| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2016/0060/Э/211/2021/0021 |
| Дугаар | 2021/ШТ/119 |
| Огноо | 2021-06-18 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Хохирогчийн өмгөөлөгч: Ч.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Н.Г нарыг оролцуулан, гэрч М.М, Т.Д нарыг байлцуулан,
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогийн Г холбогдох 2012......................... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1980 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ...... аймгийн ......... сумын ....... дугаар баг, .......... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Нгийн Г /РД:А,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ........... сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэр ............ гэх газраас хохирогч Ч.А 13 тооны хонийг өөрийн 88-18 АРА улсын дугаартай автомашиныг ашиглан хулгайлж, түүнд 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012.................. дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Хохирогч Ч.А өгсөн: “...манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт оршин суудаг юм. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн хонийг би гэрийнхээ баруун тал руу Тамирын гол руу гаргасан. Тэр үед манай хонь тоогоор болон зүсээр бүрэн байсан. 10 дугаар сарын 09-ний өглөө хонио бэлчээрлэж байхад нь малаа бүртгэж үзэхэд содонгоос 2 тооны хар халзан ямаа болон 20 гаруй 30 орчим тооны хонь дутуу байсан. Тэгээд байхгүй байгаа хонио хайгаад Жын гэрт яваад очтол Жын хонь Мгийн хоньтой нийлсэн гээд хонио ялгаж байсан. Тэр хонь дотор манай 5 ямаа 5 болон 6 тооны хонь нийт 10 гаруй бог байсан. Би тэр хонь ямаануудыг ялгаж гэртээ авч ирсэн. Ж нь тухайн хонинуудыг М хониноос нийлсэн гэж хэлсэн. М нь манай хонь танай хоньтой нийлээгүй Ж худал ярьж байна гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө цас орж шуурсан юм. Би хонь ямааг шуурганд тасраад айлын хоньтой нийлсэн юм болов уу гэж бодсон юм. Тэгтэл миний 10 гаруй хонийг Г, Ж нар машинд ачаад аймгийн төв рүү оруулж Л зарсан байсан. Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр аймгийн төв ороод цагаан давааны постон дээр очоод хүнээс нь гуйж байгаад камер шүүтэл манай хонийг Г машин дээрээ ачаад аймаг орж байгаа бичлэг үлдсэн байсан. Би машины дэвшин дээр хонь ачсан байгаа зургийг нь гар утсан дээрээ аваад цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Г хамгийн эхлээд уулзахад би аймаг ороогүй, хонь ачиж яваагүй гэж хэлсэн. Би өөрөө араас нь мөрдөөд хонь ачиж аймаг орсныг нь мэдсэн байхад 13 хонь ачиж явсан 3 хурга үлдсэн захын урд тар руу гаргаж үлдээсэн гэж хэлсэн. Г, Ж нар манай хонийг тасдаж хулгайлсан байх гэж би бодож байгаа. Би хохирол төлбөр аваагүй, гомдолтой байна. Г, Ж 2 намайг доромжилж байгаа юм. Би 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд хонио өөрөө харж байсан. Манай хонь бэлчээрт байхдаа хүний хоньтой нийлээгүй. 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны шуурга болсон тэр үед эхнэр бид хоёр машинтай хонио хоргоосон болохоор тасраагүй байх. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн үед Тамирын голын урд хонио хэсэг хугацаанд орхиод явсан юм. Тэр М мотоцикльтойгоо эхнэртэйгээ хажуугаар явж байсан. Хэрэв манай хонийг тасдаж авсан бол 10 дугаар сарын 07-ны өдөр тасдаж авсан байх гэж бодож байна. Тэрнээс өөрөө хонь алга болох боломж байхгүй. Манай гэрээс Гийн гэр 6, 7 км зайтай. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны үед байсан. Манай хонь тэр үед тасраагүй, хэрэв тасарч явсан бол замд нь олон айл байдаг. Яагаад ч Хархад гэдэг уул руу очиж Гийн хоньтой нийлэх боломжгүй. Манай хониноос 30 гаруй хонь тоогоор дутуу байсан. Ойролцоо 3 айлын хониноос 10 гаруй хонь, ямаа олж авсан. Г, Ж нар 13 хонь аймаг оруулж зарсан байсан. Манайх 800 гаруй хоньтой болохоор нарийн тоо толгойг нь бүртгэж чаддаггүй юм. Л нь дандаа хулгай хийж очсон хүмүүсийн малыг авдаг гэж би бодож байна. Дээр үед Ж нь хулгай хийж очсон махыг авч байгаад баригдаж байсан. Тийм болохоор хуулийн дагуу шийдэж өгнө үү. Би хохирол 1.220.000 төгрөг болон хонио ирж байсан зардал 500.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 ху/,
*Хохирогч Ч.А өгсөн: “...Тухайн үед Гийнх манай гэрээс баруун урд зүгт 3 км гаруй зайтай байсан. Тухайн шөнө 23 цагаас 00 цагийн үед 30 минутын орчим үргэлжилсэн хүчтэй цас хаялсан шуурга болсон. Би тэр үед хониныхоо дэргэд харж, салхинд уруудуулахгүйн тулд эргүүлж, тойрч байсан. Тэр шуурганаар манай хонь ямаа тасраагүй. Манай хонинууд айлын хонинуудтай огт нийлээгүй, тасарч очиж нийлэх боломж байхгүй. Ж, Д нар нь Гтэй найз нөхөд хүмүүс учир хулгай хийгээд айл айлын хонинд нийлүүлсэн гэж бодож байна. Жтай манайх саахалт ойр байдаг. Гийн хоньтой манай хонь тасарч нийлэх боломж байхгүй. Гийн хониноос наана 3 айлын хонь байгаа. Тийм учир айлын хоньтой нийлэх байсан бол ойр байгаа айлын хоньтой тасарч нийлэх байх гэж бодож байна. Өөр айлын хониноос олж авсан хонь байхгүй. Өөр айлын хонинд нийлүүлсэн асуудал огт байхгүй. Ер нь бол надад 10 хонь 3 хурганы хохирол төлсөн, ямарч байсан 13 тооны хониноос их хонь буюу 20 гаруй хонь хулгайлсан гэж бодож байгаа. Гомдолтой байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 хуу/
*Гэрч А.Жын өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Хунгийн булаг гэх газарт эхнэр 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. А гэх хүн манай ээжийн төрсөн дүү байгаа юм. Н.Г бол нэг нутгийн хүмүүс дотно найз нөхөд юм. Н.Г гэх залуугийнх манай ойролцоо байдаг юм. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Н.Г малын бэлчээрт надтай таараад модонд явах гэсэн юм, түлш байна уу гэж асуусан би тухайн үед 5 литр түлш гэрийн хажууд байгаа очоод ав гэж хэлсэн. Тэгээд би малд явж байгаад Н.Гийн ойролцоо очих ажилтай байсан тул 5 литр түлшийг аваад Н.Гийн гэрт аваачиж өгсөн чинь 16 цагийн орчим байх Н.Г эхнэр Отгонцэцэг, Н нар хонио хашаад 88-18 АРА улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашинд ачсан байсан хаашаа явах талаар асуухад Н.Г модонд явахаа больсон аймаг явж хонь зарах гэж байгаа талаар надад хэлсэн. Тэгээд би 5 литр түлшээ Н.Гэд өгөөд явах гэтэл цаг эрт байна цуг Архангай аймаг орж хонь зараад ирье гэхээр нь Н.Гтэй цуг явсан нь үнэн. Архангай аймгийн Цагаан даваа өгсөөд явж байтал Н.Г хулгайн хонь байгаа юм, манай хажууд байдаг танай хамаатан Ч.А хонь гэж хэлсэн. Миний зүгээс хулгайн хонь юм бол би оролцохгүй гэж хэлсэн. Тэгээд цагаан давааны пост руу орж ирэхэд цагдаа байхгүй мөнгө хурааж авдаг хүн хонь зарах уу гэж байсан. Бид хоёр зарахгүй гээд Архангай аймгийн төв рүү ороод мал мах худалдан авдаг ченж Н.Гийн хадам Л.Л хашаанд аваачиж Н.Гийн хамт 10 хонь ачиж өгөөд 3 хурга байсан тул хашаанаас гаргаад хөөгөөд явуулсан юм. 10 хонь хэдэн төгрөг болсныг би мэдэхгүй байна надад Н.Г мөнгө өгөөгүй Н.Г бүх мөнгийг авсан. Н.Г надад хэлэхдээ Ч.А хонь гэж хэлэхээр нь харсан чинь зөв талын чих онь имтэй буруу талын чих араас хөндөл имтэй 10 эм хонь, 3 хурга байсан нь үнэн Ч.А манай хамаатан тул хонь нь ямар имтэй гэдгийг би мэднэ. Ч.А имтэй хонь мөн байсан. Гарал үүслийн бичиг аваагүй мал махны ченж Л.Л өгсөн нь үнэн. 88-18 АРА улсын дугаартай автомашин манай нутгийн Р.Н гэх хүнд байж байгаад Н.Г худалдан аваад удаж байгаа. Хулгайн мал гэдгийг би анх мэдээгүй байсан. Архангай аймаг орж ирээд мэдсэн манай хамаатнаас хулгай хийсэн байсан тул хэлчих юм бол намайг цуг хулгай хийсэн гэж хардаж магадгүй гэж бодоод хэлээгүй. Н.Г бид хоёр автомашин дээр ачаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хогийн цэг рүү цуг явж хаясан нь үнэн 10 ширийг нь мал мах худалдан авсан ченж Л.Л өгсөн. Ч.А хонь тасарсан байсан тэгээд би хониндоо нийлүүлж 10 гаруй хонож байгаад зарах гэж байна гэж Цагаан даваа өгсөж явахад хэлсэн. Н.Гтэй хамт хашаанаас аав, эхнэр хоёр нь ачсан байсан тул А хонь гэдгийг Гийн аав, эхнэр 2 нь миний бодлоор мэдэж байгаа гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 ху/,
*Гэрч А.Жын дахин өгсөн: “...Тэр өдрийн өглөө Г бид хоёр малын бэлчээрт тааралдсан юм. Г надаас түлш байна уу, модонд явах гэсэн чинь шар гэрэл асчихаад байна гэсэн. Би 16 цагийн үед түлшээ өгөх гээд Гийн гэрт мотоцикльтой очсон. Г өөрийн машин дээрээ хонь аччихсан байсан бөгөөд хашаатай байсан хонинуудаа хашаанаасаа гаргаж байсан. Би түлшээ өгчихөөд буцаад явах гэтэл би хонь ачаад аймаг явах гэж байна. Хоёулаа хамт явъя удахгүй гэж Г надад хэлсэн. Гийн гэрээс аймгийн төв ортол 30 гаруй км зайтай байдаг бөгөөд удахгүй юм чинь хамт яваад ирье гэж би зөвшөөрсөн. Г бид 2 аймгийн төв орох гээд цагаан давааны араас өгсөж явтал Г хэлэхдээ манай хонинд айлын хонь нийлээд 10 гаруй хоног болчихоор нь би машиндаа ачаад аймаг руу авч явна гэж хэлсэн. Би хэний хонь юм бэ харъя гээд даваа өгсөж байгаад машин зогсох үед нь хартал манай төрлийн ах А хонь мөн байсан. Би Гэд А хонийг ачсан явна шүү дээ гэж хэлтэл одоо яахав дээ гээд байсан. Би тэр үед А ахад хэлье гэж бодсон боловч намайг хамт хулгай хийсэн гээд бодчих байх гэж бодоод айсан юм. Г нь хонинуудыг Л ахын гэрт аваачиж буулгаад алж нядлаад махыг нь Л ахад өгсөн. Гийг хониноос янзлаад өгчих гэхээр нь би хамт янзлаж өгсөн. Тэгээд Г бид хоёр шөнөө гэртээ буцаж харьсан. Хонинууд хэдэн төгрөг болсныг би мэдэхгүй, би мөнгө аваагүй. Би Гтэй хамт аймгийн төв рүү орж ирээд буцаад хамт гараад явчихсан. Тэгээд гэртээ харьсан. Манай Хоршоолол буюу Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутагт цагдаагийн ажилтан байдаггүй бөгөөд цагдаагийн ажилтанд хэлэх гэхээр холбогдох утасны дугаарын мэдэхгүй байсан. А ахад хэлдэг юм уу гэж бодохоор хамт яваад аймгийн төвд хонийг нь янзалсан болохоор намайг хамт хулгай хийсэн гэж бодох байх гэж айгаад хэлж чадаагүй. Тэгтэл удалгүй цагдаа нар мэдчихсэн байсан. Манай гэр А ахын гэртээ ойрхон 2 км орчим зайтай. Манай гэр болон А ахын гэрээс Гийн гэр нэлээн хол зайтай бөгөөд 7,8 км орчим зайтай А ах болон манай хонинууд бэлчээрээр Гийн хоньтой нийлэх боломж байхгүй. Н.Г ганцаараа хонио ачаад дууссан байсан. Гийн эхнэр хүүхэдтэйгээ машинтай ирж байгаа харагдсан.Би хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй. Г намайг хониноос алалцаад өг гээд гуйгаад байсан. Би Гэд надад хамаагүй шүү, чи өөрөө мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Буцаад гэр рүүгээ явахын тулд хонио хурдан алах ёстой байсан учраас би хониноос нь алалцахаас өөр арга байгаагүй. Г ганцаараа тэр хонинуудыг алахаар их удаад байсан юм. Би Гээс хонины мөнгө, төлбөр гэж юм аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 ху/,
*Гэрч А.Жын дахин өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны үеэр санагдаж байна. Өдрийн тодорхой санахгүй байна. манай хонинд А ахын хонь ямаа нийлсэн 10 гаруй тооны бог мал нийлсэн байсан. Хэрхэн яаж нийлсэн гэдгийг нь мэдэхгүй байна. А ах өөрөө ирээд хонь ямаагаа ялгаад аваад явсан. Тэр өдрийн маргааш өдрөөс А ах хонь ямаа дутуу байна гээд хайгаад байсан. манай дээд талын айл болох П хониноос бас хонь ялгаад аваад байсан. Тэр үед цас орсон хүйтэн салхи шуурга болсон. Айлын хонинууд уруудаад яваад байна гэж дуулдсан. Манай хонь байрнаасаа хөдлөөгүй байсан. Тэр шуурга хойноосоо урд зүг рүү чигтэй байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 хуу/
*Гэрч Л.Лгийн өгсөн: “...Би Архангай аймгийн төвд мал мах худалдан авдаг ченж байгаа юм. Энэ ажлыг хийгээд 3 жил болж байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн иргэн Н.Г, Жагаа гэж дууддаг хоёр залуу 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчим 88-18 АРА улсын дугаартай Цэнхэр өнгийн портер маркийн автомашинд 10 хонь ачаад манай өөрийн гэрийн хашаанд орж ирээд намайг худалдан авах уу гэхээр нь би худалдан авсан нь үнэн. Н.Г, Ж хоёр өөрсдөө манай хашаанд алаад махыг нь надад өгсөн 10 хонь байсан. 18 кг дундажтай 10 хонь байсан нийт 180 кг болсон. Би тэгээд нэг килограммыг нь 4,200 бодож мөнгийг нь өгсөн. Миний худалдан авсан 10 ширхэг хонь гарал үүслийг бичиггүй байсан. Гарал үүслийг бичиг байхгүй мал худалдан авч болохгүй гэдгийг мэднэ. Н.Г, Ж хоёр өөрсдийн хониноос зарж байгаа гэж хэлж байсан. Би гарал үүслийг бичиг байхгүй мал мах худалдан авсанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би байсан Н.Г, Жагаа бид гурваас өөр хүмүүс байхгүй байсан. 88-18 АРА улсын дугаартай автомашин Н.Г гэх хүний автомашин байгаа юм. Н.Г, Жагаа хоёр махаа өгөөд арьс толгойг нь ачаад аваад явсан. Н.Г, Жагаа гэх хоёр хүн урд өмнө гарал үүслийн бичиг байхгүй мал мах өгч байгаагүй. Хууль бусаар мал мах худалдан авсанаа хүлээн зөвшөөрч байна. Би худалдан авсан 10 хонины махаа зах дээр жижиглээд зараад дуусгасан Одоо мах байхгүй. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн иргэн Ч.А гэх айлтай Жагаа, Н.Г гэх хүмүүсийн гэр ойрхон байдаг..” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 ху/,
*Гэрч Л.Лхагавсүрэнгийн дахин өгсөн: “...Г нь миний төрсөн дүү Оын нөхөр бөгөөд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар Хоршоолол гэх газарт мал маллан амьдардаг. Г мал, идээтэй гэдгийг би мэднэ. Өвс тэжээл авах гэж байгаа юм, өөрийнхөө хониноос зарах гэж байна гэхээр нь би 10 ширхэг хонины мах худалдаж авсан. Г нь орой болчихсон болохоор гарал үүсэл авч чадсангүй, өөрийнхөө малыг зарж байна гэж хэлсэн болохоор нь би өөрийнхөө малыг зарж байгаа юм байх гэж бодоод итгээд авсан юм.Мал идээтэй хүн, өвс тэжээл авах гэж байгаа юм, оройтоод гарал үүсэл авч чадаагүй гэхээр нь итгээд авсан. Зах зээлийн үнээр буюу эм хонь нэг килограммыг 4200 төгрөгөөр авсан 10 ширхэг хонины мах 756.000 төгрөг болсон байх мөн 10 ширхэг өлөн авсан бөгөөд 30.000 төгрөг болсон. нийт 786.000 төгрөг Гэд өгсөн. Би А болон Гийг ямар им тэмдэгтэй хоньтой гэдгийг мэдэхгүй. Би хонины мах, өлөн авсан, хонины толгой, нэхий зэргийг аваагүй. Г надад хонины толгой, нэхийг харуулаагүй. Би Г хулгайн мах өгч байна гэдгийг мэдээгүй. Гийг хулгай хийдэг гэдгийг би мэдэхгүй, манай хүргэн болохоор нь оройтоод гарал үүслээ авч чадсангүй гэхээр нь би итгээд хонины махыг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 ху/,
*Гэрч Ч.Д өгсөн: “...Манай дүү Ч.А Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Талын толгой гэх газарт мал маллаж амьдардаг. 2020 оны 10 дугаар сарын 06-наас 07-ны өдрүүдэд дүүгийн бэлчээрт байсан хониноос хулгайд алдсан байна гэж надад хэлж байсан миний зүгээс хулгай хийсэн хүнийг нь чи мэдэж байгаа юм уу гэхэд манай дүү Ч.А би ойр орчмын газраар явж хүмүүстэй уулзлаа манай энд байдаг Н.Г гэх хүн 88-18 АРА улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашинаар Архангай аймгийн төв рүү хонь оруулж зарсан байна гэж надад хэлж байсан. Би тэгээд Цагаан давааны постын камерыг гуйж байгаад шүүлгэж үзсэн чинь 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цаг 54 минутад 18-88 АРА улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны машинтай хонь ачаад постоор орж ирсэн байсан. 18-88 АРА улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинаа бол манай хонь хулгай хийсэн гэж сэжиглэж байгаа Н.Г буюу нутгийн иргэд Улаанаа гэж дууддаг залуу байгаа юм. А эхнэрийн төрсөн ах Булганхангай гэх залуу Архангай аймгийн төвд байдаг, мал мах худалдан авдаг хүмүүсээр яваад хонь орж ирсэн талаар асууж тодруулаад өгөөч гэж гуйсан байдаг. Гэтэл мал мах худалдан авдаг шар Л гэх хүнд 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой Н.Г буюу У, Ж гэх нэртэй хүмүүс 10 гаруй туранхай хонь оруулж ирж зараад толгой цувдаа, арьсыг нь буцаагаад Г, Ж хоёр аваад явсан гэж Булганхангайд мах худалдан авсан шар Лхагваа хэлсэн байсан. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэж өгөхийг цагдаагийн байгууллагаас хүсэж байна. Н.Г, Жагаа гэх хоёр хүнийх Ч.Ахтай ойрхон байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 ху/,
*Гэрч Б.Б өгсөн: “..2020 оны 10 дугаар сарын 08-ны орой манай утас руу залгаад манай хониноос Г хулгай хийгээд Архангай аймгийн төв рүү аваад явсан байж болзошгүй байна Л гэж мал мах авдаг хүнтэй очоод уулзаад өгөөч гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мал мах авдаг ченж Л гэх хүнтэй уулзахад Г, Ж нар 10 эм хонь авчирч зараад толгой гэдсийг нь өөрсдөө ачаад явсан гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Тэгээд А руу залгаад хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 ху/,
*Гэрч Р.Нгийн өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Хуурай гэх газарт оршин сууж байгаад одоогоор Эрдэнэбулган сумын Тамир хорооллын 04-04 тоотод ганцаараа оршин суудаг. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хөдөө өөрийн хүү болох Н.Гийнд очиж хоноод байж байтал маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой 16 цагийн орчим байх манай хүү Н.Г, А.Жын хамт гэрийн гадна хонь байснаас хонь ачиж явсан үнэн. Би бие муутай өндөр настай хүн ямар им тамгатай хонь ачсаныг сайн мэдэхгүй байна хонь ачиж Архангай аймгийн төв оруулж зарсан нь үнэн. А.Ж, Н.Г манай бэр О гэх хүмүүс байсан өөр хүн байхгүй байсан. Надад бол өөрийн хонио Архангай аймаг оруулж зарах гэж байгаа талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/,
*Гэрч Л.О өгсөн: “...манайх 400 гаруй тооны хоньтой айл бөгөөд манай нөхөр Г хэдэн хонь зарж өвсний мөнгө гаргаж авъя гэж ярьж байсан. Тэгээд намайг багийн төв орж хүүхдээ цэцэрлэгээс аваад ирэхэд нөхөр Г нь Жтай хамт хонио хашчихсан машин дээрээ хонь ачаад хөдөлж байсан. Би хэдэн тооны ямар хонь ачаад явж байгааг нь хараагүй. Манай нөхөр хонь аймгийн төв рүү ачиж явсныхаа дараа ярихдаа манай хонинд айлын хонь нийлсэн байсан гэсэн юм яриад байсан. би хэний хонь манай хоньтой хэзээ нийлсэн талаар нь мэдэхгүй байна. Хөдөө айлын хонинууд хоорондоо нийлж л байдаг болохоор би нээх тоогоогүй юм. Тэгтэл дараа нь манай нөхөр Г нь аймаг руу оруулж зарсан хонь нь А гуайн хонь байсан гэж сонссон. Г хэзээ хонио ачаад аймгийн төв рүү явсан талаар санахгүй байна. 2020 оны 10 сар гэдгийг нь санаж байна. 2020 оны 10 дугаар сарын 08,09-ны үед Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Хоршооллын хуурай гэх газарт ганц гэрээрээ нутаглаж байсан. Нөхөр бид 2 гэртээ байдаг. Би малд яваад байдаггүй, малд нөхөр Г л явдаг юм. А гуайн гэр Тамирын голын урд хэсэгт байдаг. Манай гэр Хоршооллын хуурай гэх газарт байдаг. Манай хоёрын хонь нийлэх ямарч боломжгүй. А гуайг ямар тэмдэгтэй хоньтой гэдгийг мэдэхгүй. Би нөхөр Гтэйгээ 2002 онд гэр бүл болсон бөгөөд тэрнээс хойш хамт амьдарч байгаа. Манай 3 хүүхэдтэй бөгөөд том хүүхэд нь 18 настай, дундах хүүхэд 9 настай, бага хүүхэд 4 настай. Манай нөхөр цэргийн алба хааж байгаагүй, багаасаа мал маллаж хөдөө байгаа. зан байдлын хувьд даруухан, элдэв буруу зан ааш байхгүй, өмнө нь хулгайн хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 ху/,
*Гэрч М.Б өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна намайг Цагаан давааны ганц модны хяналтын постон дээр үүрэг гүйцэтгэж байтал хонь ачсан цэнхэр өнгийн портер машин аймгийн төвийн хойд талаас орж ирсэн. Хэдэн цагт орж ирснийг нь санахгүй байна Машины кабен дотор 2 эрэгтэй хүн суусан байсан санагдаж байна. Би 10 дугаар сарын 19-ны өдөр хүүхдийн үсний найртай байсан болохоор хонь авах ёстой байсан юм. Тэгээд хонь ачсан машины жолоочоос нь хонь зарах уу гэж асуутал, хонь зарна гэж хэлсэн. Хэд гэж байна гэж асуутал 100.000 төгрөг гэж хэлсэн. Ямар хямд юм бэ авчихдаг юм билүү гэж бодоод утасны дугаарыг нь асуутал дугаараа өгөөгүй бөгөөд малчны зах дээр очоод авъя гэж ярилцаад салсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй болохоор малчны зах дээр араас нь очоогүй юм. Дараа нь нэг хүн ирээд тэр хонь ачсан машинтай хүнийг бичлэгийг гуйж байгаад шүүж үзээд гар утсан дээрээ зураг аваад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Намайг хүмүүс Б гэж дууддаг юм. Тухайн машин дээр хэдэн тооны хонь байсан талаар санахгүй байна. 10 гаруй хонь байх шиг байсан. Манай постны бичлэг 7 хоног хадгалаад өөрөө устгаад явчихдаг Одоо 20 гаруй хоног өнгөрсөн учир тухайн бичлэг устаад алга болсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 ху/,
*Гэрч Р.Н өгсөн: “...88-18 АРА улсын дугаартай портер маркийн хар хөх өнгийн автомашиныг нутгийн ах Гэд 1.000.000 төгрөгөөр зарсан. Бичиг баримтаа шилжүүлж аваагүй байгаа. 2020 оны 07 дугаар сард бид хоёр наймаа хийсэн бөгөөд миний машин мотор нь эвдэрсэн явахгүй байхад нь Г аваад өөрөө засаад авсан. Бичиг баримтаа шилжүүлэх гэхээр аймгийн төв орох зав гарахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 ху/,
*Гэрч Б.А өгсөн: “...манай нөхөр А араас нь хөөцөлдөж яваад цагаан давааны постон дээрээс бичлэг шүүгээд олж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай хонийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний хооронд хулгайлсан байх, хонь ямаанууд өөрсдийн хурга ишигнээс нь маллаж байсан болохоор тасарч айлын хонь руу гүйгээд, хээрээр яваад байх боломжгүй. Тасдаж тууж хулгайлсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 ху/,
*Гэрч Л.Мийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 08-ны үед манай хонь А ахын хоньтой нийлээгүй. Тэр үед А ахын хонинууд тасарч айл айлын хоньтой нийлсэн гэсэн. Тэгээд дараа нь шүүж хонио аваад байна гэж сонссон. А ахын гэр манай гэртээ ойрхон байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 ху/,
*Гэрч Т.Дын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна. нэг өглөө босоод хонио хартал манай хонинд А ахын 4 тооны хонь нийлсэн байсан. Би орой хонио хотлох үед нь харахад айлын хонь байгаагүй бөгөөд өглөө босоод иртэл ирээд нийлсэн байсан. А ах өөрөө хонио ирж авсан бөгөөд Ж хонинд манай хонь бас нийлсэн байна гэж ярьж байсан. Манай энэ хавиар А, Ж, М, М ах нарын хонь болон манай хонинууд байнга л нийлж байдаг. Бэлчээр ойрхон байдаг, А ахын хонинууд яагаад манай хоньтой нийлэх болсныг мэдэхгүй байна. А ах 4 тооны хонио 2, 3 хоногийн дараа ирж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 ху/,
*Гэрч М.Мгийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна. Манай хонь Хамар даваа гэх газарт 11 цагийн орчимд Жын хоньтой нийлсэн байсан. маргааш өглөө нь Жын хаваржааны хашаан дээр хонио шүүсэн. Тэр үед А ах ирээд хэзээ хонь нийлсэн юм бэ гэж асуугаад байсан. А ах Жын гэр хоорондоо ойрхон болохоор хонинууд нь их нийлдэг юм шиг байсан. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би аймгийн төв рүү өглөө 9 цагийн үед өвс авах гээд явсан. А гуай хэнээс намайг тэнд явсан гэж сонссон юм бол тийм яриа гарсан байсан. А гуай хонио өөрөө харж байсан л юм бол хонио харахгүй яасан юм бол. Өөрөө хараагүй байж янз бүрийн худал юм яриад байх юм. Намайг аймаг руу явсаны маргааш хонь нийлсэн байсан. Намайг аймгаас өвс ачаад ирэхэд цас ороод шороо болон цасан шуурга болсон. Манай энэ хавийн хүмүүс шуурганаас хонь малаа уруудуулахгүй гэж хоргоож хоносон байсан. 2020 оны 10 дугаар сарын эхээр л гэж санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 ху/,
*Н.Гийн гэрчээр өгсөн: “....Манай гэрийн ойролцоо Ч.А гэх айлд байдаг нь үнэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны орчим байх манай гэрийн хойд талд байрлах Хар хад гэх гэртээ газарт 13 хонь тасарсан явж байсан. Манай хонь юм байх гэж бодоод яваад очтол манай хажуу талын айл буюу Ч.А зөв талын чих онь имтэй буруу талын чих араас хөндөл имтэй хонь байсан. Тэгээд 13 хонийг өөрийн хоньтой нийлүүлээд 10 гаруй хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн төвд оруулан мал мах худалдан авдаг ченж Л.Л оруулан зарсан 13 хонь зарах үед надтай цуг манай нутгийн Ж цуг явж байсан. Бид хоёр Л.Л ченжийн хашаанд ажиллаад махаа Л.Л ахад өгсөн нэг хонины мах 18 кг дундажтай байсан голцуу эм хонь байсан. Би гарал үүслийн бичиг байхгүй зарсан Л.Л гэх хүнээс гуйж байгаад зарсан хулгайн мах гэж хэлээгүй. Манай энхэр О гэдэг эхнэрийн төрсөн ах нь мал мах худалдан авсан Л.Л юм. Би үнэн шударгаар болсон асуудлын талаар мэдүүлэг өгнө. Ж хулгайн хонь гэдгийг ачаад зарах гээд явахад мэдсэн би Ч.А гэх айлын хонь гэж хэлсэн Жт мөнгө өгөөгүй. 13 хонь хулгай хийж ирээд ажилласан нь үнэн 10 эм хонь 3 хурга байсан 10 хонийг нь Жтай цуг ажилласан 3 хургийг нь гудамжинд гаргаад орхисон. 10 хонийг Л ахад 1.100.000 төгрөгөөр зарсан. 10 эм хонь, 3 хурга нь зөв талын чих онь имтэй буруу талын чих араас хөндөл имтэй 13 хонь байсан. Ч.А хонь гэдгийг би мэдэж байсан саахалт айлын хүмүүс болохоор нэг нэгний малаа ямар имтэй гэдгийг би мэднэ. Ч.А өр зээлийн асуудал байхгүй. Манай гэрийн ойр орчмоос хулгайд алдсан малыг намайг хулгай хийсэн гэж удаа дараа хардаад байдаг байсан. Хулгай хийгээгүй байж хулгай хийсэн гэж нэр зүүж байхаар тасарсан байсан 13 хонийг нь хулгай хийж авч зарж борлуулсан нь үнэн. 88-18 АРА улсын дугаартай автомашин манай нутгийн Н гэх хүний нэр дээр байдаг би худалдан аваад өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. Тасарсан 13 хонийг хулгай хийж авахдаа би ганцаараа явсан. Хонио гэрийн гадна орой хонь ирэхээр нь нийлүүлсэн 13 хонио ачсан. Миний буруу 13 хонь хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Ч.А гэх хүнийг хохиролгүй болгож өгөх болно. Би дахиж хулгай хийхгүй одоо ухаарч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 ху/,
*Н.Гийн яллагдагчаар өгсөн: “....2020 оны 09 сарын 20 дын үеэр манай хонь гэрийнхээ хойд зүгт байдаг Хар хад гэдэг уулын энгэр рүү бэлчээрлэсэн юм. Би хөх өнгийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой хонинд явж байтал манай хонины урд талаас 13 тооны хонь хээр тасраад хоносон бололтой явж байгаад манай хоньтой нийлсэн. Тэр хонинууд манай хонинд 10 гаруй хоног байсан бөгөөд эзэн нь гарч ирэхгүй байгаад байсан. Тэгэхээр нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед эхнэр хүүхдээ авах гээд багийн төв рүү явчихсан байхаар нь хонио ганцаараа хашиж байгаад манай хонинд нийлсэн танихгүй хүний 13 тооны хонийг машиндаа ачсан. Би Жаас модонд явах гэсэн юм 5 литр түлш өгөөч гэж утсаар хэлсэн бөгөөд Ж надад түлш өгөх гээд намайг хонио ачсны дараа ирсэн. Тэгээд Жын авч ирсэн түлшийг хийгээд аймаг ороод түлшээ авчихаад эргээд ирье гээд Жтай хамт аймагт ирсэн. Тэгээд хадам ах Лгийн хашаанд хонио оруулж алж янзлаад махаа өгчихөөд шөнөө буцаж явсан 3 тооны хургыг захын урд тал руу гаргаад сул тавиад явуулсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй. Би бэлчээрээс нь хонь хулгайлж аваагүй. Тасарч ирсэн бэлчээрт байсан хонь манай хоньтой нийлэхээр нь би аваачиж зарсан нь үнэн. Би тэр хонийг хулгайлж аваагүй, бэлчээрт явж байгаад өөрсдөө манай хонинд ирээд нийлсэн. Ж нь надад түлш өгөх гэж ирсэн. Би Жт аймаг руу орох гэж яваад манай хонинд тасарч ирээд 10 гаруй хоног болсон хонийг би зарах гэж яваа талаараа хэлсэн. Манай хонь А хоньтой бэлчээрээр нийлэх боломжгүй, хоорондоо 7-8 орчим км зайтай манай 2-ын гэр байдаг юм. Тэр хонийг А хонь гэдгийг би мэдээгүй. Тухайн хонийг аймаг руу явж зарчихаад байж байтал маргааш өдөр нь буюу 2020 оны 10 дугаар сарын 09- ний өдөр А над дээр ирж уулзаад манайх хонио тасдуулчихлаа гэж яриж байсан. Тэр үед нь би А хонийг зарснаа мэдсэн юм. Цэнхэр өнгийн мустанг маркийн мотоциклийг 5 жил унаж хэрэглэж байгаа, хуучирсан учир 100.000 төгрөгөөр үнэлнэ. 88-18 ара улсын дугаартай портер маркийн авто машиныг Н гэдэг хүнээс 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би машиныг 500.000 төгрөгөөр үнэлнэ. Цагаан даваа өгсөөд явж байгаад машинтай зогссон бөгөөд Ж нь машины дэвшин дээр байсан хонийг харчихаад энэ хонинууд А хонинууд байна гэж хэлсэн. Би А хонь гэдгийг нь мэдээгүй. Манай хонинд нийлээд 10 хоног болчихсон болохоор нь ачаад авч явж байна гэж хэлсэн. Одоогоор төлж барагдуулаагүй байгаа. Хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй. Би Л хонь өгөхдөө өөрийнхөө хонийг зарах гэж байна гэж хэлээд өгсөн. Хулгайн хонь гэдгийг хэлээгүй. Ж бид 2 хамт 10 хонийг алж нядлаад янзалсан. Зарсан хонинууд зөв талын чих онь эмтэй харагдаж байсан. Дан эм хонинууд байсан. 3 тооны хурга байсан. Нийт 13 тооны хонь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 ху/,
*Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-10 ху/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 17 хуу/
*Хас үнэлгээ ХХК хөрөнгийн даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 52 хуу/
*Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 236 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 хуу/
*Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 85 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоол /хх-ийн 58-62 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 77 ху/,
*Н.Гийн 5030654735 тоот дансанд 1.720.000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 114 хуу/
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 115-116 ху, 132-133 ху/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Н.Г холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдө............... сумын .........дугаар багийн нутаг дэвсгэр ..........гэх газраас хохирогч Ч.А 13 тооны хонийг өөрийн 88-18 АРА улсын дугаартай автомашиныг ашиглан хулгайлж, түүнд 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2012.......... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хоёр модны улаан толгой гэх газраас хохирогч Ч.А 13 тооны хонийг өөрийн 88-18 АРА улсын дугаартай автомашиныг ашиглан хулгайлж, түүнд 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ч.А өгсөн: “...манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт оршин суудаг юм. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн хонийг би гэрийнхээ баруун тал руу Тамирын гол руу гаргасан. Тэр үед манай хонь тоогоор болон зүсээр бүрэн байсан. 10 дугаар сарын 09-ний өглөө хонио бэлчээрлэж байхад нь малаа бүртгэж үзэхэд содонгоос 2 тооны хар халзан ямаа болон 20 гаруй 30 орчим тооны хонь дутуу байсан...би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр аймгийн төв ороод цагаан давааны постон дээр очоод хүнээс нь гуйж байгаад камер шүүтэл манай хонийг Г машин дээрээ ачаад аймаг орж байгаа бичлэг үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 ху/, гэрч А.Жын өгсөн: “...Архангай аймгийн Цагаан даваа өгсөөд явж байтал Н.Г хулгайн хонь байгаа юм, манай хажууд байдаг танай хамаатан Ч.А хонь гэж хэлсэн. Миний зүгээс хулгайн хонь юм бол би оролцохгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 ху/, гэрч Л.Лгийн өгсөн: “...Би Архангай аймгийн төвд мал мах худалдан авдаг ченж байгаа юм. Энэ ажлыг хийгээд 3 жил болж байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн иргэн Н.Г, Ж гэж дууддаг хоёр залуу 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчим 88-18 АРА улсын дугаартай Цэнхэр өнгийн портер маркийн автомашинд 10 хонь ачаад манай өөрийн гэрийн хашаанд орж ирээд намайг худалдан авах уу гэхлээр нь би худалдан авсан нь үнэн. Миний худалдан авсан 10 ширхэг хонь гарал үүслийг бичигтэй бичиггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 ху/, гэрч Ч.Долгорсүрэнгийн өгсөн: “...Манай дүү Ч.А Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Талын толгой гэх газарт мал маллаж амьдардаг. 2020 оны 10 дугаар сарын 06- аас 07-ны өдрүүдэд дүүгийн бэлчээрт байсан хониноос хулгайд алдсан байна гэж надад хэлж байсан миний зүгээс хулгай хийсэн хүнийг нь чи мэдэж байгаа юм уу гэхэд манай дүү Ч.А би ойр орчмын газраар явж хүмүүстэй уулзлаа манай энд байдаг Н.Г гэх хүн 88-18 АРА улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашинаар Архангай аймгийн төв лүү хонь оруулж зарсан байна гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 ху/, гэрч Б.Булганхангайн өгсөн: “..2020 оны 10 дугаар сарын 08-ны орйо манай утас руу залгаад манай хониноос Г хулгай хийгээд Архангай аймгийн төв рүү аваад явсан байж болзошгүй байна Л гэж мал мах авдаг хүнтэй очоод уулзаад өгөөч гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мал мах авдаг ченж Л гэх хүнтэй уулзахад Г, Ж нар 10 эм хонь авчирч зараад толгой гэдсийг нь өөрсдөө ачаад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 ху/, гэрч Р.Нгийн өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Хуурай гэх газарт оршин сууж байгаад одоогоор Эрдэнэбулган сумын Тамир хорооллын 04-04 тоотод ганцаараа оршин суудаг. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хөдөө өөрийн хүү болох Н.Гийнд очиж хоноод байж байтал маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой 16 цагийн орчим байх манай хүү Н.Г, А.Жын хамт гэрийн гадна хонь байснаас хонь ачиж явсан үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/, гэрч М.Баярсайханы өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна намайг Цагаан давааны ганц модны хяналтын постон дээр үүрэг гүйцэтгэж байтал хонь ачсан цэнхэр өнгийн портер машин аймгийн төвийн хойд талаас орж ирсэн. Хэдэн цагт орж ирснийг нь санахгүй байна Машины кабен дотор 2 эрэгтэй хүн суусан байсан санагдаж байна. Би 10 дугаар сарын 19-ны өдөр хүүхдийн үсний найртай байсан болохоор хонь авах ёстой байсан юм тэгээд хонь ачсан машины жолоочоос нь хонь зарах уу гэж асуутал, хонь зарна гэж хэлсэн. Хэд гэж байна гэж асуутал 100.000 төгрөг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 ху/, гэрч Б.Ариунтуяагийн өгсөн: “...манай нөхөр А араас нь хөөцөлдөж яваад цагаан давааны постон дээрээс бичлэг шүүгээд олж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай хонийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний хооронд хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 ху/, шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 236 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Ц.Б:“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан байх тул Н.Г холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь хохирогч Ч.А өгсөн: “...миний 10 гаруй хонийг Г, Ж нар машинд ачаад аймгийн төв рүү оруулж Л зарсан байсан. Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр аймгийн төв ороод цагаан давааны постон дээр очоод хүнээс нь гуйж байгаад камер шүүтэл манай хонийг Г машин дээрээ ачаад аймаг орж байгаа бичлэг үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 ху/, хохирогч Ч.А өгсөн: “...Тухайн үед Г ийнх манай гэрээс баруун урд зүгт 3 км гаруй зайтай байсан. Тухайн шөнө 23 цагаас 00 цагийн үед 30 минутын орчим үргэлжилсэн хүчтэй цас хаялсан шуурга болсон. Би тэр үед хониныхоо дэргэд харж, салхинд уруудуулахгүйн тулд эргүүлж, тойрч байсан. Тэр шуурганаар манай хонь ямаа тасраагүй. Манай хонинууд айлын хонинуудтай огт нийлээгүй, тасарч очиж нийлэх боломж байхгүй. Ж, Д нар нь Гтэй найз нөхөд хүмүүс учир хулгай хийгээд айл айлын хонинд нийлүүлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 хуу/, гэрч А.Жын өгсөн: “...Архангай аймгийн Цагаан даваа өгсөөд явж байтал Н.Г хулгайн хонь байгаа юм, манай хажууд байдаг танай хамаатан Ч.А хонь гэж хэлсэн. Миний зүгээс хулгайн хонь юм бол би оролцохгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 ху/, зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч Н.Г нь 2020 оны 09 сарын 20-ны үеэр манай хонь гэрийнхээ хойд зүгт байдаг Хар хад гэдэг уулын энгэр рүү бэлчээрлэсэн юм. Би хөх өнгийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой хонинд явж байтал манай хонины урд талаас 13 тооны хонь хээр тасраад хоносон бололтой явж байгаад манай хоньтой нийлсэн. Тэр хонинууд манай хонинд 10 гаруй хоног байсан бөгөөд эзэн нь гарч ирэхгүй байгаад байсан. Тэгэхээр нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед эхнэр хүүхдээ авах гээд багийн төв рүү явчихсан байхаар нь хонио ганцаараа хашиж байгаад манай хонинд нийлсэн танихгүй хүний 13 тооны хонийг машиндаа ачсан...гэж мэдүүлдэг хэдий ч энэ нь хэрэгт авагдсан бусад мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч Н.Г ийг бусдын алдуул малыг завшсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдээс ялгагдана. Хулгайлах гэмт хэргийн тухайд бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдуул мал завших гэмт хэргийн хувьд бусдын өмч эд хөрөнгийг өөртөө олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж захиран зарцуулсан байдаг.
Гэтэл шүүгдэгч Н.Гийн үйлдлийн хувьд хохирогч Ч.А 13 тооны хонь нь түүний эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжээгүй бөгөөд Хохирогч Ч.А өгсөн: “...Тухайн үед Гийнх манай гэрээс баруун урд зүгт 3 км гаруй зайтай байсан. Тухайн шөнө 23 цагаас 00 цагийн үед 30 минутын орчим үргэлжилсэн хүчтэй цас хаялсан шуурга болсон. Би тэр үед хониныхоо дэргэд харж, салхинд уруудуулахгүйн тулд эргүүлж, тойрч байсан. Тэр шуурганаар манай хонь ямаа тасраагүй ”гэх, гэрч Л.Оын өгсөн: “...А гуайн гэр Тамирын голын урд хэсэгт байдаг. Манай гэр Хоршооллын хуурай гэх газарт байдаг. Манай хоёрын хонь нийлэх ямарч боломжгүй...” гэх мэдүүлгүүдээр хонио тасалж алдаагүй байх шүүгдэгч Н.Гийн үйлдлийг алдуул мал завших гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ч.А нь ямарч байсан 13 тооны хониноос их хонь буюу 20 гаруй хонь хулгайлсан гэж бодож байгаа....”гэж мэдүүлж байгаа ч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Н.Гийг хохирогч Ч.А 13 тооны хонийг өөрийн 88-18 АРА улсын дугаартай автомашиныг ашиглан хулгайлж, түүнд 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус тайлбарласан байх тул шүүгдэгч Н.Г нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хоёр модны улаан толгой гэх газраас хохирогч Ч.А 13 тооны хонийг машин механизм ашиглаж хулгайлж, түүнд 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Гийг бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.А 1.220.000 /нэг сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 773 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 52 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Н.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ч.Аад 1.720.000 төгрөгийг А А гэх хүний 5030657435 тоот дансанд шилжүүлсэн /хх-ийн 114 хуу/, хохирогч Ч.А өгсөн: “...би хохирол 1.220.000 төгрөг болон хонио ирж байсан зардал 500.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 ху/ байх тул шүүгдэгч Н.Гийг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байна гэж үзлээ.
Харин хохирогчийн өмгөөлөгч Ч.Д шүүх хуралдааны үед гэмт хэргийн улмаас учирсан төл малыг нэхэмжилнэ, гэм хорыг нэхэмжилнэ, малаа ирж хайсны зардлаа нэхэмжилнэ гэх боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 85 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 88-18 АРА улсын дугаартай Хюндей Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1500.000төгрөгийг шүүгдэгч Н.Гээс гаргуулж, мөн улсын дугааргүй 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг тус тус хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 85 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 88-18 АРА улсын дугаартай Хюндей портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 1.500.000 төгрөгийг Мустанг-5 маркийн улсын дугааргүй 200.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг шүүгдэгч Н.Гээс тус тус гаргуулж, улсын орлого болгож, 88-18 АРА улсын дугаартай Хюндей портер маркийн тээврийн хэрэгслийг автомашины эзэмшигч Р.Нямдоржид буцаан олгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бо овогт Н Г бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 85 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 88-18 АРА улсын дугаартай Хюндей портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, Мустанг-5 маркийн улсын дугааргүй 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий мотоциклийг шүүгдэгч Н.Гээс тус тус гаргуулж, улсын орлого болгож, 88-18 АРА улсын дугаартай Хюндей портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Р.Н буцаан олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.А нь мал ирж хайсны хохирол, төл буюу гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ