Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 400

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: **********-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: **********-т холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч **********, хариуцагчийн төлөөлөгч **********, гэрч **********, **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч ********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь **********-т 2002 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19 тоот тушаалаар нягтлан бодогчоор орж ажиллаж эхэлсэн. 2017 оны 06 дугаар сар хүртэл тасралтгүй 15 жил ажиллаж байсан. 2017 оны 01 дүгээр сард байгууллагын удирдлага солигдон ********** томилогдон ирсэн. Ажлаасаа авсан цагаасаа намайг дарамтлан ажлаа өг гэж шахаж шаардан, хуурч өөрийн хүсэлт гэх зүйлийг бичүүлэн авч 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 тоот тушаалаар нягтлангийн ажлаас халж, албан тушаал бууруулсан. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 тоот тушаалаар нярвын ажилд томилоод үүнийхээ дараа түвшин тогтоох шалгалт нэрээр нярвын ажил хийж байгаа надаас нягтлангийн шалгалт авч шалгалтандаа унасан гэж 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажлаас халсан. Мэдэгдэх хуудсыг гардаж аваагүй. Шалгалтын дүнг зөвшөөрөөгүй. Шүүхэд хандаж шийдвэрлүүлье гээд хүлээн аваагүй. Тухайн үед дээрээс мэдэхгүй гэдэг хариу гарсан учраас ажлаас халагдахад 3 сартай жирэмсэн гэдгээ хэлээгүй. Энэ нь хүний эрх байх гэж бодож байна. Нярвын ажлаас чөлөөлсөн. Шалгалт авч унагааж байгаа нь хууль бус гэж бодож байна. Иймд ***********-н 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 тоот тушаалыг хянан үзэж нярвын ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 05 дугаар сарын 22-нд тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч ********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **********-н тухайд дээд газраас албан ёсны дагуу шалгалтад хамрагдсан.  Анхан болон давтан шалгалтад тэнцээгүй. Үүн дээр намайг дээшээ янз бүрийн юм ярьдаг гэж байна. Би тэгээгүй. Шалгалт авч байгаа комисс ирээд шалгалтаа авдаг журмаар авсан. Дараа нь техник хэрэгслээ бэлдээд онлайнаар эх орон даяар зэрэг авсан. Хууль шүүхийн байгууллагад болдоггүй хүн гээд буруу зөрүү ойлголт өгч байгаад харамсалтай байна. **********-н захирлын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай” А/03 дугаар тушаалын дагуу тус газрын Шуурхай удирдлагын хэлтсийн дарга **********, Захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх ********** нар нь 2018 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдөр түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулж авсан. Энэ шалгалтаар *********-н 8 албан хаагч 2018 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдөр шалгалтанд хамрагдаж 3 албан хаагч тэнцэж 5 албан хаагч тэнцээгүй. Түүний нэг нь ********** бөгөөд 60 оноо авч тэнцэх байснаас 49 оноо авч тэнцээгүй. ********** нь тестийн шалгалтанд 90 оноо авах байснаас 39 оноо авсан. Шалгалтын комиссын зүгээс 10 онооны аман асуултад 10 оноог өгч нийт 49 оноо авсан. Мөн шалгалтанд хамрагдсан албан хаагчдад дүнг комисс биечлэн танилцуулж шалгалтын материалтай танилцуулсан. **********-н дээрх шалгалтанд тэнцээгүй 5 албан хаагчдаас дээд газар /**********/ 2018 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдөр дахин шалгалтанд хамруулахад 5 албан хаагчаас 3 нь тэнцэж, 2 нь тэнцээгүй. Түүний нэг нь ********** тестэнд 48, комиссын 10 оноо нийт 58 оноо авч тэнцээгүй. Нэхэмжлэгч ********** нь нэхэмжлэлдээ ...намайг дарамтлан ажлаа өг гэж шахаж шаардан, хуурч өөрийн хүсэлт гэх зүйлийг бичүүлэн авч нягтлангийн ажлаас халсан гэжээ. Энэ асуудлаар ********** нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/03434 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд шүүхээр шийдэгдсэн асуудлыг нэхэмжлэлдээ дурджээ. Мөн ***********-н захирлын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай” А/03 дугаар тушаалыг тус газрын дэд захирал ********** болон шалгалт зохион байгуулах комисс салбарын бүх албан хаагчдад ил тод, нээлттэй танилцуулсан. **********-н захирлын тушаалаар батлагдсан шалгалтын комисс тус газрын захирал ******-д илтгэх хуудсаар шалгалтын дүнг танилцуулж шалгалтанд тэнцээгүй нэр бүхий 7 албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг хүргүүлж, мөн тус газрын захирлын зөвлөлийн 2018 оны 01 дүгээр хуралдаанаар шалгалтанд тэнцээгүй албан хаагчдыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарсан. Үүний дагуу ***********-н захирлын 2018 оны “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай” А/03 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах журам”-ын 5.3.5-д зааснаар “...дахин тэнцээнгүй тохиолдолд ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болно”, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, Монгол Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-т “...хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тус тус заасныг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгч, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн **********-н даргын Б/10 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалаар **********-г ажлаас чөлөөлж, хуульд заасны дагуу тэтгэмжийг олгосон болно. ********** нь жирэмсэн гэх талаар надад огт мэдэгдээгүй бөгөөд миний зүгээс мэдэх ямар ч боломж байхгүй болно. Мөн ********** нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас авах үедээ энэ талаар мэдэгдэж болох байсан боловч энэ тухай юу ч яриагүй. Иймд ***********-н даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/10 дугаар тушаал хууль зүйн бүрэн үндэслэлтэй тул **********-н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Буруу ойлгож хүнийг гүтгэж хуулийн байгууллагад ингэж ойлгуулж байгаад харамсаж байна. Шалгалт гэсэн нэрийдлээр шалгалт авахуулж гэж яриад байгааг би ойлгохгүй байна. 2 жилд нэг удаа авагдана гэсэн журмынхаа дагуу авагдсан. Би ав гэж хэлээгүй. Энэ хүн шалгалтаа өгөөд 2 удаагийнх дээр тэнцээгүй. Миний хувьд жирэмсэн гэдгийг мэдэж байсан бол эх хүн ч байсан, хуулиа мэдэж байгаа хүний хувьд халахгүй байх байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:


Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч **********-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ********** нь **********т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас халсан өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл ажилгүй байсан хугацааны олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Нэхэмжлэгч ********** нь **********-т нярваар ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь ***********-н даргын 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/10 дугаар тушаал, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ. Нэхэмжлэгч ********** нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ********** нь **********-тэй 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ТҮ-4 шатлалаар, 536.200 төгрөгийн үндсэн цалингаар цалинжуулж, нярваар ажиллуулсанаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна. 
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5, 42.1 дэх заалт, “*************-н захирлын 2018 оны А/03 дугаар тушаал, “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах журам”-ын 5.3, Хөдөлмөрийн дотоод журмын 2.12, 2.13, 2.14 дэх заалтуудыг тус тус үндэслэн **********-г ажлаас чөлөөлсөн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ. 
Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа дээд газраас албан ёсны дагуу шалгалтад хамрагдсан.  Анхан болон давтан шалгалтад тэнцээгүй учраас 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн гэжээ. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “...ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно. 
************-н захирлын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай” А/03 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах журам”-ын 5.3.5-д “...60%-иас доош оноотой бол шалгалтад тэнцээгүй гэж үзэн сургалтад хамруулах, бие даан мэдлэгийн түвшингээ ахиулах арга хэмжээг авч дахин шалгалтад хамруулна.Дахин тэнцээгүй тохиолдолд ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болно” гэж, 6.2-т “Албан хаагчийн мэдлэг, ур чадварын түвшин тогтоох ажлыг газрын хэмжээнд хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулна...” гэж, 6.7-д “...орон нутаг дахь газрын албан хаагчид болон Хэмжилт, засварын төвийн орон нутагт ажилладаг инженер, техникийн албан хаагчид энэ шалгалтад хамрагдана” гэж тус тус заажээ.
Энэхүү журмын дагуу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрүүдэд Шуурхай удирдлагын хэлтсийн дарга **********, Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн ********** нь **********-т томилогдон ажиллаж мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт авсан болох нь **************-н захирлын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн **********-т томилолтоор ажиллах удирдамж, албан томилолтын үнэмлэх, ********* аймгийн албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалтын илтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. 
Уг шалгалтаар ********** нь 49 оноо авч шалгалтанд тэнцээгүй болох нь *********аймгийн албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалтын илтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн түвшин тогтоох шалгалтын дүнгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, **********-н шалгалтын материалаар тогтоогдож байна. 
Улмаар **********-н 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай дотоод албан бичгээр орон нутаг дахь газрын шалгалтад тэнцээгүй албан хаагчдаас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагаас онлайнаар шалгалтыг авах болсон талаар мэдэгдсэн байх бөгөөд давтан шалгалтад ********** нь 48 оноогоор тэнцээгүй болох нь ********* аймгийн албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох давтан шалгалтын дүнгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, **********-н онлайн шалгалтын материал, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн давтан шалгалтыг зохион байгуулж явуулсан тухай илтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч хуульд заасан агуулгаар буюу заасан хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагатай. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад ажил олгогч нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр **********-г ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас гаргаж, уг мэдэгдэх хуудсыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ************-н даргын дэргэдэх зөвлөлийн хурал дээр танилцуулсан болох нь мэдэгдэх хуудас, хурлын протоколоор тогтоогдож байна. 
Гэрч ********** нь шүүх хуралдаанд “...2017 оны захирлын тушаалаар ур чадварын төвшин тогтоох шалгалт авахаар болоод төвөөс 2 хүн ирж шалгалт авахаар болсон. Энэ шалгалтыг авахдаа бүх хүмүүсийг кодлоод хүн тус бүрд өгч суулгаад авсан. Дараа дуудаж дүнг танилцуулсан. Эхний шалгалтад тэнцээгүй байсан. 2 дахь шалгалтыг онлайнаар 4 сард авсан. Ингэхдээ камер суулгаад хүн тус бүрд компьютер нөүтбүүк код өгч шалгалтын материал нээгдсэн. Хугацаа дуусаад өөрөө хаагдсан. Тухайн үед хариу гараад шалгалтын дүнг танилцуулаад ам шалгалт авсан. 2 хүнээс ам шалгалт аваагүй.  Ямар нэгэн асуудалгүй явагдсан...” гэж мэдүүлж байна. 
Харин нэхэмжлэгч ********** нь шүүх хуралдаанд нярваас нягтлангийн шалгалт авч унагааж байгаа нь хууль бус гэж маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан ур чадварын түвшин тогтоох шалгалт болон давтан шалгалтын дүн гэх баримтуудад ахлах ня-бо ********** гэж бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй.
Гэрч ********** өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаар мэдүүлэг өгч байх тул хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн болно.
Хэдийгээр ********** нь удирдах байгууллагаас авсан шалгалтанд тэнцээгүй, ажил олгогч хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, мэдэгдэх хуудсыг хуульд заасан журмын дагуу танилцуулсан байгаа боловч ********** нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 3 сартай жирэмсэн байсан болох нь хэрэгт авагдсан жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. Мөн хариуцагч нь тухайн үед жирэмсэн гэдгээ хэлээгүй гэж тайлбарлаж байх боловч шүүх хуралдаанд **********-н жирэмсэн гэдгийг хүлээн зөвшөөрч маргахгүй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заажээ. 
Нэхэмжлэгч ********** нь ажлаас чөлөөлөгдөх үед жирэмсэн байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч **********-г *************-н нярвын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу **********-н 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 2 сар 15 хоногийн олговор 1.721.089 /нэг сая долоон зуун хорин нэгэн мянга наян есөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд “ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заасны дагуу нэхэмжлэгч **********-н ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2018 оны 02, 03, 04 дүгээр сарын цалингаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход:
630.734+647.458+647.096=1.925.288 төгрөг байна. 1.925.288:3=641.762 төгрөг /1 сарын цалингийн дундаж/. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 641.762:22=29.171 төгрөг байх тул 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 2 сар 15 хоногоор тооцож 1.721.089 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч **********-т даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.721.089 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 42.487 төгрөг, нийт 112.687 төгрөгийг хариуцагч **********-с гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан **********-г ************-н нярвын ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч **********-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.721.089 /нэг сая долоон зуун хорин нэгэн мянга наян есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********-д олгосугай. 
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **********-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч **********-т даалгасугай. 
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.721.089 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 42.487 төгрөг, нийт 112.687 төгрөгийг хариуцагч **********-с гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ