| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0026/Э/211/2020/0035/ |
| Дугаар | 2021/ШЦТ/102 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.П хөтлүүлж,
Улсын яллагч: С.
Хохирогч: Н.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: И.Ш нарыг оролцуулан, гэрч Ө.П байлцуулан Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, Б овогт И Шид холбогдох 2012......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, малчин, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт ........ аймгийн ....... сумын ...... дүгээр багийн ....... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт И Ш /РД:А/
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч И.Ш нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-ний өдөр ....аймгийн .........сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэр, “Х” гэх газраас иргэн Н.Гийн 1 тооны гүүг хулгайлж, 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үед:
Шүүгдэгч И.Шийн өгсөн:...би Гийн гүүг хулгайлаагүй. Их сонин зүйл болоод байна. Би өөрийнхөө гүүг нядалсан. Би үүнийг их гайхаж байна. Үнэхээр хүний малыг аваагүй учир буруутай гэж хэлэх хохирлыг барагдуулна гэдэг хэцүү байна...гэжээ.
Хохирогч Н.Гийн өгсөн:..тухайн үед манай ээж нас барьчихаад буяны ажил болсон юм. Тэгээд малаа эмхлүүлэхэд манай гүү алга байсан. Дараа нь цагдаа дээр ирээд толгойны зургийг нь танисан...гэжээ.
*Эрүүгийн 2012........ дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Хохирогч Н.Гийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Хоршооллын хуурай гэх газраас саарал зүсмийн үрээхэн азарга хураасан 5 тооны адуунаас улаан хээр зүсмийн нас гүйцсэн сувай гүү хулгайд алдсан. Тэр шөнө манай ээж нас барсан болохоор буяны ажилтай манайхан аймгийн төвд бүгдээрээ байсан. Адуугаа хотныхоо хүмүүсийг харж байгаарай гэж хэлээд захиад явсан. А ах 20-ны өдөр буюу 5 дахь өдөр манай адууг худгаас услаад гарахад манай адуу бүрэн байсан гэсэн. Би аймгийн төвөөс 21-ний өдөр буюу хагас сайн өдөр ирээд адуугаа бүртгэж бөөгнүүлэхэд байхгүй байсан. Би А ахаас саарал азаргатай 5 тооны азарга адуунаас сувай гүү хулгайд алдчихсан бололтой байхгүй байна гэж асуухад урд өдөр нь намайг услаад гарахад бүрэн байсан гэж хэлсэн. Би дараа нь аймгийн төв рүү орж алдсан адуугаа бүртгүүлж, цагдаагийн газарт зах руу орсон малын гарал үүсэл толгойн зургийг шүүж байгаад хулгайд алдсан улаан хээр зүсмийн гүүнийхээ толгойн зургийг олсон. Хэн зарсан талаар цагдаагаас асуухад Цагаан ус гэх газарт оршин сууж байгаа Ш зарсан багийн засаг даргын тодорхойлолтыг хавсаргасан байсан. Би гүүнийхээ толгойг юугаар таньж байгаа талаараа хэлсэн. Ерөнхий төрхөөр нь таньж байна, хоёр хамар нь сэтэрхий хамрын дээд хэсгийг бага зэрэг хойш нь хайчилж сэтэлсэн байсан. Одоо манай гадаа байгаа адуунууд бүгд ийм тэмдэгтэй байгаа. Манайх адуугаа хавар дэллэж байхдаа даагануудынхаа хамрыг бага зэрэг хайчилж сэтэлчихдэг юм. Манай адууны хамар нь сэтэрхий тэмдэгтэй, энэ талаар нутгийн хүмүүс бүгд мэднэ. Манай хулгайд алдсан гүү хурдан удамтай, хөгшин хээр азарганы төл байсан. Манай аав аймгийн алдарт уяач би өөрөө Эрдэнэбулган сумын алдарт уяач цолтой. Хээр азарга маань олон жижиг наадамд түрүүлж байсан. Мөн олон наадамд аман хүзүү, айргын төвд хурдалсан. Хээр азарганы төл аймгийн баяр наадамд дөрөвт хурдалж байсан. Уг азарганы төл нь улаан хээр зүсмийн гүү /хулгайд алдсан/ байсан. Хулгайд алдсан хээр гүүний төл нь хээр алаг зүсмийн даага одоо адуундаа байгаа, би гүүгээ 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би хурдан удамтай төл гаргах гэж саарал азаргандаа цөөхөн дөрөв таван гүү хураалгасан байсан. Гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 ху/,
*Хохирогч Н.Гийн дахин өгсөн: “...Би цагдаагийн газарт ирээд алдсан малаа бүртгүүлж байгаад захад зарагдсан Улаанбаатар хот руу тээвэрлэгдэж байгаа малын гарал үүслийн бичиг, толгойн зургийг үзэж байгаад өөрийн гүүнийхээ зургийг олсон. Гарал үүслийн бичигтэйн хамт үдээсээр үдээд тавьчихсан байсан. Мах худалдаж авсан ченж Г гэж хүн байгаа гэж ярьсан. Тухайн үед адууны мах цөөхөн орсон гэж зах хариуцсан цагдаа хэлсэн. Саарал азарган үрээнд нэг тооны улаан хээр зүсмийн сувай гүү хураалгасан байсан. Нийт бол 2 даага, 1 морь, хулгайд алдсан 1 тооны гүү хураалгасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 ху/,
*Хохирогч Н.Гийн дахин өгсөн: “...Манай хээр зүсмийн азарга 1996 онд Батцэнгэл сумын Агьт гэх газарт Норовдамбын овооны наадамд 5 хурдалсан. 1998 оноос 2003 он хүртэл аймаг, суманд зохион байгуулсан наадамд түрүүлж айрагдаж байсан. 2001 онд Цагаан давааны ард өвлийн бооцоот уралдаанд аман хүзүүнд, 2002 онд Архангай аймгийн уяачдын холбооны наадамд 4 хурдалсан, 1998 оны өвөл өвлийн бооцоот уралдаанд 3 удаа түрүүлж байсан. 1999 онд Батцэнгэл сумын Баян-Уул багт болсон өвлийн бооцоот уралдаанд түрүүлсэн, 1998 онд Улсын алдарт уяач Д алдрыг тэмдэглэсэн наадамд Их тамир сумын Хөтөл гэх газарт болсон уг уралдаанд 4-т хурдалсан, 2001 онд Ихтамир сумын Бугат багийн Баянцагааны аманд болсон Өвлийн бооцоот уралдаанд 4-т хурдалсан, 2001 онд Ихтамир сумын Борт багийн нутагт болсон өвлийн уралдаанд 4 хурдалсан, Батцэнгэл сумын нутагт зуны наадамд 2 удаа 2, 3-т хурдалж байсан. Хээр азаргын төл нь гайгүй хурдалж байсан. Хээр азарганы төл шар хээр зүсмийн адуу соёолон насандаа Архангай аймгийн баяр наадамд 4 хурдалж байсан. Батцэнгэл сумын наадамд төлийг нь уяж уралдуулаад 3 удаа айрагдаж байсан. Манайх хээр азарганыхаа төлийг уяж уралдуулдаг. Өөрийнхөө унаган адууны цусыг хурдан адуутай угшил сайжруулан уяж уралдуулдаг. Хээр азарга маань тухайн үедээ бүсийн чанартай аймгийн хэмжээнд зохион байгуулсан өвлийн уралдаанд олон удаа амжилт гаргаж хурдалсан амжилтаараа манай аав аймгийн алдарт уяач болсон. Би төлийг нь уралдуулаад сумын алдарт уяач болсон. Зарим баярын бичиг нь байхгүй байна. Хулгайд алдсан хээр зүсмийн гүүний ээжээс нь гарсан унага болгон хурдан байсан. Ээжийнх нь эцэг бол манай хурдан хээр зүсмийн азарга байсан. Би хээр азарганыхаа амжилт гаргаж байсан медаль, баярын бичгийг авчирч канондож хэрэгт хавсаргасан. Үнэлгээ гаргасан шинжээчид тайлбарлан хэлж баярыг бичиг, медалийг нь их хувиар нь үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 ху/,
*Гэрч Ж.А өгсөн: “...Гийн ээж нь нас бараад аймгийн төвд буяны ажилтай явахдаа надад адуу харж байгаарай гэж хэлсэн. Би тав дахь өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрийн зүүн талд байгаа худгаас услаад гаргахад Гийн саарал азаргатай 5 тооны адуу байсан. Тоо толгойн бүрэн байсан. Угаасаа таван тооны нэг азарга, нэг морь, хоёр даага, нэг гүү байсан. Гүү нь хээр зүсмийн сувай гүү байсан. Маргааш нь Г өөрөө ирээд малдаа яваад манайд ирж саарал азарганы нэг гүү хулгайд алдагдсан бололтой байна, урд өдөр байсан уу гэж асуухад нь би услаад гаргасан гэж хэлсэн. Гийн хээр гүү нь тарга хүч сайтай биеэр томдуу байсан. Адуунууд нь бүгд хоёр сэтэрхий тэмдэгтэй загасан тамгатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 ху/,
*Гэрч Ж.А дахин өгсөн: “...толгойны зургийг нь хараад танина. Манайхан айл саахалт нутагладаг болохоор би хулгайд алдсан улаан хээр зүсмийн гүүг сайн танина. Бага насны адуу байхаас нь эхэлж мэднэ. Хамар нь сэтэрхий тавьсан тэмдэгтэй дэлтэй байсан. 2019 оны хавар авсан хуучин уртавтар засмал дэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 ху/,
*Гэрч Ж.Г өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр нэртэй дэлгүүр дээрээ байхад 13 цагийн үед Ш гэдэг хүн адууны мах авах уу гэж асууж ирсэн. Тэр хүн хэлэхдээ өглөө адуун дээрээ очиход манай нэг гүү унагалж чадахгүй, сав нь гарсан байхаар нь малын эмч У манай эхнэр асуусан чинь эмчилж болохгүй гээд байхаар нь төхөөрөөд аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би тэр махыг нэг хилийг нь 3800 төгрөгөөр тооцож нийт 147 килограмм мах худалдаж авсан. Би нийт 558.000 төгрөг болсныг 300.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 258.000 төгрөгийг Шийн өөрийн данс руу 13 цаг 00 минутад шилжүүлсэн. Ш нь өмнө нь түүхий эд авчирч өгдөг байсан. Ш мах зарахдаа арьс бол авчирч үзүүлээгүй, улаан хээр адууны дан дагз авчирч үзүүлээд манай өөрийн гүү байгаа юм толгойг нь аваачаад зална гэж хэлээд аваад явсан. Адууны толгойны эрүүг нь арьснаас нь салгаад өвчөөд авсан байдалтай байсан. Тухайн үед Приус маркийн саарал өнгөтэй автомашинтай ирсэн. Дугаарыг нь би хараагүй 2 эмэгтэй хүний хамт авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 ху/,
*Гэрч Ж.Гн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 50 минутад гэртээ байхад Ш ирээд нэг адууны мах зармаар байна гэж ярихаар нь өөрийнхөө хашаанд машинтай нь оруулаад махыг нь худалдаж аваад хамт авчирсан адууны толгойн зургийг гар утсаараа би өөрөө авсан зураг мөн байна. Ингэж махыг нь худалдаж авахдаа Шийн өөрийнх нь зарсан адууны махтай хамт ачиж ирсэн улаан хээр зүсмийн адууны нэг тооны толгойн зургийг өөрийнхөө гар утсаар авсан нь үнэн. Гар утсаараа зураг дарахдаа мах хадгалдаг граш дотор оруулаад мах тавьдаг модон тавиур түшүүлж байгаад гар утсаараа гарал үүслийн бичгийг нь хажууд нь тавьж байгаад зургийг нь авсан. Одоо гар утсан дээр энэ зураг нь байгаа. Шийн зарсан махтай хамт ирсэн нэг тооны адууны толгой нь улаан хээр зүстэй байсан. Ш хоёр хүүхэнтэй ирсэн. Нэг нь эхнэр нь бололтой байсан. Приус 20 маркийн саарал өнгийн машин байсан. Нөгөө хамт явсан хүнийг нь танихгүй. Мөнгөө Ш гэж өөрийнхөө данс руу шилжүүлсэн болохыг нь санаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 ху/,
*Гэрч Ж.Гтарын өгсөн: “...Би сая үзлэг хийхэд үзүүлсэн, гар утасны зурагтай файл руу ороод Шийн зарсан адууны толгойн зургийг гаргаж дэлгэрэнгүй гэсэн цэс рүү нэвтрэхэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 56 минутад гар утсаараа дарж зураг нь гарч байгааг үзүүлсэн. Энэ цаг бол Шийн зарсан адууны толгойн зураг байгаа юм, энэ нь цаг минут, секундтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 ху/,
*Гэрч Л.О өгсөн: “..манай хүн аймгийн төв очиж алдсан адуугаа бүртгүүлэх гэж яваад буцаж ирэхдээ манай гүүг хүн хулгайлж зарсан байна. Би толгойны зургийг хараад танисан. Мөн сэтэрхийн зураг дээрээс харагдаж байна гэж ярьж байсан. Манайх адуугаа хавар дэл сүүл авахдаа дааганыхаа хамрыг хайчаар бага зэрэг хайчилж сэтэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 ху/,
*Гэрч С.Э өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны үед Гийн ээж нас бараад бид нар ах дүүгээрээ аймгийн төвд буяны ажил явдалтай байсан. Тэгээд буцаж очоод малаа бүртгэж үзэхэд Гийн саарал азаргатай 5 тооны азарга адуунд байдаг сувай гүү нь хулгайд алдагдсан. Уг адуунд нэг тооны гүү хураалгасан байсан. Бусад нь унага, морьд нийлсэн 5 тооны адуу байдаг юм. Манайхан аймгийн төв явахдаа малаа саахалт айлынхаа хүмүүст хариулж, харж байгаарай гэж хэлээд үлдээсэн байсан. Гийн хулгайд алдагдсан гүүний зүс содон шинж тэмдгийн хувьд улаан зүсмийн нас гүйцээд 2, 3 жил болж байгаа гүү байсан. Хурдан хээр азарганы төл гээд хурдан удамтай саарал зүсмийн азарган үрээнд хураалгасан байсан. Төл авах санаатай гайгүй гүү гээд хураалгасан юм. Уг гүү нь зөв гуяндаа загасан тамгатай, хоёр хамар сэтэрхийтэй, Гийнх адуугаа дааганд нь хамрыг хайчилчихдаг юм. Биеэр гайгүй сайхан гүү байсан. Жижиг биш биетэй гүү. Гийн аав Н ах аймгийн алдарт уяач цолтой олон жил морь уясан хүн байгаа. Энэ хүний азарганы төл байсан. Хулгайд алдсан гүүний толгойн зургийг харвал танина. Толгойны байгаа байдал, хамрын сэтэрхий нь бага зэрэг харагддаг. Зарим сэтэрхий нь лав цуулсан хэсэгтээ сэтэрхийгүй юм шиг харагддаг, гэхдээ хайчилсан ором нь сорви болчихсон мэдэгддэг юм. Дэлтэй байсан. Улаан хээр зүстэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 ху/,
*Гэрч Б.Ч өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын хэдний өдөр байсан талаар санахгүй байна. Ямар ч байсан ажлын өдөр байсан. Урд өдөр нь Ш бид хоёр малд явж байгаад таарахад нэг гүү хээл хаяаад сав нь гарчихсан байна, маргааш нядлахад ирээрэй гэж хэлсэн. Би тэгье гээд явсан. Би гэртээ ганцаараа байсан болохоор өглөө босоод хонио гаргачихаад 10 цагийн үед Шийн гэрт очиход Ш гэртээ ганцаараа байсан. Би Шийн гэрийнх нь баруун талд сав нь гарчихсан байсан гүүг хөтөлж аваачаад Шийн бөөрөнхий мяндсаар баглаж унагаагаад сүхээр цохиж алаад янзалсан. Махыг нь эвдэлж дуусч байхад Шийн эхнэр машинтайгаа ганцаараа ирсэн. Тэгээд би гэртээ харьсан. Шийн махыг нь машинаар ачаад аваад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Тухайн гүү шар хээр зүсмийн гүү байсан. Ш манайх хоёр нэг хамрын наана цаана байдаг бөгөөд хоорондоо 500 метрийн зайтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 ху/,
*Гэрч Б.Чын дахин өгсөн: “...би шар хээр зүсмийн гүүг хаанаас хэн тууж ирсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед Ш нь гүүний сав гарчихсан байна яах вэ гэж надаас асууж утсаар ярьж байсан. Тэгэхээр нь би сайн мэдэхгүй байна, яадаг юм болдоо нэмэргүй байдаг байлгүй дээ, бүүр болохгүй бол нядалсан нь дээр байх гэж хэлж байсан. Тэгтэл маргааш нь Ш дахин залгаад ерөөсөө энэ гүүг гаргана, та ирээд янзалцаад өгөөч гэж ярихаар нь би гэрт нь очиход гэрийнх нь зүүн талд байх адууны хашаанд шар хээр зүсмийн гүүг барьж аваад уясан байсан. Тэгээд Ш бид хоёр адууны хашаанд нь уяатай байсан гүүг тууж гэрийнх нь ойролцоо авчирч ирээд гаргасан. Адууны хашаанаас тухайн гүүг гаргахаар очиж авахад сав нь гарчихсан гэмээр бөгс, ар хэсгээс нь улаан юм 1 метр шахуу урттай зүйл унжсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 233-234 ху/,
*Гэрч З.Мандахын өгсөн: “...Шийнх манайхтай ойрхон нутагладаг. Гэхдээ хамрын наана цаана нутагладаг болохоор гэрийнхээ гадаа хэзээ ямар мал нядалсан талаар мэдэх зүйл байхгүй. Ш нядалсан адууныхаа толгойг гэрийнхээ урд толгой дээр залсан байна гэсэн боловч би энэ талаар мэдэхгүй, хараагүй. Шийн гүү унага хаяаад сав нь гарчихсан байсан талаар мөн сонсоогүй, мэдээгүй. Манай малд хүү Ё явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 ху/,
*Гэрч Б.Ч өгсөн: “...Ш гэрийнхээ гадаа 2019 оны 12 дугаар сарын хэдний өдөр мал нядалсан талаар мэдэхгүй байна. Манай хоёрынх нэг хотонд байдаг. Би тухайн үед аймгийн төвд байсан. Хэдний өдөр байсан талаар мэдэхгүй байна. Тэр өдөр малын ээлжгүй өдөр байсан сарын 20-д гарчихсан байсан. Шийн нядалсан адууны толгой, адууны хөлийг хараагүй, намайг ирэхэд адуу нядалсан гэх ул мөр юу ч мэдэгдээгүй. Намайг аймгийн төв рүү явахад Ш гэртээ ганцаараа байсан. Аав Иванов өөр газар өвөлжиж байсан. Эхнэр П нь аймгийн төвд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 ху/,
*Гэрч Ө.Пгийн өгсөн: “...Би аймгийн төвд хүүхдүүдээ хараад ажлаа хийгээд хагас бүтэн сайн өдөр нь сургууль дээр ажилгүй бол Цагаан ус гэх газарт байгаа гэртээ харьчихдаг юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр 20-д гарчихсан байхад ажлын нэг дэх өдөр намайг ажил дээр байхад манай нөхөр Ш өглөөний 11 цагийн үед утсаар ярьсан. Утсаар ярихдаа нэг тооны гүү хээл хаячихаад сав нь гарчихсан байна гэж хэлсэн. Бид хоёр хоорондоо ярьж байгаад нядлахаар болсон. Ш багийн даргын бичиггүй бол зарж болохгүй гэхээр нь аймгийн төвөөс гарахдаа 4-р баг дээр очоод багийн дарга Жгаас нэг тооны адуу нядлах гэж байгаагаа хэлээд тодорхойлолтоо авсан. Тэндээсээ шууд цаашаа яваад Цагаан ус гэх газарт гэртээ очсон. Намайг гэртээ очиход манай хойд айлын ах Чанагаа, манай нөхөр Ш хоёр нөгөө гүүгээ нядлаад дуусчихсан байсан. Би гэдсийг нь арилгасан. Махыг нь ачаад аймгийн төвд Буржгар хочтой Г ахад гэрээр нь аваачиж өгч зарсан. Махыг нь зарахад манай нөхөр Ш хамт явж байсан. Мах зарахдаа толгойг нь махтайгаа хамт аваачсан. Г ах манай нядалсан гүүний толгойн зургийг нь гар утсаараа дарж манай нөхөр Ш толгойг нь гэр рүүгээ авч явсан. Буцахдаа өөрийнхөө мотоциклиор толгойгоо аваад харьсан, би ажил руугаа явсан. Хээр зүстэй имгүй, зөв гуяндаа 3 үсгэн тамгатай, өөр содон шинж тэмдэг байхгүй. 2019 онд сувайрсан, энэ хавар унагалах гүү байсан. Манайх арьсаа авчраагүй, хөдөө үлдээсэн байсан. Арьсыг яасан талаар мэдэхгүй байна. Манай нөхөр мэдэж байгаа байх. Би үнээ малаа сааж л байдаг. Нэгээс хоёр унагалж байгаа байх, насыг мэдэхгүй байна. Нядалсан адууны 4 хөл нь хаана байгаа талаар мөн мэдэхгүй байна. Нэг дэх өдөр намайг адууны мах ачих гэж очиход манай хаяаны айлын Ч ах гэртээ байхгүй байсан. Хашаан дотор нь толгойгоо авч оруулаад агуулахад махаа оруулж өгөөд толгойг нь машинаасаа буулгаад зургийг нь дарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 ху/,
*Гэрч Ө.Пгийн дахин өгсөн: “...би шар хээр зүсмийн гүүг хаанаас хэн тууж ирсэн, гүүний сав гарсан байсан талаар мэдэхгүй. Тухайн үед нь би аймгийн төвд ажилтай явж байсан. Ш ярихдаа манай шар хээр зүсмийн гүү хээл хаясан юм шиг байна сав нь гарсан байна, юм унжчихсан яваад байна, хуучин ахтай яриад зөвлөгөө аваад дахь гэж хэлэхээр нь би тухайн үед Урансайхан ахтай утсаар яриад болсон асуудлын талаар хэлэхэд сав нь тэгээд бүүр гарчихсан байна уу хүйтэн цагт сав нь гарсан бол эдгэх юм болов уу даа нэмэргүй байхдаа гэж хэлж байсан. Тэгээд би Ш руу утсаар яриад Урансайхан ахын хэлснийг хэлээд өөрөө үзэж хараагүй болохоор нэмэргүй юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 231-232 ху/,
*Гэрч Ө.Пгийн дахин өгсөн: “...4-р багийн засаг даргаас тодорхойлолт авсан. Өдрийг нь сайн санахгүй байна, нэг дэх өдөр нэг тооны гүүний тодорхойлолт авсан нь үнэн. Тэр үед нөхөр утсаар яриад хээр гүүг алж нядлах гэсэн юм, тодорхойлолт аваад ир гэхээр нь би багийн дарга дээр очоод им тамга зүс хүйсийг нь хэлээд бичиг авсан. Зураг үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 28 ху/,
*Гэрч Э.С өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр намайг Наранбулагт байхад Гтар ах утсаар яриад өнөөдөр нэг адууны мах худалдаж авсан. Танайх Улаанбаатар хот руу мах ачих гэж байгаа бол худалдаж аваач гэж хэлсэн. Би 16 цаг өнгөрч байхад өөрийнх хашаанаас нэг тооны адууны мах худалдаж авсан. Мах нь 140 гаруй кг болж байсан. Махыг худалдаж авахдаа гарал үүслийн бичгийг авсан. Толгой нь хаана байна гэж асуухад Гтар ах малаа зарсан хүн нь адууныхаа толгойг үлдээгээгүй, харин зургийг гар утсаараа авчихсан гэж хэлэхээр нь гар утсан дээрх адууны толгойн зургийг гарал үүслийн бичигтэй хамт барьж байгаад гар утсаараа зургийг нь дарсан. Энэ өдөр Гтар ахаас нэг адууны мах худалдаж авсан. Өөр малын мах аваагүй. Гтар ахаас авсан адууны махаа 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой худалдаж авсан махтайгаа хамт ачаад явах гэтэл цагдаа ирээд дахин махыг буулгаж Гтараас худалдаж авсан махыг ялгаж гаргуулан хэдэн кг болж байгааг үзээд дараа дуудаж мэдүүлэг авна гээд явсан. Би Гтар ахын гар утсан дээр байсан улаан хээр зүсмийн адууны толгойн зургийг тухайн үед худалдаж авсан адууны гарал үүслийн бичигтэй нь хамт гар утсаараа би дарж зургийг нь авсан. Дараа нь цагдаа шалгахад үзүүлсэн. Гтар ахын гар утсан дээр худалдаж авсан адууны толгойн зураг нь байсан. Одоо надад үзүүлж байгаа хэрэгт хавсаргасан зураг миний гар утсаараа авсан зураг мөн байна.
Би малын зүсийг нь мэднэ. Хөдөө мал маллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 ху/,
*Гэрч Х.Г өгсөн: “...Манайх Шийн төвд байдаг гэртээ нь ойрхон хашаа байшинд амьдарч байсан. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би 13 цагийн орчимд эзэнгүй байлгадаг Бор толгойн 36-15 тоот хашаа, байшингаа эргэж яваад гудамжиндаа Ш, эхнэр П нартай таарсан. Ш аймгийн төв орно гэхээр нь машинд нь суусан. Тэгээд махны ченжид махаа зарна гээд хашаанд машинтайгаа орсон. Би машинд нь сууж яваад махны ченжийн хашаанд орж машинаас буугаад нөхрийнхөө ажлын газар руу явсан. Манай нөхөр Ар-Арвижин дэлгэрэх хоршоонд манаач хийдэг. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Ш нэг гүү муудаад нядалчихлаа гэж ярьсан. Машиныхаа ард адууны шинэ мах аччихсан байсан. Адууны мах зарахад арьс, толгойн байсан. Толгойных нь зургийг авахуулна гэж яриад мах худалдаж авах гэж байгаа эрэгтэй ченж адууны толгойных нь зургийг гар утсаараа дарах гэж байгаа бололтой байсан. Би хашаанаас нь гараад явсан. Арьс, толгой нь хүрэн билүү, хээр зүстэй байсан. Бараан зүстэй адууны арьс, толгой байсан. Одоо бас зүсийг нь сайн санахгүй байна. Нэг их анзаарч хараагүй болохоор содон шинжийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 ху/,
*Гэрч С.Жгийн өгсөн: “...Шийг нутгийн иргэд нь хулгай хийдэг гэж ярьдаг. Түүнийг нь би мэднэ. Тэгээд гарал үүслийн бичиг буюу багийн даргын тодорхойлолт олгохдоо үзэж хардаг. Надад гар утсан дээрээ адууны толгойны зураг дарж үзүүлээд багийн даргын тодорхойлолт авсан. Надад адууны толгойны зураг үзүүлсэн. Ш болон түүний эхнэр хоёрыг аль нь ирж багийн даргын тодорхойлолт авсан талаар сайн санахгүй байна. Зах дээр борлуулах гэж байгаа гэж хэлсэн. Ш адууны толгойгоо үзүүлэхгүй гар утсан дээрээсээ адууны толгойн зураг үзүүлээд байдаг болохоор би гарал үүслийн бичиг хийж өгөхдөө нэлээд асууж байгаад хийж өгдөг. Намайг үзнэ гэтэл гар утсан дээрээсээ адууны толгойн зураг үзүүлсэн. Нядалсан малынхаа толгойг үзүүлэх ёстой, үзүүлээгүй. Иргэд бол хөдөө гэртээ нядлаад толгой, арьсыг нь махтайгаа хамт ачаад авчирч надад үзүүлдэг. Би гар утсандаа зарим нэг хүнийх нь нядалсан малын толгой, арьсны зургийг авч үлдээд гарал үүслийн бичгийг хийж өгдөг. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд багийн даргын тодорхойлолт олго гэж заасан байдаг. Түүний дагуу би багийн даргын тодорхойлолт олгодог. Олгохдоо арьс толгойг нь үздэг. Зарим иргэдийн нядалсан малын толгой, арьсны зургийг авч үлддэг. Мөн ачаатай махны зургийг дарж авдаг. Өөрийнхөө хариуцсан малтай иргэдэд малын А дансны бүртгэл мэдээллийг үзэж харж байгаад хийж өгдөг. Ш өөрөө 770 орчим тооны малтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 ху/,
*Гэрч С.Жгийн өгсөн: “...И.Ш, Ө.П нар нь манай багийн иргэн учраас мал гаргаж нядлаад зарахдаа надаас малын гарал үүслийн бичиг буюу тодорхойлолт хийлгүүлж авдаг нь үнэн. Миний хариуцсан багийн иргэд мал төхөөрч, нядалж, борлуулах гэж байгаа мах, малынхаа зураг болон мал, махаа ачиж ирээд надаас тодорхойлолт авдаг. Би тухай бүрд нь мал, махных нь зургийг дарж баримтжуулж аваад тодорхойлолт хийж өгдөг. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ Ө.П нь надад адууны толгойны зураг үзүүлсэн гэж хэлсэн нь андуурсан байж магадгүй. Би иргэдэд малын гарал үүслийн тодорхойлолт гаргаж өгөхдөө байнга мах, малаа ачиж ирсэн болон зургийг нь дарж ирсэн иргэдэд тодорхойлолт хийж өгдөг юм. Одоо миний санаж байгаагаар И.Шийн эхнэр Ө.П нь ирээд надад мөнгө төгрөгийн нэн шаардлага гарсан талаараа хэлээд тухайн малынхаа им, тамга, зүс, хүйсийн хэлээд тодорхойлолт авсан. И.Ш олон тооны адуу малтай, манай багийн иргэн хүн, би тухайн үедээ тодорхойлолт бичиж Шийн эхнэрт нь өгөөд явуулсан нь үнэн. Би Шийн эхнэрийг адууны толгойн зураг үзүүлсэн гэж санаж тэгж мэдүүлэг өгсөн нь үнэн. П гарал үүслийн бичиг авахдаа адууны толгойн зураг үзүүлсэн гэж санаад ярьсан. Пг адууны толгойн зураг үзүүлсэн санагдаад тэгж ярьсан. Надад яг адууны толгойн зураг үзүүлсэн үгүйг нарийн сайн санахгүй байна. Надаас олон хүн мал нядалсан зарах гэж байна гээд гарал үүслийн бичиг авдаг. Би аль болохоор мах, толгой, арьсыг үздэг. Нутгийн иргэд хулгай хийдэг гэж яригддаг зарим хүмүүсийн зарах гэж байгаа малын мах, арьс, толгойг үзэж хараад зургийг нь гар утсаараа дараад гарал үүслийн бичиг хийж өгдөг нь үнэн. Зарим иргэд нь нядалсан малынхаа зургийг гар утсаараа дараад ирсэн үзүүлж байгаад гарал үүлсийн бичиг авдаг юм...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 81-82 ху/,
*Гэрч И.З өгсөн:..манай дүү Ш нь илүү дутуу ааш зан байхгүй, үг дуу цөөтэй, буруу зөрүү аашгүй сайн хүүхэд. Өвөл зунгүй хөдөө гадаа малаа маллаж амьдардаг. Ах дүү эгч нартаа тустай олонтоо хүүхэд байгаа юм. Хааяа найз нөхөдтэйгээ уух үе гаргавал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байх. Гэхдээ архи дарс уучихаад ямар нэгэн хэрэгт холбогдоод асуудал тариад байдаггүй байх...гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 хуу/
*Гэрч П.Д өгсөн:..Штой 2010 оноос хойш хамт нутагладаг. Хаваржааны зай 400-500 метрийн холдоо 10 гаруй км зайтай нутагладаг. Ш нь хонгор хүрэн халзан зүсмийн 2 азарга нийт 60,70 орчим адуутай адуугаа S тамгаар тамгалдаг. Им тамга байхгүй байх сайн мэдэхгүй байна. Манай энд адууныхаа хамрыг сэтэлж зүсч эм тавьдаг айл байхгүй. Шийн адуунд шар хээр зүсмийн адуу байсан эсэхийг мэдэхгүй. Тэдний адуунд зүс зүсмийн адуу байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 132-134 хуу/
*Гэрч Д.Б өгсөн:..Ш нь хонгор хүрэн зүсмийн 2 азарга адуутай. Адуунд нь имтэй морь байхгүй. S буюу зуузай тамгатай адуутай. Янз янзын зүсмийн адуутай айл байгаа юм. Шийн адуунд шар хээр зүсмийн адуу байдаг талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 135-137 хуу/
*Гэрч Г.У өгсөн:..би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2019 оны 12 дугаар сарын сүүл үеэр байх Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн иргэн Ө.П нь дээрх асуудлын талаар надад хэлж зөвлөгөө авч байсан. Би тухайн үед нь Эрдэнэбулган сумын 3,5 дугаар багийн малын эмч хийж байсан. Мөн гадаа хүйтэн байсан болохоор дуудлагад нь явалгүйгээр хүйтэнд гүүний сав гарсан бол эмчлэх боломжгүй байх та нар өөрсдөө л учраа олох байхдаа гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 235-236 хуу/
*И.Шийн гэрчээр өгсөн: “...би өдрийг нь сайн санахгүй байна. Би өөрийнхөө халзан азаргатай адуунаас шар хээр зүсмийн гүүг унагалж чадахгүй сав нь гарчихсан байхаар нь өөрийнхөө гэрийн гадаа Чтай хамт нядалсан. Махыг нь аймгийн төвд Г гэх ченжинд аваачиж зарсан. Багийн даргаас тодорхойлолт авсан. Толгойг нь хамт өгсөн. Г ченж толгойных нь зургийг гар утсандаа авсан. Би гүүнийхээ толгойг буцааж авчраад гэрийнхээ урд толгой дээр залаад орхисон. Одоо уг адууны толгой байхгүй болсон байна. Миний зарсан гүү шар хээр зүсмийн зөв гуяандаа S тамгатай өөр содон шинж тэмдэггүй, хардуу дэлтэй, дэл нь хаврын засмал дэлтэй байсан. 4 жил болж байгаа гэдэг чинь 10 настай гүү байсан. Би тухайн үед архи ууж яваад танихгүй хүнд малчны захын хажууд 8000 төгрөгөөр зарсан. Одоо арьс зарсан хүнийг хэн гэдэг ямар хүн байсан талаар санахгүй байна. Гүү нядлахад манай эхнэр байсан, өөр хүн байгаагүй. 130 кг мах зарсан, мөнгө нь 580.000 төгрөг болсон. 300.000 төгрөгийг нь бэлнээр авч, 280.000 төгрөгийг нь дансаар авсан. Тухайн гүүгээ өдрийн 12 цаг болж байхад нядлаад тэр өдрийнхөө 13 цаг өнгөрч байхад аймаг руу махыг нь ачиж орсон. Нядалсан гүүний 4 хөл нь байхгүй, тэр үед нохой авч явсан байхаа. Гүүг нядлахдаа гэрийн баруун талаар гүйлгэж барьсан хашааны цаад талд нь нядалсан. Би өөрөө сүхээр цохиж алсан бөгөөд гүүний сав гарч босч чадахгүй хэвтээд байхаар нь сүхээр цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 ху/,
*И.Шийн яллагдагчаар өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Майнт гэх газар ганцаараа өвөлждөг. Эхнэр, хүүхэд аймгийн төвд цэцэрлэг сургуульд яваад тусдаа амьдардаг. Миний бие хувьдаа 60 гаруй тооны адуутай, Халзан азаргатай адуу, Хонгор азаргатай адуунууд байдаг. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр байх хэдний өглөө байсанг сайн санахгүй байна ямартай ч өглөө Халзан азаргатай адуу өвөлжөөний урд хамар дээр байхаар нь адуугаа бүртгэх гээд очиход шар хээр зүсмийн гүү хээл хаясан байдалтай тухайн адуун дунд хэвтэж байсан. Тэгэхээр нь би хонио эргүүлчихээд буцаад ирэхэд миний босгосон гүү буцаад хэвтсэн байхаар нь босгох гэтэл сав нь гараад ирсэн байсан. Тэгээд эхнэр Птай гар утсаар манай нэг гүү хээл хаяад сав нь гараад ирсэн байна гэж хэлээд эхнэртэй ярилцаж байгаад тухайн гүүг гаргаж, янзлах болоод өөрийн унаж явсан мотоциклоор туусаар байгаад гэрийнхээ гадаа аваачиж барьж аваад янзалж, нядалсан. Тухайн өдөр би ганцаараа байсан болохоор эхнэрээ ажлаа дуусгачихаад ирээрэй гэж хэлчихээд нутгийн ах Чанагааг гуйж хамт янзалсан. Тэгээд гаргаад дуусч байхад эхнэр ирээд гэдсийг нь арилгаж, янзлаад аймгийн төв рүү эхнэрийн Приүс-20 маркийн 13-15 АРХ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэлд ачаад, би өөрөө мотоциклоо унаад хамт аймгийн төвд оруулж ирээд зарж борлуулсан. Дээрх үйл явдлууд нэг өдөр болсон. Би шар хээр зүсмийн гүүгээ хээл хаясан хэвтэж байхыг нь харсан өдрөө гаргаж янзалсан. Би урьд нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй. Би хувийнхаа малыг маллаж, хөдөө амьдардаг. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Цагаан ус гэх газар оршин сууж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-110 ху/,
*Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 07-13 ху/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 14-32 ху, 129-131 хуу, 138-140 ху/,
* Хохирогч Н.Гийн үнэлгээ гаргахдаа мэргэшсэн үнэлгээчинд үнэлгээний хөлс төлсөн баримт /хх-ийн 86 ху/,
*Шинжээч Ж.Ц 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт /2хх-ийн 11-12хуу/,
* И.Шийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 114-117 ху/,
*Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 123 ху/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 122 ху/,
*Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай тогтоол /хх-ийн 122 ху/,
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 150-151 ху/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч И.Шид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Ш нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-ний өдөр ....... аймгийн ...... сумын ......... дугаар багийн нутаг дэвсгэр, “Х” гэх газраас иргэн Н.Гийн 1 тооны гүүг хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2012.......... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.Ш нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-ний өдөр ...... аймгийн ....... сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэр, “Хуурай” гэх газраас иргэн Н.Гийн 1 тооны гүүг хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч Н.Гийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Хоршооллын хуурай гэх газраас саарал зүсмийн үрээхэн азарга хураасан 5 тооны адуунаас улаан хээр зүсмийн нас гүйцсэн сувай гүү хулгайд алдсан...би дараа нь аймгийн төв рүү орж алдсан адуугаа бүртгүүлж, цагдаагийн газарт зах руу орсон малын гарал үүсэл толгойн зургийг шүүж байгаад хулгайд алдсан улаан хээр зүсмийн гүүнийхээ толгойн зургийг олсон. Хэн зарсан талаар цагдаагаас асуухад Цагаан ус гэх газарт оршин сууж байгаа Ш зарсан, багийн засаг даргын тодорхойлолтыг хавсаргасан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-36 ху/,*Гэрч Ж.А өгсөн: “...Гийн ээж нь нас бараад аймгийн төвд буяны ажилтай явахдаа надад адуу харж байгаарай гэж хэлсэн. Би тав дахь өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрийн зүүн талд байгаа худгаас услаад гаргахад Гийн саарал азаргатай 5 тооны адуу байсан. Тоо толгойн бүрэн байсан. Угаасаа таван тооны нэг азарга, нэг морь, хоёр даага, нэг гүү байсан. Гүү нь хээр зүсмийн сувай гүү байсан. Маргааш нь Г өөрөө ирээд малдаа яваад манайд ирж саарал азарганы нэг гүү хулгайд алдагдсан бололтой байна, урд өдөр байсан уу гэж асуухад нь би услаад гаргасан гэж хэлсэн. Гийн хээр гүү нь тарга хүч сайтай биеэр томдуу байсан. Адуунууд нь бүгд хоёр сэтэрхий тэмдэгтэй загасан тамгатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 ху/,*Гэрч Ж.А дахин өгсөн: “...толгойны зургийг нь хараад танина. Манайхан айл саахалт нутагладаг болохоор би хулгайд алдсан улаан хээр зүсмийн гүүг сайн танина. Бага насны адуу байхаас нь эхэлж мэднэ. Хамар нь сэтэрхий тавьсан тэмдэгтэй байгаа. Дэлтэй байсан. 2019 оны хавар авсан хуучин уртавтар засмал дэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 ху/, гэрч Ж.Гтарын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 50 минутад гэртээ байхад Ш ирээд нэг адууны мах зармаар байна гэж ярихаар нь өөрийнхөө хашаанд машинтай нь оруулаад махыг нь худалдаж аваад хамт авчирсан адууны толгойн зургийг гар утсаараа би өөрөө авсан зураг мөн байна. Ингэж махыг нь худалдаж авахдаа Шийн өөрийнх нь зарсан адууны махтай хамт ачиж ирсэн улаан хээр зүсмийн адууны нэг тооны толгойн зургийг өөрийнхөө гар утсаар авсан нь үнэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 ху/, гэрч Ж.Гтарын дахин өгсөн: “...Би сая үзлэг хийхэд үзүүлсэн, гар утасны зурагтай файл руу ороод Шийн зарсан адууны толгойн зургийг гаргаж дэлгэрэнгүй гэсэн цэс рүү нэвтрэхэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 56 минутад гар утсаараа дарж зураг нь гарч байгааг үзүүлсэн. Энэ цаг бол Шийн зарсан адууны толгойн зураг байгаа юм, энэ нь цаг минут, секундтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 ху/, гэрч Л.О өгсөн: “..манай хүн аймгийн төв очиж алдсан адуугаа бүртгүүлэх гэж яваад буцаж ирэхдээ манай гүүг хүн хулгайлж зарсан байна. Би толгойны зургийг хараад танисан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 ху/, гэрч Б.Чын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын хэдний өдөр байсан талаар санахгүй байна. Ямар ч байсан ажлын өдөр байсан. Урд өдөр нь Ш бид хоёр малд явж байгаад таарахад нэг гүү хээл хаяаад сав нь гарчихсан байна, маргааш нядлахад ирээрэй гэж хэлсэн. Би тэгье гээд явсан. Би гэртээ ганцаараа байсан болохоор өглөө босоод хонио гаргачихаад 10 цагийн үед Шийн гэрт очиход Ш гэртээ ганцаараа байсан. Махыг нь эвдэлж дуусч байхад Шийн эхнэр машинтайгаа ганцаараа ирсэн. Тэгээд би гэртээ харьсан. Шийн махыг нь машинаар ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 ху/, гэрч Б.Чын дахин өгсөн: “...би гэрт нь очиход гэрийнх нь зүүн талд байх адууны хашаанд шар хээр зүсмийн гүүг барьж аваад уясан байсан. Тэгээд Ш бид хоёр адууны хашаанд нь уяатай байсан гүүг тууж гэрийнх нь ойролцоо авчирч ирээд гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 233-234 ху/, гэрч Э.С өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр намайг Наранбулагт байхад Гтар ах утсаар яриад өнөөдөр нэг адууны мах худалдаж авсан. Танайх Улаанбаатар хот руу мах ачих гэж байгаа бол худалдаж аваач гэж хэлсэн. Би 16 цагийн өнгөрч байхад өөрийнх хашаанаас нэг тооны адууны мах худалдаж авсан. Мах нь 140 гаран кг болж байсан. Махыг худалдаж авахдаа гарал үүслийн бичгийг авсан. Толгойн хаана байна гэж асуухад Гтар ах малаа зарсан хүн нь адууныхаа толгойг үлдээгээгүй, харин зургийг гар утсаараа авчихсан гэж хэлэхээр нь гар утсан дээрх адууны толгойн зургийг гарал үүслийн бичигтэй хамт барьж байгаад гар утсаараа зургийг нь дарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 ху/, гэрч Х.Г өгсөн: “...Манайх Шийн төвд байдаг гэртээ нь ойрхон хашаа байшинд амьдарч байсан. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би 13 цагийн орчимд эзэнгүй байлгадаг Бор толгойн 36-15 тоот хашаа, байшингаа эргэж яваад гудамжиндаа Ш, эхнэр П нартай нь таарсан. Ш аймгийн төв орно гэхээр нь машинд нь суусан. Тэгээд махны ченжид махаа зарна гээд хашаанд машинтайгаа орсон. Би машинд нь сууж яваад махны ченжийн хашаанд орж машинаас буугаад нөхрийнхөө ажлын газар руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 ху/, гэрч С.Жгийн өгсөн: “...Шийг нутгийн иргэд нь хулгай хийдэг гэж ярьдаг. Түүнийг нь би мэднэ. Тэгээд гарал үүслийн бичиг буюу багийн даргын тодорхойлолт олгохдоо үзэж хардаг. Надад гар утсан дээрээ адууны толгойны зураг дарж үзүүлээд багийн даргын тодорхойлолт авсан. Надад адууны толгойны зураг үзүүлсэн. Ш болон түүний эхнэр хоёрыг аль нь ирж багийн даргын тодорхойлолт авсан талаар сайн санахгүй байна. Зах дээр борлуулах гэж байгаа гэж хэлсэн. Ш адууны толгойгоо үзүүлэхгүй гар утсан дээрээсээ адууны толгойн зураг үзүүлээд байдаг болохоор би гарал үүслийн бичиг хийж өгөхдөө нэлээд асууж байгаад хийж өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 ху/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 07-13 ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 14-32 ху, 129-131 хуу, 138-140 ху/, ”Хас үнэлгээ”ХХК-ны 2021оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч И.Ш болон түүний өмгөөлөгч В.У:“...өөрийнхөө сав нь гарчихсан гүүг гаргаж янзалсан байх тул И.Шид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь хохирогч Н.Гийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Хоршооллын хуурай гэх газраас саарал зүсмийн үрээхэн азарга хураасан 5 тооны адуунаас улаан хээр зүсмийн нас гүйцсэн сувай гүү хулгайд алдсан...би дараа нь аймгийн төв рүү орж алдсан адуугаа бүртгүүлж, цагдаагийн газарт зах руу орсон малын гарал үүсэл толгойн зургийг шүүж байгаад хулгайд алдсан улаан хээр зүсмийн гүүнийхээ толгойн зургийг олсон. Хэн зарсан талаар цагдаагаас асуухад Цагаан ус гэх газарт оршин сууж байгаа Ш зарсан, багийн засаг даргын тодорхойлолтыг хавсаргасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 ху/, гэрч Ж.А өгсөн: “...Гийн ээж нь нас бараад аймгийн төвд буяны ажилтай явахдаа надад адуу харж байгаарай гэж хэлсэн. Би тав дахь өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрийн зүүн талд байгаа худгаас услаад гаргахад Гийн саарал азаргатай 5 тооны адуу байсан. Тоо толгойн бүрэн байсан. Угаасаа таван тооны нэг азарга, нэг морь, хоёр даага, нэг гүү байсан. Гүү нь хээр зүсмийн сувай гүү байсан. Маргааш нь Г өөрөө ирээд малдаа яваад манайд ирж саарал азарганы нэг гүү хулгайд алдагдсан бололтой байна, урд өдөр байсан уу гэж асуухад нь би услаад гаргасан гэж хэлсэн. Гийн хээр гүү нь тарга хүч сайтай биеэр томдуу байсан. Адуунууд нь бүгд хоёр сэтэрхий тэмдэгтэй загасан тамгатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 ху/, гэрч С.Э өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны үед Гийн ээж нас бараад бид нар ах дүүгээрээ аймгийн төвд буяны ажил явдалтай байсан. Тэгээд буцаж очоод малаа бүртгэж үзэхэд Гийн саарал азаргатай 5 тооны азарга адуунд байдаг сувай гүү нь хулгайд алдагдсан. Уг адуунд нэг тооны гүү хураалгасан байсан. Бусад нь унага, морьд нийлсэн 5 тооны адуу байдаг юм. Манайхан аймгийн төв явахдаа малаа саахалт айлынхаа хүмүүст хариулж, харж байгаагаараа гэж хэлээд үлдээсэн байсан. Гийн хулгайд алдагдсан гүүний зүс содон шинж тэмдгийн хувьд улаан зүсмийн нас гүйцээд 2, 3 жил болж байгаа гүү байсан. Хурдан хээр азарганы төл гээд хурдан удамтай саарал зүсмийн азарган үрээнд хураалгасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 ху/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-13 ху/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Мөн түүнчлэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн мал зүйч Ё.Д шинжилгээнд ирсэн 1толгойн гэрэл зурганд үзлэг хийхэд зөв талын дээд угалзны гадагш 1.5 см орчмын зайд эгц дээшээ чиглэсэн хайчилсан им тэмдэгтэй, хээр зүстэй толгойн хэлбэрээр авч үзэхэд нас гүйцсэн адууны толгой байсан гэх дүгнэлт /1-хх-ийн 96ху/,2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаартай мэргэшсэн үнэлгээчин А.Б нас нийлсэн 10 настай, сувай, хурдан удмын гүүний үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын байдлаар 1800.000 төгрөг болохыг тодорхойлов гэх дүгнэлт /1-хх-ийн 85ху/, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Ж.Ц нэмэлт шинжээчийн дүгнэлт /2-хх-ийн 11-12ху/ зэрэг шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх нотлох баримтад үнэлээгүй болно.
Учир нь шинжээч/ мал зүйч/ Ё.Д, Ж.Ц нар нь адууны толгойн гэрэл зургаас дүгнэлт гаргасан байх боловч энэ нь хангалтгүй, мөн мэргэшсэн үнэлгээчин А.Б нь хохирогч Н.Гийн гүүний үнэлгээг гаргахдаа хурдан удмын гүү гэж үнэлсэн байх боловч тухайн гүү хурдан удмын гэх баримт хэрэгт авагдаагүй харин хохирогчийн хурдан азарганы талаарх баярын бичиг, дурсамж зэргийг үндэслэж үнэлгээ гаргасан тул дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг нь тодорхой биш нөхцөл байдлыг дүгнэсэн тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно. Харин хохирогч Н.Г өөрийн гүүний толгойн зургийг хараад таньсан, таньж олуулах ажиллагаа хийлгэхэд гэрч Ж.А, гэрч С.Э нар хохирогчийн алдсан гүүний толгойн зургийг хараад шууд таньж заасан буюу таньж олуулах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байгаа тул гэрч, хохирогч нарын мэдүүлэг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлийг шүүх нотлох баримтад үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч И.Шийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”... бусдын мал хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч И.Ш нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хуурай” гэх газраас иргэн Н.Гийн 1 тооны гүүг хулгайлсан гэх үйлдэл нь эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул шүүгдэгч И.Шид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв.
Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч И.Шийг бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Гэд 900.000 /есөн зуу мянга/ төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаартай дүгнэлтээр /2-ийн хх-ийн 97 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч И.Ш нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг хохирогчид төлөөгүй байх тул шүүгдэгч И.Шоос 900.000 / есөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Хуурай гэх газарт оршин суух Боржигон овогт Нгийн Г /РД:А/-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч И.Шид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Шид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч И.Шид 2015оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч И.Шийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч И.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 40.000 төгрөгийг шүүгдэгч И.Шоос гаргуулж хохирогч Н.Гэд олгуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч И.Шийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Шид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1, 38.1дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт И Шийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Шийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
И.Ш нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч И.Шоос 900.000/ есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ...... аймгийн .....сумын ..... дугаар баг, Х гэх газарт оршин суух Б овогт Нгийн Г /РД:А/-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч И.Шийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны зардал болох 40.000 /дөчин мянга/ төгрөгийг шүүгдэгч И.Шоос гаргуулж, хохирогч ...... аймгийн ............... сумын ....... дугаар баг, Х гэх газарт оршин суух Б овогт Нгийн Г /РД:А/-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Шид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ