Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 641

 

 

 

 

 

 

 

2019         6              27                                             2019/ДШМ/641

 

Н.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Үүлэн,

шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Г.Батбаяр,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Насанбатын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Н.Бт холбогдох 1802001030130 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон халх овгийн Нын Б, 1980 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, “..." ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-490 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд Бүгд Найрамдах Солонгос Улсын Чанвон аймаг, Жихан хотын Ёонвун дүүрэгт  байрлах “Beer 700” гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Шүрэнбатыг “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний шанаан тус газар нь цохиж, улмаар үргэлжлүүлэн мөн өдрийн 23 цагийн орчимд Б.Шүрэнбатын түр оршин сууж байгаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Чанвон аймаг, Жихан хотын Ёонвун дүүрэгт байрлах ажилчдын байрны дээврийн хэсэгт байх гэрт нь очиж Б.Шүрэнбатын нүүрэн тус газар нь зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Нын Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Шүрэнбатын шүүгдэгч Н.Бээс нэхэмжилсэн 11.627.310 вон буюу 26.746.056 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан яллагдагч Н.Б, хохирогч Б.Шүрэнбат нарын хооронд ярилцсан ярианы бичлэг бүхий сиди 1 ширхгийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Б.Шүрэнбатын БНСУ-ын Пусан хотын “Дуна” их сургуулийн эмнэлэгт авхуулсан компьютер томографын зураг бүхий сиди 1 ширхэг, “Натур” эмнэлэгт авхуулсан компьютер томографын зураг 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Шүрэнбатад буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Насанбат 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь догол мөрөнд “Н.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснийг “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” зөрчил гэж үзнэ. Учир нь, хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах эсэхийг шийдвэрлэх гэсэн ойлголтууд нь хууль зүйн хувьд өөр өөр ойлголт атал шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод, хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор Д.Үүлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Хяналтын прокурор Н.Мөнхцэцэг энэ хэрэг дээр хяналт тавьж байсан. Хэрэг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж, хяналтын прокурор Н.Мөнхцэцэг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн байдаг. Иймд шийтгэх тогтоолд дээрх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан дээр тухайн асуудлыг хэлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан байдал тогтоогдож байх тул мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шийдвэрлэж өгнө үү гэсэн юм. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал тогтоогдож байвал хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эсэргүүцвэл ердийн журмаар шийдвэрлэж гэм бурууг шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байгаа. Тус зохицуулалтаар шүүх хуралдаан хийлгүйгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү, энэ чинь хоёр объектив шинжийг агуулаад байна гэж хэлж байсан. Гэвч гэм буруугийн шүүх хуралдаан хуралдаад дууссан. Хуулийг зөв ашиглаж зүйлчилж чадаагүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд Бүгд Найрамдах Солонгос Улсын Чанвон аймаг, Жихан хотын Ёонвун дүүрэгт  байрлах “Beer 700” гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Шүрэнбатыг “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний шанаан тус газар нь цохиж, улмаар үргэлжлүүлэн мөн өдрийн 23 цагийн орчимд Б.Шүрэнбатын түр оршин суух гэрт нь очиж дахин нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь доод эрүүний далд хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Шүрэнбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.Б бид хоёр гэрийн хажуу талын “Beer 700” гэх нэртэй пабад ороод 0.33 литрийн “Сөжү” архи 2 ширхэг, Н.Б 0.75 литрийн пиво хоёрыг уусан. ...би надад мөнгө байна гэхдээ чамд өгөхгүй гэж хэлсэн чинь сууж байснаа босож ирээд шанаа руу цохиж унагаасан. ...Н.Б цагдаагаас гарахдаа “би эхнэр, хүүхдээ аваад танайхаас явна” гэж хэлсэн боловч гэрт байж байхаар нь Н.Бт хандаж “чи явахгүй юу хийгээд байгаа юм бэ” гэж асуухад пиво ууж сууж байгаад “энийгээ уугаад явна” гэж хэлэхээр нь орон дээрээ суутал намайг дахиад цохисон. ...би хэсэг хугацаанд дахиад ухаан балартаад сэргэх үед дэр нүүрэн дээр тавиад цохиод байсан.” гэх /1хх-13-17/,

гэрч Л.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...унтах гээд хэвтэж байтал хадам ээж Сүхбаатар над руу залгаад Б.Шүрэнбатыг Н.Б зодоод алах шахсан гэж байна. Бөөн юм болсон байна. Б.Шүрэнбатын утас руу залгаад авахгүй байна.” гэх /1хх-26-28/,

гэрч Б.Шүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Солонгос Улсад байгаа миний төрсөн дүү Шүрэнболор утсаар яриад Туяацэцэг нөхөртэйгөө Б.Шүрэнбатын гэрт очиж хоносон чинь Н.Б нь Б.Шүрэнбатыг зодоод алах гээд байна гэж Туяацэцэг ярилаа. Тэгэхээр нь чи дундуур нь ороод салгаач гэхэд би салгаж дийлэхгүй байна гэж хэллээ гээд надтай ярьснаа би эргээд залгая ээжид битгий хэлээрэй гэж хэлээд утсаа салгасан юм. ...” гэх /1хх-35-37/,

гэрч Б.Шүрэнболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Туяацэцэг над руу утсаар яриад “Б.Шүрэнбат ахын гэрт байна Н.Б Б.Шүрэнбат ахыг аймаар зодчихлоо чи хүрээд ирээч хажуугаас нь нүдэж салгахаар цохиж аваад зодоод байна” гэж хэлсэн. ...нөхөр И Жон Гүгийн хамтаар таксигаар Б.Шүрэнбат ахын гэрт нь очсон. Орцонд нь ороход шатан дээр пивоны шил хагарчихсан, цусны толбо тогтчихсон, цус гоожсон байдалтай байхаар нь би маш их айгаад гүйгээд гэрт нь явж орсон. Намайг гэрт ороход Б.Шүрэнбат ахын нүүрний баруун талын хэсэг нь хавдчихсан, уруул ам нь хавдчихсан, юм ярьж хэлж чадахгүй шүдээ зууж яриад байсан. ...Шүрэнбат ахын нүүр нь битүү хавдар болчихсон, уруул ам дарвайгаад хавдчихсан, нүүрний зүүн хэсгээр бас хавдчихсан байдалтай байсан. ...” гэх /1хх-41-44/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “1. Урьд гарсан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1853 дугаартай дүгнэлтийн 1, 2, 4 дүгээр хэсэг нь үндэслэлтэй, 3, 5 дугаар хэсэгтэй санал нийлэхгүй байна. 2. Б.Шүрэнбатын биед доод эрүүний далд хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, ясны хугарал гэмтэл нь бороолж эдгэрэх боломжтой. 5. Б.Шүрэнбатын биед баруун, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлийн үүссэн цаг хугацааг нь нарийвчлан тогтоох боломжгүй.” гэх 565 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-64-65/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “1. Б.Шүрэнбатын биед доод эрүүний баруун их бие хэсэг болон зүүн талын үений сэртэнгийн хугарал гэмтэл учирсан ба уг гэмтэл нь нүүрний баруун тал эрүүний хэсэгт хүч үйлчилснээс үүсэх боломжтой. 2. Хүний биеийн ясны хугарал нь дунджаар 28-аас дээш хоногт бороолж эдгэрэх ба бороололт үүссэн хугарлыг хуучин гэмтэл гэж үзнэ. Б.Шүрэнбатын хувьд хэрэг болсон гэх өдрийн маргааш буюу 2017 оны 12 дугаар сарын 11-нд хийлгэсэн хамрын дайвар хөндий, эрүүний КТГ-н зурагт эрүүний хугарал болон хамрын ясны хугарал, таславчийн мурийлт нь шинэ байсан тул хэрэг болсон гэх 2017 оны 12 дугаар сарын 10-нд үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Дээрх хугарлууд 2018 оны 3 дугаар сарын 28-ны “Натур” эмнэлгийн Толгойн компьютерт томографын шинжилгээнд хуучин гэж уншигдсан нь цаг хугацааны хувьд тохирч байна. 3. Хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь 2017 оны 12 дугаар сарын 11 болон 2018 оны 3 дугаар сарын 28-ны КТГ-н зургуудаар тогтоогдож байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-д “Шинжлүүлэгч нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол ... эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж...” гэснийг баримталж өмнөх дүгнэлтийг гаргасан. Гэмтлийн зэргийг тус тусад нь тогтоовол: Доод эрүүний далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.” гэх 691 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-71/,

шинжээч Г.Ханхүү, Ч.Эрдэмболор нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /1хх-77-79/, Цагдаагийн Ерөнхий Газрын Интерполын үндэсний товчооны 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 13/236 дугаартай “Б.Шүрэнбат, Н.Б нарын талаар хариу” гэх утгатай албан бичиг, хавсралтын хамт /1хх-173-174/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Н.Бийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн гадаад улсад үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай  ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, Н.Бийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хх-155/ байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг үйлдэхдээ бичвэрийн хувьд дугаарлахгүйгээр үргэлжилсэн байдлаар бичсэн, тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийг “Шүүгдэгч Б.Шүрэнбат” гэж хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлж, хайхрамжгүй хандсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагад нийцээгүй байгааг анхааруулан дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  “Шүүгдэгч Н.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад  заалтуудыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Насанбатын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ