Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0262

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Оын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан                                                      

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч Т.О

Нэхэмжлэгч: Т.О

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар  сарын 20-ны өдрийн 0005 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 126/2023/0188/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                        

1. Нэхэмжлэгч Т.Оаас Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн ахмад настны асрамж, үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулах тухай бүртгэхээс татгалзсан шийдвэр, Хөвсгөл аймгийн салбар зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/87 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар Хөвсгөл аймгийн ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул уг сонгон шалгаруулалтад оролцуулахаар Т.О намайг бүртгэхийг Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар  сарын 20-ны өдрийн 0005 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын комисст холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 онб 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн ахмад настны асрамж, үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулах тухай бүртгэхээс татгалзсан шийдвэр буюу Хөвсгөл аймгийн салбар зөвлөлийн комиссын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/87 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, уг сонгон шалгаруулалтад оролцуулахаар Т.О намайг бүртгэхийг Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн комисст даалгах” шаардлага бүхий Т.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. Шүүх нийтэд илэрхий цахим системд хэнч хайгаад олчих боломжтой “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журам”-ыг хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангуулан шаардан гаргуулахаар албан тоот хүргүүлж, гаргуулж авч байгаа бол яагаад нэхэмжлэгч Т.О миний төрийн албан хаагчийн анкет, сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хүсэлт зэргийг хариуцагч байгууллагаас шаардан гаргуулж болоогүй юм бол.

Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн анкет, шалгалтанд оролцохыг хүссэн хүсэлт зэрэгт миний улсад ажиллаж байсан байдлыг тодорхойлох нөхцөл байдал ойлгомжтой тодорхой бичигдэж, Төрийн албаны Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд хүргэгдсэн. Цахим системд байнгын хадгалагдсан төлөвтэй байршсан байдаг.

3.2. Шалгалтын комиссын шалгалтанд бүртгүүлэгчдийн баримт бичгийн бүрдэл шалгасан хурлын тэмдэглэлд ч Т.О миний шалгалтанд оролцохоор ирүүлсэн баримт бичиг бүрэн гэдгийг хүлээн зөвшөөрч тэмдэглэгдсэн байдаг. Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журам”-ын 7-р зүйлийн 7.2.1, 7.2.2-т заасны дагуу шалгалтын комисст хүргүүлсэн төрийн албан хаагчийн анкет, хүсэлт зэргийг хариуцагч байгууллагаас гаргуулж хэрэгт хавсаргуулах хүсч шүүх хурал эхлэхээс өмнө хүсэлтээ гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээж аваагүй.

Өөрөөр хэлбэл Т.О би төрийн албан хаагчийн анкетын 7.1 дэх заалтад мөн хүсэлтдээ төрийн албанд 4 буюу түүнээс дээш жил ажилласан болзол шаардлагыг хангаж байгаа тухай хүсэлтдээ тодорхой дурдаж бичсэн байгаад шалгалтын комисс огт дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүх ч энэ нотлох баримтад ач холбогдол өгөхгүй хэрэгт хамааралгүй гэх байдлаар хандаж, хүсэлтийг хүлээж авалгүй шийдвэр гаргаж байгаа нь шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн.

3.3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 7-р зүйлийн 7.7-д заасан заалтыг буруу тайлбарлаж, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг сонгон шалгаруулалтын журмын 7.7-д заасан заалтыг шүүх тайлбарлахдаа комисс сонгон шалгаруулалтад бүртгүүлэгчийн бүрдүүлж өгсөн баримтын үнэн зөвийг шалгах зорилгоор бүртгүүлэгчээс нэмэлт материал авах зохицуулалт болохоос бус огт өгөөгүй материалыг нэмж авах зохицуулалт биш гэж дүгнэсэн.

3.4. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэгчээс ирүүлсэн баримтууд, төрийн албан хаагчийн анкет, шалгалтанд оролцохыг хүссэн хүсэлт зэргийг тухайн шалгалтын комисс хэрхэн ямар байдлаар үнэлж, дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Ирүүлсэн баримт, анкет, хүсэлтэд дурдаад байгаа баримтууд өөр хоорондоо зөрүүтэй байдлыг шалгаж магадлах, шаардлагатай баримтуудыг нь шаардаж авах эрх шалгалтын комисст байсаар байхад бидэнд тийм эрх байхгүй бусдад давуу байдал олгож болохгүй гэх байдлаар үзэж ойлгоод байгаад гайхаж байна.

Зөвхөн ирүүлсэн баримтын эх хувийг шаардаж авах эрхтэй гэх байдлаар хандаад байгаа нь төрийн албаны Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл, шалгалтын комисс нь намын хэт явцуу үзэл суртлаар хандаж, хууль, холбогдох журмын заалтыг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлан хэрэглээд байна.

3.5. Мөн тухайн жрумын 7.8-д заасны дагуу шалгалтын комисс болзол хангаагүй бол тухайн шалгалт эхлэхээс 1-ээс доошгүй өдрийн өмнө шалтгааныг цахимаар мэдэгдэнэ гэж заасны дагуу комиссын гишүүн С.Энхзаяа нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлын цаг дууссаны дараа утсаар мэдэгдсэний дагуу Т.О би тухайн журмын 7.9-д заасны дагуу шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлоо 1 өдрийн дотор гаргасан. Холбогдох баримтыг шалгалтын комисст хүргүүлсэн. Комисс гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Гэвч шалгалтын комисс зөвхөн цахимаар ирүүлсэн баримтын эх хувийг л бид нэмж авах болохоос цахимаар ирүүлээгүй баримтыг нэмж авахгүй, танд давуу байдал тэгж олгохгүй гэх байдлаар хандсан.

Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 126/ШШ2024/0005 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т зааснаар давж заалдах гомдлыг хүлээн авч гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Т.Оаас Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан Хөвсгөл аймгийн ахмад настны асрамж, үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулах тухай бүртгэхээс татгалзсан шийдвэр, Хөвсгөл аймгийн салбар зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/87 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар Хөвсгөл аймгийн ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул уг сонгон шалгаруулалтад оролцуулахаар Т.О намайг бүртгэхийг Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

2.2. Нэхэмжлэгч Т.О нь Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж, үйлчилгээний төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцохоор 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр цахимаар бүртгүүлжээ.

2.3. Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах комисс томилох тухай” 94 дүгээр тогтоолоор 2023 оны 09 дүгээр сард зохион байгуулагдах төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулах комиссыг байгуулсан байх бөгөөд тус комисс нь тухайн өдөр хуралдаж, ...Т.О нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын лавлагаатай, 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс ажилласан тушаал ирүүлсэн. Албан тушаалын тодорхойлолтод заасан улсад 4 жил ажилласан байх шаардлага хангасан байдлыг нотлох баримт ирүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

2.4. Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.8-д “Энэ журамд заасан болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, иргэн(цаашид "оролцогч" гэх)-ийг бүртгэх эсэх тухай асуудлыг комисс хуралдаанаараа хэлэлцэх бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалгалт эхлэхээс ажлын 1-ээс доошгүй өдрийн өмнө шалтгааныг цахим системээр мэдэгдэнэ” гэж, 7.9-д Ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 3, бусад шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг шалгалт эхлэхээс өмнө шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид “бүртгэхээс татгалзсан” талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “...өгөгдөөгүй материалыг нэмэлтээр татаж үзэж болно гэх заалтын дагуу татаж харах боломжтой гэж үзэж байна, ...2 хуудас баримт хавсаргав” гэх өргөдлийг Төрийн албаны зөвлөлд хандан гаргажээ.

2.5. Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13/87 тоот албан бичгээр “...өргөдөлд дурдсан асуудал нь нэмэлт материал шаардаж нягтлах үндэслэл биш байна гэж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэлээ” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

2.6. Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журмын 5 дугаар зүйлийн 5.1.10-т “зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх” гэж, 7 дугаар зүйлийн 7.2-т “Энэ журмын 5.1-т заасан болзлыг хангасан албан хаагч, иргэн дараах баримт бичиг, мэдээллийг цахим бүртгэлд оруулна” гэж, 7.2.9-т “албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэр;” 7.5-т “Бүртгүүлж буй албан хаагч, иргэн баримт бичиг, мэдээллийг цахим системд үнэн зөв, бүрэн оруулна” 7.7-д “.Комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, нягтлах эрхтэй” гэж тус тус заасан.

2.7. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс тус сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ тухайн албан тушаалд тавигдах шаардлага буюу улсад 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангасан эсэх баримтаа хүргүүлээгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан “...төрийн албанд 4 буюу түүнээс дээш жил ажилласан болзол шаардлагыг хангаж байгаа тухай хүсэлтдээ тодорхой дурдаж бичсэн байгаад шалгалтын комисс огт дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүх ч энэ нотлох баримтад ач холбогдол өгөхгүй хэрэгт хамааралгүй гэх байдлаар хандаж, хүсэлтийг хүлээж авалгүй шийдвэр гаргасан, ...шалгалтын комисс зөвхөн цахимаар ирүүлсэн баримтын эх хувийг л бид нэмж авах болохоос цахимаар ирүүлээгүй баримтыг нэмж авахгүй, танд давуу байдал тэгж олгохгүй гэх байдлаар хандсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.8. Учир нь Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.7-д “Комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, нягтлах эрхтэй” гэж зааснаас үзэхэд сонгон шалгаруулалтад бүртгүүлэгчээс тус сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ бүрдүүлж өгсөн баримтын үнэн зөв эсэхийг шалгахад шаардлагатай нэмэлт материалыг шаардаж болохоор зохицуулсан байх бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тус журмын зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2.9. Анхан шатны шүүхээс “...сонгон шалгаруулалтад оролцож буй иргэд өөрсдийн бүрдүүлж байгаа баримт бичгээ сонгон шалгаруулалтын зар болон журмын 7.2-д заасанд нийцүүлэн бүрэн бөгөөд үнэн зөв оруулах учиртай байтал нэхэмжлэгч нь өөрийн улсад ажилласан жилийг нотолсон баримт бичгийг бүрэн оруулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна, ...комисс нь сонгон шалгаруулалтад бүртгүүлэгчийн бүрдүүлж өгсөн баримтын үнэн зөвийг шалгах зорилгоор бүртгүүлэгчээс нэмэлт материал авах зохицуулалт болохоос бус огт өгөөгүй материалыг нэмж авах зохицуулалт биш” гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Ийнхүү анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж,  тухайн тохиолдолд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, холбогдох журмын зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий  байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн  120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                           

 

 

        

 

           ШҮҮГЧ                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

           ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

           ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН