| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/02031/И |
| Дугаар | 2038 |
| Огноо | 2018-06-20 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2038
| 2018 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2018/02038 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Д.С-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Д.И-т холбогдох
4 793 400 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч Д.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын Гуанжоу хотоос гэрийн тавилга болох гал тогооны ширээ, сандал, ханын тавилга, хувцасны шүүгээг 3 400 000 төгрөгөөр худалдан авч Замын-Үүд боомтоор оруулж ирсэн.Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл тухайн эд зүйлсээ тээвэрлүүлэхээр Д.Итэй харилцан тохиролцож бараагаа хүлээлгэн өгсөн, Д.И Улаанбаатар хот руу явж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 6-ны шөнө осол гаргаж хүлээлгэн өгсөн эд зүйлсийг эвдсэн байсан.Би 2016 оны 12 дугаар сарын 7-нд гал тогооны ширээ, сандал, ханын тавилга, хувцасны шүүгээг очиж үзэхэд хэрэглэж болохгүй болсон байсан.Д.Итэй ярьж харилцан тохиролцоод надад 3 400 000 төгрөгийг буцаан өгөхөөр болсон, 700 000 төгрөгийг Цэдэнбалжир гэх хүнээс авах, 2 700 000 төгрөгийг И өгөхөөр болсон өгөхгүй байна.Би тавилгыг авахын тулд Гуанжоу хот руу Миат компанийн онгоцоор явж ирсэн, 1 393 400 төгрөгийн зардал гаргаж хохирсон.Иймд Д.Иээс 4 793 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.С 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын Гуанжоу хотоос гэрийн тавилга болох гал тогооны ширээ, сандал, ханын тавилга, хувцасны шүүгээг 3 400 000 төгрөгөөр худалдан авч Замын-Үүд боомтоор оруулж ирсэн.Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл тухайн эд зүйлсээ тээвэрлүүлэхээр Д.Итэй харилцан тохиролцож бараагаа хүлээлгэн өгсөн, Д.И Улаанбаатар хот руу явж байхдаа Говь-Сүмбэр аймагт 2016 оны 12 дугаар сарын 6-ны шөнө осол гаргаж хүлээлгэн өгсөн эд зүйлсийг эвдсэн байсан.Би 2016 оны 12 дугаар сарын 7-нд гал тогооны ширээ, сандал, ханын тавилга, хувцасны шүүгээг очиж үзэхэд хэрэглэж болохгүй болсон байсан.Д.Итэй ярьж харилцан тохиролцоод надад 3 400 000 төгрөгийг буцаан өгөхөөр болсон, 700 000 төгрөгийг Цэдэнбалжираас авах байсан боловч аваагүй тул 3 400 000 төгрөгийг, Гуанжоу хот руу Миат компанийн онгоцоор явж ирсэн зардал 1 393 400 төгрөгийн хамт нийт 4 793 400 төгрөгийг Д.Иээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.И шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагын 2 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Д.И шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Д.Сын эд зүйлсийг ачиж яваад чиргүүл унаад тавилга эвдэрсэн, би 3 400 000 төгрөгийг өгнө гэсэн, тухайн үед Цэдэнбалжир надад 700 000 төгрөг өгөх байсныг Д.Ст өгөхөөр тохиролцсон, мөн би Сайнбаярт 500 000 төгрөг өгсөн боловч сая утсаар ярихад санахгүй байна.Би 2 700 000 төгрөгийг төлнө, Д.С байнга наймаа хийдэг хүн байгаа тул зардлын 1 393 400 төгрөгийг төлөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С хариуцагч Д.Ит холбогдуулан тээвэрлүүлсэн тавилгын үнэ 3 400 000 төгрөг, Гуанжоу хот явсан замын зардал 1 393 400 төгрөг нийт 4 793 400 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Д.С гал тогооны өрөөний тавилгаа Улаанбаатар хотод хүргэхээр Д.Итэй Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан хэлцлийг амаар хийж тохиролцсон байна.
Д.И нь Дорноговь аймгийн Зам-Үүд сумаас Д.Сын тавилгыг Улаанбаатар хотод хүргэхээр ачиж яваад зам тээврийн осолд өртөж уг тавилгуудыг гэмтээсэн ба уг тавилгын үнэ 3 400 000 төгрөгийг Д.Ст төлөхөөр тохирсон үйл баримтад талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж заасан байна.
Хариуцагч Д.И 3 400 000 төгрөгийн 700 000 төгрөгийг Цэдэнбалжир нь Д.Ст өгөх ёстой гэж тайлбарлаж байх боловч Д.С нь Цэдэнбалжираас 700 000 төгрөг аваагүй гэж тайлбарлаж байх тул Д.И нь 3 400 000 төгрөгөөс 700 000 төгрөгийг Д.Ст төлсөн байна гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Д.И 500 000 төгрөгийг Д.Ст төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул Д.И нь 3 400 000 төгрөгийг Д.Ст төлөх үндэстэй гэж үзнэ.
Харин Д.Сын Гуанжоу хот явсан замын зардал 1 393 400 төгрөгийг Д.И хариуцах үндэслэлгүй гэж үзэхээр байна.Д.С нь зөвхөн тухайн гэрийн тавилгыг авахаар Гуанжоу хот явсан болох нь баримтаар нотлогдоогүй байна.
Нөгөө талаар зохигчид анх ачаа тээвэрлүүлэхээр тохирсон үедээ болон Д.Иийг осолд орсны дараа ч Д.Сын замын зардлын мөнгийг төлөх, төлүүлэх талаар зохигчид тохиролцоогүй, тохиролцсон гэх баримтгүй байхад тухайн замын зардлыг Д.И хариуцан төлөх боломжгүй байна.
Хариуцагч Д.И 3 400 000 төгрөгийг өгөхгүй удааж байгаа учраас замын зардлын 1 393 400 төгрөгийг нэмж шаардаж байгаа гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-т заасныг баримтлан Д.Иээс 3 400 000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан Д.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 393 400 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Иээс 69 350 /жаран есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан Д.Ст олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН