Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч С ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрын эрхийг хүчингүй болгосон. Энэхүү Нийслэлийн Засаг даргын захирамж нь хууль болон нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн. Маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг үндэслэж гарсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 7 үндэслэлийг заасан. Энэхүү 7 үндэслэлийн 2 үндэслэл нь бүрдсэн байна гэж захиргааны албан тушаалтан захирамжаа гаргажээ. Газрын тухай хуулийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасан. Тэгэхээр захиргааны акт дээр Газрын тухай хуулийн аль зүйл заалт, газар эзэмших гэрээний аль нөхцөл болзлыг зөрчсөн бэ гэдгийг маргаан бүхий актад дурдах ёстой. Гэтэл ийм байдлаар тодорхойлсон зүйл байхгүй. Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож зөв хэрэглэх тухай зөвлөмжийг гаргасан. Уг зөвлөмжид Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн гэдэгт гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалах журмыг зөрчсөн, газрыг зориулалтын бусаар ашигласан, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зэрэг үйлдэл, эс үйлдэхүй хамаарах бөгөөд Удаа дараа Ноцтой зөрчсөн гэдгийг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэж байгаа практиктай адилаар ойлгох нь зүйтэй гэж дурдсан. Тэгэхээр захиргааны байгууллага зөрчил гэж юуг хэлээд байгааг тодорхойлсон бөгөөд тодорхойлсон зөрчил нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад хамаарахгүй байгаа. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж заасан. С ХХК нь газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан зүйл огт байхгүй. Тэгэхээр хуулийн энэ заалтаар маш ноцтой, нийт хүн амын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавигдах зөрчлийг гаргасан гэж үзвэл захиргааны байгууллага шийдвэрээ гаргах ёстой. Мөн энэхүү зөрчлүүд нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон зүйл байхгүй. Хариуцагч зөрчлөө эрх бүхий байгууллагаас баталсан зураг төслийг өөрчлөн барилга, байгууламж барьсан гэж тодорхойлж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 дэх заалтуудад захиргааны актыг бичгээр гаргасан тохиолдолд ямар шаардлагууд тавигдах талаар тодорхой заасан. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж тус тус заасан. Энэ үүргээ Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлээд зөрчлийг гаргасан гэж үзэж актын үндэслэлээ тодорхойлсон гэж харлаа. С ХХК болон гүйцэтгэгч Хару констракшн ХХК нь барилгын зураг төслийг өөрчлөн барилга, байгууламж барьсан зүйл байхгүй. Зураг төслийг өөрчлөн барилга барьсан нь бусдын ямар эрхийг зөрчөөд байгааг Нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл бусдын газар эзэмшихтэй холбоотой эрх хөндөж байгаа гэдэг. Хэн нэгэн иргэн, хуулийн этгээд барилгын хууль, тогтоомжоор хүлээсэн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх асуудал яригдана. Тэгэхээр гуравдагч этгээдээр оролцож байгаа Үндэсний төв номын сан, Д СӨХ гэсэн хоёр субъектийн газар эзэмшихтэй холбоотой эрхийг бид ийнхүү барилгын зураг төслийг өөрчилж барилга барьснаар хөнджээ гэдэг зүйлийг захиргааны албан тушаалтан актаараа тодорхойлон тавьсан байна. Бид барилгын зураг төслийг өөрчилж барилга бариагүй. Барьж буй барилга маань бусдын газар эзэмших эрхийг хөндөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөх зарчмыг тодорхойлсон бөгөөд 4.2.1-д хуульд үндэслэх гэж заасан. Захиргааны акт гаргаж байгаа Нийслэлийн Засаг дарга хуульд үндэслэх зарчмаа хэрэгжүүлж, захиргааны актад тавигдах шаардлагаа биелүүлэх ёстой. Гаргасан гээд байгаа зөрчилтэй холбогдуулж шүүх хуралдааны хэлэлцүүлэг явагдах ёстой. Өөрөөр хэлбэл актын хүрээнд маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байх гэж найдаж байна. С ХХК нь 2004 оны Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар 5000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг маргаан бүхий газар дээр авч байсан. Улмаар 2010 онд газрын хэмжээг багасгаж 3254 м.кв болгосон захирамж гарсан, 2012, 2015, 2018 онуудад мөн захирамж гарсан. Эдгээр захирамжуудаар газрын хэмжээг өөрчилсөн боловч зориулалт нь хэвээр байгаа. Газар эзэмших эрхийн хугацааг сунгаад явж байсан. Маргаан бүхий газар дээр орон сууцны барилга барина гэдгийг 2004 оноос баталгаажуулаад явсан. Гэтэл эрх ашиг зөрчигдсөн гэж үзээд байгаа гуравдагч этгээд Д СӨХ-ны хувьд Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар газар эзэмших эрхээ авсан. Үндэсний төв номын сангийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 781 дүгээр захирамжаар газрыг эзэмшүүлсэн. Гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх үүсэхээс өмнө нэхэмжлэгч С ХХК-ийн газар эзэмших эрх үүссэн байсан. Барилга барьснаар нар, салхи хааж байна, нарны ээвэрлэлтийн стандарт, барилга хоорондын зайн стандарт, номын сангийн үйлчлүүлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Номын сангийн сан хөмрөгийг нүүлгэхэд С ХХК-ийн барилга саад учруулаад байна гэсэн үндэслэлийг гаргаж мэтгэлцэж байгаа. С ХХК нь 2012 онд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын А/490-146 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, 4-18 давхар орон сууцны барилга барих эрхийг авсан. Улмаар 2012 онд эскиз зураг, 2015, 2017, 2020 онуудад барилгын ажлын зөвшөөрлөө үе шаттай батлуулж, барилгын ажлын зөвшөөрлөө сунгуулаад өнөөдрийг хүртэл барилгын ажлаа явуулж ирсэн. Гэтэл Үндэсний төв номын сангийн барилгын А даалгавар 2013 онд батлагдсан. 2013 онд манай барилгын А даалгавар, эскиз зураг аль хэдийн батлагдсан байсан. Өнөөдөр барилга хоорондын зайн хэмжээг ярьж байна. Энэ зайг бид бодитой хэмжээ гэж үзэж байгаа. Энэ зай хэмжээг хэн авах ёстой вэ гэвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын албан бичигт тодорхой дурдсан байна. Үүнд Үндэсний төв номын сангийн барилга нь С ХХК-ийн захиалгатай 16 давхар үйлчилгээ, орон сууцны барилгаас 14.1 метр зайтай байхаар төлөвлөгдсөн байгаа нь гэж бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл Үндэсний төв номын сангийн барилга нь манай барилгаас стандартын дагуу зайгаа авч барилгаа барих ёстой. Энэ зайг авч барилга бариагүй асуудлаа манай барилгыг нураах, газар эзэмших эрхийг цуцлах байдлаар шийдвэрлэж байгаа нь илэрхий үндэслэлгүй байна. Үндэсний төв номын сангийн А даалгавар, барилгын зураг, барилгын зөвшөөрөл 7 давхраар гарсан байдаг. 7 давхар барилга, 11 давхар барилгын хувьд барилга хоорондын зайн хэмжээ ондоо хэмжээтэй байдаг. Тэгэхээр 16 давхар хүртэлх барилга 45 метр зайтай байх гэдэг асуудал энэ маргааны хувьд яригдахгүй. Яригдсан тохиолдолд С ХХК-ийг буруутгах үндэслэл болохгүй. Харин Үндэсний төв номын санг буруутгах үндэслэл болно. Д СӨХ, 12а, 12б байрны оршин суугчид, өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өөр бусад байдлаар хөндөөгүй. Харин эсрэгээрээ Д СӨХ болон Үндэсний төв номын сан нь нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн, зөрчсөн зүйл маш их байдаг. С ХХК нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ гуравдагч этгээдүүдийн эрхийг хөндөх эсэх талаар тайлбар өгье. Д СӨХ нь нар салхи хаасан, явган хүн, авто машины замыг хашаалж, эвдэлсэн, орц гарц хаасан гэж байгаа. Бохирын шугам задарсан нь оршин суугчдын эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөн гэдэг. Нарыг хаагаагүй гэдэг нь ойлгомжтой. Манайх маргаж буй 2 барилгын ард талд нь барилгаа барьж байгаа. Салхи хаахтай холбоотой зохицуулсан, стандартаар журмалсан зүйл байхгүй. Авто замыг хаагаад байгаа юм уу?, явган хүний замыг хашаалаад байгаа асуудлын тухайд харин эсрэгээрээ манай 3254 м.кв газар дээр Д СӨХ-ны барилгын өнцөг орсон байгаа. Гурван эгнээ зам бүхэлдээ манай эзэмшил газар дээр баригдсан байдаг. Бид хүний газар эзэмшээд байгаа юм биш. Харин эсрэгээрээ тухайн субъектүүд манай газар дээр хууль зөрчиж, зөвшөөрөлгүйгээр зам тавьсан. Бид өнөөдрийг хүртэл үүнийг хүлээн зөвшөөрөөд ашиглуулаад явж байгаа нь бодит факт юм. Бохирын шугам эвдэлж, задалсан асуудал байгаа. Энэ нь 2015 онд эхэлсэн. 2015 онд манайх барилгын суурийн ажлаа эхэлж сууриа цутгасан. Үүнээс өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын ордон баригдсан. Барилга барихдаа манай газраар зөвшөөрөлгүйгээр, төрийн эрх бүхий байгууллагуудад мэдэгдэхгүйгээр бохирын шугам татсан байдаг. Энэ нь мэдээллийн санд ороогүй байсны улмаас манайх барилгын ажил явуулж байгаад бохирын шугамыг сэтэлсэн асуудал гарсан. Энэ нь бидний буруугаас болоогүй. Үүнийг засварлаад дууссан. 2020 онд энэ шугам задарсан асуудал гарсан. Энэ нь манай барилгын үйл ажиллагаанаас биш өмнө нь шугамыг засаж, сэлбэсэн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалсан. Үүнтэй холбоотой мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 04 дүгээр сарын дүгнэлт, албан шаардлага гарсан. Албан шаардлагын дагуу бохирын шугамыг засаж янзлаад, хөрсийг нь сольж хэн нэгэн иргэн, хуулийн этгээдэд хохиролгүйгээр үүргээ хэрэгжүүлсэн. Бид өөрсдийн буруу биш асуудалд зардал, мөнгөө гаргаж шийдвэрлэсэн. 2020 оны 06 дугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулж болно. С ХХК нь зөрчлөө арилгасан, одоо бохирын шугамд асуудал байхгүй гэсэн дүгнэлтийг зохих байгууллагуудад хүргүүлсэн. Үүнээс хойш бохирын шугамтай холбоотой асуудал гараагүй. Энэ бидний буруу биш бөгөөд маргаан бүхий актын үндэслэл болоогүй. Цаашид бохирын шугамтай холбоотой оршин суугчдын эрх хөндөгдөхгүй. Үндэсний төв номын сан буюу Соёлын яамны зүгээс Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас контейнер байрлуулсан, барилгын хойд талд тулган өндөр төмөр хашаа барьсан үүнээс болж барилга хойд талдаа газаргүй болж, машин зорчих, галын машин орох аюулгүй байдлыг хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдэг. Энэ нь хэний буруутай үйл ажиллагаа юм бэ?. Энэ нь "С" ХХК-ийн буруутай үйл ажиллагаа юм уу?. Анхнаасаа бий болсон нөхцөл байдлаа зөв тодорхойлж ажлаа төлөвлөөгүй төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа юм уу?. Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас шалтгаалаад 2004 онд газрын эрхээ авсан компанийн газрын эрхийг цуцлах ойлголт байж болох юм уу. Хойд талдаа орц гарцгүй болчихлоо одоо орц, гарцаа урд талдаа гаргая гээд С ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалж өгөөч гэдэг асуудал тавиад байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцэхгүй байна. Хоёр дахь үндэслэлээ Сүхбаатар дүүргийн төрийн захиргааны байр авто зогсоол багатай, дүүргийг чиглэсэн иргэдийн хөдөлгөөн их байдаг гэж тайлбарладаг. Энэ нь бидэнд ямар ч хамааралгүй юм. Үндэсний төв номын сангийн барилга ашиглалтад орсны дараа номын сангаар үйлчлүүлэх иргэдийн машин тавих зогсоол, гадна тохижилт, ногоон байгууламж хийхэд урьд талд баригдаж буй 16 давхар барилга баригдсан тохиолдолд үзэгдэх орчин, байгалийн гэрэл хаах эрсдэлтэй гэдэг. Анхнаасаа зураг төсөл нь батлагдсан байсан барилгын газрын эрхээ хэрэгжүүлж байгаа байгууллагыг сүүлд эрх үүссэн этгээд нь хүчингүй болгоод байгаа. Захиргааны шүүх түрүүлж үүссэн эрхийг хамгаалах ёстой. Түрүүлж үүссэн эрх шүүхээр хамгаалагдах, сэргээгдэх ёстой. Номын сангийн сан хөмрөгийг зөөх, тавилга, техник тоног төхөөрөмжийг тээвэрлэхэд хүндрэл үүснэ гэж тодорхойлсон. Өнөөдрийн бодит нөхцөл байдалд эдгээрийг тээвэрлэх, нүүлгэх боломж бүрэн харагдаж байгаа. С ХХК-ийн газар ашиглах эрх үүнд нөлөөлөхгүй. Орчны тохижилт, ногоон байгууламж барих, үйлчлүүлэгч болон ажилчдын ая тухыг хангамаар байна гэж тайлбарладаг. Энэ ая тухыг хангахын тулд заавал С ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалж байж бүрдүүлэх ямар шаардлага байгаа юм бэ. Хувийн өмчийг хуулиар хамгаалж, дээдлэх ёстой. Бид 10 орчим тэрбум төгрөгийн бодит зардал гаргаад барилгын краказыг барьчхаад байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. С ХХК нь холбогдох хууль, дүрэм журмын дагуу л барилгаа барьж байгаа. Маргаан бүхий захиргааны акт зөвхөн газрын эрхийн хүрээнд байдаг. 2020 оны Нийслэлийн Засаг даргын А/1288 дугаар захирамжаар Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны газраас 2000 м.кв газрыг Үндэсний төв номын санд эзэмшүүлсэн бөгөөд газрын хэмжээг 5000 м.кв болгон нэмэгдүүлсэн. Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам энд байгаа барилгаас нүүж байгаа гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт юм. Эхнээсээ нүүгээд шилжсэн байгаа. Тэгэхээр хойд талдаа орц, гарцаа хийгээд, ногоон байгууламж, хөшөө дурсгал барих боломж Үндэсний төв номын санд бодитоор байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасан. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь ойлгомжтой байгаа. Маш олон талаар хууль тогтоомжийг зөрчжээ. Үндэсний төв номын сангийн барилга баригдах явцад 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцаад газар дээр ажиллахад Үндэсний төв номын сангийн захирал н.Ичинхорлоо, гуравдагч этгээд Д СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, Ц.Г нар нь манай барилгын эсрэг тайлбар өгч, Ерөнхий сайдад буруу мэдээлэл өгсөн. Үүний улмаас Ерөнхий сайд газар дээр нь барилга барьж байгаа компанийн эрхийг цуцал гэсэн шийдвэр гаргасан. Ямар ч баримт материалтай танилцаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байж Ерөнхий сайд ийм шийдвэр гаргаад амаар үүрэг чиглэл өгөөд явсан. Үүний дараа Нийслэлийн удирдлагуудыг өрөөндөө дуудаж уулзаад дээрх чиглэлийг өгсөн. Энэ нь Нийслэлийн Засаг даргын өөрийнх нь шийдвэр байсан уу?. Эсхүл Ерөнхий сайд буюу дээрээс өгсөн үүрэг даалгавар, шахалт дарамтын хүрээнд гарсан захиргааны шийдвэр байсан уу гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Тухайн үед газар дээр нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга н.Даваажаргал С ХХК нь хууль ёсны дагуу барилгаа барьж байгаа гэж танилцуулсан. Нийслэлийн удирдлагуудтай Ерөнхий сайд уулзах үед Нийслэлийн Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан С ХХК нь 2004 оноос хойш газраа эзэмшээд хууль ёсоор сунгуулаад явж байгаа гэдгийг хэлсэн. Захиргааны байгууллага шийдвэрээ гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийх үүрэгтэй. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан. Нийслэлийн Засаг дарга, түүний дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Үнэхээр хөнгөн хуумгай хандаж, Ерөнхий сайд хэлсэн учраас асуудлыг маш түргэн, маш хурдан актын улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх акт чиглэж гарч байгаа субъектийг тухайн шийдвэр гаргах ажиллагаанд оролцох боломжийг олгоогүй. Маргаан бүхий захиргааны акт мэдэгдэх, сонсох ажиллагааг хэрэгжүүлж гарсан уу, оролцогчийн эрхийг хангасан уу гэдэг асуудлыг дэвшүүлж тавих хэрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т сонсох ажиллагааг яаж хийх, сонсох ажиллагаа гэж юу вэ гэдгийг хуулиар тодорхойлсон байгаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буюу маргаан бүхий захирамж гарахаас 2 өдрийн өмнө албан бичиг гарган шуудангаар хүргүүлсэн байдаг. Энэ албан бичгийг С ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий захиргааны акттай хамт хүлээн авсан. 10 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх албан бичигт ...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж дурдсан хэрнэ сонсох ажиллагааг явуулах боломжит хугацааг нэхэмжлэгчид олгоогүй байдаг. 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор холбогдох тайлбар, саналаа ирүүлнэ үү гэдэг. Энэ албан бичгийг яагаад 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад байгаа юм бэ. Газрын тухай хуульд мэдэгдэх гэдгийг тайлбарласан. Мэдэх ёстой байгууллага, тухайн албан бичгийг хүлээн авч байгаа субъект бол мэдсэн байх ёстой гэж Улсын дээд шүүх тайлбарласан байдаг. С ХХК энэ албан бичиг ирснийг мэдээчгүй байхад маргаан бүхий акт гарсан. Маргаан бүхий акттай нэг өдөр шуудангаас гардан авсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан эрхээр бид хангагдаагүй юм. Боломжит хугацаа бидэнд олгогдоогүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга н.Даваажаргал газар дээр нь очиж ажиллахдаа газрын эрхийн цуцлах талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зод хэлээд сонсох ажиллагааг гийчлээ шүү гэж хэлээд явсан. Энэ нь сонсох ажиллагаа байгаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалттай холбож дүгнэхэд энэ нь сонсох ажиллагаа байгаагүй. Энэ мэдэгдэл төдий байсан. Газар эзэмшигчийн үгийг сонсоогүй, өөрийн баримт материалыг гаргаж өгөх боломжийг олгоогүй. Сонсох ажиллагаа явагдаагүй гэдгийг нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болгон танилцуулж байгаа. Хариуцагчийн тайлбарт бохирын шугам гэсэн нэг асуудал гарч байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бохирын шугамтай холбоотой дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтийн дагуу өөрөөс шалтгаалах үүргийн дагуу засварлаж янзалсан. 6 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан бичгээр С ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж болно гэсэн дүгнэлт гарсан. 2015 онд С ХХК нь газар дээрээ барилгын нэг суурийг цутгасан. 2004 онд газар эзэмших эрх үүссэнээс хойш 11 жилийн дараа яагаад барилгын ажил эхэлсэн бэ гэдэгт тайлбар өгье. 2004 онд газар эзэмших эрхээ баталгаажуулах үед тухайн газарт 150 гаруй контейнер болон тоосгон гараашууд байсан. Үүнийг сансрын зургаас харж болно. Эдгээр гараашууд хууль бусаар зөвшөөрөлгүй баригдсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн газар зохион байгуулалтын алба газрыг чөлөөлж биднийг газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах боломжоор хангах ёстой. Энэ үүргээ 2011 онд хэрэгжүүлсэн. Хашаа 3 гэдэг төслийн хүрээнд зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг 2011 онд буулгасан. 2011 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын шинэ ордон баригдсан. Энэ ордонг барихдаа манай газар дээр барилгын материалыг хураагаад танай газрыг ашиглах хүсэлттэй байна гэж мэдэгдсэн. Манай газар дээр барилгын материалаа хурааж ашигласан. Төрийн байгууллага, газар эзэмших гэрээний нэг тал хүсэлт тавьсан учраас зөвшөөрсөн. 2014 онд энэ барилга баригдаж дууссан. Мөн сэлбэ голын тохижилтын ажил, ногоон байгууламж, сүүдрэвч зэргийг хийсэн. Үүнтэй холбоотойгоор голын голдирол болон газар шорооны ажлаар ухсан шороогоо манай газар дээр түр буулгасан. Энэ нь мөн төрийн байгууллагын хүсэлтээр манай газар дээр хийгдсэн. 2014 онд барилга болон сэлбэ голын тохижилтын ажил дууссан. 2015 оны хавар бид Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын ажлын зөвшөөрлөө аваад барилгын сууриа цутгасан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар манай барилгыг ашиглахдаа бидэнд мэдэгдэлгүйгээр бохирын шугамыг тавьсан байдаг. Үүнийг бид барилгын суурь цутгах үед мэдсэн. Бидэнд мэдэгдээгүй, эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй, мэдээллийн санд оруулаагүй байсан. Энэ нь төрийн захиргааны байгууллага, барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн буруу юм. Нэгэнт төрийн байгууллага, тухайн орчны айл өрх, оршин суугчдын бохирын шугам учраас хүндэтгэлтэй хандсан. Нэгэнт хийгдсэн ажил учраас нүүлгэ, зайлуул гэж хандалгүйгээр найрсаг байдлаар хандсан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-д Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэж заасан. Энэ хуульд бид захирагдаж, хуулийн уг заалтыг мөрдөх үүднээс барилгын суурийг зүүн тийшээ 6 метр хэртэй нүүлгэсэн асуудал байдаг. Бид эзэмшил газар дээрээ хууль тогтоомжийг мөрдөж хэрэгжүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг мөрдөх ёстой. Бид бодитой 7.2 тэрбум төгрөгийг зөвхөн энэ барилгатай холбоотойгоор гаргасан. 2004 оноос хойш газрын төлбөрийг цаг тухай бүрд нь төлж байсан. Улирал бүр газрын төлбөрт 1 сая гаруй төгрөг төлдөг. Газрын дуудлага худалдааны анхны үнэд 51.543.000 төгрөг төлсөн. Төрийн захиргааны байгууллага итгэл хамгаалах зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Бидэнд өмнө өгч байсан актуудын улмаас бодит зардал, итгэл үүсчхээд байна. Энэ итгэлийг төрийн захиргааны байгууллага хамгаалах ёстой. Ерөнхий сайд ирээд барилгыг буулга гэхэд нь буулгачихдаг ийм нийгэм байж болох юм уу. Нийтэд таалагдахын тулд улс төрийн шоу хийсэн, нэр хүнд олж авах гэсэн шийдвэр, үйл ажиллагаа байж болохгүй. С ХХК нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй. Захирамжийн үндэслэл, хэрэглэсэн хуулийн заалт нь манайд ямар ч хамааралгүй байна. Нийслэлийн Засаг дарга захирамжаа барилгын зураг төслийг өөрчилсөн гэж тодорхойлж байгаа. Гэтэл бид барилгын зураг төслийг огт өөрчлөөгүй. Батлагдсан зураг төслийн хүрээнд өнөөдрийг хүртэл барилгаа барьж байгаа. Барилгын зураг төсөл, 0 тэнхлэг хаана байх вэ гэдгийг дурдаагүй байдаг. 0 тэнхлэгийг Барилгын тухай хуульд зааснаар геодезийн тусгай зөвшөөрөлтэй компани газар эзэмшигч, барилгын ажил гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж тогтоодог. Хуулийн дагуу 0 тэнхлэгээ тогтоолгоод түүнийхээ хүрээнд барилгаа бариад явж байгаа. Барилгын давхар, суурийн хэмжээ өөрчлөгдсөн зүйл байхгүй. Манай барилга өөрийн эзэмшил газраас хэтэрсэн асуудал байхгүй. Харин манайх өөрийн эзэмшил газрын урд хэсгээс 900 гаруй м.кв газрыг. Д СӨХ, 12а, 12б байрны оршин суугчдад алдчихаад байгаа. Манай газрын хойд хэсгээр 2 эгнээ зам тавьсан.Энэ зам орон сууцнууд болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарлуу ордог зам юм. Бидний эрх зөрчигдөж байгаа боловч гуравдагч этгээдүүд болон оршин суугчидтай эвтэй байхын тулд өнөөдрийг хүртэл хүлцэнгүй байж ирсэн. Гэтэл Д СӨХ, Үндэсний төв номын сан, Соёлын яам нь асуудлыг нэг талаас ёс зүйгүй буруугаар тайлбарлаж, маргаж байгаа. Эдгээр байгууллагаас бид учирсан хохирлоо нэхэмжлээд явах боломж байгаа. Ийм үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Барилга хууль зөрчсөн бол газрын эрхийг хүчингүй болгох ямар шаардлага байгаа юм бэ. Үнэхээр барилга нь хууль зөрчсөн гэж дүгнээд байгаа бол тэр хүрээндээ буюу газрын суурь эрхэнд хүртэл хүндрүүлэхгүйгээр шийдвэрлэх ёстой. Гэвч бид барилгын хууль, дүрэм зөрчсөн гэж хэлж байгаа юм биш. Асуудлыг өөрийнх нь хүрээ хязгаар дотор дүгнэх ёстой. Манай газрын эрх хэн нэгний эрхийг зөрчөөгүй гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуульд төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж заасан. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж тогтоосон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд Нийслэлийн Засаг даргын А/1183 дугаар захирамж нь хууль бус захиргааны акт, нэхэмжлэгчийн эрхийг хууль бусаар хязгаарласан, хууль ёсны хувийн өмчийн хэлбэрийг шахаж хавчсан, хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг ноцтой алдагдуулсан гэж үзэж байна. Захиргааны байгууллага нь улс төрийн шийдвэр, түүний захиалгаар хувийн өмчид халдаж байгаад харамсалтай байна. Иймд захиргааны хэргийн шүүхэд хандсан. Монгол Улсын Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуульд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлсон. Уг хууль ёсны зарчмуудыг зөрчиж уг захиргааны акт гарсан байна. Маргаж буй актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтуудыг баримталсан байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-дэх заалтыг хэрэглэхийн тулд хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг тогтоох ёстой. Ямар хуулийн аль заалтыг хэдэн удаа яаж зөрчсөнийг тус бүрчлэн тогтоох ёстой. Уг үйлдэл нь хуулийг удаа дараа зөрчсөнд харьяалагдах уу, ноцтой зөрчсөнд харьяалагдах уу, эсхүл хоёуланд нь харьяалагдах уу гэдгийг тогтоох ёстой байсан. Гэтэл хариуцагчийн тайлбараас харахад үүнийг бүрэн тогтоосон нь харагддаггүй бүрхэгдүүлсэн байдалтай байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг хэрэглэхийн тулд газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байхыг шаарддаг. Захиргааны байгууллага үүнийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар тогтоосон зүйл байхгүй байна. Маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг зураг төслөө өөрчилсөн гэж буруутгадаг. Зураг төслөө өөрчилснийг тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Ноцтой зөрчил гаргасан бол гэж үзсэн бол асуудлыг нарийвчлан тогтоох ёстой байсан. Хуульд үндэслэх зарчмыг үндэслэж захиргааны актаа гаргаагүй байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтийг хариуцагч хариу тайлбартаа дурдсан байдаг. Энэхүү дүгнэлтийн дагуу зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг авахуулахаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр "С" ХХК-д өгсөн байдаг. 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр уг даалгаврын биелэлтийг "С" ХХК-ийн зүгээс тайлагнасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр авсан арга хэмжээ, албан тушаалтны даалгаврын биелэлтийг хангасан тухай, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг түдгэлзүүлсэн асуудлыг сэргээж шийдвэрлэж өгнө үү гэсэн 7 хуудас албан бичгийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан байдаг. Энэхүү албан бичгийг үндэслээд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг сэргээсэн. Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл бичгээр зөвшөөрөл олгосон байдаг. Эдгээр баримтууд нь зөрчлийн үр дагавар аль хэдийн бүрэн арилсан байна гэдгийг нотлон харуулж байгаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын ажлыг гүйцэтгэж байсан компани дур мэдэн бохирын шугам татсанаас болж дулааны шугам задарсан. Д СӨХ-ны барилга сууриараа С ХХК-ийн газарт орж ирсэн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл "С" ХХК-д эзэмшүүлсэн 3700 м.кв газар дээр бусдын буруутай үйлдлийн хариуцлагуудыг С ХХК нь дандаа арилгаж, үр дагаваргүй болгосон байна. Үр дагаврыг нь арилгачхаад байхад хариуцагч тайлбартаа үндэслэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Эрх зүйн зарчимд нэг үйлдэлд давхар шийтгэл ногдуулж болохгүй. Захиргааны акт нь хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан байна. Үндэсний төв номын санг барих шийдвэр 2008 онд гарсан. Өөрөөр хэлбэл С ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш гарсан шийдвэр юм. Гэрээгээр газар эзэмшиж буй этгээдүүд хэн аль нь тэгш эрх эдэлнэ. Нэг нь хувийн өмчийн байгууллага, нэг нь нийтийн эрх зүйн байгууллага байх нь хамаатай биш. Хэн нэгэн давамгай эрхтэй биш, тэгш эрхийн зарчим заавал яригдах ёстой. Үндэсний төв номын сангийн тайлбарт орц, гарцаа хойд талдаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны талруу хийсэн гэж тайлбар өгсөн байдаг. Эрх нь зөрчигдөөд байгаа асуудал байгаа бол тус байгууллагад холбогдуулан өөрийн шаардлагыг гаргах бүрэн боломжтой. Нийслэлийн Засаг дарга 2008 онд Үндэсний төв номын санд зөвшөөрөл олгохдоо 2004 онд С ХХК-д олгосон зөвшөөрөлтэйгөө уялдуулан тооцоолж газар олгосон гэж ойлгож байна. Хэрэв байршил учир дутагдалтай, олон нийтийн эрх ашигтай холбоотой байсан бол 2008 онд гомдол, саналаа гаргасан асуудал Үндэсний төв номын сангийн зүгээс байна уу гэдгийг анхаарах ёстой. Гэтэл ийм баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдэж, сонсгох ажиллагааг хийх ёстой байсан. Хариуцагч 10 дугаар сарын 07-ны өдөр сонсох ажиллагааг хийсэн гэж үзээд байдаг. 10 дугаар сарын 07-ны өдрийн хэдэн цагт шууданд шилжүүлж, 10 дугаар сарын 09-ний өдрийн хэдэн цагт газар эзэмших эрхийг цуцалж байгаа захирамж гарсныг заавал тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл мэдэгдлийг хүлээн аваад тайлбар гаргах бодит хугацаа байхгүй байжээ. Төрийн байгууллага иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн аваад шийдвэрлэх хуулийн хугацаа 30 хоног байдаг. Төрийн байгууллага иргэдэд мэдэгдэл өгөөд хариу тайлбар авах хугацаа нь хэдхэн цагаар хэмжигддэг жишиг тогтоож байгааг заавал асуумаар байна. Тэгш эрх, шударга ёсны зарчим заавал яригдах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Оролцогч энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын таван өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно гэж заасан. Тэгэхээр хамгийн багадаа ажлын 5 өдрийн өмнө баримт бичгийг хүлээн авах ёстой. Үүний цаана тайлбар гаргах, тайлбараа хүлээлгэн өгөх, хууль зүйн болон бусад туслалцааг авах эрхийн асуудал давхар яригдана. Гуравдагч этгээдийн тайлбарт захиргааны байгууллагаас биечлэн сонсох ажиллагааг хийсэн гэж дурдаад байдаг. Гэхдээ тухайн бичлэгийг үзвэл сонсох, мэдэгдэх ажиллагааг хуульд зааны дагуу бүрэн цогц хийгээгүй. Зүгээр загнаж, зандрах байдлаар хүнийг эвгүй байдалд оруулсан байдлаар хийгдэж байгаа нь бичлэгээс тодорхой харагддаг. Үүнийгээ хариуцагч албан ёсны сонсох ажиллагаа гэж тайлбарладаггүй. Тайлбартаа 10 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэх хуудсыг сонсох ажиллагаа гэж хэлсэн байдаг. Хариуцагчийн зүгээс хуульд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, үүргээ биелүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийг сонсох, захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ач холбогдол бүхий тайлбар, санал гаргах бололцоог огт олгоогүй. Өөрөөр хэлбэл хуулиар олгосон эрхээ эдлэх боломжийг гаргаагүй юм. Энэ нь маргаан бүхий акт гарах үндэслэл болсон байна. Зохих албан тушаалтнууд дутуу дулимаг, буруу мэдээллийг өгсөн, өнгөц нэг талын ойлголт өгсөн шахалтын улмаас захиргааны акт гарсан байна. Хувийн өмч нь урт хугацааны турш хөдөлмөрлөж, харилцаа холбоо тогтоож, гэрээ хэлцэл хийж байж хуримтлагдан бий болдог. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан. С ХХК нь энэхүү эрхийг шударгаар олж авсан байна. Гэтэл нийтийн өмч болон хувийн өмч хэрхэн бий болж байгаа онцлогийг харгалзан үзэхгүйгээр хүч түрэн шийдвэр гаргаж байгаа Үндсэн хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл байна. Хэрэв ийм жишгээр асуудал цаашид шийдвэрлэгдээд байвал цаашид хувийн өмч, хүний эрх, чөлөө хангагдах үндэслэл байгаа юм уу. Эдгээр асуудлуудыг үнэн зөвшөөр ялгаж шийдвэрлэж өгнө үү гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэглэх захиргааны байгууллага хэрэглэх нэг болзол нь иргэн захиргааны байгууллага хоорондын харилцаа дуусаагүй байх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн хууль эрх зүйн актыг буцаан хэрэглэх эсэхээ шийдвэрлэснээр мөнгөөр илэрхийлэгдэх байдал нь хувь хүнд ямар үр дагавартай вэ? нийтийн ашиг сонирхол буюу төсвийн байдалд хувь хэмжээ эзлэхээр байна вэ? гэдгийг харьцуулан шинжлэх ёстой. Шүүхээс газар дээр нь үзлэг хийсэн. Өнөөдрийн байдлаар манай компани тухайн газар дээр 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд барилга угсралтын ажил явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор захиалагч нар гэрээгээ хийсэн, барилга хэзээ ашиглалтад орох вэ? гэдэг асуудал хөндөгдөөд явж байна. Үндэсний төв номын сангийн хувьд нар, салхи хаасан гэж өнөөдрийг хүртэл тайлбарлаж байгаа. Гэтэл нар, салхи хаасан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Нар, салхи хаасан бол Иргэний хуульд заасны дагуу хөршийн эрхийн асуудал хөндөгдөнө. Манай байрны нарыг хаачлаа, салхи хаасан агаар амьсгалахгүй байна гэдэг талаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэр гаргуулаад нотлох баримтаар гарган өгсөн тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага газрын эрхийг цуцалсан шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл иргэн хүний амаар манай байгууллагын эрх ашиг хөндөгдөөд байна аа, нар хаачлаа, газрын эрхийг цуцалж өгөөч гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Д СӨХ-ны хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, эзэмшигч нь мөн эсэх нь тодорхойгүй бөгөөд хэрэв газрын эрхийг нь зөрчсөн бол яаж зөрчөөд байгаа нь тодорхойгүй байна. Үүнийг нотлох хангалттай нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн А/52- дугаартай захирамжаар С ХХК-д эзэмших эрх олгосон тухайд: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Денверийн гудамжинд 3254 м.кв газрыг С ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/1183 дугаар захирамжийн тухайд: "С ХХК нь барилгажих талбайн баруун талд 1.50 м орчимд байрлах ф200 мм бохир усны шугамыг гэмтээсэн, тус гэмтлээс бохир усны алдагдал үүссэн, төвлөрсөн төвийн коллектор буюу бохир усны ф300 мм-ийн шугам тухайн газарт байрласан бохирын шугам сүлжээний хамгаалалтын зурвас алдагдсан зэрэг нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02-07-092/352 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт, Хот байгуулалт, хөгжлийн газрын 04/872 дугаартай албан бичгээр нотлогддог. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрынхаа талбайн хэмжээг нэмэгдүүлсэн, бохир усны болон цахилгааны хамгаалалтын бүсэд халдсан, автомашины туслах зам, нийтийн эзэмшлийн зам талбайг төлөвлөсөн, эрх бүхий байгууллагаас баталсан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан зэрэг нь Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/1183 дугаартай захирамжаар С"-д олгосон 000016816 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон . Дээрх захиргааны актыг гаргахын өмнө Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01-06/5325 дугаартай албан бичгээр хугацаатай мэдэгдэлийг албан шуудангаар, С ХХК-ийн Ерөнхий захирал Д.З /90070100/-д утсаар тус тус мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдсэн байна. Холбогдох хууль тогтоомжийн тухайд: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.2-д газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих, 35.1.2-д барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх, 35.1.7-д барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх, 37 дугаар зүйлийн 37.1.3-д барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, 37.4-д захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно хэмээн, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна 17.14-д Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/1183 дугаар захирамж үндэслэл бүхий байна гэв. Гуравдагч этгээд Д СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С ХХК-ийн газартай холбоотой Нийслэлийн Засаг даргын захирамжид бусдын газар эзэмших эрхэд нөлөөлсөн гэсэн заалт орсон. Манайх 2010 онд ашиглалтад орсон барилга юм. Нэхэмжлэгч компани 2004 оноос хойш 5000 м.кв газрыг эзэмшиж байсан гэж ярьдаг. 2005 оноос хойш тус компани энэ газрыг эзэмшээгүй. Энэ нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдоно. 2004 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн 8 дугаар хороонд 5000 м.кв газрыг эзэмшиж байсан. Гэтэл 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд 3254 м.кв газрыг эзэмшээд ороонд ирсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын дүгнэлтэд Сүхбаатар дүүргийн газрын албаны архивт 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмшиж байсан гэсэн бичиг баримт байхгүй байна гэж дурдсан. Өөрөөр хэлбэл газар эзэмшиж байсан баримт олдоогүй. 2010 онд манай барилга баригдаад ашиглалтад орсон байхад манай 2 байрны үүдний довжоон дээгүүр газар хууль бусаар эзэмшээд явсан компани юм. 2015 онд үүнтэй холбоотой маргаан 3 шатны шүүхээр хэлэлцэгдээд С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхэд дахин хандахад нь анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүх хуралдаан болоход С ХХК нь өөрсдөө шүүх хуралдаанд ирээгүй, маргаан бүхий талбай нь манайх гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Үүнийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хэрэгт байгаа. Бид үүнтэй холбоотой маргааныг олон шатны байгууллагад гаргасан. Ганц удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ирэхэд нь тайлбар шийдвэр гаргуулсан мэтээр ярьж байна. Ийм зүйл байхгүй. Ерөнхий сайдын нэр дээр бид удаа дараа албан бичиг хүргүүлсэн. Ерөнхий сайд Нийслэлийн захиргаанд цохсон баримтууд бүгд ирсэн. Бүх материалыг бид Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн. Энэ газар нь барилга ашиглалтад ороход нийтийн эзэмшил болсон манай газар гэдгийг дурдсан байдаг. Газрын алба ч үүнийг тухайн үед ойлгож байсан. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 4 удаагийн дүгнэлт гарсан байдаг. Нэхэмжлэгч компани яах аргагүй хууль зөрчсөн нь батлагддаг. С ХХК нь төрийн захиргааны байгууллагад хууль бусаар нөлөөлөхийг оролддог. Энэ нь тодорхой хэмжээгээр батлагддаг. Улсын байцаагчийн дүгнэлт гаргаж барилгын ажлыг зогсоосон. Энэ нь маш үндэслэлтэй дүгнэлт гарсан. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга н.Даваасүрэн нь С ХХК нь бүх зөрчлөө арилгасан гэсэн албан бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газарт өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулан манай оршин суугч 5 иргэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Эрдэнэчулуунд хүсэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дахин шалгалт оруулж зөрчлөө арилгаагүй байна гэдэг нь тогтоогдсон. Тус байгууллагын дарга н.Эрдэнэчулуун хурал зарлаж дүгнэлт гаргасан 2 улсын байцаагчийг дуудаж оруулж ирээд яагаад зөрчлөө арилгаагүй байхад зөрчлөө арилгасан гэж худал зүйл бичиж дүгнэлт гаргадаг юм бэ, төрийн байгууллага худал дүгнэлт гаргаж болохгүй гээд хөөгөөд гаргаж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус байгууллагын дарга н.Эрдэнэчулуун нь дэд дарга н.Даваасүрэнгийн бичиг нь хууль бус гэдгийг баталгаажуулсан бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн байдаг. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан. Хэрэв нэхэмжлэгч компанийн барилга баригдаж ашиглалтад орсон тохиолдолд байрны оршин суугчид гаднаа багтахгүй болох байдал үүсээд байна. Манай хоёр байр 238 өрхийн 1000 гаруй оршин суугч, 152 авто машинтай. Манайх доороо 50 авто машины зогсоолтой, бусад 50 авто машин нь хол өөр газарт аваачиж тавьдаг. Тэгэхээр дахиад 100 гаруй айл нэмэгдэхээр машин зогсох, явах ямар ч боломжгүй болно. Нэхэмжлэгч компанийн 18 давхар барилгын гадна нэг ч машин зогсох талбай байхгүй. Ногоон байгууламж барих зай байхгүй. Ийм барилга барьчхаад сүүлд нь 2 байрны 200, 300 өрхийн айлуудыг хооронд нь зодолдуулж гэмт хэрэг гарах нөхцөл байдал үүсээд байна. Үүнийг эрт дээр нь таслан зогсоох шаардлагатай. Тус компанийн газар нь сэлбэ голын хамгаалалтын бүсэд 10 метр дайрч орсон. Үүнийг харгалзан үзэж шийдвэрээ гаргана гэдэгт итгэлтэй байна гэв. Гуравдагч этгээд Д СӨХ-ны өмгөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д СӨХ-ны зүгээс Нийслэлийн Засаг даргын захирамж хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Засаг даргын захирамжийн үндэслэлд Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиудыг үндэслэсэн. Тэгэхээр хуульд үндэслээгүй гэдэг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг дутуу уншиж, буруу тайлбарлаж байна. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасан. Тэгэхээр ноцтой зөрчсөн зөрчил илэрсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн газар дээрээ барьж байгаа барилга нь барилгын норм дүрмийг ноцтой зөрчсөн. Архитектур төлөвлөлтийн даалгаварт зааснаас барилгаа нүүлгэж барьсан. Энэ нь ноцтой зөрчил мөн. Иймд Засаг даргын захирамж хуульд нийцэж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж заасан. Д СӨХ-ны зүгээс С ХХК-ийн барилга баригдах явцад гомдол саналыг 2019 оноос эхлэн 2020 оны сүүл хүртэл төрийн байгууллагад гаргасаар ирсэн. Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газарт удаа дараа албан хүсэлт, өргөдлийг удаа дараа өгсөн. Үүний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 3 дугаар сард хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар нэхэмжлэгч компани эзэмшил газар дээрээ барьж байгаа барилгад 5 зөрчил илэрсэн. 1 дүгээрт зайн хэмжээ алдагдсан. Д СӨХ, орон сууцны 12а, 12б байр болон баригдаж буй барилгын хоорондох зай алдагдсан нь Барилгын норм ба дүрмийн тодорхой заалтыг зөрчсөн нь дүгнэлтэд тусгагдсан байгаа. С ХХК нь төвийн бохир усны 300 миллитермийн шугам сүлжээнд барилгын үйл ажиллагаа явуулж байгаа нь Барилгын норм ба дүрэм болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ хуулийн заалт зөрчигдөх ёсгүй гэж байна. Гэтэл өөрсдөө хуулийн заалтыг зөрчөөд барилгын ажил гүйцэтгээд яваад байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэснийг зөрчсөн гэж байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар зураг төслөөс хэтрүүлж барьсан. Энэ нь мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлтээр тогтоогдсон. Үүний дагуу авч байгаа арга хэмжээ нь Нийслэлийн Засаг даргын захирамж юм. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдэж байгаа. Тэгэхээр дээрх хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим зөрчигдөөгүй. Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон захирамж гарсан гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс газрын талаар баримтлах зарчмыг зааж өгсөн. Газар нь төрийн хамгаалалт, хяналтад байдаг. Тодорхой гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдэд газрыг нөхцөл журмын дагуу эзэмшүүлж, ашиглуулдаг. Газрыг эзэмшүүлж, ашиглуулж байгаа нь газрыг өмчилж өгч байгаа асуудал биш. Гэрээний нөхцөл, журмыг зөрчсөн, хууль тогтоомж зөрчсөн бол газрын эрхийг хураах зохицуулалттай. Хувийн өмч мэтээр тайлбарлаж байна. Газар нь хувийн өмч биш эзэмшүүлсэн газар юм. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.1.5-д заасан зарчмын хүрээнд гарсан акт гэж үзэж байна. Гуравдагч этгээдүүдийн эрхийг зөрчсөн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэн түрүүлж авсан гэдэг нь хэргийг шийдвэрлэхэд тийм чухал ач холбогдолтой биш. Нэхэмжлэгч газраа хэзээ зориулалтын дагуу ашигласан, гуравдагч этгээдүүд хэзээ газраа зориулалтын дагуу ашигласан гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой. С ХХК-д 2008 онд газар эзэмшүүлэх захирамж гарсан байлаа ч эзэмшүүлснээс хойш барилгын үйл ажиллагааг эхлүүлээгүй. Өөрөөр хэлбэл газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаагүй. 2019 оноос хойш газар дээрээ барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа. Газрын тухай хуульд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй бол хүчингүй болгох үндэслэл байгаа. Гэвч маргаан бүхий захиргааны акт энэ үндэслэлээр гараагүй. Газрыг зориулалтын дагуу ашигласан Д СӨХ болон тус барилгыг барьсан Макс өргөө ХХК, Үндэсний төв номын сан нь газрыг зориулалтын дагуу ашиглаад номын сангийн барилгын явц 90 гаруй хувьтай байгаа. 12а, 12б байрны оршин суугчдын эрх зөрчигдөхөөс гадна тухайн ойр очмоор явж байгаа иргэдийн эрх, ашиг зөрчигдөнө. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө. Норм, стандарт зөрчсөн барилга тодорхой хугацааны дараа нурвал 12а, 12б байрны оршин суугчид гэлтгүй ойр орчмоор явж байгаа иргэд, тухайн барилгад оршин сууж буй иргэдийн амь насанд аюултай. Энэ нөхцөл байдал тогтоогдсон учраас бусдын газар эзэмших эрхтэй холбоотой шийдвэрээ гаргасан. Д СӨХ нь тухайн барилгыг барьсан Макс өргөө ХХК-иас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Энэ газарт нийтийн эдэлбэр газар, ногоон байгууламж байх ёстой. Шүүхээс үзлэг хийхэд С ХХК-ийн барилгад ногоон байгууламж яаж, хаана нь баригдах тогтоогдоогүй. Ерөнхий сайд Үндэсний төв номын сангийн барилгатай танилцах хүрээнд улс төрийн өнгө аястай үүрэг даалгавар өгсний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан гэж байна. Ерөнхий сайд ирснээр энэ асуудал шийдвэрлэгдээгүй. Үүнээс өмнө гомдол, санал гаргаад явж байсан. Үүний дагуу хяналт шалгалтын ажил хийгдэж дүгнэлт гарсан. Тэгэхээр Ерөнхий сайд албан тушаалын байдлаар ийм шийдвэрийг гаргаагүй. Сонсох ажиллагааг явуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулсан. Энэ нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болох байх. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д зааснаар сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр явуулж болно гэж заасан. Энэ үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Д.З байсан, нөхцөл байдлыг ойлгосон, өөрөө ч тайлбар хэлсэн. Тэгэхээр сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг тайлбар үгүйсгэгдэж байна. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын дүгнэлтээр энэ газарт анхнаасаа газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон болох нь тогтоогдсон. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14, 17.7-дахь заалтууд зөрчигдөж байна гэсэн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлсэн, хугацааг сунгасан захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар захиргааны акт гаргасан захиргааны байгууллага буюу Засаг дарга өөрөө буюу дээд шатны байгууллага хүчингүй болгохоор хуульд заасан. Хуулийн уг заалтыг үндэслээгүй боловч энэ нөхцөл байдал хавтаст хэргийг шинжлэн судлах явцад тогтоогдоно гэв. Гуравдагч этгээд Соёлыг яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ня шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний төв номын сан гэдэг нь Монгол Улсад ганц байдаг номын сан юм. Аль улс оронд Үндэсний төв номын сан гэж байдаг. Уг номын сан нь манай улсын нүүр царай юм. Монгол Улсад хадгалагдаж байгаа үндэсний бичиг үсгийн дурсгалыг хадгалдаг, төрийн тусгай хамгаалалтад байдаг объект бол Үндэсний төв номын сан билээ. Үндэсний төв номын санд хадгалагдаж байгаа өв соёл нь Монгол улсыг тусгаар тогтносон хэл, соёлын дурсгалтай улс юм гэдгийг батлах юм. Үндэсний төв номын санд төр засгаас анхаарч 2007 онд газар олгосон байдаг. 2008 оны 08 дугаар сарын 24-ний өдөр барилгын шав тавьж, барилгын үйл ажиллагааг эхлүүлсэн. Барилгын ажил эхлүүлэхэд манай ойр орчимд ямар ч барилга баригдаж эхлээгүй байсан. Энэ үед маш сайхан үзэгдэх орчинтой, Үндэсний төв номын сан байх боломжтой газар байна гээд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж барилгын ажил эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар төрөөс 18.9 тэрбум төгрөгийн зардал гаргаад 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дуусгахаар ажиллаж байгаа. Хэрэв ашиглалтад оруулж чадахгүй бол алданги тооцохоор төрөөс маш их анхаарал тавьж байгаа. Үндэсний төв номын сан нь энгийн нүдээр харахад ч гадна талд авто зогсоол байхгүй, барилгаас гарахад шууд улаан зам дээр гараад ирж байгаа. Энэ нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгажилтын норм, дүрмийг зөрчиж байгаа. Номын сангийн стандартад гадна талбайтай байхаар заасан. Энэ заалтыг бүгд зөрчигдсөн. Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сан нэг ч байхгүй. Анх удаа Үндэсний төв номын санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхим төлөвлөн байгуулж байгаа. Улсын хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд Үндэсний төв номын сангаар үйлчлүүлэх боломж нээгдэх юм. Мөн хүүхдэд зориулсан эцэг, эхтэйгээ ном унших тахим нээгдэнэ. Өөрөөр хэлбэл хүүхдээс эхлээд бүх насны хүмүүс номын сангаар үйлчлүүлнэ. Эдгээр хүмүүсийн тав тухтай орчныг бид бүрдүүлэх ёстой. Энэ орчныг бүрдүүлснээр иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрдэм мэдлэг, боловсролоо дээшлүүлэх газар юм. Тав тухтай байхын тулд наад зах нь нарны гэрлийн асуудал яригддаг. 16 давхар барилга баригдвал хэн ч бодсон нарны гэрэл хаагдана гэв. | |