| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0068/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/64 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
улсын яллагч О.Эрхэмбаяр
хохирогч Э.Алтансэлэнгэ
шүүгдэгч Г.Тайванбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Ганбатын Тайванбаярт холбогдох эрүүгийн 2131000000068 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Сэлэнгэ энерго” ХХК-нд шугам сүлжээний засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн Баянхаан 4 дүгээр хэсэг 123 тоотод оршин суух хаягтай, тус аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 1 дүгээр хэсэг 15-51 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Сартуул овогт Ганбатын Тайванбаяр, регистрийн /РД:МЮ95070118/ дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Тайванбаяр нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны 00:30 минут орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 1 дүгээр 60 айлын 1 дүгээр орцны өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл таних Э.Алтансэлэнгэтэй маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хамрын таславчийн мурийлт, 1 шүдний хөдөлгөөн, баруун, зүүн зовхинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Тайванбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Г.Тайванбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би айлын хаалга тогшоод хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь гараад явж байхдаа нэг залуутай зөрөхдөө мөргөлдсөн. Тэр хүн гар утсаараа оролдож явж байгаад мөргөлдчихөөд уурлаад бид 2 маргалдсан. Тэрнээс болоод би тэр хүнийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж, нуруу хэсэгт өшиглөсөн юм. Би буруу зүйл хийснээ ойлгож, гэмшиж байна. Би гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос үүдэлтэй төлбөрийг төлнө болно. Ковидын үед мөнгө олж төлөх боломж байсангүй. ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Тайванбаярын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 10-нд яллагдагчаар өгсөн “...Би уг хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний ажилладаг Сэлэнгэ Энергогийн эмэгтэйчүүд “цэргийн баяр”-ыг тохиолдуулан эрэгтэй ажилчдаа дайлсан юм. Тэндээсээ манай эхнэрийн ажлын газрын хүн болох Ганзулын гэрт нь очиж хаалгыг нь тогшсон боловч хаалгаа нээгээгүй, утас руу нь залгасан ч утсаа авахгүй болохоор нь 00 цаг 40 минутын үед 1 дүгээр 60 айлын 1 дүгээр орцноос гарч яваад нэгэн үл таних хүнтэй мөргөлдсөн. Тэр хүн гар утсаараа оролдож явж байгаад надтай мөргөлдөх үедээ гар утсаа унагачихсан бололтой өөдөөс “яаж байгаа пизда вэ” гэхээр нь би уурлаад 2-3 удаа нүүрэнд хүчтэй цохисон. Тэгээд газарт унахаар нь хөлөөрөө нэг удаа нуруу хэсэгт нь өшиглөөд байж байтал цаанаас эмэгтэй хүн “болиоч ээ” гээд орилохоор нь би цаашаа зугтаачихсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 61-р хуудас/, ,
Хохирогч Э.Алтансэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би шүдээ хотод очиж үзүүлсэн гарах зардал нь нэлээд их юм билээ. Одоогоор эмчлүүлж чадаагүй байгаа. Шүдээ эмчлүүлэх зардлаа болон гар утасныхаа төлбөрийг нэхэмжилнэ. Эдгээр зардлыг төлчихвөл надад өөр гомдол, санал байхгүй ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Алтансэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...төмөр замын 60-н айлын 2 дугаар байрны хажуугаас салцгаасан. Би гэр лүүгээ орохоосоо өмнө тамхи татаад хүнтэй утсаар ярихаар гар утсаараа оролдоод явж байхад манай орцноос хүн гарч ирээд намайг мөрлөөд “яаж байгаа пизда вэ” гэж хэлээд зүүн шанаанд гар орж ирээд цохисон тэгээд намайг жийж унагаагаад толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед нэг эмэгтэй хүн “болиоч, юу болоод байгаа юм” гэж орилоход намайг цохиж байсан хүн цаашаагаа гүйхэд нь араас нь харахад цэнхэр албан байгууллагаас өгдөг гадуур хувцас байсан ба арын нуруун дээрээ бичиглэлтэй байсан. Бичиглэл нь гүйж байгаа учир сайн харагдаагүй “Сэлэнгэ” гэсэн бичиг байсан уу гэж харсан. Тэр хүн цэнхэр өнгийн гадуур хүрэмтэй, дэлдэн шар царайтай том хүнхгэр алаг нүдтэй, туранхай надаас бага зэрэг өндөр гэхээр тэр задуу 178 орчим байгаа байх. Би энэ хэрэг болоогүй бол эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирохгүй байсан эмчилгээний зардал эд хөрөнгийн хохирол болох нийт 6.456.000 төгрөгийг уг этгээдээс гаргуулж авмаар байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү.....гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч Г.Саруулын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...Өчигдөр шөнө 12 цаг өнгөрөөд унтах гэж байхад орцонд аймар их чимээ гарахаар нь бостол, хажуу талын айлын буюу 2 тоотын хаалгыг нэг хүн нүдээд байсан. Тэгээд утсаар ярьж байхаар нь сонстол согтуу хүн байх шиг байсан. Удахгүй орцонд хүмүүс зодолдоод эхэлсэн. Дараа нь орцноос гарсан. Цонхоор харсан чинь тоглоод, ноцолдоод байгаа нь мэдэгдэхгүй юм болоод байсан. Тэгсэн нэг нь “одоо больё” хөгшөөн гээд орилоод байсан. Удалгүй чимээгүй болохоор нь унтаад өгсөн. Би сайн хараагүй өндөр нам нь ойролцоо нэг нь хагас богино хар куртик, нөгөөх нь цацруулагчтай ажлын хувцастай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч Т.Ганзулын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 00 цагийн орчим манай даргын нөхөр болох Тайванбаяр гэж залуу манай гэрийн хаалга нүдээд, миний гар утас руу залгаад байхаар нь би гэртээ оруулаагүй. Манай хаалгыг нэлээн удаан нүдээд миний гар утас руу 99764272 гэсэн дугаараас 23 цаг 32 минутаас 00 цаг 38 минут хүртэл 10 удаа залгасан ба би дунд нь нэг удаа утсаа авсан чинь “Тайванбаяр гараад ир” гэхээр нь би унтаж байна гээд дахиад утсаа аваагүй. Би тийм чимээ сонсоогүй нойр хүрээд байсан болохоор унтчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Гэрч Б.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “...Би 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг шилжих шөнө ажлаа тарчхаад 12-91 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ Сүхбаатар сум 7 дугаар баг 1-60-н айлын баруун гар талд байх автограш руу оруулчхаад гэр лүүгээ алхаж явсан. Гадаа цаг агаарын байдал тогтуун, гадаа үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй болчихсон байсан. Алхаад явж байх явцад эрэгтэй хүмүүс хоорондоо маргалдах чимээ гарахаар нь хартал 1-60-н айлын 1 дүгээр орцны гадна үл мэдэх 2 залуу хэрэлдэж байсан. Тэр 2 залуу хоорондоо “чи намайг эхэлж мөргөсөн биз дээ”, “одоо больё, яваад өг” гэх мэтчилэн зүйлүүд ярьж байгаад ард талдаа цагаан өнгийн гэрэлтүүлэгчтэй хувцас өмссөн эрэгтэй хүн нь нөгөө залууг гараараа цохиж байгаа зүйл харагдсан. Би тухайн 2 залууг найз нөхдийн холбоотой байх гэж бодоод очоогүй юм. Миний харснаар ард талдаа цагаан өнгийн гэрэлтүүлэгчтэй хувцас өмссөн хүн нь нөгөө хүнээ цохиж харагдсан. ” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/,
Гэрч О.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Миний мэдэж байгаагаар манай хүү цалингийн зээлтэй, тусдаа гарснаас хойш манайхаас ямар нэгэн санхүүгийн дэмжлэг авч байгаагүй. Өөрийнхөөрөө хөдөлмөрлөөд амьдралаа авч явдаг. Баяр ёслол шаардлагатай тохиолдолд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй үед байнга тусалж дэмждэг. ” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/,
Гэрч С.Мандахбаярын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Манай найз их даруухан, хүнд их тусархаг хаяа уучихаараа л хүнтэй маргалдах, эв зүйгээ олохгүй байх асуудлууд гаргачих гээд байдаг. Уухгүй бол ажилдаа мундаг сэтгэлтэй, санаачлагатай тэмцээн уралдаанд байнга оролцдог шилдэг ажилтан байгаа юм... ” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/,
Гэрч С.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Мандахбаяр, Тайванбаяр хоёрыг цаашаа яаж гэртээ харьсныг мэдэхгүй. Өнөөдөр ажил тарах цагаар Тайванбаяр над руу утасдаж “би 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүнтэй маргалдчихсан юм. Та надтай цуг цагдаа дээр очоод гэрч болоод өгөөч” гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-р хуудас/,
Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Би Мөнхбаяр ахыг аваад 9 давхар руу салж явахаас өмнө Алтансэлэнгэ ил гарсан ямар нэгэн гэмтэл, шарх, сорви байгаагүй... ” гэх мэдүүлэг. /хх-ийн 35-р хуудас/,
Гэрч С.Алтанзулын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Тэгээд би Алтансэлэнгийг гэрт нь дөхүүлж өгөхөөр Лхагвасүрэн, Мөнхбаяр хоёроос салж явсан. Би Алтансэлэнгийг гэрийнх нь үүдэнд буюу 1-р 60 айлын 1-р орцны гадна үлдээгээд цаашаа 4-58-р байр байр луу гэртээ харихаар явсан. Алтансэлэнгийг гэрийнх нь гадаа үлдээгээд салж явсан. Алтансэлэнгийн гэртээ яаж орсныг мэдэхгүй... ” гэх мэдүүлэг. /хх-ийн 35-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт :
1.Э.Алтансэлэнгийн биед хамрын таславчийн муруйлт, 1 шүд угаар хөдөлгөөн орсон, баруун, зүүн зовхинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 38-39-р хуудас/,
Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн үнэлгээний дүгнэлт, “...Дээр дурдсан гар утасны дэлгэцний бодит үнэ цэнийг 320.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо... гэх дүгнэлт, /хх-ийн 50-52-р хуудас/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р хуудас/, эд зүйл, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 38-39-р хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 40-41-р хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 45-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 55-58-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р хуудас/,зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 78-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 89-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Тайванбаяр нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны 00:30 минут орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 1 дүгээр 60 айлын 1 дүгээр орцны өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл таних Э.Алтансэлэнгэтэй маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хамрын таславчийн мурийлт, 1 шүдний хөдөлгөөн, баруун, зүүн зовхинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Тайванбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би айлын хаалга тогшоод хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь гараад явж байхдаа нэг залуутай зөрөхдөө мөргөлдсөн. Тэр хүн гар утсаараа оролдож явж байгаад мөргөлдчихөөд уурлаад бид 2 маргалдсан. Тэрнээс болоод би тэр хүнийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж, нуруу хэсэгт өшиглөсөн юм. Би буруу зүйл хийснээ ойлгож, гэмшиж байна. Би гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос үүдэлтэй төлбөрийг төлнө болно. Ковидын үед мөнгө олж төлөх боломж байсангүй. ...” гэх мэдүүлгээр,
Шүүгдэгч Г.Тайванбаярын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 10-нд яллагдагчаар өгсөн “...Би уг хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний ажилладаг Сэлэнгэ Энергогийн эмэгтэйчүүд “цэргийн баяр”-ыг тохиолдуулан эрэгтэй ажилчидаа дайлсан юм. Тэндээсээ манай эхнэрийн ажлын газрын хүн болох Ганзулын гэрт нь очиж хаалгыг нь тогшсон боловч хаалгаа нээгээгүй, утас руу нь залгасан ч утсаа авахгүй болохоор нь 00 цаг 40 минутын үед 1 дүгээр 60 айлын 1 дүгээр орцноос гарч яваад нэгэн үл таних хүнтэй мөргөлдсөн. Тэр хүн гар утсаараа оролдож явж байгаад надтай мөргөлдөх үедээ гар утсаа унагачихсан бололтой өөдөөс “яаж байгаа пизда вэ” гэхээр нь би уурлаад 2-3 удаа нүүрэнд хүчтэй цохисон. Тэгээд газарт унахаар нь хөлөөрөө нэг удаа нуруу хэсэгт нь өшиглөөд байж байтал цаанаас эмэгтэй хүн “болиоч ээ” гээд орилохоор нь би цаашаа зугтаачихсан...” гэх мэдүүлгээр /хх-ийн 61-р хуудас/, ,
Хохирогч Э.Алтансэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би шүдээ хотод очиж үзүүлсэн гарах зардал нь нэлээд их юм билээ. Одоогоор эмчлүүлж чадаагүй байгаа. Шүдээ эмчлүүлэх зардлаа болон гар утасныхаа төлбөрийг нэхэмжилнэ. Эдгээр зардлыг төлчихвөл надад өөр гомдол, санал байхгүй ...” гэх мэдүүлгээр,
Хохирогч Э.Алтансэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...төмөр замын 60-н айлын 2 дугаар байрны хажуугаас салцгаасан. Би гэр лүүгээ орохоосоо өмнө тамхи татаад хүнтэй утсаар ярихаар гар утсаараа оролдоод явж байхад манай орцноос хүн гарч ирээд намайг мөрлөөд “яаж байгаа пизда вэ” гэж хэлээд зүүн шанаанд гар орж ирээд цохисон тэгээд намайг жийж унагаагаад толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед нэг эмэгтэй хүн “болиоч, юу болоод байгаа юм” гэж орилоход намайг цохиж байсан хүн цаашаагаа гүйхэд нь араас нь харахад цэнхэр албан байгууллагаас өгдөг гадуур хувцас байсан ба арын нуруун дээрээ бичиглэлтэй байсан. Бичиглэл нь гүйж байгаа учир сайн харагдаагүй “Сэлэнгэ” гэсэн бичиг байсан уу гэж харсан. Тэр хүн цэнхэр өнгийн гадуур хүрэмтэй, дэлдэн шар царайтай том хүнхгэр алаг нүдтэй, туранхай надаас бага зэрэг өндөр гэхээр тэр задуу 178 орчим байгаа байх. Би энэ хэрэг болоогүй бол эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирохгүй байсан эмчилгээний зардал эд хөрөнгийн хохирол болох нийт 6.456.000 төгрөгийг уг этгээдээс гаргуулж авмаар байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлгээр,
Гэрч Г.Саруулын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...Өчигдөр шөнө 12 цаг өнгөрөөд унтах гэж байхад орцонд аймар их чимээ гарахаар нь бостол, хажуу талын айлын буюу 2 тоотын хаалгыг нэг хүн нүдээд байсан. Тэгээд утсаар ярьж байхаар нь сонстол согтуу хүн байх шиг байсан. Удахгүй орцонд хүмүүс зодолдоод эхэлсэн. Дараа нь орцноос гарсан. Цонхоор харсан чинь тоглоод, ноцолдоод байгаа нь мэдэгдэхгүй юм болоод байсан. Тэгсэн нэг нь “одоо больё” хөгшөөн гээд орилоод байсан. Удалгүй чимээгүй болохоор нь унтаад өгсөн. Би сайн хараагүй өндөр нам нь ойролцоо нэг нь хагас богино хар куртик, нөгөөх нь цацруулагчтай ажлын хувцастай байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Т.Ганзулын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 00 цагийн орчим манай даргын нөхөр болох Тайванбаяр гэж залуу манай гэрийн хаалга нүдээд, миний гар утас руу залгаад байхаар нь би гэртээ оруулаагүй. Манай хаалгыг нэлээн удаан нүдээд миний гар утас руу 99764272 гэсэн дугаараас 23 цаг 32 минутаас 00 цаг 38 минут хүртэл 10 удаа залгасан ба би дунд нь нэг удаа утсаа авсан чинь “Тайванбаяр гараад ир” гэхээр нь би унтаж байна гээд дахиад утсаа аваагүй. Би тийм чимээ сонсоогүй нойр хүрээд байсан болохоор унтчихсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Б.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “...Би 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг шилжих шөнө ажлаа тарчихаад 12-91 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ Сүхбаатар сум 7 дугаар баг 1-60-н айлын баруун гар талд байх автограш руу оруулчхаад гэр лүүгээ алхаж явсан. Гадаа цаг агаарын байдал тогтуун, гадаа үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй болчихсон байсан. Алхаад явж байх явцад эрэгтэй хүмүүс хоорондоо маргалдах чимээ гарахаар нь хартал 1-60-н айлын 1 дүгээр орцны гадна үл мэдэх 2 залуу хэрэлдэж байсан. Тэр 2 залуу хоорондоо “чи намайг эхэлж мөргөсөн биз дээ”, “одоо больё, яваад өг” гэх мэтчилэн зүйлүүд ярьж байгаад ард талдаа цагаан өнгийн гэрэлтүүлэгчтэй хувцас өмссөн эрэгтэй хүн нь нөгөө залууг гараараа цохиж байгаа зүйл харагдсан. Би тухайн 2 залууг найз нөхдийн холбоотой байх гэж бодоод очоогүй юм. Миний харснаар ард талдаа цагаан өнгийн гэрэлтүүлэгчтэй хувцас өмссөн хүн нь нөгөө хүнээ цохиж харагдсан. ” гэх мэдүүлгээр,
Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Би Мөнхбаяр ахыг аваад 9 давхар руу салж явахаас өмнө Алтансэлэнгэ ил гарсан ямар нэгэн гэмтэл, шарх, сорви байгаагүй... ” гэх мэдүүлгээр,
Гэрч С.Алтанзулын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Тэгээд би Алтансэлэнгийг гэрт нь дөхүүлж өгөхөөр Лхагвасүрэн, Мөнхбаяр хоёроос салж явсан. Би Алтансэлэнгийг гэрийнх нь үүдэнд буюу 1-р 60 айлын 1-р орцны гадна үлдээгээд цаашаа 4-58-р байр байр луу гэртээ харихаар явсан. Алтансэлэнгийг гэрийнх нь гадаа үлдээгээд салж явсан. Алтансэлэнгийн гэртээ яаж орсныг мэдэхгүй... ” гэх мэдүүлгээр,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт : 1.Э.Алтансэлэнгийн биед хамрын таславчийн муруйлт, 1 шүд угаар хөдөлгөөн орсон, баруун, зүүн зовхинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлтээр
Шүүгдэгч Г.Тайванбаяр нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Алтансэлэнгэ нь шүүгдэгч Г.Тайванбаяраас 4.320.000 төгрөг нэхэмжилсний утасны дэлгэцийн үнэ болох 320.000 төгрөгийг шүүгдэгч Г.Тайванбаяраас гаргуулан хохирогчид олгож бусад нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Тайванбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Тайванбаяр нь хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгож, торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Тайванбаярт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
Шүүгдэгч Г.Тайванбаяр нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд Г.Тайванбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Сартуул овогт Ганбатын Тайванбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тайванбаяр 550 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Г.Тайванбаяр нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4.Шүүгдэгч Г.Тайванбаяраас хохирол төлбөрт, гар утасны дэлгэцийн үнэ 320.000 /гурван зуун хорь/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Алтансэлэнгэд олгож бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Тайванбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ