| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/01958/и |
| Дугаар | 1917 |
| Огноо | 2018-06-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 1917
| 2018 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2018/01917 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Ч.Ц-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Б.Э-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ч.Ц, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2010 онд Б.Этай танилцаж гэр бүлийн харьцаатай байсан бөгөөд бидний дундаас 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Сарангэрэл, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр охин Мөнхзул нар төрсөн, бид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, эргэж нийлж амьдрах боломжгүй, хүүхдүүд миний асрамжид байгаа тул хүүхдүүдэдээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа:Би Ч.Цтай 2010 онд танилцсан бөгөөд бидний дундаас 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Сарангэрэл, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр охин Мөнхзул нар төрсөн.Би 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн чанга дэглэмтэй хорих ангиас гарсан цагаас хөдөө хотын хооронд амьдарсан хугацаанд Цэрэнчунтын ааш, гэр бүлийн хэрүүлээс болж хөдөө амьдарч байгаа гэжээ.
Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Ч.Цтай 2010 онд танилцсан бөгөөд бидний дундаас 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Сарангэрэл, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр охин Мөнхзул нар төрсөн, Сарангэрэл, Мөнхзул нар миний хүүхдүүд мөн.Би хорих ангиас гарч ирээд амьдралаа бодож зохицуулах гэж хичээсэн боловч болоогүй тул Дорнод аймаг явсан.Би хөдөөнөөс ирээд хүүхдүүдэйгээ уулзах гэхээр уулзуулдаггүй, би хүүхдүүдээ өөрөөрөө овоглохыг хүсэж байгаа, мөн хоёр охиныхоо нэгийг өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байгаа, хүүхдийн тэтгэлэгийг өгнө гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц хариуцагч Б.Эад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Ц, Б.Э нар 2010 онд танилцан гэр бүлийн харьцаатай байсан бөгөөд тэдний дундаас 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Сарангэрэл, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр охин Мөнхзул нар төрсөн болох нь хүүхүүдийн төрсний 0000750911, Г-206 дугаартай, 1107005318 дугаартай гэрчилгээнүүд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Зохигчид гэрлэлтийн байдлаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боломжгүй байсны улмаас Сарангэрэл, Мөнхзул нарыг эх Ч.Цаар нь овоглож төрсний бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байх бөгөөд хүүхдүүд эх Ч.Цынхаа асрамжид амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Б.Эыг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь Ч.Ц саад учруулахыг хориглосон байдаг тул Б.Эыг хүүхдүүдтэйгээ уулзах, хэсэг хугацаанд хамт байх зэрэг үйлдэлд Ч.Ц саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Иймд охин Сарангэрэл, Мөнхзул нарт эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг гаргуулан тэднийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Э хүүхдүүдээ өөрийнхөө нэрээр овоглохыг хүсэж байгаа мөн хүүхдүүдийг өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байгаа гэж тайлбарлаж байх боловч шүүхэд шаардлага гаргаагүй байна.
Нэхэмжлэгч Ч.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 70 200 төгрөгийг гаргуулан Ч.Цад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ц.С, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр төрсөн Ц.М нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Эаас нь тэтгэлэг гаргуулан тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Эаас 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Ч.Цад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН