Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 200

 

            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

            Улсын яллагч П.Болормаа,

            Шүүгдэгч Ш.Жаргалсайхан, Г.Эрдэнэчулуун, тэдгээрийн өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Ш.Жаргалсайхан, Г.Эрдэнэчулуун нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2601 1652 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 8-22 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

            -урьд нь 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шижирбаатарын Жаргалсайхан РД:УП92102150,  

            Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, аав, ээж, ах, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 33-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, хэрэг хариуцах чадвартай, Харгана овогт Ганболдын Эрдэнэчулуун РД:ЖБ90092973,

Үйлдсэн хэргийн талаар: 

Шүүгдэгч Ш.Жаргалсайхан, Г.Эрдэнэчулуун нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт-Од төвийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Э.Буяндэлгэрийг шалтаг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хамрын нуруунд шарх, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи баруун нүдний гадна салст, зүүн чихний дэлбэн, чихний ард хөхлөг сэртэнд цус хуралт, зүүн хацар, баруун шуу, зүүн тохой зүүн шуу, нуруунд зулгаралт” бүхий гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:          

 

           Тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:      

          Шүүгдэгч Ш.Жаргалсайхан, Г.Эрдэнэчулуун нар нь бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт-Од төвийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Э.Буяндэлгэрийг шалтаг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:       

           - хохирогч Э.Буяндэлгэрийн:...тухайн өдөр Оюунболдтой тааралдаад Гэрэлт-Од төвийн “888” нэртэй бааранд орж нэг шил пиво аваад бүжиглэж байтал гаднаас зүс таних Дэмбэрэл орж ирээд надтай мэнд ус солилцоод байж байтал хажуу талаас Дэмбэрэлтэй нэг залуу гар барьж ...намайг чи яагаад байгаа юм гэж хэлсэн ...баарнаас гараад тамхи татах гээд зогсож байтал баарны гадна талд намайг зодсон 2 залуу зогсож байсан ...муудалцсан залуу нь над руу ирээд чи түрүүнээс хойш яах гээд байгаа юм бэ үзчих үү гээд над руу дайрч эхэлсэн ...нэг найз нь миний араас чи ямар овоо пизда вэ гэж хэлээд цохьчихсон. Тэр үед би газар унасан...нөгөө 2 залуу миний дээрээс өшиглөөд, цохиж байсан ...миний хамар гэмтсэн болон нүдний ухархайны яс цуурсан, гар хөл хөхөрсөн байсан ...надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-60/,

           - гэрч Р.Ганчимэгийн:...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн газраас салгаад танай дүү чинь хүнд зодуулсан байдалтай цагдаагийн хэлтэс дээр байна гэж ярьсан ...дүү Буяндэлгэрийн нүд, нүүр нь хөхөрчихсөн, хамар нь хавдартай, гар хөл нь шалбарсан байдалтай харагдсан...гэх мэдүүлэг /хх-62/,

           - гэрч Б.Дэмбэрэлтдодовын:...Гэрэлт-од төвийн хажуу талд явж байтал зүс таних Буяндэлгэр тааралдсан бид нар мэнд мэдэлцээд юм яриад тамхи татаад зогсож байтал баарны гадна талд үүдэн дээр хүмүүстэй муудалцаад эхэлсэн ...тэр зодоонд оролцоогүй...гэх мэдүүлэг /хх-65/,

           - эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-13-14, 16-20/,

           - хохирол барагдуулсан баримтууд /хх-15/,

           - Ш.Жаргалсайхан ял шалгах хуудас /хх-40/,

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8411 дугаартай:...Э.Буяндэлгэрийн биед “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хамрын нуруунд шарх, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи баруун нүдний гадна салст, зүүн чихний дэлбэн, чихний ард хөхлөг сэртэнд цус хуралт, зүүн хацар, баруун шуу, зүүн тохой зүүн шуу, нуруунд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо...гэмтлүүд хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-22/,

            - шүүгдэгч Ш.Жаргалсайханы:...би 2016 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянхошууны эцэст байрлах Гэрэлт-Од төвийн “888” бааранд найз Эрдэнэчулууны хамт хүн тус бүр 1 шил Нийслэл гэсэн бичигтэй 0.5 мл пиво ууж байсан ...баарны үүдэнд тамхи татах гээд гарч ирэхэд хохирогч Буяндэлгэр тамхи татаад зогсож байсан ...юунаас болж маргалдсаныг санахгүй байна Буяндэлгэртэй би маргалдсан ...би Буяндэлгэрийн нүүр болон шанаан хэсэг рүү нь хэдэн удаа цохисон. Эрдэнэчулуун хохирогч Буяндэлгэрийг газар унагаачихсан дээр нь гарчихаад цохиж харагдсан ...тэгэхээр нь би Буяндэлгэр лүү очоод хацар луу 2-3 удаа алгадаад ...би гэр лүүгээ харих гээд сургуулийн хашаагаар давах гэж байгаад цагдаад баригдсан ...би нүүр лүү нь 2-3 удаа алагдсан, барилцаж байхдаа толгойны ард хэсэг болон мөр хавь руу нь гараараа цохисон ...бага зэрэг согтолттой байсан ...би энэ ялыг хүлээн зөвшөөрч байна...Эрдэнэчулуун нүүр болон цээж рүү нь цохиж харагдсан ...надтай хамт Эрдэнэчулуун оролцсон...гэх мэдүүлэг /хх-26-28/,

            - шүүгдэгч Г.Эрдэнэчулууны:...би энэ ялыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө найз Ш.Жаргалсайханы хамт Гэрэлт-Од төвийн “888” нэртэй баар луу орсон. 1, 1 шил пиво захиалчихаад бага зэрэг уугаад баарнаас тамхилхаар гарсан. Гэнэт Буяндэлгэр, Жаргалсайхантай муудалцаад эхэлсэн. Тэр 2 юунаас болж муудалцсаныг би мэдээгүй. Жаргалсайхан, Буяндэлгэр 2 хоорондоо зодолдохоор болоод би Буяндэлгэрийн нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон, мөн хөлөөрөө цээжин хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Харин Жаргалсайхан тэр үед ирээд Буяндэлгэрийг газар уначихсан байхад нүүр лүү нь 2-3 удаа гараараа алгадсан. Надтай хамт Жаргалсайхан оролцсон, өөр хүн оролцоогүй...гэх мэдүүлэг /хх-73/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Жаргалсайхан, Г.Эрдэнэчулуун нарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч нар нь танхайн сэдэлтээр, бүдүүлэг, догшин авирлах аргаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн байх тул тус гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд зөв болно.  

Хохирогч нь шүүгдэгч нараас 1.000.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо бичгээр илэрхийлсэн /хх-83-84/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Ш.Жаргалсайханы урьд өмнө үйлдэж, шийтгүүлсэн гэмт хэргийн /хх-44-49/ ялтай байдал нь хуульд зааснаар арилсан байх тул ялтай байдалгүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Ш.Жаргалсайхан, Г.Эрдэнэчулуун нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.              

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, тухайн ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.      

Уг хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.     

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Ш.Жаргалсайхан, Г.Эрдэнэчулуун нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэн, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Ш.Жаргалсайхан, Г.Эрдэнэчулуун нарыг тус бүр 3 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Жаргалсайхан, Г.Эрдэнэчулуун нарын тус бүр эдлэх 3 жил 5 сар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.      

 

4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.  

         

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ш.Жаргалсайхан, Г.Эрдэнэчулуун нарт тус бүр оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэдгээрт хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.        

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.          

 

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Жаргалсайхан, Г.Эрдэнэчулуун нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР