Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

 

 

                                 2021/ШЦТ/182

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: С.Батсүх

            Хохирогч: Б.С

            Хохирогчийн өмгөөлөгч: В.Удвал

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр   

Шүүгдэгч: Б.З

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Зд холбогдох 2112000000178 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн нутаг Шовх гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй Б овогт Бийн З /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.З нь өөрийн эхнэр болох хохирогч Б.Сийг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сард муухай хоол хийлээ гэх шалтгаанаар гараараа толгой руу нь цохиж зодсон, 2021 оны 02 дугаар сард шөнө босож, хоол хийсэнгүй гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, толгой болон нуруу руу нь цохиж зодсон, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бусадтай хардсаны улмаас үснээс нь зулгааж, нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох хохирогч Б.Сийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бусадтай хардсаны улмаас үснээс нь зулгааж, нүүр, хүзүү, толгой хэсэгт нь гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд хохирогч Б.С мэдүүлэхдээ: Цагаан сарын үеэр манай аав ээжийнд очиж золгосон. Тэр үед хажуу айлд нь мөн золголт хийгээд орсон бөгөөд тэр айлын нөхөрт цагаан сарын бэлэг болгож шоколад өгсөн гэтэл манай нөхөр тэр залуутай ямар харилцаатай юм, та 2 унтдаг биз дээ гэж хэлээд хардалтын улмаас зоддог. Мөн буяны ажилд явж ирээд хоол хийгээгүй байна гээд надад гар хүрсэн. Хадам ээж минь намайг нөхөр нь ирж байхад хоол тавьдаггүй нөхөртөө зодуулж байхдаа таарсан гэж хэлдэг байсан. Хадам ээжтэй маргалдах үед ээжийгээ өмөөрөөд байнга зодож, цохидог байсан. Би гомдолтой байна

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000178 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сийн мэдүүлсэн: ...Манай хонь хаврын өвсний хордлогоор үхээд байсан. Мөн хургаа засаад ажил ихтэй байсан. Энэ үеэр нөхөр Б.З бид хоёр айл хэсэж явж байгаад гэртээ 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн орчимд харих гээд “Портер” маркийн машинтай Батцэнгэл сумын Улаанчулуу багийн нутаг Улаанчулууны овоо гэх газарт явсан юм. Би машин дотор хүүхдээ хөхүүлээд ядраад нойр хүрээд унтаж явсан. Тэгтэл манай нөхөр Б.З гэнэт уурлаад чи яах гэж Нд шоколад өгч байгаа юм, чи Нтой унтсан юм уу гэж асуугаад байсан. Би үгүй, тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Ингэж хэрүүл өдөж явсан. Би нөхөр Б.Зд одоо больё, цаашдаа хамт амьдарч чадахгүй гэж хэлсэн. Ингэж ярьж явж байхдаа машинаа зогсоохгүй миний үснээс зулгааж, толгой руу, нүүр, ам руу гараараа цохиод, зодсон. Миний толгой руу болон хүзүү рүү манай нөхөр З гараараа олон удаа цохиж, зодсон. Би хүүхдээ хажуудаа суулгаж байгаад машиных нь цонхоор үсрээд газарт унасан. Би өөрөө туранхай болохоор машины цонхоор багтаад үсэрсэн. Газарт унахдаа нуруугаараа дээшээ хараад унасан. Надад харин аз таарсан байх, чулуу таараагүй, газарт унасан юм. Тэгээд нөхрөөсөө зугтаагаад гэр рүүгээ гүйсэн. Араас манай нөхөр гүйж ирээд намайг барьж авсан. Манай нөхөр Б.З хайраа уучлаарай, би дахин ингэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамтай дахин хамт амьдарч чадахгүй гэж хэлсэн. Манай нөхөр З намайг гэртээ авч харина гээд гуйгаад байхаар нь би гэртээ харихгүй гээд яваагүй. Манай нөхөр миний гараас чанга барьчихаад явуулахгүй байсан. Тэгж байгаад гэр рүүгээ гүйгээд харьсан. Манай нөхөр Б.З миний араас машинаараа хөөгөөд байсан. Тэгж байгаад Б.З өөрөө гэртээ харьсан. Би айсандаа гүйсээр байгаад гэртээ ирсэн. Миний уруул руу аймаар чанга цохисноос болоод цай ууж чадахгүй байсан. Гэртээ 2 хоног хэвтэрт байсан. Миний толгой өвдөөд чихээр хатгаж, нуруу өвдсөн. Үүнээс өмнө 2021 оны 02 дугаар сарын сүүлээр байх, сар, өдрийг нь нарийн санахгүй байна, манай нөхрийн хамаатан Ламсүрэн өвөө нас барсан бөгөөд ажил явдалд манай нөхөр Б.З, ээж, ах, дүү нартайгаа хамт аймгийн төв рүү машинтай явсан. Тэгээд 2 хоноод буцаад орой шөнө дунд ирсэн. Шөнийн 02 цагийн үед ирсэн бөгөөд ирээд шөнө намайг боссонгүй, хоол хийсэнгүй гэж уурласан. Би нөхрийгөө өглөө ирэх байх гэж бодсон. Би бууз хийгээд хөлдөөсөн байсан. Манай нөхөр Б.З өөр хоол хийлгэнэ, халуун цай, халуун хоол иднэ гэж ярьсан. Би босох гэтэл үснээс зулгаагаад толгой болон нуруу руу цохиж намайг орноос татаж буулгаад зодсон. Би уурлаад бэлэн чанасан бууз байгаа халаагаад идээч, би өдөр ганцаараа малд яваад ядарч байна гэж хэлээд уйлсан. Ингэж хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл манай нөхрийн ээж болон хадмууд намайг учир зүггүй загнаад байсан. Ингэж өмнө нь зодуулсан. Тухайн үедээ толгой өвдсөн. Толгой хөндүүр болчихсон байсан. Хоёроос 3 хоноод толгой гайгүй болсон юм. Үүнээс өмнө 2020 оны 12 дугаар сард манай нөхөр З намайг муухай хоол хийлээ гэж хэрүүл хийсэн. Би нэг удаа цуйван хийсэн чинь гурил нь бага зэрэг наалдсан байсан. Энэ үед мөн намайг гэртээ зодож үснээс зулгаагаад авдар руу шахаж дээрээс дараад толгой руу цохиод, зодсон. Ингэж гэртээ орилж пижигнэж байхад манай хадам ээж Огэрт орж ирээд салгасан. Манай хадам ээж хоол асгасан байгааг хараад хайран хоол, хайран хоол гэж яриад байсан. Намайг зодуулж байхад юм ярихгүй байж асгасан хоолонд харамсаад байсан. Би их гомдож, дотроо бухимдаж байгаад хэд хоноод гайгүй болчихсон. Тэр үедээ толгой өвдөөд бас л босч чадахгүй байсан. Би нөхрөөсөө тусдаа унтсан. Хэсэг хугацааны дараа би өөрийнхөө аав, ээжийн сэтгэлийг хямраагаад яах вэ гэж бодоод нуугаад өнгөрсөн. Иймэрхүү байдлаар манай нөхөр намайг загнаад, зодож байсан асуудлууд байгаа юм. 2021 оны 04 дүгээр сард нэг өдөр манайх хурга, ишгээ хаших гэж байхад манай хүү малын хашаан дээрээс уначихсан байсан. Тэгэхээр нь би 2 нас хүрэх гэж байгаа хүүгээ уйлахаар нь тэвэрсэн. Энэ үед манай хадам ээж болон хадмууд загнаад байсан. Мөн би зурагтаар гарсан сугалаанд 20.000 төгрөгөөр орсон чинь энийг манай хадам ээж Омэдээд гэрт ирж ирээд намайг загнаад чи ямар мөнгөөр сугалаанд ороод байгаа юм, чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө хүүхдийн асаргааны төрөөс өгч байгаа 50.000 төгрөгийнхөө 20.000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Манай хадам ээж Оманай хоёрын гэр нэг данс тооцоотой болохоор манай хадам ээж байнга л амьдралд оролцож байдаг болохоор надад маш их хэцүү байдаг юм. Хадам ээжийн энэ асуудал нь манай нөхрийн намайг зодсон асуудалд хамаагүй байх. Миний уруул хөхөрч хавдсан. Толгой хавдсан байсан. Нуруу их өвчтэй, зарим газраа хавдсан бололтой байсан. Өмнө нь зодуулж байсан асуудалд бол надад одоо учирсан гэмтэл байхгүй. Тухайн үедээ толгой өвдөөд, хөхөрсөн байсан хэсгүүд нь одоо зүгээр болчихсон болохоор гэмтэл гаргахгүй байх. Гараараа цохиж, зодсон юм. Манай хадам ээж О, манай эгч Н, манай аав Б, ээж М, манай нөхрийн эгч Б, Бы нөхөр Б, манай ээжийн төрсөн дүү О, манай нөхрийн дүү Бийн эхнэр нар мэднэ. Манайхан бүгдээрээ мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сийн дахин мэдүүлсэн: ...Би өмнө нь өөрийн нөхөр Б.Зд зодуулж байхдаа эмнэлэг болон эмчид үзүүлж байгаагүй. Учир нь бид хоёр хоорондоо эвлэрдэг байсан болохоор эмчид үзүүлж байгаагүй. Манай нөхөр Б.З нь хартай. Манай гэрт эрэгтэй хүн ирээд би өөдөөс нь мэндлэхээр чи яахаараа энэ хүмүүстэй мэндэлдэг юм гэх зэргээр хардаж, энэ хүн чиний юу юм гээд хардаж зоддог. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би өмнө нь зодуулж байхдаа огт цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Харин сая зодуулахдаа цагдаагийн байгууллагад хандсан юм. Би нөхөр, хүүхдээ бодоод цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан юм. Мөн аав, ээжийнхээ санааг зовоочих юм болов уу гэж бодоод хэлдэггүй байсан юм. Тэгсэн чинь өөрийг нь өмөөрөх тусам даварсан. Бид албан ёсны гэр бүлийн батлахтай. 2019 онд анх гэр бүл болж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ огт зодож, цохидоггүй. Харин эрүүл үедээ зодож цохидог...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нийн мэдүүлсэн: ...Манайх аймгийн төвд байдаг юм. 2021 оны 06 дугаар сарын эхээр манай ахын төрсөн охин Б.С нөхөр Б.Зд зодуулсан гээд Батцэнгэл сумаас манайд ирсэн. Тэр үед нь уруул нь хавдсан, хөхөрсөн, гэмтэл учирсан байсан. Манайд ирснээс хойш чих болон толгой нь өвдсөн зовуурьтай хэд хоног байсан юм. Надад С ярихдаа “Портер” машины цонхоор үсэрч зугтаасан, үсдэж зодуулсан гэж ярьсан. Сийн ярьсан яриагаар бол нөхөр Б.З нь зүгээр байж байгаад хардаж, зоддог гэж ярьсан. 2020 оны өвөл намайг Батцэнгэл суманд байхад нөхөр Б.Зд зодуулсан гээд гэртээ ирчихсэн байсан гэсэн. Манай ах, эгч хоёр охиноо хэсэг тэвчиж байгаад сүүлдээ охиноо авч байгаа гэж ярьсан. Саяхан зодуулаад ирэхэд нь зөвхөн нүүрэн дээрх гэмтлийг нь гар утсаар дарж зургийг нь авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бийн мэдүүлсэн: ...З 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сийг нэг удаа цохисон гэж дуулсан. Түүнээс яг хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Түүнээс өмнө зодож, цохидог байсан талаар мэдэхгүй. Би тэр үед нь байгаагүй. Тийм болохоор мэдэхгүй байна. З, С нарыг маргалдсанаас хойш Стэй уулзаагүй. Тийм болохоор биеийн ил харагдах хэсэгт гэмтэл шарх байсан үгүйг мэдэхгүй байна. Гэр бүлийн хоорондын харилцаа холбоо хамаарал нь байнгын хэрүүл, маргаантай байдаг юм шиг байна лээ. Түүнээс надад өөр мэдэх зүйл байхгүй. Зг С 2-3 удаа зодож, цохисон байсан. Тэр үед би байсан бөгөөд яг зодож байх үед нь байгаагүй малд яваад ирсэн чинь З толгойгоо хаглуулчихсан гээд байж байсан. З нь хүний үгнээс гардаггүй, төлөв даруу томоотой, харин С нь дэндүү түргэн уур уцаартай, ширүүн зантай хүүхэд байгаа юм. Зг байнга дээрэлхэж өөрийнхөө эрхэнд байлгах гэсэн зорилготой хүн байх шиг харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Агийн мэдүүлсэн: ...З 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сийг нэг удаа цохисон гэж дуулсан. Түүнээс яг хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй. З эхнэр болох Сийг зодож, цохиод байдаггүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Учир нь хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Ямар ч байсан сонсоход Сийг Зн нэг удаа цохисон гэж дуулсан бөгөөд өөр нарийн ширийн зүйл сонсоогүй. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй. Гэр бүлийн хооронд хэрүүл, маргаан болж байдаг. Түүнээс надад өөр мэдэх зүйл байхгүй. З нь хүний үгнээс гардаггүй, төлөв даруу томоотой хүүхэд байгаа юм. Харин С нь дэндүү түргэн уур уцаартай, ширүүн зантай хүүхэд байгаа юм. Зг байнга дээрэлхэж өөрийнхөө эрхэнд байлгах гэсэн зорилготой хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/

           

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бийн мэдүүлсэн: ...З 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сийг нэг удаа цохисон гэж дуулсан. Түүнээс яг хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй. З эхнэр болох Сийг зодож, цохиод байдаггүй. С харин Зг зодож, цохидог гэж дуулсан. Түүнээс зодож байхыг нь хараагүй. Уг нь бол хоорондоо эвтэй найртай хүмүүс шиг харагддаг. Би уулзаагүй болохоор биеийн ил харагдах хэсэгт гэмтэл, шарх байсан үгүйг мэдэхгүй байна. Ер нь бол байнгын хэрүүл маргаантай байдаг. З нь төлөв даруу, архи дарс хэрэглэдэггүй, бага зэрэг түргэн ууртай хүн байгаа юм. Харин С бол их ааштай хүний үгэнд ордоггүй хүн байгаа юм. Үүнээс болж тухайн хэрүүл, маргаан болдог байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/

           

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Бын мэдүүлсэн: ...Манай дүү Б.З нь Сийг удаа дараалан зодож, цохисон ямар нэгэн асуудал байхгүй. Харин С     нь нөхрийгөө  зоддог. Мөн нөхрийнхөө толгой руу аяга шидэж толгойг нь хагалсан байсан. Халуун цай өвөр хэсэг буюу цээжин хэсэг рүү цацсан байсан. Мөн хөлийг нь хазаж ором гаргасан байсан. Миний харсан зүйл энэ. Харин 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай дүү З нь Сийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиж уруул руу цохисон байсан. Өөр цохиж, зоддог асуудал байхгүй. Би тэр үед хажууд байгаагүй. Харин сүүлд    сонсоход Сийг З цохисон гэж дуулсан. Түүнээс мэдээгүй байсан. Ер бол эвтэй найртай байдаг. Зарим үед жижиг сажиг ялихгүй зүйл дээр болж хоорондоо хэрэлдэж маргалддаг юм шиг байна лээ. Түүнээс өдөр болгон хэрэлдэж, маргалдаад байдаггүй. З нь төлөв даруу, архи дарс хэрэглэдэггүй, бага зэрэг түргэн ууртай хүн байгаа юм. Харин Сийн хувьд хүний үг сонсохдоо муу, дандаа өөдөөс эсэргүү зүйл ярьдаг, огцом ууртай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мын мэдүүлсэн: ...Манай охин Зтай нэг гэр бүл болоод 2 жил болсон. Энэ хугацаанд манай охиныг хардаж, сэрдэж зодож, цохиж дарамталж, гэр бүлийн хүчирхийлэлд манай охин байсан. Энэ оны 06 дугаар сарын 04-ний өдөр миний охин Сийг З зодож улмаар манай охин С зодуулчихаад гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ уруул нь хөхөрсөн, биеийн хэсгээр жижиг хөхөрч хавдсан байдалтай уйлсаар гэрт ирсэн. Тэгсэн чинь манай хүүхдийг З гэртээ чамайг харих юм бол ална гэж заналхийлсэн байсан. Ийм дарамтад охиноо байлгаж чадахгүй гээд охиноо Згаас салгаж авсан юм. Одоо болтол манай охин гэр бүлийн дарамтанд байсан шокоосоо гараагүй байгаа. Мөн гэр бүлийн дарамтад байсан гэж өөрөө надад хэлсэн. Зд зодуулчихаад гэртээ ирэхдээ уруул нь их хавдсан байсан. Тухайн хавдсан байсан зургийг нь гар утсан дээр дарж авч өргөдөлтэйгөө хамт өгсөн. Мөн гуя, нуруу, гарын булчин орчим газруудаар жижиг, жижиг хөхөрч хавдсан байсан. Ер нь бол ил харагдах ийм гэмтлүүд л байсан. Манай охин Сийг өөрийн ярьж байгаагаар байнгын дарамтад зодуулж цохиулаад байж байсан гэж ярьсан. Түүнээс би яг нүдээрээ хараагүй болохоор нарийн учрыг нь мэдэхгүй байна. Манай гэр Зн гэрээс хол зайтай байдаг. Манай охин С нь хүүхдээрээ ааштай, элдвийн ямар нэгэн буруу зан араншингүй хүүхэд байгаа юм. Зтай гэр бүл болсноос хойш ааш зан нь эвдэрсэн. Харин З нь миний охины ярьж байгаагаар дандаа өөрөө эхэлж хэрүүл өддөг бөгөөд үүний улмаас байнга хэрэлдэж маргалддаг гэж ярьсан. Зн хувьд хатуу хэрцгий, хүнийг хайрлах сэтгэл байхгүй, байнгын дарамтанд байлгах зорилготой хүн шиг харагдсан. Миний нүдэн дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа харагдаагүй. Миний нүднээс далдуур хэрэглэдэг гэж манай охин ярьсан. Эрүүл үедээ хоорондоо хэрэлдэж маргалддаг гэсэн. Түүнээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрэлдэж маргалддаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...Би дэргэд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай охины ярьж байгаагаар удаа дараа зодож, цохиж харддаг. Мөн сайн уу гэсэн хүнтэй хардаж сэрддэг. З нь авгай авсан биш, зарц маягаар байлгаж, сэтгэл санааны дарамтанд байсан гэж ярьсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай охин Сийг зодож уруулыг нь хавтгаж, хөлийг хөхрүүлсэн байсан бөгөөд зодуулчихаад гэртээ ирсэн. Ирээд 2-3 хоног сэтгэл санааны хямралд орж хэвтэрт байсан. Биеийн байдал нь гайгүй болохоор нь Батцэнгэл сумын цагдаад өргөдөл өгсөн юм. Зд зодуулчихаад гэртээ ирэхдээ уруул нь их хавдсан байсан. Тухайн хавдсан байсан зургийг нь гар утсан дээр дарж авч өргөдөлтэйгөө хамт өгсөн. Мөн гуя, нуруу, гарын булчин орчим газруудаар жижиг, жижиг хөхөрч хавдсан байсан. Ер нь бол ил харагдах ийм гэмтлүүд байсан. Сийг З нь сайн уу гэж мэндэлсэн хүнтэй нь хардаж улмаар тухайн хэрүүл маргаан үүсдэг гэж ярьсан. Манай охин Улаанбаатар хот руу 2 жил гаруй сургуульд сурч ирэхдээ ааш зан нь эвдрээгүй ирсэн. Харин Зтай гэр бүл болсноос хойш ааш зан нь эвдэрч сэтгэл санааны шооконд орсон. Зн ааш зан нь их эвдэрсэн хүүхэд шиг харагдсан. Ер нь бол уур уцаартай хүн шиг санагдсан. Миний нүдэн дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа харагдаагүй. Эрүүл үедээ хоорондоо хэрэлдэж маргалддаг. Түүнээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрэлдэж маргалддаггүй. Би бол нүдээрээ хараагүй. Харин манай охин өөрөө надад хэлэхдээ удаа дараа цохидог байсан гэж хэлсэн. Үр хүүхэд нь гарчихсан юм болохоор засарчих байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хэлж байгаагүй гэж надад хэлсэн. Мөн аав, ээжийнхээ санааг зовоогоод нуугаад байсан юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Цын мэдүүлсэн: ...Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй. З С нарыг хоорондоо хэрэлдэж маргалддаг гэж манай нутгийн хүмүүс ярих юм байна лээ. Түүнээс яг хэрэлдэж маргалдаж байхыг нь хараагүй. Би Стэй огт уулзаж байгаагүй бөгөөд зүс танихаас цаашгүй. Уулзаж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Зн эхнэр С их ааштай хүн байна лээ, нөхрөө үсдэж мааждаг, гэртээ авсан усыг нь уухгүй гээд гаргаж шиддэг гэж манай нутгийн хүмүүс болон голынхон маань тэгж ярьж байсан. Сийг ямар ааш араншинтай хүн гэдгийг нь мэдэхгүй. Хүмүүсийн амаар бол их ааштай хүн гэж ярих юм байна лээ. Харин З даруухан, төлөв томоотой, гэр орноос гарч болох бүтэхгүй хүүхдүүдтэй нийлдэггүй хүүхэд байгаа юм. Би Зг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байхыг нь огт хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Чийн мэдүүлсэн: ...З тэгж эхнэрээ зоддог хүн биш байх, тайван дөлгөөн хүн байгаа юм. Хааяа очихоор их л эвтэй найртай хүмүүс шиг харагддаг. 2021 оны 04 дүгээр сард гэрт нь очиж мал асууж очсон. Түүнээс хойш уулзаагүй. Нэг их дотно биш, гэр бүлийн найзууд байгаа юм. Б.З, Б.С нар ямар нэгэн элдвийн буруу зан араншингүй, тайван дөлгөөн хүмүүс шиг харагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Агийн мэдүүлсэн: ...Зн гэрт хааяа очихоор хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байдаггүй, эвтэй найртай юм шиг харагддаг. 2021 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр уулзсан бөгөөд түүнээс хойш уулзаагүй. Нэг их дотно биш, гэр бүлийн найзууд байгаа юм. Б.З, Б.С нар ямар нэгэн элдвийн буруу зан араншингүй, тайван дөлгөөн хүмүүс шиг харагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Оийн мэдүүлсэн: ...2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай хүүхэд Б.З нь хадмындаа эхнэр Сийн хамт оччихоод буцаад харих замдаа маргалдаж улмаар манай хүүхэд Б.З нь эхнэр Сийг нэг удаа гараараа цохичихсон юм шиг байна лээ. Түүнээс манай хүүхэд  Б.З нь Сийг зодож цохидог асуудал байхгүй. Харин З өөрөө Ст зодуулчихдаг. Уруул нь хөхөрч хавдсан харагдсан. Өөр ил харагдах гэмтэл байхгүй. Манай хүүхэд малдаа явж ирээд хоол цай хийгээд өг гэхээр өөрөө хийгээд ав гэсэн шалтгаанаас болж хэрүүл маргаан болдог. Түүнээс ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй. Ялимгүй зүйлээс болж хэрэлдэж маргалддаг. Манай бэр С ер нь их ааштай хүн байгаа юм. Хүний үг сонсохгүй, даахгүй сав л хийвэл өөдөөс уурлаж уцаарлаад байдаг хүүхэд байгаа юм. Харин З огцом ууртай. Түүнээс төлөв даруу, элдвийн буруу зан араншингүй хүүхэд байгаа юм. Эрүүл үедээ хоорондоо хэрэлдэж маргалддаг. Түүнээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрэлдэж маргалддаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Зн мэдүүлсэн: ...2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хадам аавынд эхнэр Сийн хамт оччихоод буцаад гэртээ харих гээд буюу Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багийн Шовх гэх газар руу явж байсан. Замдаа эхнэртэйгээ юм яриад явж байгаад би эхнэртээ хандаж чи айлд ороод хүмүүстэй аятайхан харьцаж бай гэж хэлсэн чинь манай эхнэр С гэнэт уурлаж миний үснээс зулгааж, гараас хазахаар нь би унаж явсан машинаа зогсоогоод эхнэр Сийн уруул руу нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь С машины цонхоор гараад гутлаа тайлаад хөл нүцгэн гутлаа бариад гүйсэн. Араас нь би хүүхдээ тэврээд явж очоод уучлалт гуйсан чинь намайг хүүхдээ аваад чи зайлахгүй юу, би чамаас саллаа гэж хэлээд өөрийнхөө ээж, аавынхаа гэр рүү явган алхаад явсан. Би хүүгээ аваад өөрийн гэр рүү харьсан. Тухайн үед бол ийм л зүйл болсон. Түүнээс би 2021 оны 2 сард эхнэр Ст нэг ч удаа гар хүрээгүй. Би өөрийн эхнэртээ хандаж чи айлд ороод хүмүүстэй аятайхан харьцаж бай гэж хэлсэн чинь миний өөдөөс уурлаж, үснээс зулгааж, гар хазаж нулимахаар нь миний уур хүрч уруул хэсэг рүү нэг удаа цохисон юм. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би хийсэн хоолыг нь заримдаа амт муутай, давс нь ихэдсэн байна гэж хэлдэг. Тэгэхээр манай эхнэр С нь чи гар хөлтэй юм бол өөрөө хоолоо хийж ид гэж уурладаг. Түүнээс би огт гар хүрч үзээгүй. Зодож, цохиогүй. Бид хоёр албан ёсны гэр бүл. Мөн бид хоёр 2019 оны 8 дугаар сард гэр бүл болж байсан. Би тэгж байнгын гар хүрч, зодож, цохиж байгаагүй. Харин бид хоёр ам зөрж маргалддаг нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 195 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Сийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн дотор талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугуйн дотор талын зулгаралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 06-07 хуу/

 

            Амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 08-11 хуу/

            Б.Зн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 хуу/

            Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.З нь хохирогч Б.Сийг 2020 оны 12 дугаар сард, 2021 оны 02 дугаар сард, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус тус зодож эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.З нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Б.З нь хохирогч Б.Сийг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сард муухай хоол хийлээ гэх шалтгаанаар гараараа толгой руу нь цохиж зодсон, 2021 оны 02 дугаар сард шөнө босож, хоол хийсэнгүй гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, толгой болон нуруу руу нь цохиж зодсон, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бусадтай хардсаны улмаас үснээс нь зулгааж, нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                                                                                              

           мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сийн мэдүүлсэн “2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр Б.З гэнэт уурлаад чи яах гэж Нд шоколад өгч байгаа юм, чи Нтой унтсан юм уу гэж асуугаад байсан. Би үгүй, тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Би нөхөр Б.Зд одоо болъё, цаашдаа хамт амьдарч чадахгүй гэж хэлсэн. Ингэж ярьж явж байхдаа машинаа зогсоохгүй миний үснээс зулгааж, толгой руу, нүүр, ам руу гараараа цохиод, зодсон. Би хүүхдээ хажуудаа суулгаж байгаад машиных нь цонхоор үсрээд газарт унасан. Би өөрөө туранхай болохоор машины цонхоор багтаад үсэрсэн. Газарт унахдаа нуруугаараа дээшээ хараад газарт унасан юм. Тэгээд нөхрөөсөө зугтаагаад гэр рүүгээ гүйсэн. Араас манай нөхөр гүйж ирээд намайг барьж аваад хайраа уучлаарай, би дахин ингэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамтай дахин хамт амьдарч чадахгүй гэж хэлсэн. Манай нөхөр З намайг гэртээ авч харина гээд гуйгаад байхаар нь би гэртээ харихгүй гээд яваагүй. Манай нөхөр миний гараас чанга барьчихаад явуулахгүй байсан. Тэгж байгаад гэр рүүгээ гүйгээд харьсан. Манай нөхөр Б.З миний араас машинаараа хөөгөөд байсан. Тэгж байгаад Б.З өөрөө гэртээ харьсан. Би айсандаа гүйсээр байгаад гэртээ ирсэн. Миний уруул руу аймаар чанга цохисноос болоод цай ууж чадахгүй байсан. Гэртээ 2 хоног хэвтэрт байсан. Миний толгой өвдөөд чихээр хатгаж, нуруу өвдсөн. Би босох гэтэл үснээс зулгаагаад толгой болон нуруу цохиж, намайг орноос татаж буулгаад зодсон. Би уурлаад бэлэн чанасан бууз байгаа халаагаад идээч, би өдөр ганцаараа малд яваад ядарч байна гэж хэлээд уйлсан. Ингэж хоорондоо хэрэлдэхээр нь манай нөхрийн ээж болон хадмууд намайг учир зүггүй загнаад байсан. Ингэж өмнө нь зодуулсан. Би нэг удаа цуйван хийсэн чинь гурил нь бага зэрэг наалдсан байсан. Энэ үед мөн намайг гэртээ зодож үснээс зулгаагаад авдар руу шахаж дээрээс дараад толгой руу цохиод зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нийн мэдүүлсэн “2021 оны 06 дугаар сарын эхээр манай ахын төрсөн охин Б.С нөхөр Б.Зд зодуулсан гээд Батцэнгэл сумаас манайд ирсэн. Тэр үед нь уруул нь хавдсан, хөхөрсөн гэмтэл учирсан байсан. Манайд ирснээс хойш чих болон толгой нь өвдсөн зовуурьтай хэд хоног байсан юм. Надад С ярихдаа “Портер” маркийн машины цонхоор үсэрч зугтаасан, үсдэж зодуулсан гэж ярьсан. Сийн ярьсан яриагаар бол нөхөр Б.З нь зүгээр байж байгаад хардаж зоддог гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бийн мэдүүлсэн “З 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сийг нэг удаа цохисон гэж дуулдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Агийн мэдүүлсэн “Ямар ч байсан сонсоход Сийг З нь нэг удаа цохисон гэж дуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,

            мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бийн мэдүүлсэн “З 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сийг нэг удаа цохисон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

            мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Бын мэдүүлсэн: ...“2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай дүү З нь Сийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиж, уруул руу цохисон байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мын мэдүүлсэн “манай охин С зодуулчихаад гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ уруул нь хөхөрсөн, биеийн хэсгээр нь жижиг хөхөрч хавдсан байдалтай уйлсаар гэрт ирсэн. Тэгсэн чинь манай хүүхдийг З гэртээ чамайг харих юм бол ална гэж заналхийлсэн байсан. Зд зодуулчихаад гэртээ ирэхдээ уруул нь их хавдсан байсан. Тухайн хавдсан зургийг гар утсан дээр дарж авч өргөдөлтэйгөө хамт өгсөн. Мөн гуя, нуруу, гарын булчин орчим газруудаар нь жижиг, жижиг хөхөрч хавдсан байсан. Манай охин Сийг өөрийнх нь ярьж байгаагаар байнгын дарамтад зодуулж цохиулаад байж байсан гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн “манай охины ярьж байгаагаар удаа дараа зодож, цохиж харддаг. Мөн сайн уу гэсэн хүнтэй хардаж сэрддэг. З нь авгай авсан биш зарц маягаар байлгаж, сэтгэл санааны дарамтанд байсан гэж ярьсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай охин Сийг зодож уруулыг нь хавтгаж, хөлийг нь хөхрүүлсэн байсан. Зодуулчихаад гэртээ ирсэн бөгөөд ирээд 2-3 хоног сэтгэл санааны хямралд орж хэвтэрт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Оийн мэдүүлсэн “2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай хүүхэд Б.З нь хадмындаа эхнэр Сийн хамт оччихоод буцаад харих замдаа маргалдаж улмаар манай хүүхэд Б.З нь эхнэр Сийг нэг удаа гараараа цохичихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97/,

 

            мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Зн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “манай эхнэр С гэнэт уурлаж миний үснээс зулгааж, гараас хазсан тэгэхлээр нь би унаж явсан машинаа зогсоогоод эхнэр Сийн уруул руу нь нэг удаа цохисон, тэгсэн С машины цонхоор гараад гутлаа тайлаад хөл нүцгэн гутлаа бариад гүйсэнгэх мэдүүлэг /хх-ийн 37-39/,

 

хохирогч Б.Сийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 195 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 06-07/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Бийн Зг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.З нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Б.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Зн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.Зн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтад хамаарч байх тул Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                                

             Шүүгдэгч Б.Зд холбогдох хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосон байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бийн Зг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Зд холбогдох 2112000000178 тоот эрүүгийн хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Б.З нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Б.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Зн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ