Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2018/00319

 

2018 оны 2 сарын 05 өдөр                                   Дугаар184/ШШ2018/00319                                              Улаанбаатар хот

 

 

 

           Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

Нэхэмжлэгч:  Б.Д  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:,  Р.Ж -д холбогдох,

 

4 445 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Р.Жд барилгын ажил хийж гүйцэтгэхэд нь зориулж 2012-2014 онд 4 445 000 төгрөгийн барилгын материал болох элс, хайрга нийлүүлж, мөн барилгын хог ачиж зайлуулах ажлыг өөрийн хувийн эзэмшлийн Зил ММЗ маркийн 9441 УБК улсын дугаартай машинаар хийж өгсөн юм. Үүнээс хойш энэ мөнгийг маань өгнө гэж явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ Р.Жд урьд нь олон ажил хийж өгч, хөлс мөнгөө авч байсан болохоор түүн шигээ энэ ажлуудын мөнгийг өгчих байх гэж итгэж хүлээсээр өнөөдрийг хүрлээ. Би ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, хувийн энэ машинаараа барилгын материалын тээвэр хийж, олсон орлогоороо амьжиргаагаа залгуулдаг. Энэ ажил маань улирлын чанартай болохоор өвөл ажилгүй байдаг. Манайх банкны зээл болон оюутны сургалтын төлбөр төлдөг, өвлийн улиралд эдийн засгийн хүндрэлтэй байдаг. Энэ хугацаанд олон сар, өдрийн цаг зав, ажлаа алдаж, бензин шатахуун, автобус унааны зардал, утасны нэгж гэх мэтээр эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол учирлаа. Үүнийг үл тооцон бодит хохирол болох 4 445 000 төгрөг дээр энэ нэхэмжлэлийг гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 100 төгрөгийг Р.Жаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Б.Дийн нэхэмжлэлтэй Р.Жд холбогдох 4 445 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болох 4 445 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2018 оны 5 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахаар эвлэрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч Б.Д, Нэхэмжлэлийн шаардлага болох 4 445 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Р.Ж  гэжээ.

 

Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Р.Жд холбогдуулан 4 445 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсан хугацаанд нэхэмжлэгч Б.Дийн 4 445 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Ж нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ”хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”. 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Р.Ж нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Дийн 4 445 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Ж нь 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 100 төгрөгийн 50 хувь болох 43 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 43 050 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, 43 050 төгрөгийг хариуцагч Р.Жаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Дид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТЧИМЭГ