Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 74

 

 

               Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, 

                Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

                Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Б.Баярмагнай,

                Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Болормаа,  

                Шүүгдэгч: Э.Батмэнд, О.Сансар, Б.Есөн-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

                Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ихэр овгийн Энэбишийн Батмэнд, Алтан дуулга овгийн Отгонбаатарын Сансар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чингэсэн овгийн Баяндалайгийн Есөн-Эрдэнэ нарт холбогдох 201620000171 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                Биеийн байцаалт :

                Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОК96061418, Ихэр овгийн Энэбишийн Батмэнд.

                 Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, ээжийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОК95060112, Алтандуулга овгийн Отгонбаатарын Сансар.

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, аав, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОК98080113, Чингэсэн овгийн Баяндалайгийн Есөн-Эрдэнэ.

    Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Батмэнд, О.Сансар нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2016 оны 06 дугаар сарын 24-ний шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутагт оршин суух хохирогч Д.Баянбатын малаас 7 хонь, 2 ямаа, нийт 9 тооны бог мал хулгайлж 944200 төгрөгийн хохирол учруулсан,

    шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний шөнө яллагдагч Э.Батмэнд, О.Сансар нарын хулгайлсан 9 тооны бог малыг хулгайлж авсан гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                1. Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эд зүйл / морины эмээл, хазаар, ногт/-ийг хураан авах тогтоол,  хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12, 13, 14-р тал/,

    2. Эд хөрөнгө хураан авч битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-17, 18-19, 20-22, 23-24, 25-27, 28-30, 31-32-р тал/, 

    3. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 33-р тал/,

    4. Хохирогч Д.Баянбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх хувьдаа 500 гаруй тооны хонь, 500 гаруй тооны ямаатай.  Миний бие өвддөг учраас 2016 оны 06 дугаар сарын эхээр би өөрийн эхнэр Гантуяагийн хамт Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Улаанбаатар хот руу явахдаа малаа өөрийн төрсөн ах Баянмөнх болон Болдоо нарт захиж үлдээсэн. Гантуяа бид хоёр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 06 дугаар сарын 24-ний үед Өндөрхангай суманд ирсэн. Би Өндөрхангай суманд ирээд Баянмөнх ах болон Болдоо нараас өөрийнхөө малыг хүлээж авахад манай хонь, ямаанууд бүгд бүрэн байсан. Түүнээс хойш би өөрөө өөрийнхөө малыг харж, маллаж байсан. 2016 оны 06 дугаар сарын 30-ны үед би өөрийн хонийг хариулаад явж байтал манай хониноос хонь, ямаа дутаж байх шиг санагдахаар нь малаа бүртгэж үзэхэд 15 тооны нас гүйцсэн эр хонь, 5 тоонь ямаа дутаж байсан. Би алга болсон хонь, ямаагаа хэдэн өдөр хайсан боловч олдоогүй. 2016 оны 07 дугаар сарын дунд үеэр нэг өдөр манай алга болсон хонь, ямаанаас 8 тооны хонь, ямаа нь буцаж ирсэн. Харин 7 тооны эр хонь, 2 тооны эр ямаа нь сураггүй болсон байсан. Тухайн 7 тооны хонийг зүсээр нь ялгавал :  бор халзан эр хонь 2, хар хүзүүтэй эр хонь 1, мөчид хар толгойтой эр хонь 1, харлаг эр хонь 1, хулгар чихтэй хар халзан эр хонь 1, шар халзан эр хонь 1 тус тус байхгүй байсан. Тухайн алга болсон хонинууд зүүн талын чих нь он, баруун талын чих нь цуулбар имтэй байсан. Харин 2 тооны эр ямааны хувьд : 1 улаан,  1 саарал ямаа  байсан. Улаан ямааны баруун чих нь он, зүүн чих нь цуулбар имтэй. Саарал ямаа нь ямар нэгэн имгүй байсан юм. Тухайн хонь, ямаанууд хэзээ, хаанаас алга болсон болохыг би мэдээгүй. Харин манай 7 тооны эр хонь, 2 тооны ямааг  О.Сансар, Э.Батмэнд нар хулгайлаад, О.Сансар, Б.Есөн-Эрдэнэ нар Баруунтуруун сумын хүнд зарсан болохыг  хэсгийн төлөөлөгч Ч.Зоригтоос сүүлд сонсож мэдсэн. О.Сансар, Э.Батмэнд, Б.Есөн-Эрдэнэ нар надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний 7 тооны эр хонь, 2 тооны эр ямааны оронд нь адил тооны өөр мал өгсөн. Мөн малаа хайхад гарсан зардалд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг бэлнээр өгсөн. Бас надаас уучлалт гуйсан. Одоо миний зүгээс О.Сансар, Э.Батмэнд, Б.Есөн-Эрдэнэ нарт ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 38-р тал/,

    5. Хохирогч Д.Баянбатын шүүгдэгч О.Сансар, Э.Батмэнд нарт гомдол, саналгүй талаархи тодорхойлолт /хх-ийн 37-р тал/,

                6. Гэрч Э.Баяндалайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд миний хүү Б.Есөн-Эрдэнэ нь хаана, юу хийж байсан болохыг би тодорхой хэлж мэдэхгүй байна. 2016 оны 06 дугаар сарын сүүлчээр /хэдний өдөр гэдгийг нь хэлж мэдэхгүй байна/ миний хүү Б.Есөн-Эрдэнэ адуугаа хайна гээд зүүн талын гуяндаа зэрэгцүүлж дарсан жинстэй дором тамгатай, хүрэн зүстэй морьтой гэрээсээ гараад явсан. Б.Есөн-Эрдэнэ гэрээсээ гарч явахдаа ганцаараа явсан бөгөөд яг хаашаа явсан, хэнтэй уулзсан, юу хийсэн болохыг нь би тодорхой хэлж мэдэхгүй байна. Түүнээс хойш Б.Есөн-Эрдэнэ 5-6 хоногийн дараа гэртээ буцаж ирсэн. Тэгээд би хүүгээсээ “Хаана, юу хийж яваад ирэв” гэж асуухад Б.Есөн-Эрдэнэ “Адуу олдохгүй хайж явсаар байгаад олон хоночихлоо” гэж хэлсэн. Яг хаагуур, юу хийж явсан болохоо тодорхой хэлээгүй. Харин 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б.Есөн-Эрдэнэ надад “О.Сансар Баруунтуруун сумаас тугалтай үхэр худалдаж авмаар байна, хэдэн хонь зарах гэсэн юм. Чи хамт яваад, заралцаад өгөөч гэхээр нь би О.Сансартай хамт явж хонь зарж өгсөн. Тэр хонь нь Д.Баянбатынхаас хулгайлсан хонь байсан” гэж хэлсэн. Манайх 4 хүүхэдтэй, Б.Есөн-Эрдэнэ нь манай 2 дахь хүүхэд юм. Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан. Сургуулиас гарчихаад холын зайн сургалтанд хамрагдаж 12 дугаар анги төгссөн. Миний хүү Б.Есөн-Эрдэнэ нь зан аашийн хувьд уг дуу цөөтэй, даруухан, бусдын хэлсэн үгнээс гардаггүй, бусдыг их дагаж явдаг, найз нөхөд олонтой, заримдаа тэд нартайгаа нийлээд гадуур жаахан явчихдаг, хүнтэй маргаж, зодолдоод байдаггүй, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг, гэр бүл, хамаатан садан, ах дүү, найз нөхөддөө байнга тус дэм болж явдаг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүүхэд юм. Б.Есөн-Эрдэнэ нь олон жил мал маллаж байгаа учраас мал маллах арга ухаанд суралцсан. Байнга малаа маллаад гэр бүлийнхэндээ тус дэм болж явдаг. Б.Есөн-Эрдэнэ нь адуунд их сонирхолтой бөгөөд хурдан морь уядаг. Миний хүү Б.Есөн-Эрдэнэ нь архи уудаггүй, тамхи татдаггүй, ямар нэг муу зуршил гээд байх зүйл байхгүй. Б.Есөн-Эрдэнэ нь О.Сансартай  найзалж явдаг юм” гэх мэдүүлэг / хх-ийн 39-40-р тал/,

                7. Гэрч О.Сарангийн мөрдөн байцаалтад өгсөн: “О.Сансар нь миний төрсөн дүү бөгөөд  эхнэр авч, тусдаа гараагүй, одоо миний ээжтэй хамт амьдардаг. О.Сансар нь хүүхэд байхдаа их даруухан, үг дуу цөөтэй хүүхэд байсан. Ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар анги төгсөөд сургуулиас гарсныхаа дараа холын зайны сургалтанд хамрагдаж бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан. О.Сансар нь зан аашийн хувьд үг дуу цөөтэй, даруухан, бусадтай их нийтэч, хүний хэлсэн үгнээс гардаггүй, хүнд тусархаг, найз нөхөд олонтой, ах дүү, хамаатан садан найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. О.Сансар нь байнга  малаа маллаад гэр бүлийнхэндээ тус дэм болж явдаг бөгөөд мал маллах арга ухаанд суралцсан. О.Сансар нь сагсан бөмбөг тоглох сонирхолтой бөгөөд сумын төвд ирсэн үедээ найзуудтайгаа сагсан бөмбөг, гар бөмбөг тоглодог. О.Сансар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй бөгөөд хааяа тамхи татдаг юм. О.Сансарт өөр ямар нэгэн муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/,   

                8. Гэрч Х.Цэрэнхандын мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Есөн-Эрдэнэ нь өөрийн төрсөн аав Баяндалай, ээж Ажиймаа болон 2 дүүгийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багт мал маллаж амьдардаг. Б.Есөн-Эрдэнэ эхнэр авч, тусдаа гараагүй байгаа. Б.Есөн-Эрдэнэ Ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан бөгөөд түүнээс хойш аав, ээжийнхээ хамт хөдөө мал маллаж амьдарч байгаа юм. Б.Есөн-Эрдэнэ нь зан аашийн хувьд даруу төлөв, бусадтай нийтэч, хүний үгэнд сайн ордог, хүнтэй үг зөрөөд маргаад байдаггүй, уур уцаар багатай. Б.Есөн-Эрдэнэ нь Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа манайд байдаг байсан. Ер нь бол хүний үгээр, их дөлгөөн зантай хүүхэд байсан. Б.Есөн-Эрдэнэ архи, тамхи хэрэглэдэггүй бөгөөд мал маллах сонирхолтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/,

                9. Гэрч Ж.Оюунхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр миний хүү Э.Батмэнд нь гэртээ байж байгаад нэг хүнтэй утсаар ярьсан. Э.Батмэнд утсаар ярьж дуусаад “Манай найз О.Сансар намайг дуудаж байна. Би О.Сансартай уулзчихаад ирье” гэж хэлээд 21.00-22.00 цагийн орчимд сартай, бор хээр зүсмийн морьтой гэрээсээ ганцаараа явсан. Э.Батмэнд тэр шөнө гэртээ ирж хоноогүй бөгөөд маргааш өглөө нь буюу 2016 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 08.00 цагийн орчимд гэрт ирсэн. Би Э.Батмэндийг хаагуур явж байгаад ирснийг нь асуухад Э.Батмэнд “Би О.Сансарын гэрт хоночихоод ирлээ” гэж хэлсэн бөгөөд өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. 2016 оны 07 дугаар сарын дунд үеэр манай сумын хэсгийн төлөөлөгч Ч.Зоригт манайд ирээд Э.Батмэндийг авч явсан. Тухайн үед би Э.Батмэндээс юу болсон талаар асуухад Э.Батмэнд “Би О.Сансартай нийлээд Д.Баянбатын малаас 7 тооны хонь, 2 тооны ямаа хулгайлсан. О.Сансар надад “Би Д.Баянбатаас мал авах ёстой” гэж хэлээд хонь, ямаа авсан юм” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Манайх 3 хүүхэдтэй бөгөөд Э.Батмэнд нь манай дундах хүүхэд юм. Э.Батмэнд  Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр анги төгссөн, түүнээс  хойш хөдөө мал маллаж байгаа. Миний хүү Э.Батмэнд зан аашийн хувьд үг дуу цөөтэй, даруухан, бусдын хэлсэн үгнээс гардаггүй, хүнд их итгэмтгий, гэр бүл, хамаатан садан, найз нөхөддөө байнга тус дэм болж явдаг, хүнтэй маргаж, зодолдоод байдаггүй, аливаа зүйлд их хүлээцтэй ханддаг, нутгийн хүмүүс, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, өрөвч зөөлөн зантай хүүхэд юм. Э.Батмэнд нь архи, тамхи огт хэрэглэдэггүй. Миний хувьд хүү Э.Батмэндийг бусдын нөлөөнд орж, хулгайн хэрэг хийхэд оролцсон гэж бодож байна. Учир нь Э.Батмэнд бусдад их итгэмтгий, хүний үгнээс гардаггүй зантай хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,

               10. Гэрч Э.Лхамхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү О.Сансар хэд хонож байгаад л Баяндалай ахын хүүхэд Б.Есөн-Эрдэнэтэй хамт адуундаа явдаг байсан. 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр О.Сансар гэртээ байсан үгүйг би хэлж мэдэхгүй байна. 2016 оны 06 дугаар сарын 27-ны үед О.Сансар 5 тооны хонь, 2 тооны ямааг нэг танихгүй хүний машинд ачаад явсан. О.Сансар надад “Би Д.Баянбат ахад 10 тооны малын мөнгө өгсөн байсан. Би тэр мөнгөнийхөө оронд мал авсан” гэж хэлсэн. О.Сансарын ачиж явсан 5 тооны хонь нь манай өөрийн хонь биш байсан. Харин 2 тооны ямаа нь манай өөрийн ямаа байсан. Тухайн 5 тооны хонины зүсийг одоо би санахгүй байна. Түүнээс хойш хэд хоногийн дараа буюу 2016 оны 07 дугаар сарын 11-ний үед манай сумын хэсгийн төлөөлөгч Ч.Зоригт ирээд “Таны хүү О.Сансар нь Д.Баянбат гэдэг айлын малаас хулгай хийсэн байна” гэж хэлээд О.Сансарыг дагуулаад явсан. Манайх 2 хүүхэдтэй бөгөөд О.Сансар манай бага хүүхэд юм. О.Сансар Ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан. Сургуулиас гарсныхаа дараа хөдөө мал маллаж байгаад албан бусын сургалтанд хамрагдаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. О.Сансар нь одоогоор эхнэр авч, тусдаа гараагүй бөгөөд зан аашийн хувьд даруухан, бусадтай нийтэч, хүнд их тусархаг зантай юм. О.Сансар нь архи, тамхи огт хэрэглэдэггүй бөгөөд надад 5-4 жил түшиг, тулгуур болж байгаа хүүхэд байгаа юм. Миний хүү О.Сансарт ямар нэгэн муу, зуршил байхгүй, мал маллах сонирхолтой, малч ухаантай хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,

                11. Гэрч Х.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би үхэр хайж яваад Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг “Хар асга” гэх нэртэй газарт О.Сансарын гэрийн гадна очиход тэнд цагаан өнгийн Портер маркийн автомашин ирчихсэн зогсож байсан. Би тухайн машины улсын дугаарыг нь анзаарч хараагүй. Би тухайн Портер маркийн автомашин зогсож байгаа газарт очиход нэг танихгүй эрэгтэй хүн /30 орчим настай/ хажуудаа бас нэг настай эрэгтэй хүнтэй /40 гаруй настай/ хамт байсан. Би тэр 2 хүнээс мэнд асуучихаад зогсож байтал О.Сансар хонио тууж ирсэн. Тэгээд О.Сансар өөрийнхөө хониноос 5 тооны хонь, 2 тооны эр ямаа, 5 тооны эм ямаа зэргийг бариад тухайн Портер маркийн автомашинд ачсан. Намайг хонь, ямаа барилцаад өгөөч гэж гуйсан учраас би тусалсан. Тэгээд автомашинд хонь, ямаа ачиж дууссаны дараа нөгөө танихгүй 2 эрэгтэй хүн машинд суугаад явсан. О.Сансар араас нь Б.Есөн-Эрдэнэтэй хамт мотоцикльтой явсан. Тухайн үед О.Сансар надад “Би Баруунтуруун сум руу мал ачуулж байна” гэж хэлсэн. Би О.Сансараас хэний, ямар учиртай мал ачуулж байгаа талаар асуугаагүй. О.Сансар, Б.Есөн-Эрдэнэ нарын ачуулсан 5 тооны эм ямаа нь шоргоолж имтэй ямаанууд байсан бөгөөд 2 эр ямааны нэг нь саарал зүстэй, имгүй ямаа байсан. Харин нөгөө эр ямаа нь улаан зүстэй байсан бөгөөд би имийг нь ажиглаж хараагүй. Ачуулсан 5 тооны хонины 1 эр хонь нь шоргоолж, хэрчим имтэй, хар хүзүүтэй хонь байсан. Бусад хониных нь им, зүсийг нь би ажиглаж хараагүй. Намайг хонь ачилцаж өгснөөс хойш 3-4 хоногийн дараа Д.Баянбат манайд ирээд “Би хонь, ямаагаа хулгайд алдчихлаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/,                      

                12. Гэрч С.Мондгорын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 08-ны үед Өндөрхангай сумын Цагааннуур багийн харъяат Д.Баянбат нь манайд ирээд “Манай малнаас 15 орчим тооны хонь, ямаа дутаад байна. Би дутсан малаа хайгаад явж байна. Бараг 10 хоног хайсан боловч олдохгүй байна. Таньд харж үзсэн, сонссон зүйл байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “Танай мал ямар им тамгатай вэ” гэж асуухад Д.Баянбат “Манай мал нь цуулбар имтэй” гэж хэлэхээр нь би Д.Баянбатад “Танай мал хулгайд алдагдсан байх. Танай малтай адилхан имтэй малыг О.Сансар гэдэг залуу Баруунтуруун сум руу хүмүүст зарсан байна лээ” гэж хэлсэн. Өмнө нь миний хүргэн Гантөмөр надад “О.Сансар нь Увс аймгийн Баруунтуруун сум руу 10 тооны хонь, 2 тооны эр ямаа, 5 тооны эм ямаа зэргийг ачуулсан. 2 танихгүй хүн Портер маркийн машинтай ирээд ачаад явсан. Тэр дотор цуулбар имтэй хонь байна лээ. Тухайн хонинууд нь нас гүйцсэн бололтой том биетэй хонинууд байсан. Тухайн мал нь О.Сансарын өөрийнх нь мал биш байх. Яагаад гэвэл хонин дотор нь майлж гүйгээд байсан” гэж хэлсэн учраас би Д.Баянбатад тэгж хэлсэн юм. Түүнээс биш би  О.Сансар, Э.Батмэнд нарыг Д.Баянбатын малнаас хонь, ямаа хулгай хийж байхыг нь өөрийн нүдээр хараагүй. Мөн би О.Сансар, Б.Есөн-Эрдэнэ нарыг Увс аймгийн Баруунтуруун сумруу хонь, ямаа ачуулж байхыг дурангаар харсан. Ямар ч байсан цагаан өнгийн Портер маркийн автомашинд бог мал ачиж байсан. Би холоос дурангаар харсан болохоор хэдэн тооны хонь, ямаа ачсан болохыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/,       

                13. Гэрч Л.Энэбишийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг “Устай толгой” гэх газарт зусаж байсан юм. 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр миний хүү Э.Батмэнд гэртээ байж байтал орой 21.00 цагийн орчимд манай утас дуугарсан. Э.Батмэнд утас авч ярьсан бөгөөд би гэрийн гадна гараад байж байтал Э.Батмэнд гэрээс гарч ирээд сартай бор хээр зүсмийн морио унаад явсан. Би Э.Батмэндээс хаашаа явж байгааг нь асуугаагүй бөгөөд эхнэр Оюунхүүгээс “Э.Батмэнд хаашаа явж байгаа юм ” гэж асуухад “Э.Батмэнд О.Сансартай уулзана гэж хэлээд явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд хүү Э.Батмэнд нь тэр шөнө гэртээ ирж хоноогүй бөгөөд маргааш нь буюу 2016 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 08.00 цагийн орчимд гэртээ ирсэн. Би Э.Батмэндийг хаагуур явж байгаад ирснийг нь асуухад Э.Батмэнд надад “Би О.Сансарын гэрт тоглож хоночихоод ирлээ” гэж хэлсэн бөгөөд өөр ямар нэгэн зүйл хэлээгүй.

      Манайх 3 хүүхэдтэй бөгөөд Э.Батмэнд нь манай дундах хүүхэд юм. 2014 онд Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр анги төгссөн. Өөрөө мал маллах сонирхолтой учраас  сургууль төгссөнөөсөө хойш хөдөө мал маллаж байгаа. Одоогоор эхнэр авч, тусдаа гараагүй бөгөөд зан аашийн хувьд даруухан, үг дуу цөөтэй, хүний хэлсэн үгнээс гардаггүй, хүнд их итгэмтгий, гэр бүл, хамаатан садан, найз нөхөддөө байнга тус дэм болж явдаг, тэр бүр хүнтэй маргаж, муудалцаад байдаггүй, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг, өрөвч зөөлөн зантай хүүхэд юм. Э.Батмэнд архи, тамхи огт хэрэглэдэггүй бөгөөд байнга л малаа харж, хариулж байдаг учраас тэр болгон гэрээс гараад яваад байх зав, чөлөө гараад байдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/, 

                14. Гэрч О.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өндөрхангай сумаас Баруунтуруун сумруу мал ачиж ирсэн. Би ямар учиртай мал болохыг нь мэдээгүй бөгөөд Т.Болдбаатар хажуудаа нэг залуутай хамт ирж уулзаад “Мал ачаад өгөөч” гэж гуйхаар нь ачиж өгсөн юм. Миний ачсан мал нь 5 ишигтэй ямаа, 5 эр хонь, 2 эр ямаа зэрэг нийт 17 тооны мал байсан бөгөөд хэд хэдэн настай мал болохыг нь би мэдэхгүй байна. Би машиндаа ачиж Баруунтуруун сум хүргэсэн малыг хулгайн мал гэдгийг мэдээгүй бөгөөд сүүлд л цагдаа дээр дуудаж тайлбар авахад мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р тал/,    

                15. Гэрч Т.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “О.Сансар бид хоёр тугалтай үхрээр бог мал солихоор тохиролцсон юм. Үүний дагуу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр О.Сансар надад 5 ишигтэй ямаа өгсөн. Уг 5 ямааны 4 ямаа нь улаан, 1 ямаа нь улаан халзан зүстэй байсан. Харин имийг нь сайн санахгүй байна. Тухайн үед миний хөлсөлж мал ачуулсан машинд нийт 17 тооны мал ачиж ирсэн. Үүнээс 5 ишигтэй ямаа, 2 эр ямаа, 5 хонь ачиж ирсэн. Би эдгээр малнуудын насыг нь мэдэхгүй байна. Тухайн малнууд дотор хулгайн мал байсан гэдгийг би мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/,      

                16. Гэрч Т.Болдбаатарын мөрдөн байцалтад дахин өгсөн: “О.Сансар, Б.Есөн-Эрдэнэ нар нь ачиж ирсэн малаа манай хашаанд буулгаж амбаарт хийсэн юм. Тэр хоёр 5 хонь, улаан зүсмийн 2 эр ямаа ачиж ирсэн. Миний 5 ишигтэй ямаа байсан бөгөөд нийт 17 мал машинд ачиж ирсэн. Тэгээд Удаанжаргал гэх гуанзны эмэгтэйд 2 эр ямаа, 2 хонь зарсан. Эр ямааг 80.000 төгрөгөөр зарсан. Харин хонийг хэдэн төгрөгөөр зарсан гэдгийг мэдэхгүй байна. Мөн сургуулийн манаачид нэг эр хонийг 130.000 төгрөгөөр зарсан. Нөгөө 1 хонийг нь 2 хөгшин хүн ирээд аваад явсан бөгөөд үлдсэн 1 хонийг хэнд зарсаныг мэдэхгүй байна. Тэр хоёрын авч ирсэн 5 хонины 4 хонь нь эр хонь, 1 хонь нь эм хонь байсан. Би тухайн үед хулгайн мал гэдгийг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 160-р тал/,

                17. Гэрч М.Бадамцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 6 дугаар сард би өдрийг нь сайн санахгүй байна Өндөрхангай сумын гэх 2 залуугаас 1 эр хонь худалдаж авсан юм. Гэхдээ би уг Өндөрхангай сумын 2 залууг танихгүй. Миний худалдаж авсан хонь нь бор халзан зүсний, мухар, эр хонь байсан. Будаг, им байсан эсэхийг мэдэхгүй, анзаарч хараагүй. Би уг хонийг 130.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд хулгайн хонь гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 161-р тал/,

                18. Гэрч А.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би О.Сансар, Б.Есөн-Эрдэнэ гэх хүмүүсийг танихгүй. Би дээрх 2 хүнээс нас гүйцсэн эр хонийг 130.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Манай сумын Болдбаатар гэх залуу манайд ирээд “Та идэшний мал сураглаж байсан гэнэ. Та хонь худалдаж авах уу” гэж хэлэхээр нь тэдний хашаанд очиж мал үзэхэд 3 эр хонь,  2 эр ямаа байсан. Тэгээд үзэж байгаад 1 эр хонийг нь авсан юм. Тухайн үед Болдбаатарын гэрт танихгүй 2 залуу байсан бөгөөд тэр 2 мал зарж байсан. Мөнгийг нь тэр 2 залуу авсан. Миний худалдаж авсан хонь нь хар толгойтой, эвэртэй, ноосыг нь хайчилсан, ямар нэгэн будаггүй хонь байсан бөгөөд им байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би уг худалдаж авсан хонийг хулгайн гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 162-р тал/,

                19. Гэрч Б.Удаанжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Баруунтуруун сумын төвд гуанз ажиллуулдаг бөгөөд 2016 оны 06 дугаар сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна нэг өдөр гуанз дээрээ байж байтал нэг танихгүй залуу ирээд “Би мал зарах гэсэн юм, хонь, ямаа байна, та авчихаач” гэж хэлсэн. Тэгээд би 2 эр ямаа, 2 хонь худалдаж авсан бөгөөд эр ямаа нь нас гүйцсэн, харин хонь нь шүдлэн эр хонь, нөгөөдөх нь эм хонь байсан. Би хулгайн мал байж магадгүй гэж бодоод тэр танихгүй залуугаас “Чи малаа хаанаас авч ирсэн, хэний мал вэ” гэж асуухад тэр залуу “Миний өөрийн мал байгаа юм. Би Өндөрхангай сумаас авч ирсэн. Мөнгөний хэрэг болоод зарж байна” гэж хэлсэн. Миний худалдаж авсан эр ямаа хоёулаа адилхан улаан зүсмийн эвэртэй ямаа байсан. Харин хонь нь хоёулаа хар зүсмийн хонь байсан. Будаг, им байсан эсэхийг нь анзаарч хараагүй. Би дээрх 4 малыг нийт 320.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 164-165-р тал/,                 19. Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 311 тоот, Мал үнэлсэн тухай тайлан /хх-ийн 58-59-р тал/,

                20.  Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 382 тоот, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 401 тоот Мотоцикль үнэлсэн тухай тайлангууд /хх-ийн 64-65, 76-77-р тал/,

                21. Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 383 тоот Морь болон морины дагалдах хэрэгсэл үнэлсэн тухай тайлан /хх-ийн 68-69, 72-73-р тал/,

                22. Хохирогч Д.Баянбатын 2015 оны жилийн эцсийн малын тодорхойлолт /хх-ийн 106-р тал/,

                23. Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн засаг даргын 2016.07.27-ны өдрийн 58 тоот тодорхойлолт, шүүгдэгч Э.Батмэндийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108, 112-р тал/,

                24. Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн засаг даргын 2016.07.31-ний өдрийн 51 тоот тодорхойлолт, шүүгдэгч О.Сансарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115, 119-р тал/, 

                25. Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 123-р тал/,

                26. Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн засаг даргын 2016.07.27-ны өдрийн 63 тоот тодорхойлолт, шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124, 217-р тал/,

                27. Шүүгдэгч Э.Батмэндийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр намайг гэртээ байтал найз О.Сансар надтай утсаар яриад “Манайд хүрээд ирээч” гэхээр нь О.Сансарын гэрт морьтой явж очиход О.Сансар гэртээ ганцаараа байсан. О.Сансар надад “Манай ангийнхан зугаалах юм гэнэ. Хоёулаа нэг ямаа гаргаад шараад өгчихье” гэхэд би зөвшөөрсөн. Тэгээд би “Манайхаас нэг ямаа аваад шарж өгье” гэхэд О.Сансар “Танайх голын хойно. Тэглээ ч хол байна. Манай Д.Баянбат ахынх эзэнгүй байгаа. Тэдний малнаас 2 ямаа аваад шараад өгчихье” гэхээр нь би зөвшөөрч тэдний малнаас 2 ямаа хулгайлахаар болсон. Тэгээд бид хоёр мориор гадуур явж байгаад шөнө болгоод Д.Баянбатын гэрийн гадаа очиход тэдний гэрт хүн байгаа үгүй нь мэдэгдэхгүй, гэрийнх нь өмнө хэсэгт бог мал нь хэвтэж байсан. Тэгээд би малынх нь өмнө зах хэсэгт морьтойгоо зогсож байтал О.Сансар морьтойгоо мал руу ороод 2 ямаа хөөгөөд гараад ирсэн тул бид 2 уг ямааг туугаад малнаас нь холдуулахад нөгөө 2 ямаа эргэж гүйгээд явж өгөхгүй байсан. Тэгтэл О.Сансар намайг “Ямаа харж бай” гэж үлдээгээд өөрөө буцаж яваад хонь тууж ирээд нийлүүлэхээр нь харахад 7 тооны хонь байсан. Ингээд бид 2 ямаагаа 7 хоньтой нийлүүлээд туусаар О.Сансарын гэрт ирж малд нь нийлүүлчихээд О.Сансар гэрлүүгээ орж, би гэрлүүгээ явсан. Гэртээ ороход өглөө 05-06 цаг болсон, гэгээ орчихсон байсан. ....Дараа нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай гэр нүүсэн тул би замдаа О.Сансарын гэрт орохоор явж байтал О.Сансар айлд байж байгаад надтай таарч надтай хамт манай ачааны зүгрүү явж байгаад “Нөгөө малыг Б.Есөн-Эрдэнэ бид хоёр борлуулсан. Нийт 500.000 төгрөг болсон. Түүнээс 250.000 төгрөгийг Б.Есөн-Эрдэнэд өгсөн. Үлдсэн мөнгө нь надад байгаа” гэж хэлээд өврөөсөө мөнгө гаргаж надад 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс хойш бид хоёр дахин уулзаагүй. Тэгээд байж байтал 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн орчимд манай сумын хэсгийн төлөөлөгч Зоригт гэх хүн сумын төвд дуудуулсан байхаар нь сумын төвд очиж уулзахад уг хэргийн талаар хэлж байцаалт авсан. Би үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Анх О.Сансар бид хоёр 2 тооны ямаа хулгайлна гэж очсон боловч явж өгөхгүй болохоор нь дагуулах хонь нэмж хулгайлсан ба бид хоёр нийт 9 тооны мал л хулгайлсан. Би тухайн өдөр модон эмээл, суран хазаартай, хязаалан насны зүүн гуяндаа “Т” үсгэн тамгатай, сартай, бор хээр зүсний эмнэг морьтой явсан. О.Сансар нь төмөр бүүрэгтэй, гар хийцийн, хар өнгийн дэвстэй, эмээл, суран хазаартай, шар халтар зүсний /нас гүйцсэн/ гүү унаж явсан. Хулгай хийх санааг анх О.Сансар гаргасан. Би хулгайлсан малныхаа зүс болон им тамгыг сайн хараагүй. Учир нь гадна харанхуй байсан О.Сансар надад 100.000 төгрөг өгөхдөө “Бид хоёрын хулгайлсан малны мөнгө” гэж хэлээд өгсөн. Би уг мөнгийг зарцуулж амжаагүй байж байгаад баригдсан тул 100.000 төгрөгийг О.Сансарт буцаагаад өгчихсөн. Бид нар иргэн Д.Баянбатад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Би гэнэн томоогүй зангаасаа болж гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсаж, гэмшиж байна. Би дахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна. Надад хөнгөн ял шийтгэж өгөхийг хүсэж байна. Би цаашид ажил хөдөлмөрөөрөө засрал хүмүүжлээ харуулж чадна. Надад итгэж хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг,

   28. Шүүгдэгч О.Сансарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би найз Э.Батмэндтэй хамт мал хариулж яваад “Хоёулаа нийлж ангийнхандаа нэг ямаа боож өгье” гэж ярьсан. Тэгээд “Ямаагаа хаанаас, хэрхэн, яаж авах вэ” гэж ярьж байгаад “Саахалт айлын Д.Баянбат ахын малнаас 2 ямаа хулгайлж аваад ангийнхандаа шараад өгчихье” гэж ярьж тохирсон. Тэгээд харанхуй болохыг хүлээж байгаад  Э.Батмэнд бид хоёр морьтойгоо Д.Баянбатын гэрийн гадна очоод 2 ямаа тасалж хөөх гэтэл 7 тооны хонь хамт тасарсан. Тэгээд ялгаж болохгүй болохоор нь хамт хөөгөөд явчихсан. Д.Баянбатын хониноос тасалсан малаа туугаад “Хар асга” гэх газарт байх манай гэрт очиж манай хонинд нийлүүлсэн. Э.Батмэнд тэндээс гэрлүүгээ яваад өгсөн. Тухайн 7 хонь, 2 ямааг хониндоо хадгалж байгаад 2016 оны 06 сарын 26-ны өдөр манай сумын Б.Есөн-Эрдэнэ гэдэг залуу адуу хайж яваад манайд ирэхээр нь түүнд “Э.Батмэнд бид хоёр Д.Баянбатынхаас 9 тооны бог мал хулгайлсан. Үүнийг зарж борлуулмаар байна” гэж хэлэхэд Б.Есөн-Эрдэнэ зөвшөөрч “Наадах 9 тооны бог малыг чинь Баруунтуруун сум орж борлуулья” гэж хэлсэн. Тэгээд Б.Есөн-Эрдэнэ бид хоёр миний цэнхэр өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклоор нэг бүдүүн эр хонийг нь дундаа дүүрээд Баруунтуруун сум орж Бадамсүрэн гэдэг хүнд 100.000 төгрөгөөр зарчихаад буцаад гэртээ хариад маргааш нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дахин Б.Есөн-Эрдэнэтэй хамт 1 эр хонь дүүрч Баруунтуруун сум ороод уг хонийг мөн Бадамсүрэнд 120.000 төгрөгөөр зарж борлуулсан. Би өмнө нь Баруунтуруун суманд Болдбаатар гэдэг хүнээс тугалтай үнээ худалдаж авахаар ярьж тохирсон байсан тул Болдбаатар ахтай очиж уулзаад “Та надад тугалтай үнээгээ өгчих. Би танд 5 ишигтэй ямаа, 1 байдас өгье” гэж хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд Болдбаатар ахыг О.Батсүх гэдэг Портертой жолоочтой хамт авч яваад гэртээ очоод О.Батсүх жолоочийн машин дээр 5 ишигтэй ямаа, 3 эр хонь, 1 эх хонь, 1 шүдлэн хонь, 2 эр ямаа ачсан. Мөн би тухайн машин дээр Д.Баянбатын хотноос хулгайлж авсан 5 хонь, 2 ямааг ачиж Баруунтуруун сум орж зарж борлуулаад мөнгө болгоод буцаад гэрлүүгээ явсан. Би хулгайлж авсан бог малаа Баруунтуруун суманд хүмүүст тарааж зарж борлуулсан бөгөөд одоо тэ хүмүүсээ танихгүй байна. Би хулгайлж авсан нийт 9 тооны бог малнаас 590.000 төгрөгийн ашиг олж хамт хулгай хийсэн Э.Батмэндэд 2016 оны 07 дугаар сарын эхээр 100.000 төгрөг өгөөд, надад хулгайлсан малыг минь борлуулж өгсөн Б.Есөн-Эрдэнэд 250.000 төгрөг өгсөн. Үлдсэн 240.000 төгрөгийг нь би өөртөө хадгалж байгаад хулгайн хэрэг маань илчлэгдэхэд Д.Баянбатад 240.000 төгрөгөө буцаагаад өгчихсөн. Түүнээс хойш би Д.Баянбатад учирсан бүх хохирлыг төлж барагдуулсан. Д.Баянбат ах анх бид хоёроос 20 гаруй тооны бог нэхсэн. Тэр үед би 9 тооны бог мал хулгайлсан гэдгээ хэлсэн. Тэгж байтал харин Д.Баянбат ахын зарим бог мал айлын хониноос олдсон гэсэн сураг дуулдсан. Мөн 1 тооны төлөгийг нь чоно идсэн байсныг сүүлд Д.Баянбат ах өөрөө олж харсан гэдгээ хэлсэн. Би мал хулгайлах үедээ шар халтар зүсмийн, нас гүйцсэн, дором тамгатай гүү унаж явсан. Би өөрийнхөө хэрэглэдэг хуучин хазаар, ногт болон нутгийн иргэд цэрэг хар гэж ярьдаг хар өнгийн, төмөр бүүрэгтэй, цэрэг эмээлтэй явж байсан. Б.Есөн-Эрдэнэ тухайн малыг надтай хамт хулгайлаагүй. Гэхдээ мал хулгайлж ирсэний дараа би Б.Есөн-Эрдэнэд “Хулгайн мал байна. Зарж борлуулмаар байна” гэж хэлэхэд уг хулгайн малыг зарж борлуулахад тусалсан юм. Анх мал хулгайлах санааг Э.Батмэнд бид хоёр ярьж байгаад гаргасан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй байж чадна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

    29. Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би адуу хайж яваад О.Сансартай тааралдсан. Тэр үед О.Сансар надад “Э.Батмэнд бид хоёр Д.Баянбат ахын хотноос 9 тооны бог мал хулгайлсан. Түүнийг зарж борлуулмаар байна” гэж хэлэхээр нь би “тэр малыг борлуулахад тусалья” гэж хэлсэн. Тэгээд О.Сансар бид хоёр Баруунтуруун сум руу явж гуанз ажиллуулдаг Улаанаа гэх хүнд 4 тооны бог мал зарсан. Бусдыг нь увуулж, цувуулаад зарж борлуулсан. Яг хэн гэдэг хүнд зарж борлуулснаа мэдэхгүй байна. О.Сансар бид хоёр тухайн малнуудыг зарж, борлуулж байхдаа “Өөрсдийнхөө малыг зарж борлуулж байна” гэж хэлээд борлуулсан юм. Би хулгайн мал зарж борлуулж байна гэдгээ мэдэж байсан. Би өмнө нь Д.Баянбат ахтай жаахан таарамж муутай байсан бөгөөд тухайн малыг Д.Баянбат ахын хотноос авсан мал гэдгийг мэдээд зараад борлуулчихья гэж бодсон юм. Тэр хоёрыг мал хулгайлсан талаар би хэнд ч хэлээгүй. О.Сансар надад хулгайн мал зарж борлуулж өгсөн гэж 250.000 төгрөг өгсөн. Би тухайн мөнгийг ашиглаж амжаагүй байтал О.Сансар “Хэрэг илчлэгдсэн” гэж хэлээд уг 250.000 төгрөгийг надаас аваад хохирогч Д.Баянбатад өгчихсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.   

                Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:   Шүүгдэгч Э.Батмэнд, О.Сансар нар бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 24-ний шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутагт оршин суух хохирогч Д.Баянбатын 7 хонь, 2 ямаа хулгайлж 944200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэ нь шүүгдэгч  Э.Батмэнд, О.Сансар нарын 2016 оны 06 дугаар сарын 24-ний шөнө хулгайлсан 9 тооны бог малыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр зарж борлуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Д.Баянбат, гэрч Х.Гантөмөр, С.Мондгор, Т.Болдбаатар, О.Батсүх, Б.Удаанжаргал, А.Бямбасүрэн, М.Бадамцэрэн, гэрч Э.Баяндалай, Э.Лхамхүү, Ж.Оюунхүү, Л.Энэбиш нарын мэдүүлэг, Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 311 тоот Малын үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт, шүүгдэгч Э.Батмэнд, О.Сансар, Б.Есөн-Эрдэнэ нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.   

            Шүүгдэгч Э.Батмэнд, О.Сансар нар хохирогч Д.Баянбатынхаас мал хулгайлах талаар ярилцан тохиролцож, 9 тооны баг мал хулгайлсан нь нотлогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх, шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэ нь Э.Батмэнд, О.Сансар нарын хулгайлсан 9 тооны бог малыг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох зэрэг үндэслэлтэй байна.

                 Шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэ нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож ухамсарлан хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Д.Баянбат нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

                Шүүгдэгч Э.Батмэнд, О.Сансар нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Баянбатад 944200 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн үнэлгээ тогтоосон дүгнэлт зэргээр тогтоогдсон,  шүүгдэгч нар нь хохирогч Д.Баянбатад учирсан хохирлыг төлж барагдуулсан,  хохирогч нь мөрдөн байцалтад “Шүүгдэгч нараас нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгч Э.Батмэнд, О.Сансар нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэв.

               Шүүгдэгч Э.Батмэнд нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хязаалан насны, зүүн гуяндаа “Т” үсгэн тамгатай, сартай, бор хээр зүсний морь, О.Сансар нь шар халтар зүсний /нас гүйцсэн/ гүү тус тус унаж явсан, шүүгдэгч О.Сансар, Б.Есөн-Эрдэнэ нар нь гэмт хэрэг үйлдэж олсон малаа зарж борлуулахдаа О.Сансарын эзэмшлийн цэнхэр өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклийг хэрэглэсэн, уг 9 тооны бог малаа зарж борлуулан 920.000 төгрөгийн ашиг олсон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч Э.Батмэндээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 100.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн бор хээр зүсний, 3 настай морь 1, эмээл 1, хазаар 1, ногт 1, О.Сансараас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 410.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Мустанг-5 маркийн мотоцикль 1, шар халтар зүсний гүү 1, эмээл 1, хазаар 1, ногт 1, Б.Есөн-Эрдэнээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг  410.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

                 Шүүгдэгч Э.Батмэнд, О.Сансар нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            

            Шүүгдэгч Э.Батмэнд, О.Сансар нар анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй, мөн оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй  гэж  дүгнэв. 

             Хэрэгт иргэний нэхэмжлэл хангах болон эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх хуулийн шаардлагыг хангах зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч О.Сансарын хар зүсний 2 настай эм үхэр 1, Э.Батмэндийн 3 настай сарлаг үхэр 1, Б.Есөн-Эрдэнийн Мустанг-5 маркийн мотоцикль 1-ийг  тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.  

                 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

               1. Шүүгдэгч Ихэр овгийн Энэбишийн Батмэнд, Алтандуулга овгийн Отгонбаатарын Сансар нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Чингэсэн овгийн Баяндалайгийн Есөн-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

                 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Э.Батмэнд, О.Сансар нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Батмэнд, О.Сансар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Шүүгдэгч Э.Батмэнд, О.Сансар нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Э.Батмэндээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 100.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн бор хээр зүсний, 3 настай морь 1, эмээл 1, хазаар 1, ногт 1, О.Сансараас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг  410.000 төгрөг, Мустанг-5 маркийн мотоцикль 1, шар халтар зүсний гүү 1, эмээл 1, хазаар 1, ногт 1, Б.Есөн-Эрдэнээс гэмт хэрэг үйлдэж олсон 410.000 төгрөгийг  тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

                 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Батмэнд, О.Сансар нарт тус тус оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялыг тус тус тэнсэж, 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

             8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч  О.Сансарын хар зүсний 2 настай эм үхэр 1, Э.Батмэндийн 3 настай сарлаг үхэр 1, Б.Есөн-Эрдэнийн Мустанг-5 маркийн мотоцикль 1-ийг  тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 

               9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Э..Батмэнд, О.Сансар нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Есөн-Эрдэнэд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АЛТАН