан. Эдгээр 3 аягыг би цагдаагийн газар дээр авч ирж өгсөн. Би Ш ахтай хамт Нын гэрээс нь очиж буулгасан модоо авахаар болсон. Би өөрөө модоо очоод авчих болохоор надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Н гэх залуу өөрийнхөө өвөр дотроосоо 3 ширхэг мөнгөн аяга гаргаж ирээд надад өгсөн. Бэлэн мөнгө байхгүй энийг авчих гээд байсан. Би хулгайн аяга байх гэж хаширлаад авахгүй гэхэд асуудалгүй, хулгайнх биш гээд байхаар нь итгээд авчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуу/

 

             Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бмэдүүлсэн:...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед О ах манай гэрт орж ирээд нэг цүнхтэй юм гэрт чинь тавьчихъя гэж хэлээд байшингийн үүдний амбаарт тавьчихаад яваад өгсөн. Тэгээд эмнэлэгт хүний бие муу байгаа гэсэн утгатай юм яриад гарсан. Би О ахын цүнхтэй юманд гар хүрээгүй бөгөөд хар өнгийн үүргэвчтэй цүнх л харагдаж байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны орой О ах өөрөө хүрч ирээд манай амбаараас нөгөө цүнхтэй юмаа аваад явчихсан. Би өөр зүйл мэдэхгүй. О ах манай амбаарт цүнхээ тавьчихаад гараад явсан. Намайг харж байхад юм авч харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 76 хуу/

 

                  Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Э мэдүүлсэн:..2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө миний хүү Н хуучин үерхэж байсан найз охиныхоо аав, ээжийнх нь гэрт очиж хононо гээд явсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өглөөгүүр 07 цагийн үед миний хүү Н, үерхэж байсан найз охиныхоо аав Отай хамт орж ирээд амбаарын түлхүүр аваад гарсан. Би О, Н хоёрыг одоо унтаачээ үүр цайж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй О, Н нар гэрээс гарч яваад байшин дотор юм хийгээд байх шиг байсан. Тэгээд тэр 2 яваад өгчих шиг болсон хэсэг байж байснаа Н нэг машинтай хүн дагуулчихсан ирээд мод буулгаад байсан. Би нөхөр Бын хамт мод авах мөнгө байхгүй гэж хэлэхэд Н зүгээрээ би авч байна гээд байсан. Тэгээд мод буулгасан машинтай хүн яваад өгсөн. Н өөрийнхөө найз М гэх залуутай хамт явж байгаад зам тээврийн осолд орчихсон. Би Н, О нарыг юу хулгайлж авсныг мэдэхгүй байна. Миний нөхөр өөрийнхөө байшин дотроос ууттай юм гаргаж өгсөн гэсэн. Би өөр зүйл мэдэхгүй. Би байшин дотор орж хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 79 хуу/

 

                Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Б мэдүүлсэн:...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн хэрэглэж байсан Леново маркийн хар өнгөтэй нөэтбүүкээ Мөнгөт-Оюу нэртэй эмийн сангийн 2 давхарт байрлах Баялаг нэртэй ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд одоо хүртэл мөнгөний боломж гарч өгөхгүй байгаа болохоор нөэтбүүкээ авч чадаагүй байна. Цагдаагийн газраас миний ломбарданд тавьсан нөэтбүүк хулгайд алдагдаад олдсон талаар сонсож мэдсэн. Би удахгүй мөнгө төлөөд нөэтбүүкээ ломбарднаас авах болно. Би Леново маркийн нөэтбүүкийг 2014 оны 11 сард 1.250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний нөэтбүүк шинээрээ шахам байсан ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 81 хуу/

 

                   Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ммэдүүлсэн:...2017 оны 01 сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байрлах Баялаг нэртэй ломбарданд Дэлл маркийн хар өнгийн нөэтбүүкийг 80.000 төгрөгөөр тавьсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад нөэтүүкээ хямдхан ломбарданд тавьсан юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр өөрийн нөэтбүүкээ авах гээд ломбарданд иртэл хулгай ороод нөэтбүүкийг чинь алдчихсан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газраас нөэтбүүкийг чинь олсон гэж хэлэхээр нь би цагдаагийн газраас нөэтбүүкээ хүлээн авсан. Миний нөэтбүүк ямар нэгэн эвдрэлгүй хэвийн ажиллаж байсан. Одоо надад гомдол санал байхгүй. Делл  брендийн хар өнгөтэй нөэтбүүкээ одоо 1.000.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 84 хуу/

 

               Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бмэдүүлсэн:...би өөрийн хэрэглэж байсан Баз нэртэй хуучин хар өнгөтэй нөэтбүүкээ 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн төвд байрлах Мөнгөт-Оюу эмийн сангийн 2 давхарын ломбарданд 130.000 төгрөгөөр тавьсан. Би нөэтбүүкээ авах гээд мөнгөний боломжгүй болчихоод хугацааг нь сунгуулаад яваад байгаа. Мөнгөтэй болохоороо нөэтбүүкээ авах болно. Цагдаагийн газраас надруу утсаар яриад миний Баз нэртэй нөэтбүүк хулгайд алдагдаад олдсон талаар хэлсэн. Би одоогоор нөэтбүүкээ олж хараагүй байгаа ломбарданд байгаа гэсэн. Миний нөтбүүк гадна талын Баз гэсэн бичигний аз гэсэн 2 үсэг нь алга болсон Б үсэг нь ганцаараа үлдсэн байсан. Нээж үзэхэд бүтэн Баз гэсэн бичигтэй байгаа. Уг нөэтбүүк миний өөрийн нөэтбүүк бөгөөд хуучин хэрэглэж байсан юм. Би нөэтбүүкээ 500.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 87 хуу/

 

                Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн:...Би өөрийн эзэмшлийн хар өнгөтэй эйч пи маркийн и3 нөэтбүүкээ 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн төвд байрлах Мөнгөт-Оюу эмийн сангийн 2 давхарт байрлах Баялаг нэртэй ломбарданд 150.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд мөнгөний боломж олдохгүй байсаар байгаад уг нөэтбүүкээ авч чадаагүй байсан юм. Тэгтэл цагдаагийн байгууллагаас утсаар яриад таны нөэтбүүк хулгайд алдагдаад буцааж олсон гэж хэлсэн. Би нөэтбүүкний хугацаа дууссан болохоор зарагдчихсан байх гэж бодсон. Миний нөэтбүүк 2012 онд үйлдвэрлэгдсэн, би худалдаж аваад жил гаран болж байсан, эвдэрсэн гэмтэл байхгүй, хэрэглэж байсан учир 600.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 90 хуу/

           

               Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Н мэдүүлсэн:...Би өөрийн эзэмшлийн хар өнгөтэй леново маркийн нөэтбүүкээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн төвд байрлах Мөнгөт-Оюу эмийн сангийн 2 давхарт байрлах Баялаг нэртэй ломбарданд 70.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд мөнгөний бололцоо олдохгүй байсаар байгаад 2 удаа мөнгө өгч хугацааг нь сунгуулсан бөгөөд мөнгөний боломж олдохгүй байсаар байгаад уг нөэтбүүкээ авч чадаагүй байсан. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нөэтбүүкээ авах гээд очтол таны нөэтбүүкийг хулгайд алдаад буцааж олж авсан гэж хэлсэн. Өөрийн нөэтбүүкээ ломбарднаасаа хүлээж авсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний нөэтбүүк хэвийн ажиллаж байсан. Миний нөэтбүүк ямар нэгэн эвдрэлгүй хэвийн хэрэглэж байсан нөэтбүүк бөгөөд 800.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 93 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г. М мэдүүлсэн:...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Наадмын дэнж хороололд байрлах манай гэрт манай аав , манай эхнэр Ж, дүү Г, манай ахын сургуульд сурдаг 2 хүүхэд байсан гэсэн. Тэгтэл О гэх хүн орж ирээд манай аавтай золгоод архи уусан, тэгээд гэрт байсан хүмүүс айлд цай уух гээд гэрээсээ явсан байсан. Манай аавтай хамт сургуульд сурдаг хоёр жоохон хүүхэд үлдсэн байсан. О гэх хүн манай аавтай архи уугаад гэрт үлдсэн байсан. Тэгээд орой 19 цагийн үед манай дүү гэрт ирээд гэрээ цэвэрлэж байсан чинь Гүнгэрваан дотор байсан Ногоон дарь эх бурхан алга болсон байсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Манай бурхан өдөр 17 цагийн үед манай эхнэр дүү нарыг айлд цай уух гээд гэрээс гарах үед байсан. Тэгээд орой 19 цагийн үед гэртээ ирсэн чинь байхгүй болсон байсан. Би бурхан алга болсныг мэдээд гэрт хэн хэн орж ирснийг сургуульд сурдаг 2 дүүгээсээ асуусан чинь О гэх хүнээс өөр хүн орж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд Ойг шалгуулахад манай гэрээс бурхан хулгай хийгээд аймгийн төвд байдаг Б гэх хүнд зарсан талаараа ярьсан. Аймгийн төвд Б гэх хүнийг нь шалгуултал манай бурхныг аваад гэртээ нуусан байсныг олж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 141 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б мэдүүлсэн: ...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 17 цагаас 19 цагийн хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Наадмын дэнж хороололд байрлах манай аав Uын гэрээс Гүнгэрваан дотор байсан хүрэл цутгамал бурхан хулгайд алдагдах үеэр гэрт нь манай аав согтуу унтаж байсан. Манай 2 дүү байсан, тэгтэл 18 цагийн үед манай аавынд О гэдэг хүн ирээд манай 2 дүүг мөнгө бутлаад ир гээд мөнгө өгөөд дэлгүүр рүү явуулсан манай 2 дүү Ойн мөнгийг нь бутлаад авч ирж өгсөн чинь мөнгөө аваад явсан байсан. Тэрнээс хойш манай аавын гэрт өөр хүн орж гараагүй. Тэгээд орой 19 цагийн үед манай дүү Г гэрээ цэвэрлэж байгаад бурхан руугаа харсан бурхан алга болсон байсан тул дуудлага өгсөн. Тэгээд манай аавынд орж ирсэн О гэх хүнийг цагдаагаар шалгуулсан чинь манай бурхныг хулгайлаад аймгийн төв рүү Б гэх хүнд явуулсан байсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч аймгийн төвд Б гэх хүнийг нь шалгасан чинь манай бурхныг гэртээ нуусан байсныг олоод бурхнаа эргүүлээд олж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 145 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн: манай сумын О гэх залуу согтуу над дээр ирээд өврөөсөө хадганд боосон хүрэл бурхан гаргаж ирээд энийг авах уу гэсэн тэгэхлээр нь би тэр бурхныг авч үзээд Оас наад бурхан чинь асуудалгүй юм байгаа биз дээ, чи надад хулгайн юм зарах гээд байгаа юм биш биз гэж асуусан чинь ямар ч асуудал байхгүй зүгээр санаа зоволтгүй, одоо надад архи, тамхи, зардлын мөнгө өгчих, би маргааш өөртэй чинь уулзаад дахиад мөнгө нэмж авъя гэхлээр нь би тэр бурхныг нь аваад Од 2 шил 0,75тай архи, 2 тамхи, 10.000 төгрөгтэй өгсөн. О надтай өглөө аймгийн төв орж уулзана гэж хэлээд яваад өгсөн. Би Цэнхэр сумын төвөөс 19 цагийн үед аймгийн төв рүү гэр рүүгээ хариад байж байсан чинь 21 цагийн үед Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч над дээр ирээд миний худалдаж авсан бурхныг хулгайн бурхан байсан гээд надаас хурааж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 147 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Г мэдүүлсэн: орой 20 цагийн үед гэртээ ирээд гэрээ цэвэрлэж байсан чинь манай Гүнгэрваа хөдөлсөн байхаар нь гайхаад хартал манай цутгамал хийцтэй Ногоон дарь эх бурхан алга болсон байсан. Тэгээд ах нарыгаа дуудаад цагдаад мэдэгдээд намайг эзгүй хойгуур гэрт хэн хэн орж ирсэн талаар асуусан. Тэгээд Ойг цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулсан чинь манай бурхныг хулгай хийгээд Архангай аймгийн төвд байдаг Б гэх хүнийг шалгаад манай хулгайд алдагдсан бурхныг олж тогтоосон...гэх мэдүүлэг /хх-ийн 149 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.U мэдүүлсэн: 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манайд манай нэг нутгийн дүү О орж ирж надтай золгосон. Тэгээд надад нэг шил архи өгсөн. Би тэр архийг нь Отай хувааж уусан, бид хоёрыг архи ууж байхад манай хүүхдүүд байж байгаад айл хэсэх гээд гараад явсан, би гэртээ сургуульд сурдаг 2 жоохон хүүхэдтэй О бид хэд үлдсэн. О бид хоёр 2 шил архи хувааж уугаад би согтоод унтаад өгсөн байсан. О манай гэрээс хэзээ яаж явсныг нь мэдээгүй юм. Би шөнө 22 цагийн үед сэрсэн чинь манай хүүхдүүд бурхан алга болсон байна гэж байсан. Маргааш нь би хүүхдүүдээс юу болсон талаар асуусан чинь О намайг унтсан хойгуур манай бурхныг хулгай хийгээд Б гэх хүнд зарсан байсныг цагдаагийн байгууллагаар шалгуулаад олж авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 151 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч О.Д мэдүүлсэн: 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр орой 18 цагийн үед манай өвөөгийнд манай дүү Лхагвасүрэн, өвөө U тэгээд гаднаас ирсэн О гэх танихгүй ах бид хэд байсан. Манай өвөө тэр О гэх хүнтэй архи уугаад байсан, тухайн үед манай ах эгч нар айл хэсэх гээд явсан байсан. Тэгтэл манай өвөө согтоод унтах гээд орон дээрээ хэвтсэн. Тэгтэл О ах дүү бид хоёрыг дэлгүүр яваад мөнгө бутлаад ир 20.000 төгрөгөөр нь юм аваад идчих гэхлээр нь дүү бид хоёр дэлгүүр яваад эргээд орж ирсэн чинь сууж байгаад удалгүй гэрээс гараад явсан. Тэгээд орой 19 цаг 45 минутын үед манай ах, эгч нар ирээд Г эгч гэрээ цэвэрлэж байснаа бурхан алга болсон байна та хоёр харсан уу гээд дүү бид хоёроос асуусан, дүү бид хоёр бурхан алга болсныг мэдээгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 152-153 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тмэдүүлсэн: 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б Цэнхэр суманд ирсэн, эхнэр хүүхдийн хамт явж байсан. Бгийн эмээ нь манайд байсан юм. Тэгээд эмээдээ мартын 8-ны баяр хүргээд бэлэг сэлт өгөөд, надад бас төрсөн өдрийн бэлэг өгөөд, манайд хоол цай идэж уугаад орой 18 цагийн үед Архангай аймгийн төв рүү буцсан. Өдөр 16 цагийн үед ирсэн, эхнэр 2 хүүхэдтэйгээ явж байсан өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 155 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ц мэдүүлсэн: 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр байсан юм. Тэгээд манай нөхөр Б бид хоёр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын төв рүү хөгшин настай эмээ дээрээ очиж баяр хүргэж бэлэг өгөхөөр явсан юм. Бид нар сумын төвд 15 цагийн үед очсон байх тэгээд эмээгийнд баяр тэмдэглээд хоол цай идэж уугаад орой 18 цагийн үед буцаад аймгийн төв рүү явах гээд сумын төвд дэлгүүрийн гадаа зогсоод Б тамхи авсан тэгсэн чинь Бг дэлгүүрээс гараад ирсэн чинь согтуу бололтой нэг хүн Бтай уулзаад зогсоод байсан. Тэгсэн чинь Б машин дээрээ хүрч ирээд хүнээс нэг юм худалдаж авах гэсэн юм гээд надаас 40,000 төгрөг авч явснаа даавуунд боосон нэг юм аваад машиндаа хийсэн, би юу юм бэ гэж асуусан чинь харьж байгаад хэлье нэг онц юм биш гээд байсан. Гэртээ ирээд нөгөө зүйлийг үзсэн чинь баримал бурхан байсан. Тэгээд тэр орой нь манай гэрт цагдаа ирээд тэр бурхныг хулгайд алдагдсан эд зүйлс гээд хурааж аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 157 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд Д.Ойн яллагдагчаар мэдүүлсэн: Би 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Наадмын дэнж хороололд байх Мын гэрт ганцаараа очсон. Намайг очих үед М, U, Ж, Г, бага насны 2-3 хүүхэд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа U ах бид хоёр бага насны 2 хүүхэдтэй дөрвүүлээ гэрт нь үлдсэн. U ах архи уугаад согтоод унтаад өгөхөөр нь би бага насны хоёр хүүхдийг нь дэлгүүр орж 10.000 төгрөг бутлаад ир гэж гадагш нь гаргасан. Ингээд бурхны гуунд байсан хүрлээр хийсэн, цутгамал бурхныг нь авсан. Уг бурхныг ямар нэртэйг мэдэхгүй. Ингээд бурхныг нь авч яваад сумын төвд явж байтал Б гэх залуутай нэг дэлгүүрийн үүдэнд таарсан бөгөөд Бд бурхнаа гаргаж үзүүлээд чи үүнийг авчих, надад мөнгө төгрөг хэрэгтэй байна гэсэн. Гэтэл Б надад 2 шил архи, 2 ширхэг тамхи 10.000 төгрөг өгсөн. Ийм л зүйл болсон. Бд хулгай хийсэн талаараа угаасаа хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 170-171 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.О мэдүүлсэн: Миний төрсөн дүү О нь Архангай аймгийн Цэнхэр суманд 1973 оны 04 дүгээр сарын 16-нд айлын 6 дахь хүүхэд болж төрсөн дээрээ 5 ах эгчтэй, доороо 1 дүүтэй. Бага насаа хөдөө Цэнхэр сумын Цэцэрлэг багт мал маллаж өссөн, сургууль цэцэрлэгт сууж байгаагүй, цэргийн алба хаасан санагдаж байна. Бид нарыг бага байхад аав, ээж нас бараад өнчин өрөөсөн өссөн бөгөөд би айлын хамгийн том хүүхэд юм. Миний дүү нар одоо Цэнхэр сумын Орхон баг, Цэцэрлэг багийн нутгуудад мал маллан амьдарч байгаа. Харин О нь надтай уулзалгүй 2 жил шахам болж байна. О нь зан байдлын хувьд хүний үгээр даруухан, ажилсаг хүн бөгөөд элдэв буруу зан ааш байдаггүй юм. Хааяа архи уучихдаг юм. Би архи уухаар нь зэмлэдэг болохоор надаас айдаг. О надад хэлэхдээ нэг залуутай хамт явж байгаад хулгайн хэрэгт холбогдсон. Би зүгээр л хамт явж байсан гэж ярьж байсан. Өөр ямар нэгэн хэргийнхэн талаар мэдэхгүй байна. Ойг би хаана нь мэдэхгүй байна. Ямартай ч Архангай аймгийн төв болон Цэнхэр сумын нутагт байхгүй. Хэрэв байсан бол ах дүү нартайгаа холбоо барих ёстой. Би Отай хамгийн сүүлд хэзээ уулзсан гэдгээ санахгүй байна. Би хүүхэд хараад аймгийн төвд амьдардаг бөгөөд 2 жилийн өмнө намайг гэртээ байхад орж ирээд цай, хоол иддэг байсан. Аймгийн төвөөс яваад огт орж ирээгүй. Миний дүү О нь хүнтэй гэр бүл болоогүй бөгөөд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, айл амьтанд зарагдаж наана, цаана явдаг байсан. 2016 онд С гэдэг хүүхэнтэй танилцаад аймгийн төвд хамт амьдрах болсон бөгөөд нэг жил гаран хугацаанд амьдраад салсан. Одоо С нь аймгийн төвд байдаг юм. Өөр эхнэр авч байгаагүй бөгөөд хүүхэдгүй. О нь өөрийн гэсэн гэр оронгүй, тэнэж амьдарч байгаа бөгөөд хаана байгааг нь би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 202-203 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б дахин мэдүүлсэн: 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр намайг Цэнхэр суманд явж байтал О нь архи уусан согтуу байдалтай явж байгаад надтай тааралдсан. Надад нэг бурхан өгсөн бөгөөд би 100.000 төгрөгөөр авсан удалгүй цагдаа ирээд надаас бурхныг авч явсан. Би Ойг эхлээд бурхан надад өгөх үед нь хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, цагдаа ирээд уулзахаар нь мэдсэн. Тэрнээс хойш Отай уулзаагүй холбогдоогүй, цагдаагаас над руу утсаар ярьж Ойн хаана байгаа талаар асууж байсан. Би хаана байгааг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 211 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Ойн дахин мэдүүлсэн: Би 2017 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байх ломбарднаас эд зүйл хулгай хийсэн. Би Архангай аймгийн Цэнхэр сумаас хулгай хийсэн бурхнаа эзэнд нь буцаагаад өгсөн, мөн ломбарднаас авсан эд зүйлсээ ч бас буцаагаад өгсөн. Би бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авсан нь миний буруу, би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөр ч байна. Ахиж хулгай хийхгүй байж чадна...гэх мэдүүлэг /хх-ийн 220 хуу/

           

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 36-38 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-ийн хх-ийн 39 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 46-60 хуу, 2-

ийн хх-ийн 03-04 хуу/

            2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 159 хуу/

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 97 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-ийн хх-ийн 118 хуу, 173 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2017 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас эд зүйл хулгайд алдагдаж 7.695.000 төгрөгийн , мөн 2018 оны 03 дугаар сарын 08-ны үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Наадмын дэнж хороололд оршин суух иргэн Г.Мын гэрээс хүрлээр цутгаж хийсэн Ногоон дарь эх бурхан хулгайд алдагдаж 1.500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Д.О нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө  бүлэглэж орон байранд нэвтэрч машин механизм хэрэглэн бусдын эд зүйлийг хулгайлж  хохирогч Д.Бад 7.695.000 төгрөгийн, 2018 оны 03 дугаар сарын 08-нд ганцаараа Г.Мын гэрээс эд зүйл хулгайлж хохирогч Г.Мт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бын мэдүүлсэн:.. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би ломбардан дээрээ ирээд ломбардныхаа ар талд байдаг өрөөнд 17 цагийн үед ортол цонх нь онгойсон байсан. Би гайхаад өрөөний баруун талд байсан мөнгөн аяган дотроос аяга авах гээд үзтэл мөнгөн аяганууд бүгд байхгүй, цонхны тавцан дээр байсан бичиг баримтууд газар уначихсан, хайрцаг дотор байсан нөэтбүүкнүүд  өрөөний баруун хойд талын дээд буланд байсан хяналтын камер алга болчихсон байсан. Цагдаад дуудлага өгч шалгуулаад цагдаа нарыг ирэхээс өмнө хяналтын камерынхаа бичлэгийг шүүж үзтэл 2017 оны 01 дүгээр сарын 15-ны 06 цагийн 29 минут 41 секунтэнд манай агуулахын хойд талын вакум цонхоор нэг дээл өмссөн хулгайч орж ирээд 10 орчим мөнгөн аяга, 2 ширхэг нөэтбүүк хулгайлан аваад хяналтын камерыг тасдаж буй бичлэг бичигдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/

 

              Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн:..15 мөнгөн аяга, 8 нөэтбүүк, мөнгөн бүс, хөөрөг зэрэг зүйлс байсан хулгайд алдсан зүйлээ бүгдийн буцааж олсон гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын  мэдүүлсэн:..2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрийнхээ хажуу талын байшин орж үзтэл нэг ягаан өнгийн даавуун уутан дотор баахан нөэтбүүк, мөнгөн бүс хийчихсэн байхаар  нь цагдаа нарт авч ирж өгсөн. Би ганц ч нөэтбүүк өөртөө ашиглаагүй. Би цагдаагийн газар дээр ирээд өөрийн байшингаас авч ирсэн эд зүйлд үзлэг хийхэд 8 ширхэг нөэтбүүк, эмэгтэй мөнгөн бүс 3 ширхэг эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг мөнгөн аяганы цул суурь  нэг ширхэг зэрэг зүйлс байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г. Мын мэдүүлсэн:...О гэх хүн орж ирээд манай аавтай золгоод архи уусан, тэгээд гэрт байсан хүмүүс айлд цай уух гээд гэрээсээ явсан. Аавтай хамт сургуульд сурдаг хоёр жоохон хүүхэд О гэх хүн аавтай архи уугаад гэрт үлдсэн байсан. Орой 19 цагийн үед манай дүү гэрт ирээд гэрээ цэвэрлэж байсан чинь Гүнгэрваан дотор байсан Ногоон дарь эх бурхан алга болсон байсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн...тэгээд Ойг шалгуулахад манай гэрээс бурхан хулгай хийгээд аймгийн төвд байдаг Б гэх хүнд зарсан талаараа ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 141 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бийн мэдүүлсэн:...О гэдэг хүн ирээд манай 2 дүүг мөнгө бутлаад ир гээд мөнгө өгөөд дэлгүүр рүү явуулсан манай 2 дүү Ойн мөнгийг нь бутлаад авч ирж өгсөн чинь мөнгөө аваад явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 145 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бгийн мэдүүлсэн: манай сумын О гэх залуу согтуу над дээр ирээд өврөөсөө хадганд боосон хүрэл бурхан гаргаж ирээд энийг авах уу гэсэн тэгэхлээр нь би тэр бурхныг авч үзээд Оас наад бурхан чинь асуудалгүй юм байгаа биз дээ, чи надад хулгайн юм зарах гээд байгаа юм биш биз гэж асуусан чинь ямар ч асуудал байхгүй зүгээр санаа зоволтгүй, одоо надад архи, тамхи, зардлын мөнгө өгчих, би маргааш өөртэй чинь уулзаад дахиад мөнгө нэмж авъя гэхлээр нь би тэр бурхныг нь аваад Од 2 шил 0,75тай архи, 2 тамхи, 10.000 төгрөгтэй өгсөн. О надтай өглөө аймгийн төв орж уулзана гэж хэлээд яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 147 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гын мэдүүлсэн: орой 20 цагийн үед гэртээ ирээд гэрээ цэвэрлэж байсан чинь манай Гүнгэрваа хөдөлсөн байхаар нь гайхаад хартал цутгамал хийцтэй Ногоон дарь эх бурхан алга болсон байхаар ах нарыгаа дуудаад цагдаад мэдэгдээд намайг эзгүй хойгуур гэрт хэн хэн орж ирсэн талаар асуусан. Тэгээд Ойг цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулсан чинь манай бурхныг хулгай хийсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 149 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Uын мэдүүлсэн: О бид хоёр 2 шил архи хувааж уугаад би согтоод унтаад өгсөн байсан. О манай гэрээс хэзээ яаж явсныг нь мэдээгүй юм. Би шөнө 22 цагийн үед сэрсэн чинь манай хүүхдүүд бурхан алга болсон байна гэж байсан. Маргааш нь би хүүхдүүдээс юу болсон талаар асуусан чинь О намайг унтсан хойгуур манай бурхныг хулгай хийгээд Б гэх хүнд зарсан байсныг цагдаагийн байгууллагаар шалгуулаад олж авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 151 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цгийн мэдүүлсэн: нөхөр Бг дэлгүүрээс гараад ирсэн чинь согтуу бололтой нэг хүн уулзаад зогсоод байсан. Тэгсэн чинь Б машин дээрээ хүрч ирээд хүнээс нэг юм худалдаж авах гэсэн юм гээд надаас 40,000 төгрөг авч явснаа даавуунд боосон нэг юм аваад машиндаа хийсэн, би юу юм бэ гэж асуусан чинь харьж байгаад хэлье нэг онц юм биш гээд байсан. Гэртээ ирээд нөгөө зүйлийг үзсэн чинь баримал бурхан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 157 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд Д.Ойн яллагдагчаар мэдүүлсэн: Би 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Наадмын дэнж хороололд байх Мын гэрт ганцаараа очсон. Намайг очих үед М, U, Ж, Г, бага насны 2-3 хүүхэд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа U ах бид хоёр бага насны 2 хүүхэдтэй дөрвүүлээ гэрт нь үлдсэн. U ах архи уугаад согтоод унтаад өгөхөөр нь би бага насны хоёр хүүхдийг нь дэлгүүр орж 10.000 төгрөг бутлаад ир гэж гадагш нь гаргасан. Ингээд бурхны гүнгэрваанд байсан хүрлээр хийсэн, цутгамал бурхныг нь авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 170-171 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.О дахин мэдүүлсэн: Би 2017 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байх ломбарднаас эд зүйл хулгай хийсэн. Би Архангай аймгийн Цэнхэр сумаас хулгай хийсэн бурхнаа эзэнд нь буцаагаад өгсөн, мөн ломбарднаас авсан эд зүйлсээ ч бас буцаагаад өгсөн. Би бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авсан нь миний буруу, би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөр ч байна. Ахиж хулгай хийхгүй байж чадна...гэх мэдүүлэг /хх-ийн 220 хуу/, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 159 хуу/, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 97 хуу/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 46-60 хуу, 2-ийн хх-ийн 03-04 хуу/   зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Шүүгдэгч Д.О нь Б.Нтай бүлэглэж, машин механизм хэрэглэж 2017 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын цонхоор нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Д.О нь ганцаараа 2018 оны 03 дугаар сарын 08-ны үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Наадмын дэнж хороололд оршин суух иргэн Г.Мын гэрээс 1.500.000 төгрөгийн хүрлээр цутгаж хийсэн Ногоон дарь эх бурхныг хулгайлсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн заалтыг журамлан шүүгдэгч Д.Ойн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө бусдын орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэн, бүлэглэж эд зүйлийг хулгайлсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн үйлдсэн хулгайн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Бовогт Дгийн Ойг бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.  

 

Хохирогч Д.Бад гэмт хэргийн улмаас 7.695.000 /долоон сая зургаан зуун ерөн таван мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 97 хуу/, хохирогч Г.Мт гэмт хэргийн улмаас 1.500.000 /нэг сая таван зуу мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-ийн хх-ийн 159 хуу/ дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.О нь тухайн хохирлыг төлсөн болох нь хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол санал байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Д.Ойг бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

              Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 81 тоот тогтоолоор Д.Од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Д.О нь зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

 

2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/…гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

 

              Шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ойн цагдан хоригдсон 14 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, үлдэх 2 жил 5 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна.

            

Шүүгдэгч Д.Ойн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Д.О нь 2017 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоцикль нь яллагдагч Б.Нд холбогдох эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн гэх тул энэ шийтгэх тогтоолоор тухайн мотоциклийг хураах боломжгүй байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бовогт Дгийн Ойг бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Ойг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ойн цагдан хоригдсон 14 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 16 хоногийн хорих ялыг 2 жил 5 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь  2 жил 5 сар 16 хоногийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Цэнхэр  сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 жил 5 сар 16 хоногийн хугацаагаар хориглосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 2 жил 5 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

10. Шүүгдэгч Д.Ойн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Р.АЛТАНЦЭЦЭГ