| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0111/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/111 |
| Огноо | 2021-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.П хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Дгийн Дад холбогдох 2112............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1961 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....... аймгийн ..... сумын ..... дугаар баг, ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Дгийн Д /РД:А/,
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр .......аймгийн ........ сумын ...... дүгээр багийн нутаг ........худалдааны төвийн автомашин зогсоол дээр архи авч өгсөнгүй гэж Н.Э нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2112.......... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Н.Э өгсөн: “...Би 2 найз болон Ч, Д нартай 2021 оны 05 дугаар сарын 15-ны орой 18 цагийн үед........ аймгийн ..... сумын 1 дүгээр баг ...... худалдааны төвийн урд машины зогсоолд 0.5 литрийн соёрхол нэртэй архи, нэг лааз пиво хувааж уусан. Д намайг архи аваад өг гэхээр би надад мөнгө байхгүй байна, маргааш авч өгье гэж хэлсэн чинь Ч, Д 2 мөнгөө нарийллаа, идэж ууж чадахгүй гэж хэл амаар доромжлоод байхаар Дын толгой хэсэгт гараа нэг удаа цохисон, тэгсэн чинь зөрүүлээд Д миний зүүн талын хөмсөг рүү гараа атгаад нэг удаа цохисон. Миний хөмсөг задарч цус гарсан. Ч над руу доромжлоод дайраад байхаар зүүн талын санагдаж байна хацар руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд миний хөмсөгнөөс маш их цус гарсан учир цагдаагийн байгууллагад намайг зодлоо гэж дуудлага өгсөн. Ч намайг цохих гээд дайраад байсан би цохиулаагүй, харин Д нь миний зүүн хөмсөг рүү гараа атгаад нэг удаа цохисон. Тэгээд бид 3 жаахан маргалдаж байгаад болиод цагдаа дуудсан. Д нь намайг архи авч өгсөнгүй гэж цохисон. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй учир архи авч өгч чадаагүй юм. Ч, Д нарын авсан архинаас би уусан нь үнэн. Бидний хооронд өр авлага, өс хонзонгийн ямар нэгэн асуудал байгаагүй. Өөрсдийнх нь авсан архийг уучихаад архи авч өгсөнгүй гэж намайг цохисон. Ч, Д нар хоорондоо зодоон хийгээгүй. Машин дотор Ч, Д бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Зогсоолын ойр орчим хүмүүс явж харагдсан учир хэн явж байсныг нь анзаарч хараагүй. Миний нүдний зүүн хөмсөг язарч цус гоожоод байсан учир оёдол тавиулсан. Өөр миний биед учирсан гэмтэл байхгүй, биеийн байдал хэвийн байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хөгшин настай байж зодоон хийсэндээ өөрөөсөө ичиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 ху/,
Гэрч А.Чгийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ....аймгийн Э сумын ......дүгээр багийн нутаг ... худалдааны төвийн машины зогсоол дээр ажил тараад Э, Д бид 3 нэг шил соёрхол нэртэй архи юм ярьж суугаад хувааж уусан юм. Тэгээд уусан архи дуусаад Эг архи аваад өг гэж хэлсэн чинь надад бэлэн мөнгө байхгүй байна, тэглээч дэлгүүр хаачихсан гээд архи авч өгөхгүй байхаар нь мөнгөө нарийллаа гэж хэлсэн. Тэгсэн миний зүүн талын шанаа руу гараа атгаад нэг удаа цохисон. Д бид хоёрыг салгаад Дтай бас хэрэлдээд байснаа Дын нүүр хэсэг рүү Э нь цохисон чинь буцаагаад нүүр хэсэг рүү цохиход зүүн хөмсөг нь язраад цус гоожоод тэр хооронд нэлээн маргалдсан. Тэгээд Э цагдаагийн байгууллага руу хандсан. Миний шанаа руу Э гараа атгаад нэг удаа цохисон. Д нь намайг цохиогүй, би Э болон Д хоёрт гар хүрээгүй, харин Э нь Дын нүүр хэсэг рүү гараараа цохисон, хүч багатай цохисон. Нүүр ам нь шалбарсан, халцарсан зүйл харагдаагүй. Миний зүүн хацар болон шанаа бага зэрэг шалбарсан. Э болон Д бид гурав Эг архи авч өгсөн гэх шалтгаанаар зодоон үүсгэсэн. Өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Тухайн үед Э болон Д бид гурваас өөр хүн байгаагүй, ажил тараад хүмүүс явчихсан байсан. Миний зүүн хөмсөг болон шанаа бага зэрэг зулгарч шалбарсан, биед ямар нэгэн зовиур байхгүй байна. Бид гурав найзалж нөхөрлөөд, хамтран ажиллаад нэлээн удаж байна бараг 20 жил болсон. Уг нь бид 3 бие биенийхээ занг андахгүй сайн мэднэ. Бид 3 өмнө хамт архи олон удаа ууж байсан бөгөөд хэрүүл маргаан зодооны асуудал гаргаж байгаагүй. Э болон Д хоёр хурц ширүүн ааштай, хэлье гэсэн зүйлээ шууд хэлчихдэг зантай. Олон нийтийн газар архи ууж зүй бус үйлдэл гаргасан нь миний буруу, өөрийн сайн найзтайгаа үл ялих шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэсэн нь миний буруу....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 ху/,
Гэрч Т.Дгийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны орой би .... аймгийн ... сумын ..... дугаар баг ..... дүгээр байрны ........ тоот гэртээ байж байхад нэлээн орой цагийг нь санахгүй байна манай нөхөр Э миний утас руу залгаад Д, Ч 2 намайг зодоод байна гэж ярьсан, утсаар ярихад цаана нь орилолдоод шуугисан чимээ сонсогдсон. Тэгсэнээ утсаа салгасан, дахиад удалгүй залгахад Дашка ахаа одоо болиоч, учир зүйгээ ололцоё гэж цаанаа яриад надтай ярихгүй тасалсан. Тэгээд би гэрээсээ гараад очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хасу худалдааны төвийн урд машины зогсоол дээр цагдаа нар ирчихсэн Э нүүр хэсэг нь нэлэнхүйдээ цус болчихсон зогсож байсан. Ч, Д хоёр нь цагдаагийн машинд сууж харагдсан. Тэгээд би жоохон хүүхдээ гэртээ орхисон байсан учир шууд хариад манай нөхөр эмнэлэг руу яваад нэлээн удаж байж гэртээ ирсэнээ зүүн хөмсөг язраад боолт тавиуллаа, зүрх салганаад байна гэсээр бага зэргийн согтуу орж ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагаас дуудахаар нь бие нь муу байна гээд очоогүй. Чгийн нэг хацар дээр нь зулгарсан харагдаж байсан, аль хацрыг нь сайн хараагүй ямар ч байсан цус болчихсон байсан, Дын биед ил харагдах бэртэл, гэмтэл цус харагдаагүй. Манай нөхөр надад тэр энэ цохисон талаар юм хэлээгүй. Ч, Д хоёрын нэг нь цохисон байх, би хараагүй учир мэдэхгүй байна. Манай нөхрийн зүүн хөмсөг язарч оёдол тавиулсан одоо тайвшраад биеийн байдал нь гайгүй байгаа. Тухайн үед архи авч өгсөнгүй гэж маргалдсан гэж Э нь надад хэлсэн, би архинаас болоод зодоон болсон гэж ойлгосон. Нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. Нэг нутгийн хүмүүс учир найзалж нөхөрлөөд олон жил болж байгаа, бие биенийхээ занг андахгүй, өмнө хамт архи, дарс ууж байсан. Ч, Д нар нь манай нөхөртэй найзлаад яваад байдаг, зан ааш гайгүй хүмүүс. Бүгд өвөө нар болсон. Манай нөхөр Э хааяа архи уудаг, илүү дутуу зангүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 ху/,
Гэрч Ж.Г өгсөн: “...Д.Д ахтай олон жил хамт ажиллаж байна, ахмад настай учир хүндэлж явдаг, хүнд их тусархуу, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм. Хааяадаа баяр ёслолын үеэр ганц нэг архи уудаг, илүү дутуу зангүй хүн гэж боддог. Д болон Э нартай хамт ажиллахад хоорондоо эвтэй харагддаг бөгөөд манай ченж нараас ахмад настай хүндээ ордог, нэг нутаг гээд сүрхий байдаг, өмнө би хэрэлдэж, маргалдлаа гэж сураг чимээ сонсоогүй. Д ах Э ахтай зах дээр маргалдаад биед гэмтэл учруулсан гэж өөрөө хэлж байсан. Нарийн асуудлыг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 ху/
Гэрч Л.Э өгсөн: “...Дтай аймгийн зах дээр түүхий эдийн наймаа эрхэлж хамт ажиллаад 10 гаруй жил болж байна. Даруухан зантай хүнд тусархаг, сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. Архи дарс нээх уугаад байдаггүй, амьдралын төлөө зүтгэсэн хүн байгаа юм. Д Э нар нь хоорондоо зан ааш сайтай байдаг. Маргалдаж муудлаа гэж юм сонсож байгаагүй. Энэ асуудлын талаар нарийн зүйл мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 ху/
Д.Дын гэрчээр өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ..... аймгийн Э сумын ...... дүгээр багийн нутагт ...... худалдааны төвийн машины зогсоол дээр ажил тараад Э, Д бид гурав нэг шил Соёрхол нэртээ архи хувааж уусан юм. Тэгээд уусан архи дуусаад Э архи архи ав гэхэд надад мөнгө байхгүй, би архи авч өгч чадахгүй гээд Чтэй маргалдаад Чгийн нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би тэр хоёрыг салгаад байж байтал Э миний нүүр хэсэг рүү гараа атгаад цохихоор нь би зөрүүлээд Э нүүр цохисон чинь зүүн хөмсөг нь язраад нэлээн цус гарсан. Тэгээд бид гурав жаахан маргалдаж байгаад би чи дээрээ тулсан. Тэгсэн Э цагдаад мэдэгдсэн байсан. Э миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Надад гэмтэл болон шарх учраагүй. Харин би Э зүүн хөмсөг рүү гараа атгаад нэг удаа цохиж зүүн хөмсөгийг нь язалсан. Тухайн үед цус их гарч байсан. Э Чгийн зүүн шанаа болон дух хэсэг рүү цохио бага зэрэг шалбарсан байсан. Бид гурвын хооронд шалтгаан гэх асуудал байхгүй, архинаас л болж зодоон хийсэн. Бидний хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Найзууд байгаа юм. Архинаас болоод тоогүй юм боллоо. Надад гэмтэл шарх учраагүй. Бид гурав найзалж, нөхөрлөөд, 20 гаруй жил болж байна одоо хамтарч ажиллаж байгаа, өмнө хамт архи дарс ууж байсан. Зодооны асуудал гаргаж байгаагүй. Э болон Ч нар нэг нутгийн хүмүүс болоод тэрүү нөхөрсөг, бие биеэндээ тус дэмтэй явдаг. Өөр илүү дутуу зан байхгүй гэж бодож байна. Бусдын биед халдсан нь миний буруу, өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 ху/,
Д.Дын яллагдагчаар өгсөн: “...би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. би өмгөөлөгч авахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Э намайг эхэлж 2 цохисон учраас би Эг нүүр хэсэгт нь нэг удаа цохисоноос болж хөнгөн гэмтэл учирлаа. Хөгшин хүн өтөлсөн хойноо ийм асуудалд холбогдсондоо санаа зовж байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний хэлсэн үнэн зөв, надад хуулийн хөнгөн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 ху/,
Хохирогч биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 165 дугаартай
1. Н.Э биед зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн *ХӨНГӨН* зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 36-37 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /хх-ийн 95-96 ху/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Хасу худалдааны төвийн автомашин зогсоол дээр архи авч өгсөнгүй гэж Н.Э нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Дад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 2112......... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ......аймгийн ...... сумын ....... дүгээр багийн нутаг Х худалдааны төвийн автомашин зогсоол дээр архи авч өгсөнгүй гэж Н.Э нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Н.Э өгсөн: “...Би 2 найз болон Ч, Д нартай 2021 оны 05 дугаар сарын 15-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хасу худалдааны төвийн урд машины зогсоолд 0.5 литрийн соёрхол нэртэй архи, нэг лааз пиво хувааж уусан. Д намайг архи аваад өг гэхээр би надад мөнгө байхгүй байна, маргааш авч өгье гэж хэлсэн чинь Ч, Д 2 мөнгөө нарийллаа, идэж ууж чадахгүй гэж хэл амаар доромжлоод байхаар Дын толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон, тэгсэн чинь зөрүүлээд Д миний зүүн талын хөмсөг рүү гараа атгаад нэг удаа цохисон. Миний хөмсөг задарч цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 ху/, гэрч А.Чгийн өгсөн: “...Дтай бас хэрэлдээд байснаа Дын нүүр хэсэг рүү Э нь цохисон чинь буцаагаад нүүр хэсэг рүү цохиход зүүн хөмсөг нь язраад цус гоожоод тэр хооронд нэлээн маргалдсан. Тэгээд Э цагдаагийн байгууллага руу хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 ху/, гэрч Т.Дгийн өгсөн: “...би гэрээсээ гараад очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хасу худалдааны төвийн урд машины зогсоол дээр цагдаа нар ирчихсэн Э нүүр хэсэг нь нэлэнхүйдээ цус болчихсон зогсож байсан. Ч, Д хоёр нь цагдаагийн машинд сууж харагдсан. Тэгээд би жоохон хүүхдээ гэртээ орхисон байсан учир шууд хариад манай нөхөр эмнэлэг руу яваад нэлээн удаж байж гэртээ ирсэнээ зүүн хөмсөг язраад боолт тавиуллаа, зүрх салганаад байна гэсээр бага зэргийн согтуу орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 ху/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 165 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Д.Дын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч Д.Д нь хохирогч Н.Э биед зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх, гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 165 дугаартай гэх дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.Дын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Н.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд болон хавтаст хэргийн материалтай танилцахдаа хохиролд тооцож Д.Даас 1.000.000 төгрөг бэлнээр авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Аюушийн Ч гэх Хүнс 513.......... тоо дансанд 1.000.000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн /хх-ийн 95 хуу/, тус аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлтэнд гомдол саналгүй /хх-ийн 100 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 103 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Д.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Дыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Дгийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялын 500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ