Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 0044

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШШ2017/00421 дүгээр шийдвэртэй, Н.Т, Х.Б, Б.Б, Н.Б, Б.О, Б.Б, С.С, С.Ж, Б.Б, Б.У нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХК-д холбогдох, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт нийт 61 730 604 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Т нь Б.У, Н.Б, С.Ж, С.С, Б.Б, Б.О, Н.Б, Б.Б, Х.Б нарын бичгээр өгсөн итгэмжлэлийн дагуу тэдэнд болон өөртөө нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна. Эдгээр хүмүүс “Б” ХК-д ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан бол 7 сар, 51-70 хувь алдсан бол 9 сар, 71-ээс дээш хувиар алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж, Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 25.1-д “Ажил олгогч энэ хэсэгт заасан хугацааны нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэдэг нь нэг удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно” гэж тус тус заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлээ гаргаж байна.

Н.Т Бын уурхайн захиргааны даргын 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 403 дугаар тушаалаар белаз маркын машины жолоочоор ажиллаж байгаад 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 1999 онд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар, 2000 онд 55 хувиар, 2001 онд 60 хувиар, 2004 оноос өнөөдрийг хүртэл 65 хувь болж өөрчлөгдсөн байна. Иймд Н.Тад 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 750 417 төгрөгөөр тооцож нийт 6 753 753 төгрөгийг гаргуулах,

Б.У Бын уурхайн захиргааны даргын 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаар тушаалаар орж ажиллаад 2003 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2003 онд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар, 2004 онд 55 хувиар, 2011 оноос 60 хувь болж нэмэгдсэн. Иймд Б.Уд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 745 718 төгрөгөөр тооцож нийт 6 711 462 төгрөгийг гаргуулах,

Б.Б Бын уурхайн захиргааны даргын 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дугаар тушаалаар орж ажиллаад 1993 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 292 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 1993 онд тахир дутуугийн 2-р групп тогтоосон, 2002 онд хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар, 2008 онд 65 хувь, 2009 онд 70 хувь, 2016 оноос 69 хувь болсон. Иймд Б.Бд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 766 211 төгрөгөөр тооцож нийт 6 895 899 төгрөгийг гаргуулах,

С.Ж Бын уурхайн захиргааны даргын 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар тушаалаар орж ажиллаад 1993 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 1994 онд тахир дутуугийн 2-р групп тогтоосон, 1995 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2000 онд 65 хувь, 2003 онд 70 хувь, 2005 оноос 65 хувь болж нэмэгдсэн. Иймд С.Жд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 721 459 төгрөгөөр тооцож нийт 6 493 131 төгрөгийг гаргуулах,

С.С Бын уурхайн захиргааны даргын 1994 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаар тушаалаар орж 1997 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 1997 онд тахир дутуугийн 70 хувийн групп тогтоогдсон. 2000 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувь, 2003 онд 70 хувь, 2007 онд 65 хувь, 2016 оноос 69 хувь болж өөрчлөгдсөн.  Иймд С.Ст 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 599 594 төгрөгөөр тооцож нийт 5 396 346 төгрөгийг гаргуулах,

Б.Б Бын уурхайн захиргааны даргын 1995 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар тушаалаар орж 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2005 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2006 онд 55 хувь, 2010 онд 60 хувь болж өөрчлөгдсөн байна. Иймд Б.Бт 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 681 651 төгрөгөөр тооцож нийт 6 134 859 төгрөгийг гаргуулах,

Б.О Бын уурхайн захиргааны даргын 1986 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 405 дугаар тушаалаар ажиллаж байгаад 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2004 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 45 хувь, 2006 онд 50 хувь, 2009 онд 55 хувь, 2012 оноос 60 хувь болсон байна. Иймд Б.От 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 523 806 төгрөгөөр тооцож нийт 4 714 254 төгрөгийг гаргуулах,

Н.Б Бын уурхайн захиргааны даргын 1978 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр тушаалаар орж ажиллаад 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн комиссын шийдвэрээр хөдөлмөрийн нөхцөл сольсон. 2006 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь, 2007 онд 55 хувь, 2009 онд 60 хувь, 2015 оноос 55 хувь болж өөрчлөгдсөн тул 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 547 507 төгрөгөөр тооцож нийт 4 927 563 төгрөгийг гаргуулах,

Б.Б Бын уурхайн захиргааны даргын 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 396 дугаар тушаалаар ажилд орж 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 200 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2008 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувиар тогтоосон. Иймд Б.Бт 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 633 289 төгрөгөөр тооцож нийт 5 699 601 төгрөгийг гаргуулах,

Х.Б Бын уурхайн захиргааны даргын 1985 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 195 дугаар тушаалаар ажилд орж 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 260 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 2000 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь, 2004 оноос 55 хувь болон өөрчлөгдсөн хэвээр байна. Иймд Х.Бт 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 сарын дундаж цалинг 889 304 төгрөгөөр тооцож нийт 8 003 736 төгрөг, нийт 61 730 604 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч тал 3 үндэслэлээр тайлбар өгч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж өгсөн гэдэг. Нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж өгсөн гэдгийг үгүйсгээгүй, жишээ нь Н.Тын хувьд 4 удаа тэтгэлэг авах ёстой байснаас нэг удаагийн тэтгэмж авсан. Хөдөлмөрийн чадвар алтдалтын хувь хэмжээ 50, 55, 60, 65 хувь болж өсөж байгаа нь хувь хүний хувьд бие муудаж байгаа үзүүлэлт харагдаж байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын өссөн дүнгээр бол 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх ёстой байснаас одоо 18 сарын тэтгэмжийг өгөөгүй гэж үзэж байгаа ба 18 сараасаа 2 удаагийн өсөлтийнх нь тэтгэмжийг хасаад 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг эдгээр хүмүүст олгох асуудлыг тавьсан. Тиймээс нэг сарын тэтгэмжийг олгоход Нийгмийн даатгалаас ирүүлсэн итгэлцүүрийг ашиглан бодох нь зөв гэж үзэж байна. Учир нь өнөөдөр уурхайд уранд хордсоны төлөө ганцхан рентгэн зураг авахуулахад 300 000 төгрөг төлж байхад нөхөн төлбөр гэж 100 000 төгрөг өгчихөөд байж болохгүй. Өнөөдрийн цаг үе мөнгөний ханш, уналтаар цалинг бодох нь зүйтэй. Уурхай одоо 1 тонн нүүрсний үнийг 42 500 төгрөг болтол өсгөсөн нь байгууллага хөрөнгийн чадвартай байгааг харуулж байна.

Бын уурхай хүмүүсийг бэртээж гэмтээчихээд хог дээр хаясан юм шиг орхиж болохгүй. Дээрх 10 уурхайчин 1971 оноос 1995 он хүртэл ажилласан, уурхайчдыг уранд оруулж байхдаа судалгаа хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалалт байхгүй улаан гараар зүтгүүлж олон хүнийг нуруу, гаргүй, уушиггүй болгосон. Эдгээр хүмүүс Бын уурхайн бүтээн босголтыг хийх гэж ирсэн хүмүүс байсан. Анх илгээлтийн эзэд нэртэй эрүүл залуус ирээд уранд хордож тахир дутуу болсон. Уурхайг ажиллуулж байхдаа та нар эх орны төлөө ажиллаж байна шүү гэдэг байсан. Ийм байхад 100 000 төгрөг өгчихөөд таны уушигны мөнгө гээд байж болохгүй. Өнөөдөр уурхай ажилчиддаа үр дүнгийн цалин гээд 2 000 000 төгрөг өгч, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс цалингаа 20 хувиар нэмсэн байна. Гэтэл группэд байдаг уурхайчдад яагаад тэтгэмжийг өгч чаддаггүй юм.

Нийгмийн даатгалаар бодож өгч байгаа мөнгө маань биднийг анх уурхайгаас гарахад 200 000 төгрөг авч байсан бол 30 000 төгрөгөөр тогтоож өгч байсан. Тэр мөнгө маань өнөөдөр итгэлцүүрээр 700 000-800 000 төгрөг болж өссөн байгаа. Бид гар дээрээ 300 000-500 000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа, тэтгэврийн зөрүүгээр нэхэмжлээгүй, харин Нийгмийн даатгалаас гаргаж өгсөн итгэлцүүрээр бодож нэхэмжилсэн. С.Ж гэдэг хүний хувьд 50, 65, 70, 65 гээд 4 удаа өссөн, өсөх тоолонд тэтгэмж өсөх ёстой, энэ талаар хөдөлмөрийн тухай хуулинд заасан байгаа. Бид Бын уурхайд ажилд орьё гэж гуйхад авахгүй гэсэн. Уурхайд 25 тахир дутуугийн групптэй хүмүүс ажилладаг ба групптэй нийт 320 хүн байдаг. Биднийг харж үзэхгүй байгаа нь нэхэмжлэгч нар уурхайгаас нөхөн төлбөр шаардах үндэслэл болж байгаа юм. Өнөөдөр Н.Т гэдэг хүн эрүүл хүн шиг харагдаж байгаа бол цаад талдаа уушиг нь байхгүй, бохир нь гоожоод зогсож байгаа, Б.Угийн хувьд мөн ялгаагүй байдалтай байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХК нь нэхэмжлэгч Н.Т, Б.У, Н.Б, С.Ж, С.С, Б.Б, Б.О, Н.Б, Б.Б, Х.Б нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд тохируулан, дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөрийг хуульд заасан зохих журмын дагуу нэг нэг удаа олгосон.

Мөн компанийн зүгээс 2007 оноос үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд гараад байгаа нийт 300 гаруй ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг үндэслэн 4 удаа нийт 845 468 772 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Тухайлбал 2007 онд 50-55 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүмүүст тус бүр 1 500 000 төгрөг, 60-65 хувьтай хүмүүст тус бүр 2 000 000 төгрөг, 70 дээш хувьтай хүмүүст тус бүр 3 000 000 төгрөгийн нөхөн төлбөрийг компанийн санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалаад олгож ирсэн. Эдгээр 10 иргэний хувьд, Н.Бд 4 000 000 гаруй төгрөг, С.Ст 3 200 000 төгрөг, С.Жд 3 000 000 төгрөг, Н.Тад 4 130 915 төгрөг, Х.Бт 3 326 834 төгрөг, Б.Уд 4 011 340 төгрөг, Одонбаят 4 218 132 төгрөг, Б.Бт 3 799 031 төгрөг, Н.Бд 3 317 079 төгрөгийг тус бүр 5 удаагийн давтамжтайгаар, Б.Бт 2008 онд группт орсон учир 4 удаагийн давтамжтайгаар 3 794 746 төгрөгийг тус тус олгож байсан.

“Б” ХК эдгээр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж аж амьдралд нь хэрэг болох үүднээс улирлын чанартай харуул манааны ажилд авч ажиллуулдаг нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар нотлогдож байгаа. “Б” ХК-д одоогийн байдлаар 290-ээд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд орсон хүмүүс байдаг эдгээр хүмүүст үйлдвэрчний хороотой ярьж байгаад компанийн санхүүгийн байдлаас шалтгаалж тодорхой хэмжээний нөхөн төлбөрүүдийг олгосоор ирсэн гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар Н.Т, Х.Б, Б.Б, Н.Б, Б.О, Б.Б, С.С, Б.Б С.Ж, Б.У нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХК-д холбогдох хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт нийт 61 730 604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс “Н.Т нь 2000 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь болгон өөрчилснөөс хойш 4 удаа нийт 2 760 000 төгрөгийн нөхөн төлбөр, Б.У нь 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь болгон өөрчилснөөс хойш 4 удаа нийт 2 270 000 төгрөгийн нөхөн олговор, Б.Б нь 1999 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувь болгон өөрчилснөөс хойш 4 удаа нийт 3 740 000 төгрөгийн нөхөн төлбөр, С.Жыг 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь болгон өөрчилснөөс хойш 4 удаа нийт 2 760 000 төгрөгийн нөхөн төлбөр, С.С нь 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувь болгон өөрчилснөөс хойш 4 удаа нийт 2 760 000 төгрөгийн нөхөн төлбөр, Б.Оыг 2006 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь болгон өөрчилснөөс хойш 4 удаа нийт 2 270 000 төгрөгийн нөхөн төлбөр, Н.Б нь 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь болгон өөрчилснөөс хойш 4 удаа нийт 2 270 000 төгрөгийн нөхөн төлбөр, Б.Б нь 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 55 хувиар тогтоож Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 2 994 746 төгрөг тус тус олгосон” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 25.1-д “нэг буюу түүнээс дээш удаа олгоно” гэдэг нь нэг удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно. Өөрөөр хэлбэл, хэдэн ч удаа олгож болохыг зохицуулсан.

Шүүх 4-5 удаа нийт үйлдвэрлэлийн осолд орсон, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн 320 гаруй ажилчдад нийлүүлээд 27 400 000 төгрөгийг олгосон байдаг нь одоо нэхэмжлэгч нарт олгуулахаар нэхэмжилсэн 61 000 000 төгрөгтэй харьцуулахад дэндүү бага хэмжээ байдаг. Дээрх тэтгэмж нь Хамтын гэрээнд заасны дагуу олгогдсон тэтгэмж гэдэг нь олгосон тушаалаас тодорхой харагддаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн 97.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тэтгэмж авахад нөлөөлөхгүй” гэж заасантай нийцдэг. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ өөрчлөгдөөгүй боловч нөхөн төлбөрийг ажил олгогч нэгээс дээш удаа олгосон тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж тайлбарласантай нийцнэ.

Шүүхээс “Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарт хуулиар олговол зохих нөхөн төлбөрийг бодож үзэхэд хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан нэхэмжлэгч Н.Тад 9 сарын цалингийн дундаж 1 626 525 төгрөгийн нөхөн төлбөр олгох ёстойгоос 4 130 915 төгрөг, 69 хувь алдсан Б.Бд 9 сарын цалингийн дундаж 1 243 000 төгрөгийн нөхөн төлбөр олгохоос 3 740 000 төгрөг, 60 хувь алдсан Б.Уд 9 сарын цалингийн дундаж 1 683 084 төгрөг олгохоос 4 011 347 төгрөг, 65 хувь алдсан С.Жд 9 сарын цалингийн дундаж 1 320 000 төгрөгийн нөхөн төлбөр олгохоос 2 760 000 төгрөг, 69 хувь алдсан С.Ст 9 сарын цалингийн дундаж 1 350 000 төгрөгийн нөхөн төлбөр олгохоос 2 760 000 төгрөг, 55 хувь алдсан Х.Бт 9 сарын цалингийн дундаж 1 198 269 төгрөг олгохоос 3 326 834 төгрөг, 55 хувь алдсан Б.Бт 9 сарын цалингийн дундаж 3 118 150 төгрөг олгохоос 3 794 746 төгрөг, 65 хувь алдсан Н.Бд 9 сарын цалингийн дундаж 1 035 000 төгрөг олгохоос 3 317 079 төгрөг, 60 хувь алдсан Б.От 9 сарын цалингийн дундаж 2 182 442 төгрөг олгохоос 4 218 132 төгрөг олгосон нь хуульд нийцсэн” гэж дүгнэсэн.

Шүүхээс 1999 оны цалинг үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3 дахь хэсэгт заасан “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ” гэж заасантай нийцэхгүй байна. Харин “Б” дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 164 тоот албан бчигээр нэхэмжлэгч нарын цалингийн дунджийн судалгааг гаргасан бөгөөд цалингийн дунджийг тооцохдоо тэтгэврийн дэвтэрт бичигдсэн цалинг үндэслэн итгэлцүүрээр өсгөн цалинг тооцсон нь хууль болон иргэний эрх зүйн үндсэн зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Хавсралт “Б.Бт 9 сарын цалингийн дундаж 1.880.082 төгрөг олгохоос 3.799.031 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй, Б.Бт 6 134 859 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Н.Т, Х.Б, Б.Б, Н.Б, Б.О, Б.Б, С.С, С.Ж, Б.Б, Б.У нар нь “Б” ХК-д холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт нийт 61 730 604 төгрөг гаргуулхаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч “Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нарт 2007, 2011, 2014, 2015 онд тус тус нөхөн төлбөр олгосон” гэх үндэслэлээр маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нарт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээнээс нь хамаарч 4 удаагийн давтамжаар нөхөн төлбөрийг олгосон үйл баримт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Тад 4 130 915 төгрөг, Б.Бд 3740 000 төгрөг, Б.Уд 4 011 347 төгрөг, С.Жд 2 760 000 төгрөг, С.Ст 2 760 000 төгрөг, Х.Бт 3 326 834 төгрөг, Б.Бт 3 794 746 төгрөг, Н.Бд 3 317 079 төгрөг, Б.От 4 218 132 төгрөг, Б.Бт 3 799 031 төгрөгийг 2007, 2011, 2014, 2015 онд тус тус олгосон нь “Б” ХК-иас нотлох баримтаар гаргасан тухайн жилүүдэд нөхөн төлбөр олгох талаар гаргасан тус компанийн гүйцэтгэх захирлын тушаал, тэдгээрийн хавсралт, нэхэмжлэгч нарын мөнгө хүлээн авсан гарын үсэг, үнийн дүн бүхий жагсаалт зэрэгт үндэслэн шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /1хх235-250, 2хх1-32/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 9 сар, ...-ын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох, 97.2 дахь хэсэгт “энэ хуулийн 97.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тэгэмж авахад нөлөөлөхгүй” гэж тус тус зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхээс тэдний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл тус бүрийг хуулийн дээрх заалтад нийцээгүй гэх боловч хэрэгт авагдсан дээрх баримтууд нь хариуцагч байгууллагыг хуульд заасны дагуу  үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлын нөхөн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Б дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн Засгийн газрын 2014 оны 15 дугаартай тогтоолын хавсралтаар “Шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр” бодох аргачлалаар нэхэмжлэл гаргасан гэх боловч уг хавсралтад дурдсанаар нөхөн олговрыг олгох үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасанд нийцсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах боломжгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШШ2017/00421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 605 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА