Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00534

 

Ж.Х-ын  нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01782 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар  сарын 17-ны өдрийн 1571 дүгээр магадлалтай,               

Ж.Х-ын нэхэмжлэлтэй,

Б дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох   

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 3,543,255 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.А оролцов.  

Нэхэмжлэгч Ж.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2019.09.11-ний өдрийн Б/283 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас чөлөөлсөн. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.19-ний өдрийн 102/ШШ2019/03105 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 3,779,500 төгрөг олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр шийдвэрлэсэн. Ажил олгогчийн Б/283 дугаар тушаалын улмаас бодит хохирол болох 2019.11.30-ны өдрөөс 2020.01.22-ны өдөр хүртэлх хугацааны нийт 45 өдөрт ногдох цалин хөлс 3,543,255 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.19-ний өдрийн 102/ШШ2019/03105 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй, Ж.Х-ыг ажилдаа эргэн ороход нь ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Ж.Х нь 2020.01.23-ны өдөр ажилдаа ирж 1 дүгээр сард 17 хоногийн цалин авсан. Түүний үндсэн цалин 2019 онд 844,534 төгрөг, 2020.01.01-ний өдрөөс 912,417 төгрөг болсон. 2,190,413 төгрөгт зэргийн нэмэгдэл, хүнд хортой нөхцөл, удаан жилийн нэмэгдэл орсон, харин хоол, унааны мөнгө, илүү цагийн мөнгө ороогүй. Энэ хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01782 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 3,543,255 /гурван сая таван зуун дөчин гурван мянга хоёр зуун тавин таван/ төгрөгийг гаргуулан Ж.Х-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Ж.Х-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагуудад шилжүүлэн, дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,642 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 71,642 /далан нэгэн мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан Ж.Х-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар  сарын 17-ны өдрийн 1571 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01782 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3,543,255 /гурван сая таван зуун дөчин гурван мянга хоёр зуун тавин тав/” гэснийг “2,744,182 /хоёр сая долоон зуун дөчин дөрвөн мянга нэг зуун наян хоёр/” гэж, “олгосугай”, гэснийг олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 799,073 /долоон зуун ерэн есөн мянга далан гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай”, 3 дахь заалтын “71,642 /далан нэгэн мянга зургаан зуун дөчин хоёр/” гэснийг “58,857 /тавин найман мянга найман зуун тавин долоо/” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч Ж.Х нь 2019.11.20-ны өдрөөс 2020.01.22-ны өдөр хүртэлх 2 сар буюу нийт 45 хоногийн цалин нэхэмжилсэн байдаг. Ингэхдээ нэг өдрийн цалинг 78,739 төгрөгөөр тооцож нийт 45 хоногийн цалин 3,543,255 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч байгууллага цалингийн задаргааг гаргаж өгсөн боловч 2 шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үеийн үндсэн цалин 844,534 төгрөг байгааг анхаарч үзээгүй. Мөн давж заалдах шатны шүүх бодитоор ажиллаагүй үеийн хоол, унааны мөнгийг хасахдаа зөвхөн 1 сарын мөнгийг л хассан байна. 45 хоног гэдэг нь 2 сар 3 хоног болж байгаа бөгөөд 1 сар 3 хоногт ногдох хоол, унааны зардлыг хасаагүй. Нэг сард ногдох хоол, унааны зардал болох 115,000 төгрөг гэж үзвэл нэг сар 3 хоногт оногдох хоол, унааны зардал 131,046 төгрөгийг дутуу хассан. Анхан шатны шүүх Ж.Х-ын дээрх ажиллаагүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг түүний 2019 онд авч байсан үндсэн цалин 844,534 төгрөгөөс тооцсон болохыг дурдах нь зүйтэй гэсэн байгаа нь шүүхийн шийдвэртэйгээ огт нийцдэггүй. Нэхэмжлэгч үндсэн цалингаас гадна удаан жил, хүнд хортой нөхцөл зэргийн нэмэгдэл тус бүр 10 хувь буюу нийт 30 хувийн нэмэгдэл авдаг. Нийт нэмэгдэл ороод нэг сарын цалин хөлс 1,097,789 төгрөг болж байгаа болно.

Нэхэмжлэгч 2019 оны 6 дугаар сард 3,391,792.6 төгрөгийн цалин авсан байгаа нь ээлжийн амралтын олговорт 2,220,001 төгрөг авсан байдаг. Нэхэмжлэгчийн цалингийн дунджийг тогтоохдоо 2019 оны 6, 7, 8 сарын цалингийн дунджаар тооцож тогтоосон. Анхан шатны шүүх цалингаас ээлжийн амралт, илүү цаг, хоол, унааны мөнгийг хасалгүйгээр цалинг бодсоноор нэг өдрийн цалингийн дундаж өндөр гарсан байдаг. Ажилтан жилд нэг удаа ээлжийн амралтын олговор авдаг болохоос сар бүр авдаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор хуульчилсан. Дундаж цалин хөлсийг тогтоохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005.05.05-ны өдрийн 55 дугаар тушаалд заасны дагуу тогтоодог. Ажилтанд олгож байгаа бүх төрлийн /жирэмсний болон амаржсаны хөдөлмөрийн чадвараа алдсаны ажилгүйдлийн тэтгэвэрт гарах үеийн ажилтанд олгох гэх мэт тэтгэмжид нөхөх олговор хөнгөлөлтийн орлого, унаа, түлш, байр, хоолны үнийн/ хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан.

Нэхэмжлэгчийн нэг сарын цалинд нэмэгдлийг оруулаад тооцоход 1,097,789 төгрөг болох ба нэг сарын ажлын нийт хоног болох 21.5-д хуваахад нэг өдрийн цалин 51,060 төгрөг болно. Харин ажилгүй байсан 45 хоногт үржүүлэхэд 2,297,700 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрнө.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын 1,245,555 төгрөг үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 2,744,182 төгрөгөөс 446,482 төгрөгийг нэмж хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.    

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгч Ж.Х-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар үндэслэлтэй дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэсний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй талаар зөв дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд үнэлээд “нэхэмжлэгчийн бодитоор ажиллаагүй хугацааны илүү цаг, хоол, унааны мөнгийг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлгүй” гэж үзэн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймд, “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 2,744.182 төгрөгөөс 446,482 төгрөгийг нэмж хасч тооцож өгнө үү” гэсэн утгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй бөгөөд уг гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.“шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, 172.2.2.“шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн үндэслэлийн алинд нь ч хамаарахгүй болохыг дурдаж байна.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар  сарын 17-ны өдрийн 1571 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                           Г.ЦАГААНЦООЖ