Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 640

 

 

 

 

 

 

 

2019         6             27                                              2019/ДШМ/640

 

Э.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Д.Туяа,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч О.Даваажаргал,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 725 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Эийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Э.Эт холбогдох 1906013670778 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Эы Э, 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Аман хуур 2” хотхоны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:НТ86082541/;

Э.Э нь 2019 оны 2 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын 303 тоот өрөөнд иргэн Д.Туяаг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Эы Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Эийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд тушаасан 245.350 төгрөгийг хохирогч Д.Туяад олгож, хохирогч Д.Туяа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Анхан шатны шүүхээс 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахдаа “хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Би ямар нэг байдлаар урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар“тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.2 дахь заалтад зааснаар “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” зэрэг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нөхцөл байдал байсан. Харин эсрэгээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал огт байхгүй. Эдгээрийг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан. Үүнээс харвал анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийн бодит байдалтай нийцээгүй” байна гэж үзэх үндэслэлтэй юм. Миний бие ам бүл дөрвүүлээ эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд би өөрийн 9 настай хүүхдээ тэжээн тэтгэх, ахуй амьдралаа авч явах үүднээс ажил хөдөлмөр эрхэлж байгаа билээ. Надад 400 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсны улмаас би одоо эрхэлж байгаа ажил хөдөлмөрөө цааш үргэлжлүүлэх бололцоогүй нөхцөл байдалд орж байна. Хэдийгээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор ял оногдуулсан гэж үзэж болох боловч эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэн бол миний эрх зүйн байдал дээрдэх байсан билээ. Товчхондоо бол дээр дурдсан нөхцөл байдлууд болон миний хувийн байдал, бага насны хүүхэдтэй ганц бие эх, ажил хөдөлмөр эрхэлж, ахуй амьдралаа авч явдаг зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулж өгнө үү хэмээн хүсэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдалд маргаагүй. Зөвхөн ял шийтгэл дээр гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ажлын газрын тодорхойлолтыг авчирсан байна. Үүнийг хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. Шүүгдэгч Э.Эийн гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “...Надад ямар нэгэн тайлбар байхгүй. Хохиролд төлөх 245.350 төгрөгийг би аваагүй байгаа. Шүүгдэгч Э.Э нь бага насны хүүхдээ харах шаардлагатай, ажил хийх боломжгүй хүнд байгаа учраас тухайн ялыг нь солиход гомдол, саналгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 2 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын 1 давхрын үүдний хэсэгт шалтгаангүйгээр хохирогч Д.Туяаг зодож, түүний эрүүл мэндэд дагзны хуйханд цус хуралт, тархи доргилт бүхий Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч Д.Туяагийн “...Удалгүй нэг согтуу эмэгтэй “явна” гэж орилж хашгираад байсан. Тэр эмэгтэй удаа дараа чанга дуу гаргаж үйлчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байсан тул би анхааруулж, тайван байж амрахыг шаардсан. Удаа дараалан давтагдах үед би шаардлагаа дахин тавихад үл таних эмэгтэй зүүн гуяны гадна хэсэгт 2 удаа өшиглөсөн. Дараа нь миний үснээс татаж доош унагаад үснээс чирсэн. Миний үс туг тугаараа унасан, толгой өвдөж байна. ...” /хх 6-7/ гэх,

гэрч Ц.Мөнх-Оргилын “...Тэгээд Оюун бид хоёр Э.Эийг өргөөд өрөөнд оруулах гэхэд Э.Э нь “орохгүй” гээд орилж чарлаад эхэлсэн. Тэгтэл угтагч эмэгтэй Э.Эийг “эмэгтэй юм байж яасан балиар заваан юм бэ, хүн амьтан амарч байна” гэхэд Э.Э уурлаад “үйлчилгээний байгууллага байж, танайх үйлчилгээний байгууллага мөн биз дээ” гэж байсан. Тэгээд Э.Э нь угтагч эмэгтэйг доош дарахад нь хамгаалагч бид хоёр тэднийг салгасан...” /хх 9/ гэх,

мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Эийн “...Тухайн үед би тус буудлын үйлчлэгч эмэгтэйтэй маргалдаж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир дараа нь тэр өдөр болсон явдлын талаар сайн санахгүй байна. Өөрийн найз болох Батдорж руу утсаар залгаж, өчигдөр юу болсон талаар асуухад Батдорж надад хандан “чи өчигдөр буудлын үйлчлэгч эмэгтэйтэй маргалдаж, улмаар үсдэж зодсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм зүйл болсон юм байна гэж бодоод анхны мэдүүлгээ өгсөн. Түүний дараа тус буудлын үйлчлэгч эмэгтэй миний биед огт гар хүрч цохиж зодоогүй гэдгийг мэдсэн. ...” /хх 27-28/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Д.Туяагийн биед дагзны хуйханд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” гэх 2547 дугаартай дүгнэлт /хх 14/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 37/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг “...буудлын 303 тоот өрөөнд” гэж яллах дүгнэлтэд бичигдсэнээр хэргийн үйл баримтыг буруу тогтоосон байгааг энэхүү магадлалаар залруулан дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул түүний гаргасан “...400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлгүй тул миний хувийн байдлыг харгалзан торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 725 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ