Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 398

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ************** оршин суух *********** нэхэмжлэлтэй

Хариуцагч: *********** аймгийн ********-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 06 дугаар сарын 13-ны хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, түүний өмгөөлөгч ********, хариуцагчийн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******** нь 2014 оны 11 сарын 28-нд *********-т галчаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл тус ********-ийн эрхлэгч нь 2018 оны 05 сарын 16-нд Б/02 тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснийг мэдэгдсэн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ********-ийн эрхлэгчийн 2018 оны 5 сарын 16-ны Б/02 тушаалыг хянаж үзэн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас халсан тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, мөн цалингийн зээлийн алдагдалд хүрсэн тул ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******** 2014 оны 11 сарын 28-нд анх ********-т ажилд орсон. Орсноосоо хойш өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлж, ямар ч зөрчил гаргаагүй. 2018 оны 05 сарын 16-ны өдөр жижүүрээсээ бууж ирээд амралт өгсөн гэж ойлгоод гэртээ амарч байсан. Тэр өдөр нь эрхлэгч тушаалаа гаргасан. Ямар үндэслэлээр гаргасныг 2 хоногийн өмнө мэдэж авсан. Тэгээд шүүхэд хандсан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагад нам даралтын уурын зуухны галч ажилтай ***********-г ажлын хариуцлага удаа дараа алдаж, ажлын байран дээр архи ууж, ажил хаяж явсан тул 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. ******** нь 2014 оны 11 сард ажилд ороход нь хамт олны хурлаар хэлэлцэн сумандаа амьдрал нь боломжгүй хүмүүсийг ажилд аваад нэг ч гэсэн хүнийг архинаас хол байлгая, бага залуу хүн ажилд идэвх санаачлагатай сэтгэлтэй ажиллах байх гээд ар гэрийн амьдрал ахуйг нь харгалзан үзэж ажилд авсан. Цагаан сарын үеэр ажил дээр найзуудтайгаа уусан. Удаа дараа архи ууж манай хамт олныг сумын хэсгийн төлөөлөгч дээр байцаалгаж байсан. Тэгээд энэ хүнийг энэ ажлаас халвал архинд бүр орчих юм болов уу? гэж бодсон учраас би өдийг хүртэл ажиллуулсан. Тэрээр ажилдаа санаачлага муутай, өөрийн үүрэгт ажлаас гадна байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэгт ажлаа шаардлагын дагуу хийдэггүй, байгууллагын урсгал засвар, хавар намрын бүтээлч ажил, зуны ******** оруулж гаргахад оролцдоггүй, ажлын байран дээр удаа дараа согтууруулах ундаа ууж галлагааг зогсоосон. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалын хариуцлага тооцоход галлагч нар 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний өөрийн хариуцсан ажлаа дутуу биелүүлсний улмаас хүүхэд хөгжих, хүмүүүжих ая тухгүй, ажлын байраа орхиж явдаг байсан. 2016 оны 11 сарын 29-ний өдрийн Б/15 дугаар тушаалын хариуцлага тооцоход намар ********-ийн хойд жигүүрийн халаалтын шугамны холболт сольж янзлах ажилд ирж оролцоогүй. Мөн энэ засварын үед холбогчоор холбосон труба дусаал гоождог, үүнийг янзлалгүй өдий болгосны улмаас ангийн ширдэг илжирч муудсан байдалтай байна. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тушаалын хариуцлага тооцоход 2018 оны 03 сарын 14-ний шөнө архи ууж ажлын байр орхиж явсны улмаас хүүхэд хүлээн авах, ажиллах орчин нөхцөл бүрдээгүй. 05 сарын 01-ний өдөр зогсоох байсан галлагааг 15-ны өдөр хүртэл сунгаж ажиллуулан цалинг өгөн хийх хугацаа өгөхөд ажлыг санаатай тасдан, ажилдаа ирж ажлаа хий гэж бичиг хэргийн ажилтан *********-г 2 удаа явуулж, сүүлд нь галч *******, ******** хоёр очиж дуудаад ч ажилдаа ирээгүй. 05 сарын 14-ний орой ажил тарах үеэр галч ******-тай ирсэн байхаар нь маргаашнаас эхлэн цалингүй засварын ажлаа хийж дуусгаарай, зөндөө харж хүлээлээ. Та нар хурдан албаны ажлаа хийчихээд хувь хувийнхаа ажлыг бодооч гэхэд би тэгвэл маргаашнаас амарлаа гэж яваад ажилдаа 5 сарын 16 болтол ирээгүй. Ажлын шаардлага тавихад удирдлага багш нарын өмнөөс хэрэлдэж эсэргүүцдэг. Тэрээр архи удаа дараа ууж байгууллага хамт олны нэр хүндэд халдаж, сумын тамгын газрын үйлчлэгч ажилтай эгч ******** нь байгууллагын хувийн соёлыг үл хайхран хүүхдийн дэргэд багш, туслах багш нартай хэрэлдэж хэл амаар доромжилж ёс зүйгүй харилцдаг, үүгээрээ түрий барьж ажил хийдэггүй. 2016 оны 11 сарын Б/15 дугаар тушаалыг гаргахад аймгийн Тамгын газарт өргөдөл өгч тухайн тушаалыг буцаалгах бичгийг БСУГ-ын ****** даргаар хийлгэж ирж байсан. Энэ хүнийг халбал 2018 оны 03 сарын 14-ны өдөр халах байсан. Сахилга хариуцлагын жилтэй холбоотой манайх хурлаараа сахилга хариуцлагын дэвтэр гэж гаргасан. Түүн дээр тэмдэглэсэн байгаа. 2014 оны 03 сарын 14-нд манай Соёлын төвөөс ард иргэддээ хэн сайн дуулах вэ? уралдаан зарлаад **********-н эхнэр 3 дугаар байр эзлээд түүнийгээ тэмдэглээд 14-ны өглөө 08 цаг 40 минутад ажилдаа очиход ******** цоожтой, галлагааны өрөө харанхуй байсан. Надтай хамт ******* гээд туслах багш ирсэн байсан. Тэр хүнээр ******* рүү залгуулаад утсаа аваагүй. Тэгээд жижүүр багшийг дуудаад тэр жижүүр багш тухайн үед нялх хүүхэдтэй хүн учраас 09 цаг гэж ирсэн. Тэгээд ******** эгчийг нь дуудаж ажлыг нь хүлээлц гээд жижүүр багш, бичиг хэргийн мэргэжилтэнд өгсөн. Тэгээд 09 цаг 35 минутын үед орж ирээд уучлаарай намайг халсан ч болно гэхээр нь за яахав эхнэр чинь дутуу төрөөд цалингийн зээлтэй учраас халахгүй. Хичээлийн жил дуусахаар хална гээд гаргасан. Тэрнээс хойш 2017 оны урсгал засварын ажлыг одоо ч хийгээгүй байгаа. Ямар ажил хийх үү? гээд хамт олны хурлаар хэлэлцэхэд манай галлагч галлагааныхаа өрөөний дээврийг засахгүй бол болохгүй байна гэхээр нь материалыг нь авч өгөөд би жирэмсний амралтаа 06 сарын 01-нд аваад 2018 оны 12 сарын 15-нд ажилдаа ороход манай 3 галлагч урсгал засвар, дээврээ хийгээгүй, материал нь агуулахад байсан. Энэ ажлыг 2018 оны 4-5 сар хүртэл хийх үүрэг даалгавар өгөөд 05 сарын 01-нд амрах байсан галлагааг зогсоохгүйгээр гурвууланг цалинжуулаад 05 сарын 15 гэхэд урсгал засвараа хийчих гээд 15 болоход энэ 3 хийгээгүй. Хоёрдугаарт энэ хүнд тушаалаар арга хэмжээ аваагүй юм. Төрийн албан хаагчдад өгдөг 300.000 төгрөгийн тэтгэмж манай төсвийн 6 сард байсан. Тэгэхээр нь би гаргасан ч гэсэн 300.000 төгрөгийг өгөөд гаргая. Хүний амьдрал юм чинь гээд тушаалаар арга хэмжээ авчихвал 300.000 төгрөг авч чадахгүй болох учраас арга хэмжээ аваагүй. Чамд 300.000 төгрөг өгөхийн тулд ингэж байна шүү гэдгийг хэлээд гаргасан. 4 сард үүрэг даалгавар өгснөөс хойш 05 сарын 15 хүртэлх хугацаанд ажил дээрээ бүрэн байгаагүй. Яагаад гэхээр эхнэрээсээ салах гэж байна. Эхнэр зовоогоод байна гэж хэлээд 3 хоног ажил хийгээгүй. Бүтэн өдөр галлахгүй байгаа нь үнэн. Өглөөд хүүхэд ирэхэд, өдөр унтахад дааруулахгүй гэж жаврыг гаргаж байна. Өөр галлагаа хийдэггүй. Би удаа дараа арга хэмжээ аваад гаргавал гаргах байсан. 12 дугаар сарын 15 гэхэд ямар хүйтэн байдаг билээ. Манай ******** их хүйтэн байдаг. Засаг дарга болон над руу 2, 3 эцэг эх өргөдөл өгч байсан. Галлагаагаа хийхгүй. Шаардлага тавихаар гал руугаа чихдэг. Тэгээд аргаа бараад сумын засаг дарга, хурлын дарга, тамгын дарга гурвыг байлцуулаад 3 туслах багш, 3 галлагчаа аваад Засаг даргын өрөөнд хурлаар орж байсан. Хонож галаа түлдэггүй. Өглөө ирэхээр паар нь халуун байдаг. 05 сарын 14-ний орой ажил тарахын өмнө *********, ********* хоёр ирэхээр нь та 3 яасан бэ? Нөгөө үүрэг даалгавар яасан та гурвын 300.000 төгрөгийг өгөхгүй шүү гэхэд ****** дуугараагүй. Тэгэхэд ********* тэгвэл би амарлаа. Энд ажиллаад байх шаардлага байхгүй гэсэн. Тэр үед туслах багш **********, ******** 2 яваагүй миний хажууд байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч ********-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******** нь ******* аймгийн ********-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******** нь ******** аймгийн ********-т галлагчаар ажллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь ******** аймгийн ********-ийн эрхлэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/19, мөн ********-ийн эрхлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/02 дугаартай тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ. Нэхэмжлэгч ******** нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ********** аймгийн ******** нь ********-ийг 2014 оны 12 сарын 01-ний өдрөөс ТҮ-2-1 шатлалаар цалинжуулан галлагчаар ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 13.2, 13.16, 13.17 дугаар зүйлүүдийг үндэслэн ********-ийг ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор заажээ.

Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж санаатайгаар ажил тасалсан тул хуульд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан гэсэн хоёр үндэслэлээр 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.

Хариуцагч нь ********* аймгийн ********-ийн дотоод журмын 13.2-т захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан буюу 2-3 удаа чанаргүй, огт биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн сахилгын шийтгэлийг шат дараалан хэрэглэж хариуцлага тооцно гэж, 13.16-д ажлын байранд болон ажлын цагаар архи уусан бусдад танхайрах нөхцөл бүрдүүлсэн тохиолдолд ажлаас халах үндэслэл болно гэж, 13.17-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан тохиолдолд ажлаас халах үндэслэл болно гэж тус тус заасныг үндэслэл болгон *********-г ажлаас чөлөөлсөн гэж мэтгэлцэж байна.

2018 оны 01 сарын 08-ны өдрийн 02 дугаартай сумын засаг дарга **********-н өрөөнд хийсэн хурлын тэмдэглэлд ***********: ********-ийн хүүхэд даарч байна гэсэн гомдол ирсэн. Энэ асуудлыг яаж шийдэх вэ, Ажилчдадаа хариуцлага тооцон ажилла ********, шат дараалсан арга хэмжээ ав, ********-ийн ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэдэг нь буруу гээд галлагч ********-т ажлаа хариуцлагатай хийхийг сануулсан байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн сахилга хариуцлагын дэвтэрт 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлд ...өглөө 08 цаг 50 минутад ажилд ирэхэд ******** цоожтой, галлагааны өрөөнд хүн байхгүй, дотор ороход паар хүйтэн, гал түлээгүй байлаа. Галлагч **********-н утас руу залгахад утас нь холбогдохгүй байв. 09 цаг 30 минутад өрөөнд орж ирэв. Намайг ажлаас халвал хал гомдохгүй гэхэд дахин ажил хаяж архи уувал ажлаас халахыг сануулав гээд эрхлэгч ********, галч ********, жижүүр багш ******** нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн жижүүрийн дэвтэрт ...2018 оны 04 сарын 26-ны өдөр ******** гарах байсан боловч гараагүй..., ...2018 оны 05 сарын 15-ны өдөр *********** засварт ирж оролцсонгүй. ******** утсаар ярьж гэрт нь очиж ажлаа хий ажилдаа ир гээд ирсэнгүй... гэж тэмдэглэж жижүүр багш гарын үсэг зурсан байна.

Хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.12-т үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй, цаг ашиглалт муу, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтууруулах ундаа ууж ирсэн тохиолдолд, ажилтныг ажлын байран дээр байх хугацаанд жижүүр багш болон эрхлэгч эргүүл хийж ирэхэд /3-5/ удаа ажлын байран дээр байхгүй байвал, байгууллага дээр цаг үеийн яаралтай ажилтай үед утас руу нь залгаад авахгүй, дуудсан үед ажил дээрээ ирэхгүй бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор тусгайлан нэрлэж заасан байх боловч дээрх гэрээнд ******** нь гарын үсэг зураагүй, зөвхөн эрхлэгч ******** гарын үсэг зурж, тамга даржээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан байх тул 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ...Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй... гэж, 24.3-т ...Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй... гэж тус заажээ.

Хэдийгээр дээрх баримтуудаар ******** нь ажил тасалсан, ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх боловч ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж,гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь тогтоогдохгүй байх тул ажилтныг ажил үүргээ гүйцэтгээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.

Иймд нэхэмжлэгч ********ийг ******** аймгийн ********-ийн галлагчийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь хэрэгт авагдсан ********ийн ********** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбарын 2015-2018 онуудын бичилтийг үзэхэд 05 дугаар сараас 08 дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажил олгогчоос нийгмийн даатгалыг шимтгэлийг төлдөг байна. Хариуцагч нь шүүх хуралдаанд галлагчийн ажил нь улирлын чанартай, 05 дугаар сард галлагаа зогсож, 09 дүгээр сараас дахин галлаж эхэлдэг, зуны улиралд гэр ******** барих буулгах үеэр 14 хоног ажиллуулдаг хэмээн тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгчийг 2018 оны 05 дугаар сард ажлаас чөлөөлсөн байх бөгөөд шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд галлагч нар амардаг байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор олгох үндэслэлгүй байна.

Харин Хөдөлмөрийн тухай 46 дугаар зүйлийн 46.3-д зааснаар улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тоооцож ажил олгогч төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тоооцож хариуцагчаар нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ********** аймгийн ********-т үүрэг болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч ********* аймгийн ********-ээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ********-ийг ********* аймгийн ********-ийн галлагчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч ********-ийг ********** аймгийн ********-т даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч ******* аймгийн ********-ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн сахилга хариуцлагын дэвтэр, 2017-2018 оны жижүүрийн дэвтрийг шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч ******** аймгийн ********-т буцаан олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ