Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02661 дүгээр шийдвэртэй, Б.Бы нэхэмжлэлтэй, хариуцагч Мд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Мд 1995 оноос хойш тасралтгүй 22 жил ажиллаж, энэ хугацаанд өөрийн хариуцсан ажил үүргээ чанартай сайн гүйцэтгэж байсан ба ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл М-ийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/296 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43, хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Уг тушаалд намайг М-ийн сургалтын журмын 4.6.12.6, 4.6.12.8-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй. Уг журмын 4.6.12.6-д “шалгагч багш дүнгээ шалгалт авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор мэдээллийн системд оруулах үүрэгтэй. Шалгагдвал зохих суралцагчийн нэрс, өөрийн тавьсан дүн бүхий хуудсыг хэвлэж, хянан гарын үсгээр баталгаажуулан сургалтын албанд хүлээлгэн өгнө. Сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтэн хүлээн авч баталгаажуулна. Гараар хийсэн шалгалтын хуудас хүчингүй” гэж, 4.6.12.8-т “хүндэтгэх шалтгаангүйгээр улирлын шалгалтанд ирээгүй суралцагчид F буюу “хангалтгүй” үнэлгээ тавина. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол нотлох баримтыг үндэслэн Е тэмдэглэгээ хийнэ. Нотлох баримтыг өргөдлийг хамт шалгалт авснаас хойш 3 хоногийн дотор багшид өгнө. Багш нотлох баримт өргөдлийг дүнгийн жагсаалтын хамт сургалтын албанд өгнө. I, Е тэмдэглэгээтэй суралцагч дараагийн улирлын эхний 1 сард багтаан шалгуулахгүй бол сургалтын албанаас F дүн тавина гэж тус тус заасан нь миний ажлын байрны тодорхойлтод заасан ажил үүрэгт огт хамааралгүй. Миний хувьд багшийн гарын үсэг, сургалтын албаны эрхлэгчийн зөвшөөрлийн дагуу дүнг системд оруулсан нь үнэн бөгөөд сургалтын системд өөрийн хүсэл, ашиг сонирхлоор дур мэдэн дүн оруулаагүй, үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гэж үзэхгүй.

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна”, 19-т “Хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т заасан “ажлаас халагдсан өдөр” -ийг ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно” гэж тус тус заасантай нийцээгүй бөгөөд улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн тушаал болсон. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ээлжийн амралт эдлэхээр тушаал гарсан байсан юм.

М-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.3.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл, шалтгаан, хугацаа зэргийг тодорхой заах шаардлагыг хангаагүй үндэслэлгүй тушаал гаргаж, тус сургуульд 22 жил үнэнчээр хөдөлмөрлөсөн хөдөлмөр, туршлагыг минь үнэлээгүй, 54 насанд хүрсэн, санаатай болон гэм буруутайгаар ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр хохироож байгаад туйлын гомдолтой байна. Иймд М-ийн Хууль зүйн сургуулийн “Сургалтын албаны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн”-ний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин  хөлстэй  тэнцэх  олговрыг шүүхийн  шийдвэр  гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, ниигмиин даатгалын оолон эрүүл мэндиин даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн сургалтын мэдээллийн системд суралцагчийн төлөвийг өөрчилж дүн зассан асуудал үүссэн. Энэ мэдээлэл нь мэдээллийн технологийн албаар дамжиж 2017 оны 06 дугаар сард сөхөгдөж гарсан. Үүнтэй холбогдуулаад Хууль Зүйн Сургуулийн сургалтын алба дээр эрх бүхий албан тушаалтнууд буюу сургалт оюутан эрхэлсэн дэд захирал н.Очирхуяг, Хууль зүйн сургуулийн захирал н.Эрдэнэбулган, сургалтын нэгдсэн албаны дарга н.Одонтуяа нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж, дүн зассан асуудлыг шалгасны үндсэн дээр Хууль зүйн сургууль 2017 оны 3, 4, 5, 6 дугаар сард 93 суралцагчийн 151 дүнг мэдээллийн системд журам зөрчиж оруулсан, 64 суралцагчийн хөтөлбөрийг сольсон болохыг тогтоосон.

Манай сургалтын журамд тухайн суралцагчийн дүнг өөрчлөхдөө дараа семестрийн эхний нэг сард багтааж өөрчилдөг түүнээс хойшоо систем хаагддаг. Гэтэл Хууль зүйн сургуульд тухайн сургалтын эчнээ ангийн хөтөлбөр нээлттэй байсан учир өдрийн ангид суралцдаг хүүхдийг эчнээ ангид суралцдаг болгож хөтөлбөрийг шилжүүлээд дүнг өөрчилж буцаагаад өдрийн анги руу шилжүүлсэн байгаа. Тухайлбал, тус сургуулийн хөтөлбөр сольсон 60 оюутны нэр байдаг, үүнд эрх зүйн бакалаврын өдрийн ангийн оюутан Э.Тэнгисийг 2017 оны 04 сарын 05-ны өдөр эчнээ анги руу шилжүүлээд 2017 оны 04 сарын 06-ны өдөр буцаагаад бакалаврын анги руу төлөвийг нь өөрчилж дүнг сольсон асуудалд Б.Бд хариуцлага тооцоод байна вэ гэхээр мэдээллийн системд төлөв өөрчилсөн хүн нь түүний нэрээр гарч байгаа. Б.Б бол мэдээллийн системийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтний нэвтрэх эрхтэй.

Түүнийг энэ байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажилласан гэдэгт маргах зүйл байхгүй. Гол нь ноцтой зөрчил гаргачихаад байгаа. Тухайн ажлын хэсэг нь мэргэжилтэн Баярсайхан, Алтанзул, Хууль зүйн сургуулийн сургалтын албаны дарга Амарбаясгалан нарыг оюутны дүн зассан буруутай гэсэн дүгнэлт гаргасан тул мэргэжилтэн нарыг ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авах, сургалтын албаны дарга Амарбаясгаланг сургалтын албаны даргын албан тушаалаас чөлөөлөх арга хэмжээг авахыг уламжилж Б.Быг ажлаас чөлөөлөх тушаал гаргаж шийдвэрлэсэн. Захирал Төмөрбаатар нь энэ асуудалд шууд өөрийнхөө үзэмжээр хандаагүй, ажлын хэсэг байгуулж, тухайн комисс, хариуцсан албан тушаалтнуудын оруулсан шалгалтын үндсэн дээр дээрх тушаалыг гаргасан байгаа гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Быг Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Их сургуулиас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4 411 915 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Мд даалгаж, нэхэмжлэгч Б.Б нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын Их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид нийт 85 540 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Б.Быг Сургалтын журмын 4.6.12.6, 4.6.12.8 заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон гэж дүгнэсэн байх боловч түүнийг уг журмыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй байна. Б.Б Сургалтын журам зөрчсөн нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн үндэслэлгүй юм. Сургалтын журмын 4.2.5.1-т зааснаар бакалаврын өдөр, орой, эчнээ хөтөлбөрийн элсэлтийг жилд 1 удаа зохион байгуулж М-ийн захирлын тушаалаар элсүүлдэг. Ажлын хэсгийн дүгнэлт, Хууль зүйн сургуулийн 2017 оны 3 сараас хойш хөтөлбөр өөрчлөлт оруулсан оюунтнуудын мэдээллээс үзэхэд тус сургуулийн Сургалтын албаны мэргэжилтнүүд дүн засварлахын тулд өдрийн ангийн оюутнуудыг эчнээ ангид суралцдаг болгож өөрчилж мэдээллийн системд хуурамч бүртгэл оруулсан буюу хуурамч баримт бичиг үйлдсэн ноцтой зөрчил гаргасан. Тухайлбал, Э.Тэнгис гэж оюутан хэзээ ч М-ийн бакалаврын эчнээ ангид элсэн орж байгаагүй. Гэтэл дүн засахын тулд Э.Тэнгисийг эрх зүйн бакалаврын эчнээ ангийн оюутан болгож оруулсан нь хуурамч бүртгэл юм. 64 суралцагчийн хөтөлбөрт өөрчлөлт оруулсан. Яагаад Б.Быг журам зөрчсөн гэж үзэж байна вэ гэхээр хөтөлбөр өөрчилсөн бүртгэл оруулах эрх гагцхүү нэхэмжлэгчид олгогдсон байдаг. Иймээс хуурамч бүртгэл мэдээллийг оруулсан нь тогтоогдож байхад шүүхээс Б.Б Сургалтын журам зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй.

Сургалтын журмын 4.6.12.8-д зааснаар “...суралцагч дараагийн улирлын эхний 1 сард багтаан шалгуулахгүй бол сургалтын албанаас F дүн тавина...” гэж заасан. Үүний дагуу дараагийн улирлын эхний 1 сараас хойш дүн оруулах сиси мэдээллийн систем хаагддаг. Гэтэл Хууль зүйн сургуулийн сургалтын албанаас эдгээр журамд заасан хугацааг хэтрүүлэн дүн оруулснаас гадна хаалттай мэдээллийн системд хуурамч бүртгэл хийж дүн засварласан. Иймд Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны мэргэжилтэн Б.Б нь М-ийн Сургалтын журмыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан болно. Энэ бүх хөтөлбөр сольсон буюу мэдээллийг өөрчилсөн зорилго нь суралцагчдын дүнг засварлахын тулд өөрчилсөн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. М-ийн Дүрмийн 2.1-т “М нь Шинжлэх ухаан, технологийн ололт, сургалтын нийтлэг шаардлага, нийгмийн эргэлтэд тулгуурласан бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхэлж, мэргэжлийн болон иргэний өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, чадавхижуулах үндсэн чиг үүрэгтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, сургалтын үйл ажиллагаа эрхлэх нь М-ийн үндсэн чиг үүрэг байдаг. Гэтэл оюутнуудын бүртгэл мэдээллийг хуурамчаар үйлдэх, дүнг засварлах зэрэг нь М-ийн үнэт зүйл үндсэн чиг үүрэгт ноцтой харш үйлдэл юм.

Иймд шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй тул хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Мд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч М нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/296 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2, ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт, захиргааны зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн мөн өдрөөр тасалбар болгон хууль зүйн сургуулийн сургалтын албаны хөтөлбөр хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх 8/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн боловч уг харилцааг дуусгавар болгосон дээрх тушаалд заасан зөрчил тогтоогдоогүйн гадна хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тухайлан тохиролцоогүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад нийцжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Быг Монгол Улсын Их сургуулийн сургалтын журмын 4.6.12.6 “Шалгагч багш дүнгээ шалгалт авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор мэдээллийн системд оруулах үүрэгтэй. Шалгагдвал зохих суралцагчийн нэрс, өөрийн тавьсан дүн бүхий хуудсыг хэвлэн, хянаж гарын үсгээр баталгаажуулан сургалтын албанд хүлээлгэн өгнө. Сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтэн хүлээн авч баталгаажуулна. Гараар хийсэн шалгалтын хуудас хүчингүй”, 4.6.12.8 “Хүндэтгэх шалтгаангүйгээр улирлын шалгалтанд ирээгүй суралцагчид F буюу “хангалтгүй” үнэлгээ тавина. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол нотлох баримтыг үндэслэн Е тэмдэглэгээ хийнэ. Нотлох баримтыг өргөдлийн хамт шалгалт авснаас хойш 3 хоногийн дотор багшид өгнө. Багш нотлох баримт өргөдлийг дүнгийн жагсаалтын хамт сургалтын албанд өгнө. I, Е тэмдэглэгээтэй суралцагч дараагийн улирлын эхний 1 сард багтаан шалгуулахгүй бол сургалтын албанаас F дүн тавина” гэж заасныг зөрчсөн, сургалтын мэдээллийн системд суралцагчдын төлөв сольж, дүн засварласныг ажлын хэсэг шалгаж, дүгнэлтээр тогтоогдсон нь ноцтой зөрчил гэж хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ тодорхойлсон байна.

 

Хариуцагч байгууллагаас томилогдсон ажлын хэсэг тухайн асуудлаар шалгалтыг явуулж, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан дүгнэлтдээ нийт 151 дүнгээс 5 оюутны 8 дүн зөвшөөрөгдөөгүй,  мэргэжилтэн Б.Б сургалтын журмын 4.6.12.6, 4.6.12.8 заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзсэн боловч тухайн зөрчил тус бүрийг дүнгээ цаг хугацаанд нь оруулаагүй нэр бүхий 18 багш, зөвшөөрөлгүй нөхөн шалгалт авсан 16 багшийн үйл ажиллагаатай холбоотой болохыг дүгнэжээ. /хх 53-67/

 

Ажил олгогчийн ажлаас халсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, сургалтын журам, тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үзвэл сургалтын албаны хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажил үүрэгт тухайн зөрчил хамааралгүй гэх нэхэмжлэгч Б.Бы тайлбар үндэслэлтэй байх бөгөөд “Сургалтын журам”-ын дурдсан заалтыг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу биш байна.

 

Мөн нэхэмжлэгч Б.Бы гаргасан гэх зөрчлийг тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох  ноцтой зөрчилд тухайлан заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА